МОНГОЛ УЛСЫН ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
GENERAL INTELLIGENCE AGENCY OF MONGOLIA
EN
MN
Зөвлөмж, сэрэмжлүүлэг
Хуурамч бичиг баримт ашиглан МУ-ын хил хууль бусаар нэвтрэх гэмт хэрэгтэй тэмцэх

Хууль бусаар улсын хил нэвтрэх гэмт хэргийн ойлголт:

Хууль бусаар Монгол Улсын хил нэвтрэх гэмт хэрэг гэдэг нь: Монгол Улсын хилийг нэвтрэх эрхийн хүчин төгөлдөр паспорт, баримт бичиггүй буюу эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй, эсхүл залилан мэхлэх арга хэрэглэн хуурай газар, ус, агаарын орон зай, газрын хэвлийгээр нэвтэрсэн (орсон, гарсан, дамжин өнгөрсөн), нийгэмд аюултай, эрүүгийн хуульд заасан, гэм буруутай үйлдлийг (үйлдэхүйг) хэлнэ.

Хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэргийн нөхцөл байдал:

Сүүлийн 5 жилд хуурамч баримт бичиг ашиглан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн 646 гэмт хэрэг үйлдэгдсэнээс 80.2 хувь нь бусдын баримт бичгийг ашиглан улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг эзэлж байна. Энэ гэмт хэргийг үйлдэж буй иргэдийн 69 хувь нь эрэгтэй, 31 хувь нь эмэгтэй, насны байдлаар нь авч үзвэл 78 хувь нь 20-30 насны, 15 хувь нь 30-40 насны, 5 хувь нь 40-50 насны, 0.7 хувь нь 50-аас дээш насны, 1.3 хувийг насанд хүрээгүй иргэд эзэлж байна. Тухайн гэмт хэргийн 84.4 хувь нь Буянт-Ухаа, 0.6 хувь нь Замын-Үүд, 15 хувь нь бусад боомтуудад үйлдэгдсэн байна.

 Хууль эрх зуйн орчин:   

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 89 дүгээр зүйл. Хууль бусаар Монгол Улсын хил нэвтрэх.

89.1. Хууль бусаар Монгол Улсын хил нэвтэрсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг наяас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

89.2. Энэ хэргийг давтан буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг үйлдсэн бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар: Үзэл бодол, улс төрийн болон шударга ёсны бусад үйл ажиллагааны улмаас хавчигдан мөшгөгдсөн гадаадын иргэн, харъяалалгүй хүн орогнох эрх олж авахын тулд хууль бусаар Монгол Улсын хил нэвтэрсэн бол энэ зүйл хамаарахгүй.

Хууль бусаар улсын хил нэвтрэх гэмт хэргийн шалтгаан нөхцөл.

-Манай улсын иргэд гадаад улс оронд өндөр цалинтай ажил хийж амьдрал ахуйгаа дээшлүүлэх, хөнгөн хялбар аргаар ашиг олох сэдэлтээр тухайн гэмт хэрэг үйлдэгдэж байна.

-Хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр гадаад улсад өндөр цалинтай ажилд найдвартай зуучилна гэсэн зар, сурталчилгаа нь тухайн гэмт хэргийг өдүүлэх нэг сэжүүр болж байна.

-Гадаад улс руу нэвтрэх эрхийн баримт бичиг, визаг хуурамчаар үйлдэх, бусдын гадаад улсад найдвартай гаргана гэсэн амлалт, үгэнд итгэж хууртагдах, тухайлбал, Монгол Улсад ЭСЯ нь байдаггүй гадаадын улс руу нэвтрэх визаг хуурамчаар үйлдсэнийг мэдэлгүй худалдан авч залилуулах улмаар хил нэвтрэхдээ саатуулагдаж энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох,

-Гадаад улс руу нэвтрэх визатай бусдын баримт бичгийг худалдан авч улсын хилийг хууль бусаар нэвтрэхийг завдах,

-Гадаад улсад /ихэвчлэн Европт/ бусдын нэрээр цагаачилсан иргэд нутаг буцахдаа  тухайн  орны   цагаачлалын  албаар  зардлаа  төлүүлэх зорилгоор цагаачилсан нэрээр хуурамч баримт бичиг авч улсын хилийг хууль бусаар нэвтрэх,

-Гадаад улс руу Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан бараа, эд зүйлийг боомт бус газраар улсын хилийг хууль бусаар нэвтрэх, гадаад   улсад   ажиллаж   амьдарч   байхдаа   хувийн   баримт   бичгээ үрэгдүүлсэн, эсвэл бусдад худалдсан иргэд нутаг буцахдаа хуурамч баримт бичгээр улсын хил нэвтрэхийг завдах,

-Монгол  Улсын   болон   гадаад улсын   иргэд  адуу  мал,   эд  зүйл  хулгайлах шунахайн сэдэлтээр улсын хилийг хууль бусаар нэвтрэх,

-Гадаад улсад оршин суух хугацааг хэтрүүлж, тухайн орны түр оршин суух журмыг зөрчсөн иргэд Монгол Улсын холбогдох байгууллага, албанд саатуулагдаж, арга хэмжээ авахуулахгүйн тулд бусдын баримт бичгээр улсын хил нэвтрэх гэмт хэрэг үйлдэх.

Анхаарах асуудлууд:

-Баримт бичгийн зөрчилтэй, бусдын нэрээр гадаад улсад цагаачилсан, оршин суух хугацааг хэтрүүлсэн, эсвэл түр оршин суух журам зөрчсөн, баримт бичгээ үрэгдүүлсэн Монгол Улсын иргэд нутаг буцах бол тухайн оронд байгаа Монгол Улсын ЭСЯ-нд хандаж зөвлөгөө авах

-Гадаад улс руу гарах гэж буй иргэд тухайн улсын ЭСЯ-нд холбогдох журмын дагуу хандах, бусдын гадаад руу найдвартай гаргана гэсэн амлалт, ятгалгын үгэнд хууртагдахгүй байх                                  

-Хууль эрх зүйн мэдлэггүйгээс болж тухайн гэмт хэргийн золиос болохгүйн тулд Монгол Улсын холбогдох хууль, эрх зүйн актуудтай танилцах.

Иргэн Та дээрх гэмт хэргийн золиос болохоос өмнө, танд энэ гэмт хэргийн талаарх мэдээ мэдээлэл байгаа бол яг одоо рго@gia.gоv.mn хаягт санал хүсэлтээ илгээж мэдээлэл авах буланд мэдээллээ үлдээнэ үү.

Бид таны нууцлал, аюулгүй байдлыг чанд сахина.

Бидэнтэй хамтран ажиллаж буй танд баярлалаа.