92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
Бүс нутгууд дахь терроризмын нөхцөл байдал олон улсын терроризмын нөхцөл байдалд нөлөөлөх нь /2020/

Нэг. Бүс нутгийн терроризмын нөхцөл байдлын талаар:

Дэлхийн улс орнуудын зүгээс терроризмтой тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд ихээхэн амжилт гаргаж буй нь олон улсын терроризмын аюулын эрсдэлийг бууруулах чухал хүчин зүйл гэж үзэж буй хэдий ч бодит байдал дээр НҮБ-ын гишүүн 34 улсын терроризмтой тэмцэх, урьдчилан сэргийлэх үндэсний чадавх нэмэгдсэн бол 116 орчим улсын үзүүлэлт буурсан дүнтэй байгааг 2019 оны 10 дугаар сард гаргасан олон улсын терроризмын эрсдэлийн үнэлгээ[1]-ний тайланд онцолсон байна.

Энэ нь улс орнуудын дотоодын улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал, иргэний дайн, зөрчил, мөргөлдөөнтэй холбоотойгоос гадна терроризмтой тэмцэхэд бусад улсын сайн туршлагыг нэвтрүүлэх, хамтын ажиллагаа, мэдээлэл солилцооны дутагдалтай талууд оршсоор байгааг харуулж байна.

Үүнээс улбаалж улс орнуудын терроризмтой тэмцэх үйл хэрэгт мэдэгдэхүйц ахиц дэвшил гарахгүй байна хэмээн дүгнэсэн байна. Учир нь бүс нутгийн хэмжээнд улс орнууд хүчин чармайлтаа нэгтгэж, терроризмтой тэмцэх, урьдчилан сэргийлэх, чадавх нэмэгдүүлэх, дэглэм сайжруулах чиглэлээр тодорхой ажлуудыг хийж буй хэдий ч террорист этгээдүүдийн зүгээс өөр бүс нутгууд руу шилжих, суурьших замаар терроризмын аюул, заналхийлэл нэгээс нөгөөд шилжиж, ингэхдээ арга, хэлбэр нь хувьсан өөрчлөгдөж байгааг анхааруулсан байна. Тухайлбал, бүс нутгийн хэмжээнд дараах нөхцөл байдлууд ажиглагдаж байна:

Европын Холбоо:  Европын холбооны хувьд сүүлийн 5 жилийн хугацаанд Исламын Улс-ДАЕШ террорист байгууллагын зүгээс явуулсан олон тооны халдлага, хүчирхийллийн эсрэг тууштай тэмцсэний дүнд улс орнуудын зүгээс терроризмтой тэмцэх үндэсний чадавх, дэглэмийг сайжруулах чиглэлд томоохон ахиц, дэвшлийг гаргаж байна. Энэ ч утгаар терроризмын аюулын эрсдэлийг бууруулах чиглэлд анхаарал хандуулж буй нь цаашид ойрхи дорнодын бүс нутгаас учруулж болох эрсдэлийг багасгасан. Гэсэн хэдий ч тус бүс нутагт “Lone wolf” буюу радикалчлалд өртсөн иргэдийн зүгээс террорист халдлага үйлдэх эрсдэл оршсоор байна.

Ойрхи Дорнод: Сирийн иргэний дайн, курдуудын тэмцэл, Саудын араб-Иран хоорондын газрын тосны маргаан, зөрчил, Туркийн дотоод нөхцөл байдал болон тус бүс нутаг дахь АНУ, ОХУ-ын нөлөөлөл зэргээс шалтгаалан терроризмын эрсдэл өндөр хэвээр байна. Ялангуяа Ираны цэргийн удирдагчийн амь насанд халдсан асуудлаас үүдэлтэйгээр тус бүс нутгаас АНУ тэргүүтэй улс орнуудын эсрэг чиглэсэн хүчирхийлэл үйлдэгдэх эрсдэл өндөр байгааг онцолж байна. Тус бүс нутгийн Сири, Ливи, Ирак, Иран улсуудад террорист халдлага үйлдэгдэх магадлал өндөр.

Хойд Африк: Ойрхи Дорнодын хямралт нөхцөл байдлаас шалтгаалан террорист этгээдүүд Хойд Африкийн бүс нутгууд руу шилжих хөдөлгөөн хийж болзошгүй. Тус бүс нутгийн улсуудын терроризмтой тэмцэх дэглэм, чадавх сул байгаа нь террористуудын хувьд суурьших таатай хүчин зүйл болж байна. Түүнчлэн тус бүсэд хэдийнэ оршин тогтнож буй террорист байгууллагын салбар, жигүүрийн зүгээс өөрсдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, хүрээгээ тэлэх гэсэн санаархалууд нь Ойрхи дорнодоос шилжиж буй террорист этгээдүүдтэй нэгдэх, хамтарсан үйл ажиллагаа явуулах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Ялангуяа Йемен, Сомаль, Өмнөд Судан зэрэг улсуудад дотоодын зөрчил, мөргөлдөөн, терроризмын суурь нөхцөл бүрэлдсэн байдал нь энэ үйл явцыг түргэтгэх эрсдэлтэй байна.

Төв Ази: Ойрхи Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалан террорист этгээдүүдийн шилжин суурьших хамгийн таатай бүс нутагт Төв Ази орж байна. Исламын Улс-Даеш террорист байгууллагын гадаад террорист дайчдын зүгээс аль  хэдийнэ тус бүс нутаг руу шилжин суурьших хөдөлгөөн эхэлсэн. Тус бүс нутаг нь нэгдүгээрт, шашны номлол, үзэл суртлын хувьд хэдийнэ террорист этгээдүүдийн хувьд таатай суурь нөхцлийг бүрдүүлж байгаа, хоёрдугаарт, бүс нутгийн хар тамхины хууль бус эргэлт, сүлжээг ашиглан терроризмыг санхүүжүүлэх, халдлага үйлдэх боломжийг нэмэгдүүлж байна. Түүнчлэн тус бүс нутгаар дамжин Өмнөд Ази, Зүүн өмнөд Ази болон бусад гуравдагч улс орнууд руу нэвтрэх хамгийн дөт зам болж байна. Бүс нутгийн хэмжээнд Афганистан, Тажикистан улсууд дахь терроризмын аюулын эрсдэл өндөр байгаа бөгөөд цаашид Төв Азийн бусад улс орнуудад нөлөөлөл үзүүлэх эрсдэл нэмэгдэж байна. Иргэдийн зүгээс террорист байгууллага, бүлэглэлд элсэх, суртал ухуулгад автах зэргээр радикалчлалд өртөж террорист халдлага үйлдэх эрсдэл өндөр байгааг анхааруулж байна.

Зүүн Өмнөд Ази: Зүүн Өмнөд Азийн улсууд дахь Аль-Кайда, Исламын Улс-ДАЕШ террорист бүлэглэл, байгууллагын салбар, жигүүрүүд тус бүс нутгуудад хэдийнэ оршиж байна. Түүнчлэн гадаад террорист дайчдын буцах урсгалын нэг чиглэл нь Зүүн Өмнөд Азийн улс орнууд болж байна. Эдгээр улсуудын дотоод зөрчил,  улс төрийн тогтворгүй байдал, иргэдийн эсэргүүцэл, тэмцэл зэрэг нь дээрх террорист этгээд, байгууллагуудад таатай боломжийг олгож хүчирхийлэл үйлдэх суурь нөхцөл болж болзошгүй байна.

Дэлхийн улс орнууд терроризмтой тэмцэх үйл ажиллагаанд хүчин чармайлт гаргаж буй боловч энэ нь хамтын нэгдсэн хүчин чармайлт байж амжилтанд хүрэхээс өөр аргагүй гэдгийг харуулж байна.

 

Хоёр. Терроризмын арга, хэлбэрт гарч болох өөрчлөлтийн талаар:

Бүс нутгаас шахагдсан террорист этгээдийн өөр газар руу шилжин суурьших хөдөлгөөн, терроризмтой тэмцэх чадавх, тусгай албадын үйл ажиллагаа, чадамж сайжирсан болон улс орнуудын техник, технологийн хурдацтай хөгжил, дэвшил, террорист байгууллага, этгээдүүдийн зүгээс “Виртуал Халифат” түвшинд шилжсэн зэрэг нь цаашид терроризмын уламжлалт хэлбэрээс гадна дараах арга, хэлбэрт шилжиж болзошгүй гэдгийг Форбес сэтгүүлд онцолсон байна:

  1. Кибертерроризм, цахим сүлжээгээр хийгдэх халдлага: Сүүлийн жилүүдэд кибер халдлага, кибер орчин дахь терроризмын нөхцөл байдал хүндэрч халдлагын тоо хэмжээ өсөн нэмэгдэж байна. Эдгээр кибер халдлага, дайралтын үндсэн объект нь эрчим хүчний сүлжээ, дэд бүтцийн салбарт чиглэж байгаа нь террорист этгээдүүдийн хувьд энэ чиглэлээр үйл ажиллагаагаа эрчимжүүлэх эрсдэлийг нэмэгдүүлж байна. Түүнчлэн цахим сүлжээгээр дамжуулан терроризмыг санхүүжүүлэх, суртал ухуулга явуулах нөхцөл боломжийг бүрдүүлж байна.
  2. Үй олноор хөнөөх зэвсэг олж авах, түүнийг ашигласан халдлага /био терроризм, гоц халдварт өвчний нян, үүсгүүр ашиглах/: Үй олноор хөнөөх зэвсэг тэр дундаа биологийн буюу гоц халдварт өвчин үүсгэгч нян, бактери зэргийг ашигласан халдварт өвчин тараах, илгээмж дугтуйнд хийх зэргээр биотерроризмын эрсдэл нэмэгдэж байна. Улс орнуудад дэлгэрээд буй шинэ төрлийн халдварт өвчний эсрэг богино хугацаанд хариу арга хэмжээ авч чадахгүй байгаа, өвчлөл олон хүнийг хамарч хөнөөл учруулж буй зэрэг нь цаашид террорист этгээдүүдэд энэ төрлийн арга, хэлбэрийг ашиглах бодит эрсдэл байгааг харуулж байна. 
  3. Хиймэл оюун ухаан, дижитал технологид суурилсан терроризм: Хиймэл оюун ухаан, дижитал технологи, шинэ техник, хэрэгсэл ашиглаж халдлага үйлдэх тохиолдлууд гарсаар байна. Ялангуяа террорист этгээдүүдийн зүгээс нисэгчгүй нисдэг биет, төхөөрөмж ашиглаж халдлага үйлдэхийг эрмэлзэж буй асуудал гарч байгаа нь цаашид энэ чиглэлээр анхаарал хандуулахыг улс орнуудад зөвлөмж болгож байна.

Гурав. Олон улсын террорист байгууллагуудад гарч болзошгүй өөрчлөлтийн талаар:

Исламын Улс-ДАЕШ террорист байгууллага: Хэдийгээр үйл ажиллагаа нь хумигдаж, хяналтад байсан газар нутгаа алдаж, Ойрхи Дорнодын бүс нутгаас шахагдан гадаад террорист дайчид нь дүрвэж, бусад улсууд руу шилжих хөдөлгөөн олноор хийж байгаа ч  тус террорист байгууллага оршин тогтносон хэвээр байна. Тус байгууллагын үндсэн хүч Ирак, Сирийн бүс нутгуудад жижиг хэмжээний халдлага, дайралтуудыг хийсэн хэвээр байх боловч өөрийн гадаад террорист дайчдын тусламжтайгаар дэлхийн өнцөг булан бүрт “Lone wolf” хэлбэрээр буюу радикалчлалд автсан иргэдийн зүгээс террорист халдлагууд хийх эрсдэл бий. Нөгөө талаас тэдгээрийн гэр бүлийн гишүүд, тэр дундаа залуу үеийнхний дундаас радикализм болон хэт туйлшрах үзэл санаанд автах эрсдэл үлэмж их байна. Эх орондоо буцсан ихэнх гадаад террорист дайчид шоронд хоригдож буй хэдий ч тэдгээрийг дахин нийгэмшүүлэх асуудал бэрхшээл учруулж байгаа.

Аль-Кайда террорист байгууллага:  30 орчим жил үргэлжилж буй тус бүлэглэлийн үйл ажиллагаа оршсон хэвээр байна. Аль-Кайда бүлэглэлийн удирдагч Хамза Бин Ладеныг утсгасан боловч энэхүү бүлэглэл Сири, Йемен, Африкийн ихэнх улсуудад үйл ажиллагаа нь үргэлжилсэн хэвээр байна. Түүнчлэн хэрэв Афганистанаас америкийн цэргийн хүчин гарсан тохиолдолд тус бүлэглэл Ойрхи Дорнод, Төв Азийн бүс нутагт өөрийн сүлжээг дахин сэргээх эрсдэлтэй. Өнгөрсөн хугацаанд Аль-Кайда бүлэглэлийн үйл ажиллагаа нь намжсан мэт боловч гишүүд нь шинэ техник, технологи эзэмшихийн зэрэгцээ цахим сүлжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь томоохон эрсдэлийг дагуулж байна.

 

Дүгнэлт: 2020 оны олон улсын терроризмын нөхцөл байдалд шинээр гарч буй техник, технологи, улс төр, үзэл суртлын зорилготой хүчирхийлэл, геополитикийн шинэ төсөөллүүд гол хүчин зүйл болж байна.

АНУ-ын цэргийн ажиллагааны дүнд Ираны нөлөө бүхий цэргийн удирдагч, генерал Кассем Солейман амиа алдсан нь хоёр улсын хооронд үүссэн зөрчлийг дэвэргэхийн зэрэгцээ үйл ажиллагаа нь идэвхгүй буюу “Виртуал Халифат”[2] түвшинд шилжээд байсан террорист бүлэглэлүүдийн зүгээс томоохон халдлага, дайралтыг хийх үндэслэл болох эрсдэл нэмэгдэж байна.

Тухайлбал, Иран улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй шашны байгууллага, хэт даврах үзэлтэй бүлэг, этгээдүүдийн зүгээс АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын амь насыг хөнөөсөн хүнд 3 сая ам.долларын шан харамж амлах, америк иргэдийн эсрэг чиглэсэн хүчирхийлэл үйлдэхийг уриалж буй нь түүнийг өдөөгч гол хүчин зүйл болж байна.

Терроризмын олон улсын нөхцөл байдал 2020 онд хувьсан өөрчлөгдөж шинэ бүс нутгуудад террорист халдлага, хүчирхийлэл үйлдэгдэх эрсдэл нэмэгдэж байна. Хэдийгээр олон улсын байгууллага, улс орнуудын зүгээс терроризмтой тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон чухал ажил, арга хэмжээг санаачлан хэрэгжүүлж буй боловч улс орнуудын терроризмтой тэмцэх үндэсний чадавх харилцан адилгүй, терроризмтой тэмцэх дэглэм сул хэвээр байна. Нөгөө талаас улс орнуудын дотоодын иргэний дайн, улс төрийн тогтворгүй байдал, зөрчил мөргөлдөөн болон төр, засгийн удирдлагын эсрэг байр суурь, үйл ажиллагаа нь террорист байгууллага, бүлэглэлийн хувьд суурьшилт, шилжилт хөдөлгөөн хийх таатай нөхцлийг бүрдүүлж байна.

Түүнчлэн террорист этгээдүүдийн зүгээс орчин үеийн шинэ техник, технологи, цахим сүлжээ ашиглах замаар шинэ арга, хэлбэрийг сонгож үйл ажиллагаа явуулахыг санаархаж байна.

Иймд дээрх нөхцөл байдал, үүсч болзошгүй эрсдэл, хүчин зүйлсээс хамаарч улс орнууд терроризмтой тэмцэх бодлого, үйл ажиллагааг бодлогын түвшинд уялдуулан ажиллах шаардлагатай байна.

 

Эх сурвалж:

1. UN Counter Terrorism Strategy and White paper

2. Joints statement of Global Counter Terrorism Issues by UNOCT and UNODC

3. Marsh@McLennan International Research Center

https://www.fpri.org/article/2020/01/trends-in-terrorism-whats-on-the-horizon-in-2020/

https://www.priceforbes.com/solutions/terrorism/

https://www.eurasiagroup.net/issues/top-risks-2020?fbclid=IwAR1JygCzEwN_mAgtA8JWIzUApT44KoI7ye03yvQdbhqZSc36R3MUIywJHAI

https://www.forbes.com/sites/cognitiveworld/2019/10/23/risk-management-and-black-swan-events



[1] Marsh@McLennan олон улсын судалгааны байгууллагаас гаргасан дүгнэлт.

[2] “Виртуал Халифат” гэж терроризмтой тэмцэх чиг үүрэг бүхий олон улсын байгууллагуудын томъёолж байгаагаар “террорист этгээдүүдийн үйл ажиллагаа цахимд орчинд төвлөрч үйл ажиллагаагаа идэвхжүүлэхийг эрмэлзэх” санаархал юм.

 

НИЙТЭЛСЭН: 2020-02-06 өдөр 14:46:1 цаг           ҮЗСЭН: 1428177