1989 оны дунд үеэс НАХЯ, түүний УАХБ-ын нэр дээр шүүмжлэл газар сайгүй өрнөж нийгэмд шинээр гарч ирсэн улс төрийн хүчин, олон нийтийн байгууллагын зүгээс үзүүлэх дарамт шахалт ихсэж, УАХБ-ын нэр хүнд нь унаж, хэвлэл мэдээлэл, жагсаал цуглаан, иргэдийн санал гомдлын гол “бай” болон ганхаж эхэлсэн үед МАХН-ын Төв Хороо, яамны удирдлагуудаас УАХБ-ын үйл ажиллагаа, зохион байгуулалтын бүтцийг эргэн харж, зарим чиглэлийн үүргээс нь татгалзуулж, орон тоо, бүтцийг эрс цөөрүүлэх арга хэмжээг авч эхлэв.
Өөрчлөлт, шинэчлэлтийн энэ үед БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1990 оны 191 дүгээр тогтоолоор НАХЯ татан буулган, УАХЕГ, Хилийн ба ДЦУЕГ-уудыг нэгтгэн Улсын Аюулгүй Байдлыг Хангах Ерөнхий Газрыг байгуулж, орон нутаг дахь НАХ газар, хэлтсийг мөн оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөр тасалбар болгон үйл ажиллагааг нь зогсоон, бүх аймгуудад Цагдан сэргийлэх хэлтэс байгуулан ЦЕГ-ын мэдэлд шилжүүлэв.
Энэ үед УАХБ-ын үйл ажиллагаа хуульчлагдаагүй, нийгмийн зүгээс хандах хандлага эрс өөрчлөгдсөн, орон тоог цомхотгон 100 гаруй ажилтныг цагдаагийн байгууллагад шилжүүлэх, эрэгтэй 20, эмэгтэй 15 жилээс дээш ажилласан олон арван ажилтныг цэргийн тэтгэвэрт хамруулан ажлаас чөлөөлөх, 1988-1992 онд ОХУ-ын Аюулаас хамгаалах академи болон тус байгууллагын нэр дээр дотоод гадаадын их, дээд сургууль төгссөн залуу ажилтнууд ажлын байргүй болсон зэрэг нь тус байгууллагын албан хаагчдын сэтгэл зүйд ихээхэн хэмжээгээр нөлөөлж, ажиллах итгэл, сонирхолыг бууруулж, төрийн тусгай албаны ажлын уламжлал шинэчлэл алдагдаж, дотоодын хяналт, дэглэм сахилга хариуцлага буурсан байв.
УАХБ-ын тагнуул, сөрөх тагнуулын үйл ажиллагааг АИХТ-ийн 1990 оны нууц 73 дугаар зарлигаар зохицуулах болсон нь 1992 онд “Улсын аюулгүй байдлыг хангах тухай” хууль батлагдах эрх зүйн тулгуур баримт бичиг болж байв.
1992 онд шинэ үндсэн хууль гарсантай холбогдуулан УАХБ-ын эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай болсон бөгөөд 1992 онд “Улсын аюулгүй байдлыг хангах тухай” Монгол Улсын хууль батлуулагдсан нь тагнуулын байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан анхны хууль байлаа.
1993 онд УАБХЕГ-ын бүрэлдэхүүнээс Хилийн цэргийг гаргаж, 1994 онд УАБХЕГ-ыг Тагнуулын Төв Газар болгож, 1996 онд ТТГ-ыг татан буулгаж Улсын Аюулгүй Байдлыг Хангах Газрыг байгуулсан байна.
Өөрчлөлт, шинэчлэл улам гүнзгийрэх, эрх зүйн орчин боловсронгуй болохын хэрээр Улсын аюулгүй байдлыг хангах тухай хуулийн зарим заалт шинэ нөхцөл байдалд нийцэхгүй болсноос үүдэн 1998 онд Гүйцэтгэх ажлын тухай, 1999 онд Тагнуулын байгууллагын тухай хуулиуд батлагдав.
Тагнуулын байгууллагын тухай хуулийг батлуулан гаргасантай холбогдуулан 2000 онд УАБХГ-ыг Тагнуулын Ерөнхий Газар болгон нэрийг өөрчилсөн байна.
Ийнхүү УАХБ-ыг бэхжүүлэх, үйл ажиллагааг нь өөрчлөн шинэчлэх талаар төр, засаг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс байнга анхаарч, тагнуул, сөрөх тагнуулын үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор 1990 оноос хойших хугацаанд 6 хууль батлан гаргав. Түүнчлэн ТЕГ-ын бүтэц, орон тоо, албан хаагчдын эрх зүй, нийгмийн баталгаа, техник хэрэгсэл, эд хөрөнгийн талаар Засгийн газраас 20 гаруй тогтоол, шийдвэр гаргасныг хэрэгжүүлж иржээ.
Сүүлийн үед терроризмын аюул заналаас сэргийлэх, түүнтэй тэмцэх зэрэг зарим чиг үүрэг тагнуулын байгууллагад нэмэгдэж, өөрчлөгдөж буй нөхцөл байдалтай уялдуулан “Тагнуулын байгууллагын тухай” болон холбогдох бусад хуулинд нэмэлт өөрчлөлт оруулан, “Төрийн нууцын тухай” хуулийг шинэчлэн боловсруулах ажил хийгдэж байгаагаас гадна хүний нөөцийг чанаржуулах, давтан сургалтын шинэлэг тогтолцоог бий болгох, албан хаагчдын ажиллах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, орон нутаг дахь албадаа бэхжүүлэх, олон нийттэй байнга харилцаж, хамтран ажиллах, тэдэнд өгөх мэдээллээ нэмэгдүүлэх, байгууллагаа сурталчлахад ихээхэн анхаарч байна.
НИЙТЭЛСЭН: 2018-10-03 өдөр 15:04:0 цаг
ҮЗСЭН:
Хуваалцах