Төрийн болон албаны нууцыг хамгаалах тухай ямар хууль тогтоомж хүчин төгөлдөр үйлчилж байна вэ?
Хариулт: УИХ-ын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн нэгдсэн чуулганаар Төрийн болон албаны нууцын тухай хууль батлагдсан бөгөөд уг хуулийг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байна.
Уг хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 5 журмыг Засгийн газар баталсан. Тухайлбал, “Журам батлах тухай” Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 246 дугаар тогтоолоор “Монгол Улсын төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг журам”, “Төрийн болон албаны нууцын хамгаалалтад хяналт шалгалт хийх журам”, “Төрийн болон албаны нууцын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан байгуулах, ашиглах журам”, “Төрийн болон албаны нууц хамгаалах ажилтанд цалингийн нэмэгдэл олгох журам” болон “Төрийн болон албаны нууцыг хамгаалахад туслалцаа, дэмжлэг үзүүлсэн иргэн, хуулийн этгээдийг урамшуулах журам”-ыг тус тус баталсан.
Төрийн нууцтай хэрхэн танилцах вэ?
Хариулт: 2016 онд батлагдсан Төрийн болон албаны нууцын тухай хуулиар албан тушаалтан эрхлэх ажил үүргийн дагуу төрийн нууцтай танилцахын зэрэгцээ холбогдох хууль тогтоомжид заасан тодорхой нөхцөл, шаардлагыг хангаж буй Монгол Улсын иргэн төрийн нууцтай танилцах боломжтой болсон.
Өөрөөр хэлбэл албан тушаалтан, иргэн төрийн нууцтай танилцахын тулд Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан аюулгүй байдлын шалгалтад хамрагдахыг өөрөө бичгээр зөвшөөрсөн, тагнуулын байгууллагаас хийх аюулгүй байдлын шалгалтад хамрагдаж тэнцсэн, нууц задруулахгүй байх батлагааг бичгээр гаргасан байна.
Тагнуулын байгууллагаас зохих хариу өгөөгүй байхад албан тушаалтан, иргэнд төрийн нууцтай танилцах эрх олгохыг хориглоно.
Аюулгүй байдлын шалгалтад хамрагдах албан тушаалтан, иргэн ямар материал бүрдүүлэх шаардлагатай вэ?
Хариулт: Төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн төрийн нууцтай танилцах эрх бүхий албан тушаалтны жагсаалтад дурдсан албан тушаалд томилох хүнийг аюулгүй байдлын шалгалтад хамруулахдаа тухайн байгууллага дараах баримтыг бүрдүүлнэ:
Нууцтай танилцах эрхийн түвшин гэж юу вэ?
Хариулт: Тагнуулын байгууллагын аюулгүй байдлын шалгалтад хамрагдаж тэнцсэн албан тушаалтан, иргэнд танилцах мэдээллээс нь хамаарч нууцтай танилцах эрх олгоно.
Танилцах эрхийн түвшин 3 төрөлтэй байх бөгөөд төрийн болон албаны нууцын дараах зэрэглэлийн мэдээлэлтэй танилцах эрхтэй байна:
Албан тушаалтан, иргэнийг түүнд олгосон нууцтай танилцах эрхийн түвшинд хамаарахгүй мэдээлэлтэй танилцуулахыг хориглоно.
Нууцтай танилцах эрхийг хэрхэн түдгэлзүүлэх вэ?
Хариулт: Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д нууцтай танилцах эрх олгогдсон албан тушаалтан, иргэн гэмт хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдсан, эсхүл төрийн болон албаны нууцыг хамгаалах журам зөрчсөн үйлдэлд шалгагдаж байгаа бол шүүхийн шийдвэр гарч хүчин төгөлдөр болох, эсхүл албаны шалгалтын дүн гарах хүртэл албан тушаалтан, иргэний төрийн болон албаны нууцтай танилцах эрхийг тагнуулын байгууллага түдгэлзүүлнэ.
Нууцтай танилцах эрхийг хэрхэн хүчингүй болгох вэ?
Хариулт: Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан үндэслэл тогтоогдсон, түүнчлэн нууцыг хамгаалах талаар тогтоосон журам, хүлээсэн үүргээ удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн тохиолдолд албан тушаалтан, иргэний нууцтай танилцах эрхийг тагнуулын байгууллага хүчингүй болгоно.
Нууц баримт бичигтэй танилцахдаа юуг анхаарах вэ?
Хариулт: Нууц хамгаалах ажилтан нууц баримт бичгийг зохих түвшний нууцтай танилцах эрх бүхий албан тушаалтанд танилцуулна. Нууц баримт бичгийг холбогдох албан тушаалтанд танилцуулахдаа бүртгэлд тэмдэглэж, гарын үсэг зуруулсны дараа танилцуулна.
Албан тушаалтан нууц баримт бичигтэй зөвхөн ажлын байранд танилцаж, ашиглана. Нууц баримт бичигтэй танилцаж буй албан тушаалтан нууц баримт бичиг, бусад нууц тээгчийг бүртгэхгүйгээр бусдад дамжуулах, танилцуулах, байгууллагын даргын зөвшөөрөлгүйгээр байгууллагаас гадагш гаргахыг хориглоно. Мөн холбогдох байгууллагаас баталгаажуулаагүй компьютер, техник хэрэгсэл ашиглан нууц баримт бичгийг боловсруулах, албан үүрэгтээ үл хамаарах нууц мэдээлэлтэй танилцах, хадгалах, тэмдэглэж авах, олшруулахыг хориглоно.
Төрийн болон албаны нууцын хамгаалалтад хэрхэн хяналт тавих вэ?
Хариулт: Улсын хэмжээнд нууцын хадгалалт, хамгаалалтад хяналт тавих чиг үүргийг тагнуулын байгууллага, тагнуулын байгууллагын нууцын асуудал хариуцсан нэгж, тухайн байгууллагын хэмжээнд түүний удирдлага, нууц хамгаалах ажилтан хэрэгжүүлнэ.
Төрийн болон албаны нууцын тухай хууль тогтоомжид заасны дагуу тагнуулын байгууллага нь улсын хэмжээнд өмчийн хэлбэр, харъяалал харгалзахгүйгээр нууцын хадгалалт, хамгаалалтад хянан тавьж, нууцад хамаарах мэдээлэл задарч, үрэгдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох арга хэмжээг авна.
Байгууллагын удирдлага, нууц хамгаалах ажилтан нь эрхэлсэн салбар, харъяа байгууллага болон гэрээний дагуу ажил гүйцэтгэгчид шилжүүлсэн нууцын хадгалалт, хамгаалалтад хяналт тавьж ажиллана. Байгууллага өөрийн эзэмшиж, хадгалж байгаа нууцын хадгалалт, хамгаалалтын байдалд жил бүр нэгээс доошгүй удаа хяналт шалгалт, үзлэг, тооллого хийж, гарсан зөрчил, дутагдлыг арилгах арга хэмжээ авна.
Ямар мэдээллүүд төрийн нууцад хамаардаг вэ?
Хариулт: Монгол Улсын хэмжээнд төрийн нууцад хамаарах мэдээллийг Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 13 дугаар зүйл, “Жагсаалт батлах тухай” Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 247 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалт”-аар тус тус тогтоосон.
Ямар мэдээллүүд албаны нууцад хамаардаг вэ?
Хариулт: Задруулах, үрэгдүүлэх тохиолдолд салбарын болон төрийн байгууллага бусад хуулийн этгээдийн ашиг сонирхол, үйл ажиллагаанд хохирол учруулах, эсхүл төрийн нууцад хамаарах мэдээллийг задруулах нөхцөл бий болгох мэдээллийг албаны нууц буюу “нууц” зэрэглэлд хамааруулдаг.
Төрийн байгууллага болон төрийн өмчийн оролцоотой бусад хуулийн этгээд албаны нууцад хамааруулах шаардлагатай мэдээллийн жагсаалтын төсөл боловсруулж, тагнуулын байгууллагаас санал авсны үндсэн дээр эрхэлсэн Засгийн газрын гишүүн, байгууллагын даргаар батлуулна. Өөрөөр хэлбэл Хил хамгаалах байгууллагын албаны нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг Хууль зүй, дотоод хэргийн сайд батална. Түүнчлэн дарга нь УИХ-аас томилогддог байгууллагын албаны нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг тухайн байгууллагын дарга батална.
Төрийн болон албаны нууцтай танилцах эрх гэдгийг хэрхэн ойлгох вэ?
Хариулт: Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасны дагуу албан тушаалтан, иргэн төрийн болон албаны нууцад хандах, хуулийн этгээд төрийн болон албаны нууцыг ашиглахтай холбоотой үйл ажиллагаа явуулах эрхийг ойлгоно.
“Нууц үйл ажиллагаа” буюу нууцад хамаарах ажил, үйлчилгээ гүйцэтгэх эрх гэдгийг хэрхэн ойлгох вэ?
Хариулт: Төрийн болон албаны нууц хариуцсан байгууллагын шийдвэрээр ажил гүйцэтгэхтэй холбоотойгоор хуулийн этгээд, иргэнд зөвхөн тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардалгатай нууцад хамаарах мэдээллийг төрийн болон албаны нууцын тухай хууль тогтоомжид заасны дагуу шилжүүлэн өгнө.
Хуулийн этгээд нууц үйл ажиллагаа явуулах зохих нөхцөл, шаардлагыг хангаж байгаа эсэхийг тагнуулын байгууллага шалгаж, нууцад хамаарах ажил, үйлчилгээ явуулах боломжтой гэж үзсэн бол аюулгүй байдлын гэрчилгээ олгоно.
Хуулийн этгээд нууцад хамаарах ажил, үйлчилгээ гүйцэтгэхтэй холбоотойгоор аюулгүй байдлын гэрчилгээ авах хүсэлт гаргахад ямар мэдээлэл бүрдүүлэх шаардлагатай вэ?
Хариулт: Хуулийн этгээд нууц үйл ажиллагаа явуулахтай холбоотойгоор аюулгүй байдлын гэрчилгээ авах хүсэлтийг тагнуулын ерөнхий газарт гаргахдаа дараах мэдээллийг бүрдүүлсэн байна:
1. Аюулгүй байдлын гэрчилгээ авах хүсэлт /албан бичиг/
2. Аюулгүй байдлын анкет /төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг журмын 2 дугаар хавсралтаар баталсан Маягт 6-д заасан /
3. Хуулийн этгээдийн гэрчилгээ /нотариатаар баталгаажуулах/
4. Хуулийн этгээдийн дүрэм /нотариатаар баталгаажуулах/
5. Ажил гүйцэтгэхэд холбогдох байгууллагаас шилжүүлж авах нууцад хамаарах мэдээллийг хамгаалах талаар авах арга хэмжээний төлөвлөгөө
/хуулийн этгээдийн захирал баталсан байх/
6. Төрийн байгууллагын нууцад хамаарах тодорхой ажил, үйлчилгээ гүйцэтгэхээр сонгогдсон байх /албан бичиг/
7. Хуулийн этгээд нь түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг бол гэрээний хуулбар /нотариатаар баталгаажуулах/
8. Хуулийн этгээдийн дотоод журмын хуулбар /нотариатаар баталгаажуулах/
9. Хуулийн этгээд нь Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас лавлагаа мэдээлэл авсан байх бөгөөд харилцах банкны тодорхойлолтыг мөн хавсаргасан байна.
Хуулийн этгээдийн аюулгүй байдлын гэрчилгээ авах хүсэлтийг тагнуулын байгууллага хүлээн авснаас хойш хэд хонгийн хугацаанд шийдвэрлэх вэ?
Хариулт: Төрийн болон албаны нууцыг ашиглан үйл ажиллагаа явуулах, ажил гүйцэтгэх эрх авах хүсэлт гаргасан хуулийн этгээдийг судалж, шалгах ажлыг зохион байгуулах ажлын хэсэг хуулийн этгээдийн хүсэлт, холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш 1 сарын дотор албан бичигт тусгасан мэдээлэл нь бүрэн гүйцэд, үнэн бодитой, нууц үйл ажиллагаа явуулах нөхцөл, шаардлага хангасан эсэхийг хянан магадлаж дараах шийдвэрийг гаргана:
Хуулийн этгээдийн аюулгүй байдлын гэрчилгээг ямар тохиолдолд хүчингүй болгох вэ?
Хариулт: Аюулгүй байдлын гэрчилгээний хүчинтэй байх хугацаанд хуулийн этгээд үйл ажиллагаагаа зогсоосон, татан буугдсан, нууц хамгаалах нөхцөл шаардлагыг ноцтой эсвэл удаа дараа зөрчсөн нь тогтоогдсон тохиолдолд тагнуулын байгууллага хуулийн этгээдэд олгосон аюулгүй байдлын гэрчилгээг хүчингүй болгож, цуцлана.
Мөн хуулийн этгээдэд аюулгүй байдлын гэрчилгээ олгосон, сунгасан, хүчингүй болгосон тухай бүртгэлийг тагнуулын байгууллагын нууц хариуцсан нэгж хөтлөх бөгөөд хуулийн этгээд нууц үйл ажиллагаагаа зогсоосон, эсхүл гэрчилгээг хүчингүй болгосон тухай бүрт гэрчилгээг хураан авч зохих журмын дагуу устгана.
Аюулгүй байдлын гэрчилгээ авсан хуулийн этгээдийн хориглох зүйл?
Хариулт: Тагнуулын байгууллагаас олгосон аюулгүй байдлын гэрчилгээнд заагаагүй үйл ажиллагаа явуулах, бусдад шилжүүлэх, ашиглуулахыг хориглоно.
Төрийн болон албаны нууцын талаар болон нууцад хамаарах баримт бичиг, биет зүйл алдагдаж, үрэгдэж байж болзошгүй талаар хаана мэдэгдэх вэ?
Хариулт: Төрийн болон албаны нууцын талаар эсхүл нууцад хамаарах баримт бичиг, биет зүйлийг олсон мөн алдагдаж, үрэгдэж байж болзошгүй талаар ТЕГ-т биечлэн мэдэгдэх болон 51-263017 дугаартай утас руу залгаж хандаж болно.
“Төрийн болон албаны нууцыг хамгаалахад туслалцаа, дэмжлэг үзүүлсэн иргэн, хуулийн этгээдийг урамшуулах журам”-д заасны дагуу нууцыг хамгаалах чиглэлээр туслалцаа, дэмжлэг үзүүлсэн иргэн, хуулийн этгээдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн болон бусад хэлбэрийн урамшуулал олгох зохицуулалттай юм.