92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
ХЯТАД АМЕРИКИЙН МӨРГӨЛДӨӨН /төгсгөл/

АЮУЛГҮЙ байдал судлалын хүрээлэн ОХУ, БНХАУ, АНУ болон нөлөө бүхий бусад улсын шинжээчид, бодлого боловсруулагчид нөгөө талынхаа бодлого, стратеги, хоёр талын харилцааг хэрхэн ойлгож, түүнд тохирсон ямар арга хэмжээг өөрийн төр, засгийн удирдлагад санал болгож байгааг мэдээллийнхээ зарим дугаараар тоймлон хүргэдэг уламжлал тогтоод байгаа билээ. Бид 2019 оноос ХБНГУ-ын нэр хүндтэй томоохон think tank болох Шинжлэх ухаан, улс төрийн сан (Stiftung Wissenschaft und Politik)-гийн харьяа Олон улсын харилцаа, аюулгүй байдал судлалын Германы хүрээлэн (Deutsches Institut fuer Internationale Politik und Siecherheit)-тэй шууд харилцаа тогтоож, судалгааны бүтээлүүдээс нь солилцоогоор авч байгаа болно. Бид тус Хүрээлэнгийн судлаач Петер Рудольфын Хятад-Америкийн зөрчлийн талаар бичсэн өгүүллийг зохиогчийн өөрийнх нь зөвшөөрөлтэйгээр орчуулан цувралаар хүргэж байгаа билээ. Уг өгүүлэл дэх аливаа дүгнэлт, дэвшүүлсэн үзэл санаа нь зөвхөн зохиогчийнх бөгөөд Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн байр суурь биш болно.

АНУ бусад орнуудыг Хятадтай эдийн засгийн харилцаагаа цаашид хөгжүүлэхгүй байхыг ятгаж байна. Вашингтон Израйлыг Хятадтай хамтран хэрэгжүүлэх дэд бүтцийн төсөлд оролцохгүй байхыг сануулав. Ялангуяа Хайфа боомтын үйл ажиллагаанд Хятад улсын төрийн өмчит Шанхайн Олон Улсын Боомт групп оролцох нь маш эрсдэлтэй юм. Хятадын цөмийн зэвсэг үйлдвэрлэгч “China General Nuclear” болон Их Британи улсын хамтын ажиллагаанд мөн л Вашингтон санаа зовж байна. Панамад айлчлах үеэр Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео тус улсын ерөнхийлөгчийг Хятадтай эдийн засгийн харилцаа өргөжүүлэхгүй байхыг сэрэмжлүүлэв. Вашингтон Панамыг өрнө зүгт Хятадын эдийн засгийг өсгөх “гүүр” болж магадгүй гэж санаа зовж байна. Хятадын усан тээвэрт Панамын суваг чухал үүрэгтэй ба Хятад улс Панамын дэд бүтцийн хэд хэдэн төсөлд оролцдог. Панамын засгийн газар 2017 оны 6-р сард Тайваньтай дипломат харилцаагаа тасална гэж мэдэгдсэний дараа АНУ Панам дахь Хятадын оролцоонд анхаарал хандуулж эхлэв. Үүний дараахан Доминиканы Бүгд Найрамдах Улс болон Сальвадор улс мөн Тайваньтай харилцаагаа таслахаа мэдэгдэв.

Вашингтоны шахалтын үр дүнд Америк-Мексик-Канадын хэлэлцээр Хятад руу чиглэсэн агуулгатай болов. Уг хэлэлцээрийн дагуу талууд Хятадтай худалдааны хэлцэл хийхээс дор хаяж гурван сарын өмнө бие биедээ мэдэгдэх, худалдааны хэлцлийн талаар бие биеэ мэдээллээр хангах үүрэгтэй. Хэрэв талуудын аль нэг нь Хятадтай чөлөөт худалдааны хэлцэл байгуулвал бусад талууд зургаан сарын хугацаатай сануулга өгөх ба уг гэрээг цуцалж, тухайн талыг хасан хоёр талт гэрээ болгож болно. Гэхдээ энэ заалт билгэдлийн чанартай заалт юм.

Хятад Америкийн сөргөлдөөнд Африк бол “шинэ фронт” юм. Трампын засаг захиргааны зүгээс Бээжин зээл олгох, хээл хахууль өгөх замаар Африкийг өөртөө татахыг хичээж байна гэж үздэг. 2018 оны 12-р сард Аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон “Шинэ Африк стратеги” -г танилцуулах үеэрээ Африк дахь Хятадын аюулыг анхааруулав. НҮБ-ын элчин сайд Никки Хейли албан тушаалаа өгөхөөс хэдхэн минутын өмнө хүртэл Хятад улсын дипломатчийг Африкт НҮБ-ын Тусгай Элчин сайдаар томилуулахгүйн төлөө хичээж байв. Учир нь Хятадын дипломатч элчин сайдаар томилогдвол албан тушаалаа энэ бүс нутагт Хятадын нөлөөг өргөжүүлэхэд ашиглаж магадгүй гэх болгоомжлол байлаа. НҮБ-д ажиллах Хятадуудын тоо нэмэгдэж Хятад улс өөрийн дипломат ажилтнуудыг НҮБ-ын удирдах албан тушаалд ажиллуулахыг хүсч байна. Нэмж дурдахад, Бээжин НҮБ-ын энхтайвны төлөөлөгчийн газарт санхүүгийн болон боловсон хүчний оролцоогоо нэлээд өргөжүүлсэн. Үүний улмаас АНУ НҮБ болон бусад олон улсын байгууллагуудад Хятадын нөлөө  хэр хэмжээнд байгааг шалгаж эхэлсэн байна.

Вашингтон мөн Арктикийг хүчирхэг өрсөлдөөний шинэ талбар гэж үздэг. Энэ өрсөлдөөнд Орос төдийгүй өөрийгөө “Арктикийн ойролцоо орон” гэдэг Хятад ч бас оролцож байна. Хамгийн сүүлд 2019 оны 4-р сард нийтлэгдсэн Хятадын цэргийн хүчний талаархи Пентагоны жилийн тайланд Арктикийн тухай дурьдахдаа энэ бүс нутагт Хятад улс цөмийн шумбагч пуужингаа байрлуулах магадлалтай байгааг анхааруулжээ. Нэг сарын дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Помпео Арктикийн зөвлөлд Хятадын “түрэмгий зан”-гийн талаар анхааруулжээ. 

2018 оны 1-р сараас эхлэн АНУ Хятадын засгийн газрын Арктикийн бодлогын эсрэг хэд хэдэн хариу арга хэмжээ авсаар байна. Төрийн нарийн бичгийн дарга Помпеогийн хэлсэнээр 2012-2017 оны хооронд Хятад улс Арктикт бараг 90 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийжээ. Цаг уурын өөрчлөлт, туйлын мөс хайлж байгаатай холбоотой тус бүс нутаг Хятад улсын сонирхлыг татаж байна. Хятадаас Европ руу хойд далайгаар дамжин очих нь дөт бөгөөд Арктикийн эрчим хүчний нөөцийг ашиглах сонирхол ч мөн Хятадад байгаа юм. АНУ-ын 2008 онд хийсэн геологийн судалгаагаар дэлхийн нээгдээгүй газрын тосны нөөцийн 13 орчим хувь, байгалийн хийн нөөцийн 30 орчим хувь нь Арктикт байдаг. 2018 оны зун ОХУ-ын Ямалын хойгоос шингэрүүлсэн хийн анхны нийлүүлэлтийг хойд замаар дамжуулсан. Хятад Орост хөрөнгө оруулаад зогсохгүй Арктикийн бусад орнууд, тухайлбал Исланд, Гренланд (Данид харьяалагддаг) зэрэг улсад хөрөнгө оруулалт хийж байгаа юм. Хятад улс Гренланд дахь хуучин АНУ-ын цэргийн баазыг Данийн засгийн газраас худалдан авч нисэх онгоцны буудал болгон өргөжүүлэхээр төлөвлөж байсан бөгөөд АНУ-ын Батлан ​​хамгаалах яамны нарийн бичгийн дарга байсан Жеймс Мэттисийн эсэргүүцсэнээр уг төсөл цуцлагдсан юм.

Хятад улс Арктикийг сонирхож байгаа нь аюулын дохио гэж АНУ үзэж байна.

Хятад улс Арктикт үйл ажиллагаа явуулж байгаа нь АНУ-ын аюулгүй байдал заналхийлж байна гэж Пентагон үзэж байна. 2019 оны 6-р сард Пентагоны гаргасан Арктикийн стратегийн талаарх тайланд тус бүс нутгийг “АНУ-д халдаж болзошгүй вектор” гэжээ.  Арктикт баллистик пуужингийн шумбагч онгоц байрлуулах нь Хятад улсын хувьд хоёр давуу талтай юм. Нэгдүгээрт, хэрэв Хятадын стратегийн шумбагч онгоцууд мөсөн дор ажиллаж чаддаг бол АНУ-ын шумбагч онгоцны эсрэг байлдаж чадна. Хоёрдугаарт, Америк тивийн зорилтот газар руу нисэх хугацаа Номхон далайгаас хөөрсөнөөс богино байх болно. Гэхдээ ойрын хугацаанд ийм зүйл болохгүй байх. Хятадын зүгээс Арктикийн талаар баримтлах “Цагаан ном”-д цэргийн үйл ажиллагааны талаар тусгаагүй ч Хятадын цэрэг армийн хувьд Арктик бол стратегийн чухал ач холбогдолтой бүс нутаг юм.

Технологийн талбарт

Дижитал эриний тэргүүлэх чиглэл болох технологийн чиглэл бол Хятад Америкийн мөргөлдөөний нэг хэсэг юм. Хятадын удирдагчийн хувьд дэвшилтэт технологийн салбарт Өрнөдийг “барьж авах, гүйцэж түрүүлэх” нь чухал ач холбогдолтой юм. Энэ өнцгөөс харахад Өрнө дахин технологийн салбарт тэргүүлж байлаа.  Трампын удирдаж буй АНУ Хятадыг эдийн засгийн болон технологийн хувьд сулруулахыг хүсч байна. Хятад улсын хамгийн том технологийн групп болох маргааны гол сэдэв Хуавэй компани АНУ-д компанийн нууц хулгайлсан, мөрдөн байцаалтад саад учруулсан үйл явдал, Ираны хориг арга хэмжээ зэрэг нь санаандгүй тохиолдол биш. Трампын засаг захиргааны зөвлөх, Hudson институтын Майкл Пиллсбери “Америкчууд технологийн манлайллаа хадгалахын тулд зүгээр ч нэг буугаад өгчихгүй. Хуавэйг ялласан явдал нь дайны эхлэл юм” гэж дүгнэжээ. Трампын засаг захиргааны үзэж байгаагаар Хуавэйтэй зөрчилдөж байгаа нь ирээдүйн 5G сүлжээнд мэдээллийн системийг хэн удирдах тухай асуудал юм. Энэ бол тэг-нийлбэрийн тоглоом. Үүний дагуу АНУ-ын засаг захиргаа дэлхий нийтэд Хятадын технологиос татгалзахыг ятгаж байна.

2019 оны 5-р сард Хуавэйгийн үйл ажиллагааг Америкт зогсоолоо. Үүний тулд хоёр арга хэмжээг авсан ба нэгдүгээрт нь Хуавэйд бүтээгдэхүүн нийлүүлдэг Америкийн болон гадаадын компаниуд АНУ-ын Худалдааны яамнаас гаргадаг тодорхой шалгууруудыг давж зөвшөөрөл авах ёстой. Аль нэг шалгуурыг хангаагүй тохиолдолд  лицензийг ерөнхийдөө цуцалдаг. Лиценз нь цуцлагдсан компаниудыг “жагсаалт”-д оруулдаг ба 2018 онд Хуавэйийн 92 гол нийлүүлэгчийн 33 нь энэ жагсаалтанд орсон АНУ-ын компаниуд байв. Хоёрдугаар арга хэмжээ нь Ерөнхийлөгч Трамп санаачлан хэрэгжүүлсэн зөвхөн Хуавэйд төдийгүй бусад америкийн компанид ч хамааралтай хязгаарлалт юм. Энэ бол мэдээлэл, харилцаа холбооны технологийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа америкийн компаниудын (маш өргөн утгатай) технологи хөгжүүлэлт, үйлдвэрлэлийг гадаад улсын иргэн, байгууллага эзэмших, хянах, шууд болон шууд бусаар харъяалж байгаа бол түүнийг үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулсан гэж үзэх болно.

Ерөнхийлөгч Трамп энэ алхамыг Хятадтай хийх худалдааны хэлэлцээрийг чангатгах зорилгоор л хийсэн байж магадгүй юм. Худалдааны алдагдлыг засч, Хятадтай тохиролцох сонирхолтой байгаа Трамп 2019 оны 6-р сарын сүүлээр Хятад улсын дарга Ши Жиньпинтэй Осака хотод уулзсаны дараа Хуавейд нийлүүлэлтийн хоригоо намжаахаа мэдэгдэв.

Хятадын эдийн засагт дарамт үзүүлэх, ялангуяа худалдааны хориг арга хэмжээний талаар хоёр улс зөвшилцөлд хүрэхгүй бололтой. Цагаан ордны Худалдаа, үйлдвэрлэлийн бодлогын газрын захирал, Трампын худалдааны асуудал эрхэлсэн зөвлөх Питер Наварро “Хуавейтэй хийх тэмцэл нь ирээдүйн технологийн тэргүүлэгчийн төлөөх өрсөлдөөний чухал үе шат юм” гэж мэдэгджээ. Хоёр улсын эдийн засгийг харилцан хамаарал багатай байлгах нь АНУ-ын эдийн засаг, технологийн төдийгүй улсын аюулгүй байдалд ээлтэй гэж тэд үзэж байна. Тэдний хувьд Хятад улс АНУ-ын аж үйлдвэрийн салбарыг ноцтой аюулд оруулж байна гэж үздэг бөгөөд америкчууд эдийн засаг, үндэсний аюулгүй байдал хоёр бол салшгүй зүйлс юм гэж үздэг.

Үүний дагуу АНУ-ын аж үйлдвэрийн баазыг бэхжүүлэх хангамжийн сүлжээг сайжруулах зорилгоор Ерөнхийлөгч Трампын байгуулсан Хяналтын алба Хятадыг анхааралтай ажиглаж байна. Тус хяналтын албаны үзэж байгаагаар АНУ-ын аж үйлдвэрийн бааз, түүний инновацын чадавхид аюул учруулж буй таван макро хүчин зүйлийн нэг бол Хятадын аж үйлдвэр, худалдааны бодлого бөгөөд үүгээрээ Америкийн цэргийн чадамжид ч мөн заналхийлж байгаа юм. АНУ-ын зэвсэг техник, пуужингийн үйлдвэрлэлд ашигладаг стратегийн ач холбогдолтой тусгай металууд, түүний дотор газрын ховор элементүүдийн гол нийлүүлэгч нь Хятад улс байгаа нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалд эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгэж байна. Энэ бол Пентагоны олон жилийн турш ашигтай шийдэл олохгүй байсаар ирсэн асуудал юм. Хятадын зүгээс эдгээр металын экспортод хязгаарлалт тогтоож болзошгүй гэж сануулсан нь олон нийтийн анхаарлыг татаж байна.

Технологийн өрсөлдөөн нь аюулгүй байдлын төдийгүй хөдөлмөрийн зах зээлд ч хамаатай болох нь Хятад улс “Хятадад үйлдвэрлэв 2025” хэмээн нэрийдсэн амбицтай хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаас харагдана. Төрийн зөвлөлийн 2015 оны 5-р сард баталсан энэхүү төлөвлөгөө нь “дунд орлогын урхинд” өртөхөөс зайлсхийж, “өндөр орлоготой эдийн засаг”-тай болох хөтөлбөрүүдийн нэг хэсэг юм. “Хятадад үйлдвэрлэв 2025” хөтөлбөр нь 2035 он гэхэд Хятад улсын тэргүүлэх чиглэл болох инновацын салбарт хийгдэж буй эхний алхам юм. 2049 онд тохиох БНХАУ үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойгоор тус улс үйлдвэрлэлийн тэргүүлэгч орон болсон байх төлөвлөгөөтэй.  Энэ бүхнийг Америкийн компаниудын дэмжлэгтэйгээр хийх бөгөөд жишээ нь: иргэний нисэхийн салбарт тэргүүлэгч Боинг, Айрбус компаниудтай өрсөлдөхүйц С 919 онгоцыг хөгжүүлэх ажилд Америкийн дор хаяж 10 компани оролцож байна. АНУ-ын талаас харвал “Хятадад үйлдвэрлэв 2025” хөтөлбөр нь дэлхийн зах зээлийн гол салбарын динамикийг өөрчлөх зорилготой юм. Хятадын аж үйлдвэрийн бодлогын эцсийн зорилго бол зөвхөн “үндэсний” төдийгүй дэлхийн аж үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч томоохон компаниудыг хөгжүүлэх явдал юм.

Өсөн нэмэгдэж буй Хятадын өрсөлдөөн АНУ-д ажлын байрны хомсдол үүсгэж болзошгүй юм. Хятадуудын өндөр технологийн хулгай, технологи дамжуулах гэх мэт үйлдэлүүд нь АНУ-ын эдийн засгийн өндөр технологийн салбарт заналхийлж байна. 1979 онд эдийн засгийн харилцаа тогтоож АНУ, Хятад хоёр талын худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурсанаас хойшхи хорин жилийн хугацаанд Америк голдуу үнэ багатай хөдөлмөр их шаарддаг бүтээгдэхүүнийг импортолж байв. Өнөө үед Хятад улсаас импортолж буй бүтээгдэхүүний гуравны нэг нь дэвшилтэт технологийн бүтээгдэхүүнүүд байна. Өсөн нэмэгдэж буй Хятадын импорт АНУ-д ажлын байрны хомсдол үүсгэж байгаа  боловч түүний алдагдлын хэмжээ хэр зэрэг байгаа нь маргаантай байгаа юм. Эдийн засгийн судалгааны үндэсний товчооноос гаргасан судалгаагаар 1999-2011 оны хооронд Хятадаас орж ирсэн импортын бүтээгдэхүүнүүд шууд болон шууд бус байдлаар үйлдвэрлэлийн салбарт 2-оос 2.4 сая ажлын байрыг үгүй болгожээ. Энэ нь үйлдвэрлэлийн ажлын байрны 10 хувь гэсэн үг юм. АНУ-аас Хятадад экспортлох бүтээгдэхүүн үйлдвэрлэл нь АНУ-д ойролцоогоор 1.8 сая ажлын байрыг бий болгож байна.

Хуавэйгийн эсрэг кампанит ажлын үр дүнд Хятадтай хийх эдийн засгийн харилцаа ашиггүй байх нь тодорхой байна.

Хуавэйгийн эсрэг кампанит ажлын үр дүнд Хятадтай хийх эдийн засгийн харилцаа ашиггүй байх нь тодорхой байна. Эдийн засаг америкийн талд ашигтай байх үед Вашигтон Хятадын өсөлтөөс болгоомжилдоггүй байлаа. Эдийн засгийн логикийн хувьд энэхүү харилцан хамаарал нь улс төрийн хамтын ажиллагааг дэмжиж, энх тайвныг тогтвортой байлгана гэж харж байв.

Стратегийн том өрсөлдөгч Хятад улсын хувьд эдийн засаг нь цэрэг армийн хүчирхэг байдал, улс орны аюулгүй байдалтай харилцан хамааралтай учраас эдийн засгийн хуваарилалт харилцан адилгүй байх нь сөрөг үр дагаварыг үүсгэнэ. Хиймэл оюун ухаан голлох үүрэгтэй “аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал”-д Америк Хятадаас илүү байж тэргүүлэх байр сууриа хадгалахыг хүсч байна. Нөгөө талаас Хятад улс аж үйлдвэрийн бодлогын нэг хэсэг болох “Хятадад үйлдвэрлэв 2025” хөтөлбөрийнхөө хүрээнд зохион байгуулах аж үйлдвэр, технологийн ажиллагаануудынхаа үр дүнд Америкийг гүйцэхийг эрмэлзэж байна. Ерөнхийлөгч Трампын хэд хэдэн санаачилга Хятад улсын техникийн дэвшилд саад болоход чиглэгдэж байгаа нь ойлгомжтой. Юун түрүүнд АНУ-ын технологийн баазыг хамгаалахын тулд Гадаадын хөрөнгө оруулалтын хороо АНУ дахь Хятадын хөрөнгө оруулалтыг илүү нягт нямбай судалж, хязгаарлаж байна. 2018 оны Гадаадын хөрөнгө оруулалтын тухай актнд “чухал технологи” гэдэгт юуг  багтааж ойлгохыг өргөжүүлэн оруулж өгчээ. Энэхүү актанд мөн экспортын хяналтын шинэчлэлийн дагуу “үндсэн болон шинэ технологи” гэх жагсаалт багтжээ.

Үүнээс гадна Вашингтон Хятадын технологийн шинэчлэлийг удаашруулахаар Хятадын компаниудтай хийсэн эдийн засгийн гүйлгээг хязгаарлаж, экспортын хяналтыг чангатгах зорилтот арга хэмжээ авч байна. 2018 оны 8-р сард хүчин төгөлдөр болсон Экспортын Хяналтын Шинэчлэлийн тухай хуулийн дагуу “үндсэн болон шинэ технологи”-н экспортыг хязгаарлах нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалд зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. “Үндсэн болон шинэ технологи”-г тодорхойлоход агентлагуудын байнгын уялдаа холбоотой үйл ажиллагаа чухал юм. Биотехнологи, хиймэл оюун ухаан, квант тооцоолол зэрэг салбарт хийгдэх “шинэ болон үндсэн технологийг” хариуцсан   Худалдааны яамны Үйлдвэр, аюулгүй байдлын товчоо “Хятадад үйлдвэрлэв 2025” хөтөлбөрийг анхааралтай ажиглаж байна. Түүнчлэн АНУ-д сурч ажиллаж байгаа Хятадын оюутнуудад виз олгохыг хязгаарлах, Холбооны мөрдөх товчооны Хятадын тагнуулын албатай харилцаатай гэж үздэг Хятадын эрдэмтэдэд виз олгохоос татгалзах зэргээс технологи алдагдахаас сэргийлж байна.

Нэгдсэн улс, Хятадын хоорондох сөргөлдөөн нь “дэлхийн геоэкономикийн эрэмбийг” шинэчлэх төлөвтэй.

Хятадын дэвшилтэт технологийн эсрэг байр суурьтай АНУ болон түүнийг дэмжсэн улсуудын нөлөөг багасгах арга хэмжээг Хятадын зүгээс эрэлхийлж магадгүй юм.  АНУ, Хятад хоёрын өрсөлдөөн нь сүүлийн үед илүү чухал болж байгаа ашгийн хуваарилалт, эдийн засгийн харилцан хамаарал бүхий “дэлхийн геоэкономикийн дэг журам”-д өөрчлөлт оруулж магадгүй.

Хэрэв хөгжил дэвшил энэ чиглэл рүү явбал тийм ч гайхмаар зүйл биш. Түүхэн туршлагаас харахад стратегийн өрсөлдөөн нь эдийн засгийн харилцаанд нөлөөлөх хандлагатай байдаг. АНУ-ын компаниуд үйлдвэрлэлээ аль хэдийнээ нүүлгэн шилжүүлж, хөрөнгө оруулалтын шийдвэрүүдээ хойшлуулаад байна. 2019 оны 8-р сард Ерөнхийлөгч Трамп АНУ-ын фирмүүдийг Хятадаас өөр газар үйлдвэрлэлээ эрхлэхийг уриалсан нь Америк-Хятадын эдийн засгийн харилцааны ирээдүйн талаарх эргэлзээг улам бүр нэмэгдүүлэв. 2020 оны 1-р сард “гал намжсан” (нэг үе шаттай гэж нэрлэгдэх гэрээ хийж) хэдий ч худалдааны маргаан шийдэгдээгүй хэвээр байгаа бөгөөд АНУ тарифыг их хэмжээгээр нэмэгдүүлснээр Хятадын импортод нөлөөлж байна.

Хэтийн төлөв

АНУ Хятад хоёрын хоорондын стратегийн сөргөлдөөн нь эдийн засгийн болон цэргийн цогц шинжтэй сөргөлдөөн юм. Энэхүү өрсөлдөөн нь субьектив төдийгүй объектив шинж чанартай. Энэ мөргөлдөөн Европт хүчтэй нөлөөлөхгүй ч АНУ, БНХАУ-ын хооронд эдийн засгийн харилцан хамаарал тасарч, эдийн засгийн блок буюу хаалттай эдийн засгийн орон зай үүсч, эдийн засгаа сааруулах үйл явц эхэлсэн тохиолдолд түүний нөлөө мэдрэгдэж болох юм. Хэрэв Америк Хятадын мөргөлдөөн улам хурцадвал хоёр туйлт тогтолцоог бий болгож магадгүй юм.  

Геополитикийн бус Стратегийн сөргөлдөөн

Нэгэнт эхэлсэн энэхүү Америк Хятадын стратегийн өрсөлдөөнийг зогсоох бус зөвхөн үүнээс үүсэх эрсдэлийг бууруулах талаар л ярих боломжтой гэж хоёр тал үзэж байна. Тэд бие биенийхээ ашиг сонирхолд харилцан буулт хийхгүй байгаагаас “стратегийн үл итгэлцэл” улам гүнзгийрч байна. Хятад, Америк хоёрын мэтгэлцээнд хааяа нэг “том наймаа” хийх санал ирдэг. АНУ-ын талаас гаргасан нэг санал бол Америк Тайванийг Хятадын түрэмгийллээс хамгаалах амлалтаа эцэслэх, хариуд нь Хятадууд Өмнөд болон Зүүн Хятадын тэнгис дэх далайн болон нутаг дэвсгэрийн маргааныг тайван замаар шийдвэрлэж, Зүүн Ази дахь Америкийн нөлөөллийг хүлээн зөвшөөрөх явдал юм. Үүний эсрэг Хятад улс, Вашингтон Хятадын Азид тэргүүлэх байр суурийг хүлээн зөвшөөрч, Номхон далайн баруун хэсэгт Хятад улсыг “стратегийн орон зай” -гаар хангавал Хятад улс дэлхийн бусад бүс нутагт АНУ-ын тэргүүлэл болон цэргийн давуу байдлыг хүлээн зөвшөөрнө гэсэн санал тавив. Ийм төрлийн саналууд дайсагнагч талуудын аль нэг нь өөрийн үндсэн эрх ашигаа хойш тавьсан тохиолдолд л үр дүнтэй болох төлөвтэй байна.

Ингэх нь АНУ-ын ашиг сонирхолд нийцэхгүй нь тодорхой. Тэгвэл Зүүн Азид ноёрхолоо тогтоох гэсэн Хятадын сонирхол нь Латин Америкт хүчтэй нөлөөтэй АНУ-тай адил биш үү гэсэн асуулт гарна. Гэхдээ АНУ өөрийгөө Энэтхэг Номхон далайн бүс нутагт тэргүүлэх байр суурьтай байх зайлшгүй шаардлагатай гэж үздэг. АНУ-ын Конгресс энэ ойлголтыг 2018 онд батлагдаж 12-р сараас хэрэгжиж эхэлсэн “Азийг Баталгаажуулах Санаачилга” гэх актаараа улам бататгасан нь ерөнхийлөгч Трампын Хятадтай өрсөлдөх хандлагыг дэмжиж байгаагийн илэрхийлэл юм.

Хятадтай өрсөлдөх нь АНУ-ын гадаад бодлогын зарчим мөн үү?

Конгресс Хятадын бодлогын талаарх засаг захиргааны хатуу байр суурийг зохицуулах биш улам дэмжиж, бэхжүүлсэн. Өмнөд Хятадын тэнгис дэх няхуур байдал, меркантилист эдийн засгийн практик, авторитар дэглэмийг буруутгах зэрэг үйлдэлүүд нь Америкийн Хятадад хандах хандлага сөрөг болсоныг харуулж байна. Зарим нэг шудрага бус үйлдлээс болж Хятадтай харилцдаг Америкийн бизнесийнхний дунд ч бухимдал ихэсч байна. Гэвч америкийн бизнесийнхний дийлэнх хэсэг худалдааны дайныг эрчимжүүлэхийн эсрэг байгаа юм. 2019 оны 6-р сард АНУ-ын Худалдааны танхим энэхүү худалдааны дайнд асар их зардал гарах учраас Хятад улстай хэлэлцээгээ үргэлжлүүлж худалдааны иж бүрэн гэрээ байгуулах чиглэлээр холбоотнуудтайгаа хамтран ажиллахыг Трампын засаг захиргаанд уриалав. Хятадыг үргэлж шүүмжилдэг хүний эрхийн байгууллагууд Шинжаанд дахин хүмүүжүүлэх лагерь байгуулсан нь хүний эрхэд ноцтой халдсан явдал хэмээн санаа зовж байгаагаа илэрхийлжээ. Хятад дахь хүний эрхийн байдал, Уйгарын асуудлаар Хятадын намын албан тушаалтнуудад хориг арга хэмжээ авах санаачилгыг Конгресс дахь хоёр намд хүний эрхийн байгууллагууд хүргэжээ. АНУ-ын талаас Хятад гаралтай америкчуудаар дамжуулан Америкийн нийгэм, улс төрд Күнзийн институтууд, сэтгүүлийн төвүүд, их дээд сургуулиуд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эсвэл бизнесүүдээр зэрэг янз бүрийн аргаар дамжуулан нөлөөлөхийг оролдож байна гэх асуудал шинээр санаа зовоож байна. Конгресс энэ асуудлыг олон нийтийн сонсгол хийх, хууль эрх зүйн санаачилга гаргах зэргээр хөндөж байв.

Хятадын эсрэг энэхүү үзэл нь Трампаас гадна бусад ерөнхийлөгчид нэр дэвшигчидэд ч ажиглагддаг. Одоогийн байдлаар, Хятад улсын эсрэг үзэл бодлыг эсэргүүцэх, Хятадаас заналхийлж буй аюулыг үгүйсгэх ямар ч улс төрийн нөхцөл байдал үүсэхгүй байна.

Үүнтэй холбогдуулан АНУ Хятадын харилцаа улам бүр мухардалд орж байна гэж мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байна. Үүсээд байгаа нөхцөл байдлыг намжаахаар 100 орчим хүний гарын үсэг бүхий ил захидлыг Ерөнхийлөгч болон Конгресст илгээжээ. Тэд захидалдаа “Хятад бол эдийн засгийн дайсан эсвэл бүх салбарт, үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа” аюул биш юм гэжээ. Тэд Хятад улс АНУ-ын дэлхийн тэргүүлэх гүрний байр суурийг булаах гэж байна гэсэн болгоомжлол бол хэтрүүлэг гэж үзэж байна. Иймэрхүү “ухаалаг өрсөлдөгчид” Хятадтай хамтын ажиллагаагаа зогсоохын эсрэг байна. Тэд АНУ-ын өмнөх бодлого нь уян хатан зөв бодлого байсан ба одоо Хятадын өсөн нэмэгдэж буй эдийн засгийн бодлогод тохирсон бага зэрэг чангаруулсан арга хэмжээ авахад л болно гэж үзэж байна.   

Хятадтай хийх стратегийн өрсөлдөөн “АНУ-ын эдийн засаг, гадаад бодлого, аюулгүй байдлын бодлогын зохион байгуулалтын зарчим” болж хөгжиж байгаа бололтой. Хэдийгээр “их гүрнүүдийн өрсөлдөөн” гэж яригдаж байгаа ч өрсөлдөөн болж буй салбарын талаарх стратеги, бодлогын чиглэлүүд тодорхой харагдахгүй байна. Тэд бүгд тэгш эрхтэй юу эсвэл нэг нь захирах сонирхолтой юу? Зорилго нь юу вэ? Хэрэв АНУ, БНХАУ-ын хооронд эрх мэдлийн шилжилт болвол эдийн засгийн харилцаа үнэхээр тасрах уу? Зөвлөлт холбоот улсад үзүүлсэн шиг стратегийн цогц дарамт үзүүлэх ёстой юу? Энэ зорилго нь аажимдаа Хятадыг сулруулж, бүр дэглэмийг нь өөрчлөх үү? Эсвэл БНХАУ-ын хүчирхэгжилтийг хүлээн зөвшөөрч, эдийн засгийн харилцан хамаарлыг тодорхой хэмжээнд хүлээж авах ёстой юу? Тэгвэл дараа нь Хятадыг ревизионист алхам хийхээс сэргийлэхийн тулд бусад улс орнуудтай хамтрах хэрэгтэй болно гэсэн үг. Энэ тохиолдолд бусад улс орнуудын оролцоогүйгээр АНУ Хятадын эсрэг юу ч хийж чадахгүй.