92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
ХБНГУ-ЫН ТЕРРОРИЗМЫН ЭСРЭГ ТОГТОЛЦОО: ТУРШЛАГА СУРГАМЖ

Палестины “Хар 9 дүгээр сар” террорист байгууллага 1972 оны Мюнхений Олимпын наадмын үеэр халдлага зохион байгуулж, Израилийн шигшээ багийн 11 тамирчин амь үрэгдсэн. Тухайн үед Баруун Германы цагдаагийн байгууллага терроризмтой тэмцэх чиглэлээр туршлаггүй байснаас дорвитой арга хэмжээ авч чадаагүй юм. Тус улсын Дотоод хэргийн яам уг хэрэг явдалд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр 1973 онд терроризмтой тэмцэх нэгж болох Хил хамгаалах 9 дүгээр бүлгийг байгуулахаар болсон.

Хүйтэн дайн оргилдоо хүрээд байсан тухайн цаг үед коммунист орнуудын тагнан турших бүлэгтэй тэмцэх хэрэгцээ шаардлага их байсны зэрэгцээ “Улаан армийн фракц” гэх зүүний радикал үзэлт дотоодын террорист байгууллага ХБНГУ-ын улс төрийн зүтгэлтнүүдийн амь насанд халдахаар идэвхтэй ажиллаж байв. Хэдийгээр “Улаан армийн фракц” нь марксист чиг баримжаатай байсан ч Баруун Германы тусгай албад “коммунистууд террорист халдлага үйлддэг” гэсэн ойлголт нийгэмд төрүүлэхээр тус байгууллагыг бий болгосон гэсэн яриа ч байдаг. Юутай ч 1968 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн тус байгууллага болон Арабын террорист бүлгүүд нь “Хил хамгаалах 9 дүгээр бүлгийг” байгуулах шалтгаан болсон юм.

Баруун Германы Дотоод хэргийн яамны удирдлага терроризмтой тэмцэх нэгжийг Хилийн цэргийн түшиглэн байгуулахаар шийдвэрлэсэн нь “Хил хамгаалах 9 дүгээр бүлэг” гэж нэрлэх шалтгаан болсон. Баруун Германы Хил хамгаалах алба нь байлдааны туршлага, мэргэжлийн бэлтгэлийн хувьд хүчний бусад байгууллагуудаас илүү байсан бөгөөд хилийн бүсэд алба хаах иргэдийг сайтар судалж, бие бялдар сайтай хүмүүсийг сонгож авдаг байсан нь дээр шийдвэрийг гаргахад нөлөөлсөн. Тус салбарын байгуулах санал гаргасан хүн нь Дэлхийн 2 дугаар дайны үеэд баруун болон зүүн Европ, Африкт алба хааж, Мюнхений халдлагын үеэр Дотоод хэргийн яамны холбооны офицерын хувиар цагдаагийн шуурхай салбаруудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг гүйцэтгэж байсан Хилийн харуулын албаны дэд хурандаа Ульрих Вегенер юм.

Герман Улс дайны үед партизаны отряд, хорлон сүйтгэх бүлэгтэй тэмцэх чиглэлээр ихээхэн туршлага хуримтлуулаад байсан ч нацист гэмт хэрэгт буруутгахаас болгоомжилж тусгай томилгоот салбар байгуулахад Их Британи Улсаас тусламж авахаар болсон. Энэ зорилгоор Ульрих Вегенер Их Британий Зэвсэгт хүчний партизаны болон тагнуул-хорлон сүйтгэх бүлэг, терроризмын эсрэг ажиллагаа явуулах үүрэгтэй “SAS” тусгай томилгоот салбарт очиж, үйл ажиллагаа, туршлагатай нь биечлэн танилцаж, Германы цагдаагийн ашиглаж буй тактикийн ажиллагаатай хослуулах боломжийг судалсан байна. Тэрээр Британий тусгай хүчний бүтэц зохион байгуулалтыг үндэс болгож, дайны үеийн Германы тусгай томилгоот салбарууд, Хил хамгаалах алба болон терроризмтой тэмцэх салбаруудын туршлагыг нэгтгэснээр өнөөгийн ХБНГУ-ын терроризмтой тэмцэх тогтолцооны үндсэн бүрдсэн юм.

“Хил хамгаалах 9 дүгээр бүлгийн” бүтэц

“Хил хамгаалах 9 дүгээр бүлгийн” бүтэц зохион байгуулалт нь Их Британий “SAS” тусгай томилгоот салбартай адил боловч Дотоод хэргийн яамны шууд удирдлагад байдаг. Тус нэгж нь 100 алба хаагч бүхий хуурай замын отряд, 100 алба хаагчтай тэнгисийн отряд, 50 хүнтэй шүхрийн отряд, төвлөрсөн удирдлага гэсэн бүтэцтэй.

Хуурай замын отряд нь газар орон, эзлэгдсэн обьектын онцлогоос үл хамаарч барьцаалагдсан хүмүүсийг чөлөөлөх, терроризм, хүн хулгайлах, зандалчлах гэмт хэрэгтэй тэмцэх, тэсэрч дэлбэрэх бодисыг аюулгүй болгох үүрэгтэй.  Тус салбар нь цацраг идэвхт, хими, биологийн зэвсгийг аюулгүй болгох чиглэлээр мэргэшсэн.

Тэнгисийн отряд нь далай тэнгист терроризмын эсрэг ажиллагаа явуулах, барьцаалагдсан хөлөг онгоцыг чөлөөлөх, тэсэрч дэлбэрэх бодисыг аюулгүй болгох үүрэгтэй. Мөн шаардлагатай тохиолдолд Бундесверын цэргийн усанд шумбагчидтай харилцан ажилладаг байна.

Шүхрийн отряд нь бүх төрлийн нисэх төхөөрөмжөөс Дэлхийн аль ч цэг, ямар ч обьект дээр десантаар бууж үүрэг гүйцэтгэх боломжтой юм.

Төвлөрсөн удирдлага нь шаардлагатай зэвсэг, техник, тээврийн хэрэгсэл, холбоо болон бусад материал хангалтыг зохион байгуулах, сум гал хэрэгслээр хангах, байлдааны үүрэг гүйцэтгэх болон сургалт бэлтгэлийн үед ажиллагааг төлөвлөх, дэмжлэг үзүүлэх, удирдах үүрэгтэй. Сургалтын бүхий л үйл явцыг байлдааны бэлтгэлийн нэгж хариуцдаг.

Техникийн нэгж нь тэсрэх төхөөрөмж, IT буюу мэдээллийн технологи, робот төхөөрөмжийн мэргэжилтнүүдээс бүрддэг. Тренинг буюу сургалтын нэгж нь алба хаагч шинээр сонгон шалгаруулж авах, давтан сургалт зохион байгуулах ажлыг хариуцдаг.

Хил хамгаалах бүлгийн бүтэцэд мэргэн буудагчийн тусгай бүлэг байдаг бөгөөд ажиллагааны онцлогоос хамаарч сургалт бэлтгэлээ хангаж, үүрэг гүйцэтгэдэг. Дээр дурдсан отрядууд нь тус бүр 5 хүнтэй бүлгийн зарчмаар ажилладаг байна.

“Хил хамгаалах 9 дүгээр бүлгийн” дарга нь “полицайдиректор” буюу цагдаагийн 4 одтой ахлах офицер байх бөгөөд  алба хаагчид нь “командор” хэмээн харьцдаг байна. Тус цолыг авсанаар Дотоод хэргийн сайдаар томилогдох боломж нээгддэг юм.

“Хил хамгаалах 9 дүгээр бүлгийн” явуулсан томоохон ажиллагаа

Испаний “Пальма де Майорка” нисэх буудалд 1977 онд Палестины террористуудад барьцаалагдсан “Lufthansa” компаний “Boeing 737-230QC” нисэх онгоц руу дайран чөлөөлсөн “Шидэт гал” ажиллагаа нь тус бүлгийн анхны амжилттай явуулсан арга хэмжээ байсан юм.

Зэвсэгт этгээдүүд хөлгийг эзлэн авч Сомали руу ниссэн бөгөөд хөлгийн ахмад аюулын дохио өгсөнөөр Хил хамгаалах бүлэг араас нь нэхэж тус улсын нийслэл Могадишо хотод очсон. Тус онгоцоор Германы ДХЯ-ны өндөр албан тушаалтнууд зорчиж явсан тул Ульрих Вегенер Сомали Улсын Засгийн газар, цагдаагийн байгууллага, Зэвсэгт хүчинтэй харилцан ажиллагааг богино хугацаанд биечлэн зохион байгуулжээ. Тэрээр ажиглах, дайрах болон мэргэн буудагчийн бүлэг бүрийг нарийн үүрэгжүүлж, онгоц газардмагц Сомалигийн армийн тусгай томилгоот салбарууд болон цагдаагийн хүчээр бүслүүлэн зэвсэгт этгээдүүдийн анхаарлыг саринуулах маневр хийлгэснээр дайрах бүлгийг онгоцны дэргэд хүргэсэн. Улмаар нисэх буудлын хөөрөх зурваст түүдэг асааж халхлах замаар дайрах бүлэг болон тусламж үзүүлэхээр ирсэн Британий бүлгийг онгоцны их биед хүргэж, чимээ гаргалгүй хавхлагыг нээн дотогш нэвтэрч, дуут-гэрлийн гранатаар зэвсэгт этгээдүүдийг саармагжуулж, өндөр цэцтэй гал нээж хэдэн секундын дотор устгасан байдаг. Уг ажиллагааны үеэр Ульрих Вегенерын боловсруулсан буудлагын шинэ аргыг ашигласан юм. Тус арга нь бүлгийн гишүүдийг нэг эгнээгээр жагсааж, бие биедээ галын дэмжлэг зэрэг үзүүлэн урагш давших техниктэй байжээ.

Хил хамгаалах бүлэг нь 1982-1993 онд “Улаан армийн фракц” террорист байгууллагын гишүүдийг баривчлах ажиллагааг удаа дараа явуулсан бөгөөд 2000 оны эхээр Ирак дахь өөрийн орны элчин сайдын яамыг дайралтаас хамгаалах, Германы авто цуваа болон тус улсад үйл ажиллагаа явуулж байсан “Technisches Hilfswerk (THW)” засгийн байгууллагын ажилтнуудыг хамгаалах, мөн зэвсэгт босогчдын эсрэг АНУ-ын тусгай ажиллагааны хүчинтэй хамтарсан ажиллагаа зэрэг хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулсан.

“Хил хамгаалах 9 дүгээр бүлэг” нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш 2 мянга гаруй тусгай ажиллагаа явуулсан байдаг.

Гадаадын адил төрлийн салбаруудтай хамтарсан ажиллагааны хувьд 2016 онд Мюнхен хотод олон хүний амь нас хохирсон террорист халдлага болоход Австрийн “Кобра” хүчинтэй, 2001 онд Египтэд барьцаалагдсан Германы жуулчдыг чөлөөлөхөд тус улсын тусгай ажиллагааны хүчинтэй хамтарч ажиллагаа явуулсан. Мөн 2008 онд Мумбай хотод болсон халдлагын үеэр Энэтхэгийн цагдаагийн тусгай ажиллагааны хүчинд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгсөн бөгөөд Пакистан, Гонконг, Саудын Арабын тусгай ажиллагааны хүчний сургалт бэлтгэлд дэмжлэг үзүүлдэг байна.

“Хил хамгаалах 9 дүгээр бүлгийн” зэвсэглэл, техник

Тус бүлэг нь цагдаагийн үүрэг зориулалттай бөгөөд дотоод хэргийн яамны харьяа гэдгээрээ бүтэц бүрэлдэхүүн, үүрэг зориулалтаараа армийн терроризмын эсрэг салбар болох Их Британий “SAS”, Америкийн “Delta” хүчнээс ялгаатай. Тиймээс буудлагын цагдаагийн техникийг харгалзан мэргэн буудагчийн зэвсэг сонгодог байна. Германд үйлдвэрлэсэн мэргэн буудагчийн зэвсэг нь механизмын найдвартай байдал, дуран харааны чанараар Англи, Америкт үйлдвэрлэсэн буутай өрсөлдөхүйц байдаг тул Хил хамгаалах бүлгийн удирдлага дотоодод үйлдвэрлэсэн зэвсэг сонгодог аж.

Тус бүлэг нь “Steiner M5XI” 5‑25×56 загварын дуран, дөл дарагч, хөл бүхий “G29” загварын мэргэн буудагчийн винтовоор шинээр зэвсэглэлд авсан. Мөн Германы “DSR‑precision GmbH” үйлдвэрийн “Bullup” системийн бүтэцтэй “DSR-1” загварын хөнгөн (5.9 кг жинтэй) винтовыг дайрах ажиллагаанд ашигладаг байна. Дуу болон дөл дарагчтай “DSR-50” винтов нь “DSR-1” винтовын сайжруулсан хувилбар юм.

 Хил хамгаалах бүлэг нь мэргэн буудагчийн болон дайрах ажиллагааны үед эвхдэг хөл, тохируулгатай торон бөгс, лазерын зай хэмжигч бүхий “Schmidt&Bender” нэрийн “RMP 3‑20x50” загварын дурантай “Heckler und Koch” үйлдвэрийн “HK G28” загварын винтов ашигладаг. Тус винтовт мөн шөнийн харааны хэрэгсэл, лазерын бай заагч суурилуулах боломжтой юм. Дайралтын салбарууд нь “Heckler und Koch” үйлдвэрийн “HK433”, “HK G36”, “HK416A7” автомат винтов ашигладаг. Гадаадад үйлдвэрлэсэн зэвсгийн хувьд Австри Улсад үйлдвэрлэсэн буу зэвсэглэлд нь байдаг.

Тус бүлэг нь тусгай ажиллагаа явуулахад зориулан бүтээсэн “Mersedes‑Benz” загварын авто машин ашигладаг бөгөөд “Экстра” зэрэглэлийн нисгэгчид бүхий нисдэг тэрэгний эскадрильтай. Иракийн дайны үеэр хамтран үүрэг гүйцэтгэж байсан Америкийн тусгай хүчний алба хаагчид тус эскадрилийн нисгэгч нарын ур чадварыг маш өндөр гэж үнэлсэн байдаг. Мөн орчин үеийн тэсрэх төхөөрөмж аюулгүй болгох робот техник, шөнийн дуран харааны болон буудлагын бай заах хэрэгсэл зэргийн өргөнөөр ашигладаг бөгөөд Ирак, Афганистанд явагдаж буй байлдааны ажиллагаа, халуун цэгүүд дэх элчин сайдын яам, бусад обьектын хамгаалалтын үүргийг гүйцэтгэх явцад зэвсэг, техникийн туршилт хийж боловсронгуй болгох арга хэмжээ авдаг байна.

Сургалт бэлтгэл

Хил хамгаалах бүлэг нь мэргэн буудагчийн бэлтгэлд ихээхэн анхаарал хандуулдаг. Армийн тусгай томилгоот хүчин болох “Delta”, “SAS” зэрэг хүчний мэргэн буудагчийн бэлтгэл нь террорист этгээдүүдийг ямар нэг тооцоололгүйгээр шууд устгахад чиглэсэн байдаг бол Хил хамгаалах бүлэг нь цагдаагийн хүчин гэдэг утгаараа барьцааны хүнийг аюулгүй чөлөөлөх асуудалд гол анхаарлаа хандуулдаг. Тус бүлгийн мэргэн буудагчийн үүрэг бол террорист этгээдийг устгах биш, харин дайрах бүлэг обьектыг /террорист этгээдүүдийг/ эзлэн авахад дэмжлэг үзүүлэх явдал юм.

Дайралтын бүлгийн хувьд бүх төрлийн барилга байгууламж, хөлөг онгоц болон агаарын хөлөгт барьцаалагдсан хүмүүсийг чөлөөлөх дадлага голлон хийдэг. 

Ульрих Вегенер Хил хамгаалах бүлгийг үүсгэн байгуулсан цагаасаа л бүтээлч байх шаардлага тавьдаг байсан бөгөөд бүлэг, салбарын захирагч нар нь дэлхийн бүхий л тусгай томилгоот хүчний тактикийг судалж, өөрийн болгох ажлыг тасралтгүй явуулдаг байна. Мөн терроризмын эсрэг “Combat Team Conference (CTC)”, цагдаагийн тусгай хүчнүүдийн “SWAT Special Weapon and Tactics units” зэрэг олон улсын тэмцээнд тогтмол оролцсоноор мэргэжлийн ур чадвар, туршлага нь нэмэгддэг аж. 

Тус бүлэгт алба хаах хүсэлтэй иргэд нь эмнэлгийн үзлэгт орж, эрүүл мэндээр тэнцсэн тохиолдолд бие бялдарын бэлтгэл, буудлага, зэвсэг эзэмшсэн байдал болон сэтгэл зүйн шалгалт өгдөг байна. Бүх шалгалтыг амжилттай өгсөн алба хаагч нь 22 долоо хоногийн бэлтгэл курст хамрагдах бөгөөд 13 долоо хоног нь ерөнхий бэлтгэл, 9 долоо хоног нь тусгай бэлтгэл байдаг аж. Тусгай бэлтгэлийг хуурай замын, тэнгисийн, шүхрийн отрядын аль нэг дээр ажиглах, дайрах, мэргэн буудагчийн, тэсэлгээний бүлгээс нэгийг нь сонгож дагнасан байдлаар хийдэг.

Сургалтын төгсгөлд “Spezialeinsatzkommandos” буюу “Тусгай ажиллагааны коммандос” гэх нэр авдаг байна. Тус нэрнээс харахад уг бүлэг нь дан ганц хориглох бус давших үүргийг ч мөн гүйцэтгэдэг болох нь ойлгомжтой байдаг.  Коммандос гэдэг нь хорлон сүйтгэх тагнуулын бүлгийн дайчин гэсэн утгатай. Тиймээс зэвсэгт этгээдүүдтэй тэмцэхэд Хил хамгаалах бүлгийг тагнуулын салбарын хувиар ашиглах боломжтой гэсэн үг юм.

Эцэст нь хэлэхэд 2011 онд Германы Хайделберг хотод Оросын хоёр тагнуулчийг баривчлах ажиллагааг тус бүлэг гардан гүйцэтгэсэн нь Хил хамгаалах 9 дүгээр бүлэг ХБНГУ-ын Үндсэн хуулийг хамгаалах товчоо буюу сөрөх тагнуулын газартай хамтран ажилладаг болохыг харуулж байна.

НИЙТЭЛСЭН: 2019-11-21 өдөр 17:25:3 цаг           ҮЗСЭН: 19001