92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
Ц БА НАХХЭЯ-НАХЯ /1955-1959/
МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 1955 оны 7 дугаар сарын 5-ны 161 дүгээр тогтоолоор Цэрэг ба ДЯЯ-ыг нэгтгэж, Цэрэг ба Нийгмийг Аюулаас Хамгаалах Хэрэг Эрхлэх Яам байгуулсан нь 1959 оны 6 дугаар сар хүртэл ажиллав. 
 
Улсыг Аюулаас Хамгаалах Газрын бүтэц, орон тоог цомхотгож 8 хэлтэс, 2 тасаг, комендатуртай байхаар зохион байгуулав. Орон нутагт аймгийн хэлтсийн орон тоог ихээхэн хорогдуулж, хэсгийн төлөөлөгчдийг татан буулгажээ. ДЯЯ-ны дэргэд байсан Тусгай комисс, түүний үйл ажиллагаа нь Үндсэн хуульд харшилж байсан тул 1955 онд татан буулгав.
 
ЗХУ-д нэг хүнийг тахин шүтэх явдлыг буруушаан Дорнод европын зарим оронд гарсан ардчиллын хөдөлгөөн БНМАУ-д нөлөөлж байв. 1956 оны 12 дугаар сард МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчоо “Манай намын бодлогод харш үзэл санаа, үг, өгүүлэл гарч байгаа тухай” тогтоолыг гаргаж, уг асуудалд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллахыг Улсыг Аюулаас Сахиж Хамгаалах Хэргийг Удирдах Ерөнхий Газарт үүрэг болгосон байна.
 
Нийгмийг ардчилах талаар санал бодлоо илэрхийлсэн сэхээтнүүдийн талаар авч хэрэгжүүлсэн энэхүү арга хэмжээ нь улс орны аюулгүй байдлыг хамгаалах үндсэн чиг үүрэгтэй энэхүү байгууллагыг эрх баригч  намын үзэл суртлыг хамгаалах байгууллага болгох эхлэлийг тавьжээ.
 
1957 оны 10 дугаар  сарын 19-ний өдөр НТХ-ны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний 729 дүгээр тогтоолоор Улсын хянан шалгах яамны орлогч сайд Ж.Жамъян тэргүүтэй хүмүүс Ц ба НАХХЭЯ-ны үйл ажиллагааг шалгажээ. Шалгалтын дүнд 1958 оны 6 дугаар сард дахин цомхотгол хийгдэж, аймгууд дахь аюулаас хамгаалах тасгийг татан буулган УАХБ-ын орон тоог дахин ихээхэн хорогдуулсан байна.
 
Төсөв хэмнэж, цомхотгох явдлыг удирдлага болгон зарчмын ялгаатай чиг үүрэг бүхий Цэргийн болон Нийгмийг Аюулаас Хамгаалах Байгууллагуудыг нэгтгэсэн нь тэдгээрийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж байв.
НИЙТЭЛСЭН: 2018-10-03 өдөр 15:02:5 цаг           ҮЗСЭН: