92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
ТЕРРОРИСТ БОЛОН ХЭТ ДАВРАХ ҮЗЛИЙН ТӨРӨЛ, ШАЛТГААН, ТҮҮНЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ

Терроризм, хэт даврах үзэлтэй тэмцэх, тэдгээрээс урьдчилан сэргийлэхийн тулд нийгэмд аюултай эдгээр үзэгдлийг бүх талаас нь судлах, онцлог шинжийг нь танин мэдэх шаардлагатай юм. Терроризм болон хэт даврах үзэл нь бие хүн төдийгүй хүн төрөлхтөний эсрэг чиглэсэн түрэмгийлэл бөгөөд үйлдэгдсэн сэдэл, арга хэлбэрээс үл хамаарч гэмт хэрэгт тооцогддог болно.

Орчин үед хэт даврах үзэл нь улс төрийн шинжтэй, үндсэрхэг үзэлд тулгуурласан, шашны, хүүхэд залуусын, экологийн, даяарчлалын эсрэг, ёс суртахууны гэх зэргээр асар олон төрөл хэлбэртэй болоод байна.

Улс төрийн шинжтэй хэт даврах үзэл – оршин буй нийгмийн тогтолцоо, төрийн засаглалын хэлбэрийг эсэргүүцэж, хүчирхийллийг сурталчлах эсвэл хүч хэрэглэж иргэдийн дунд айдас төрүүлэх аргаар өөрсдийн санал болгож буй засаглалын хэлбэрийг хүлээн зөвшөөрүүлэхийг зорьдог. Ингэхдээ бусад улс төрийн нам хүчнийг үл хүлээн зөвшөөрч, тэдний зүгээс дэвшүүлж буй ажил хэрэгч хамтран ажиллах саналаас татгалздаг байна.

Үндсэрхэг үзэлд тулгуурласан хэт даврах үзэл – бусад үндэстэн, ястан, угсаатны төлөөллийн эсрэг үл тэвчих үйлдэл гаргаж, тэдгээрийн эсрэг чиглэсэн үзэл санаа, сургааль дэвшүүлэх явдал юм. Үндсэрхэг үзэлд тулгуурласан хэт даврагчид нь үндэсний цөөнхийг улс төр, эдийн засгийн голлох салбараас “цэвэрлэх”, бие махбодын хувьд устгахыг зорьдог бөгөөд тэдний эсрэг террорист халдлага үйлдэх явдал түгээмэл гардаг.

Шашны хэт даврах үзэл –бусад шашны үзэл санааг үл зөвшөөрч, зөвхөн өөрийн шашныг үнэн зөв хэмээн сурталчилж, бусад шашны сүсэгтнүүдийн эсрэг амь насыг нь хороох хүртэл түрэмгийлсэн үйлдэл гаргах явдал юм. Харамсалтай нь шашны хэт даврагчид нь өөрсдийн хууль бус үйлдлээ шашныхаа, сүсэг бишрэлийнхээ төлөө хийсэн, “буруу номтнуудын эсрэг тэмцсэн” хэмээн ямагт зөвтгөдөг.

Хүүхэд залуусын хэт даврах үзэл – түрэмгий, харгис зан авир нь бүхнийг шийдэх арга хэмээн туйлширсан өсвөр залуу үеийн зан байдлын хэлбэр юм. Хэт даврах үзлийн энэхүү хэлбэр нь бүлгийн соёлыг дэмжигч залуусын дунд голлон илэрдэг бөгөөд өөр бусад бүлгийн гишүүдийн амь насыг хохироох ч тохиолдол гардаг. Хүүхэд залуусын хэт даврах үзлийг дэмжигчид “эрэмбэ дараагаар захирах” тогтолцоо бүхий нийгэмлэг байгуулахыг зорьдог.

Экологийн хэт даврах үзэл –байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй үйлдвэр, аж ахуйн нэгжийн эсрэг чиглэдэг бөгөөд дэмжигчид нь үйлдвэр, аж ахуйн нэгж рүү дайрах, эд хөрөнгийг нь эвдэж сүйтгэх үйлдэл гаргадаг. Энэхүү үйлдлийн цаана эдийн засгийн болон улс төрийн шинжтэй хувийн ашиг сонирхол байх нь элбэг юм. Экологийн хэт үзэлтнүүд нь байгаль орчны тулгамдсан асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор терроризмын шинжтэй үйлдэл гаргах нь бий.

Даяарчлалын эсрэг хэт даврах үзэл –улс төр, эдийн засаг, соёлын орон зай дахь даяарчлах үйл явцыг эсэргүүцсэн, нэгдсэн нэг зах зээлийн тогтолцоо, улс төр, эдийн засгийн монополь байдал тогтохын эсрэг чиглэсэн түрэмгийлсэн үйл ажиллагаа юм. Энэхүү хэт үзэлтнүүд нь нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсгэх, үндэстэн дамнасан компани, олон улсын эдийн засгийн болон улс төрийн институтуудийн эсрэг хүч хэрэглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах нь түгээмэл байдаг.

Ёс суртахууны хэт даврах – үзэл нь нийгмийн болон шашны тодорхой хэм хэмжээг дагаж мөрдөхийн эсрэг байх бөгөөд өөрсдийн зөв хэмээн үзсэн үзэл бодол, хэм хэмжээг бусдад тулган хүлээлгэхээр хүчирхийлсэн үйлдэл гаргадаг. Энэ төрлийн хэт даврах үзэл нь олон үндэстнээс бүрдсэн нийгэмд голлон илрэх бөгөөд үндсэн шалтгаан нь тухайн улсын ястан, үндэстний бүтэц өөрчлөгдөх явдал юм. Орчин үед иргэдийн шилжих хөдөлгөөн чөлөөтэй болж, цагаачлал, дүрвэх хөдөлгөөн нэмэгдсэн нь аюулгүй байдлын тулгамдсан асуудлын нэг болоод байна. Учир нь цагаачдын тоо нэмэгдэх нь тэдгээрийг хүлээн авч буй нийгэмд үндэсний болон арьсны цөөнхийн асуудал үүсгэх, эдийн засгийн зарим салбарт аль нэг үндэстний монополь тогтох, эдийн засгийн болон бусад төрлийн гэмт хэрэг нэмэгдэхэд хүргэдэг байна. Улмаар цагаачид олноор төвлөрсөн газар нутгийн уугуул иргэдийн дургүйцэл нэмэгдэж, цаашилбал үндэстэн хоорондын зөрчил, улс төрийн радикал болон экстремизмын үндэс суурийг бүрдүүлдэг юм.

Орчин үед аль нэг хэт үзэлт хөдөлгөөн бүрэлдэн тогтож буй шалтгааныг анхаарч харвал хэт үзлийн шинжийг агуулсан гэмт хэрэг үйлдэж буй бүлэглэл нь интернэтээр дамжуулж дэмжигчдээ олж, өөрийн эгнээнд элсүүлэх болжээ. Түүнчлэн дараах хүчин зүйлсийг ашиглаж хэт үзлийг дэвэргэж байна. Үүнд:

  • Улс төрийн хүчин зүйл – тодорхой бүлэг, хүчний зүгээс өөрийн улс төрийн ашиг сонирхлоо хэрэгжүүлэх зорилгоор үндэстэн болон шашин хоорондын зөрчлийг ашиглаж, нийгмийн эмх замбараагүй байдал өдөөх, хүчирхийлэлд уриалах замаар;
  • Нийгэм-сэтгэл зүйн хүчин зүйл – нийгмийн тодорхой бүлэг, давхрага, тэр дундаа залуусын өмнө тулгамдаж буй асуудлыг ашиглаж олон нийтийн уур бухимдлыг дэвэргэх замаар;
  • Нийгэм-эдийн засгийн хүчин зүйл – баялагийн тэгш бус хуваарилалт, баян ядуугийн ялгаа, ирээдүйдээ үл итгэсэн байдлыг өөрийн зорилгоо хэрэгжүүлэхэд ашиглах замаар;
  • Үзэл суртлын хүчин зүйл – үндэсний хэмжээний үзэл санаа, эдийн засгийн хөгжлийн зорилго тэмүүлэл, нийгэмд үлгэрлэн дуурайх жишээ байхгүй зэргийг улс төрийн болон бусад зорилгоор ашиглаж байна;
  • Нийгэм-түүхийн хүчин зүйл – түүхийн явцад болж өнгөрсөн дайн тулаан, арьс өнгө болон үндэстэн хоорондын зөрчил, эдийн засаг, нутаг дэвсгэрийн асуудал зэргийг ашиглаж олон нийтийн уур бухимдлыг дэвэргэх зэрэг болно.

Түүнчлэн мэдээллийн технологийн хөгжилтэй холбоотойгоор дээрх бүх хүчин зүйлсийг мэдээллийн орчинд тараах, хуурамч мэдээ, мэдээлэл болгож хувиргах замаар хэт үзэл, терроризмыг дэлгэрүүлэх болсон гэдгийг онцгойлон анхаарах хэрэгтэй. Гэмт этгээдүүдийн дээр дурдсан үйлдэлд хяналт тавих үр дүнтэй механизм өнөөг хүртэл бүрдээгүй байгаа бөгөөд улс орнууд нэн түрүүнд интернэт дэх үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйн орчин бүрдүүлэх нь чухал хэмээн үзэх болсон.

Хөгжиж буй орнуудын хувьд хэт даврах үзэл дэлгэрэх үндсэн шалтгаан нь ядуурал болон авлига, хээл хахуулийн асуудал байдаг. Ядууралд өртсөн иргэд амь зуухын тулд юу ч хийхэд бэлэн байдаг бөгөөд бусдын нөлөө ятгалгад автах нь хялбар байдаг бол авлига, хээл хахууль нь төр засаг, хууль, шүүхэд итгэх иргэдийн итгэл алдагдах, нийгэмд эмх замбараагүй байдал бий болох, гэмт хэргийн гаралт нэмэгдэх зэргээр үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулдаг байна.

Хэт даврах үзэл болон терроризмын нэн хортой хэлбэрийн нэг нь шашин-улс төрийн хэт үзэл юм. Энэ нь шашин хоорондын зөрчил үүсгээд зогсохгүй үндсэрхэг болон салан тусгаарлах үзлийг дэвэргэж байдгаараа туйлын аюултай. Шашин-улс төрийн хэт үзлээс сэргийлэхийн тулд эрх зүйн орчныг боловсронгуй болгоод зогсохгүй, шашны, хууль хяналтын, олон нийтийн, соёл боловсролын байгууллага, иргэдийн хүчин чармайлтыг нэгтгэх, бусад шашинд хүндэтгэлтэй хандах ухамсарыг нийгэмд суулгаж өгөх нь зүйтэй юм.

Хэт даврах үзэл болон терроризмоос сэргийлэхийн тулд гэмт этгээдүүдийн сэтгэл зүйг харгалзан үзэх хэрэгтэй. Тэдгээр нь гол төлөв шунахайн сэдлээр буюу ашиг хонжоо олох зорилгоор эсвэл улс төрийн, шашны, нийгмийн, бүлгийн соёлын зэрэг үзэл суртлын үндсэн дээр гэмт үйлдлээ хэрэгжүүлдэг байна. 

ОХУ, ХБНГУ зэрэг орны хувьд хэт даврах үзэл болон терроризмоос сэргийлэх, хүлцэн тэвчих үзэл, нийгмийн нэгдмэл ухамсар бүрдүүлэх ажилд төрийн бус байгууллагуудыг идэвхтэй ашиглаж байна. Мөн иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх, эрх зүйн ухамсар суулгах, хэт даврах үзэл болон терроризмын эсрэг дархлаа үүсгэхийн тулд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, урлаг спорт, нийгмийн зүтгэлтнүүдтэй нягт хамтран ажилладаг байна.

Гэр бүл болон сургуулийн орчин нь хүлцэн тэвчих үзлийг төлөвшүүлэхэд бүхнээс чухал үүрэгтэй. Иргэн бүр хүүхэддээ эх оронч үзэл, иргэний үүрэг болон ухамсар, бусдыг хүндэтгэх, хүлээцтэй хандах талаар болон хэт даврах үзэл, терроризмын хор хөнөөл, бусдад хүч хэрэглэх нь гэмт хэрэг гэдгийг ойлгуулж ухамсарлуулах нь дээр дурдсан нийгэмд аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй бөгөөд шилдэг арга юм.

НИЙТЭЛСЭН: 2019-12-04 өдөр 12:30:5 цаг           ҮЗСЭН: 18776