92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
“COVID-19” БА “FAKE NEWS”: “МЭДЭЭЛЛИЙН ЦАР ТАХАЛ”-ЫН ЭРСДЭЛ

Тодорхой зорилгоор худал, хуурамч, ташаа мэдээллийг бэлтгэж, боловсруулан олон нийтийг хуурч төөрөгдүүлэн, дуулиан тарьж, өөрт ашигтай шийдвэр гаргуулах эсхүл өөрт ашиггүй шийдвэр гаргуулахгүйн тулд тусгайлан бэлтгэн, тараадаг арга ажиллагааны талаар өмнөх дугааруудаар хүргэж байсан билээ. Энэ удаагийн дугаараар дэлхий нийтийг түгшээж буй коронавирусын аюул, хор уршиг, түүний хариуцлагыг хүчирхэг гүрнүүд хэн нэгэндээ тохоох, буруутгах зорилгоор хуурамч мэдээ, мэдээллийг зориудаар бэлтгэн тараан, ашиглаж буй талаарх баримт, мэдээллүүд, тухайн улс орнуудаас гаргасан албан ёсны байр суурийг оросын “Независимая газета” сонин түүвэрлэн шинжилснийг тоймлон хүргэж байна. Өгүүлэл зөвхөн их гүрнүүдийн улс төр, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цар тахлын үед түгээж байгаа албан мэдэгдэл, албан бус мэдээлэл ашиглан явуулж байгаа мэдээллийн кампанит ажиллагаа (мэдээллийн дайн)-ы өрнөж буй байдлыг Оросын өнцгөөс харуулахыг зорьсон бөгөөд дурдагдсан баримтыг үнэн зөв эсэхийг нотлох эсхүл үгүйсгэх зорилго агуулаагүй, АБСХ-ийн байр суурийг илэрхийлэхгүй болно.

Хуурамч мэдээлэл (Fake News) Аливаа улс үндэсний язгуур ашиг сонирхол, нийгмийн сэтгэлзүйд нөлөөлөх зорилгоор бүгд худал, эсвэл зарим хэсэг нь худал, ташаа мэдээллийг тусгайлан бэлтгэж, боловсруулан ашигладаг. Өөрөөр хэлбэл, нийгмийн тодорхой масс, хүмүүст ташаа мэдээлэл, ойлголт өгч, өөрийн талд ашигтай шийдвэр гаргуулах үндэс болж буй тусгайлан бэлтгэсэн мэдээ баримтыг хуурамч мэдээлэл буюу “fake news” гэнэ. Хуурамч мэдээлэл ашиглан хуурч төөрөгдүүлэх ажиллагааны эцсийн зорилго нь эсрэг талыг өөрийн талд ашигтай шийдвэр гаргуулах, эсвэл ашиггүй шийдвэр гаргуулахгүй байхад оршдог.

Пентагон, Төрийн департамент АНУ, түүний холбоотнуудыг хуурамч мэдээ мэдээллээс хамгаалахыг зорьж байна.

АНУ-ын БХЯ-ны төлөөлөгчид өнгөрсөн сард цахим сүлжээгээр дамжуулан сэтгүүлчдэд Орос, Хятад болон бусад улс орон коронавирусийн цар тахлыг өөрсдийн ашиг сонирхлыг ахиулах зорилгоор “хуурамч мэдээ, мэдээллийг зориудаар тараан, ашиглаж байна”, мөн Москва болон Бээжингийн хуурамч мэдээллийн акц нь “Сайн хямралыг хэзээ ч бүү алд” гэсэн Уинстон Черчиллийн хэлсэн уриан доор явагдаж байна, БХЯ, Төрийн департаментын зүгээс холбоотнууд, түншүүд болон бусад байгууллагатай хамтран энэхүү үйл явцыг зогсоохын тулд хамгийн идэвхтэй арга хэмжээг авч байгаа, цаашид ч авах болно гэж мэдэгдсэн.

АНУ-ын БХЯ-ны Орос, Украин, Евроазийг хариуцсан дэд сайд Лора Купер коронавирусын цар тахалтай холбоотойгоор өрнөдийн холбоотон, түншүүдийн хоорондын эв нэгдэл өсч, анагаах ухааны чиглэлээрх асар их мэдээллийг солилцож байгааг илтгэл дээрээ дурдсан. Тэрээр оросын засгийн газар өрнөдийг хуурамч мэдээллээр төөрөгдүүлэхийг оролдсон тохиолдол гарч байгааг ч онцлон тэмдэглэв. Тэрээр “Бидний тэмцэх ёстой хамгийн хор хөнөөлтэй асуудал бол нийгмийг хамарсан үл итгэл, будлианыг бий болгогч хуурамч мэдээ, мэдээлэл юм. Иймэрхүү хуурамч мэдээ нь засгийн газар, эрүүлийг хамгаалах байгууллагын хүчин чадлыг сулруулж, дэлхийн эрүүлийг хамгаалах тогтолцоонд заналхийлж байна” гээд ийм хуурамч мэдээ сэлт тараасан хэд хэдэн жишээг дурдсан. Тухайлбал, Өнгөрсөн сард “РT” болон мэдээллийн “Спутник” агентлаг “гараа угаах нь коронавирустэй тэмцэх үр дүнтэй  арга биш” хэмээн мэдээлсэн. Орос дахь зарим мэдээллийн эх сурвалжууд “цар тахал гэж байхгүй бөгөөд Италид гарсан үхлийн тохиолдлуудын жинхэнэ шалтгаан нь жирийн ханиад” гэж олон нийтэд мэдээлсэн.  Оросын мэдээллийн сувгууд 1 дүгээр сарын эхээр “халдварын тархалтын эсрэг вакцин олдсон” гэх хуурамч мэдээллийг тараасан. Оросын зарим мэдээллийн сувгуудаар “Америкийн эм үйлдвэрлэлийн компаниуд бизнесээ сэргээхийн тулд коронавирусын талаар цуурхал тараасан” гэх хуурамч мэдээллийг нийтэлсэн байдаг. “Үнэн хэрэгтээ огт тийм биш юм” хэмээн онцолсон.  

АНУ-ын БХЯ-ны хятадыг хариуцсан төлөөлөгч Чад Сбрага: “хуурамч мэдээ тараахад тэргүүлж буй оросын зэрэгцээ өрнөдийн орнуудын олон нийт, улс төрчид, төрийн албан хаагчдыг хуурч төөрөгдүүлэх ажиллагаанд Бээжин идэвхтэй оролцож байгаа нь маргаангүй баримттай” гэж онцлон тэмдэглэсэн.

Тэрээр БНХАУ-ын удирдагчдын хэрэгжүүлж буй хуурамч мэдээллийн кампанит ажлын хамгийн сэтгэл зовоож байгаа зүйл нь “тус улсад гарсан халдварын эх сурвалж нь америкийн цэргийн албан хаагч байсан” мэтээр хятадын ОНХМ-д гарч буй мэдээллүүд юм. “Энэ бол ил тодорхой, шударгаар хэлбэл ашиггүй худал зүйл” хэмээсэн.

Цар тахлын хариуцлагыг бусад улсад тохоход чиглэсэн ХКН-ийн суртал ухуулга, хуурамч мэдээллийн компанит ажилд АНУ “урам хугарсан”. Энэ бол ямарч үндэслэлгүй, ашиггүй, үнэхээр сөрөг үр дагавартай үйл ажиллагаа. Мөн цар тахалд онц хүнд нэрвэгдсэн Ираны засгийн газар “коронавирусын хариуцлагыг Вашингтон үүрэх ёстой” гэсэн хуурамч мэдээллийг тарааж буй талаар дурдсан.

“Цар тахал үүссэн явдалд АНУ-ыг зарим улс орнууд буруутгаж байна” гэж Лаура Купер мэдэгдэв. Мөн тэрээр “бүх дэлхий даяар олон акторууд коронавирусыг Америк болон түүний холбоотнуудад гомдол мэдүүлэх шалтаг болгоход ашиглаж байна” гэв. Түүний ярьснаар бол вирус нь хуурамч мэдээллийн даяарчлагдсан экосистем үүсэх шалтгаан болж буй бөгөөд уг экосистемд мэдээ мэдээлэл нь “Дэлхийн бөмбөрцгийн нэг хэсэгт үүсгүүр болж, дараа нь бусад газар түүнийг шүүрч аван хүчийг нь нэмэгдүүлж буй аж, харин Америк энэ мэдээг няцаахад хүрч байна”. “Бид оросыг оролцуулан бүх улс орныг вирусын тухай эвдэн сүйтгэгч, төөрөгдөлд оруулагч хуурамч мэдээ, мэдээлэл тараадаг хорон санаат акторуудыг хазаарлан номхтгохыг уриалж байна” гэж нэмж хэлсэн.

Саяхан АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпио нэгэн илтгэлдээ “Холбооны засаг захиргаа  тохиромжтой үед” “коронавирусын тухай мэдээг бүрэн танилцуулаагүй болон хуурамч мэдээлэлд оролцсон этгээдийг хариуцлагад татна” хэмээн мэдэгдсэн.

Москва, Бээжингийн хуурамч мэдээллийн кампанит ажлын талаар нэг бус материал нийтэлсэн Америкийн нөлөө бүхий “Нью-Йорк таймс” сонин өнгөрсөн сард шинжлэх ухааны салбараар мэргэшсэн сэтгүүлч Бродагийн ярилцлага, өгүүллүүдийг нийтэлж, шуугиан тарьсан.

Тэрээр ярилцлага, шинжлэх ухааны өгүүлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн сурвалжилгын материалууд twitter, facebook болон теле шоу дахь бичлэгүүд, баримт бичгүүд зэрэг олон тооны материалуудад дүн шинжилгээ хийсний эцэст “Кремлийн тэргүүн хуурамч мэдээлэл тараахад чухал үүрэг гүйцэтгэсэн” тухай чухал баримтыг олсон бөгөөд энэ нь “өрнөдийг ялгаварлан гадуурхах, дайснаа дотроос нь устгах түүний илүү өргөн төлөвлөгөөний хэсэг байсан” гэх дүгнэлтийг хийсэн.

Түүний асууж ярилцсан шинжээчдийн үгээр иймэрхүү хуурамч мэдээ, мэдээлэл нь өнгөрсөн онуудад эхлээд хэвлэлд дараа нь интернетэд гарсан бөгөөд амьсгалын хурц халдварт өвчнүүд, ДОХ, Эбола зэрэг бусад халдварт өвчинтэй холбоотой байжээ. Орост нийтлэгдсэн эдгээр нийтлэлүүдийн үндсэн санаа нь “Америкийн засгийн газар аюулт өвчний тухай үнэн бодит мэдээ болон вирусыг зохион бий болгосон, тараасан өөрсдийн хамаарлыг нууж байсанд оршино” гэжээ. Мөн зарим шинжээч Иракийн эсрэг цохилт өгөхийн тулд АНУ нь тус улсад биологийн зэвсэг байгаа гэх хуурамч мэдээллийг ашигласан талаар ч дурдсан.

Уг өгүүлэлд баталснаар бол Оросын ерөнхийлөгч Америкийн “Үндэсний цэцэглэлт, хөгжлийн үндэс” болсон “Америкийн шинжлэх ухаанд хохирол учруулах, эцэстээ улс орны үндэсний аюулгүй байдлыг сулруулахыг эрмэлзэж буй” гэжээ.

ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова “Нью-Йорк таймс”  сонины нийтлэлд тайлбар хийж, Вашингтоныг цар тахлын тухай хуурамч мэдээтэй хийх тэмцлээ уг /“Нью-Йорк таймс”/ сониноос эхлэхийг зөвлөсөн ба “Америкийн шинжлэх ухааны эсрэг Путины удаан дайн гэдэг материал бол үнэ цэнэтэй хуурамч мэдээ” гэж Оросын дипломатч өөрийн фэйсбүүк хуудаснаа бичжээ.

ОХУ-ын Ерөнхий прокурорын газар коронавирустэй холбоотой хуурамч мэдээллүүдийг  хааж байна.

ОХУ-ын Ерөнхий прокурорын газраас нийгмийн сүлжээн дэх коронавирусын халдварын тухай үнэн бодит бус хуурамч мэдээ, мэдээлэл бүхий хэд хэдэн видео бичлэгийг хаах шаардлагатайгаа мэдээлсэн.

Учир нь нийгмийн сэтгэл зүйг сөрөг нөлөөлөлд оруулахуйц олон нийтэд аюултай, хуйвалдааны онолын бүхэл бүтэн цуглуулгын клип цацагдсантай холбоотой. ЕПГ-ын мэдээлэлд дурдсанаар “уг видео бичлэгүүдэд коронавирус нь хүн амыг чипжүүлэх, даяаршлын дэлхийн дэглэмийг тогтоох – вакцинжуулах хэлбэрээр хүмүүсийг устгах, коронавирусын тархалтыг дугаарлан тооцоолох замаар төлөвлөх зорилго бүхий зохиомлоор бий болгосон генийн өөрчлөлтийн биологийн зэвсэг гэсэн мэдээлэл байсан” гэж онцолсон. Прокурорын байгууллагаас “ДЭМБ-ч ОХУ-ын Засгийн газар болон засаг захиргааны албан ёсны бусад ямар ч байгууллага коронавирусын халдварын зохиомлоор бэлтгэсэн талаарх мэдээллийг батлаагүй байгаа” талаар мэдэгдсэн. Хуурамч мэдээ, мэдээллийн ихэнхийг залилан мэхлэх сэдлээр коронавирусээс хамгаалах эм, хэрэгслийн тухай бичсэн нийтлэлүүд эзэлж байгаа талаар тэмдэглэсэн. Тухайлбал, ”Казахстанд халдвараас найдвартай хамгаалж чаддаг дархлаа- өөрчлөлтийн хүчирхэг вакцин худалдаалж байна”, мөн үхлийн аюултай бараг бүх вирусыг устгадаг “зэс нэхмэл бүхий олон удаагийн маск” бүтээсэн гэх мэт хуурамч мэдээллүүдийг онцолсон.

Цар тахлын дэвсгэр дээр үржиж буй янз бүрийн нууц ажиллагааны онолууд ч гарч байна. Тухайлбал,

Заримынх нь төсөөллөөр бол коронавирус нь зохиомол гаралтай бөгөөд дэлхийн томчууд хөшигний цаагуур тодорхой зорилго чиглэлтэйгээр тарааж буй.

Бусад нь шинэ вирус нь үнэн хэрэгтээ ноцтой аюул агуулдаггүй.

Нууц ажиллагааны онолчдын үзэж буйгаар бол зарим тохиолдолд засаг төр дарангуйлагч дэглэм тогтоохын тулд болон бусад зорилгоор хүн амыг айлгах гэх зэргээр бүлэглэн хувааж болохоор байна.

Вашингтон Бээжинг ялгаварлан гадуурхах кампанит ажлаа идэвхжүүлэв

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “Бээжин нь цар тахлыг Хятадын хилээс санаатайгаар гаргасан” хэмээн мэдэгдсэн. АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яам БНХАУ нь эмнэлгийн зориулалттай бараа, бүтээгдэхүүнээ нөөцлөхийн тулд вирусын аюулын тухай мэдээллийг нуусан хэмээн баталж байна. Энэхүү мэдээллийн (хуурамч мэдээ, мэдээлэл) дайн нь Хятадыг сөрөн зогсоход Америк болон түүний холбоотнуудыг нэгтгэж байна. Уханий лабораторитой хамтран ажиллагч америкийн мэргэжилтэн эмэгтэй “тэндээс вирус алдагдах магадлал туйлын бага” хэмээн мэдэгдсэн.

Трамп Вашингтонд болсон видео конференцийн үеэр “Хятад коронавирусыг өөрийн улсын нутаг дэвсгэрээс санаатайгаар гаргах шийдвэр гаргасан” гэж буруутгав. Тэрээр: “Харцгаа, энэ нь Хятадад ямар айхтар нөлөө үзүүлэв, бусад ертөнцөд ч гэсэн тэгэг” гэж хэлсэн. Энэ шалтгаанаар Хятад гаднын иргэнийг өөрийн улсад нэвтрэхийг хориглоод, харин хүмүүсийг өөрийн улсаас АНУ болон бусад орон руу гарахын нээлттэй орхисон.

Ерөнхийлөгчийн үгийн дараа Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео “вирус үүссэн нь Ухань дахь лабораторитой хамаатай байж болох юм” хэмээн мэдэгдсэн. АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яамны зүгээс “Хятад нь эмнэлгийн нөөц бүрдүүлж амжихын тулд шинэ коронавирусын тархалтын тухай мэдээний зарим хэсгийг нуусан”, “Бээжин эмнэлгийн янз бүрийн хэрэгслийг худалдах хэмжээгээ багасгаж, харин тэднийг худалдан авах үйл ажиллагаагаа идэвхжүүлсэн. Үүнд маск болон хувийн хамгааллын бусад хэрэгсэл хамааралтай” хэмээн мэдэгдсэн.

Түүнчлэн Австрали, Герман, Англи улс коронавирусын гарал үүслийг судлан шинжлэхийг идэвхтэй шаардаж буй бөгөөд шинжээчдийн баг уг голомтод ажиллахаар болсон байна.