92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
Арабын Бүгд Найрамдах Сири Улсын Иблиб муж дэх нөхцөл байдлын талаар

Өнгөрсөн оны 12 дугаар сараас ОХУ-ын нисэх хүчний дэмжлэгтэй Арабын Бүгд Найрамдах Сири улсын Зэвсэгт хүчин стратегийн ач холбогдолтой М5 авто замыг хяналтандаа авах, террорист бүлэглэлүүдээс Аллепо, Идлиб мужуудыг чөлөөлөх зорилгоор цэргийн ажиллагаа явуулж эхэлснээс хойш тус улсын Идлиб мужийн нөхцөл байдал хурцадмал байна. Хэдийгээр сөргөлдөгч талууд 2018 оны 9 дүгээр сард Идлиб мужид “хурцадмал байдлыг намжаах бүс” байгуулах, тухайн бүсийн аюулгүй байдлыг Туркийн тал хариуцахаар тохиролцсон ч, Сирийн зэвсэгт хүчний террорист бүлэглэлүүдийн эсрэг явуулсан байлдааны ажиллагааны үр дүнд Идлиб муж дахь дээрх бүсийн 60 орчим хувийг хяналтандаа аваад байна.

Харин Туркийн тал Сирийн зэвсэгт хүчин Идлиб мужид байгуулсан Туркийн цэргийн ажиглалтын постуудыг нэвтрэн цэргийн ажиллагаа явуулж байгааг эрс шүүмжилж, Туркийн талыг баримтлагч зэвсэгт бүлэглэлүүдийг дэмжин, Сирийн Зэвсэгт хүчний давшилтыг зогсоох, бүсээс гаргахад чиглэсэн ажиллагаа явуулж байна. Сирийн зэвсэгт хүчний үйл ажиллагааг ОХУ дэмжиж байгаа бөгөөд БНТУ-ыг Идлиб мужид хурцадмал байдлыг намжаах бүсийн аюулгүй байдлыг хангаж чадахгүй, террорист бүлэглэлүүдийг дэмжиж байна хэмээн буруутгаж байгаа юм.

Орос, Туркийн Гадаадын хэргийн сайд нар “Мюнхений аюулгүй байдлын их хурал-2020” арга хэмжээний үеэр 2 дугаар сарын 15-нд, Гадаад хэргийн дэд сайд нар 2 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд Москва хотноо тус тус уулзаж, Сирийн Идлиб муж дахь нөхцөл байдлын талаар хэлэлцсэн ч, тодорхой тохиролцоонд хүрч чадсангүй. Туркийн Ерөнхийлөгч Т.Эрдоан 2 дугаар сарын 19-нд тус улсын парламентын намын бүлгийн хурал дээр Идлиб мужид Туркийн цэрэг байлдааны ажиллагаа явуулахад “тун бага хугацаа үлдсэн” хэмээн мэдэгдэв.

ОХУ-тай хийж буй уулзалтууд ямар нэгэн үр дүнд хүрэхгүй байгааг дурдан Турк нь Идлибийн асуудлаар өөрсдийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд бүх талаараа бэлэн болсон гээд сүүлийн анхааруулга хийж байгаагаа мэдэгдэв. Т.Эрдоаны дээрх “анхааруулгатай” холбогдуулан Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Песков “...Идлибт хурцадмал байдлыг дэвэргэхгүйн тулд ОХУ нь Турктэй яриа хэлэлцээг үргэлжлүүлнэ.  Сочид тохирсны дагуу террорист бүлгүүдийг аюулгүй болгох нь Туркийн хүлээсэн үүрэг. Харин террористуудын эсрэг тэмцэж буй Сирийн хууль ёсны засгийн газар болон армийн эсрэг үйл ажиллагаа явуулах нь хамгийн муу шийдвэр байх болно” хэмээн мэдэгдээд байна.     

Сүүлийн үеийн мэдээгээр 2 дугаар сарын 20-ны өдөр Сирийн зэвсэгт хүчин Оросын нисэх хүчний дэмжлэгтэйгээр Идлиб мужийн Найраб тосгоны ойролцоо  туркийн талыг дэмжигч зэвсэгт бүлэглэлүүдийн давшилтыг амжилттай зогсоосон талаар мэдээлж байна. Чингэхдээ зэвсэгт бүлэглэлүүдийн ийнхүү давшилтыг Туркийн цэргийн их бууны анги дэмжиж байсныг онцолжээ.

Сирийн армийн явуулж буй цэргийн ажиллагааны улмаас өнгөрсөн оны 12 дугаар сараас энэ оны 2 дугаар сарын 18-ны хооронд 1 сая иргэн дотооддоо шилжин суурьшиж, үүний 60 орчим хувийг хүүхдүүд эзэлж байгаа аж. Иймээс сөргөлдөгч талуудыг галаа зогсоохыг НҮБ, ЕХ зэрэг олон улсын байгууллагууд уриалсаар байна.

Үүссэн нөхцөл байдлаас дүгнэхэд Туркийн тал Сирийн армийн эсрэг цэргийн ажиллагаа нь идэвхжвэл ОХУ-ын тал Идлибт буй Туркийн дэмжлэгийг хүлээсэн зэвсэгт бүлэглэлийн эсрэг цохилтоо нэмэгдүүлж, улмаар энэ нь түгшүүртэй байдлыг даамжруулах нөхцөл бүрдээд байна.    

НИЙТЭЛСЭН: 2020-02-28 өдөр 17:53:2 цаг           ҮЗСЭН: 18190