92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
ХЯТАД АМЕРИКИЙН МӨРГӨЛДӨӨН /үргэлжлэл/

АЮУЛГҮЙ байдал судлалын хүрээлэн ОХУ, БНХАУ, АНУ болон нөлөө бүхий бусад улсын шинжээчид, бодлого боловсруулагчид нөгөө талынхаа бодлого, стратеги, хоёр талын харилцааг хэрхэн ойлгож, түүнд тохирсон ямар арга хэмжээг өөрийн төр, засгийн удирдлагад санал болгож байгааг мэдээллийнхээ зарим дугаараар тоймлон хүргэдэг уламжлал тогтоод байгаа билээ. Бид 2019 оноос ХБНГУ-ын нэр хүндтэй томоохон think tank болох Шинжлэх ухаан, улс төрийн сан (Stiftung Wissenschaft und Politik)-гийн харьяа Олон улсын харилцаа, аюулгүй байдал судлалын Германы хүрээлэн (Deutsches Institut fuer Internationale Politik und Siecherheit)-тэй шууд харилцаа тогтоож, судалгааны бүтээлүүдээс нь солилцоогоор авч байгаа болно. Бид тус Хүрээлэнгийн судлаач Петер Рудольфын Хятад-Америкийн зөрчлийн талаар бичсэн өгүүллийг зохиогчийн өөрийнх нь зөвшөөрөлтэйгээр орчуулан цувралаар хүргэж байгаа билээ. Уг өгүүлэл дэх аливаа дүгнэлт, дэвшүүлсэн үзэл санаа нь зөвхөн зохиогчийнх бөгөөд Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн байр суурь биш болно.

Үзэл сурталын ялгаа

Хэрэв Хятад улс либерал ардчилалтай улс байсан бол энэхүү статусын төлөөх өрсөлдөөн арай бага байх байсан уу гэдэг асуулт гарч ирнэ. Өрнө Дорнын сөргөлдөөнөөс ялгаатай нь энэхүү статусын төлөөх өрсөлдөөн үзэл суртлын зөрчилдөөнтэй уялдаатай ч гол цөм нь үзэл суртал биш. Сануулахад, Зөвлөлтийн үзэл суртал нь АНУ тэргүүтэй капиталист тогтолцоог бүхэлд нь үгүйсгэж, дэлхий даяар коммунизмын ялагдашгүй ялалт нь Зөвлөлт Холбоот Улсын аюулгүй байдлын баталгаа гэж үздэг байв. АНУ Хятадын мөргөлдөөнд энэ элемент байхгүй. Хятадын үзэл бодол нь “интернационалист гэхээсээ илүү үндсэрхэг үзэл юм.

Хятад дахь хүний эрхийн нөхцөл байдал Хятад Америкийн харилцаанд маргаан үүсгэсээр ирсэн. Хятад улс либералчлагдана гэж найдаж байсан бол АНУ тэдний үзэл суртлын эсрэг дайсагнахгүй байсан юм. Хятадын зүгээс Өрнөдийн либерал ардчилал, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь Коммунист намын үзэл сурталд заналхийлж байгааг үргэлж тодотгосоор ирсэн.

АНУ Хятадын үзэл суртлын зөрчил нь Барууны ардчилал, Зөвлөлтийн коммунизм хоёрын зөрчилтэй төстэй байна гэсэн маргаан сүүлийн үед Америкт өрнөж байна. “Ардчилсан капиталист тогтолцооны давуу талд итгэх итгэл сулрахад Хятадын “авторитар капитализм” эдийн засгийн хувьд ашигтай байх магадлалтай. Энэ тохиолдолд геополитикийн өрсөлдөөн нь үзэл суртлын зөрчилдөөнтэй холимог шинжтэй болно. Аль ч талаас нь харсан Хятад улс АНУ-ын их гүрний статуст заналхийлж байна. Трампын хуучин зөвлөх Стефан Баннон “АНУ-ын урьд өмнө тулгарч байгаагүй хамгийн том аюул”-ын эсрэг шийдвэртэйгээр дайтаж байлаа. Тэрээр 1950-1970-аад оны үед Зөвлөлт Холбоот Улсын эсрэг чиглэсэн өмнөх “Committee on the Present Danger -г үндэслэгчдийн нэг бөгөөд тус хорооны үндсэн зарчимуудын нэг нь Хятадын Коммунист нам засгийн эрхэнд байх үед хамтдаа оршин тогтнох боломжгүй ба эцсийн зорилго нь Хятадын коммунист засаглалыг зогсоох явдал юм.

Трампын засаг захиргаа Хятадтай хийх мөргөлдөөнийг үзэл суртлын болон соёл иргэншлийн хоорондох мөргөлдөөн болгож байна.

Трампын засаг захиргаа Хятадтай хийх мөргөлдөөнийг үзэл суртлын болон соёл иргэншлийн хоорондох мөргөлдөөн болгож байна. Хятад улсын бодлого нь өмнөх ЗХУ-ын баримталж байснаас өөр “олон улсад танигдсан үзэл суртал” биш байгаа нь Хятад улс “дэлхийг дахин эрэмбэлэхээс” өөрийг бодохгүй байх шиг харагдаж байна. Ши Жиньпины удирдлаган доорх Хятад улсын хөгжлийн загвар либерал ардчилсан бодлоготой хөгжиж буй орнуудад жишээ болж байна. “Хятадын хөгжлийн загвар” нь авторитар засаглалтай улсуудад тааламжтай мэт боловч Хятадын эдийн засгийн амжилтын суурь нь дотоодын томоохон зах зээл, асар их хөдөлмөр, авторитар засгийн газрын дэмжлэг зэрэг тодорхой хүчин зүйлүүд юм. Хятад авторитар дэглэмийг дэмжиж, улс орныг хяналтанд байлгаж, гадаадад байгаа шүүмжлэгчдэд дарамт үзүүлдэг ч энэ нь ардчиллын эсрэг тэмцэл, ардчилсан тогтолцоог нураах стратеги биш. Гэсэн хэдий ч АНУ-ын тал Хятадын эсрэг сөргөлдөөнд дотоодын дэмжлэгийн удаан хугацаанд тогтвортой байлгахын тулд “дижитал авторитаризм” ба “либирал ардчилал” системийн хоорондын зөрчилдөөний тухай яриаг улам дэврээх шинжтэй байна.      

Аюулгүй байдлын асуудал

Хэдийгээр үзэл суртлын зөрчил нь зөрчилдөөний гол сэдэв биш ч “үзэл суртлын ялгааг” улам тодруулах нь хоёр улс аюулгүй байдлаа бэхжүүлэх шалтгаан болно. Өрнө-Дорнын зөрчилдөөний үед аюулгүй байдлын асуудлыг сулруулаагүй шиг АНУ Хятадын зөрчилдөөний үед ч энэ асуудлыг бэхжүүлэх болно.

Аюулгүй байдлын асуудлыг хатуухан хэлэхэд дараах зүйлээр ойлгож болно. 1. Ойлголцолын асуудал. Тэд бидэнд дайсагнаж байна уу үгүй юу гэдгийг ойлгох, 2. Хариу үзүүлэх. Бодлого боловсруулагчид өөрсдийн орны батлан хамгаалах чадвараа сайжруулан бусад орноос ирэх үйлдэлд тохирсон дохиогоор хариу үзүүлэх.

Хэрэв нэг тал нь нөгөө талаа түрэмгийлэх санаархалтай байна гэсэн буруу таамаглалд үндэслэн цэргийн чадавхаа өргөжүүлбэл дайсагналыг улам бүр өдөөж болзошгүй юм.  Өөрийн аюулгүй байдлаа хангахын тулд илүү аюултай байдал үүсгэхийг “аюулгүй байдлын прадокс” гэдэг. Гэхдээ нөгөө талын чадавхыг дутуу үнэлж аюулгүй гэж үзсэнээр өөрийн улсад аюул учруулж болно. 

Аюулгүй байдлын тухай “сонгодог” ойлголтод цэргийн өдөөн хатгасан аливаа үйл ажиллагаа, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд аюул учруулж буй нөхцөл байдал, цөмийн зэвсгийн цохилт зэргийг ойлгоно. Хятадтай харьцуулахад АНУ стратегийн харилцаандаа цөмийн зэвсгийг чухалчилж үздэггүй нь Ази дахь тэдний холбоотнуудад ойлгомжгүй байна. Түүнээс гадна Хятадын цөмийн чадамжын эсрэг АНУ ямар нэг төлөвлөгөө боловсруулаагүй гэдэг АНУ-ын аливаа мэдэгдэлд Бээжин итгэхгүй байх. Түүнчлэн АНУ пуужингийн довтлогооноос хамгаалах системээ хөгжүүлж байгаа нь Хятадын цөмийн стратегийн эсрэг үйл ажиллагаа биш гэсэн АНУ-ын баталгаанд Хятад улс итгэлгүй байна.    

Хятад улс эхний цохилт өгөх цөмийн зэвсгийн туршилтаасаа татгалзсан боловч Вашингтон хайгуул, тандалт, хариу цохилт өгөх чадвараа сайжруулж, пуужингийн довтлогооноос хамгаалах системээ хөгжүүлж байгаа нь Бээжинг болгоомжлоход хүргэж байна. Хятад харьцангуй бага цөмийн зэвсэг эзэмшдэг бөгөөд албан ёсны тоо баримт байдаггүй ч 290 орчим цөмийн цэнэгт хошуутай гэсэн тооцоо бий. Гэсэн хэдий ч энэхүү арсеналыг тодорхой хэмжээний пуужин болон цэнэгт хошуугаар өргөжүүлэхээр төлөвлөж байна.

Хятад улс хариу цохилт өгөх чадвараа бэхжүүлж байгаа нь АНУ-ыг болгоомжлоход хүргэж байгаа юм. Нэг тал нь бага хүчээр өдөөн хатгахад нөгөө тал нь түүнийг айлгахаар илүү их хүчээр хариу цохилт өгдөг бөгөөд хоёр тал хоёулаа хохирол амсдаг. Тиймээс Ази дахь Америкийн холбоотнууд “өргөтгөсөн хориг”-ийн найдвартай байдалд эргэлзэж аюул учруулах вий гэдгээс болгоомжилж байна. Хэрэв АНУ стратеги хэрэглэх гэж байгаа бол эхлээд “хязгаарлагдмал хүрээнд” хориг тавьж байгаад дараа нь цэргийн эрчимжүүлсэн арга хэмжээ рүү шилжих нь зүйтэй байлаа.

Хятад Америкийн харилцаанд аюулгүй байдлын нэг асуудал бол Тайвань юм. Тайваний бүрэн шийдэгдээгүй тусгаар тогтнолын зөрчил нь дайны эрсдэлийг дагуулдаг. 2019 оны 1-р сарын эхээр Хятадын дарга Ши Жиньпин Тайванийг бүрэн тусгаар тогтнохоос урьдчилан сэргийлэхийн тулд цэргийн хүч ашиглах болно гэдгээ дахин онцолж байлаа. АНУ 1978 онд Тайваньтай албан ёсны дипломат харилцаагаа зогсоож, батлан хамгаалах гэрээгээ цуцалсанаар БНХАУ-тай харилцаагаа хэвийн болгожээ. Гэвч 1979 оны Тайваньтай Харилцах Актнд Тайваний ирээдүйг тайван бус замаар шийдэхийг Номхон далайн баруун бүсийн энх тайван, аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл хэмээн АНУ зүгээс үзнэ гэжээ. Тиймээс АНУ “стратегийн хоёрдмол байр суурьтай” ба Тайваньд үзүүлэх аливаа аюулд хариу арга хэмжээ авахаа амлаж байгаа ч энэ нь албан ёсоор баталгаажаагүй байна. Хятад улсын хувьд Тайванийг эх газрын Хятадаас тусгаар тогтнохоос урьдчилан сэргийлэх, статусаа өөрчилж, тусгаар тогтнолоо зарлахыг цэргийн хүчээр ч хамаагүй зогсоох зорилготой. Бээжин Тайванийг буцаан нэгтгэхээр цэргийн хүч ашиглавал АНУ Тайваний аюулгүй байдлыг хангах зорилгоор БНХАУ-ын довтлогооноос урьдчилан сэргийлэх зэвсгийн систем нийлүүлэх болно. Гэсэн хэдий ч энэ ээдрээтэй нөхцөлд бүрэн тусгаар тогтноогүй Тайвань Бээжингийн хувьд хамгаалалтын шүхрийн үүрэг гүйцэтгэж байна гэж ойлгож болно.  

Хятадын зүгээс Тайванийг тусгаар тогтнохоос сэргийлэхэд Өмнөд болон Зүүн Хятадын тэнгис дэх эсэргүүцэн хамгаалах хүчээ нэмэгдүүлэх “үндсэн ашиг сонирхол” байна. Хэрэв АНУ энэ бүс нутгаас цэргийн хүчээ татахгүй бол Хятад батлан хамгаалах хүчээ нэмэгдүүлсэнээр байдал улам төвөгтэй болох юм. Энэ нь Хятад улсын бүрэн бүтэн байдлыг хангах “түрэмгий бодлого” мэт харагдаж байгаа ч үндсэндээ Ши Жиньпиний хамгаалалах стратеги байж магадгүй юм.  

Улс орнуудын аюулгүй байдлын асуудал бол ээдрээтэй сэдэв юм. Өөрийн улсын аюулгүй байдлыг хамгаалах арга хэмжээ нь бусдын дургүйцэлийг төрүүлснээр эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгэдэг. Үүнийг харилцан ил тод байдал, итгэлцэлийг бэхжүүлэх аливаа арга хэмжээ болон зэвсгийн хяналтаар багасгаж болдог. Харин Хятад Америкийн харилцаанд аливаа арга хэмжээг зөвхөн батлан хамгаалах зорилготой гэсэн өгүүлбэрээр халхалж байна. БНХАУ өөрийгөө удаан хугацааны турш дарагдаж байсан хүчирхэг улс гэж үздэг бөгөөд одоо дахин байр сууриа эзлэхэд нь АНУ саад учруулж байна хэмээн хардаг. АНУ-ын хувьд аюулгүй байдлын асуудлаар өөр байр суурьтай байдаг ба өөрийгөө бусад улс оронд аюул заналхийлдэггүй либерал ардчилалтай улс гэж үздэг ба цэргийн хүчээ олон улсын тогтвортой байдлыг хангахад зориулдаг гэж үздэг. Эндээс харахад энхтайванч байдалтай өөрийгөө хамгаалах зорилготой Хятад, түрэмгий шинжтэй АНУ хоёрын зөрчил явагдаж байна.

Стратегийн сөргөлдөөний цар хүрээ

АНУ-Хятадын харилцааг цогц стратегийн өрсөлдөөн гэж тайлбарлаж болно. Энэ хоёр улс зөвхөн эрх мэдэл, нөлөөллийн төлөөх өрсөлдөгчид төдийгүй цэргийн болон улс төрийн системийн сөргөлдөгчид юм. Аль Хүйтэн дайны үеэс л хоёр улс бүс нутгийн стратегийн өрсөлдөөнд хэдийн орсон байв. Хятад Москватай харилцаагаа тасалж, Вашингтон Хятадыг Зөвлөлт холбоот улсын эсрэг тэмцэлд нэгтгэсэн юм. Гэвч 1996 оны Тайваний зөрчил өнөөгийн стратегийн өрсөлдөөний суурийг тавьсан юм. 

Хоёр улсын эрчимжиж байгаа стратегийн өрсөлдөөнийг бүс нутгийн болон дэлхийн хэмжээнд мөн технологийн түвшинд авч үзэж болох юм. Технологид суурилсан эдийн засгийн өсөлт бий болж цэрэг армийн өрсөлдөх чадвар сайжирч байгаатай уялдан технологийн манлайлал ихэд чухал болж байна. Одоогийн нөхцөл байдал бол ЗХУ-тай зэвсэглэлээр уралддаг байсан үеэс тэс өөр. Хятад улс технологийн салбарт АНУ-ыг гүйцэж, квантын тооцоолол, робот техник зэрэг зарим салбарт түрүүлж байгаа тул АНУ технологийн манлайллаа хадгалах, дахин сэргээх нь цэрэг армийн хувьд чухал ач холбогдолтой болж байна. 

Бүс нутгийн хэмжээнд

АНУ-Хятадын мөргөлдөөн нь Номхон далайн баруун хэсэгт, ялангуяа Өмнөд Хятадын тэнгист илүү тод илэрч байна. “Азийн далай тэнгис” орчимд цэрэг армийн дайсагнасан харилцаатай байна. АНУ Хятадыг Зүүн Азид нөлөөллөө тогтоохын тулд Хятадын тэнгист цэргийн хүрээ байгуулах гэж байна хэмээн үздэг. Хятад улс АНУ-ын Зүүн Азийн бүс нутаг руу нэвтрэх интервенцийн чадавхийг эсэргүүцэх зорилгоор Зүүн Хятадын тэнгис дэх хязгаарласан бүсээс цаана цэргийн хүрээ байгуулж хүчин чадлаа өргөжүүлж байна. Хятадын эдийн засгийн нөлөө нэмэгдэхийн хэрээр Ази дах АНУ-ын нөлөө буурч улмаар энэ бүс нутагт Хятад улс ноёрхолоо тогтоож болзошгүй юм.  АНУ-ын хувьд Хятад улс өсөн нэмэгдэж буй эдийн засгийн байдал, эдийн засгийн тэгш бус харилцаа холбоог ашиглан бүс нутгийн бусад улсын аюулгүй байдалд нөлөөлж, улмаар АНУ-ын холбоотны системийг доройтуулж болзошгүй гэж болгоомжилж байна.

Өмнөд Хятадын тэнгист явуулж буй Хятадын бодлого нь хамгаалалтын шинжтэй бөгөөд хууль ёсны эсэх нь эргэлзээтэй хиймэл арлууд байгуулан түүн дээр цэргийн гарцуудыг бий болгож байна. Өмнөд Хятадын тэнгист Хятад улс Вьетнам, Филиппин, Малайз, Бруней улсуудтай зарим нэг хад чулуулаг болон арлын маргаантай байдаг.  Нэмж дурдахад, “Есөн шугам -ын (Өмнөд Хятадын тэнгисийн ихэнх хэсгийг бүрдүүлдэг газар) бүсд мөн Индонезийн эдийн засгийн онцгой бүсийн асуудлаар зөрчилтэй байна. Түүгээр ч барахгүй Хятад улс (түүнчлэн бусад зарим улс орнууд) Далайн тухай конвенцийг тайлбарлахдаа улс орнууд өөрийн Эдийн Засгийн Онцгой бүсдээ цэргийн үйл ажиллагаа зохион байгуулах болон хориглох эрхтэй гэж байгаа бол АНУ-ын зүгээс үүнийг эрс няцаасан тайлбарыг хийж байна.

Хятад улс Өмнөд Хятадын тэнгист ноёрхох талаар стратегийн бодлого байтугай “мастер төлөвлөгөө” ч байхгүй байж болох юм гэж Америкчууд таамаглаж байна. Хятадын зүгээс бүс нутгийн улс орнуудын эрх ашгийг хамгаалах (эргэлзээтэй ч), тогтвортой байдлыг хадгалахаар хэрэгжүүлж байгаа одоогийн бодлогыг “далд стратеги” гэж үзэж болно.  

Өмнөд Хятадын тэнгис дэх зөрчил

Өмнөд Хятадын тэнгист далайн хуульд нийцэхгүй мөргөлдөөн гарч байна. Энэ бол АНУ-ын талаас далай тэнгисийг чөлөөтэй ашиглах, Хятадын талаас энэ бүсд нөлөөлөлөө тогтоохын төлөөх зөрчил юм. Өмнөд Хятадын тэнгис дэх худалдааны чухал замуудыг аль нэг тал нь хааж магадгүй гэх болгоомжлолоос зөрчил үүсч байна. Өмнөд Хятадын тэнгисээр дамжуулдаг бараа бүтээгдэхүүний ихээхэн хэсэг нь Хятад улсаас ирдэг эсвэл тэнд очдог учраас Хятадын талаас худалдааны замуудыг хаавал тээвэрлэлт Сунда эсвэл Ломбок гарцаар дамжих болж эдийн засгийн өртөг өндөр байх болно. Тиймээс Хятадын талаас эдгээр замыг хаахгүй байх. Харин АНУ-ын цэргийн хүчин Малаккийн хоолойг хаавал Хятадын эрчим хүчний хангамжид ноцтой нөлөөлнө гэж Хятадын тал болгоомжилж байна.

Өмнөд Хятадын тэнгис дэх геополитикийн мөргөлдөөнд цөмийн зэвсгийн асуудал яригдана. Хятад улс Өмнөд Хятадын тэнгисийг баллистик пуужингийн хамгаалалтын бааз болгон бэхжүүлж байгаа нь хариу цохилт өгөх чадварын нэг хэсэг юм. АНУ-аас авсан мэдээллээр бол баллистик пуужингийн дөрвөн шумбагч аль хэдийн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд бусад нь төлөвлөлтийн шатандаа байна. Америк тивд төдийгүй Аляска, Гуамд хүрч чадах далай тэнгисийн баллистик пуужин Өмнөд Хятадын тэнгист үйл ажиллагаа явуулж байгаа Хятад улсад хараахан байхгүй ч дараагийн шинэ үеийн зэвсгийг удахгүй бүтээх бололтой. Одоогийн байдлаар далайд суурилсан цөмийн пуужингууд хязгаарлагдмал байгаа тул олон улсын ноцтой хямрал гарсан тохиолдолд Хятад баллистик пуужингийн шумбагч онгоцыг Номхон далайн гүн руу цувраа арлуудын эхний арал руу (Курилын арлууд, Японы арлууд, Тайвань, Борнео) нүүлгэн шилжүүлэхийг оролдож болох юм. Өмнөд Хятадын тэнгис болон хиймэл арлуудыг хамгаалах нь АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний хувьд хэдийн маш том сорилт болоод байна. Номхон далайн баруун хэсгийг хамгаалахад Хятад улсын одоо ашиглаж байгаагаас олон шумбагч онгоц шаардагдаж магадгүй юм. 

Өрнө-Дорнын мөргөлдөөний үед Европт нөлөөллийн хүрээг бий болгосноор байдал тодорхой хэмжээнд тогтворжиж байсан бол Зүүн Азийн геостратегийн байдал нь арай өөр, тогтворгүй байна. Цувраа арлуудын эхний аралд нэг төрлийн хамгаалалтын бүс байгуулах гэсэн Хятадын санаархал нь тэнгисийн тэргүүлэгч гүрэн болох АНУ-ыг ноцтой өдөөн хатгасан явдал юм. Энэ бүс нутаг дахь АНУ, Хятад улсуудын хоорондох хурцадмал хямрал нь цэрэг армийн хувьд ч ихээхэн тогтворгүй байдлыг үүсгэж байна. АНУ-ын цэргийн бодлого боловсруулагчдын таамаглаж байгаагаар Хятад улс энэ хямралын үед өмнө нь төлөвлөж байсан дайны төлөвлөгөөний хувилбаруудыг туршиж үзэх болно. Наад зах нь, тус бүс нутагт АНУ-ын зэвсэгт хүчний эсрэг урьдчилан сэргийлэх асар их пуужин бий. Тиймээс АНУ-ын хүчин гэнэтийн дайралтыг тэсвэрлэх чадвартай байх ёстой. Хятадуудын довтолгооны чадвар хэр сайн байгаа нь тодорхойгүй хэвээр байна. Тэднийг туршихын тулд зарим хүчээ ил гаргах хэрэгтэй. Энэ бүс нутгийн өрсөлдөөнд АНУ Хятадтай өрсөлдөхийн тулд тэдний холын зайн пуужинг устгах чадвараа сайжруулах хэрэгтэй. INF гэрээг цуцалснаас хойш Вашингтон Азийн орнуудад дунд зайн системийг чөлөөтэй байрлуулж байгаа. Тиймээ тэрхүү системийг АНУ-д харьяалагддаг Гуам арал дээр, эсвэл холбоотнууд нь зөвшөөрвөл Японы хойд, Филиппиний өмнөд эсвэл Австралийн хойд хэсэгт ч байрлуулж болно. Ердийн тоноглогдсон дунд зайн системтэй АНУ-ын цэрэг Өмнөд Хятад, Зүүн Хятадын тэнгис дэх Хятадын хүчийг эдгээр эрсдлийн бүсэд тэнгисийн цэргийн ангиудыг илгээхгүйгээр устгах боломжтой юм. Ингэвэл Хятадын эх газарт байгаа АНУ-ын усан онгоцыг устгах чадалтай пуужингийн системыг үгүй хийх гэж хичээх шаардлагагүй болно. Иймэрхүү дайралт нь Хятадын цөмийн зэвсгийн дайралтын хүчин чадлыг сулруулж болох юм. Бидэнд байгаа мэдээллээр бол Хятад улс цөмийн хүчийг иргэний /энхийн/ болон дайны зориулалтаар давхар ашигладаг юм. Нөхцөл байдал ноцтойгоор эргэсэн тохиолдолд Хятад улс цөмийн зэвсгээ ашиглахыг үгүйсгэх аргагүй юм.

Олон улсын түвшинд

Трампын засаг захиргаа Хятадын улс төр, эдийн засгийн өсөлтийг тэг нийлбэрийн тоглоомын зарчмаар харж байна. Хятад улс геополитикийн зорилго болон эдийн засгаа хооронд нь уялдуулах зорилгоор “Бүс, Зам” санаачилга болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг байгуулсан гэж үздэг. Хятад улс аж үйлдвэрийн тэлэлтээ ашиглах шинэ зах зээлийг нээж, далайн тээврийн ачааллыг бууруулах зорилгоор төмөр замын сүлжээг бий болгох явцдаа эдийн засгаа сайжруулж байр сууриа дээшлүүлж байна.  

Эхэндээ Трампын засаг захиргааны “Бүс, Зам” санаачилгын тухай ойлголт бүрхэг байсан ба 2017 онд “Бүс, Зам” анхны форумд төлөөлөгчөө илгээж байлаа. Гэвч удалгүй АНУ илүү хатуу байр суурь баримтлаж, Вашингтоны зүгээс улс төрийн нөлөөгөө өргөжүүлэх зорилготой Хятад улсын “дипломат өрийн урхи”-наас сэрэмжлүүлэн Шри-Ланкийн асуудлыг жишээ болгон удаа дараа дурдаж байв. Шри-Ланк улсад Хятадын зээлээр баригдсан боомтын зээлийн өрийг тус улсын засгийн газар төлж чадаагүй тул 2017 оны 12-р сард Хятадын эзэмшилд авчээ. Гэхдээ энэ сэрэмжлүүлгийг шинжээчид АНУ бусад улс орнуудыг “Бүс, Зам” санаачилгад нэгдүүлэхгүйн тулд хийж байгаа ажил гэж харж байна.

Трампын засаг захиргаа “Бүс, Зам” санаачилгын эсрэг “Нээлттэй номхон далай” төслийг санал болгож байна. Урьд нь дурьдсанчлан, энэ бол “стратегийн сэдэвт зохиол” юм. Зорилго нь ээдрээтэй нөхцөл байдлыг намжааж, дотоод болон олон улсын дэмжлэгийг авахад чиглэгддэг.

2018 оны 10-р сард Олон улсын Хөгжлийн Санхүүгийн Корпорац (IDFC)-ыг байгуулахаар санаачилж 2019 оны 12-р сараас уг байгууллага үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Энэхүү шинэ байгууллага нь Хилийн чанад дахь хувийн хөрөнгө оруулалтын корпораци болон АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн өмнө гүйцэтгэж байсан ажлуудыг өргөжүүлэх АНУ-ын хилийн чанад дахь хөрөнгө оруулалтыг дэмжих хамгаалах зорилготой юм.