Нэг. Хатанбаатар С.Магсаржавын тагнуулын ажиллагааны тухай.
1911-1912 онд Хятадад хөрөнгөтний хувьсгал ялснаар Манжийн эзэн хаант гүрэн мөхөж, Хятад, Өвөрмонгол, Ар Монгол, Манжийн үндсэн дэвсгэр нутаг үнэн чанартаа тус тусдаа тусгаар болов. 1911 оны 12 дугаар сард Ар Монгол тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж, Богд хаант улс байгуулагдахад 1912 оны эхээр Монгол тулгар төрдөө дагаар орох саналаа Өвөр монголын 49 хошууны 35 нь өргөн дэвшүүлж, Богд хаант Засгийн газрын идэвхтэй дэмжлэгийг олжээ. Хятадаас тусгаарлах бодлого баримталж байсан Төвдийн Далай ламын Засгийн газар Монгол улсын тусгаар тогтнолыг зөвшөөрч, “Далай ламын сан” нэртэй төлөөлөгчийн газраа Их хүрээнд суулгав. 1912 оны Орос-Японы хэлэлцээрээр Хаант Орос “Гадаад Монгол дахь тусгай сонирхолоо” бататгах боломж олоод байтал 1912 оны 3 дугаар сарын 10-нд тангараг өргөж, Ерөнхийлөгчийн тушаалд дэвшсэн Юань Ши-Кай удалгүй “Монгол Улсыг Хятадын нэг хэсэг” гэж Хятад Улсын Түр Үндсэн хуулиар зарлуулав. Ингэж Ар Монгол дахь Орос-Хятад-Японы сонирхолын өрсөлдөөн өрнөжээ.
Гадаад нөхцөл байдал туйлын хүнд ийм үед Монгол Улс хэдийгээр эдийн засаг санхүүгийн нөөц хомс байсан боловч өөрийн уламжлалт үндэсний зэвсэгт хүчнийг сэргээн хөгжүүлж хятад болон гадаадын бусад улсын тагнуул туршуултай тэмцэх өөрийн өвөрмөц онцлогтой уламжлалт системтэй байсаар иржээ. Түшээт хан аймгийн жанжин Чин Ван Ханддорж хошуундаа:
“хөвгүүдийг төрийн хэрэгт бэлтгэх, тэр дундаа тагнуулын ажлын мэдэгдэхүүн олгодог сургууль” -тай байв.
Хожим Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө тууштай зүтгэсэн Б.Цэрэндорж, А.Амар, А.Данзан зэрэг улс төр, тагнуулын зүтгэлтнүүд эндээс төрөн гарсан байдаг.
Богд хаант Монгол Улс аюулгүй байдлаа хангах үүднээс төр засгийн улс төрийн бодлого боловсруулахад шаардлагатай мэдээ олох зорилгоор уламжлалт тагнуулын тогтолцоон дээр суурилсан тагнуулын ажлыг зохион байгуулж Гадаад, Дотоод, Цэргийн яам, Зүүн, Өмнө, Баруун хязгаарын сайдуудад эрхлүүлж байжээ. Үүн дээр Богд хааны хувийн тагнуул, шашны хэрэг эрхлэх Шанзавын яамны тагнуул ч нэмэгдэх нь гарцаагүй юм. Нийслэл хүрээнээс хойд зүгт Шадивлангийн хийдэд лам тагнуулчдыг бэлтгэдэг сургууль байсан гэх аман мэдээ бий.
Гадаад яамны чиглэлээр гадаадад суурин тагнуулчдыг суулгаж, тухайн орны нөхцөл байдал, улс төрийн талаарх мэдээллийг тасралтгүй авч байжээ.
Тухайлбал:
“Бээжин дэх тагнуулч: ... баттай эх сурвалжаас хянавал Богд хаантан болон түүний төрийн сайдуудын амь насыг хөнөөхөөр бэлтгэгдсэн тусгай бүлэг этгээдүүд Хүрээний зүг гарах гэж байгаа сурагтай. Уг бүлэг этгээд шадар сайдууд нэгэн дор цугларч байх үед харвагч зүйлээр тэсрэх бөмбөг шидэх юм байна” хэмээн мэдээллэж, Богд хаант Монгол Улсын тагнуулын ажилтнууд түүнийг таслан зогсоох арга хэмжээг авч байжээ.
Дотоод яамны чиглэлээр тагнуулын үйл ажиллагааг Засгийн газрын зүгээс “Орон нутагт суух төлөөний түшмэлийн дүрэм” -д тагнуулын мэдээ хураах, тагнуулын 1-2 хүнийг ашиглахыг зөвшөөрсөн заалт оруулан баталж, орон нутагт тагнуулын үйл ажиллагааг түүгээр дамжуулан явуулж байв.
Богд хаант Монгол Улсын эрх баригчид, сайд нар төрийн хэргийг явуулах, түүний нууцлалыг хангах үүднээс өөрсдөдөө нууц нэр өгч, тусгай шифрийн кодыг зохион хэрэглэж байв. Хатанбаатар С.Магсаржавын хувьд “Шилэн аяга”, “Жинчин” гэсэн нууц нэрээр төрийн үйл ажиллагаанд оролцож байжээ.
Гомбо-Идшин гүн:
“Цэргийн газар ирж харьяат сайдын нэгнээ нийлэн арга ирж урвасан самууныг үлдээн хөөх зэрэг газар орныг халхлан хамгаалж явсан. Халх голын зэрэг газар үүрлэн бүгж халдан түйвээсэн морьт ангийн хулгай нарыг арилган сөнөөх хэрэгт нөхөр Магсаржав, Гэлэгсэнгэ нар лугаа хүчин хавсран дорно умард хязгаар манжуур замыг сэргийлэн хамгаалж явсан. Бас автономитыг устгасан хэрд эзэрхэг харгисын дарлагдлаас ангижрах эрх чөлөөг олох тухай нөхөр Хатанбаатар Магсаржав, Манлайбаатар Дамдинсүрэн, эдүгээ тушаалын Судар бичгийн хүрээлэнгийн дарга Жамьян, хорчин Магсаржав, Жигмэд нарын хамт журмын нөхөд Сүхбаатар, Чойбалсан нарын долоон хүнийг айл Оросод нууцаар илгээх зэрэг хувьсгалыг өдүүлсэн хэргийн учир дайсанд баригдан хоригдож зарим нь сүйдэж бид нар элдэв гашуун зовлонг эдлэн үхэн зүтгэн явсан гавьяа буй. ... нууцаар явсан нөхдөөс сэм эгэж ирсэн нөхөр Догсом нар лугаа учран хэл мэдээ авалцан мөн Догсомыг мөнөөх гайхлуудаас сэрж сэргийлэх сэдэв гармагц шууд хамгаалан авсан хэргийн улмаас гадагш хөөгдөн Зүүн хязгаарыг батлан хамгаалах сайдаар томилогдон одоход нөхөр Догсомыг гарын түшмэлд авч дэргэдээ дагуулан хамгаалан гарсан зүйл буй. ... ялангуяа дайн, дайсны аль хатуу хүчир хэрэгт онц хүчин зүтгэснийг хэлэлцвээс нөхөр Хатанбаатар Магсаржав бид хоёр болох авч аль нэг доор ноцтой алба зарлаганд боолчлон зарагдсаныг бодвоос Гомбо-Идшин хэмээж болно” хэмээн Хатанбаатар Магсаржавын тагнуулын оролцоог илтгэжээ.
Мөн уг Гомбо-Идшин гүний тэмдэглэснийг бататгасан мэт “Унгерн Хатанбаатар С.Магсаржавыг сэрэмжилбэл зохих хүн гэж үзээд түүнийг улсын төвөөс холдуулахын тулд 1921 оны тавдугаар сард баруун хоёр аймгийн цэргийг дайчлан захирах сайдаар томилсон нэрийдлээр баруун хязгаарт хөөн явуулж” байжээ.
Хатанбаатар баруун хязгаарт ажиллахдаа тагнуулын үйл ажиллагааг гаргууд зохион явуулж байсан нь баруун хязгаарт өрнөсөн зэвсэгт тулгаралтуудаас ажиглаж болох юм. Хатанбаатар С.Магсаржав дайсантай тулалдахын өмнө тэдний байрлал, хүч, бэлтгэл зэргийг мэдэхийн тулд янз бүрийн арга мэх сүвэгчлэн тагнуул цэргүүдээ явуулж, нарийн сайн судалдаг байжээ. Энэхүү судалгааны гол зорилго нь байлдаан болох газар орны байдлыг тодорхой мэдэх явдал байв. Баатар ван ямагт их цэргийнхээ түрүүнд толгойн сэргийлэх туршуул цэргийг явуулдаг. ... Дайсантай ойртсон үед тагнуулаа өртөөлж тавьдаг. Тэгэхдээ 4-5 хэсэг болгож хамгийн хол захаар гарсан цэргүүд нь тагнуулын үүргийг гүйцэтгэж дайсны бүх байдлыг дараагийнхдаа мэдээлж, тэд нар нь ар руугаа мэдээлэн дамжсаар яамны төв байранд ирж мэдээлэх зэргээр арагшаанаа өртөөлөн гүйцэтгэдэг байжээ. Тагнуулд гарсан хүмүүс дайсны байгаа газрын байрлал, тэдний цэргийн тоо, бэлтгэл хүч зэргийг бүх талаас нь мэдэхээс гадна тэр орчмын газрыг нарийн сайн ажиж “газрын омог мэдэх” үүрэгтэй байжээ. Ямар газар нь сайн мэргэн буучаа байрлуулбал ашигтай вэ? гэдгийг сонгож, тэр газраа “газрын омог авна” гэж ярьдаг аж. Энэ мэтээр бэлтгэл сайн хангасны дараа яаж дайсныг цохивол зүйтэйгээ шийдэн тулалддаг байжээ.
Хүчээр тэнцүү буюу дайсных дутуу байвал шууд дайрч орон, нэхэн хөөж цохидог. Дайсны хүч асар их бол дайсны 2 захаар нь нөгөө сонгон авсан газрын омогтоо хамгийн шилдэг сайн бууч цэргээ байрлуулж, хэсэг хүчээр дайсныг шууд дайрч сандарган үймүүлээд, жаахан ухарч нөгөө бууч цэрэгтээ ойртуулж авчраад, эргэн дайрч ороход бууч цэргүүд нь 2 талаас нь хумиж бүслэн цохидог байсан зэрэг олон өвөрмөц аргыг хэрэглэж дайснаа цохидог байсан нь ардын журамт цэргийн дурдатгалуудаас тодорхой харагдаж байна.
1921 оны 7 дугаар сарын эхээр Улиастайд байсан Монгол-Орос цэргийн ангиудыг хээрийн сургуульд гаргасны дараа, дарга нарын зөвлөлгөөн болоход Хатанбаатар С.Магсаржав:
“Улиастайн орчим байгаа Кайгородов, Казанцев нарын отряд болон монгол цэргийг нийлүүлэн нэгтгэвэл дуртай чиглэлд цохилт хийж болох тийм нударга болно” гэж санал гаргаж, Казанцевийг шадар отрядаа авч бэлтгэсэн цэргээ авч ирэхээр мордуулж, дараагаар Вандановын цэргийг ямарч буун дуу гаргахгүй баривчилсан нь эртнээс төлөвлөсөн хэрэг бөгөөд дээрх санал ч Вандановын цэргийг дарах операцийн нэгэн хэсэг байжээ. Хатанбаатар С.Магсаржавын төлөвлөсөн ёсоор Вандановыг баривчлан шийтгэсний дараагаар түүний цэрэгт явж байсан Дамба гэгч:
“Оргоод явсан Ванданов чинь
Олсоор хүлүүлээд ирэв
Олон цэргүүд дотроос
Онингоогоор буудуулав хө
Шуугианы дундуур гарсан Ванданов чинь
Шурагтын өртөөнөөс
Сураар хүлүүлэн ирж
Шороо тослов хө
Засаг Чүлтэмийг алсан
Зандалчин Ванданов чинь
Замын өртөөнөөс хүргүүлэн ирж
Заазлуулав хө” хэмээн дуулж байжээ.
Хатанбаатарын зүгээс толгой цэргийн түрүүнд тагнуулчдыг тохоон явуулах, түүний араас холбоочныг дагуулах, мэдээлэл олзлох, цуглуулах хүрээнд цэргүүдийг энгийн байдлаар чиглэл бүрт ажиллуулах зэрэг цар хүрээгээр өргөн ажиллагааг явуулж чадаж байжээ.
Хатанбаатарын цэрэгт явж байсан партизан Б.Аюушжав:
“Хатанбаатар тэр үед намайг цэргийн хамгийн түрүүнд явуулж, миний хойноос 10 цэрэг явдаг байсан. Цэрэг буух газар болоход би арван цэрэгтээ мэдээ өгөх бөгөөд тэд маань хойшоо их цэрэгтээ дам мэдээ өгдөг байсан”
Партизан С.Агваансэнгээ:
“Намайг Сүрэн гүний хошуунд явахад Магсаржавын тушаалаар цагааны цэргийн хүч, явж буй замыг тагнан мэдэхээр миний хуучин танил Намжил, Гомбосүрэн нар явж байхад нь дайралдаад тэдэнд газарчилж хамт явж Хөтөл усанд очиж, цагааны 700-гаад цэрэг байсныг мэдэж хойш Хатанбаатарын цэрэгт мэдээлсэн билээ” хэмээн тус тус дурджээ.
Түүгээр ч барахгүй цагаан цэргийн дотор нууцыг суулган цэргийн хөдөлгөөн, үйл ажиллагааны талаар мэдээлэл авч байжээ. “Улиастайд байсан цагаантны 1000 гаруй цэрэг Хиагт орохоор явсан нь үнэндээ Хиагт орохгүй, харин Хиагт орох нэрийдлээр Улиастайгаас холдон гарч эргэж манай /Хатанбаатарын цэрэг/ цэргийг устгах зорилготой байсан” -ыг Орос өвгөн Элеск мэдээлж, Унгерний цэрэг Сэлэнгэ мөрний районд сүйртлээ цохигдоод, Монгол-Зөвлөлтийн цэргийн ангиудад мөрдөгдөн хөөгдөж Улиастайн чиглэлд яваа бололтой гэсэн мэдээ Казанцевт ирсэнийг олж мэдсэн төдийгүй “Зөвлөлтийн улаан цэрэг ба Сүхбаатарын цэргүүд ирж байлдаад Бароныг барьж Зөвлөлт, Монголын цэргүүд буцсан” гэх мэдээг Жалханз хутагтаас шуурхай хүлээн авч Казанцевийн цэргийг цохих бэлтгэлдээ орж байжээ.
1920 оны эхээр Монгол Улсын баруун хязгаарт суурьшин газар нутаг таслан авч, ард иргэдийг үймүүлж хувилгаан хэмээн өргөмжлөгдсөн халимаг Дамбийжанцанг Монгол Улсын баруун хязгаарыг тохинуулах сайдаар томилох гэж байгаа тухай цуурхал тарааж, туслагчийн хүчээр “Жа ламтан”-ы өөрийнх нь сонорт хүргэж, дараа нь гүн С.Ламжав, Дилав хутагт Б.Жамсранжав нараар “Таныг баруун хязгаарыг тохинуулах сайдаар томилох санал Засгийн газарт буй бололтой” гэсэн утгатай захидал хүргүүлж, удалгүй Засгийн газраас томилогдсон халхавчаар Н.Дугаржав, Д.Нанзад, Х.Сандуйжав, Даш, М.Лувсандамба нарыг бараа болгогчоор дагуулан Маажинсан уулнаа очиж Дамбийжанцанг устгасан Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатар болон Дотоодыг хамгаалах газрын хамтран зохион байгуулсан цэрэг-тагнуулын арга хэмжээг боловсруулах урьдчилсан судалгааг Хатанбаатар С.Магсаржав гүйцэтгэжээ. Тухайлбал 1921 онд партизан З.Галсанжамцыг Хатанбаатараас Дамбийжанцанг судлах тушаалыг өгч явуулжээ.
Партизан З.Галсанжамц:
“Хатанбаатарын тушааснаар ... улаан өнгийн тэрлэг олж өмсөөд Балжинням гэдэг хүний хамт Дамбийжанцан ламыг тагнахаар явав. Балжинням Цонжийн чиглэлд явсан ба би Засагт ханы хүрээн дээр очиж суув. Тэнд Дамбийжанцан ирж ном тавина гэх мэдээ байсан юм. Би монгол бичиг мэдэхгүй дүр үзүүлж Засагт ханы тамган дээр бичиг заалгахаар ирсэн хүн болж байв. Бас тамгын туслагч Чойжилжав гэдэг баян айлын малыг хариулах зэргээр хэдэн сар зарагдаж байгаад цааш явах бодлогыг өвөрлөж Бигэр номон ханы хийдийн цамыг тохиолдуулан очив. Тэнд Дамбийжанцан ирж ном тавихад би түүнд мөргөв. Ямар хэлтэй хүн болохыг мэдэхээр амьдын ерөөл айлтгасан чинь үг ярьсангүй. Дамбийжанцан баруун гараа өврөөс үл авах бөгөөд зүүн гартаа эрээн хошоогоор ороосон мод бололтой юмаар адис тавьж байв. Харин Дамбийжанцангийн дагуул 30 шахам лам хувцастай хүмүүс нь том хутгатай, дээлийн дотор маузер буутай явдаг байв. Эдгээрийг мэдээлэхээр хүний морь хулгайлан унаж Улиастайд очоод Хатанбаатарын талын итгэл бүхий хүнд хэлээд буцдаг байв” гэжээ.
Дээр өгүүлсэнчлэн Дамбийжанцанг Монгол Улсын Баруун хязгаарыг тохинуулах сайдаар томилох гэж байгаа тухай цуурхалыг “Жа ламтан”-ы өөрийн сонорт хүргэсэн туслагч нь Хатанбаатар С.Магсаржавын суурьшуулсан тагнуулч байж болзошгүй юм.
Цэргийн явдлын яамны сайдаар ажиллаж байх хугацаандаа Хатанбаатар Магсаржав гадаад тагнуулын ажиллагааг чадварлаг зохион байгуулж мэдээллүүдийг тасралтгүй авч байжээ. Энэ нь түүний эртнээс бий болгосон тагнуулын сүлжээ ажилласаар байсныг харуулж буй юм. Тухайлбал: түүний хуучны хамтрагч Гомбо-Идшин гүн 1925 онд Гадаад яамны эрхэлсэн түшмэлээр ажиллаж байгаад мөн оны сүүлчээр Төвөд улсад суух Элчин сайдаар томилогдож Төвөдийн цаг үе, цэргийн байдал, Англи, Хятадын байдал, хандлага зэргийг Цэргийн явдлын яамны гадаад тагнуулын хэлтэст нууцаар мэдээлэж байжээ.
Тэрээр:
“Монгол Ард Улсын Бүх Цэргийн Явдлын Яамны гадаад тагнуулын хэлтсийн газар өргөн мэдүүлэх нь: Төвөд, Англи хоёрын хоорондын байдал болвоос туйлдаа ер сайнгүй. Товчилвоос Далай лам болон шашны эрх баригчдаас Английг буддын шашныг хэрэгсэхгүй хэзээд залхах завшихыг бодохоос өөргүй, хүчирхэг түрэмгий этгээд хэмээн ялангуяа тэр жил чанадаас цэрэг түлхэж хүчирхэн эзэлсэний улмаас нэн ч өшөө таавар болж тэднээс ленсийн газар этгээд хүртэл нэг ч хүн суулгахгүй хориглон буй ажгуу. ... Гадаад лугаа холбогдсон хэрэг болбол тухай бүр цааш мэдүүлж хэлэлцэх зүйл буй мэт. ... Англи, Хятад хоёр болвоос эвлэх эвдрэх нь тогтворгүй, муж, муж адилгүй элдэв болох нь бэлхэнээ олон газрын сонин сэтгүүл мэдээ зүйлд тодорхой буй заа. ... Англиас Төвөд улсад сууж буй элчингүй. Гагцхүү улсын баруун этгээд хязгаар боомтын газар нэг консул бие хамгаалах төвөд цэрэгтэй суумой. Англи улсаас бидний сайд түшмэлийг Монголоо үмхсэн, улаан орос танай төвөдийн лам ноёд, бурхан шашныг устгахаар ирэв хэмээх зэргээр элдэв муу хэлэв. Төвд улс урд Чин улсын үед Жингээс 2000, Үйгээс 1000, бүгд 3000 цэрэг тэжээж зэвсэг буурай, сургууль суртал маш бүдүүлэг. Гагцхүү барууныг сэргийлэн явчихуй. Тусгаарласнаас нааш олон цөөхөн адилгүй хэд хэдэн мянгаас түм хүртэл цэрэглэчихүй. Зэвсэг анх удаа олонх англи буутай, дараа хятадыг хөөхөд хурдан буу түм хэдэн мянгыг олзлон хураачихуй. ... Төвөд улсын урд урдын олон хаадын үеэс нааш 5 дугаар далай ламыг хүртэл удаа дараа тогтоосон хууль нэг дэвтэр нэг хувийг нөхөр Цэвэгдорж бид нар маш нууцаар олж авсаныг энд ирсэн хойно Судар бичгийн хүрээлэнд буулган авахуулсан зүйл буй.
Чухамдаа гадаадын улс орнууд руу тагнуулаар явуулах хүмүүст Дотоодыг хамгаалах газраас тусгайлан мэдэж ирэх сэдэв бүхий даалгаврыг өгч, элчин сайд, “Судар бичгийн хүрээлэнгийн ажил” зэргээр халхавчлан явуулж байсныг үзэхэд тэрээр ЦЯЯ-нд бус Дотоодыг хамгаалах газар буюу тагнуулын байгууллагад мэдээлэх учиртай байв. Гэвч тэрээр Цэргийн явдлын яамнаа мэдээлэж байсан нь Хатанбаатар С.Магсаржавт явуулж байсан нь илэрхий юм. Түүний “аль нэг доор ноцтой алба зарлаганд боолчлон зарагдсныг бодвоос Гомбо-Идшин хэмээж болно” гэснийг ухварлан үзвэл ноцтой алба гэдгийг тагнуулын алба гэж ойлгож, түүнийг явуулан харилцаж, удирдаж байсан хүн нь Хатанбаатар С.Магсаржав болох бизээ.
Хатанбаатар С.Магсаржав ДХГ-тай нягт хамтран ажиллаж байсан нь Барон Унгерны цэргийн удирдагч “Ц.Л.Очиров, Ц.Ж.Туванов нарын хэрэг”-ийг таслан зогсоосон, Хатанбаатартай холбоотой хэргийг ДХГ-аас яаралтай мөрдөн шийдвэрлэж тус газрын зүгээс нэр төрийг нь сэргээх талаар арга хэмжээг авч байснаас харагддаг.
1923 оны 1 дүгээр сард Хатанбаатар С.Магсаржав, Жалханз хутагт нарт нэгэн утга бүхий захидал иржээ.
Уул захидалд:
“... би Сөгнөгөр, Баянголд цэрэг элсүүлж зэвсэг цуглуулж байна. Хойд зүгээс хүрээг байлдан ороё. Хатанбаатар, Жалханз гэгээн та хоёр Нийслэл Хүрээний дотроос зэвсэгт бослого гаргаж, Ардын засгийг хавсран устгаж, Богдыг хэмжээгүй эрхт хаанд өргөмжлөе ...” гэсэн байжээ.
Уг захидлыг Хатанбаатар С.Магсаржав ДХГ-т шалган шийдвэрлүүлэхээр ДХГ-ын дарга Д.Балдандоржид өгснөөр ДХГ болон ЦЯЯ хамтран уг хоёр хүний үйл ажиллагааг тагнах, захидал хийгээд мэдээлэл үнэн бол Манжуураас Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулж ирж баривчлах ажиллагааг явуулахаар тогтжээ. Учир нь гадаад улсын нутаг дэвсгэрт цэрэг-тагнуулын үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндэслэл байхгүй байв.
Тагнуулын мэдээгээр: 1922 онд Ц.Л.Очиров, Ц.Ж.Тувановт Манжуурт сууж байгаагаа тодорхойлсон захидал бичсэн төдийгүй ... Орос Улсын Байгаль мужийн газар цагаан цэргийн анги нээж хуралдуулахаар зэхэж буйгаа илтгэн уулзахаар ирэхийг санал болгожээ. Энэ үед Ц.Ж.Туванов Хайлаар хотод биеэ эмчлүүлэхээр ирээд байжээ. Ц.Ж.Туванов дээрх Ц.Л.Очировын бичсэн захидлыг авмагц Манжуурыг зорьж, Манжуурт Ц.Л.Очиров, Ц.Ж.Туванов цагаан цэргийн үлдэгдлийг нэгтгэх үйл ажиллагаа явуулж буй нь тогтоогджээ.
Улмаар ЦЯЯ-наас Барон Унгерний үед хамт байлдаж явсан Цэдэнхалтарыг Манжуураас бараа авахаар Монголоос ирсэн гэх халхавчаар явуулж, Ц.Л.Очиров, Ц.Ж.Тувановтай уулзуулан:
“... Манжуурт бараа авахаар Монголоос ирсэн хэмээгээд Монголын Засгийн газрын хэргийг монгол, буриад хүмүүс удирдаж буй. Бодоо нарыг цаазаар аваачсан ...” хэмээн мэдэгдэж Монгол Улсад нэвтрэн орж ирэх боломжтойг цухалзуулжээ.
Цэдэнхалтартай уулзсаны дараагаар Ц.Л.Очиров, Ц.Ж.Туванов нар Монгол Улсын Хөх нуурын газар буй ардын цэргийн анги лугаа уулзаж цагаан намын цэрэгт урван орох тухай зөвлөлдөн хэлэлцэх, цагаан цэрэгт майхан худалдаж авах даалгавраар Монгол Улсын нутагт нэвтрэн иржээ. Улмаар Хөх нуур дахь ардын цэрэгт таних хүнгүй учраас нутгийн гүнд орж цагаан цэргийн анги байгуулая хэмээн зөвшилцөн, захидал бичин Хөх нуурын цэрэг, Хатанбаатар, Жалханз хутагт нарт явуулсанд Хөх нуурын цэрэг довтлон Ц.Ж.Тувановыг баривчилж, Ц.Л.Очировыг оргуулан алджээ. Ямартай ч тэдгээрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулж ирэх тагнуулын төлөвлөгөө биелжээ.
Дотоодыг хамгаалах газраас Ц.Ж.Тувановыг мөрдөн байцаасны үр дүнд Ц.Ж.Очировтой харилцаа холбоотой байсан хэд хэдэн буриадын нэрийг илрүүлэн, тэдгээрийг баривчилжээ.
Тэдгээр буриадууд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:
“... Очировын бие Манжуурын газраас хамт гарсан Тувановын биеийг баригдсан ... Монгол ардын анги цэрэг лүгээ эсэргүүцэн байлдсан зэргээс айн сандарч зугтан явсаар Өлгий хэмээх газар ирсэн бөгөөд Буриад хүн болон суучихуй ...” хэмээжээ.
Дээрх мэдүүлгээс үндэслэн Дотоодыг Хамгаалах Газраас Ц.Л.Очировыг илрүүлэх ажиллагааг шуурхай явуулж эхэлсэн байна. Энэхүү ажлын хүрээнд Ц.Л.Очировтой хуучны харилцаа бүхий Нийслэл хүрээн дэх нэр бүхий буриадууд, лам нарыг баривчилсан байна. Энэ нь Ц.Л.Очировыг Нийслэл хүрээнд ирэн буриадуудтай харилцаа холбоо тогтоох, бослого хөдөлгөөн гаргахаас урьдчилан сэргийлсэн явдал байв. Улмаар Дотоодыг Хамгаалах Газраас Ц.Л.Очиров Нийслэл хүрээ орохын тулд лам хувцас өмсөн өөрийгөө буриад Лувсан хэмээн халхавчлан: “... Нийслэл хүрээнээ очиж Богд хаанаа мөргөмүй..” хэмээн Баянгол, Сөгнөгөр орчим нутаглаж байсан Монгол Самдан гэгчийнд морио амраах нэрийдлээр сууж байгаа тухай мэдээлэл авчээ. Улмаар Дотоодыг Хамгаалах Газрын анхны дарга Дашийн Балдандорж, хэлтсийн туслах түшмэл Т.Дамдин нар хэдэн цэргийн хамт ардын цэргээс оргосон нэрээр явж Ц.Л.Очировын байрлаж байсан Самдангийнд хүрч очжээ. Ингэхдээ Хатанбаатар, Жалханз хутагт нарын хуурамч захидлыг өргөн барьжээ. Д.Балдандорж, Ц.Л.Очиров хоёр Ардын төрийг устгах тухай ярилцахад Ц.Л.Очиров:
“... ардын засаг лугаа эсэргүүцэн байлдах байдал төлвийг зөвлөлдөн хэлэлцэх хурлыг нээхэд нэр бүхий хүмүүс итгэлтэй болох учир тэд нарын биесийг дуудан ирүүлж болмой...” хэмээн дээр Ц.Ж.Тувановын мэдүүлгээр нэр илэрч баригдсан буриад нарыг дурьдсан байна.
Ийнхүү тэдгээрийн хань харилцаатай байсан хүмүүсийн нэрийг тогтоож авснаар түүнийг баривчлан үйл ажиллагааг нь таслан зогсоожээ.
Хоёр. Тагнуулын байгууллагаас Хатанбаатар С.Магсаржавын нэр төрийг сэргээсэн тухай.
1927 онд Нийслэл хүрээний хотын захиргаанд Дотоодыг Хамгаалах Газрын түшмэл хэмээх үл таних хүнд эд зүйл, мөнгө луйвардуулсан хэмээн өргөдөл, гомдол ирэх болов. Юу хэмээвээс:
“1927 оны 1 дүгээр сарын эхээр Цэрэн гэгчийн эхнэрийн булган тоорцогийг би Дотоодыг Хамгаалах Газарт ажилладаг, манай нэг түшмэл булган тоорцог авна гэсэн үзүүлээд авбал тоорцогны үнэ 90 янчааныг авчирч өгнө. Хэрэв авахгүй бол тоорцогийг буцаан өгье хэмээн аваад сураггүй болсон учир тус этгээдийг олж өгнө үү” гэсэн иргэн Цэрэнгийн өргөдөл, Нийслэл хүрээнд суух Хятадын харьяат Нярав хэмээх Зин Жүнд өөрийгөө Лувсандорж хэмээн танилцуулж, Сангийн яаманд няравын албатай, Хатанбаатар вангийн шавь бөгөөд тэдний хашаанд суудаг, үнэ хөлсийг нь маргааш өгнө хэмээн 3 янтай авч сураггүй алга болсон учир Хатанбаатар вангийн хашаанд очиж асуухад огт тийм хүн байхгүй хэмээн өгүүлсэн тухай гомдол тус тус гарчээ. Эл үед Хатанбаатар Магсаржав Бүх Цэргийн Зөвлөлийн гишүүн, Цэргийн яамны сайд байв.
ДХГ болон Хатанбаатар Магсаржавын нэрийг барьж луйвар хийсэн явдал нь “их л зоригтой хүний” хийх үйлдэл бөгөөд Нийслэл хүрээнээ томоохон хэрэгт тооцогдож байв. ДХГ-аас энэхүү хэргийг шалгах, эзэн холбогдогчийг олж, ДХГ-ын болон Хатанбаатар вангийн нэр төрийг сэргээх үүрэг хүлээгээд байжээ. ДХГ-ын Нууц явдлын хэлтсээс шуурхай арга хэмжээ авч, Хантайшир уулын аймгийн Наранжаргалант уулын хошууны харьяат 34 настай Шаравсамбуу гэгчийг Нийслэл хүрээнээс баривчлан хоёр удаа байцаалт авахад тэрээр хэргээ хүлээсэн байна. Шаравсамбуу мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 1924 онд Нийслэл хүрээнд орж ирсэн. ДХГ-т ажилладаг хэмээн Цэрэнгээс булган тоорцгийг авч, Наваан гэгчид 90 янчаанаар зарсан, Хатанбаатар вангийн нэрийг барьж 3 ширхэг янтай авч үнийг нь маргааш авчирч өгнө хэмээгээд 1 янтайг Дарьгангын хүрээнд суугаа Шарав гэгчид худалдсан, үлдсэн 2 янтайг хөдөө багшдаа өгсөн нь үнэн гэж мэдүүлжээ. Улмаар хоёр дахь удаагийн байцаалтанд: ДХГ-ын Пиогийн түшмэл Даш халагдсан, би түүний оронд ажиллаж байгаа хэмээн тарган Баяртын пүүсээс өмд, цамцны хөх торго 32 янчаанаар авсан ба үнийг дараа өгнө гэж хуурмагласан, Хатанбаатар вангийн чонон дахыг хулгайлан, дээл хийж өмссөн энэ буй хэмээн хэргээ хүлээсэн байна. Пиогийн түшмэл хэмээх нь гадаад нэвтрэн гарах иргэдийн асуудал хариуцаж, гадаад гарах тамга бичиг олгодог эрх, үүрэг бүхий хүн байв.
ДХГ-аас Шаравсамбууд эд зүйлээ алдсан, луйвардуулсан Цэрэн, тарган Баяртын пүүс болон холбогдох хүмүүсээс мэдүүлгийг авахад Шаравсамбуугийн байцаалттай таарч байснаар тус хэргийг үйлдсэн нь тодорхой болжээ. 1927 оны 2 дугаар сарын 11-нээр Шаравсамбуугийн хэргийн мөрдөн байцаалтыг дуусгаж, Нийслэл хүрээний шүүн таслах газар хэргийг таслан шийтгүүлэхээр мөрдөн байцаалтын хэрэгтэй нь хамт хүргүүлсэн байна. ДХГ-аас Шаравсамбуу гэгч этгээдийн ДХГ, Хатанбаатарын нэрийг барьж луйвар, хулгай хийсэн бусармаг үйлдлийг ард олонд илчлэн, ДХГ-аас Хатанбаатар вангийн нэр хүндийг сэргээх зорилгоор зарлал бичиг гаргах, ухуулах ажлыг гүйцэтгэсэн байна.
ТЕГ-ын Тусгай архивын судлаач Н.Батболд