Тагнуулын ерөнхий газрын онцлох тэмдэг нь сансар эрхэс, наран, саран, сав шим орчлонгийн ухагдахууныг бэлгэдсэн хамгийн боловсронгуй дүрс болох дугуй /хүрд/ хэлбэртэй байна. Энэ нь тус газар хамгийн зөв чигч бодлого явуулж, төр улсаа хамгаалах боловсронгуй бүтцэд эрмэлзэж байдгийг илтгэнэ. Дугуй нь мөнх хөх тэнгэрийг бэлгэдсэн хөх дэвсгэртэй байна.
Монголчууд нэн эртнээс сүлд тугандаа дээдлэн залж ирсэн хараа хурц, хурдан шаламгай шонхор шувууг дугуйн дээд хэсэгт халин дүүлж буй байдлаар дүрслэх бөгөөд түүний хоёр далавчны үзүүрийн хэсэг дугуй дүрснээс илүү гарч толгой нь далавчны дотор талд байрласан байна. Энэ нь Монгол Улсын төрт ёсны хийгээд заншлан тагнах түүхэн уламжлалыг бэлгэдэхийн хамт тагнуулын байгууллагын үйл ажиллагааны онцлог шинж /ил, далд эх сурвалжаас мэдээ олж, нэгтгэн дүгнэж, түүний чандлан нууцалдаг/ сүр хүчийг илтгэнэ.
Зохиомжийн дотор орон зай, дөрвөн зүг, найман зовхисыг илэрхийлсэн түгээмэл илэрхийлэл болох талст /сум/ хэлбэрийн дүрсийг солбилцуулан байрлуулсан нь Тагнуулын ерөнхий газрын үйл ажиллагаа бүхий л орон зай, зүг чигт, тасралтгүй явагддагийг илэрхийлэхийн дээр тэдгээрийн зарим хэсэг бамбайн цаана халхлагдсан нь тус байгууллага ил, нууц арга, хэрэгслийг ашигладаг гэсэн санааг илтгэнэ.
Зохиомжийн гол хэсэгт монгол цэргийн уламжлалт дугуй бамбай, түүний төвд төр улсаа дээдэлсний бэлгэдэл болох соёмбыг байрлуулж, тэдгээрийг тойруулан алтан туузан дээр ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР гэсэн нэрийг хүндэтгэлтэйгээр тодотгон бичсэн байна. Энэ нь Тагнуулын ерөнхий газар нь хууль ёсыг чандлан сахиж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг гадна, дотны халдлагаас хамгаалах төрийн захиргааны төв байгууллага гэсэн санааг илтгэнэ.
Энэхүү тэмдэгт зөвхөн хөх, алтан шаргал өнгийг хэрэглэсэн нь Тагнуулын Ерөнхий газар төрийн өмнө хүлээсэн үүрэгтээ чин үнэнч, хувиршгүй зүтгэнэ гэсэн санааг өнгөөр бэлгэдсэн болно.
НИЙТЭЛСЭН: 2018-10-01 өдөр 17:09:5 цаг
ҮЗСЭН:
Хуваалцах