92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
Энэтхэг, Хятадын хилийн мөргөлдөөн: Түншилт

https://niss.gov.mn/wp-content/uploads/2020/07/kashmir_military_clash_x2_640-nc-3.png

2020 онд Энэтхэг, Хятад хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буй боловч талууд хилийн мөргөлдөөнөөр ойгоо “тэмдэглэв”. 1962 онд Энэтхэг, Хятадын дайн болсноос хойш үе үе хилийн мөргөлдөөн гардаг ч энэ удаагийнх сүүлийн 45 жилд хүний амь үрэгдсэн ширүүн мөргөлдөөнд тооцогдож байна.

Хилийн мөргөлдөөн гарсан нь

Энэтхэг, Хятадын хилийн мөргөлдөөн гарах болсон шалтгааныг хилийн маргаантай бүсэд Энэтхэгийн тал зам тавьснаас болсон, энэ нь тохиролцоогоо зөрчсөн явдал гэж Хятадын тал үзсэн бол Энэтхэгийн тал Хятадууд өөрсдөө энэ газрыг Энэтхэгийнх гэж хүлээн зөвшөөрсөн атал одоо үүнийгээ үгүйсгэж байна гэсэн юм.[1] Үүнээс үүдэж талууд 5 дугаар сараас эхлэн Гимлай уулын баруун тал (1962 оны Энэтхэг, Хятадын дайн болж байсан газар) Ладак бүсийн Галван тосгоны орчим тус бүр мянга гаруй цэрэг хуралдуулав. 6 дугаар сарын 15-ны өдөр нөхцөл байдал дээд цэгтээ тулж, мөргөлдөөн гарсан нь 8 цагийн турш үргэлжилжээ. Энэтхэгийн талаас 20 гаруй цэрэг, Хятадын талаас 40 гаруй цэрэг амь үрэгдсэн (гэхдээ үүнийг Хятадын тал үгүйсгэж байгаа) тухай мэдээлсэн юм. Цэргүүд гэхдээ галт зэвсэг хэрэглээгүй, их хэмжээний чулуу, төмөр зэргийг ашигласан бөгөөд амь үрэгдсэн шархатсан шалтгааны дийлэнх нь хавцал хаднаас унасантай холбоотой гэжээ.

Тохиролцоо

Байдлыг намжаахаар Энэтхэг, Хятад хоёр улсын Цэргийн команд удирдлагын яриа хэлэлцээг 6 дугаар сарын 6, 22, 30-ны өдөр тус бүр гурван удаа явуулж, сунжирсан хүндхэн хэлэлцээний үр дүнд, 7 сарын 7-ны өдөр талууд цэргээ татаж, нөхцөл байдлыг намжаав.

Энэ арга хэмжээний өмнө 7 дугаар сарын 3-ны өдөр Энэтхэгийн ерөнхий сайд Н.Моди мөргөлдөөн гарсан бүсэд хүрэлцэн ирж, тус улс ОХУ-аас их хэмжээний зэвсэг худалдан авах төлөвлөгөөтэй байгаагаа зарлав.[2] Энэтхэгийн ерөнхий сайд өөрийн биеэр ийн ирж мэдэгдэл хийсэн бөгөөд энэ тухай мэдээгээр урьдчилж огт гараагүй, нууцалж байгаад очсоныхоо дараа нийтэд мэдээлсэн нь Хятадын удирдагчдад Энэтхэгийн тал ухарч няцаж, бууж өгөхгүй шүү гэдэг хүчтэй мессежийг өглөө гэж судлаачид дүгнэжээ.[3] Хятадын тал үүний хариуд “стратегийн эндүүрэл” гарах вий дээ хэмээн сануулсан юм. Хятадын Цинхуа их сургуулийн судлаач Цян Фэн үүнийг Энэтхэгийн засгийн газар Ковид19-тэй тэмцэж чадахгүй байгаа, эдийн засаг нь муу байгаа зэрэг дотоодын бухимдлыг өөр тийш чиглүүлэх зорилготой л алхам гэж тайлбарлажээ.[4]

Юутай ч үүний дараа 7 дугаар сарын 5-ны өдөр Хятадын Гадаад хэргийн сайд Ван И, Энэтхэгийн Үндэсний Аюулгүй байдлын зөвлөхтэй утсаар ярьснаар маргааш нь цэргээ татах шийдвэр гаргасан юм. Харин Энэтхэгийн тал замын ажлаа үргэлжлүүлнэ гэдгээ тууштай мэдэгдсээр байгаа ба Хятадын тал Энэтхэгийг Хятадынхтай адил арга хэмжээ авч цэрэг, дипломатын яриа хэлэлцээгээр хилийн байдлыг нааштай болгож зөөлрүүлнэ хэмээн найдаж буйгаа илэрхийлжээ.[5]

Хариу арга хэмжээ

Энэхүү сөргөлдөөний талаар Хятадын хэвлэл мэдээллийнхэн харьцангуй намжмал байсан бол Энэтхэгийн тал идэвхтэй мэдээлж, дотоодод нь хятадын эсрэг үзэл эрчимжжээ. Энэтхэгийн засгийн газар Хятадын Тик-ток, Вычат гэх мэт 59 аппликэйшнийг хааж, Хуавэй, ZTE технологийн компаниуд болон автомашины үйлдвэрийн хөрөнгө оруулалтаас татгалзахыг уриалсан ба Энэтхэгийн Үндэсний Худалдааны тэнхим Хятадаас авахгүй байх 450 барааны жагсаалт гаргав.[6] Хятадын эсрэг Энэтхэгийн үндэсэрхэг үзэл нэмэгдэж, иргэдийн 87 хувь нь хориг тавихыг дэмжжээ.

Гэвч эдийн засагчид арай өөр бодолтой байгаа, тодруулбал Энэтхэгийн гадаад худалдааны 10 хувийг Хятад эзэлдэг,[7] Энэтхэгийн худалдааны том түнш, автомашины импортын 25 хувь, гар утасны эд ангийн импортын 90 хувийг Хятадаас авдаг учраас ийм төрлийн хориг арга хэмжээ эргээд Энэтхэгийн экспортод сөргөөр нөлөөлж магадгүй гэж үзжээ.[8] Харин Хятадын гадаад худалдааны 2 хувийг л Энэтхэг улс эзэлдэг, тэгэхээр худалдааны хориг зэрэг нь Хятадын эдийн засагт нөлөө үзүүлэхгүй гэж Хятадын судлаач тооцсон нь үндэстэй юм. 

Түншилт

Энэ удаагийн Энэтхэг, Хятадын хилийн мөргөлдөөнийг шинжээчид янз бүрээр дүгнэж байна. Энэтхэгийн тухайд Номхон далайн баруун хэсэгт Хятад, АНУ-ын сөргөлдөөн нэмэгдэж, Умард Солонгос, Тайвань, Өмнөд Хятадын тэнгисийн нөхцөл байдал хурцадаж буй энэ үед Энэтхэг улс зориуд “төвөг учруулж”, ХАЧА-г (Хятадын Ардын чөлөөлөх арми) хоёр чиглэлд хүч хаях бололцоотой эсэхийг нь түншиж үзсэн хэрэг. Нөгөө талаар АНУ-ын Энэтхэг Номхон далайн стратеги Энэтхэгт өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлсэн байх талтай.[9]

Харин Хятадын тухайд Энэтхэгийн дотоодод Ковид19-ийн халдварын нөхцөл хүндэрсэн энэ үеэр нь Хятад улс энэхүү алхмыг хийсэн нь стратегийн завшаан хайгч гэдгийг нь илтгэж байна. Энэ бол хэний ч өмнө Бээжин нэр хүндээ алдахаас үл эмээн, “чонон дайчин”-ы гадаад бодлого явуулж байгаа хэрэг бөгөөд Хятадын олон улс дахь дуу хоолой нэлээд өөрчлөгдөж буйг илтгэж байгаа юм.[10]

Гэхдээ ямар ч нөхцөлд “дайныг ухаалаг тооцоон дээр хийдэг, хэн нэг цэрэг хил давж буудсанаар дайн дэгддэг биш, дайны шийдвэр ямагт дээд удирдагч нарын түвшинд л гардаг[11] гэж Хятадын Энэтхэг судлаач үзээд цаашид ч энэ хоёр улсын хилийн мөргөлдөөн дайтах үндсэн шалтгаан болохгүй гэдгийг онцолжээ.

Газар нутгийн маргааны давтамж

Хил орчмын газар нутгийн маргаан бол Энэтхэг, Хятад хоёрын харилцаа үе үе хурцаддаг гол шалтаг, шалтгаан юм. Энэ хоёр улс баруун, зүүн, дунд гэсэн гурван тусдаа газраар хил залгадаг, хилийн шугамын урт нийлээд 2000 км, үүнээс 120 мянган км.кв газар нутагт маргаантай.

1962 оны Энэтхэг, Хятадын дайн: 1951 онд дэгдсэн газар нутгийн маргаан даамжирсаар 1962 оны 10 сарын 20-оос 11 сарын 21-ний хооронд нэг сар Энэтхэг, Хятадын хилийн зүүн, баруун хоёр хэсэгт хилийн цэргүүд тулалдсан юм.

1967 оны хилийн мөргөлдөөн: Төвөдтэй хиллэж байсан Сиккимийн Вант улсаас Энэтхэгийн нөлөөг  (1642-1975 онд оршин тогтнож байсан) гаргахаар Хятадын цэрэг 1967 оны 10 сарын 1-нд Сикким рүү цэрэг оруулсан ба Энэтхэгийн цэргийн хариу цохилттой тулгаран 10-ны өдөр буцаж гарсан үйл явдал юм.

1987 оны хилийн тулгаралт: Энэ хэрэг явдлаар цэргийн шууд мөргөлдөөнд ороогүй ч харилцаа нэлээд хүйтэрсэн. 1962 оны хил дээрх дайн болсон газрын ойролцоо Даван бүсэд Хятадын цэргүүд хожим обьект барьсан байх бөгөөд Энэтхэгийн цэргүүд үүнийг илрүүлэн цэрэг илгээн хээрийн сургууль хийж, тус бүсийн Сулула хэмээх газар 1986 онд хоёр талаас цэргүүд тулгарч, хараахан мөргөлдөлгүй яриа хэлэлцээгээр төгссөн.

2017 оны Докламын цэргийн тулгаралт: 1987 оны цэргийн тулгаралтаас хойш 30 жилийн дараа дахин цэргийн тулгаралт болж, харилцаа хүйтрэв. 2017 оны 6 сарын 16-нд Энэтхэг, Хятадын дунд орших Бутаны Вант улсын хилийн уулзвар дахь Докламын өндөрлөгт Хятад улс автозамын ажил эхлүүлсэн тул 18-ны өдөр Энэтхэгийн цэргүүд Докламд ирж, Хятадыг саатуулсан бөгөөд хоёр талын цэргийн тулгаралт 2017 оны 8 сарын 18 хүртэл хоёр сар үргэлжилсний эцэст хятадын тал хүн хүч, тоног төхөөрөмжөө эргүүлэн татсанаар хурцадмал байдал намжиж байсан.

Тухайн үед Энэтхэг, Хятад хоёр дайтах эсэх талаар шинжээчид Докламын цэргийн тулгаралтын ид дунд үеэр ч энэ хоёр улс байлдахгүй гэж итгэл төгс дүгнэж байсан билээ. Учир нь тэдний олон ашиг сонирхол давхцдаг, дайтвал төлөх золиос хэтэрхий их, хэн хэнд нь хохиролтой тусна гэж байлаа. Үнэхээр ч дараа жил нь 2018 онд Ши Жиньпин, Н.Моди нар Уханьд уулзалт хийж хилийн маргааныг шийдвэрлэх хамтарсан механизм байхуулах асуудлыг ярилцаж байсан билээ. Гэвч хоёрхон жилийн дараа ийнхүү дахин дэлхийн дээвэр дээр мод чулуугаар “байлдсан” юм.  


[1] 中印对峙进一步升级 两国大幅增兵加勒万河谷 https://www.bbc.com/zhongwen/simp/world-52889893

[2] 莫迪突访冲突地区 印军添置俄制武器https://www.dw.com/zh/莫迪突访冲突地区-印军添置俄制武器 /a-54040833

[3] 中印冲突:印度总理莫迪到访拉达克 称“不会停止建造道路桥梁”https://www.bbc.com/zhongwen/simp/world-53306647

[4] 环球时报:莫迪突访中印边境冲突地区,外交部:不应采取导致局势复杂化的举动https://war.163.com/20/0704/10/FGMFJL4K000181KT.html

[5] 2020年7月6日外交部发言人赵立坚主持例行记者会 https://www.fmprc.gov.cn/web/fyrbt_673021/t1795264.shtml

[6] India’s Chinese App Ban Is Just the Beginning https://thediplomat.com/2020/07/indias-chinese-app-ban-is-just-the-beginning/

[7] 2019 年度印度进出口情况报告 http://commerce.sz.gov.cn/attachment/0/513/513180/7268878.pdf

[8] Explained: Will banning Chinese imports hurt India’s exports? https://indianexpress.com/article/explained/explained-will-banning-chinese-imports-hurt-indias-exports-6477934/

[9] 中印边境冲突:中、印、国际主要观点汇总 https://www.bbc.com/zhongwen/simp/world-53122867

[10] What the latest India–China border crisis tells us about Beijing’s broader ambitions https://www.iiss.org/blogs/analysis/2020/06/india-china-border-crisis-beijing-ambitions

[11] 专访林民旺:”战争都是理性选择的结果 https://www.dw.com/zh/专访林民旺战争都是理性选择的结果/a-54001305