92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
НАХЯ-УАБХЕГ /1959-1990/
1950-аад онд БНХАУ-ын зүгээс социалист орнуудын эсрэг дайсагнах болсонтой холбогдуулан үндэсний аюулгүй байдлаа хамгаалах, олон улсын тавцанд байр сууриа бэхжүүлэх, батлан хамгаалах чадавхиа нэмэгдүүлэх зорилгод нийцүүлэн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 1959 оны хамтарсан хурлын 170/160 тоот нууц тогтоолоор мөн оны 6 дугаар сарын 23-нд Цэрэг ба Нийгмийг Аюулаас Хамгаалах Хэрэг Эрхлэх Яамыг Ардын Цэргийн Хэргийг Эрхлэх Яам, Нийгмийг Аюулаас Хамгаалах Яам болгосон байна. НАХЯ-ыг бүтцийн хувьд Улсыг аюулаас хамгаалах газар /УАХГ/, Улсын цагдан сэргийлэх газар /УЦСГ/, Засан хүмүүжүүлэх ерөнхий хэлтэс, Хамгаалах тусгай батальон, Хилийн байцаан өнгөрүүлэх ангиудтай байхаар тогтоожээ.
 
1960-аад оны эхэн үеийн тагнуулын байгууллагын гол зорилтыг “империалист гүрний тагнуул, туршуул, түүний гар хөл болох дотоод дахь хувьсгалын эсэргүү этгээдийг илрүүлэн тэмцэх явдал” гэж үзэж байжээ. Үүнтэй холбоотойгоор улсын чухал объектыг  “дайсны” хорлолоос сэргийлэхэд ихээхэн хүч анхаарал тавьж байв.
 
1960-1989 онд УАХБ нь сүшиг бишрэлээр нөлөөлөгчдийг орон нутгийн намын байгууллагатай хамтран ухамсарлуулах арга хэмжээ зохиож байжээ.
 
Хятадад “соёлын хувьсгал” дэгдсэн жараад оны сүүлчийн хагасаас Монгол, Хятадын харилцаа эрс муудсан юм. Уг нөхцөл байдлаас үүдэн БНХАУ-ын зүгээс зохиож байгаа тагнуул, үзэл суртлын хорлон сүйтгэх үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, түүнийг хугацаа алдалгүй илрүүлэх, гэмт үйлдэл, зорилгыг таслан зогсоох талаар нэлээд арга хэмжээг авч хэрэгжүүлэх болсон юм.
 
УАХБ-ын үйл ажиллагааг боловронгуй болгох талаар авсан нэг чухал арга хэмжээ бол тус байгууллагын үйл ажиллагааны чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх арга, технологийг сайжруулахын тулд урьд мөрдөж байсан гүйцэтгэх ажлын дүрэм, заавруудыг шинэчлэх, заримыг нь шинээр гаргах, ялгаж ангилах, системчлах байдлаар 10 гаруй зааврыг батлан гаргасан НАХЯ-ны сайдын 1982 оны 01 тоот тушаал юм.
 
НАХЯ-ны УАХЕГ-аас ЗХУ ба социалист хамтын нөхөрлөлийн бусад орнуудын тусгай албадтай тогтоосон хамтын ажиллагаа хөгжин бэхжив.
 
Энэ хугацаанд тус байгууллагын үйл ажиллагааны чиглэл, зохион байгуулалтын бүтэц нь 1982-1985 онуудад өргөтгөн томорсон, 1987-1990 онд цомхотгогдон багассан өөр өөр онцлогтой байжээ.
 
1980-аад оны сүүл 1990 оны эхээр социалист системийн задрал эхэлж, Монгол Улсын баримталж байсан онол мухардалд орсон нь нийгэм, улс төр, эдийн засгийн хямралд хүргэж, Монгол оронд ардчилсан хөдөлгөөн өрнөх нөхцөл бүрэлдсэн юм.
НИЙТЭЛСЭН: 2018-10-03 өдөр 15:03:3 цаг           ҮЗСЭН: