92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
БИОТЕРРОРИЗМЫН АЮУЛ ЗАНАЛ, ТҮҮНЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АСУУДАЛ

Хүн төрөлхтөн эрт дээр үеэс дайн тулаанд амьтан, ургамлын хоруу чанар (биологийн бодис)-ыг ашиглаж эсрэг талдаа хохирол учруулах замаар давуу байдлыг олж авч байсан жишээ нилээдгүй байдаг бөгөөд түүхэн хөгжлийн явцад зорилго, арга хэлбэр нь хувьсан өөрчлөгдсөөр орчин үеийн биотерроризмын ойлголтыг бий болгосон. Энэ нь биологийн бодисыг зориудаар суллах, тараах замаар их хэмжээний хохирол учруулдаг терроризмийн нэг хэлбэр болж өөрчлөгджээ.

Биотерроризм үйлдэгдэх явцад бактери, вирус, мөөгөнцөр буюу хорт бодисууд хүний эсвэл байгалийн хүчин зүйлсийн нөлөөгөөр хувьсалд орохоос гадна агаар дусал, хоол хүнс зэрэг олон зам сувгаар тархах эрсдэлтэй тул түүний хор хөнөөлийн түвшинг урьдчилан тооцох боломжгүй юм. Нөгөө талаас биологи, химийн бодис, бактери зэрэг нь хоруу чанар, төлөв байдлаа богино хугацаанд өөрчилж байгаа нь түүнийг илрүүлэх, урьдчилан сэргийлэхэд ихээхэн бэрхшээл учруулдаг онцлогтой.

Дэлхийн түүхээс авч үзэхэд хими, биологийн зэвсгийг ашиглах замаар олон нийтийг айдаст автуулах, цаашилбал зэвсэгт мөргөлдөөн, дайн тулаанд түүнийг ашигласаар ирсэн нь хүн төрөлхтөний эсрэг үйлдэж буй хамгийн ноцтой гэмт хэрэг болоод байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгээс энэхүү сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах зорилгоор “Биологийн зэвсгийг үл хэрэглэх тухай” Женевийн протоколыг санаачилсан нь томоохон дэвшил хэмээн үзэж болох хэдий ч хүчирхэг гүрнүүдийн зүгээс энэ төрлийн зэвсгийг хязгаарлагдмал хүрээнд янз бүрийн зорилгоор нууцаар ашиглах, хэрэглэх тохиолдлууд гарсаар байна.

Ийм учраас тус протоколын үйлчлэх хүрээ, зохицуулж буй харилцааг тодотгож 1972 онд “Биологийн зэвсгийг хориглох тухай” Женевийн конвенцийг 

санаачилсан бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхийн 183 улс нэгдэж ороод байна. Монгол Улсын хувьд тус конвенцид 1972 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр нэгдэн орсон бөгөөд үүнтэй холбоотойгоор НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 1540 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага байна. Үүний нэгэнд хоёрдмол зориулалттай бараа бүтээгдэхүүний жагсаалт батлах, түүнд хяналт тавих асуудал байгаа билээ.

​​  

Сүүлийн жилүүдэд олон улсын террорист байгууллага, этгээдийн зүгээс хими, биологийн зэвсгийг ашиглан хүн амын эсрэг хүчирхийлэл үйлдэх санаархал хүчээ авч байна. Тэдний зүгээс хүн ам олноор төвлөрсөн газар, барилга байгууламж, объектод химийн хорт хий цацах, хүн, мал, ургамалд гоц халдварт өвчин тараах, шуудан илгээмжинд хорт бодис шингээх зэргээр олон хэлбэрээр халдлага, хүчирхийлэл үйлдэж байгаа жишээ олон.

 

Биотерроризмийг үйлдэгдэж буй арга хэлбэр, цар хүрээгээр нь дараах 2 түвшинд хуваан үзэж болохоор байна:

 
  1. Бүс нутгийн шинжтэй: Биологийн зэвсгийг энгийн буюу олдох боломжтой биологи, химийн хорт бодисоос гарган авч түүнийг хүн ам олноор төвлөрсөн хот суурин, дэд бүтэц, ундны ус, хүнс зэрэгт тараах замаар хүн, ургамал, амьтны гоц халдварт өвчин үүсгэх, улмаар хүний эрүүл мэнд, амь нас, цаашилбал улс орны эдийн засагт шууд болон шууд бусаар их хэмжээний хохирол учруулах үйлдлүүд. Энэ төрлийн халдлага нь ихэвчлэн бүс нутгийн маргаан, зөрчилтэй газар оронд үйлдэгдэх нь их байдаг байна.
  2.  Олон улсын шинжтэй: Улс орнуудын геополитикийн санаархал, бусад улс орнуудыг эдийн засгийн хараат байдалд оруулах, богино хугацаанд үлэмж хэмжээний хор хохирол учруулах зорилгоор биологийн зэвсэг ашиглах үйлдлүүд. Энэ нь ихэвчлэн улс орнуудын хувьд нууц далд аргаар биологийн зэвсэг бүтээх, энэ зорилгоор төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, барилга байгууламж бий болгох, улмаар түүнд мэргэшсэн чадварлаг эрдэмтдийг ажиллуулах, түүнчлэн биологийн лабораториос ховор төрлийн нян, эс, вирус хулгайлах, түүнийг үржүүлэх зэргээр биологийн зэвсэг гаргаж авах, бүтээх үйл ажиллагаанууд хамаарч байна. 

Дэлхий дахинд сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд гарсан вирусын гаралтай халдварт өвчин, түүний үүсгэгч нян, бактери зэргийг харьцуулахад БНХАУ-д голомтолсон ковид-19 вирус, түүний хор хөнөөл, учруулж буй эрсдэл, сөрөг нөлөө нь биотерроризмын шинжтэй үйлдэл байж болзошгүй тухай зарим нэг эх сурвалжууд мөн онцолж байна. Учир нь тус өвчний үед улс орнуудын баримталж буй бодлого, үйл ажиллагаа, түүнээс урьдчилан сэргийлэх асуудал нь биотерроризмын үед авах арга хэмжээтэй төсөөтэй байгаа нь биотерроризмын аюулын түвшинд түүнийг үнэлж байгаатай адилтгаж болохоор байна.

Учир нь хими, биологийн зэвсэг ашиглан үйлдэгдэж болох биотерроризмын аюул занал нь дараах нийтлэг сөрөг үр дагавар, хор хөнөөл учруулдаг:

  • Бусад төрлийн зэвсэгтэй харьцуулахад хими, биологийн зэвсэг нь үй олноор устгах, түүний хоруу чанар удаа хугацаанд арилах, үүсч болох хор уршиг, сөрөг үр дагавар үлэмж их;
  • Түүний хор уршиг хүн амын эрүүл мэнд, удмын сан, хүрээлэн буй орчинд урт хугацаанд үргэлжлэх шинжтэй;
  • Шинжлэх ухаан, техник, технологийн хөгжил дэвшил нь нэг талаас энэ төрлийн зэвсэг, хэрэгслийг олж авах, бүтээх, үйлдвэрлэх, ашиглахад түлхэц өгч байгаа;
  • Сөргөлдөгч талуудын хооронд хими, биологийн зэвсгээр хөөцөлдөх, түүнийг олж авах эрмэлзэл эцэс төгсгөлгүй, түүнд ялагч гэж байхгүй;
  • Хөгжлийн шинэ түвшинд хүрсэн биологийн зэвсгийг бусад байгалийн болон болон химийн гаралтай бодис, эм бэлдмэлээр саармагжуулах боломжгүй, бүрэн аюулгүй болгоход урт хугацаа шаардаж байгаа зэрэг болно.

Иймд улс орнууд биотерроризм, түүний аюул заналаас урьдчилан сэргийлэхийн тулд дараах чиглэлд анхаарал хандуулж арга хэмжээ авах шаардлагатай байна:

  1. Хүнсний аюулгүй байдал: Хүнс, ундны усны аюулгүй байдал, түүнд тавьж буй хяналт, онцгой нөхцөл үүссэн үед хүнсний нөөц, түүний хангалтыг зохион байгуулах тогтолцоог сайжруулах;
  2. Хилийн хяналт шалгалт: Улсын хилээр зорчиж буй зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд биечлэн хяналт шалгалт тавих, техник, технологийн дэвшилтэт шийдлийг нэвтрүүлэх, бүртгэл мэдээллийн системийг сайжруулах;
  3. Анагаах ухаан, шинжлэх ухааны хөгжил: Үүсч болзошгүй өвчин эмгэг түүнтэй тэмцэх чиглэлээр хийсэн судалгаа, шинжлэх ухааны туршилт, шинээр илэрсэн өвчин эмгэгт тохирсон ерөндөг, эм бэлдмэлийг богино хугацаанд боловсруулах чадавхи бий болгох, энэ чиглэлийн тусгай лаборатор бий болгох, түүнийг хөгжүүлэх;
  4. Онцгой нөхцөлд ажиллах бэлэн байдлын төлөвлөгөө: Учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, түүнийг богино хугацаанд эрсдэл багатайгаар даван туулах бэлэн байдлын төлөвлөлттэй байх, түүнд тохирсон хүч, хэрэгсэл, төсөв санхүүгийн нөөц бий болгох;
  5. Нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлыг хангах: Олон нийт айдаст автах, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал бий болгохоос урьдчилан сэргийлэх, мэдээ, мэдээллийн албан ёсны эх сурвалжийг ашиглах, шаардлагатай тохиолдолд хязгаарлах замаар иргэн, нийгмийн оюун санааны дархлааг бий болгох;
  6. Эрүүл мэндийн байгууллага, онцгой байдал, тусгай албаны чадавхийг дээшлүүлэх: Учирч болзошгүй аюул заналаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагуудын албан хаагчдыг энэ чиглэлээр мэргэшүүлэх, чадавхийг бэхжүүлэх, материал, техник хэрэгслийн хангалтыг зохион байгуулах зэрэг болно.

 

Түүнчлэн биотерроризмын аюул, заналыг өсгөхөд зарим нэг тооцоолоогүй хүчин зүйлс, үйл ажиллагаанууд нөлөөлж болохыг саяхны үйл явдлууд батлан харуулж байна. Тухайлбал, БНСУ, Иран Улсад дэгдээд буй “ковид 19”-ийн тархалтад шашны буруу урсгал, номлолоос үүдэлтэй иргэдийн төөрөгдөл, зан үйл нөлөөлсөн талаар хэвлэлүүд онцолж байгааг анхаарах нь зөв.

Монгол Улсын хувьд “ковид-19” вирусын тархалт эрчимжиж байгаатай холбогдуулан биоаюулгүйн бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд “Зоонозын өвчин судлалын үндэсний төв”, “Мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатор”-ийн биоаюулгүй ажиллагааны BSII кабинетэд үнэлгээ хийж байгаа хэдий ч цаашид шуурхай ажиллах нөхцлийг хангах, голомтод ажиллаж буй мэргэжилтнүүдэд халдвар, хамгаалал, биотерроризм, биоаюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн шинжээчдээр сургалт, мэдээллийн ажлууд зохион байгуулах, энэ чиглэлээр мэргэшүүлэх шаардлага үүсээд байна.

ДҮГНЭЛТ: Биологийн зэвсэг, түүгээр үйлдэгдсэн биотерроризмын аюул занал нь ямар ч терроризмын хэлбэрээс хамгийн их хор хохирол, сөрөг нөлөөлөл, эрсдэл учруулах шинжтэй. Түүний аюул занал, хор уршгийг урьдчилан тооцоолох боломжгүй боловч урьдчилан сэргийлэх арга хэмжээг өндөр түвшинд зохион байгуулах нь үүсч болох эрсдэлийг бууруулахад хамгийн чухал ач холбогдолтой.

Энэ үйл ажиллагаа нь нэг улсын хүчин чармайлтаас дан ганц шалтгаалахгүй гагцхүү хамтын хүчин чармайлтаар хэмжигдэж байгааг өнөөдөр нүүрлээд буй “ковид 19” вирусын аюул занал харуулж байна. Нөгөө талаас улс оронд энэ төрлийн аюул заналтай тэмцэхийн тулд бэлэн байдлын төлөвлөлт, арга тактикийг боловсруулах хэрэгцээ шаардлага тулгараад байна. Террорист этгээдүүдийн хувьд үй олноор хөнөөх зэвсэг олж авах нь туйлын зорилго байдаг бөгөөд ирээдүйд тэдний гарт биологийн зэвсэг очсон тохиолдолд улс орнууд учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх, аюулыг саармагжуулахад чиглэсэн нэгдсэн бодлого, аргачлал, зохион байгуулалт байхгүй байгааг ковид-19-ийн дэгдэлт баталж байна.

Монгол Улсын хувьд өнөөдрийг хүртэл хими, биологийн аюулгүй байдлыг хангах тусгайлсан нэгж, мэргэшсэн баг /CBRN Team – Chemical, Biological, Radiological and Nuclear Team/ байхгүй, эрүүл мэнд, онцгой байдлын байгууллагад энэ чиглэлийн чиг үүрэг нь тодорхой бус байгаа нь болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх тогтолцоо хангалтгүй байгааг харуулж байна. Иймд цаашид биоаюулгүй байдал, биотерроризмын чиглэлээр мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэж, мэргэшүүлэх, эм, бэлдмэл, өвчин судлалын тусгай лаборатори байгуулах, хими, биологийн аюул занал, болзошгүй террорист халдлагын үед түүнийг илрүүлэх, саармагжуулах, аюулгүй болгох, устгах чиг үүрэг бүхий тусгайлсан чиг үүргийг төрийн аль нэг байгууллагад хариуцуулах, тэдгээрийн мэргэшсэн албан хаагчдаас бүрдсэн тусгай чиг үүрэгтэй баг байгуулах хэрэгцээ шаардлага бий болоод байна.

Эх сурвалж:

  1. A new model of bioterrorism risk assessment. Radosavljevic V1, Belojevic G.

2.   Биоаюулгүй байдлыг хангах Үндэсний хорооноос ирүүлсэн танилцуулга

https://www.cdc.gov/anthrax/bioterrorism/index.html
https://www.hindawi.com/journals/tswj/2018/7849863/
https://www.medicalnewstoday.com/articles/321030

https://www.ready.gov/Bioterrorism
https://www.researchgate.net/figure/fig1_40758755

 

 

НИЙТЭЛСЭН: 2020-03-11 өдөр 12:57:4 цаг           ҮЗСЭН: 1428977