92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
ИСЛАМЫН УЛС (ДАЕШ) ТЕРРОРИСТ БАЙГУУЛЛАГЫН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА

Исламын Улс-ДАЕШ террорист байгууллагын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, анхаарах асуудал

 

Өнөөгийн нөхцөл байдал, үүсч болох эрсдэл:

Исламын Улс буюу ДАЕШ /Islamic State of Iraq and Syria/ террорист байгууллагын эсрэг өнгөрсөн 2 жилийн хугацаанд АНУ, ОХУ, БНТурк тэргүүтэй эвслийн цэргийн хүчин амжилттай тэмцсэний дүнд тус террорист байгууллага өөрийн хяналтад байсан Ирак, Сири дэх газар нутгаа алдаж, нийт 25 мянга орчим дайчид нь амь эрсдээд байгаа боловч түүний дэлхий дахинд учруулах аюул, занал буураагүй байна.

Өнөөдрийн байдлаар тус террорист бүлэглэлийн дайчид Ирак, Сирийн бүс нутгаас шахагдаж Афганистан, Тажикистан зэрэг Төв Азийн бүс нутгууд руу нэвтрэх, улмаар тус бүс нутгаар дамжин гуравдагч улс орон руу нэвтрэхийг санаархаж байна.

Европын Холбоо: Европын бүс нутгаас нийт 6000 орчим гадаад террорист дайчид [1] хямралт бүс нутаг руу зорчсон байна. Үүнээс одоогоор 2000 орчим иргэн сураггүй алга болсон, 900 орчим иргэн тус бүс нутагт үлдсэн бол 800 орчим иргэн өөр бүс нутаг руу дүрвэж, харин 2300 гаруй иргэд Европт буцаж ирсэн байна.

Европын улсуудын эрх баригчдад тэдгээр буцаж ирсэн иргэдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх, хэрхэн радикал үзлээс нь салгах, нийгэмшүүлэх вэ гэсэн тулгамдсан асуудал болоод байна.

Төв Ази: 2018 оны 6-р сард НҮБ-ын Терроризмтой тэмцэх албаны судалгаагаар ТУХН-ийн гишүүн улсуудын 5000 орчим гадаад террорист дайчид эх орноо орхиж ДАЕШ террорист байгууллагад нэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар эдгээр иргэд болон Ирак, Сирийн бүс нутгаас шахагдсан бусад дайчдын хамтаар Афганистан Улсын хойд мужуудад байрлаж байгаа мэдээлэл байна. Өдгөө энэ нөхцөл байдал олон улсын байгууллагуудын хамгийн тулгамдсан асуудал болж, улмаар бүс нутгийн хэмжээний аюул занал үүсгэж байгаа юм.  

Цаашид эдгээр иргэдийн зүгээс Төв Азийн улсууд тэр дундаа Тажикистан, Узбезистан, Киргизстан болон Казахстан улсууд руу нэвтрэн орох, улмаар гуравдагч улс руу тус бүс нутгаар дамжин шилжих магадлалтай байгааг олон улсын байгууллагуудаас анхааруулж байна.

Өмнөд Ази: 2019 оны 4-р сард Шри-Ланк Улсад болсон террорист халдлагыг Тавлиг Джамаат, Жаммаятхул Миллату Ибрахим бүлэглэлүүд ДАЕШ террорист байгууллагын удирдлага, зохион байгуулалтын дор зохион байгуулсан нь бүс нутгийн радикалчлалыг террорист байгууллагатай хослуулсан жишиг буюу бүс нутагт ийнхүү ДАЕШ-ийн хэлбэрүүд шинээр үүсч буй аюул заналын сонгодог жишээ болсон юм. Цаашид энэ мэт халдлагууд Шри Ланка, Энэтхэг, Мальдив, Индонез, Филиппин, Малайз улсуудад үйлдэгдэх эрсдэл өндөр байна.

Цаашдын чиг хандлага:

ДАЕШ нь өөрсдийн үйл ажиллагааг өргөжүүлэх, аюул заналын хамрах хүрээг тэлэхийн тулд үйл ажиллагааныхаа арга хэлбэрийг өөрчлөх болсон. Терроризмтой

тэмцэх чиг үүрэг бүхий олон улсын байгууллагуудын томъёолж байгаагаар тус бүлэглэл “Виртуал Халифат” буюу цахимд орчинд үйл ажиллагаагаа идэвхжүүлэхийг эрмэлзэж байна. Ингэснээр тэд дэлхийн хаана ч цахим орчныг ашиглан өөрсдийн гишүүнийг элсүүлэх, бий болгох, суртал ухуулга, өдөөн турхирсан шинжтэй үйл ажиллагаа явуулах, санхүүжилтийн эх үүсвэр бий болгох боломжийг бүрдүүлэх юм.

Нэгэнтээ өөрсдийн хяналтад байсан газар нутгаа алдсан тул тэд ний зүгээс террорист үйлдлийн санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох, хөрөнгө мөнгө босгохыг оролдсоор байна. Энэ зорилгоор засаг захиргаа, дотоодын дэглэм сул, ядуу буурай улсуудыг сонгож хөрөнгө мөнгө төвлөрүүлж байна.

Тухайлбал, 2019 оны 9 дүгээр сард Ливи Улсын санхүүгийн байгууллагаас 35 сая ам.долларыг цахим халдлагаар хулгайлж улмаар Тунис Улс руу жижиг, дунд үйлдвэрлэл болон үнэт эдлэлд хөрөнгө оруулах замаар шилжүүлж тэрхүү угаасан мөнгөө  террорист халдлага үйлдэхэд ашиглахыг завдаж байсныг хууль сахиулах байгууллагууд хамтран тогтоогоод байна.

ДАЕШ террорист байгууллагын ихэнх дайчид амь эрсдэж, хяналтад байсан газар нутгаа алдсан ч ДАЕШ-ийн үйл ажиллагаа виртуал хэлбэрт шилжиж байгаагаас шалтгаалан цаашид тус террорист байгууллагатай хамаарал бүхий олон  жижиг бүлэг, бүлэглэлүүдийн үйл ажиллагаа идэвхжих хандлагатай байгааг НҮБ-ын Терроризмтой тэмцэх албанаас анхааруулж байна.

Нөгөө талаас тус террорист байгууллагын халдлагын арга, хэлбэрүүд мөн өөрчлөгдөж байна. ДАЕШ террорист байгууллагын халдлагын үндсэн объект нь Европын Холбооны улсууд бөгөөд тус бүс нутагт террорист халдлагад ашиглагдаж болзошгүй галт зэвсэг, хэрэгслийн хяналт, шалгалт сайжирч байгаагаас шалтгаалан шинэ техник, технологи, хими, биологи, цөм, цацраг идэвхт бодис, хэрэгсэл ашиглаж халдлага үйлдэхийг эрмэлзэх болсон байна.

Санхүүжилт, түүний эх үүсвэр:

2019 оны эхний хагас жилд хийсэн судалгаагаар ДАЕШ нь 50-300 орчим сая ам.долларын хөрөнгөтэй [2], түүний дийлэнхийг эртний эдлэл, үнэт олдворууд эзэлж байгаа аж. Дээрх эд зүйлсийг өөрийн нууц агуулах, байранд хадгалж байгаа гэсэн мэдээлэл байна.

Террорист этгээд, бүлэглэлүүд бэлэн мөнгө шилжүүлэхдээ “хавала” болон бүртгэлгүй үйлчилгээг түгээмэл ашиглаж байгаа бол сүүлийн жилүүдэд төлбөрийн

шинэ систем, цахим валют [3]-ыг ашиглан санхүүжилтийн эх үүсвэрээ бүрдүүлэхийг зорьж байна. Тухайлбал, 2018 онд террорист этгээдүүд цахим хэлбэрээр Тон, Блокчэйн, Грам зэрэг цахим валютыг хөгжүүлэх замаар хөрөнгө оруулагчдаас 1,7 тэрбум ам.долларыг босгосон байна.

            Үүнтэй холбоотойгоор терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд дараах чиглэлд анхаарал хандуулж ажиллах шаардлага байгааг тусгай албадууд мэдэгдэж байна:

  • Гар утасны төлбөрийн үйлдлийн систем болон төлбөрийн шинэ системийг ашиглан терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэг үйлдэгдэх эрсдэл нэмэгдсэн;
  • Крипто/виртуал валют буюу цахим мөнгө, хөрөнгийг терроризмыг санхүүжүүлэхэд ашиглах эрсдэл нэмэгдсэн;
  • Цахим залилан/цахим луйвар зэрэг нь хөрөнгө босгох эх үүсвэр болсон зэрэг болно.

Эх сурвалж: НҮБ-ын 24 дүгээр тайлан, 2019 оны 7 дугаар сар.

 НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны мэдээлэл

 НҮБ, ФАТФ-ын “ДАЕШ” бүлэглэлийн санхүүжилттэй холбоотой илтгэл



[1] НҮБ-ын АЗ-ийн 2014 оны 2178 дугаар тогтоолоор Foreign Terrorist Fighter буюу “гадаад террорист дайчин” гэж өөрийн төрөлх нутгаа орхин хямралт бүс нутагт (Ирак, Сири зэрэг) зорчсон, улмаар террорист байгууллага, бүлэглэлд элссэн хүнийг хэлнэ гэж заасан. 2013-2019 оны байдлаар дэлхийн 120 гаруй улсаас 50 мянга орчим иргэд тус бүс нутагт очиж Исламын Улс-ДАЕШ террорист байгууллагад гишүүнээр элссэн тоо баримт бий.

[2] 2014-2017 онуудад  ДАЕШ-ийн хяналтад байсан газар нутгаас хамаарч тус террорист байгууллагын хөрөнгийн хэмжээ 5 тэрбум ам.долларт хүрч байсан байна.

[3] 2019 оны 3 дугаар сарын 26-нд YouTube-ээр дамжуулан Аль-Каидатай холбоотой Жабхат Аль-Нусра бүлэглэлийн нөлөө бүхий гишүүн Абдалла Аль-Мухайсини террорист бүлэглэлд 5 сая гаруй ам.долларын хөрөнгө босгож, өөрийн дагагчиддаа хандаж «Хамас» бүлэглэлийг дэмжиж биткойноор хандив үзүүлэхийг уриалж байсан бөгөөд тэрбээр энэ нь "мөнгө шилжүүлэх, жихадад оролцох найдвартай, аюулгүй арга" гэж тодорхойлж байсан.

 

НИЙТЭЛСЭН: 2019-11-28 өдөр 12:00:0 цаг           ҮЗСЭН: 1427709