МОНГОЛ УЛСЫН ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
GENERAL INTELLIGENCE AGENCY OF MONGOLIA
Цаг үеийн мэдээлэл
Уншсан: 74
2018-05-09
ДЭЛХИЙН II ДАЙНЫ ТӨГСГӨЛИЙН ТАВДУГААР ҮЕИЙН ТҮҮХИЙН АСУУДАЛД (1945.8.9-1945.9.2)

Хураангуй:

Энэ судалгааны өгүүлэлд Дэлхийн II дайны төгсгөлийн үе болох Ази, Номхон далай дахь дайны үйл ажиллагааны дундаас зөвхөн Ази дахь дайны үйл ажиллагааг ЗХУ-ын зүгээс хэрхэн эхлүүлсэн болон төгсгөл үеийн түүхийн асуудлыг хөндөн авч үзсэн болно. Чингэхдээ гол анхаарлыг чөлөөлөх дайныг удирдан явуулсан Зөвлөлтийн бодлогод анхаарал хандуулав. Дэлхийн II дайны төгсгөлийн тавдугаар үеийн бүхий л санаачилга ЗХУ болон АНУ-ын гарт байж, тэдний л ялгуусан ялалтыг өгүүлсэн хэдэн арван ном хэвлэгдэн гарсан хэдий ч цагаан толбо болон үлдсэн олон хэрэг явдлыг цаашид судлан үзэх шаардлага байсаар байгаа билээ. Ази дахь чөлөөлөх дайнд “Монгол-Зөвлөлтийн харилцан туслалцах протокол гэрээ”-гээр хүлээсэн үүргийг биелүүлэх, нийтийн дайсныг устгах”, БНМАУ “... бүрэн эрх чөлөөтэй тусгаар тогтнож, Монгол овогтон нэгэн гэр улс болох” зорилгын үүднээс оролцсон билээ. Гэтэл Дэлхийн II дайныг төгсгөхөд монголчууд хэрхэн оролцсон талаар хилийн чанадад гарсан ном зохиолд маш товчхон өгүүлсэн байдаг. Энэхүү өгүүлэлд дэлхийн II дайны төгсгөлд БНМАУ ямар үүрэг гүйцэтгэсэн, дайны үеэр Монголын тусгаар тогтнолын асуудал ямар хэрэг явдлуудтай холбогдон тавигдсан хийгээд үүний цаад учир юунд байв зэрэг асуудлыг хөндөн авч үзсэн болно.

Оршил:

Өнөөгийн ертөнцөд Дэлхийн II дайны явц, түүний үр дагаврын талаар болон тус дайнд ЗХУ-ын гүйцэтгэсэн үүргийн талаар дахин нэхэн эргэцүүлэн судлах ажил постсоциалист орнуудад идэвхтэй хийгдэж байгаа билээ. Энэ нь социалист систем нуран унасантай холбоотойгоор түүх судлал үзэл суртлын хяналтаас гарч, олон ургальч үзэл төлөвшин тогтож байгаа болон өмнө нь нууцын зэрэглэлд байсан олон баримтууд ил болсонтой холбоотой юм. Дэлхийн түүхэнд гарсан олон дайныг Дэлхийн II дайнтай зүйрлэх аваас тийм их цар хүрээтэй, хохирол учруулсан, улс төр-эдийн засаг, нийгмийн үр дагавар нь асар их байсан дайн гарч байгаагүй билээ. Дайны аймшигт мөргөлдөөнд дэлхийн их гүрнүүдийн хоёр эвсэл бие биенээ сөрөн зогссон. Үүнд дотооддоо хэдий зөрчилтэй байсан ч Гитлерийн эсрэг холбоотнууд ялалт байгуулсан билээ.

Дэлхийн II дайны түүхээр олон арван судалгааны бүтээл, баримтын эмхтгэл гарсан бөгөөд эл сэдвийн судлагдахуун өнөөдөр ч шавхагдаагүй бөгөөд урьд өмнө мэдэгдээгүй болон нууцад байсан олон баримтууд ил нээлттэй болж, судалгааны ажлын бааз суурийг өргөтгөсөөр байна.

БНМАУ-аас Аугаа их эх орны дайны үед Зөвлөлтийн ард түмэнд үзүүлсэн тусламж, дайны төгсгөл тавдугаар үеийн Азийг чөлөөлөх дайнд Монголын цэрэг оролцсон хийгээд Монголын статус-квог И.В.Сталин Холбоотон гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлсний үр дүнд Монголд бүх нийтийн санал хураалтыг хэрхэн явуулсан талаар манай түүх судлалд бичигдсэн зүйл чамгүй бий. Гэхдээ Зөвлөлтийн удирдагч тийнхүү Монголын тусгаар байдлыг тухайн үед байсан байдлаар нь хүлээн зөвшөөрүүлэх гэсэн санаа анхлан хэдүйд буй болсон, цаанаа ямар санаа агуулж байсан, эл асуудлыг Холбоотон гүрнүүдийн сонорт хэрхэн хүргэсэн болон холбоотон гүрнүүдийн удирдагчид болон Хятадын тал ямар байр суурьтай байсан гэх мэтчилэн олон зүйлийн талаар манай түүх бичлэгт төдийлөн нарийвчлан судалж, дэлгэн тавьсан зүйл үгүй байгаа билээ. Үүний нэгэн адил Европт дайн дууссаны дараа 2-3 сарын дотор ЗХУ “Ази тивд Японы эсрэг дайнд орно” хэмээн шийдэж, түүнийгээ холбоотон гүрнүүдээр хэрхэн зөвшөөрүүлсэн хийгээд эл хэргийг гүйцэлдүүлсэн нь чухам ямар учиртай зүйл байв. Сталин үнэхээр Монголыг бодсондоо дээрх хоёр асуудлыг холбоотон гүрнүүдийн хэлэлцэх зүйлсийн жагсаалтад оруулсан уу, үүний цаана Зөвлөлтийн эрх ашиг юунд оршиж байв гэсэн эгзэгтэй асуудлыг өнөөдөр дэлгэн тавих нь өнгөрсөн түүхээс сургамж авах, нөгөө талаар ард түмний түүхэн ой санамжийг сэргээхэд ач холбогдолтой ажгуу.

Германы эсрэг эвсэл буй болсон нь:

1942 оны 1 дүгээр сарын 1-нд АНУ-ын Ерөнхийлөгч Ф.Рузьвельт, Их Британийн Ерөнхий сайд У.Черчилль, Америк дахь ЗХУ-ын Элчин сайд Литвинов болон Хятадын төлөөлөгч нар Вашингтонд Нэгдсэн Үндэстний Тунхаглалд гарын үсэг зуржээ. Үүний үндэс суурь нь Атлантын эвсэл байв. Хожим тус тунхаглалын дор нэмж 22 орон гарын үсгээ зурсан юм. Тунхаглалд “Засгийн газар тус бүр цэрэг дайны ба эдийн засгийн, өөрийн бүх нөөц бололцоог Гурвын холбооны гишүүд /Герман, Итали, Япон/-ийн ба тэдэнд нэгдсэн улсуудын эсрэг ашиглаж, үүнд гарын үсэг зурсан бусад засгийн газруудтай хамтран ажиллаж, дайсны аль нэгэн талтай найрамдал ба энх тайвны гэрээ хийхгүй байх ...” гэж заасан байв. Энэ маш чухал түүхэн баримт нь фашистын эсрэг бүлгийн хүчний бүрэлдэхүүн ба зорилгыг эцсийн байдлаар тодорхойлов. Тус уулзалтан дээр барууны холбоотнуудын нэгдсэн командлалыг бас байгуулав. Энэхүү Англи-Америкийн нэгдсэн штаб нь дайны турш байлдааны ажиллагааг чиглүүлэн, дэлхийн янз бүрийн хэсэгт 200 албан ёсны хэлэлцээрийг явуулсан байдаг билээ.

Социализмын үеийн социалист орнуудын түүх бичлэгт Зөвлөлтийн талыг баримталсан түүх бичлэг ноёрхож, тус дайнд оросуудын гүйцэтгэсэн үүргийг дөвийлгөсөн түүх бичлэг их байв. Гэтэл түүхэн үнэнд арай өөр дүр зургийг илтгэнэ. Дайны өмнө улс төрийн гурван дэглэм тогтож байсан хэмээн судлаачид үзэж байна. Үүнд: либерал (өрнөдийн), тоталитар (фашизм, милитаризм) ба коммунизм. Эхний хоёр нь сүүлийнхээ эсрэг нэгдэж байсан боловч дайны аюулыг нүүрлүүлж, дайныг эхлүүлсэн тоталитар дэглэмийн эсрэг ардчилсан өрнөдийнхэн коммунистуудтай нэгдэхэд тухайн түүхэн нөхцөл байдал хүргэсэн гэх аж. Ингээд социалист орнуудын түүх судлалд өрнөдийнхний дайны эсрэг хүчин чармайлтыг төдийлөн дурддаггүй байжээ. Түүний нэг илрэл бол Каирын тунхаглалын тухай асуудал юм.

1943 оны 12 дугаар сарын 1-нд АНУ, Хятад болон Их Британи хамтран Японтой хийх дайны зорилгыг илтгэсэн тунхаглалыг олон нийтэд танилцуулжээ. Түүнд “Японы эсрэг далай тэнгис, хуурай газар болон агаар мандалд дарамт үзүүлж, Японы түрэмгийллийг зогсоох болно. Ингэх нь тэд өөрсдөө ямар нэгэн газар нутаг эзлэн авах зорилгогүй, гагцхүү Япон дэлхийн I дайны үед Номхон далайд эзлэн авсан болон Хятадаас булаан авсан Манжуур, Формоз болон Пескадорын арлуудыг буцаан өгөх, мөн шунаг сэтгэлдээ хөтлөгдөн бусдаас булаан авсан газар нутгийг япончууд чөлөөлж өгөх ёстой. Солонгосын ард түмэн хэрхэн зовж зүдэрч буйг дээрх гурван их гүрэн санаж байгаа учраас Солонгос нь эрх чөлөөтэй, тусгаар болох ёстой гэж үзэж байна. Эдгээрийг харгалзан үзэж энэхүү тунхаглалд нэгдэж буй гурван улс Япон улс үг дуугүй бууж өгтөл Японы эсрэг дайтах болно” хэмээн мэдэгдэж байжээ. Мөн 1942-1943 оны Америкийн цэрэг дайны үйлдвэрлэлийг өргөжүүлэх төлөвлөгөөнд 145 мянган байлдааны онгоц, 120 мянган танк, 55 мянган зенит зэвсэг, хэдэн зуун байлдааны ба шумбагч онгоцнуудыг барих зорилт тавьсан байв. Өнөөдөр ч үл итгэм энэ тоог 1943 онд гүйцэлдүүлсэн ба зарим үзүүлэлтээр бүр даван биелүүлсэн гэдэг билээ.

Холбоотон гүрнүүдийн удирдагчдын анхдугаар уулзалт:

Дэлхийн II дайны явцад Гитлерийн эсрэг холбоотнуудын удирдагчид нэг бус удаа уулзаж байсан агаад хамгийн чухал уулзалтууд нь Тегеран, Ялта, Потсдамын уулзалтууд байсан бөгөөд чухам дайны явцад эдгээрийн үр дүнд үндсэн эргэлт гаргаж, дайны дараа дэлхийг хэрхэн төвхнүүлэх асуудлуудыг хэлэлцэн тохиролцсон юм. Мэдээж тэдний хооронд бие биендээ үл итгэх болон хэлэлцэн тохиролцож чадахгүй байсан олон зүйл байсан боловч эцэст нь нэгдсэн ойлголтод хүрч чадсан түүхтэй. Ингээд холбоотон гүрнүүдийн тэргүүлэгчдийн анхдугаар уулзалт 1943 оны 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 1-нд Ираны нийслэл Тегеранд болоход ЗХУ-аас И.В.Сталин, АНУ-ын Ерөнхийлөгч Ф.Рузвельт, Их Британийн Ерөнхий сайд У.Черчилль нар хүрэлцэн ирж, хоёрдугаар фронт нээх, Германы хувь заяаг хэрхэх, дайны дараа дэлхийд тогтоох журам, ЗХУ Японы эсрэг дайнд орох, Нэгдсэн Үндэстний Байгууллагыг байгуулах зэрэг асуудлыг хэлэлцжээ. Англи улс хоёрдугаар фронт нээх асуудлыг хойшлуулах хүсэлтэй байсан боловч холбоотнууд 1944 оны 5, 6 дугаар сард хоёрдугаар фронтыг нээж, Англи-Америкийн цэргүүд Баруун Европт довтлохоор харилцан тохиролцож чадсан байна. Мөн тус хурал дээр Сталин Японыг бут ниргэх ажиллагаанд ЗХУ оролцоход бэлэн байгаагаа мэдэгджээ. Эл хэрэг өмнө дурдсан Каирын тунхаглалын дараа болсон хэрэг юм.

Крымийн бага хурал:

Холбоотон гүрнүүдийн тэргүүн нарын Крымийн бага хурал 1945 оны 2 дугаар сарын 4-11-нд Ялтад болж, дайны дараа Герман улс болон ер нь дайны дараах дэлхийг хэрхэн төвхнүүлэх тухай асуудлыг авч хэлэлцсэн байна. Тэд Герман улсын нийслэл Берлин хотыг өөрсдийн нөлөөний бүсэд түр хуваан авах, Германы дайны төлбөрийн асуудлыг аль улс хэдий хэмжээний хохирол үзсэнээрээ дайны төлбөрөөс хүртэх зарчим баримтлахаар тогтоожээ. Даян дэлхийд энх тайван тогтоох үүднээс НҮБ-ыг байгуулах шийдвэрийг эцэслэн гаргасан нь энэ удаагийн уулзалтын том ач холбогдол нь байв. Холбоотон гурван улс дайны дараа Европын маргаантай асуудлуудыг харилцан зөвшилцсөний үндсэн дээр шийдвэрлэж байхаар тогтсон байна. Мөн ЗХУ Европт Германтай хийж буй дайн дууссанаас 3 сарын дараагаас хожимдолгүй Японы эсрэг дайнд орох амлалтыг ЗХУ авчээ.

Подстамын хэлэлцээр:

Берлины (Подстамын) бага хурал 1945 оны 7 дугаар сарын 17-ноос 8 дугаар сарын 2-нд болсон бөгөөд холбоотон гүрнүүд хэдийгээр хамтын хүчээр дайснуудаа дарж авсан боловч энэ удаад олон зүйл дээр санал зөрөлдөх болжээ. Нэг талаас эхлээд Английн Ерөнхий сайд У.Черчилль, дараа нь түүнийг залгамжилсан К.Эттли болон АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Г.Трумэн нар Сталинг сөрөн зогсох болов.

Хэлэлцэж байсан асуудлуудын гол нь Германы асуудал байв. Германыг нэгдмэл улс байлгахаар тогтохдоо түүнийг зэвсэглэлгүй, нацист байгууллагагүй болгохын тулд холбоотон гурван улсын цэргийг Германд оруулах (байрлах хугацааг заагаагүй-Б.Э.), дайны төлбөрийн дийлэнх хэсгийг хамгийн их хохирол үзсэн ЗХУ-д олгох болон Европын улсуудын хил хязгаарыг тогтоох асуудлуудыг хэлэлцсэн байна.

Япон дэлхийн дайнд оролцож эхэлсэн нь:

ХIX зууны төгсгөлөөс хөрөнгөтний шинэчлэл хийж, улмаар хүчирхэгжсэн Япон улс Зүүн Хойд Азид түрэмгий бодлогыг идэвхтэй явуулж, ХХ зууны 30-аад оноос гадагш илт түрэмгийлэл үйлдэх болж, Дэлхийн II дайны өмнө 1931 онд Манжуур, хойд Хятад руу цэргээ оруулж, улмаар 1937 оны 7 дугаар сарын 7-нд Хятадын гүн рүү довтолж, Япон-Хятадын дайныг эхлүүлжээ. Гэвч Япон нь эл үед дотооддоо эдийн засаг нь бүтцийн гажуудалд орсон хийгээд цэргийн болон санхүүгийн дээдсийн дунд түрэмгийлэл үйлдэх зүг чиглэлийн хувьд санал зөрөлдөөн нэлээд байсан явдал нь өргөн цар хүрээтэй түрэмгийлэл үйлдэх явдлыг нь хазаарлаж байжээ. Түүнчлэн их гүрнүүдийн зүгээс, тухайлбал Их Британи, АНУ болон Нидерланд Японы эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авах замаар түүний түрэмгий бодлогод дургүй байгаагаа илэрхийлж байв. Мөн ЗХУ 1939 онд Японтой Халхын голд тулалдаж байв.

Япон улс нь дэлхийн дайнд оролцох төлөвлөгөө боловсруулахдаа чухам аль зүгт түрэмгийлэл үлдэх тухайд гурван үзэлтэй байв. Үүнд: Алс Дорнодод ЗХУ руу, баруун өмнөдөд Хятад руу, Ази дахь Европын болон Америкийн колони руу гэж байсан агаад япончууд сүүлийнхийг нь сонгосон аж.

1941 оны 4 дүгээр сарын 13-нд Москва хотноо Япон болон ЗХУ-ын хооронд таван жилийн туршид төвийг сахих тухай гэрээ байгуулагдаж, Япон нь Номхон далайд АНУ болон түүний холбоотон Их Британи, Голландын эсрэг дайны ажиллагаанд бэлтгэн улмаар 1941 оны 12 дугаар  сарын 7-нд  Номхон далай дахь Америкийн Сувдан эрэг бааз руу довтлон дайныг эхлүүлжээ.

ЗХУ Японтой тийнхүү төвийг сахих тухай байгуулсан гэрээг зөрчих асуудлыг хэдийд хэрхэн буй болгов? Үүний цаад шалтгаан нь юу байв гэдгийг дараах түүхэн эх сурвалжаас харж болно.

1945 оны 2 дугаар сарын 11-нд Крымийн Холбоотон гүрнүүдийн уулзалтаар Алс Дорнодод баримтлах бодлого нууц гэрээ, хэлцэл байгуулж, тохиролцсоныг бид дээр дурьдсан билээ. Ингээд тэрхүү тохиролцоог сийрүүлвээс:

“Гурван их гүрэн болох ЗХУ, АНУ болон Их Британийн удирдагчид хэлэлцэн тохиролцсон нь: Герман үг дуугүй буун өгч, Европт дайн дууссанаас хойш 2-3 сарын дараа ЗХУ холбоотны талд орж, Японы эсрэг дайнд дор дурдсан болзолтойгоор орно. Үүнд:

  1. Гадаад Монголын (БНМАУ) Статус-квог /одоогийн байгаа байдал/ хадгалах.
  2. 1904 онд Япон итгэл эвдэн довтолсноор эвдэгдсэн Оросын эрхийг сэргээх, үүнд:

а. Сахалины арлын өмнөд хэсэг болон түүний зэргэлдээ бүх арлыг ЗХУ-д буцаан өгөх

б. Худалдааны Дайрэн боомтыг олон улсын болгох. Тэгэхдээ энэ боомтод голчлон ЗХУ-ын сонирхлыг хангах, Порт Артур нь ЗСБНХУ-ын тэнгисийн цэргийн боомт мөний хувьд түрээс төлөх явдлыг сэргээх.

в. Зөвлөлт-Хятадын хамтарсан нийгэмлэг байгуулан, голчлон ЗХУ-ын сонирхлыг хангах үүднээс Дорнод Хятадын төмөр зам болон Дайрэн руу орсон Өмнөд Манжуурын төмөр замыг хамтран ашиглах, тэгэхдээ Хятадын Манжуур дахь бүрэн эрхийг хэвээр үлдээнэ.

  1. ЗХУ-д Курилын арлуудыг шилжүүлэн өгөх зэрэг болно.

И.В.Сталин хүсч байсан зүйлдээ хүрэх бүхий л боломжийг буй болгох бодлого баримталжээ. Ялангуяа Монголын тухайд болон дээр дурдсан боомтууд, төмөр замуудын талаарх хэлэлцээрт Хятадын генералиссимус Чан Кай Шигийн зөвшөөрөл хэрэгтэй байв. Үүн дээр АНУ-ын ерөнхийлөгчийн дэмжлэгийг авахаар тооцоолж байсан хэмээн судлаачид бичдэг. ЗХУ-ын энэхүү эрмэлзэл нь Японыг ялсны дараа бүрэн хангагдсан байвал зохино гэж гурван их гүрний засгийн газрын тэргүүн нар тохиролцжээ.

Японы дарлалаас Хятадыг чөлөөлөхөд зэвсэгт хүчнээрээ туслах зорилгоор Хятадын үндэсний засгийн газартай найрамдал, холбоотны гэрээ байгуулахад бэлэн байгаагаа ЗХУ илэрхийлж байв[6].

Дээрх баримтаас үзэхэд ЗХУ Дэлхийн II дайнд Германы довтолгооныг зогсоож, улмаар фашизмыг устгах ажиллагаанд үлэмжийн их гавьяа байгуулж байгаа байдалдаа дулдуйдан, Японтой байгуулсан гэрээнийхээ заалтыг биелүүлэхээс татгалзаж, холбоотон гүрнүүдтэй тогтоосон гэрээ хэлэлцээрээ баримтлан, өөрийн улсын эрх ашгийн үүднээс Японы милитаризмыг устгах ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөсөн зүйлээ холбоотон гүрнүүдээрээ хүлээн зөвшөөрүүлж чаджээ. Нөгөө талаар Зөвлөлт нь Ази тив дэх дайныг дуусгавар болгох ажиллагаанд оролцсоноор 1904-1905 оны Орос-Японы дайны ялагдлаар Японд алдсан зүйлээ эргүүлэн авахыг хүсчээ. Мэдээж эдгээр хүссэн зүйлээ авахын тулд Хятадтай хэлэлцэн тохиролцох шаардлага байсан учир эл хэрэгт АНУ-ын ерөнхийлөгчийн тусламжийг авахаар заажээ. Дэлхийн дайны үеэр дайны талбараас алс орших Америк нь дайтаж буй орнуудад ихээхэн хэмжээний бараа таваар нийлүүлж, эдийн засаг нь цэцэглэн хөгжиж, дэлхийд тэргүүлэх байр сууринд шилжих үйл явц эл жилүүдэд эрчимтэй явагджээ. Үндэсний баялаг нь 3 дахин нэмэгдэж, дайны дараа дэлхийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 60 хувь, дэлхийн алтны нөөцийн 2/3 түүнд оногдож байжээ.

Энэхүү гэрээний нэгдүгээр зүйлд заасан Монголын статус-квог хэвээр хадгалан үлдээх асуудлын талаар болон түүнийг дагалдан гарсан асуудлуудын талаар манай түүх бичлэгт нэлээд тусгагдсан байдаг бөгөөд эл асуудал миний судлагдахуун биш учир үүнд анхаарлаа хандуулсангүй. Гэхдээ нэгэн зүйлийг тодотгохыг хүсч байна. Энэ нь 1924 онд Монголыг “Хятадын мэдлийн улс” хэмээн Зөвлөлт Орос Хятадад хүлээн зөвшөөрсөн нууц гэрээ Зөвлөлт Орос-Хятад хоёрын хооронд байгуулагдсан байсан бөгөөд энэ удаад Монголын тусгаар байдлыг их гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэх гэсэн явдал нь тэрхүү нууц гэрээний заалтыг Хятадаар хүчингүй болгох гэсэн нэгэн санаа агуулж байсан хэмээн үзүүштэй. Учир нь социализмын үед Зөвлөлт Орос нь дээрх гэрээг ихэд нууцалж байсан бөгөөд манай түүх бичлэгт ч үүнийг огт дурддаггүй байсан билээ. Тиймээс ч Хятадыг чөлөөлөх тухай асуудалд И.В.Сталин анхаарлаа хандуулж, гагцхүү Хятадын талаас эл зүйл дээр зөвшөөрүүлэх асуудал гол асуудал нь болж байжээ.

Нөгөө талаар Зөвлөлт өөрийн Алс Дорнодын хил хязгаарынхаа аюулгүй байдлыг хангах асуудал нь амин чухал байв. Эцэст нь Холбоотон гүрнүүдийн өмнө өгсөн амлалтаа биелүүлэх үүднээс 1945 оны 8 дугаар сарын 9-ний шөнө ЗХУ Японы эсрэг дайнаа эхлүүлсэн бөгөөд энэ нь Дэлхийн II дайны үргэлжлэл байсан бөгөөд Оросын түүх бичлэгт үүнийг “Аугаа их эх орны дайны логик үргэлжлэл” хэмээн үздэг.

Дорно зүгт илт түрэмгий бодлого баримталж байсан Япон өөрсдийгөө ялагдаж буй (хэдийгээр Европт түүний холбоотон Герман ялагдал хүлээсэн байсан ч-Б.Э.) орон хэмээн тооцохгүй байв. Түүний гол хүч Хятадын баруун хойд хэсэгт орших Манжуурт байв. Армийнхаа хангалтыг Хятад болон Солонгосоос хийж байжээ.

ЗХУ, Японы харилцаа:

Япон улс Дэлхийн II дайны эхэн үед буюу 1941 оны 4 дүгээр сард ЗХУ-тай төвийг сахих тухай гэрээ байгуулсан байв. Англи-Америкийн хамтарсан хүч Номхон далайд давшилт эхлүүлэхээр бэлтгэж байсан тэр үед Японы командлал “Кантокуэн” (Квантуны армийн тусгай маневр) гэх төлөвлөгөө боловсруулж, 1941 оны 8 дугаар сарын 10-нд Зөвлөлтөд дайн зарлахаар төлөвлөсөн байв. Гэвч Германы Оросыг эзлэн авах “Барбарос” төлөвлөгөө нуран унамагц, япончууд уг төлөвлөгөөг хэрэгжүүлээгүй юм.

ЗХУ-ын Засгийн газар 1945 оны 4 дүгээр сарын 5-нд Зөвлөлт-Японы төвийг сахих гэрээг цуцалжээ. Ингээд 1945 оны зун гэхэд Японы тал Манжуурт 17 бэхлэлт бүхий бүс, 40 орчим нислэгийн талбай барьж байгуулсан байв. Квантуны арми 1.2 сая цэрэг, 1.2 мянган танк, 1.9 мянган байлдааны нисэх онгоц, 6.6 мянган их буу, миномёт бүхий үлэмжхэн хүчийг төвлөрүүлсэн байв.

Зөвлөлтийн тал Чөлөөлөх дайны эхэнд Алс Дорнодод 1.6 сая цэрэг, 20.6 мянган их буу, 5.5 мянган танк, 3.4 мянган байлдааны нисэх онгоц бүхий хүчийг төвлөрүүлж, Ерөнхий командлал байгуулж, түүнийг маршал А.Василевский удирдах болжээ.

1945 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Москвад Зөвлөлтийн Засгийн газар Японы Элчин сайдад мэдэгдэх хуудас гардуулсан бөгөөд түүнд Япон нь АНУ, Их Британи болон Хятадын эсрэг хийж буй дайны үйл ажиллагаагаа зогсоохгүй байгаа учир мөн оны 8 дугаар сарын 9-ний өдөр “дайн зарлаж байна” гэдгээ мэдэгджээ. Ингээд дурдсан өдрөө Зөвлөлтийн арми, Монгол цэргийн анги нэгтгэлүүдтэй хамт давшилтад оржээ. Хамтарсан хүч маш богино хугацаанд маш идэвхтэй давшилт хийсэн учир Манжуурын төв хэсэгт байрлах японы хүчин гарцгүй байдалд оржээ. Алс Дорнодын фронтын 2 дугаар хэсэг Сахалинд давшилтад оров. Японы эсрэг хийсэн дайны төгсгөлийн давшилт Курилын десантын давшилт байсан бөгөөд үүнд Алс Дорнодын 1, 2 дугаар фронтын зарим хэсэг болон Номхон далайн флот оролцжээ. Ялалтыг богино хугацаанд хангаж чадсан бөгөөд эл дайнд Японы тал 700 мянган цэрэг, офицероо алдсан бөгөөд түүний 84 мянга нь алагдаж, 640 мянга нь олзлогджээ. Зөвлөлтийн тал 36.5 мянган хүнээ алдсаны 12 мянга нь ор сураггүй алга болжээ.

Америкчууд Японы нийслэл Токио хотыг хайр найргүй бөмбөгдөж, 1945 оны 3 дугаар сард 4 сая байшин сүйдэж, 83 мянган хүн нас барж, 41 мянган оршин суугч хүнд бэртэл авчээ.

1945 оны 8 дугаар сарын 14-нд Японы эзэн хаан Хирохито бууж өгөх актад гарын үсэг зурж, маргааш нь Японы радиогоор зарлажээ. Ингээд 1945 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Америкийн “Миссури” хөлөг онгоц дээр ЗХУ, АНУ, Хятадын төлөөлөгчдийн хамтаар Японы тал үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурснаар зургаан жил үргэлжилсэн Дэлхийн II дайн төгссөн билээ.

Япон бууж өгсөн тухай 1945 оны 9 дүгээр сарын 2-ны актын зарим нэгэн зүйлийг эшлэвээс:

  1. Бид, эзэн хаан, Японы засгийн газар болон японы эзэн хааны ерөнхий штабын нэрийн өмнөөс 7 дугаар сарын 26-нд Потсдамд Нэгдсэн улс, Хятад, Их Британийн засгийн газар болон хожим нь Зөвлөлт Орос нэгдэн орж, Холбоотон гүрнүүд хэмээн нэрлэгдсэн тэдгээрийн гаргасан Тунхаглалын  нөхцөлийг хүлээн авч байна.
  2. Холбоотон гүрнүүдэд бид эзэн хааны ерөнхий штаб хийгээд хаана байрлаж буйгаас үл хамааран японы бүх зэвсэгт хүчин болон японы хяналт доор байгаа бүх хүчин үг дуугүй бууж өгч буйгаа үүгээр зарлаж байна.
  3. Японы засгийн газрын заавраар холбоотон гүрнүүдийн дээд командлалын бүх шаардлагыг хүлээн авч, японы мэдлийн бүх цэрэг болон японы ард түмэнд нэн даруй дайны үйл ажиллагааг зогсоож, аливаа цэргийн хийгээд иргэний эд хогшил-өмч, хөлөг онгоц, нисэх онгоц зэргийг гэмтээх явдлыг үл гаргана.
  4. Японы эзэн хааны ерөнхий штаб, японы нөлөөн доор орших бүхий л зэвсэгт хүчний командлал хаана байрлаж байгаагаас үл шалтгаалан үг дуугүй бууж өгөх тушаал гаргахыг тушааж байна.
  5. Үүгээр бид, японы одоогийн засгийн газар болон түүнийг залгамжлагч засгийн газар Потсдамын тунхаглалын бүхий л заалтыг үнэнч шударагаар биелүүлж, Холбоотон гүрнүүдийн дээд командлал болон түүний төлөөлөгчөөс тунхаглалыг хэрэгжүүлэх үүднээс өгсөн бүхий л тушаалыг биелүүлнэ.
  6. Эзэн хааны засаглал болон Японы засгийн газар бууж өгөх нөхцөлөөр заасан зүйлсийг хэрэгжүүлэх үүднээс улс орноо удирдана гэжээ.

Ингээд ЗХУ 9 дүгээр сарын 3-ны өдрийг милитарист Японыг ялсан баярын өдөр хэмээн зарласан юм.

Подстамын тунхаглал:

Энэ дайны төгсгөлд АНУ-ын гүйцэтгэсэн үүрэг ямар байсан талаар судлаачид одоо ч нэг мөр дүгнэлтэнд хүрээгүй байгаа билээ. Энэ нь Америк цөмийн бөмбөгөө Японы хоёр хотод хаясан асуудал бөгөөд эл явдал нь Квантуны арми бууж өгөх үндсэн нөхцөл байсан уу гэсэн асуудал юм.

1945 оны 7 дугаар сарын 26-ны өдөр холбоотон гүрнүүдийн бага хурлын хүрээнд Их Британи, АНУ болон Хятадын засгийн газрын нэрийн өмнөөс “Подстамын тунхаглал” гэдгийг батлан гаргаж, Японыг үг дуугүй бууж өгөхийг шаардаж, хэрэв татгалзваас тус орныг сүйрүүлнэ хэмээн сүрдүүлжээ. Тус тунхаглал нь мөн дайны дараа тогтоох дэг журам болон хэрхэн төвхнүүлэх асуудлын үндсэн зарчмуудыг зааж өгсөн байв.

Тунхаглалыг Японы тал хүлээн авахгүйгээ 28-ны өдөр мэдэгдсэн бөгөөд үүний улмаас АНУ 1945 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Японы Хирошима хотод атомын бөмбөг хаяж, хүн төрөлхтөн цөмийн зэвсгийн хөнөөлийг үзсэн түүхтэй. Мөн сарын 8-ны өдөр ЗХУ Подстамын тунхаглалд нэгдэн орж, Японд дайн зарласан аж. Маргааш нь буюу 8 дугаар сарын 9-ний өдөр Нагасакид атомын бөмбөг хаясан бөгөөд цөмийн зэвсгийн өмнө хүчин мөхөстсөн Япон улс эл өдөр Подстамын тунхаглалын нөхцөлүүдийг хүлээн авч буйгаа мэдэгджээ.

Чөлөөлөх дайн дахь БНМАУ-ын оролцоо:

БНМАУ Японы эсрэг дайнд орох асуудал нь тусгаар тогтнолын хувь заяатай салшгүй холбоотой байв. Японы эсрэг дайнд БНМАУ-ыг оролцуулах тухай асуудлыг И.В.Сталин нарын ЗХУ-ын удирдлага 1945 оны 7 дугаар сарын эхээр БНМАУ-ын Ерөнхий сайд Х.Чойбалсанг Москвад урьж авчран Зөвлөлт-Хятадын хэлэлцээний тухай мэдээлэх үедээ ярьж тохиролцсон байдаг. Дайны дараа ЗХУ-ын аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ гэдэг нь И.В.Сталины хувьд амин чухал асуудал байв. Тэгээд ч И.В.Сталин 1945 оны 2 дугаар сард Японы эсрэг дайнд орох ЗХУ-ын болзлуудын нэгэнд “БНМАУ-ын статус-квог хэвээр хадгалах” гэсэн болзол тавьсан билээ. Бүх асуудлын гол гогцоо нь БНМАУ-ын газар зүйн байрлалд байв.

Монголчууд дэлхийн II дайны жилүүдэд эд материал, сэтгэл санааны асар их дэмийг ЗХУ-д үзүүлж, 1936 онд байгуулсан “харилцан туслалцах протокол” дахь үүргээ биелүүлжээ.

Ялтын бага хурал дээр хэлэлцэж тохиролцсон ёсоор ЗХУ 1945 оны 8 дугаар сарын 9-нд Японы эсрэг дайн зарлахад БНМАУ Зөвлөлт Засгийн газрын мэдэгдлийг дэмжиж байгаагаа илэрхийлж, Бага хурлын тэргүүлэгчид, Ардын Сайд нарын Зөвлөлийн гишүүдийн мөн оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хамтарсан онц хурлаас БНМАУ-аас Японд дайн зарлах тухай тунхагийг баталжээ. Тунхаглалд “Монголын ард түмний хэдэн зуун жилийн турш өөртөө бүрэн эрх чөлөөтэй тусгаар тогтнохын төлөө зорьж ирсэн санаа сэтгэлийг дагуулан Монгол овогтон нэгэн гэр улс болж, айл зэргэлдээх ардчилсан улс лугаа найртай сайхнаар оршин суухыг хүсэж ирснийг үндэслэж, манай тусгаар тогтносон төрийг сэргээн босгож бататгахад ах дүүгийн тусламжийг үзүүлсэн ЗХУ-ын ард түмэнд ах дүүгийн найртай сэтгэлийн үүднээс 1936 оны 3 дугаар сарын 12-ны өдөр нийслэл Улаанбаатар хотноо байгуулсан “ЗСБНХУ, БНМАУ хоёрын Харилцан туслалцах гэрээ”-гээр хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлэн мөн түүнчлэн нийтийн дайсныг түргэнээр бүрмөсөн цохиж устгах гэсэн ардчилсан улсууд ба эрх чөлөөг эрмэлзэгч дэлхийн ард түмний нэгэн санаа зорилгоор бахархан зоригжиж, нэгдсэн үндэстний үйлсэд өөрийн тус нэмрийг оруулахын тулд нэгдсэн үндэстний талд оролцон, Япон улстай байлдах ариун дайныг эрхэмсгээр зарлан” буйгаа мэдэгджээ.

Монгол Ардын хувьсгалт цэрэг нь оперативын удирдлагын хувьд Зөвлөлтийн армийн Өвөр Байгалийн фронтын бүрэлдэхүүнд багтаж, дэслэгч генерал И.А.Плиевийн удирдлагын дор зөвлөлтийн нэгтгэл, ангиудын хамтаар “Өмнөд бүлэг” хэмээх морьт механикжуулсан группыг бүрэлдүүлжээ. Тус группт МАХЦ-ийн 5, 6, 7, 8 дугаар морьт дивиз, морьт тусгай хороод, 7 дугаар механикжуулсан хуягт бригад, танк, их буу, авто тээврийн болон холбооны тусгай хороо, нисэх холимог дивиз, химийн инженерийн тусгай салбар зэрэг гол анги нэгтгэл, хилийн цэргийн отряд, застав, Ардын өөрийгөө хамгаалах сайн дурын морьт отрядын ангиуд оролцжээ. Тус группт бүгд 42 мянган цэрэг, офицер, 28 мянган морь, 403 танк, хуягт машин, 610 их буу, миномёт, пуужинт их буу багтаж байв. Эдгээр хүчнээс 16 мянга гаруй дарга, цэрэг 1945 оны 8 дугаар сарын 10-наас эхлэн Зөвлөлтийн цэрэгтэй мөр зэрэгцэн тулалдаж, 900 гаруй км замыг туулж, Зүүн хойд Хятад, Өвөрмонголын нутаг болон тус бүс нутгийн томоохон хотууд Долоннуур, Жэхэ, Чуулалт хаалгыг Квантуны армиас чөлөөлөхөд оролцжээ.

Японы зүгээс БНМАУ-ын эсрэг зарлаагүй дайныг эхэлсэн 1935 оноос 1939 оны Халхын голын байлдааныг дуусах үе болон 1945 онд МАХЦ-ийн явуулсан чөлөөлөх дайны хугацаанд олон хүний амь үрэгдэж, 322 сая төгрөгийн эд материалын хохирол хүлээсэн юм.

Ази Номхон далай дахь хүн хүчний алдагдлыг оросуудын хийсэн хүснэгтээс харвал дайны үйл ажиллагаа явагдсан нутгийнхан нэлээд хохирол амсчээ. Үүнд:

 

Үндэстэн

Олзлогдсон

Эх оронд нь буцаасан

Нас барсан

япон

          609 448

          546 752

61 855

хятад

          16 150

16 012

138

солонгос

          10 312

           10 240

71

монгол

       3 633

            3 629

4

манж

           486

            486

-

орос

            58

             58

-

малай

            11

             11

-

буриад

             5

              4

1

тунгус

             2

               2

-

Нийт

640 105

577 194

62 069

 

Гадаад Монголын статус-кво:

Монгол Улс тэртээ 1911 онд Манж Чин гүрнээс салан тусгаарлаж, өөрийн статус-квог тунхаглан зарласан билээ. Тэр цагаас хойш Монголын тусгаар тогтнолыг бусад улс хүлээн зөвшөөрөөгүй байсан бөгөөд Монгол тусгаар улс болох үйл хэрэгтээ оросуудаас удаа дараа тусламж хүсч, тэд ч өөрийн эрх ашгийн үүднээс тусламж үзүүлж ирсэн байсан хэдий ч Монголын ар хударгаар Хятадтай үгсэн Монголыг түүний нэг хэсэг хэмээн гэрээ хэлэлцээрүүд байгуулсаар ирсэн түүхтэй. Манай улс ХХ зууны 40-өөд он хүртэл де юрэ тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж чадаагүй байсан билээ. Энэ үед тус оронд Зөвлөлтийн нөлөө асар их, сталинч маягийн социализм байгуулж байсан үе байв. Өрнөдийнхөн Зөвлөлтийн дагуул орон гэж нэрлэх явдал ч байв. Ийм нөхцөлд Зөвлөлтийн удирдагч эл байдлыг баталгаажуулсан статус-квог Их гүрнүүдээр батлуулахын тулд АНУ, Хятадын удирдагчдыг аргадах, айлган сүрдүүлж байж гаргуулан авсныг нэг биш судлаачид сүүлийн үед бичих болсон. Сүүлийн үед нийтийн хүртээл болж буй архивын баримтууд ч үүнийг илтгэж байна.

Монголын асуудал Зөвлөлт, Хятадын хооронд хэлэлцэгдэж байхад түүнд БНМАУ-ын удирдагч Х.Чойбалсан нэг ч удаа оролцож байгаагүй аж. Хэлэлцэгч талуудын ярианы тэмдэглэлийг үзэхэд И.В.Сталины хэлж ярьж байсан бүх зүйл Зөвлөлтийн эрх ашгийн үүднээс тавигдаж байжээ. Тухайлбал, судлаач С.Баяр 1995 онд бичсэн нэгэн нийтлэлдээ: “Хятадын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Чан Кай Шигийн төрсөн хүү Чан Чин Куо байсан бөгөөд И.В.Сталин түүнтэй нэг өдөр уулзахдаа “Гадаад Монгол Улсын стратегийн байршил нь түүнийг тусгаар тогтносон улс байхаас өөр аргагүй болгож байгаа юм. Энэ нь ЗХУ-ын хувьд амин чухал асуудал мөн. Хэрэв аль нэгэн гүрэн Монголын нутгаар дамжин манай улсад халдаж, улмаар Сибирийн төмөр замыг тасалбал ЗХУ сүйрнэ” гэж байжээ. Энэ ярианы тухай Америкийн судлаач О.Эдмунд Клабб “Хятад ба Орос” номондоо дурдсан байдгийг дурджээ.

Монголын статус-квог Зөвлөлтийн саналын дагуу Хятадаар хүлээн зөвшөөрүүлэхэд Америкийн тал багагүй хүчин чармайлт гаргажээ. Хятадын төлөөлөгч Сүнтэй Америкийн элчин сайд Харриман удаа дараа уулзаж ятгасны эцэст тэрбээр Зөвлөлтийн талын байр суурийг аргагүйн эрхэнд хүлээн зөвшөөрсөн бөгөөд чингэхдээ холбоотон гүрнүүд Хятадын асуудал дээр буулт хийж болохыг ч сануулж байжээ. Хятадын тал “Монголын тусгаар тогтнолын талаар тус улсад бүх нийтийн санал асуулга явуулсан тохиолдолд л бид түүний үр дүнг харгалзан байж шийдвэрээ хэлнэ” гэж мэдэгджээ. Чингэхэд И.В.Сталин ийм санал асуулга явуулахыг зөвшөөрснөөр Монголын тухай асуудал ерөнхийдөө шийдэгдэж, 1945 оны 8 дугаар сарын 14-нд талууд ЗХУ, Хятадын Найрамдлын гэрээнд гарын үсэг зуржээ. Уг Гэрээний хавсралт болох нот бичигт “ЗХУ БНМАУ-ын (Гадаад Монголын) тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэнэ” гэж, харин “Хятад Гадаад Монголын тусгаар тогтнолыг тус улсын одоо оршин тогтнож буй хил хязгаарын хэмжээнд хүлээн зөвшөөрнө” хэмээн тусгажээ.

Америкийн судлаач Жерард Фритерс бичихдээ Зөвлөлт, Хятадын гэрээ бичиг хүчин төгөлдөр болсноос хойш арав хоногийн дараа Хятадын удирдагч генералиссимус Чан Кай Ши албан мэдэгдэл гаргаж, түүндээ “Гадаад Монголын үндэстний бүлэг нь эх нутгаасаа салан гарч, тусгаар тогтнолоо зарласнаас хойш бараг 25 жил өнгөрчээ. Асуудал нэгэнт ийм болсон тул бид Гадаад Монголын тусгаар тогтнолыг хууль ёсны горимын дагуу хүлээн зөвшөөрч, тус улстай найрамдалт харилцаа тогтоох хэрэгтэй болж байна” гэснийг эш татан бичсэн байна.

Ингээд Монголын насанд хүрсэн нийт хүн амаас тус улс тусгаар тогтносон улс байх эсэх асуудлаар 1945 оны 10 дугаар сарын 20-нд санал асуулга явуулсан билээ. Санал хураалтын дүн гарснаас хойш хоёр сарын дараа буюу 1946 оны 11 дүгээр сарын 5-нд Хятадын Гоминданы Засгийн газар Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн билээ.

Дүгнэлтийн оронд цохон тэмдэглэх нь:

Холбоотон гүрнүүд 6 жил үргэлжилсэн Дэлхийн дайныг хамтын хүчээр төгсгөл болгож, цэрэг дайнч түрэмгий бодлоготнуудын төлөвлөгөөг нураан унагасан. Энэ дайны явцад хүн төрөлхтөн урьд өмнө үзээгүй их гамшгийг үзсэн билээ. Дайнд сүйрсэн Европын сэргэн босголт хоёр замаар хийгджээ. Өрнөдийн ардчиллыг сонгон авсан орнууд буюу ХБНГУ-ыг оролцуулан 17 орон АНУ-ын Маршалын төлөвлөгөөний дагуу үлэмж хэмжээний санхүүгийн дэмжлэгийг (13 млрд ам.доллар) авч, дайнд сүйрсэн эдийн засгаа сэргээж, худалдааны хориглолтуудыг халж, аж үйлдвэрээ шинэчилж чадсан нь тэдгээр орны хөгжилд үлэмж нөлөө үзүүлсэн байна. Харин Зөвлөлтийн улаан армийн чөлөөлсөн орнуудад 1946-1949 онд социалист хөгжлийн замыг сонгон хөгжсөн аж. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жорж Маршал 1947 онд дэвшүүлэн тавьсан дээрх төлөвлөгөөнд Төв болон Дорнод Европын социалист орнуудыг нэгдэн орох санал тавьсан боловч тэд татгалзсан аж.

Ингээд Ази, Номхон далай дахь дайны үйл ажиллагаанд ЗХУ болон АНУ-ын гүйцэтгэсэн үүргийн талаарх судалгаа, тус бүс нутгийн геополитикийн нөхцөл байдлын талаарх үзэл санаа маргаан өнөөдөр ч үргэлжилсээр байгаа билээ.

Холбоотон гүрнүүд Дэлхийн II дайны төгсгөл үеийг Ялтын бага хурлын тохиролцоогоор тавьсан зүйлүүд дотор Монголын хувьд ихээхэн ач холбогдолтой байв. Учир нь тус бага хурлын шийдвэрийн дагуу БНМАУ Японы эсрэг чөлөөлөх дайнд оролцон, улмаар статус-квог хүлээн зөвшөөрүүлж, тусгаар тогтнолоо баталгаажуулж чадсан юм. Мөн харин үүний хажуугаар дэлхийн олон улс гүрэн Ялтын бага хурлын бусад шийдвэрийг (Курилын арлуудыг ЗХУ-ын мэдэлд өгсөн. Польш болон Дорнод Европын бусад орныг хүч түрэн “коммунистжуулах” боломж олгосон зэрэг асуудлаар) одоо хүртэл зэмлэн, буруушааж, заримдаа бүр харааж зүхдэг аж.

Гэвч бид аливаа асуудалд өөрийн эх орны эрх ашгийн үүднээс хандах нь зүйд нийцнэ. ЗХУ ч өөрийн эрх ашгийн үүднээс тэртээ 1943-1945 онд Монголын асуудалд хандаж, Монголын тусгаар тогтнолыг их гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэх эх үндсийг тавьж өгсөн нь монголчуудын хувьд хэзээ ч марташгүй үйл явдал болсон билээ.

Докторант Б.Эрдэнэбилэг