МОНГОЛ УЛСЫН ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
GENERAL INTELLIGENCE AGENCY OF MONGOLIA
EN
MN
Түүхэн баримт мэдээ, судалгааны бүтээл
Д.НАЦАГДОРЖИЙН ГАР БИЧМЭЛЭЭС...

 

 

 

 

 

ХӨДӨӨ ТАЛЫН ҮЗЭСГЭЛЭН

Хөндий талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана.

Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэйгээр үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна. 

Өвгөн жолооч ухасхийн, хийг нэмэхэд дөрвөн хүрд харвасан сум мэт эргэлдэх бөгөөд бүртэлзэн харагдагч бараа нэг үе далд орж, нэг үе ил гарна.

Удалгүй ойртон очвол өмнөх гүвээн дээгүүр сүм хийдийн орой бүртэлзэн цухуйж, алтан ганжуур нь өглөөний нарны гэрэлд үзэсгэлэнтэй гялбалзмой.

Тэрхүү хийдийн суврагын тэнд гайхамшигтай манжлага цамхагт өлгөсөн хонхны дуу нь хангинан жингэнэнэ.

Бүрээ бишгүүрийн дуу үргэлжлэх бөгөөд цам жахар бүжиглэж буй ажээ. Хөдөөгийн хүмүүс хэд хэдэн зуугаар хуралдаад, эрээн мярааныг өмсөж ийш тийш зөрөлдөнө.

Сүлжилдэн давхилдах хөдөөгийн хүмүүсийн цэнгэл нь миний сэтгэлийг даруй бахдуулж, Сан бэйсийн морины сайхан нь миний дурыг хөвсөлзүүлэн хөдөлгөнө.

Монгол газар минь уудам юмаа. Маш сайхан морьтой юмаа, морио унаад давхихад манай цог заль сэргэнэ.

Ийшээ ширтэж, тийшээ гөлрөн, үүнийг гайхаж, түүнийг бодсоор явтал, олон морьтой хүмүүсийн дундуур нэгэн сайхан саарал морины толгой тэмүүлэн, ам нь ангалзаж, хоёр чих нь солбилзон үзэгдэхэд хэдийн миний хоёр нүд гэрэлтэн туссан бөгөөд нэг залуу хүүхэн жолоог дугтран зүтгүүлсээр гарч ирэх нь хувилгаан охин адил гэрэлтэй ба цог заль өнгөтэй жавхлантай нь түмэн баатар эрсийн боловч, зүрхийг чичрүүлэн догдлуулж, төв эрдэмт оюутны боловч сүнсийг холбилзуулан татна.

Цагаан саарал морины нуруун дээр ногоон гөлөмтэй боржигин янзын эмээлийг тохсон нь холхи газрын хүлгийн өнгө ялгаран, үзэсгэлэн бүрдээд, түүний дээр залуу охин хормойг цэмцийтэл, гуяыг мөлчийлгөн ороогоод, хөндлөн суужээ.

Үзвэл нас арван найм, ес агаад шинэ сарны адил хурц тунгалаг гэрэлтэнэ.

Урт хар гэзгийг гурваар даран унжуулж, улбар шар дурдан алчуураар толгойгоо ороон, өрөөсөн нүдний дээд тал дээр хэлтгий зангилан үзүүрийг унжуулсан нь залуу бүсгүйн дэгжин байдлыг үзүүлжээ.

Цайвар өнгөтэй зөөлөн царай нь зуны наранд борлоод хоёр хацарт нь улаан туяа тусчээ.

Харах нүдний хар цагаан нь хослоод, хотын залуу хүний дээр эелдэг нимгэнээр хөдлөх тутамд нүд эрхгүй дагалдан давхина.

Энгэр нударгыг хар торгоор эмжиж, нарийхан хошмог тавьсан хүрэн ягаан чисчүү дээлийг өмсөн, зүүн ханцуй дотроос нарийхан хурууг цухуйлган, жолоо цулбуурыг хугас барин атгаад баруун ханцуйгаа сул тавин, түүний дотор гараа нуун, ташаагаа тулж буулгасан том нударгыг далбайлган бүрхүүлсэн нь шинэ цагийн хээнцэр байдлыг гайхуулжээ.

Хоолойн товчийг задгай тавьсан дотуур басхүү хар торгоор бөөрөнхийлөн эмжсэн цайвар шар дурдан цамцны зах цухуйж буй агаад түүний дотор нимгэн цагаан хөрстэй гуа хүзүү үзэгдэхэд хазаад авмаар буй.

Шар бажгар дурдан бүсийг шавхийтэл жийсэн нь талын идэр махбодыг бахархуулжээ. Харь газрын залуу хүн түүний замыг хөндөлдөн саатуулж, хэдэн үг асуун хэлэлцэхэд тал газрын бага охин тэр жолоог татаж, дуртайгаар түдгэлзэн хариулан өчиж басхүү энэ тэрийг лавлан сонирхоно.

Ташаа нь тэвхийж, хавирганы яс нь зурайсан ялгуун саарал морь тогтож ядан, гуа сайхан дөрвөн хөлөөр ээлжлэн газар цавчилж, уран сайхан толгойгоо ийш тийш сэжих нь агаарт дэгдэж, үүлэнд умбан алдах боловч, дээр нь унасан үзэсгэлэнт охин ажиггүй сууж өгүүлэлдэх бөгөөд үг хэлэлцэн хичээнгүйлэн аашлах нь бага хүүхэд мэт хөнгөмсөг эевэрүү хасын өнгөт дөрвөлжин цагаан шүдээ яралзуулан үе үе инээмсэглэн мишээх хаврын улирал ирж буй адил бахтай.

Эелдэг түүнийг үнсэж шимж ханашгүй.

Хээр талын дунд хөндлөн гулд давхиж хөдөөгийн саруулд биеэ гайхуулсан ийм нэг үзэсгэлэнтэй учраад хэрхэн сэтгэл хөдлөхгүй байж болох ажээ. Чинээгээр хичээнгүйлэн хэлэлцэж, сонирхлыг тавина.

Өндөр хааны өврөөр нутагладаг гэнэ. Өнөө өдөр тэнд буусан гэж өмнө хөндийгөөр угалзан цэнхэрлэж урссан Хэрлэн голын хөвөөн дээр нэг эрээн майхан бүрэг бараг үзэгдэхийг заагаад, даруй морио ташуурдан харайлгаж, исгэрэн харайлгасаар одов. Хэрэв би морьтой болоод завтай явсансан бол доо.

/1931 он/

Хөрвүүлсэн: М.Мөнхтунгалаг