МОНГОЛ УЛСЫН ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
GENERAL INTELLIGENCE AGENCY OF MONGOLIA
Ном, уран зохиол
Лха.Дарьсүрэн - Танихгүй танилуудын золголт

Нэг

    Цэргийн яамны өндөр шургааган хашааны баруун талыг эзэлсэн том цагаан гэрийн зүүнээ хориодхон алхам зайтай байгаа дүнзэн байшингийн хэдэн цонхноос шөнө дөл өнгөртөл гэрэл гэгээ тасарсангүй. Цэргийн холбооны байшингийн нэг өрөөнд чихэндээ чагнуур хийсэн хэдэн хүн сууцгааж, цахилгаан мэдээний хэрэгслэлийг ширтэцгээнэ.

    Гонзгойвтор царайндаа зохисон өтгөн хөмсөг дороос цогтой цоргисон алаг нүдтэй залуу эр, дугуй дамраас хөвөрч байгаа цаасан туузыг ширтэн зогсохдоо уруулаа үл мэдэг өмөлзүүлнэ. Түүнийг Зундуй гэдэг. Сар гаруйн өмнө тагнуулын түр сургууль төгсөөд нууц түлхүүр тохируулагчаар ажиллах болжээ. Зундуй арван естэй боловч угийн номхон гүдэсхэн зан, шулуун шударга чанар, илүү дутуу үгүй авир араншин нь багш мэргэжилтэн нарын анхаарлыг их татжээ.  Заасан зүйлийг тогтоох гоц авьяас, ой ухаан, холбогдолтой сэжгийг өлгөн авч соргог сэтгэх өвөрмөц чанар түүнд заяажээ. Тагнуулч хүнд байдаг тэр гойд чадварыг мэргэжилтэнгүүд анхаарч, өндөр хариуцлагатай ажилд тохоон томилсон юм. Тэрээр сургууль төгссөнөөс хойш долоо хоног бүрийн нэг шөнийг ингэж өнгөрөөхдөө сэтгэл догдолдог болсныг гадарлав. Чингэж ээлжит дохио хүлээсээр тав дахь ээлжиндээ болзоот дуудлагыг сонсоод эчнээндээ баярлажээ. Гэсэн ч сэтгэлийн ийм хөдлөл Зундуйн нүүр царайнд илэрдэггүй, жирийнхээс илүү тайван уужуу байдаг явдал гайхалтай. Тэрээр нэвтрүүлэг хүлээн авагчийн туузнаас хуулсан тоонуудыг жагсаасан цаасаа барьсаар өрөөндөө орж ирэнгүүт тоонуудыг тохирох үгээр орлуулан сийрүүлээд гүнээ санаа алдлаа.

“Нүдний шил үнэ хүрч, сахалт Харбинд панз хийнэ. Манжуурт буй ахын өр 120 лан хүрээд одоо 284 лан боллоо. Гурван баян панзчин Манжуур орох янзтай. Хүргэн хөлжөөд буцах тул хадагтай золгох хэрэгтэй. Эцэг хөх даалимбаа зоорилжээ. Хүргэн, ажин хоёр их наймаа үсэргэж, хадмаа мод бариулж хоослох нь. “ОСТАМ” гэснийг хэд дахин уншаад эл мэдээг нууц түлхүүрээр тайлахаар эдэлж хэрэглэх зүйл, уул ус, газар орон, улс гүрэн, хот суурин, бүс бараа, эд хогшил, нэр овгоор хийсэн түм шахам үгтэй толь бичгийг нууцын авдраас авлаа.

Зундуй нууц түлхүүрээр тайлсан зүйлээ нарийвчлан хянаад даргадаа танилцуулахаар бэлдээд өрөөнөөс гарав. Зуны дунд сарын шинэдээр хавирган сарны цайвар гэгээнд Цэргийн яамны уужим хашаа байшин, гэр тодоос тод харагдана. Хашааны баруун хэсэгт барьсан хоёр жангийн багашигхан байшингийн гурван цонх гэрэлтэй. Энэ байшинд Цэргийн тагнуулын газрынхан байрладаг. Зундуйг гаднаас орж ирэхэд Цэргийн тагнуулын орлосон дарга Рагчаа, ширээний араас өндийж, тамхиа асаах зуур Зундуйн царайг хэрсүүлэн ажиглаж, “Өнөөдөр бас чимээгүй байх нь?” гэж бодсон атал түүний гарт байгаа хавтсыг санамсаргүй ширтэв.

-Зундуй суугаач гэж Рагчааг хэлэхэд тэрээр хавтсан дотроосоо нууц түлхүүрээр тайлсан хуулбараа эхтэй нь нийлүүлж үдсэн мэдээтэй хамт гаргаад,

-Тамжидын хүүгийн ажиллагаа эхэллээ гэж товчхон илтгэв. Рагчаа, Зундуйгаас баримтуудыг авахдаа “Осор бүх шалгалтуудыг давж чаджээ” гэж бодох зуур нууц түлхүүрээр тайлсан бичгийг нүд гүйлгэн уншив.

“Япон, Семеновынхныг Харбинд нууц хуралдуулахаар яарч байна. Алс дорнодод байрлуулах цэргийг 284000 хүргэхээр шийдэж, Манжуурт 120 мянган цэрэг илгээлээ. Гурван баянаар манай улс руу довтлох төлөвлөгөөг хийж дууслаа. Төлөөний хүн ажлаа бүтээгээд Хүрээнээс эргэх тул хариу мэдэгдэхийг хүсье. Гүнтэнг умард хятадынхан нууцалсан байна. Төлөөний хүн, гүнгийн охинтой уулзаж, хорлон сүйтгэх ажилд ашиглах бололтой. ОСТАМ. 1922.YI.17”

Рагчаа, мэдээг унштал сүүлийн хэд хоног сэтгэлд хуйрагнасан эчнээний тээглээ сарниад давчдаж байсан цээж уужрах шиг болжээ. Гэсэн ч Рагчаа, “ОСТАМ”-ын илгээсэн баримтыг гүнзгийрүүлэн бодох тусам бурангуйн ёс, төрийг халаад жил шахам болж буй тулгар засаг төрд, гадаадын цэрэг улс төрийн түрэмгийлэл илэрхий заналхийлж, хорлон сүйтгэх ажиллагаа идэвхжихэд хүрсэн их замын уулзвар дээр зогсож байгаагаа юунаас ч илүү ухаарна.

-Зундуй... Чи энэ илгээлтийн талаар ямар бодолтой байна даа гэж Рагчааг бодолхийлон лавлахад,

-Рагчаа дарга аа! Бидний төсөөлөл баримттай боллоо шүү дээ. Япон улс, далайн эрэг хавиас цэргээ түр татахаар шийдсэн учраас Англичууд, Меркуловын Засгийн газарт амласан 15 сая алтан рублийн зээлийг цуцалсан мэдээг яаран зарласан явдал бол жирийн хэрэг биш. Англичууд Гурванбаян гэдэг төлөвлөгөөг хүлээж зээл өгөхгүй хойшлуулсаар байсан бололтой. Япончууд тэр төлөвлөгөөг биелүүлэхийн тул Зүүн умарт хятадад бүгсэн цагаантнуудыг Семеновын удирдлаганд нэгтгэхээр улайрч байгаа энэ үед Харбины “ичээнийхэн” өндийх боломжтой болж байгаа юм гэлээ.

Рагчаа, Зундуйтай нэлээн зүйл ярилцах гэснээ хойшлууллаа. Ер нь Рагчаагийн сэтгэлд хоногшсон бүхэн Зундуйд тоймлогдож байв. Засаг төрийн эсрэг чиглэсэн хуйвалдааныг цагаан хэрмийн цаана, наанаас удирдаж байгаа Хятад, Америк, Японыхон өрсөлдөх болсон энэ үед японы цэрэг, улс төрийн түрэмгий бодлогод тулгуурласан “Гурван Баян” гэдэг төлөвлөгөө, Ардын засаг төр, Ардын намыг түлхэн унагасан тэр үед эхлэх боломжтой байлаа.

-Зундуй! Нацагийг одоохон дуудуулаад, гүнгийн охин, Яндаг хоёрын хэргийг аваад ир! Харин хүрээний гудамжинд наасан, хорлон сүйтгэгчдийн ухуулах хуудсын талаар өглөө танилцуулаарай гэхэд

-Мэдлээ. Гүйцэтгэе гэж товчхон илтгэсэн Зундуй даргынхаа өрөөнөөс гарлаа.

*    *    *

 

Зуны дунд сарын хууч гарсан болохоор шөнийн тэнгэрийг нүдгүй харанхуй нөмөрчээ. Их Хүрээний Дайчин вангийн өндрийн араар тахиралдсан нарийн гудамжийг өгсөн нэг хүн, зүүн тийшээ. Энэ нь Нацаг байлаа. Нацаг Автономитын Гадаад яамны дэргэд байгуулсан сургуульд суралцаж төгсөөд гадаад яамнаа хятад, манж, япон хэлний хэлмэрчээр ажиллаж байгаад гамингийн үед ажилгүйджээ. Хүрээнд Ардын засаг ирэнгүүт Нацаг Хичээнгүй сайдтай уулзаж өөрийн хүсэлтээ уламжилж, Засгийн газар бичээчээр ажиллах болсон билээ. Чингээд хэдэн сар өнгөрсний дараа түүнийг Цэргийн яамнаа татан ажиллуулжээ. Нацаг, Рагчаагийн мэдэлд хагас жил шахам ажиллахдаа түүний хэрсүү ухаалаг, ажигч байдал, аливаа сэжгийг баримтаар батлан дүгнэх, явсан газар орны байдлыг нүдлэн тогтоохдоо авхаалжтай болохыг ажиглаад “Аргагүй л жанжны дэргэд олон жил ажилласан хүн юм даа” гэж бодоод сэтгэлдээ биширнэ. Нацаг даргатайгаа хөдөө явахдаа жанжинтай хэрхэн танилцсаныг нь лавладаг байлаа. Харин хоёр сарын өмнө Зундуйтай уулзаж ажил төрөл ярилцах зуураа даргынхаа тухай сонин зүйл сонсоод Рагчаагаар бахархмаар санагдана. Тэгээд зав чөлөөтэй үедээ Зундуйн ярьсныг эрэгцүүлэн бодно. Чухам яагаад ингэж боддог учраа Нацаг төдий л олдоггүй. Нацаг Цэргийн яамыг  чиглэн явахдаа “Рагчаа дарга намайг юунд дуудсан юм бол? Яаралтай хэрэг гарч дээ. Дотоодын хамгаалахын дүрмийг яаралтай засах хэрэг гараа юу?” гэж бодож явахдаа даргынхаа тухай бодож явлаа.

...Рагчаа эдүгээ гучин таван настай. Тэрээр Автономитын цэрэгт ирээд үе тэнгийнхэндээ “Гурай даамал” гэж хочлогджээ. Рагчааг номхон томоотой, үг хэл гаргадаггүй, мөрөөрөө явдаг болохоор цэргийн хүнсний даамал болгожээ. Сангийн яамнаас цэрэгт нийлүүлсэн хоол ундны зүйл хүрэлцэхгүй, хомс болохоор өлссөн цэргүүд Рагчааг элдэвчлэхийн зэрэгцээ заримдаа “Хоол хасаад гүзээлчихдэг мөртлөө идсэн шинжгүй гурай амьтан” гэж харааж давшлах нь цөөнгүй. Нэг өдөр Сангийн яамны их нярав, нэгэн ламыг дагуулж цэргийн хоолны мах авчирчээ. Рагчаа, хоёр хоног мах тасарсан болохоор морин тэрэгтэй махыг гал зуух руу хүргүүлэх гэснээ бүтээлэг даавууг сөхвөл хамгийн дээд талд үхрийн хоёр хаа, нэгэн гуя хаясан байлаа. Рагчаа тэр гуяыг санамсаргүй сөхвөл эхүүн үнэр хамар өөд нь сэнгэнэв.

Рагчаа тэр дороо хороо хоногт /хорооны дежур/ дуулгахаар дарга нарын гэр рүү очтол тэр өдрийн хороо хоногт Сүхбаатар сууж байлаа. Рагчаа байдлыг илтгэхэд Сүхбаатар тэр махыг үзээд агуулахаас дэнлүүний тос гаргуулж авчраад,

-Энэ махыг хогийн хонхорт аваачиж шатаа гээд Сангийн яамны их няравт: Үүнээс хойш ийм мах авчирвал өөрөө ч өршөөгдөхгүй гэж мэдээрэй гэлээ. Тэр өдөр цэргүүд үнэр орчихсон махыг шатаагаад Цэргийн яам руу жагсаалаар очиж заргалдахаар шийдээд байтал Га мэйрэн ирж, цэргүүдийг хориглож, элдэв үгээр ятгав. Гэтэл Сүхбаатар

-Мэйрэн гуай! Та учир мэдэх албаны хүн атал цэргүүдийг хоёр хоног махаар тасарч байхад дуугүй суудаг чинь албаны ёсонд таарах уу? Та энэ цэргүүдтэй хамт Цэргийн яаманд очих ёстой. Хэрэв очихгүй бол мэйрэн хэргэм танд гай болно байх гэлээ.

-Сүхбаатар минь... Хүү минь яаманд айлтгалгүй өнгөрөөж үз. Би одоохон орос дарга нарын агуулахаас үхрийн шинэ мах авч өгье. Тэгээд үүнээс хойш махаар таслахгүй. Би өөрөө хөөцөлдөж байя гэлээ. Ингээд цэргүүд Цэргийн яам руу очилгүй өнгөрч, Рагчаа ч хүнсний даамал “сэтрээ” тушааж, Га мэйрэн, түүнийг дуртай зөвшөөрчээ. Рагчаа, Сүхбаатартай ингэж танилцаад Халх голын байлдааны үеэр /1917 оны харчин гүн Бавуужавтай хийсэн тулалдаан/ бүр дотно танилцав. Нэг өдөр рагчааг Хатанбаатар ван дуудуулжээ. Тэгээд Халх голын сүмийн жасын гэрт очихдоо Сүхбаатартай уулзав. Хатанбаатар Сүхбаатар тэргүүтэй найман хүнтэй уулзаад,

-Та нар Сүхбаатарын удирдлагын дор явж, харчны дээрэмчин Баянцагааныг барьж ирнэ гээд тагнуулын хэсгийнхэнд тодорхой заавар өглөө. Тэд шөнөжингөө явж, Баянцагааны буусан газар хүрлээ. Халх гол хавийн монголчуудыг дээрэмдсэн дээрэмчид жижигхэн толгодын өвөрт бууж, зургаан майхныг хоёр эгнүүлэн босгоод баруун урдхан талд нэг гэр барьсан нь сарны саруулд тод харагдана. Шинийн арван гуравны тэргэл сарны гэгээнд гэрийн үүдний манаа хааяа үүрэглэн гэрийн хаяа түшин суусныг ажигласан Сүхбаатар,

-Рагчаа, хоёулаа энэ манааг барина. Харин Сүх, манаач орлон үлдэнэ. Та тав Сүхийг хамгаалах болно гээд цэргүүдээ тав, таван бөмбөгтэй үлдээж, гурвуулаа том гэрийн зүг мөлхөв. Сүхбаатар гэрийн хойхно очингуутаа зогсож чимээ чагнатал манаа нойрноос сэрээд босов.

-Сүхээ. Гэрийн зүүгээр манаанд ойрт. Бид хоёр баруун талаас гэтнэ. Дохио өгөхөөс нааш манаач руу дайрч болохгүй. Манаачийг бид хоёр руу зүглэвэл чи юм унагаж чимээ гаргана. Чам руу чиглэвэл бид хоёр чимээ өгнө. Тэр хооронд бид амжих хэрэгтэй гэлээ. 

Сүх гэрийн зүүн хаяаг тойртол Сүхбаатар, Рагчаа хоёр баруун хаяагаар тойрлоо. Энэхэн үед гэрийн манаа зүүн талаасаа баруун тийшээ эргэв. Рагчаа, Сүхбаатар хоёр гэрийн хананд ар нуруугаар налан амьсгаа хурааж зогстол, гэрийн зүүн талд газар унаж байгаа чулууны чимээ гарлаа. Торхийх тэр чимээгээр өнөө манаа гэнэт зогсож чимээ чагнаснаа гэрийн хаалга руу эргэх тэрхэн чөлөөнд Сүхбаатар манаачийн  араас ухасхийн очиж хулхинд нь гар буугаа тулгаад

-Чимээгүй. Аминд чинь халтай шүү гэтэл нөгөө талаас Сүх гарч ирэв. Чингээд Сүх манааг орлон үлдэж, Рагчаа нөгөө манаачаа үүрч том гэрийн арын судагт аваачив.

-Гэрт ямар хүмүүс байгаа вэ? гэж Сүхбаатарыг асуухад харчин цэрэг айж гайхсаар,

-Жаа... Ба ноёнтон залуу хүүхний хамт байгаа гэж дультрав.

-Харуулын эргүүлд нууц дохио бий юу?

-Харуул эргэх хүн “Хорчин байна” гэж дохио өгөх ёстой. Одоохондоо ирэхгүй. Түрүүхэн ирээд явсан. Үүрээр ирнэ.

-Энэ зургаан майханд юу бий вэ?

-Зүүн гурван майханд бараа бий. Нөгөө гурван майханд дөчин хоёр цэрэг бий.

-Ба ноёнтны гэрт өөр хүн байхгүй юу?

-Байхгүй. Хүүхэн авчруулсан үед түүний хоёр туслах барааны майханд хонодог юм.

Сүхбаатар хүмүүсээ хуваарилж, майхны зүг гар бөмбөг шидүүлэхээр бэлдээд Рагчаатай хамт гэрт орж, согтуу дээрэмчинг баривчилжээ.

Үүр дөнгөж цайж, алсын бараа танигдах тэрхэн үед морьдын төвөргөөн үүрийн анир чимээгүйг цочоов. Сүхбаатар газрын байдлыг ажиглан хэсэгхэн зогсож, ойртож буй морин төвөргөөнийг чагнах зуур,

-Сүхээ. Баянцагааныг аваад яв. Рагчаа, Ба ноёнтонг хөтөлгөө моринд сайн баглаж өг. Бусад цэргүүд тэр жижиг толгойг уруудсан жалгын эхэнд байрла гээд өөрөө үлдэв. Сүхбаатар, Рагчааг дагуулан жалгын сүүдэрт зогстол үүрийн гэгээнд толгодын бэлээр зурайсан элсэн замаар хэсэг морьтой хүмүүс гарч ирлээ.

-Эд нар хорь гаруйлаа ирлээ. Рагчаа! Энэ жалгын эхэнд очоод өөдөө гар. Жалгын эхээс наахна тохойрч мөргөцгөлсөн хамар бий. Тэр мөргөцгийн дагуу цэргээ байрлуул. Би гурван удаа буудаж дохио өгөхөөс нааш гар бөмбөгөө шидэж болохгүй гэж даалгалаа. Рагчаа таван цэргээ дагуулан Сүхбаатарын зааж өгсөн өнөө мөргөцгөлсөн хамрын дээрээс жалгыг ажвал тэр  нь ходоод шиг цүлхгэр ажээ. Харин жалгын мөргөцгөлсөн хэсэг нь жалгын зайг нарийсган ходоодны амсар шиг болгожээ. Дээрэмчид элсэн дээр гарсан мөрийг ажиглан өгсөж, жалгын цүлхгэрийг даган өөдлөв. Чухам энэхэн үед гар буу гурвантаа дуугарч дээрэмчдийн хэсэг замбараагүй байдалд орох тэрхэн үед эргэн дээр байрлаж отсон цэргүүд гар бөмбөгөө шидэв. Ийнхүү Сүхбаатарын отолтонд орсон дээрэмчдээс амь мултарсан хэд нь жалгын цүлхгэрээс гарч амжсандаа олзуурхсан янзтай жалга уруудан зугтаажээ. Сүхбаатар шөнө жалгын байдлыг сайн ажигласан болохоор хөмөрсөн аюулаас мултрах аргыг ингэж нарийн төлөвлөсөн аж. Рагчаа түүнээс хойш тагнуулд явах болгондоо зам зуур тохиолдсон дов сондуул гуу жалга, асга хад, гол мөрөн, булаг шанд бүрийг нүдлэн тогтоодог болжээ.

Рагчаа, Зүүн хязгаарын цэргээс буугаад Хиагтын харуул цэрэгт очиж Хиагтын Наймаачин хотын “доод найм” гэдэг хамгаалалтын хэсэгт хуваарилагдав. Гэтэл автономийг татан буулгахад Хиагтын цэргийг тараалаа. Рагчаа амьдрахын эрхэнд Хиагтын /Троицкосавка/ худалдаачин Кубальскийн Булгаар үйлдвэрлэх газар /Алтанбулагийн Булгаарын завод/ арьс ширний үс зумлагчаар ажиллах болов. Чингэтэл нэг өдөр Наймаачны тавин цэрэгт үлдсэн нэг танил нь ирж,

-Сүхбаатар, чамайг сураглаж байна. Бололцоо байвал Орос Хиагтын Бүтэд буриадынд ирж уулзаач гэж хэлүүллээ гэж дамжуулав. Рагчаа тэр шөнө хил давж, хуучин зүс таних Ерөөгийн алтны уурхайд ажилладаг Бүтэдийнд очиж Сүхбаатартай уулзжээ. Сүхбаатар, Ардын намын зорилт, журамт цэргийг байгуулах тухай Рагчаад яриад,

-Рагчаа! Энэ хэрэгт чамайг оролцоно гэдэгт итгэж байна. Тэгэхдээ чамд яггүй хүнд ажил оногдоно. Одоо юуны өмнө Хүрээнд үлдсэн намын нууц нөхөдтэй холбоо тогтоох хэрэгтэй. Цаашдаа Хүрээ, Хиагтын зам зуурын дагуух гамин, цагаантны хөл хөдөлгөөнийг болон цэргийн байр байдлыг тагнах хэрэгтэй байна. Чи юу гэж бодож байна гэж асуужээ. Чингээд Рагчаа Сүхбаатарын “онцгой даалгаврыг” биелүүлж эхэлсэн билээ...

Нацаг чингэж даргынхаа тухай бодсоор яваад Цэргийн яамны хашааны хаалганы дэргэд ирснээ бараг анзаарсангүй.

-Зогс! Юун хүн бэ? гэж сүртэй дуугарсан харуулын цэргийг хараад Нацагийн сэтгэлд урган, нүдэнд нь дүрслэгдэж байсан бүхэн харанхуй шөнийн тэнгэрт од харвах шиг эгшний төдийд сарнив.

*    *    *

 

Рагчаа, Шүүх яамны бүрдүүлсэн Яндангийн хэрэг, гүнгийн охиныг судалсан баримтуудыг уншаад онцгой анхаарах зүйлээ тусгайлан тэмдэглэв. Рагчаа, тамхиа асааж алгуурхан сорох зуураа Яндангийн хэрэгт холбогдох дам мэдээнүүдийг түүвэрлэн бичсэн зүйлээ авч уншаад өөр хооронд нь харьцуулна.

...Гадаадаас ирэх тэр хүнийг долоо хоногийн дөрөв дэх өдөр Дурдасны гуанзанд хүлээх ёстой... Таних тэмдэг маанийн эрхи юм... Нууц дохио нь зуун найм дахь хэрэгтэй юу? Хариулт зуун найм атугай арван хоёр дахь шүрэн толгой хэрэггүй. Сорилт нь шүрэн толгойны бөөр эмтэрчээ. Хариулт нь бүтэн болгох гэж ирлээ...

Рагчаа, Яндагийг нас барахын өмнө амжиж хэлсэн зүйлийг уншаад ширээн дээр тавингуут түүний хажууд бас нэг бичгийг тавив.

...Хүрээнд бүгсэн цагаантны хурандаатай уулзахаар Гакамоку хэмээх нууц хүн Харбинаас гарлаа. 1922 оны 5 сарын 29.

Рагчаа хилийн чанадаас ирсэн энэ баримтын хажууд өчигдөр өглөө Хүрээний нэгэн гудамжинд наасан ухуулах хуудаснаас хуулсан сүүлчийн өгүүлбэртэй бичгийг тавиад нүд чавчилгүй ширтэнэ.

...Гамин болон улаантны гарт өртөн алдагдсан Автономит хэмээх өөрөө өөртөө засан тохинох засаг төрөө сэргээн тогтооход ах дүү монголчууд нэгэн зэрэг хөдөлцгөө! Та нарт гар сунган туслах аугаа их хүч бэлэн бий шүү...

Рагчаа үүнийг уншаад сэтгэлдээ “аугаа их хүч... Орох оронгүй оргодол цагаантан, бусдын газар нутагт шунасан японы цэрэг улс төрийн дайнч хэнээтнийг ингэж өргөмжилжээ...” гэж бодсоор ОСТАМ-аас авсан баримттай харьцуулаад “Манай улсыг Гурван Баянаар довтлох тэр төлөвлөгөөг Японы Цэргийн яам батлаагүй байх нь” гэж амандаа шивнэнэ.

Рагчаа бодит баримтуудыг харьцуулан хийсвэрлэх дуртай. Түүний бодлоор бол хэтрүүлсэн хийсвэрлэл дэндүү тэнэг зөгнөл шиг санагдах атал тийм хийсвэрлэл, ямар нэг зорилгыг нэг талаас амьдралд гарцаагүй биелэгдэх зүйл болгон нотолдог байтлаа нөгөө талаар амьдралд хэзээ ч биелэхгүй хоосон зөгнөл болон илэрдэг онцлогоороо хайнга хийсвэрлэлээс ялгаатай байлаа. Гэтэл хайнга хийсвэрлэл хөдөлбөргүй баримт сэлт, цаг үеийн нөхцөл байдал, хувь хүний бодол төсөөлөл бүрийг  нэгтгэхэд саад болж “ацан шалаанд” мухардуулах нь олонтой. Чухам энэ бүхнийг ялган тунгаахыг хичээсэн Рагчаад сүүлийн хоёр хоног “нүдний хор” гаргах зав олдсонгүй.

Рагчаа, унтарсан тамхиа асаах зуур суудлаасаа босож, цонхны дэргэд очих тэрхэн хоорондоо “Яндагийг өөртөө элсүүлсэн японы тагнуулын бие төлөөлөгч Гакамоку мөн үү?” гэж бодно. Цаг үеийн олон улсын харилцааны байдлаас ажвал Америкийнхан японтой нэлээн холбоотой бөгөөд мөн Хятадаас холбоо таслаагүй байлаа. Чухам энэ ажлыг Чуулал хаалган дахь Америкийн элчин консул зохицуулж байв.

Рагчааг ингэж бодож байтал гаднаас Нацаг орж ирлээ. Рагчаа цонхны дэргэдээс эргэж, ширээний дэргэд очингуутаа,

-Ашгүй чи хүрээд ирэв үү? Наашаа ойртож суугаач гэлээ. Рагчаа, Нацагт “ОСТАМ”-ын илгээлтийг үзүүлснээр тэдний ажил хэргийн яриа эхлэв. Нацаг баримтуудыг уншаад өөрийнхөө саналыг илтгэхдээ,

-Гурван Баян төлөвлөгөө батлагдаагүй байгаа нь илэрхий. Хүрээний нууц  хүн болох төлөөний хүн төлөвлөгөөг батлагдахаас өмнө эндэх ажлаа зохицуулаад буцаж магадгүй сэжиг гарч байна. Эсвэл өөр зорилготой ч байж магадгүй. Иймээс төлөөний хүний зорилгыг тогтоох хэрэгтэй. Нөгөө талаар төлөөний хүн, Гакамоку хоёр нэг хүн байх. Учир нь хоёулаа японы тагнуулын газартай холбогдож байгаа учраас нэг ажлаар хоёр хүн илгээх нь эргэлзээтэй байна. Эцэст нь хэлэхэд японы тагнуул хүрээнд ирээд дэн буудлуудаар шагайх уу? Тэгвэл Хүрээний дэн буудлаас хэнийх нь японы болон цагаантны гар хөлд өртсөн байх вэ? гэдэг асуудлыг мухарлан шийдэх нь чухал гэж хэллээ.

-Тиймээ. Би чиний саналтай санал нэг байна. Харин миний болгоомжилсон нэг зүйл бол гүнгийн охин, энэ ажилд ямар хэмжээгээр оролцох ёстой вэ? гэдэг сонин хэрэг.

-Рагчаа дарга аа! Амьдралд цөхөрсөн, эцгийнхээ сургийг хүлээж ядсан бүсгүй хүнийг тэд яаж ч ашиглаж чадна шүү дээ.

-Чухам наад санаа чинь намайг түгшээж байна. Гүнгийн охиныг ашиглаад амьд үлдээх үү? Устгах уу? Бид засаг төрөө, хорлон сүйтгэх дайснуудаас хамгаалахын зэрэгцээ ард иргэдийнхээ амийг ч хамгаалах үүрэгтэй гээд Рагчаа хэсэг дуугүй бодолхийлсноо,

-Одоо хятадын сонинууд цуурхал тараах дон шүглээд байна. Ялангуяа Зөвлөлтийн Гадаад Хэргийг Эрхэлсэн ардын комиссар Чичерины нэр төр рүү дайрч байна. Тэгэхдээ Гадаад Монголыг аврахын тул ов мэх гаргаж байна хэмээн худлаа гүтгэсэн учраас баруун зүгийн зарим орны гадаад яамдын нөлөө бүхий хүмүүс түүнийг дэвэргэж цуурхал болгоод байна. Өөрөөр хэлбэл япон, цагаантны хуйвалдаан төдийгүй Чжан-Золингийн өрсөлдөөнөөс манай орныг хамгаалах гэсэн бодлогын нөлөөгөөр Англи улсаас Меркуловын Засгийн газар амласан зээлээ өгч, дэмжихийг бодсонгүй гэж шуугиж байна. Японы Засгийн газар Алс дорнодод зах зээлийнхээ нөлөөг алдахгүйн тулд далайн эрэг хавиас цэргээ түр татсан боловч манай улс руу өнгөлзсөн далд санаагаа орхиогүй байгаа юм. Үүний цаад учрыг мэдсэн Англи, Японтой түнш хагарчээ. Одоо Япон, Америктай холбоо тогтоохыг эрхэмлэж байна. Японы Цэргийн яамны сайд Яманаси, манай орныг “асрамжиндаа” авах талаар Америктай санаа тохиролцсон нууц хэлэлцээний тухай санамсаргүй чалчсан мэдээ, баримтуудыг шүүрэн авсан сонин сурвалжлагч нар нэлээн давсалчихсан болохоор Чжан-Золин түүнийг эвтэйхэн ашиглахыг хичээж байна. Япон, Америкаас урьдахын тулд монголоос дүрвэсэн ван, гүнгүүдийг сүрдүүлж өөртөө татаад зогсоогүй тэдний үр хүүхдийг барьцаанд авч, эрхэндээ оруулах, улмаар нам засгийн эсрэг тухирах бодолтой байгаа юм. Тиймээс гүнгийн охиныг хүний гарт алдах уу? Эсвэл түүнд иргэнийх нь үүрэг зорилгыг ойлгуулж шинэ хүн болгож чадах уу гэдэг асуудал тулгарч байгаа юм гэж анхааруулав.

-Рагчаа дарга аа! Хүрээний төлөөний хүнийг “зуун найм дахь эрхиний эзэн” гэж бодож байна уу? гэж Нацагийг асуухад,

-Ямар ч гэсэн Зундуйг бэлтгэлтэй байлгах нь илүүдэхгүй. Тиймээс Хүрээний төлөөний хүн, Гакамоку хоёрын холбогдлыг тодруулж нууц нэрийн учрыг олох хэрэгтэй. Одоо Хайлаарт 2700 морьт цэрэг бэлэн байгаа  хийгээд цагаантны генерал Щильников, Мицеевский нар Харбинаас баргын сүмд нууцаар ирсэн явдлыг харьцуулбал бидний сонирхож байгаа хүмүүс хоёр генералтай дам холбоотой байна. Ялангуяа өчигдөр өглөө зүүн хүрээний гудамжинд наасан ухуулах хуудасны өгүүлбэрийн утга санаа, нууц хүний зорилготой холбоотой бөгөөд түүнийг Хүрээнд ирсний дараа хань хамсаатнуудынх нь гараар хийгдсэн байж болох бүрэн бололцоотой. Нөгөө талаар цаг үе түгшүүртэй байдалд хүрч болохуйц нөхцөл бүрдээд байгаа одоо үед юуны өмнө Дотоодыг Хамгаалах Газрыг байгуулах явдлыг түргэтгэх хэрэгтэй байна. Өчигдөр жанжин, Дотоодыг Хамгаалах Газрын дүрэмтэй танилцаад дахин боловсруулах үүрэг өгч, яаралтай дуусгахыг даалгаж байна. Иймээс нөгөөдөр өглөө гэхэд Намын Төв Хороо, Засгийн Газарт оруулах айлтгалыг бэлэн болгож, Дотоодын Хамгаалахын дүрмийг дуусгах хэрэгтэй. Тэгэхдээ юуны өмнө Яндагийн хэрэгтэй танилц. Өнөө орой Хүрээнд ирсэн төлөөний хүний талаар дахин ярилцъя гээд ажлын удирдамж өглөө.

*    *    *

 

Хүрээний зах зээлийн хүн улам нэмэгдэж буй жин үдийн хирд, олны дундуур энэ тэрхнийг сонирхон, хайнгадуухан гэлдэрч яваа хөхөвтөр туранхай царайтай, дөч орчим насны нэг хүн, хүрэвтэр өнгийн хөөргийг үзэж шохоорхох зуур хүрээ зээлийн тэрэгчингүүдийн зүг сэм ширтэнэ. Энэ хүнийг Очир гэх боловч угтаа Дөрвөд далай ханы Жудаг гэдэг. Гэсэн ч түүнийг мэдэх атугай гадарлаж, зүс таних хүн хүрээ захаар үзэгдсэнгүй. Тэрээр герман зөөлөвчтэй, чамин хийцтэй тэрэгний урд суудалд лаглайн суусан, сахал самбайндаа дарагдсан тэрэгчин оросыг нүдний булангаар сэм ажин, хүний сиймхийг хүлээнэ. Тэрэгчин орос долоо хоногийн пүрэв гаригийн үд өнгөрмөгц хаашаа ч явалгүй, суудал дээрээ үүрэглэж, үдэш хүргээд буцдаг болсныг тэрэгчингүүд үл анзаарна. Тэрэгчин орос үндсэн гансаа нэрж, хааяа гашуун утаандаа хахаж, цацан ханиалгахыг ажваас мэнгэртэй гэмээр санжээ. Очир дамчингуудын тансаг сайхан эд барааг хачирхаж, нүд хужирласаар тэрэгчин оросын дэргэд очоод,

-Хүүш сахалт хараа! Консулын дэнж орох уу? гэж хоргоолоо.

-Гурван эрдэнийн сүм үү? гэж лавласан тэрэгчин ханиаж хахна.

-Тиймээ. Троицкын сүм рүү гэж хэлсэн Очир танимхайран инээнэ. Очирын царайг харсан тэрэгчин “Үдээрийн хөх амьтанг хэдэн долоо хоног хүлээж хатах гэж дээ” хэмээн бодсоор гоёмсог жуузны хаалгыг онгойлгож өглөө.

Очир, тэргэнд суухдаа тэрэгчний баруун хөлд буй суга таягийг хальт хараад хачирхсаныг тэрэгчин үл гадарлав. Тэрэгчин аман дотроо хэдэн юм бувтнаад жолоогоо угзарч, морио шавхуурдаад “Төвөөс явуулсан юмыг хараач! Ноосоо гээсэн халууны тэмээ шиг өөдгүй амьтан... Яах гэж яваа бол” гэж үглээд зүүн тийшээ шогшуулахдаа сэтгэлдээ хий ундууцан, морио учир зүггүй гуядаад тэрэгний хажуу руу нулимж, эчнээний бухимдлыг номхруулна. Чухам тэрхэн үед тэргэнээ тухлан суусан Очир, суудлын арын зөөлөн түшлэгийг налан нүдээ анин “Дутовын нууц хүн, хаагуур доншуучилж яваад эрэмдэг болоо бол? Хиймэл сахал, зэрэмдэг хөлийг эс тооцвол өөрчлөгдсөн юм алга. Харин азарганы дэл шиг сагсайсан сахал самбай, хиймэл мөртлөө хэний ч нүдэнд итгэгдэхээр нямбай, сайн таарчээ. Мань хүн намайг таньсангүй. Тэгэхээр арав шахам жилийн өмнө учирсан Үжнээ намайг танихгүй байх” гэж бодтол тэртээд өнгөрсөн хэрэг явдал сэтгэлд орон гаран эргэлдэж, нүдний үзүүрт сүүтэгнэн өртөнө.

...Очир хэмээгдэх Жудаг, яг арван жилийн өмнө баруун хязгаарын нэг өртөөний занги гэгдэж нэр сүртэй явжээ. Тэрээр Манж амбаны улаа шүүс, өртөө алба саатуулсан хэрэгт унаж болох хэд хэдэн эгзгээр Халх жасааны туслах түшмэлтэй ам муруйгаад эс нийцсэндээ шаралхаж, жасаа түшмэл Магсаржавт үл учрыг мэдүүлжээ. Гэтэл халх жасааны түшмэл, түүний айлтгалыг үл ойшоон, өөрийг нь шаггүй шийтгэж хэргэм бууруулжээ. Жудаг эргэцүүлэн бодвол Манж амбаны алба тасалдуулсан хэрэгт ороогдож, хар толгойгоо цусдаж болох илэрхий аюулаас өөрийгөө аврах нүх сүв хайх хэрэг тохиолдсоныг ойлгов. Тэрээр ил хэргийг Манж амбанд айлтгах арга олжээ. Гэтэл хэзээ хэзээнээсээ алба таарахаа больсон Халх жасаа, Манж амбаны хооронд дүрэлзэх шахсан далд маргаанд Жудаг хушуу нэмсэнд баярласан амбан талархаж, тал засаад цагийн аяыг дагуулан Магсаржавыг ялд унагах хавх бэлдэхээр шийджээ. Харин Ховд хотод олон жил суусан Номт, Манж амбаны эчнээний бодлыг гадарлаад нэг үдэш хар архиар ходоодоо  халаах зуур пүүснийхээ хэдэд ам мэдэн цуурчээ. Эзнийхээ гараар могой барьж сурсан нэг чунчаа /өр нэхэмжлэгч/ ил учрыг Магсаржавт дуулгажээ. Магсаржав, Хөх дэрсний жасаанаас Их хүрээг чиглээд нэлээн удаж байтал Ховдын орос худалдаачдын хэргийг хамааран захирдаг нэг орос, Жудагтай зээлийн Чантуу худгийн гудамжнаа дайралдаад гэртээ урьжээ. Тэрээр Жудагийг чамбайхан дайлж, энэ тэрхэн зүйлийг хамж шимж ярьснаа, ярианы өнгийг гэнэт өөрчилж, Жудагийн хоолойд хутганы ир тулсныг дуулгаж, анхааруулав.

-Жудаг аа! Их Хүрээнээс цэрэг хөдлөөд удаж байгаа гэнэ. Түүнийг Баргын гүн Дамдинсүрэн, Халх жасааны Магсаржав нар манлайлж яваа сурагтай. Чи үнэндээ манж, монголчуудын хооронд яс хаяж, Магсаржавт гай тарьсан шүү дээ. Чиний тэр балаг, амбан, Магсаржав хоёрыг биш манж, монголчуудын мөргөлдөөн болж хувираад байна. Монгол амбан санасандаа хүрдэг, шаггүй няхуур, яггүй хүн! Ховдыг эзлэнгүүт хэд хэдэн хүнд хатуухан шан хүртээнэ. Харин чамайг яах бол... гээд орос түшмэл үгээ зориуд таслаад ширээн дээр байгаа гоёмсог хайрцагнаас хөндий иштэй тамхи авч асаагаад цэнхэр туяатай нүдний овжин харцаар Жудагийг ажиглана. Жудаг, цүндгэр бөөртэй шилэн хундаганы амсраар цэлэлзсэн орос архи шимэх зуур “Тэгэхэд Түшээт ханы дайчин бэйсийн Мөнх зэрэг хүмүүс Магсаржавт тусалж оргуулсан. Гэтэл би... маанаг толгой тэдний хооронд яс хаячихсан болохоор ёстой өршөөгдөх замгүй болжээ. Одоо Магсаржавтны нүүрийг яаж харах вэ? Ор мөргүй зугтаах хэрэгтэй”  гэж бодсоор санаа алдаад мод толгойгоо гутлын түрүүнээс сугалж, нэржээ.

Хүний сэтгэл санааны доголдлыг мэдэх гэдэг бол дипломатч хүний нэг авьяас гэж үздэг түшмэл, санасандаа хүрэх учигнаас барьсандаа олзуурхаж, тамхиа шуналтай сорж Жудагийг ажсаар ухаан гарган,

-Чи амбанд талтай хүн. Тэгэхээр Хүрээнээс гарсан цэргийн чимээ сургийг дуулгавал ямар вэ! Амбан Синь-цзянаас туслах хүч авахгүй бол тээрмэнд орсон будаа шиг яайчуулна гэж ятгав.

-Жа ноёнтон минь. Олон хүний цус хий урсвал яана? 

-Дамдинсүрэн, Магсаржав хоёр ухаантай, цэргийн жанжингууд. Тэгэхээр хамаагүй цус урсгахыг бодохгүй. Амбан үүнийг түвэггүй мэднэ гэж Жудагийг ятгаж яншихад “Нээрэн... хэн, хэн нь олны амийг бодох байлгүй” гэж бодоод яльгүй түвэгшөөсөн янзтай,

-Ноён түшмэлийн захисныг амбанд дуулгахыг хичээе гэж цааргалсан янзтай хэлэв.

-Хичээж, цөхөх юм байхгүй. Ердөө энэ бичгийг Номтын чунчаад атгуулчих. Асуувал олсон юм гэчихээр хал балгүй гээд битүүмжилсэн бичиг өглөө. Жудаг түүнийг алга тосон автал, ноён түшмэл

-Жудаг аа. Хөдөлбөл хөлс, зогсвол зоос гэдэг байх аа! Чи ёншгойт авах уу? целков уу? гэж баярхан асуулаа.

-Жа ноёнтны буян мэдэж, заяа хичээг гэж Жудагийг нэрэлхэхэд,

-Монголчуудын энэ үг нүгэлтэй ёс үг шүү. Наймаачин хүний гүн ухааныг ердөө дөрвөн үгэнд багтаажээ. Харин бид хоёрын яриаг хүн мэдэхгүй байвал энэ буян удаан үргэлжилнэ. Мэдэв үү! гээд бүхэл зуутын дэвсгэрт гаргаж барилаа. Худалдааны түшмэл, Жудагтай ингэж уулзсанаас хойш үе үе зүрх шимшрүүлэм үгээр мохоож, Манж амбаныхаар гүйдэлтэй хүмүүсийн илүү дутууг сэм чагнах арганд дасгав. Чингэж хушуу худалдаж, хов зөөх явдалд Жудагийн хэлийг зугуухан билүүдэж, багагүй барьцаар гар цайлгасан ажээ. Хүрээний цэрэг, Хар усны ганц харгантын өртөөнд хуарагнасан чимээг сонссон Жудагийн зүрх дэнслэх болсноор худалдааны орос түшмэлд бараалхаж хэрхэх тухайгаа магадлав.

-Үүнээс чинь зүрх алдаад байх юм алга. Синь-цянаас хөдөлсөн цэрэг хоёр хоногийн өмнө хилээс наашилсан. Үүнийг Магсаржавт дуулгачихвал уу! Ёстой тэнгэрээс од шүүрдэг цаг даа. Чи адтай хүн. Аргыг нь олно байгаа. Тийм үү? гэж ятгасан орос түшмэл, Жудагийг зөөлөн шахжээ. Тэгээд Жудаг нүглээ цайруулах арга олдсонд баярлаж, Ганц харгантын өртөө рүү хөл залгуулжээ. Манж амбан хотынхны хөлийг хорьж, суваг шуудуу татаж, сангийн хэрмийг бэхэлж амжсан тэр үед Жудаг, Номтын чунчаатай их зээлийн гудамжнаа дайралдаж, байдал төлөвийг сураглалаа.

-Хай! Хэцүү цаг эхэлсэн ваа. Манай амбан одоо монгол амбаныг дийлэхгүй. Өчигдөр, өргөн ширэгт манай амбаны цэрэг хиарсан шүү гээд санаа алдан, толгой сэгсэрч гасалж шогширсоор салав. Жудаг сайтар эргэцүүлэн “Синь-цзянаас гарсан цэрэг хэмх цохиулжээ. Одоо нүгэл хилэнцээ цагаатгадаг цаг. Болдог бол амбаныг бариад өгчихсөн. Юу боловч орос түшмэлтэй уулзъя” гэж боджээ. Жудаг тэр дороо орос түшмэлд бараалхаж сэтгэлдээ бодогдсон бүхнийг дэлгэв.

-Жудаг аа! Чиний энэ паянг Магсаржав гавьяа гэж үзэх болов уу! Харин хүзүүгээр чинь боомилж мэдэх юм. Урт хушуу хүзүү ороодог номтой! Монголчууд үүнийг сайн мэддэг гэж орос түшмэл, гашуун үгээр Жудагийг утаж, сэтгэлийг гашилгана. Гэсэн ч хашир түшмэл Жудагийн аргыг олж, эчнээний хорслыг архины аагаар даруулахаар шийдэж,

-Наадахаа өргөчих! Тэгээд ярилцъя. Аргагүй юм гэж байхгүй. Эгзгийг нь олбол үхлийг ч аргалж болдог далим гардаг гээд халуун үг, гашуун хорзоор Жудагийн дөрөөг чангалав.

-Жудаг аа! Чи ухаантай мөртлөө яггүй муйхар хүн юм. Бодоод үз! Хүрээнээс гарсан монгол цэргийн чимээг амбанд дуулгаад, Синь-цзяны цэргийг Ховдын хаяанд тулсныг Магсаржавт сонсгож, амбаны гарыг хоослон мухарлана гэдэг бол тагнуулч, овжин сүйтгэгчийн арга ухаан. Ингэхэд монгол жанжин, чиний холион бантанг ганц үгний өөнөөс мэдчихнэ. Тэгэхээр хэрэг явдал юу болж төгсөх вэ? гэж хэлэхэд жудаг, орос ноёны арга бачийг сая ойлгосон боловч хэтэрхий оройтсонг ухаарлаа. Жудаг, Түшмэлийн цайвар шар царайг хорсолтой харж “Муур шиг шар шулмын гууль цухуйлаа. Би сайн хүн гэж бодоод ухаан жолоогүй харайлгаж явдаг! Гэтэл хашир мягуу, цагаан цайлган сэтгэлийг хөөдөж суудаг! Шар чөтгөр еншгойт, цөлхөөв өгч гарын хуар авдаг учир ийм байжээ. Одоо ямар ухаан гаргах гэж байгаа бол! гэж бодоод байж ядсан уурандаа ам нээсэнгүй.

-Жудаг аа! Гонсойх хэрэггүй. Нэг боломж байна.

-Ноёнтны аргыг сонсъё гэж хэлсэн Жудаг хундагатай архийг хөнтрөөд орос түшмэл өөд муухай хялалзав.

-Түс тас, гүдэсхэн зан бол эр хүний нүнжиг. Тэгэхээр шулуухан ярилцъя. Манж амбаны нууцад олон хошууны өр, авлагын данс бий. Түүнийг салгах хэрэгтэй гээд орос түшмэл хундага дүүргэлээ.

-Тэр амбаны данс надтай, надгүй эзнийхээ гарт орох байлгүй.

-Хятад хүний ухаан адтай! Амбан дансыг Сангийн хэрэмний нэг буланд дарчихвал яана. Хууль хуучирдаггүй! Хятадууд хожим олоод хэл ам таталж чадна. Энэ хөл үймээнээр тэр дансыг гартаа хийчихвэл чиний барцдыг Магсаржав биш, Богд хаан өөрөө цагаатгах болно. Нөгөө талаар манайд хамаатай хэдэн нууц бичгийг салгаж өгвөл эргээд тусалж болно гэж хэлэхэд Жудаг түшмэлийн нүүрийг ширтэн гөлөрч “Өөрсдийнхөө бичиг баримтыг авахуулахын төлөө худлаа ятгаж байхыг хараач!” гэж бодоод хундагатай архийг ховх сороод хэдэр зангаар гэдийсэн янз гаргаж,

-Ноёнтон минь сонс! Надад яах ч арга байхгүй гэдгийг ойлго гэж гөжив.

-Чи, ийм зөрүүд хүн дээ. За яах вэ? Амбан дансыг яахаа өөрөө мэд! Харин манайтай холбоотой нууцыг мулталж өгнө биз.

-Өөр хүн хайсан чинь дээр гэдгийг та, ойлгохгүй байна уу?

-Ингэж ярдаглах хэнд хэрэгтэй вэ? Чамаас ийм үг сонсмооргүй юмсан. Ачийг бачаар хариулах гэвэл чамд гайтай гэдгийг бодоорой!

-Тэгээд юу гэж?

-Сангийн мөнгийг хүүдэгнэсэн, гарын хуар бүхий баримт манайд бий. Нэгэнтээ муугаа төнхөлзөхөд хүрвэл ярвигтай юм дуулна байх даа.

-Сүрдүүлж байгаа хэрэг үү? Ноён түшмэл ээ?

-Энэ бол айлгалт, далайлгалтын аль нь ч биш! Ердөө үнэнийг чин сэтгэлээсээ ярьж байгаа хэрэг. Үүнийг ухаарна биз гээд түшмэл унтарсан тамхиа асаахад Жудаг “...Муурын хумс хурц мөртлөө ил байдаг! Хүний царай эгэл атлаа муу санаа, хорон бодол, арга залиа хүний нүднээс далдалж чаддаг нь гайхалтай! Энэ шавар ханын босгоор хоёр хөлөөрөө гарахгүй байж мэдэх нь. Ёстой эр хүний арван гурван мэхээ сорьдог хэрэг болж дээ!” гэж бодлоо.

-Ноён түшмэлээ! Би бодож үзье.

-Үүнийг зөвшөөрнө. Гэхдээ эцсийнхээ шийдийг хэлтэл энд байж таарах нь гээд түшмэл өрөөнөөс гарахад Жудаг, амархан мултрахгүй гэдгээ түвэггүй ухаарлаа. Чингэтэл төдий удалгүй Жудагийн байгаа өрөөнд хоол, архитай тавиур барьсан орос хүүхэн орж ирээд тансаг амттан, идээ тэргүүтэнг ширээнээ засаад, жууз тэрэгний зөөлөн нум шиг хөдөлгөөнөөр нахилзан, сиймхий самбай шиг нимгэн хувцасны цаанаас гэрэлтсэн нүцгэн шахуу бие, бэлхүүсээ янзтайхан хөдөлгөж элдэвчлэх нь тэрээ. Жудаг эх адаггүй ориглосон уур омогтоо шатаж, орос хүүхнийг гараас нь чирч өрөөнөөс түлхэн гаргаад цонхны дэргэд очиж зогстол хуруу шиг бүдүүн төмрөөр хэрж, торлосон цонхны цаана хоёр хасаг цэрэг холхихыг хараад боож үхмээр санагджээ. Жудагийн хэмжээгүй бухимдал, шөнө дөлөөс хойш амсхийж, ов мэхээ сүйхээлэн бодох боломж гарлаа. Жудагийн сэтгэлд “Ямар аргаар эндээс мултрах вэ? Ер нь орос түшмэлд юу ч донгоссон болно. Ганцхан эндээс мултрах хэрэгтэй” гэж бодоод модон орон дээр хөлбөрсөөр үүр цайлгажээ. Өглөө орос түшмэл орж ирээд архи, дарсанд гар хүрээгүйг хараад толгой сэгсэрч, шилтэй архинаас хундагалж,

-Жудаг аа! Ганцаардаад байна уу гээд нүдээ жоотийлгон инээв.

-Энд хурим, найр болдоггүй байх аа! гэж Жудагийг  егтөл,

-Аргагүй дээ! Ууна гэдэг бол эрүүл ухаан, саруул бодлоо шилэнд хийгээд бөглөчихнө гэсэн үг! Чи намайг ачтайхан залгиж магадгүй байна шүү. Тийм үү? гээд хоолойгоо шахаж хүд хүд инээх нь адтай.

-Ууж идэх оройтохгүй. Танай бичиг баримтыг авч  өгдөг юм гэхэд унац нь хир зэрэг юм бэ? гэж хэзээ язааны мэргэжсэн хүн шиг барьц нэхлээ.

-Чамайг ийм сэргэлэн чөтгөр гэж санасангүй. Яаж хадуурах бол гэж бодохоос зүрх дэлсээд нойргүй хонолоо. Чи тун зөв шийджээ. Үүний төлөө нэг хундага өргөх ёстой биз гэлээ.

-Жудаг аа! Миний үгийг сайн сонс! гээд орос түшмэл хоосон хундагаа ширээн дээр тавингуут яриагаа эхэлж Манж амбаны нууцын өрөөг тодорхой зааж, зурж тайлбарлахыг эрэгцүүлбээс эртнээс бэлдсэн хэргээ. Тэгээд ярианы эцэст,

-Чамд өгөх шан. Үүн дээр хурууны хуар тавьчих гээд нэг бичиг гаргаж Жудагт өгөхөд “Муу хөгшин үнэг, зөнөг толгойн хударгаар ороод бөгсөн дээр чинь халуун жин тавьчихъя... ! Тэгээд Да Хүрээний бараа харчихсан байхад намайг яаж олох вэ? Тэгээд хөгшин толгой амаараа шороо үмхэж, өөрийгөө боомилох биз” гэж бодсоор барьц амалсан бичигт хурууныхаа хээг дарлаа. Чингэж шан хөлсний талыг авсан Жудаг, Ховдын орос “консулын” байшинд хэд хонож, цагийн аяыг хүлээхээр тохиролцсон тэр орой нөгөө гуалиг биетэй орос бүсгүй хоол, дарс барьсаар Жудагийн өрөөнд орж ирснээс хойш гарсангүй.

Чингэж эхэлсэн наргианд тэр хоёрын хэн, хэний нь бие сэтгэл халжээ.

Намрын тэргүүн сарын шинэдээрх хавирган сар, хэсэгхэн үүлний цаана орж, Ховд хот, нүдгүй харанхуйд умбасан тэрхэн үед орос бүсгүй гуулин тавиуранд суулгасан, асаалттай таван лааны гурвыг унтраагаад өрөөний хөшгийг татаж, хаалганы түгжээг оньслов. Чингээд бүсгүй хүний уран наалинхай аашны ид шидээр эрсийн бие, сэтгэлийн шохоорхлыг гижигдэж сурсан орос эмэгтэй Жудагийн дэргэд ирж ширээн дээрх хундагатай архийг авч, өрөөний баруун хананд шахаж зассан орны дэргэд очоод жоотойсон согтуу нүдээ ирмэж, Жудагийг дуудлаа. Жудаг, халамцуу нүднийхээ харцыг арай ядан тогтоож, орос хүүхний цайвардуу шаргал царай, нимгэн хувцасны цаанаас гэрэлтсэн нарийн бие, бэлхүүс, галбир төрхийг шохоорхон ширтэхдээ бие, сэтгэлийн далдын илч төөнөж буйг гадарлаад “Тэртээ, тэргүй дүүрсэн хүн. Усанд унасан хүн норохгүйгээр гардаггүй. Ийм сайхан амьтныг харсаар байж зүгээр өнгөрч болохгүй. Эрийн аз харина” гэж бодсоор ор руу гэлдэрлээ. Жудаг хундагатай архиа тулгасан боловч бие бадайруулсан тачаалын увьдаснаа урхидуулахын эрхэнд хундагатай архиа шал руу чулуудаад орос эмэгтэйг тэвэртэл тэрээр Жудагийн хацарт зөөлөн уруулаа хүргэлээ. Чингээд Жудаг Ховдын орос худалдааны газрын нэг байшинд амьдын жаргал эдлэн хэд хоног тухалсан ажээ.

...Арван тавдугаар жарны дөчдүгээр он, усан хулгана жил, Олноогийн хоёрдугаар оны /1912/ намрын тэргүүн сарын шинийн тавны хөх морин өдөр,  үдшийн гэгээ тасармагц их цэрэг Хар усны өртөөнөөс хөдөлж, Ховдын ойролцоох Талын Улаан, Рашаант Уул, Улаан Богоч зэрэг газраар байрлаж байлдааны болзоот дохиог хүлээнэ. Шөнө дундын хулгана цагийн жин дунд Улаан Богочоос тэнгэр өөд цоргисон их галын дөл дүрэлзэж, нүдгүй харанхуйг гийгүүлэх тэр агшинд буу тачигнаж, дөрвөн зүг найман зовхисоос уухайн түрлэг цуурайтан хадав. Буянтын хөндийгөөр морьдын төвөргөөн нижигнэх тэр хоромхонд орос худалдааны шавар хэрмэн хашааны даамангаар сэм гарсан Жудаг, их зээлийн өвгөн улиасны сүүдэрт зогсож байдлыг ажив. Монгол цэргийн түрүүч их зээлээр орж ирэх барааг харж зогссон Жудаг “Оросын хэрэмнээс мэнд мултарлаа. Энэ чигээрээ оргож болохгүй. Сангийн хэрэм чиглэхгүй бол миний сүүдрийг гэтсэн хүн, дагзанд сум зооно. Тэгж гоомойтохгүй. Аз дайрвал Амбаны сан! Ийм аз тэр болгон  заяахгүй” гэж бодсоор сангийн их дөл өөдөө мушгирч, чонын хэл шиг сунан хуйлраад, галын улаан туяанаа хотын хэрэм, байшингууд ягаарна. Жудаг, сүүдэр даган алхсаар их хэрэм бараадтал хэдэн алхмын цаана сангийн хэрэмний сүүдэрт зайдуухан зогссон хэдэн хүмүүс, зузаан хэрмийн дээгүүр нөмөрсөн улиасны мөчирт гогцоолсон аргамжаар бие, биеэ баглаад татахаар зэхэж байлаа. Хэрмийн баруун хойт буланд бөөгнөрсөн хэсэг хүмүүсийн нэг нь сөөнгө царгиа дуугаар,

-Лхүндэв гуай! Цогт алга яах вэ? гэж шивнэтэл морь барьж байсан нэг хүн тэднийг зүглэв. Жудаг ашигтай хоромхонг алдахгүйг хичээж сүүдрээс гарч тэдний дэргэд очоод,

-Та нар чинь яачих ва? Түрэглээч гэж зэмлэнгүй хэлснээ хажуудаа ойр байгаа залуугийн барьж байгаа аргамжийг шүүрэн авч цээжиндээ углаад хэрэм өөд харж зүс буруулах зуур: -За татаарай хэмээгээд шавар хэрмийн оройг ширтэв.

-Аргамжаар татуулсан цэргүүд уухайлсаар Сангийн их хэрмийн дээгүүр нисэх мэт ортол сандарсан хятад цэргүүд, Амбан яамны байшинг бараадан амь хоохойлохоор гүйлдэнэ. Түрүүчийн цэргүүд Сангийн хотын хэрмэнд оронгуут дааманг онгойлгохоор завдаж буй тэрхэн үед Жудаг, Амбан яам руу гүйхдээ өврөөсөө гар буу гаргаж, замдаа дайралдсан хятад цэргийг самбаачлан буудлаа. Тэрээр амбан яамны өрөөний хаалгыг өшиглөн нээсээр хэрэгтэй тасалгаандаа ортол ундуй сундуй хөглөрсөн том авдруудаас өөр юу ч байсангүй. Жудаг баглаатай авдруудыг харж хараал зүхэл тавиад,

-Өгөр илжигнүүд газар нүхлээд орчихмооргүй юмсан. Ядаж ганц шушмаа үлдээгүй хэрэг үү? гэж үглээд нэг авдрын цүүг тас буудтал том ширээний араас толгойгоо цагаан бөсөөр боож, янбууны тасархай гартаа барьсан хужаа босож айж, гайхсан нүдээр Жудагийг ширтэн,

-Хай, над сохор зоос байхгүй ваа гээд ээрлээ.

-Нууц бичигтэй авдар сав хаа байна? гэж Жудагийг лавлахад өнөө хужаа түүний санааг түвэггүй ойлгоод,

-Хай байхгүй ваа! Бүгдийг шатаасан. Мөнгө... мөнгө тэнд бий гээд хажуугийн өрөөний хаалга өөд бэгцэгнэв.

Жудаг, баялаг засал тавилгыг сандаачсан, тохилог янзын өрөөний нэг ханыг нүхэлж гаргасан шүүгээг алгуур онгойлгож буй хужааг ажсаар дэргэд нь очлоо. Нууц шүүгээний голд байгаа жижиг хайрцгийг гулд татан шалан дээр унагасан Жудаг, нууц баримт бичиг байхгүйг мэдээд өнөө хужаа өөд хартал тэрээр шалан дээр хэвтэж байгаа хайрцаг өөд заагаад хэдэн үг шулганав. Жудаг, хайрцагны цүүг тас буудаад тагийг нээж үзсэнээ дуу алдлаа.

-Пөөх ламаасан! Алт, мөнгө, сувд, эрдэнэ гэж уулгалтал нөгөө хужаа,

-Хурдан ав ваа! Одоо хүн ирвэл юу ч олдохгүй шүү дээ гээд орсгой шүдээ ярзайлган инээхчээн аядаж тал засав. Жудаг, эрдэнэс, сувднаас атган өвөртөө хийснээ арав арван лангаар хунтуйлж хайлсан алтан гулуузнаас хоёрыг авч өвөрлөтөл хажуугийн өрөөнөөс нэгэн залуу орж ирлээ. Тэрээр Жудагт буу тулгаж,

-Чи галзуураа юу? Сэтэрхий тэвнэ ч авч болохгүй гэснийг мартаа юу гэж анхаарууллаа.

-За... ай хөө! Нэрэлхээд яах вэ? Чи авдагаа ав. Би чамаас харамлахгүй гэж Жудагийг хэнэггүй хэлтэл өнөө залуу буугаа сумлав. Жудаг, хэрэг бишдэж магадгүйг гадарлаад өнөө залууг урьтан буудлаа. Тэгээд шалан дээрхи үхдэлийг хараад “Аашныхаа муугаас амиа алдах гэж байх уу?” гэж өөртөө хэлтэл зэргэлдээх өрөөнд буун дууны чимээ гарч Жудагийг цочоолоо...

Жудаг, чингэж эрт өнгөрсөнг бодож, аньсан нүдний зовхийг алгуур нээтэл тэрэгчин орос, ташуурын үзүүрээр гоёмсог жуузны цонхны шилийг тогшиж байлаа. Жудаг, суудлын араас толгойгоо хөндийрүүлж байдлыг ажвал нэгэн дүнзэн байшингийн хажууд иржээ. Жудаг, байшингийн хаалганы дээхэн талд хадсан хар самбар дээр оросоор “АПТЕК” гэж бичснийг хараад хэрэгтэй газраа ирснийг мэдээд тэрэгнээс буулаа. Жудаг, тавиад жилийн өмнө Хүрээнд нээгдсэн европ эмнэлгийн эмийн санд ортол намхан орос залуу түүнийг угтаж,

-Та эм залах нь уу? гэж монголоор эвлэгхэн асуулаа.

-Эндхийн эзэнтэй уулзах гэсэн юм гэж Жудагийг оросоор цэвэрхэн хэлэхэд өнөө залуу гийчнийхээ дээл хувцас, гадаад байдлыг сүрхий ажаад умгар өрөөний зүүн ханын хаалга өөд эргэлээ. Жудаг, цонхны дэргэд очиж, гадаах байдлыг хянан болгоосоор зогстол нэг хүн, оросоор,

-Сайн байна уу? Та намайг сураглаа юу? гэж асуухыг сонсоод эргэж харвал саяны тэрэгчин орос, дөрвөн жилийн өмнө Бухарын Эмирийн ордонд дураараа туйлж байсан дэгжин залуугийн дүрэнд хувилаад зогсож байлаа. Саяхан тосолсон савхин гутал өмсөж өмдний шуумгийг нугалж унжуулсан агаад цагаан цамцны захыг задгай тавьж, мөнгөн тоногтой нарийн суран бүс бүсэлснийг чамирхан харсан Очир сэтгэлдээ “Үхээд авснаасаа босоод ирэх адтай шулам шүү. Энэ үхээрийг жинхэнэ нэрээр нь дуудах уу? Эсвэл амь тээсэн хуурамч нэрээр нь үү” гэж бодоод,

-Тийм ээ! Би сурагласан. Андуураагүй бол таныг Феодор Александрович Гришин гэдэг байх аа гэж ёжтой егтөл аптекийн эзэн,

-Уучлаарай! Та яах аргагүй эндүүрчээ. Намайг Александр Александрович Лихачев гэдэг хэмээн шазруухан хэллээ.

-Талийгаач фон Штернбергийн /Барон/ хайрласан нэр танд дурсамжтай байх нь ээ! гэж тавлан асуулаа. Төрөлх нэрээ Лихачевоор сольж, Хүрээнд толгой хавчуулсан Гришин, гийчнээс болгоомжилсон янзтай дуугүй зогсохдоо элдвийг бодно. Тэрээр Нармай Монгол улсыг байгуулах төлөвлөгөөг хэрэгжүүлэхийг хичээсэн Семеновын хатгалгаар Барон Унгернтэй зуузай холбосон. Барон монгол хэл мэддэгт нь олзуурхан түүнийг 1919 онд хүрээнд илгээжээ. Тэгээд Барон Монголыг бараадсаны дараа Гришинг, Спайлотой нүүр учруулж “Улс төрийн хэргийг мөрдөн илрүүлэх товчооны” нууц хүнээр томилсон юм. Харин Барон Унгерн Хүрээнээс тонилохдоо Гришинг хувилсан дүртэй Лихачев болгож 6000 рублийн шан хайрлаж, “Хэзээ нэг цагт ирэх хүнийг хүлээж аваарай” гээд нууц нэр, дохио, түлхүүр үлдээсэн ажээ. Тэгээд Бароныг эмэгнэлтэйгээр өөд болсныг дуулаад “Бүх зүйл өнгөрсөн” гэж бодоод Хүрээнд бүгсэн хурандаа Котляровтой уулзаж, хожим түүний түлхээсээр зах сахихдаа Бароны гэрээслэлийг умартжээ. Гэтэл хурандаагийн хэлж цээжлүүлсэн нууц дохиогоор ирсэн гийчин, Лихачевыг нэрээр нь дуудаж, талийгаачийн алдар цолоор дайруулсанд эгдүүцсэн боловч байдлыг харахаар шийдэж, биеэ барьжээ.

-Танд эм авах бичиг байна уу гэж Лихачев, Бароны хайрласан нууц үгийг санаж асуутал гийчин, эмийн бичиг өврөөсөө гаргаж өглөө. Бароны үлдээсэн таних тэмдэг бүхий эмийн нэрийг нарийвчлан шалгаад

-Таныг их хүлээсэн. Ердөө үлий сахисан элээ шиг гэх үү дээ. Толгойгоо ороосон хэргээр хөөцөлдөхөө больсон. Мөр, мөрөө хөөсөн дээр байх даа гэж тоомсоргүй, дооглонгуй хэллээ.

-Спайло Бээжингийн нарсанд  тийчилж, Наран улсын гар харж байхад чи энд хар толгойгоо бодож байдаг. Ёстой дүлийдээ найдна гэдэг болоо шив гэж Очирыг хэлэхэд аптекийн эзэн, хөмсөг зангидан, уурандаа шатаж, уруулаа язав татавхийлгэлээ.

-Битгий бухимд. Хүрээ давчуу, чи багтруу. Яаж үйлс чинь бүтэх вэ! Феодор Александрович аа! Таны гуншинг дуудах хэрэггүй биз гэснээ өврөөсөө янжуур гаргаж асаагаад: “Котляровт намайг ирснийг дуулга. Би нөгөөдөр ирнэ. Уулзах өдөр, цаг, байр оронг тогтоогоорой гэж захирангуй тушаалаа. Котляровын түлхүүрээр танилцаад, Бароны дохиогоор холбоо барьж эцэстээ Зотляровын хүлээсэн нууц хүний дүрээр даажигнаж буй гийчинг ажиж, яриаг нь хянан, хөдөлгөөн бүрийг анаж байсан тэрэгчин Лихачев, “Хачин танил зүсээ. Энэ гайхалтай, хаана дайралдсан билээ” гэж бодохдоо Дундат ази, Хятадын шинэ хязгаар, Афган улсад нэр алдаршсан атман Дутовоос хагацаж, Семеновын мэдэлд ирснээс хойших үеийнхээ танилуудыг толгой дараалан бодсон боловч сэтгэлд буух сэжим гарсангүй. Лихачев зэвүүцсэн сэтгэлдээ болгоомжлон “Дотоодын хамгаалах газар байгуулах сурагтай байсан. Тэднийхэн даажигнаж байгаа хэрэг үү? Гэтэл нууц нэр, дохио, түлхүүр цөм дэс дарааллаараа олзлогдох ёсгүй” гэж хэдэнтээ бодоод гийчнийг шалгахаар зориглож,

-Хурандаа сураггүй болсон гэж дүйвүүлсэн янзтай хэлэв.

-Хий дүлэгнэх хэрэггүй. Сүмд очоод үүнийг өгөөрэй гээд Очир, хөхөвтөр чисчүү гадартай сахиус гаргаж өглөө. Лихачев сахиусыг авч Котляровын таних тэмдэг байгаа эсэхийг шалгаад,

-Өнөө оройноос хайя. Олдох болов уу гээд хариу хүлээв.

-Свято-Троицын сүмд очиж ширээт ламтанд мэдэгд. Нөгөөтэйгүүр намайг шиншлэх хэрэггүй гэхэд түрүүнээс хойш нүдэнд буусан, үл мэдэг догонцсон алхаатай гийчнийг ажаад Очирыг танингуут “Дутовын сахиус шив дээ” гэж амандаа үглээд,

-Мэдлээ гэж хэлэхэд дууны өнгө эрс өөрчлөгдсөнийг анзаарваас арслангийн бараанаар хав шарвалзахын шидийг ухаарсан гэлтэй.

Очир, Бухарт танилцсан нөхрөө үгээр идэж, сэтгэлийн тавыг хангаад эмийн сангаас гарч одлоо. Лихачев, санамсаргүй тохиолдлоор дахин уулзсан танилынхаа өгсөн сахиусыг базалж зогссоноо өрөөнөөс гарч Гурван эрдэнийн сүмийг зүглэж, эргэн тойрноо хянамгайлан гэлдрэхдээ гийчнээ ор мөргүй алга болсныг гайхсаар сүмийн хаалгаар оржээ. Эрт өнгөрснийг эргэцүүлж гайхсан Лихачевыг уужим өрөөнөө ортол түүний царайны байдлаар учир явдлыг гадарласан хурандаа

-Гийчин ирээ юү? гэж дурамжхан асуулаа.

-Ирсэн. Үүнийг өгч байна гээд сахиусыг өгтөл хурандаа ширээн дээрээс томруулдаг шилээ авч сахиусын оёог томруулж үзээд сахиусыг ханзлав. Хааш хаашаа алга дарам муутуу цаасан дээр зурсан Дүйсүмсанжаа-гурван цагийн бурханг ажаад доод хөвөөг томруулдаг шилээрээ харснаа оросын үнэн итгэлт шашны уншлагын ном авч үг түүж бичихдээ үе үе санаа алдана.

-Артур Максимович аа! Гийчин маань ямаршуухан сонинтой ирж дээ гэж Лихачевыг лавлатал хурандаа,

-Генерал Шильников зөнөж, хадан гэртээ залрах дөхөөд бид хоёрын турсгыг хуулж авсаа доторлох санаа төржээ гэж ууртай омогдоод Лихачевын нүүр өөд муухай хялалзсанаа, нууц түлхүүрээр тайлж уншсан бичгээ чулуудав. Хурандаа уурласаар өрөөндөө түгдэгнэн, нуруу үүрч алхах зуур Лихачев шалан дээрээс өнөө бичгийг авч унштал “Гогцоог эхлэх хугацааг хойшлуул! Төвийн бүрэн эрхт төлөөлөгчийн удирдамжаар ажлаа зохицуул. Сахалт” гэсэн байлаа.

-Яггүй даалгавар байна. Муугаар хэлбэл Семеновтон, бидний гараар могой барихыг хичээж байна. Танай төв хамтран ажиллах төлөвлөгөөг өөрчилсөнийг бодвол сэрдэж байгаа бололтой гэж Лихачевыг хэлтэл,

-Амаа асуулцах яагаа ч үгүй. Гийчний  санааг мэдэх хэрэгтэй. Өөрсдийнхөө санаснаас ухарна гэдэг бол шившигтэй жигшил гэж хэлээд хурандаа холбоочныхоо үгийг тагнав.

-Лихачев аа! Төвийн доншуулчинтай уулзъя гэхэд Лихачев

-Хэдийд, хаана, хэдэн цагт вэ? гэж магадлав,

-Нөгөөдөр ирсэн цагт нь танайд уулзъя. Хойноосоо шиншлүүлэхгүй гэснийг бодвол холбоочинтой юм байна гээд хурандаа ёозгүй хүйтэн инээмсэглэжээ.

 

*    *    *

Хурандаа, төвийн гийчинтэй уулзаж, ажил төрлөө лавласнаас хойш сэтгэлийн бухимдал алгуур сарнижээ. Зүүн хязгаарын зохицуулалтын дагуу “гогчоог” өөрчлөхдөө хурандаад ашигтайгаар шийдсэн нь түүнд таалагджээ. Тэрээр ул суурьтай хөдөлж, эрх дархаа алдсан ван, гүн, лам нарыг ятган босгох зорилтыг гол болголоо. Ингэхэд хугацаа хүрэлцэхүйц байлаа.

Тамхины утаа хөшиглөсөн өрөөний түшлэгтэй сандалд тухлан сууцгаасан хүмүүсийг ажвал ихэнх нь цагаантны дарга нар агаад тэдний дотор гурвын зэрэг монгол сууна. Ахлах офицерийн гитель төв даруу өмсөж, ориг буурал халимгаа цэмцийтэл самнасан, жар шахам насны хурандаа цугласан хүмүүсийн зүс царай, төрх байдлаар нь сэтгэлийн тогтворыг цэгнээд,

-Ноёд оо! Та бүхэн цаг төрийн уур амьсгалыг гадарлаж байгаа. Чухам ийм нөхцөл байдал орос, монгол хүний сэтгэлийн хүсэл эрмэлзлэлийг нэгтгэхэд хүргэсэн юм. Шулуухан хэлэхэд Саж ламтан гадаадад түших хүчгүй учраас сүйрсэн. Үүнийг ухаарсан зарим монгол ноёд Хятад, Америкийг тулгуур болгох санаатай байна. Хятад дотроо уралцаад гар сарвайх тэнхээгүй байгаа. Америк хэтэрхий хол. Ингэхээр Япон, Манжуурт байгаа манай хүч монголчуудын найдвартай тулгуур болно. Харбины төв хэтийн төлөвлөгөөнд та бүхний хүч чармайлтыг тусгаж өндрөөр үнэлж байгааг дамжуулах завшаан надад тохиолдлоо гэхэд хурандаагийн мэдэгдэлд талархсан хүмүүс алга ташлаа.

-Бид юуны өмнө Төв Хороо, Засгийн Газар, Цэргийн яамыг эзлэх, Сүхбаатарыг устгах нөхцөлийг бүрэн хангах ёстой. Нөгөө талаар Богдтой манайхан уулзаж, бослогонд ойр тойрны хүрээ хийдийн лам нарыг зэвсэглэж хүчин зүтгүүлэх талаар тохирно гэхэд өрөөнд цугларсан хүмүүс гурван монгол хүнийг нүдний булангаар сэм харна.

-Артур Максимович гуай! Богдтой хэн уулзах вэ? гэж нэг хүн асуув.

-Үүнийг жич мэдэгдэнэ. Харин Жаарай гүн, санаа оноогоо хэлээч гэхэд гүнгийн хэлмэрч үг гээлгүй нэвтрүүлнэ. Жаарай гүн том, янхигар биеэ дааж ядсан янзтай өндийснөө,

-Одоохондоо зэр зэмсэг бий. Хүн хүчний хувьд гэвэл Богдын соёрхол мэднэ гээд суудалдаа суучихлаа. 

Өнгөрсөн зун, Ардын засгийг Хүрээнд ирэхэд хөдлөх гээд яаж ч чадаагүй Богдын хүн хүч, Сүхбаатараас тусгай даалгавар авсан, Нанзадад түүлгэж, годронгийн ямаа шиг хиарсныг санасан Жаарай гүн, Богдын гар харахаар шийдсэн нь хурандаагийн төлөвлөгөөг чөдөрлөжээ. Чингэж хэрэг явдал бүтэмжгүй эргэсэнд цухалдсан Котляров, айлчдаа тараахаас өөр замгүй болжээ.

Лихачев, хурандаагийн зочдыг нууц хаалгаар цувруулж гаргасны дараа өрөөндөө орж ирээд толгойгоо базлан зогсож буй хурандааг сүрхий хараад гайхав.

-Артур Максимович аа! Та ядраа юу? гэтэл тэрээр толгойгоо сэгсэрч, уур хилэнгээ тайвшруулаад,

-Лихачев минь! Шильников зөнөж, би маанагтаж, дүү минь нүдээ сохолчих уриханд орчих уу гэхээс зүрх зогсчих шахах юм гэхэд Лихачев, ханын толинд харж зовхио өргөж үзснээ хөгжилтэйгээр,

-Арай юу бол доо. Бурхан гурван эрдэнэ, Орос орны сүлд заяаг нэг мөсөн гүвчихээгүй бол гайгүй байх гэснээ санаа алдав.

-Бидний үйлс нэг л тэнгэргүй байна. Ер нь Харбины энэ элч, бидний хөлд хавх зүүчихээд, ажлаа бүтээгээд тонилчихвол яана. Бид золиосонд нь талийна шүү дээ. Миний зөн тун совинтой. Яг бодсоноор болдог гэхэд Лихачев,

-Би, генералыг галзуураа юу гэж бодож байсан. Харин үүнийг олоод сэтгэл онгойсон юм гээд энгэрийн халааснаас нэг зураг гаргаж өгөв.

-Зогсож байгаа нь чи байна. Сууж байгаа хоёрын нэг нь атаман Дутов уу гэж Котляров асуугаад Лихачев өөд харлаа.

-Тиймээ. Таны нүд тун сүрхий юм. Атаманы дэргэд сууж байгаа ёсорхуу залууг таньж байна уу?

-Харбины бүрэн эрхт төлөөлөгч үү дээ! Гөлөг чинь яг дүрээрээ шүү гэж дуу алдаад хурандаа “Яахаараа генералтай зиндаалдаг байна” гэсэн янзтай Лихачев өөд сүрхий гөлөрлөө.

-Артур Максимович аа! Наадах чинь их гарын чоно! Аяндаа та ойлгох байх гээд Лихачев ярианы сэдвийг ялигүй өөрчилж: -Барон Унгерн догшин Богдод тодрохын өмнө ямар гуншинтай явсныг дуулсан уу? гэлээ.

-Консулын галзуу шар согтуу толгой гэлцдэг байсныг сонссон.

-Хэлээд яах вэ? 1910 онд Хүрээний консулын  хамгаалалтын цэрэгт байхдаа мухлагуудын лонхтой, торхтойг тэсгээдэггүй болохоор галзуу шар, согтуу толгой гэж өргөмжилсөн гэдэг. Тэрээр галзууртлаа хөнтөрдөг мөртлөө Консулын архивын бичиг онгичиж, номын сангаас Аттилын тухай ном түүж уншдаг байж. Тэр үед Бароны аманд орчих, зөөлөн хоол бэлэн байсныг хэлээрээ түлхчихснээ хожим анзаараад гасалдаг байсан гэдэг.

-Уухай тэгээд, Бароны тухай нэлээн домог сонссон. Наад паянг дуулаагүй шүү гээд хурандаа Лихачевын ярианд шимтлээ. Лихачев яриагаа бүр үнэмшилтэй болгохыг хичээсэн юм шиг ханын шүүгээнээс хар архи гаргаж хундагалаад Котляровт бариад,

-Барон Унгерн, Ховдод очсныг дуулсан уу? гэж асуугаад бодолхийлон хэсэг зогсов.

-1914  оны хавар Барон Ховдынхноор үзэгдсэн гэдэг. Ховдод баатарлаг гавьяа байгуулахаар очсон гэж Улиастайхан хошигнодог юм гэхэд Лихачев,

-Барон 1914 оны хавар Ховдын консулд байсан нэг танилаасаа хүрээ консулын архивт байгаа нэг нууц даалгаврын тухай сонссон гэнэ. Манай тагнуулын  газрын даалгавраар Манж амбаны нууц архивыг авах ёстой байв. Тэр архивыг авч өгөхөөр ам алдсан нэг монгол залуу, манай хэдэн манагийг молигодчихоод амбаны алтны санг цөлмөөд алга болчихжээ. Барон түүнийг нутагтаа бүгсэн гэж итгээд Ховдод бэдэрч очсон юм. Тэгээд Ховдоос хоосон буцсан Бароны сэтгэлээс Манж амбаны сан, нүд аньтал нь салаагүй гэдэг.

-Үгүй ер өө! Хийморьтой сэргэлэн монгол байжээ. Тэгээд цааш нь гэж хурандаа Лихачеваас хоргоогоод хундагатай архиа дугтарчихлаа.

-Барон Семеновтой ороолдонгуут Хүрээ консулын архивыг онгичуулахаар 1918 онд нэг есаулаа /тушаал гүйцэтгэгч/ илгээж монгол залууг олж алтыг нь салгах тавилангүйгээ ухаараагүй билээ.

-Барон өөрийгөө хүннүгийн угсаатан гэх дуртай. Тэгээд Аттилыг дуурайж, Цезарь, Чингэстэй эн зэрэгцэх аян дайнд шохоорхоод сүүлдээ тэр  хүсэлдээ хүрэлгүй Амбаны алтанд шунасан байх нь ээ гээд хурандаа хоолойгоо шахан хүд хүд инээнэ.

-Барон Унгерн улс төр, цэргийн гүн зорилгогүй учраас оросыг аврах нэрийдлээр сэвж, цадиггүй баяжиж, өв хөрөнгөтэй болохыг эрхэмлэж, зүтгээд сарьсан хоншоороороо чулуу мөргөсөн гөлөг шиг хөөрхийлөлтэйгээр амиа алдсан юм. Харбины гийчин бол хэдэн Баронтой тэнцэх увьдастай хүн! Арга ухаан, авьяас заль, хувь тавилангаараа хэнийг ч дагуулахгүй, аз хийморьтой буяныг бурхан түүнд заяаж хайрласан байх гэж атаархсан сэтгэлээ барьж ядсандаа шүүрс залгилаа. Яриандаа ам халсан Лихачевыг эрүү хамхихыг хүлээж суусан хурандаа “Хүнийг атаа жөтөө ингэж захирдаг байж! Хор шартай энэ ёдрын бузар санааг гадарласан атаман Дутов өөрөөсөө зайлуулах аятайхан арга олоод Семенов руу түлхчихсэн хэрэг. Семенов хашир чонын санаагаар өөрөөсөө хөндийрүүлж Бароны хүзүүнээс зүүчихсэн бололтой! Лихачевын зүдэг занг мэдсэн бол ганзага нийлэхгүй байсан! Эвийг нь олоод шилний нь хонхорт сум шигтгэчихье” гэдэг бодол хурандаагийн сэтгэлийг эзэмдснийг Лихачев яахан мэдэх билээ.

 

Хоёр

 

Рагчаа, Хүрээний нууц хүнд холбогдох сэжим, Зүүн хүрээнд наасан ухуулах хуудасны агуулгатай уялдаж буй сэжгийг ажиглангуут Богдын ордны дэргэд дэх ихэс дээдэстэй холбоотой бүхнийг шалгахаар шийджээ.

-Доржоо! Өнөө шөнө Сэцэн ханы хорооны Зүүн гудамжинд суудаг Паарал-ван гэдэг хүнтэй очиж уулз. Юуны өмнө Богдын ордноос хилийн чанад руу элч илгээсэн эсэхийг сурагла. Нөгөө талаар Богдын ордонд болж байгаа зүйлийг ямар, ямар хүмүүс мэддэгийг тодруул гээд нэгэн зурвас хийж өгөөд Паарал ванд холбогдох зарим зүйлийг товч ярьж өгчээ. Чингэтэл Хүрээний дин буудлуудын эздийн холбоог тодруулахаар явсан Нацаг эргэж иржээ.

Хүрээний зарим дин буудлын эзний гарал угсаа, танил тал, хань холбоотныг тогтоосон баримтаас үзвэл Өргөн чөлөөний өндөр Далайн буудал Рагчаагийн анхаарлыг татлаа. Барон, хүрээнд ирсний дараа гаминтай холбоо бүхий пүүсний эздийн хөрөнгийг сэгсэрсэн мөртлөө өндөр Далайн мэдлийн газраас сэмэрхий хадаг, сэтэрхий зүү ч авсангүй. Бароны тагнуулын газрын дарга Сапайло өөрийнхөө сүүдэрт итгэдэггүй мөртлөө гарын үсэг бүхий онцгой эрх эдэлж болохыг тогтоосон бичиг Далайд хайрласан байв. Хорлон сүйтгэх ажиллагаанд дадсан Сапайло гамингийн нэр хүндтэй хамсаатныг ямар ч зорилгогүйгээр эрхлүүлэхгүй билээ.

-Барон Унгерны яргачин Сапайло, өндөр Далай, Баргын генералууд болон Хүрээний нууц хүн... Эд нар маш сайн нууцлагдсан учгаар холбогдсон байж болох уу? гэж Рагчааг асуухад олсон баримтаа бодит байдалтай тулгаж нэлээн зүйлийг гадарласан Нацаг,

-Спайло, Далай хоёр бол Унгерны гар хөл. Хоёр генерал бол атаман Семеновын нүд чих. Ингэхээр Хүрээний нууц хүн бол япон, цагаантантай дөрөө нийлүүлсэн хорлон сүйтгэгч байж таарна. Иймээс японы тагнуулын газар, эдний гар, хөлийг бие биенд нь мэдэгдэлгүйгээр холбож, өөрсдийг нь сүлбэх ганц тэвэнд сүвэгчилж орхисон бололтой гэлээ.

-Тэгвэл түрүүчийн эзний түнш, сүүлийн эздийн дуулгавартай зарц болж таарна гээд Рагчаа, суудлаасаа өндийж нууцынхаа авдраас нэгэн бичиг гаргаж ирээд,

-Нацаг аа! Чи энэ баримттай танилцаад саналаа боловсруулаарай. Бүх баримтыг нарийвчлан эрэгцүүлбэл Харбинаас, Хүрээнд байгаа цагаантны нэг хурандаатай уулзахаар Гакамоку гэдэг төлөөний түшмэл одоо хүрээнд ирсэн байх ёстой. Миний бодлоор бол “ОСТАМ”-ын анхааруулсан Хүрээний нууц хүн, Баргын сүмийн тахилчаас илгээсэн энэ баримтын Гакамоку хоёр нэг хүн шиг санагдана. Иймээс Гакамоку гэдэг үг нууц нэр үү, нууц дохио юу? гэдгийг тогтоох хэрэгтэй байна. Харин одоо хоёулаа Далайн буудлаар очъё гэхэд Нацаг суудлаас босож хувцсаа янзлав.

Рагчаа, Нацаг хоёр Хүрээний латов дурдасын “Даугава” гуанзаар дайрч Хаван баярын гудамж болон Өргөн чөлөөний уулзварт буй том асар хаалгыг чиглэв. Тэр хоёр гэлдэрсээр хаалганы дэргэд ирж, Нацаг том гинжээр хаалгыг балбалаа. Намхан цагаан хятад хаалганы түгжээг тайлж, явган хаалгаа онгойлгоод Рагчаа, Нацаг хоёрын хувцас, ташаан дахь гар бууг сүрхий ажсанаа ар тийшээ ухраад ус балгачихсан юм шиг дуугүй зогсоно.

-Танай данжаад байна уу гэж Рагчаа лавлахад хятад залуу,

-Буудлын байшинд бий гэж арай ядан хэлээд толгой дохив.

Уужим хашааны гурван талыг эзэлсэн арав арван жангийн гурван урт байшингийн дунд байшингаас гарч ирсэн өндөр гооргор хятад тэднийг угтан уулзлаа.

-Таныг Далай гэдэг үү? гэж Нацагийг монголоор асуухад өнөө данжаад,

-За тиймээ гэж монголоор хариулаад тэр хоёрын үгийг хүлээж анана.

-Танай буудал олон хүнтэй юу гэж Рагчааг асуухад үгний өөгөөр гийчнийхээ санааг багцаалдаг Далай,

-Хүн гэхээр юм байхгүй. Тийшээ орооч гэж голын байшинг заалаа. Рагчаа буудлын гол байшинд орохын өмнө Далайгаас,

-Ирсэн хүмүүсийг бүртгэдэг үү гэж лавлав.

-Оросуудыг бүртгэдэг. Харин монголчуудыг бүртгэдэггүй гээд Далай хөгцтэй шүдээ торсойлгон инээмсэглэхэд “Монголчууд бүртгүүлэх бичигтэй биш” гэсэн байдал царайнд илэрнэ.

-Тэр бүртгэлээ үзүүлээч гэхэд Далай буудлын гол байшингийн хөлийн өрөөнд оронгуут нэг залуу хятадыг дуудаж бүртгэлээ авчруулаад: -Та хоёр тийшээ ор!

 Хэрэгтэй зүйлээ манай залуугаас асууж лавлаж байна уу гэж монголоор хэлээд өнөө залуудаа хятадаар “Болгоомжтой донгосоорой” гээд мухрын нэг өрөө рүү майрганалаа. Нацаг буудлын өрөөнд орохоос өмнө өнөө хятад залуугаас

-Танайд ойрдоо монгол хүн байсан уу гэж луушир аялгуугаар асуухад,

-Нэг... гэснээ өнөө залуу балмагдсандаа болоод хэсэг түгдэрснээ:

-Хоёр хүн, хоноод явсан гэж хятадаар арайхийж хариуллаа. Нацаг залуугийн ярианы аясаар худлаа хэлснийг гадарлаад “Энэнээс ямар улсууд вэ? гэх хэрэг байна уу? эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хоноод явсан гэх байх” гэж бодовч өрөөнд орохоос өмнө амжиж асуутал үйлчлэгч Нацагийн бодсныг үг гээлгүй хэллээ. Чингээд тасалгаанд орж ажвал айлчныхаа яриаг чагнахад зориулж бэлдсэн  өрөө болохыг мэдэв. Нацаг хятад хэл мэдэхгүй царайлж, өрөөнд орсны дараа монголоор ярьж, үйлчлэгч залуугаас бүртгэлийн талаар хэд гурван зүйл асууж тодрууллаа. Чингэтэл Далай, хоол, архи, янжуур өрсөн тавиур барьсан нэг бүсгүйг дагуулж тасалгаанд орж ирэнгүүт үйлчлэгч залуугаас “Илүү дутуу үг чалчаагүй биз?” гэж хятадаар асуугаад айлчныхаа анхаарлыг татахгүйг хичээж,

-Ширээ засалц гэж монголоор хэллээ. Далай урилгагүй зочноо ширээнд урьж,

-Дарга аа!  Хоол ид. Ийшээ суу ваа гэж тал засаад үйлчлэгч нарыг өрөөнөөс гаргалаа.  Рагчаа, Далайн яриаг ажиглахын тулд хэсэг зуур яриа дэлгэхээр шийдээд ширээнд дөхөж суугаад буудлын эзнийг хамт суухыг гуйж урилаа.

-Манай дин буудлаар элдэв шалдвын улс эргэлддэггүй. Тэднийг андахгүй болохоор дор нь зохих газар хэлчихдэг. Усыг нь уувал ёсыг нь дагадаг хуультай гээд нахилзан нялуурна. Далай яриа дэлгэн Рагчаа, Нацаг хоёрын ирсэн учрыг мэдэхийг оролдож суухдаа “Өнөө баярхуу бардам монголын сураг гаргах гэж яваа болов уу? Тэр лүд, балаг тарьж мэднэ! Эд нарт тал нүүр алдвал хойшдоо ярвигтай болно гэж бодож суутал нэг хятад залуу орж ирээд зочидтой монголоор мэндлээд,

-Өнөө монгол залуугийн үлдээсэн мөнгийг яах вэ? Үйлчлэгч нарт хуваах уу, дансанд бичих үү? гэж хятадаар асуухад Далай уурандаа,

-Дэмий солиоролгүй гарч бай! гэж омогдсоноо Рагчаа, Нацаг хоёрт мэдэгдэхгүйг бодож –Манай том хүү. Хэд гурван янчаанаа чамлаад байгаа юм гэж монголоор учирлахад залуу, эзнийхээ ярианаас санааг нь ойлгоод өрөөнөөс хурдан гаргахаар хаалга өөд эргэтэл Нацаг

-Та жаахан хүлээгээч! Юун монгол хүн мөнгө үлдээсэн юм бэ? гэж луушар аялгуугаар асуулаа. Нацагийн үгийг сонссон Далай эг маг ээрч тугдагнахад Рагчаа дин буудлын эзнээс,

-Далай! Та нэлээн адармаатай хөгшин юмаа! Угийн сураагүй тоглоомонд шунасан хүн “нүцгэн” үлддэг байхаа гэж асуулаа.

-Би бинчинтэй хүний гар харж амьдардаг хүн. Нэг баян хүн, тав хонохдоо баахан мөнгө мартаад явчихжээ. Одоо бараг зургаа хонолоо. Тэгэхэд манайхаар дахиж үзэгдсэнгүй. Ирвэл надтай уулзуулаарай гэж энэнд захисан юм гээд Далай, Рагчаагийн царайг ажсанаа “Юу ч гэсэн нэг удаа ингээд үзье” гэж бодохдоо Бароны ташуур гэгддэг Сапайлогийн үгийг санаж “Ганцхан хар толгойгоо хичээ. Бусдын төлөө боож үхэх хэрэггүй” гэж захисныг хэдэнтээ эргэцүүлэв.

-Тэр хүн ямаршуухан байр байдалтай хүн байсныг мэдэх үү?

-Үзвэл танина. Гэхдээ маапаантай хүн ваа. Мөнгөө авахаар ирвэл зохих газар мэдэгдэнэ гэж бодсон гэж өөрийгөө цагаатгаад: -Намхавтар, туранхай хөх хүн байсан. Сайн ажвал зүүн хөл нь түнхээрээ гэмтсэн учраас мэдэгдэх төдий догонцдог юм байна лээ гэлээ.

-Тэгж гэмтсэнийг яаж мэдсэн юм бэ? гэж Нацагийг асуухад,

-Хай... Би залуудаа морин тэрэгнээс буух гэж байгаад хальтарч түнхэндээ юм оруулчихсан. Тэгээд одоо шат өөд гарахдаа заавал хазганадаг гэлээ. Рагчаа, Нацаг хоёр Далайгаас магадлах зүйлээ асуугаад явахаар шийдэж суудлаас өндийтөл Далай,

-Аа тийм. Тэр хүн хоёр хоног хоол идээгүй. Өрөөнөөсөө гараагүй. Буудлаас явах өглөө дайралдсан чинь царай нь цав цагаан болчихсон, үс нь азарганы дэл шиг урт ургасан байлаа. Хүний үс хоёр хоногт тэгж их ургадаг ерийн биш юм. Би тэр хүнтэй ямар ч хамаагүй. Тэгэхээр над, муу юм санахгүй ваа гэж хаяагаа эвтэйхэн манаж хэллээ.

*    *    *

 

Сарын хуучид гарчихсан болохоор тэнгэр нэлмийгээд нүдгүй харанхуй Хүрээ хотыг нөмөрчээ. Дорж, даргын даалгаврын дагуу шөнө дундаас хойш Сэцэн ханы хорооны нэг уудам гудамжийг уруудан хав харанхуйг баримжаалан явсаар гудамжны дунд хирд буй нэг даамангийн хажуугийн вандан сандал дээр түр сууж чимээ чагнан орчныг ажлаа. Чингээд шөнө дундаас хойш хажуулдаг Паарал вангийн хашааны явган хаалгыг болзоот дохио ёсоор гурвантаа цохитол гэрийн эзэн гэрээс гарч ирэнгүүт ханиалгаж, дохио өгсөөр хаалганы түгжээг мултлах зуур,

-Юун хүн бэ? Яасан орой морилох юм бэ? гээд хариу дохио хүлээв.

-Сүхтөмөр гуай явууллаа. Хөх Задын Нанзад /баатар/ бичиг авчирлаа гэж Доржийг шивнэх шахан хэлтэл гэрийн эзэн хаалга нээж зочноо оруулаад амар мэндийн зөрөө гаргаснаа,

-Гэрт морил гэлээ. Дорж гэрийн эзэнг дагаж таван ханатад ортол Паарал ван Доржийг ажиглангуй харснаа,

-Дээшээ суу гээд гэрийн хоймор өөд заалаа. Дөч шахам насны махлагдуу шар царайтай, том биетэй, чацархуу байрын энэ хүн, шалны өрөн дээрх лааг өөртөө ойртуулаад захидлыг задалж уншсанаа,

-Яараагүй биз дээ. Юу ч гэсэн цай халаагаадахъя гээд зуухны ард зэрэгцүүлж тавьсан тулганд хэдэн ширхэг нүүрс хийгээд яндангаа тавилаа.

-Рагчаа дарга, тантай уулзаадхаач гэсэн юм гэж Дорж яриагаа эхэлтэл Паарал ван,

-Тийм байна. Богд өөрийнхөө шадар хүмүүсээс гадаадад явуулаагүй. Харин Гандангийн Дорлиг лам, гэнэт цорж болсонд дургүйцдэг хүмүүс цөөнгүй байдаг бололтой. Хаалгач нарын дам яриаг сонсвол ойрын үед Богд хаан Гандангийн цоржийг ирсэн үед шууд уулзуулаарай гэж хэлсэн бололтой гээд гуулин данхныхаа тагийг сөхөж үзээд шалны өрний шургуулганаас аяга гаргав.

-Тэр лам яагаад цорж болсон юм бол.

-Аа мэдэхгүй. Хавар нэг хэсэг ор сураггүй алга болсон. Хүмүүс түүнийг Алтан Очиртын хийд рүү явсан гэдэг байсан. Гэтэл саяхнаас Баргын сүм орсон гэж дуулдах юм гээд Паарал ван Доржид цай аягалж өгөв.

-Гүн гуайн лагшин сайн уу?

-Жаарай гүн хоёр хоногийн өмнө консулын дэнжид орос эмийн санд дүү Өлзийн хамт очоод ирсэн. Өчигдөр надаас эмсгий Яндаг гэдэг хүний дүүг сураглаач гэж гуйж байна. Тэгээд зогссонгүй. Чи орос хэлэндээ аль зэрэг вэ. Би чамайг дагуулж, нэг орос худалдаачинтай уулзмаар байна. Чи завтай юу гэж байсан. Яндагийн дүүгийн сургийг ажвал Цэргийн Яаманд бичээчийн алба хаадаг сурагтай.

-Цорж ламтан Богд гэгээнтэй уулзъя гэж бодсон юм болов уу.

-Аа мэдэхгүй. Гунгаадэжидлинд нэг шинэ гэр барилаа гэсэн. Бодвол Богдтой, цорж лам биш өөр хүн бараалхах байх. Цагаан ордны тахилч лам, Зүүн аймгийн нэг дүвчин ирж доод ордны гол дуганд сахиус залах гэнэ. Би юмыг нь бэлдэх гэж зав муутай явна гэж байсан. 

Дорж, Паарал вангаас мэдэх ёстой зүйлийнхээ ул мөрийг чингэж гаргаад лавшруулах зүйлээ бодож суухдаа “Доржоо! Чи Паарал ван гуайгаас жанжинтай яаж танилцсаныг нь яриулаарай. Тун золбоотой хүн шүү” гэсэн даргынхаа үгийг санав.

-Би, таныг намын дугаар үүрийн гишүүн гэдгийг мэдэхээс цаашгүй. Тэгэхээр намд яаж орсон, жанжны, даалгавар хэрхэн биелүүлж  явсан гээд намтар мундахгүй биз дээ.

-Намын гишүүн болсны хувьд гэвэл анхандаа гишүүн болохгүй гэж хөглөснийг яана. Сүүлд жанжнаас бат илэрхийлэх бичгээ авахдаа их ичсэн юм гээд Паарал ван яриагаа эхлэв.

...Паарал ван мичин жилийн /1920/ зуны сүүл сарын хуучдаар Сэцэн хан аймгийн хэсэг тууварчидтай нийлж орос худалдаачдын мал тууж хүрээнд иржээ. Тууварчид малаа Чулуутад хариулаад өөрснөө Элбэг Амгалантын урд, Туулын хөвөөн дээр бууж майхнаа татжээ. Тэд Хүрээ хотоор орж малаа тушаах хүмүүстэй уулзаад хэд хонож байтал нэг орой өндөр нарийхан биетэй, хүрэвтэр туранхай царайтай, хурц сэргэлэн харцтай залуу ирж амар мэнд лавлаад майхны баруун хаяанд сууж,

-Ах нар минь аль нутаг хошууны улс вэ? гэж асуулаа. Майхны зүүн хаяанд сууж, хатсан боорцог дэвтээсэн аяга ёроолдсон тарган Бор,

-Тэр хүн Сан бэйсийнх, энэ залуу далай вангийнх, наадах чинь Ёстынх, би өөрөө Сэцэн ханых гэж нэг амьсгаагаар урсгаад хэлэмгий янзаар,

-Залуу өөрөө аль хошууны хүн бэ? гэж шалгаалаа.

-Би Ёстынх. Намайг Сүхтөмөр  /1920 оны 8 сард Дээд Үд одохдоо нутгийн худалдаачин Төмөр гэж нэрлэж байв/ гэхэд Пааралван ярианд хушуу дүрж,

-Наад залууг чинь Ёстын чавганц гэдэг юм. Нутгийнхаа хүнтэй уулз даа гэлээ. Ирсэн залуу, чавганц хэмээх Намбартай уулзахаар майхнаас гарч Туулын хөвөөн дээр очив. Намбар харанхуй болсон хойно орж ирээд хажуулалгүй мод толгойгоо нэрж бодлогоширно. Тарган Бор хучлагаас өндийгөөд,

-Чи ямар залуутай наалдчих шахав аа? гэтэл Намбар,

-Манай нутгийн цагаан дээлтийн хүү Сүхбаатар гэтэл Пааралван,

-Сан бэйсийн нохой Сандаг гэдэг улаан намын орос Сүхбаатар гэдэг танилаа хүрээнд бий гэсэн. Тэр биш биз гэж хоргоон ээрлээ.

-Мөн байх аа. Монгол орноо гадаадын түрэмгий нараас ангижруулах хэрэгт хүчин зүтгэх сайн хүмүүс хайж яваа юм байна гэхэд тарган Бор,

-Хошуу тамгын газар данстай, чөдрийн хэдээс хэтэрдэггүй над шиг хүн, нам эвссэн тэр бүлгэмд нэмэр болохоос өмнө нэрмээс болчихно. Ер нь бид юугаараа тусалж гийгүүлэх билээ гэж урамгүй гонгонов.

-Хятад, цагааныхантай нүдэлдэхгүй юу гэж Пааралванг хэлтэл,

-Сэцэн ханы хэдэн хошуудын тахар зангиудтай уралцаж чадахгүй байж бүрэн зэвсэгтэй гамин, цагаантай ороолдоод санааны гарз. Гүйх нохойд гүйдэлгүй жингэр саад гэгчээр хүний бат нууцыг задруулж гай, хөө тарихаар хал балгүйгээр нь оросын мал туусан дээр гэж Тарган Бор дургүйцлээ. Чингэж маргасаар үүр цайлгаж, улс орны тухай яриа өдөж, хар мухраар шөргөөцөлдөж хэвттэл Сүхбаатар иржээ. Хучлаганаасаа сугарч чадаагүй тууварчид Сүхбаатарын бараанаар санд мэнд хувцаслацгааж цай унд янзалтал Чулуутын амнаа мал манаж хоносон буриад Тарав ирлээ. Сүхбаатар улс орны байдал, гамингийн харгислал цагаантны доншуулчдын тарьсан гаслангаас ангижрах арга замын тухай ярилцаж, тэднийг сэнхрүүлжээ. Сүхбаатарын ярианд шимтсэн Намбар хүмүүсийн царай зүсийг сүрхий ажсанаа,

-За бид танай бүлгэмд нийлье. Алийн болгон цувсан бар шиг явах вэ? гэхэд Сүхбаатар тэдэнд талархаад,

-Би, та нарын тухай Сандаг гэдэг оросоос дуулаад найдаж ирсэн юм. Бидний ажил нууц! Тэр тусмаа та нарын ажил маш нууц гэхэд тууварчид Сүхбаатарыг тойрон сууцгаалаа.

-Далай вангийн Их, Бага Цолмон, Хэрлэн Бар гэдэг газар байгаа Игнат, Сан бэйсийн Туркс Маклан гэдэг худалдаачид байгаа гэхэд цагаан оросынхны гар хөл болсон, Зүүн хязгаарын монголчуудын мал сүргийг дамжуулж ашиг олдог хүмүүсийг нэрлэж байгааг ажсан Тарган Бор,

-Гурван баяны Агап, Хэрлэнгийн алтанд Оодон татаар гэдэг чинээлэг худалдаачин бий гэхэд Сүхбаатар,

-Эдгээр худалдаачид манай мал сүргийг ил, далд олон замаар зүүн зүгийн цагаан оросынхны гарт дамжуулж байна. Тэр сүргийг улаан намын цэрэг, ангид нийлүүлэх арга бодож, Мөнх толгой, Ононгийн хойт харуулаар гаргах хэрэгтэй гэлээ. Чингэж жанжнаас ам даалгавар авсан тууварчдаас Пааралван хэсэг бодсоноо,

-Би тэр бүлгэмд орж чадахгүй. Гэхдээ та нарын нууцыг задруулахгүй гээд майхнаас гарлаа.

-Энэ хүнд итгэж болно. Харин бүлгэмд орохгүй гэсэн учрыг дараа хэлж болох уу гэж Намбарыг асуухад Сүхбаатар зөвшөөрчээ. Пааралван нэг хэсэг баяд, ноёд, худалдааны пүүсний малыг тууж, тарааж явсан бөгөөд ганц эхээ өөд болсны дараа буян амлаж, мянган Аюуш бүтээлгээд өнчин ишиг, үрээ даага үргээхгүй гэж андгай өргөжээ. Тэрээр тууварчдаас салж нутаг буцахдаа Дархан ван, Жонон вангийн нутгаар хэсүүчилж яваад Далай вангийн хошуу тамганд баригдаж гавлуулав. Гэсэн ч хань нөхдийг нь сэжиглэсэн эрүү шүүлтэнд яс зааж, өчиг алдалгүй хоёр сар шахам болтол нэг өдөр Пааралванг тамгын гэрт дуудав. Шаргалдуу царайтай, улаан жинстэй, хямсгар маягийн нэг түшмэл,

-Наад хулгайчаа, үлдээчих гээд хоёр тахрыг тамгын өргөөнөөс гаргасны дараа царайгаа түвшин болгоод,

-Би Сүхбаатарын нууц бүлгэмийн хүн. Сүхбаатар чиний сургийг Намбараас дуулаад над руу хэл хүргүүлсэн юм. Одоо айх хэрэггүй. Өнөө шөнө чамайг оргуулна. Одоо Сэцэн ханы нутаг хошуугаар үзэгдэх хэрэггүй. Хойд харуулаар дамжин Хиагт очвол дээр гэлээ. Пааралван ажигламтгай хурц нүдээр түшмэлийн шарангуй царайг ширтэн “Далай вангийнхан одоо сонжиж эхэллээ. Өнгөрдөг намар Сэцэн ханы хошууныхнаар тэнэж явахад Сүхбаатар тэргүүтэй долоон хүнийг бариулах зар тунхаг тараасан байсан. Өвөл жонон вангийн Бэрэйбун хийдээр очиход тарган Бор, Намбар хоёрыг цагаантнууд сураглаж байлаа. Тэгэхээр энэ түшмэл, миний янзыг үзэж байгаа хэрэг гэж бодоод ярианы байдлаар хэрхэхийг харзнахаар шийдэж суулаа.

-Пааралван аа! Цай унд барь гээд гэрийн хоймор зассан ширээн дээрхи тавагтай идээ, том цартай хонины махыг заахад Пааралван өнөө түшмэлийн хорыг төнхөн үг сэтгэж олоод,

-Хошуу тамгын жасаа түшмэлүүд хүний хонго шүүслэх дуртайсан. Та ч хүний зовлонд ханаад сүүтэй цай, хонины мах гудардаг болоо юу гэж шазруун еглөө. Гэтэл түшмэл хөгжилтэй инээмсэглээд,

-Бид монгол элэгтэй хүмүүс биз дээ гэхэд Пааралван бий гэж үү? хэмээгээд шар тосны үнэр ханхалсан аагьтай цай, хонины махны үнэрээр дөрвөн долоо хоног аяганы амсар зуугаагүйгээ ухаарлаа. Үг шөргөөлцөөд ашиг олохгүйг гадарласан янзтай гайхаш тасарсан түшмэлийг нүдний булангаар ажсан Пааралван сэтгэлдээ “Нигүүлсэнгүй царай гаргасан ийм түшмэлүүд  чангахан жавтий хүртдэгсэн. Өнөөдөр чамбайхан юм амсах нь. Үнэхээр нууц бүлгийн хүн бол яана? Намбартай уулзаагүй гэхэд тарган Бор, тэр хоёрыг гадарлах ёстой. Тэр хоёр энэ хэдэн сар Сэцэн ханы хэдэн орос худалдаачдын хөрөнгийг сэгсэрч, мод бариулах дөхсөн учраас зар цуу их таржээ” гэж бодно.

-Намбарын ихэр хаана байгаа вэ? гэж Пааралванг сорьж асуухад, ихэр тарган Борууд уу? Чамайг сэрдсэн 1000 бодыг хөөгөөд Мөнх толгойн харуулаар гаргаж улаан цэрэгт тушаахдаа “Их, Бага Цолмонгийн бэлэг” гэсэн байлгүй гээд хоолойгоо шахан инээлээ. Тэр хоёрыг горзойсон биерхүү болохоор “Ихэр борууд” гэдэг юм Пааралван, түшмэлийн ярианы төлвийг болгоож суухдаа “Сонин юм! Аргагүй Намбар, Бор хоёрыг мэдэж байна. Ийм нарийн нууцын мухарт хүрэх хэцүү! гэж бодоод, 

-Сүхтөмөр Хүрээнд бий юү гэж сөргөж туршлаа.

-Сүхбаатар Дээд шивээнд бий. Зөвлөлт Оросоос тусламж гуйгаад хэрэг явдал  үйлстэй бүтсэн. Би энэ нутгийн хүн болохоор жанжин надад найдсан юм. Намайг Догсом гэдэг гэж шивнэн учирлахад Пааралвангийн сэтгэл сая уужирч “Сангийн Яамны Догсом гэдэг энэ байх нь ээ гэж бодоод хонины маханд гар хүрчээ. Чингээд Пааралван Догсомтой ажил төрлийн талаар ярих зуур цартай бүтэн хонины махнаас дал дөрвөн өндөр, сээр шаант, өвчүү хормой тэргүүлэн өрөөл махны ясыг цайтал мөлжөөд гуулин данхтай цайг тухтай уучихлаа. Тэгээд гарын тосыг арчих зуур,

-За хоёр хоног унтчихвал уу! Хиагтын бараа хартлаа аяганы амсар зуухгүй гэлээ. Догсом Пааралвантай ярилцсанаар оргуулахаар шийдэж,

-Тэгвэл нүднийхээ хорыг сайн гаргаж ав гээд хажуудаа  байгаа довшуур дамрыг авч тачигнуултал хуяг орж ирлээ.

-Наад ялтангаа аваачаад хүйтэн гэрт нь хаячих. Хоёр хоног чийгтэй юмны бараа харуулж болохгүй гэж чандлан тушаахад хуяг, Пааралвангийн тохой руу нударч дагуулан гэрээс гарлаа. Пааралван, Догсомын тусламжтай чингэж оргоод Хэрлэнгийн орос Игнатын гурван суурь адууг хөөж Ононгийн хойд харуулаар гаргаж Догсомын зөвлөсөн Александрын ангид тушааж, баримт сэлтээ аваад Хиагтад ирж жанжинтай уулзжээ. Жанжин, Пааралвангийн паянг яриулаад хэсэг бодсоноо,

-Чи орос хэлэндээ аль зэрэг вэ? гэлээ.

-Сан бэйсийнхэнд зарагдаж байхдаа сурсан юм. Харин Сандагаар заалгаж бичиж сурснаа одоо мартаад байх шиг байна.

-Чамайг Засгийн газар хэлмэрч, орчуулагчаар өгнө. Харин сүүлд өөр ажилд тавина гэж жанжинг хэлэхэд Пааралван толгой дохижээ. Чингээд сар шахам болж байтал нэг өдөр Сүхбаатар Пааралванг өргөөндөө дуудуулж Хүрээ хотын талаар ярилцлаа.

-Чамайг чухал ажилд явуулна. Бид Ардын засаг төрийг тогтоолоо. Удахгүй Хүрээ орно. Тэнд үлдсэн цагаантны түншүүд зүгээр суухгүй бололтой. Тиймээс Хүрээний Жаарай гүнтэй ойртож учрахыг бод гэж захилаа.

-За. Хичээн гүйцэтгэе гэж Пааралванг хэлэхэд Сүхбаатар ширээнээс нэгэн дугтуйтай бичиг гаргаж өгөөд,

-Энэ бол баруун аймгийн нэгэн хошууны захирагчийн бичиг. Түүний хамсаатан Огсоо гэдэг хүнд үүнийг хүргэж өгөөд өөрийгөө хошуу тамгын бичээч гээрэй хэмээн учир явдлыг тодорхой ярьж өглөө. Пааралван хүрээнд ирээд Огсоогийнхыг сураглаж олоод нэгэн өдөр бараалхжээ. Тэгээд гутлын түрүүнээс захидлаа гаргаж байхдаа гаанс гаргаж мод толгойгоо нэрлээ.

-Хошуу захирагч намайг зарж энэ захидлыг таны гарт атгуулахыг даалгасан юм гэхэд Огсоогийн хоёр талд суусан залуугийн нэг, захидлыг Пааралвангаас авч Огсоод өгөхөд Пааралван мод толгойгоо сэтгэж суулаа.

-Жа ахын захиаг уншиж болгоолоо гэж Огсоог хэлэхэд Пааралван мод толгойгоо амнаас авч Огсоод барилаа. Огсоо гаансыг авч углуургаар нь салгаад шургуулж хийсэн бичгийг гаргаж нүд гүйлгэн уншсанаа гэрийн хойморт суусан хоёр залууг сонсог гэсэн шиг чанга дуугаар “...Сумьяа бэйстэн гаминг устгаж элгэн саднаа гашуун зовлонгоос гэтлэхийн оронд түшмэл Мэнгэттэй шөргөөлцөн, өшөө хонзон санаж улаан намын Чойбалсантай сэм нийлж, хошуудын эрсийг цэрэгт татан өөрөө Баруун замын тусгай анги гэгчийн дэд жанжин горилжээ. Би тангаргыг бодон Барон жанжинтай нийлэхээр цагаан намын Сухарев гэгчтэй хамтарч хүчин зүтгэхээр шийдэв. Сураг дуулбал Ардын намынхан Хүрээ чиглэх янзтай. Хэрэв чингэхэд хүрвэл учрыг Жаарай гүнтнээ айлтгаад Богдод сонордуулаад өшөөг талхлахыг хичээмүү хэмээн сэтгээд өчүүхэн боол, үнэнч шавийг зараад үүнийг толилуулав” гэж уншиж дуусгалаа. Огсоо хэсэг бодсоноо ам нээж,

-Чи Чойжин ламын сүмийн арын хашаанд очиж, Шагдартай уулзаж тэднийд байж бай! Энэ залуу таныг хүргэж өгнө гэтэл баруун талд сууж байсан залуу суудлаас бослоо. Чингээд Ардын засгийг Хүрээнд ирмэгц босохоор бэлдсэн хуйвалдааныг эхлэхээс хоёр хоногийн өмнө Хөх Задын төлөөний хүнд хэл сонсгожээ. Сүхбаатарын даалгавраар Хөх Зад хэмээгдэх Нанзад бослогыг удирдах ёстой зүтгэлтнүүдийг баривчилж амжив. Харин Огсоо тэр шөнө баригдалгүй мултарч, шургуу хөөцөлдсөний ачаар бослого эхлэхээс өмнөхөн, өчүүхэн сэжгээр баригдсан Онинго айхын эрхээр хэрэг улайсныг мэдэж амжсан байлаа. Тэгээд Пааралвантай уулзаж Богдын ордонд буй Жаарай гүнд үүнийг дуулгахыг захижээ. Огсоо Хүрээнээс оргохоор завдаж байгаад баригдлаа. Түүнээс хойш Пааралван, Жаарай гүнгийн илүү хашаа байшинг сахих болж Шагдарынхаас хөндийрлөө. Ингэж Жаарай гүнд итгэгдсэн Пааралван номхон хүлцэнгүй явсаар өдий хүрчээ...

 

Гурав

 

Очир, хурандаатай улаан нүүрээр уулзаад хятад дин буудалд хоёр хоног дугжрахдаа алжаасан биеийн чилээг гаргаж, хөх царайгаа цайлгаж гэгээ оруулахыг мэрийлээ. Тэгээд үсээ ургуулах эм тун тунгаар уугаад, хүн орхойдойтой тос нүүрэндээ нялаад нойрны эм хэд хэдийг гударлаа. Буудлын эзэнд өндөр үнэ төлж, ацаг хөлсөөр ам хэлийг нь сайн багласан Очир, гэгээ муутай шавар нүхэнд нойр аваад өндийтөл сэтгэл сэрхийлгэсэн бодол гэнэт төржээ.

...Арван хоёр жилийн өмнө өртөө зангиас огцруулсан Магсаржавт эчнээ өшөөрхөж, шүд зуусан Жудаг сэтгэлдээ “Зангиас дээгүүр, ядаж сул тайж байсан бол халх жасааны түшмэлтэн намайг гоочлох, санаа өвөрлөхгүй байсан! Магсаржавыг амаар нь шороо үмхүүлчих аз дайрдаг болов уу?” гэдэг орь хүслэнд захирагдсан тэр үед “амбаны сангаас хишиг хүртэх” тавилан заяасан. Чингээд мөр үлдээлгүй оргож явах хугацаандаа Ташкентын ойролцоо нутагладаг цахаруудын нэгэн баянтай танилцаад охинд нь хоргодож, сээтэн хаях болов. Тэрээр энэ завшааныг тунгааж, хэдэнтээ эргэцүүлээд “Үжнээтэй суувал ямар ашиг гарах вэ? Цахарууд малаар л баярхана! Зудтайхан жилийн дорвитойхон шуурганд мал нь хиарчихвал эд модоо барина! Тийм гарз дайрахгүй бол яах вэ? Алт... алт! Алтны эзэн бол хүний сэтгэл санааг байтугай хорвоог хөрвүүлж хөлдөө сөгтгөдөг жамтай! Тэгэхээр цахаруудыг ямар ч үед гартаа оруулж захирч болох нь. Ингээд зогсохгүй Ижил мөрний Халимгуудын ноёдыг өөртөө татвал уу! Санасандаа хүрэх зам аяндаа нээгдэнэ” гэж бодсоны эцэст гэрлэх аяа бодсон. Харин Үжнээг сэтгэлдээ мөрөөдөж явдаг нэгэн залуу эл учрыг гадарлаад далдуур сэм бэлдэж,  замыг нь отдог болсныг Жудаг гадарлаагүй. Тэрээр нэгэн удаа үүр шөнөөр алтаа дарсан агуйг зүглэхдээ хойноосоо дагасан хэсэг хүмүүсийг анзаарсангүй. Чингээд түүний бодол талаар өнгөрч, цахар залууст бөөрөлхүүлж, нүдүүлээд зогссонгүй дарсан алт, эрдэнэсээ алджээ. Жудаг муу санаагаар эрдэнэсээ хоёр хувааж дарсан учраас ихэнх хэсгээ цахар залууст алдаад өчүүхэн хувьтай үлдэж, улаан голтой хоцорсондоо баярладаг билээ. Жудаг, цахаруудаас өшөө барахын тул нутгийнхантай хуйвалдаж дээрэм хийж түйвээсэн атал хүний нутагт хүчин мөхөсдөж баригдаад нарсанд түгжүүлжээ. Гэсэн ч тэрээр Дундат Азийн халуун элс, Алтайн сүрлэг уулсын тэсгэм жавар, Сибирийн намагт байгуулсан Хаант Оросын шоронгийн хүйтэн чийгэнд хэдэн жилийг авахдаа гутарч гуних, айж эмээх зэрэг сэтгэлийн шаналгааг тоолгүй, эр зоригондоо эрдэж явсан. Гэтэл  Хүрээнд хөл тавьснаас хойш цээж давчдан, айх сэтгэл төрж, он жил санаанд буугаагүй бодлууд оюун ухаанд харваж, сэтгэл  түгшээсэн төдийгүй далдын лай даллах шиг санагдана.

Найман жилийн өмнө авхаалж самбаа, ов мэхээрээ Сибирийн шоронгоос эсэн мэнд мултарч “нохой азаар” Токиогийн бараа харснаас хойш амьдын жаргалын зам мөр зурайж, их хотын нүргээнтэй ижилдэхдээ шуналын дөлөнд сэтгэлээ төөнүүлж, алтны өнгөөр мөрөөдлөө нийгүүлсэн Жудаг, хулгай дээрмээс ондоо, өөр нэгэн өвөрмөц аргаар “алт олж, улсын эзэн шиг” баярхан, амьтан хүнийг өөртөө сөхрүүлэх ид шид боджээ. Өчүүхэн хэргэмээ алдсандаа гол гонсойж мөчөөрхсөн Жудаг, Халх жасааны түшмэлтэй шөргөөлцөж, өшөө авахыг мэрийж сэдсэн анхны санаагаа аймаг хушуу захирсан хэргэм зэргээр солихыг хичээж эрийн жолоо сориод эс бүтжээ. Жудаг, ховдог хомхой сэтгэлдээ захирагдахын эрхээр алтны үнэ, өнгөөр хорвоон амьдрал ахуйг гартаа атгадаг өвөрмөц ертөнцийн жам ёсыг сэтгэл зүрхээрээ ухаараад өөрийгөө тушаасан. Хүний ул шагайх, өө сэв эрэх, ов мэхээр ашиглаж залилахын ухаанд мэргэжээд Манжуур Өвөр монголоор хэрэн тэнэж, цэрэг улс төрийн хорлон сүйтгэх, хутган үймүүлэх ажиллагааг дэвэргэхдээ япон, цагаантан хоёроос багагүй шан хүртсэн. Тэр шан хөлс Токиогийн нэгэн банканд хадгалаатай байдгийг хэн ч мэдэхгүй ажээ. Тэрээр өнгөрсөн хавар зүүн умард хятадаас Токиод дуудагдаад шинэ үүрэг гүйцэтгэхээр Харбинд ирж, монголын талаар мэргэжсэн Озакурагийн мэдэлд шилжсэн. Чингээд Харбинаас Хүрээний бараа харахаар хөдлөхийн өмнө “нууц эзэн” Окакураас хэрэггүй үг сонсоод айж гайхахын тээрмэнд сэтгэлээ эмтлүүлэх болжээ.

Очир, янжуурын утаа манантсан давчуу өрөөний адар ширтэн хэвтэхдээ ажил төрлөө янзлах арга ухаан бодох атал сэтгэл зүссэн хэрэг явдал санаанд бууж нүдний үзүүрт сүүтэгнээд сарних аюултай. Тэрээр янжуураа гүйцэд татаж чадалгүй барьсаар “Үжнээ! Сайхан хүүхэн. Цахаруудын сор. Үжнээг ямар чөтгөр хөтлөөд Хүрээнд авчирсан бол! Хүрээний давчуу гудамжны хаана нүүр учирч толгой цусдах бол! Совин татаад аз уу, эз үү? Үжнээгээс өөр намайг хөөдөх нохой ч Хүрээнд байхгүй. Озакура ноёнтон хувилсан дүрэндээ орохыг итгэлтэй гэсэн. Тэгэхээр Улиастайн Говорилов уу? Заяын панз Бадрал уу? Царай цайж амжсан бол сэгсгэр үс, хиймэл сахал Үжнээгээс аварна” гэж бодоод орноос босож толинд царайгаа харвал нэлээн шингэрсэн байлаа.

-Овоо шүү! Дорвитойхон гялайсан байна. Сэгсгэр халимаг, хиймэл сахал, нүдний шил зүүчихээр хэн сэжиглэх вэ? гэж өөртөө хэлээд толины өмнөх янжуураа авч асаалаа. Очир, буудалд тав хонохдоо оногдсон үүргээ бүтээгээд Хүрээнээс зайлахын хүсэлд захирагдахын эрхээр яаравчилмаар санагдавч алхаа, гишгээ бүхэн хатуу хуваарилсан өдөр, судар, дэг горимтой учраас түүнийг гажих толгой байхгүй ажээ. Очирт даалгагдсан хэд хэдэн үүргийн нэг гол зорилт бол “Гогцоо” хэмээх нууц төлөвлөгөөг Шильниковын товлолтоос хоёр хоногийн өмнө эхлүүлэх, Богдтой уулзаж “гогцоод” туслалцаа үзүүлэх талаар тохирох, эмсгий Яндагийг олж туршаад найдвар алдаагүй байвал нам, төрийн зарим удирдагчдыг хорлуулах, гүн Цэрэнгийн охиныг хуйвалдаанд оролцуулж, тулгамдсан үед түүнийг золионд гаргаж хэргийн ул мөрийг будилаантуулах ёстой. Чингээд Дашчойпил дацангийн Дорлигтой улаан нүүрээр уулзаад хувилсан дүрэндээ орох ёстой учраас үд өнгөрөөд буудлаас гарлаа.

Очир, Дашчойпил дацангийн дунд мөрөнд дээгүүр жавдантай Дорлигт бараагаа харуулах янзтай баганын дэргэд зогсож байгаад хурал гадаалахаас өмнө дацангаас гарч Жанрайсэгийг чиглэв. Гэтэл Очирын ард өвгөжөөр хүний дуу сонсогдож, чих тавин чагнавал,

-Хүүе хүүхээ. Цаад хөх дээлтэй залууг дуудаадхаач гэж хашгиртал Очирын дэргэдүүр өнгөрч явсан нэг залуу зогсоод,

-Хүн гуай! Таныг тэр өвгөн дуудаад байна гэлээ. Очир зогсосхийж өвгөн өөд эргэн харахдаа “Хүн андуурсан юм болов уу?” гэж бодоод,

-Өвгөн гуай! Та намайг дуудаа юу? гэж Очир сорьж асуулаа.

-Тэгэлгүй яах вэ? Хүү минь ахыгаа таньж байна уу гэж асууснаа Дорлигийн барааг харсан өвгөн: -Унзад гуай морилж явна гэж шивнээд хөөрөгнийхөө уутыг тэмтэрлээ. Чухам энэ агшинд Очир самбаачлан, өвгөнийг сайн ажвал сэтгэлд буух сэжиг гарсангүй. Өвгөн унзадыг танимхайран,

-Жа ламба гуайн лагшин амгаланг айлдъя гээд мэхийн мэндлэв.

-Амгалан. Та амгалан тавтай юу гээд хөөргөө өвгөнд өгөөд,

-Очир хүү ая тухтай юу гэлээ. Унзадын энэ үгийг сонсоод гайхсан өвгөн,

-Аа лам базарваань... Ах нь хүн андуурчээ. Аа нүглээ хөөд чамайг гэж өөрийгөө зүхээд эргэсэн учрыг Очир хэрхэн мэдэх билээ. Өвгөн, хүн андуураагүй бөгөөд чухамхүү Жудаг нэрээ Очир гэж сольсныг мэдээд түүнийг лавлаж ажигласнаа мэдэгдэхгүйг хичээж худлаа уулгалаад Ганданг чиглэсэн аж.

Өвгөнтэй ганц үгний бүтэн зөрөө гаргаж чадаагүй Очир, Дорлигтой ярилцаж ажил төрлөө янзлахыг чухалчилж байсан болохоор үнэндээ өвгөнийг төдий анзаарсангүй аж.

-Унзад гуай! Намайг ирснийг Богдод айлтга. Би хятад дин буудалд олон хономооргүй байна гэхэд Дорлиг үүргээ мэдсэн “зүтгэлтэн” шиг,

-Сэтгэл зоволтгүй. Байр сууц бэлэн гэлээ.

Богд, Ардын засгийг унагах ая тал хайхдаа гадаадаас тусламж авахыг мэрийж урьдын танил Озакурад нууц захиа илгээхээр итгэлтэй хүн олохыг дэргэдийн шадар хүн захиснаар Дорлигийг сонгожээ. Озакура, Нармай Монголыг байгуулах төлөвлөгөөний дагуу монголыг төвхнүүлэх нөхцөлийг хангах боломжтой бүхнийг хийхээр Монголд ирсэн хүн билээ. Гамингийн жил Богдыг нарснаас гаргаж ухаан сийлсний зэрэгцээ Баронд хүрээ хотын талаар байнга мэдээлж байлаа. Харин Ардын засаг мандсаныг мэдээд цагийн байдлыг үл андах Озакура, Богдтой сэм уулзаж хойтын зам мөрөө засаад, журамт цэргийг Алтанбулагаас хөдөлж Хүрээг чиглэмэгц Харбины зүг жолоо залсан. Дорлиг хоёр сар гаруйн өмнө Баргын сүмийнхний дэмээр Харбинд очиж Богдын “нугалбарыг” Озакурад барьжээ. Японы тагнуул, Богдын захиаг Дорлигоос хүлээн аваад тэр дор нь Токио руу яаралтай дамжуулаад Японоос ирэх хариу шийдийг бие хүнээр явуулна гэж амлаад Дорлигийг Хүрээ чиглэхийн урьдхан Очиртой уулзуулжээ.

Семеновын түлхээсээр Манжуурт ирсэн хоёр генерал Хүрээний агентуудтай холбоо барьж, ажил байдлыг мэдээлжээ. Семенов, урьдын төлөвлөсөн “Гогцоо”, “Гурван баян” гэдэг томьёололтой шаталсан төлөвлөгөөг хянасан Японы Цэргийн Яамны зөвлөмжийн дагуу бэлтгэж, Очирыг Озакурагийн мэдэлд шилжүүлсэн билээ. Чингээд Очир Хүрээ чиглэх болсон учир тэрээ.

Дорлиг Хүрээнд ирээд удаж шалиагүй байтал Очир ирж, Богдтой уулзах болсонд лам баярлаж, гэгээний таалал хишигт ивээгдэхийг хичээсэн түүнд далим гарсан сэтгэлдээ олзуурхаж байлаа. Харин Очирын сэтгэл тав тухгүй. Муу санаа хашир хөдөлгөөнөөрөө гайхагдсан Очир хүн андуурсан өвгөнийг тоогоогүй атал зүрх алдах, эмээх сэтгэл төрсөн элдвээр хянан тунгаавч онолын үндэслэлтэй дүгнэлт хийж чадсангүй. Очир өөрийнхөө алдаа сэвийг олохыг хичээгээд “Хүний үйл гэнэт илэрдэг юм байлгүй. Үжнээ... Гайны энэ хүүхэн дээр санамсаргүй нэг өвгөн нэмэгдэх нь үү! Арай тэгж харламааргүйсэн. Ер нь хувилгаан дүрэндээ оръё” гэж бодоод өөрийгөө тайвшруулжээ. Очир юм бүхнийг эргэцүүлбэл олон жилийн өмнө хүн амьтнаас зугтаж “Олзныхоо алтыг алдчихгүйг” хичээж явахдаа зүрхээ хагалчих шахаж, хий шаналсан. Одоо яг тийм хоосон, хий шаналгаанаас айн зэвүүрхэх нь Үжнээтэй дайралдахгүйг бодож, хэт хичээсний балаг болохыг мэдэв. Тэгээд японд тагнуулын сургуульд байхдаа “Тагнуулчин хүний сэтгэхүйн онцлог, зориг тэвчээрийн үндэслэл” заадаг нэгэн профессорын үгийг санав. Тэрээр яриа болгондоо “Хүний сэтгэхүйг гэнэт цочоосон хүчтэй цочролын голомт тархинд удаан хадгалагддаг. Тагнуулч хүн, дайсныхаа сэтгэлд хоногшоод мэдэгдэхээргүй нууцлагдсан тэр эмзэг согогийг илрүүлж чаддаг байх хэрэгтэй. Энэ бол тагнуулчдын уран чадвар, жинхэнэ авьяас мөн. Хүний сэтгэл санааны дотоод доголдлыг илрүүлж, итгэлтэйгээр ашиглаж болох этгээдийг олж гарцаагүй баримтаар урхидаж чадвал ямар ч зүйлийг хийлгэж болно. Он жил нууцлагдсан сэтгэхүйн эмзэгт захирагдсан хүн хямралд амархан ордог. Өөрөөр хэлбэл сүнсээ зайлтал айсан цочролыг хоёр дахь удаагаа мэдэрсэн хүн, эзнийхээ гарын аяыг дагаж, өөрийн эрхгүй захирагдаад дуулгавартай адгуус шиг номхордог. Тиймээс гартаа орсон хүний цочролыг тайвшруулалгүй, цаг ямагт түгшээж байвал, хэрэгтэй бүхнээ  хийлгэж чадна” гэж хэлснийг харгалзвал Очир, Үжнээгийн аманд орчихсон зөөлөн чихэр шиг хүлхүүлж, хөөрхийлөлтэйгээр үрэгдэх нүгэлтэй ажээ. Очир, ламынд гурав хоносны дараа нэг өдөр “хүн андуурсан өвгөнийг” Дорлигоос асууж лавлахаар шийдээд,

-Эртээрийн өвгөнийг сайн таньдаг уу? гэлээ.

-Танина. Хүрээнд олон жил болсон хүн. Уг нь Сэцэн хан аймгийн  хөвчөөс цагаачилж ирсэн гэлцдэг гэхэд Очир, “Ямар ч хамаагүй хүнээс ингэж болгоомжлох гэж дээ” хэмээн үглээд сэтгэлээ тайвшруулав. Чингээд төлөвлөсөн ёсоор маргааш нь сахалтын тэргэнд сууж “Билгийг арвижуулагч сүм-ногоон ордыг” зүглэжээ. Богд Харбинаас ирсэн айлчинг чамбайхан угтахаар шийдэж, дорвитой бэлтгээд донир, сойвон нараа хөлийн өрөөнд үлдээжээ. Очир, Богдын амгаланг хуучин ёсоор эрж, хадаг дэлгэн тавин лангийн енбүү барьж, сэнтийд ойртон уянгалуулсан хоолойгоор,

-Амьтныг жаргуулагч, наран гэрэлт, түмэн наст, ачит тунгалаг, шашныг бадруулагч, гэгээн таны өршөөлд багтсан өчүүхэн шавь, үгээгүй харц би, төр, шашин барилдахын хувь зохиолоор өвдөг сөгдөн амгаланг айлтгаж, насан хутаг өлзий оршихын ерөөлийг дэвшүүлье гэж Дорлигийн зааж өгснөөр хэлээд мутрын адис хүртэв. Дорлиг үүнийг хараад “Богдоос мутрын адис авна гэдэг бурхан болохын ерөөл” гэж сэм бодоод атаархжээ. Богд, сэнтийн баруун талд зассан олбог түшлэгийн зүг дохиход Очир, түүнд заларч хормой тэгшлэв.

-Жаа... хэргийн учир, хүслийн үзүүргүй жолоо хэрхсэнийг айлтгаж, сэтгэлийн чилээг гаргах сайныг шингээсэн, есөн хүсэл, арван буяны ачийг соёрхсон, өлзий ерөөлийг айлтгана уу гэж тасалдсан дуугаар асуув.

-Жа... гэгээн таны тааллаар өнгөрсөн хавар ламтан /Дорлиг/ хүргэсэн нугалбарыг Наран улсын эзэн, цагаан хааны Се /Семенов/ ноёнд таниулан хэлэлцээд Зүүн хязгаараар их цэрэг нэвтрүүлэхээр тогтсон билээ. Очирын хэлснийг тунгаан бодож толгой дохиж суусан Богд,

-Шашин, төр тэргүүлэн, өчүүхэн шавь дордсын буян заяаг ивээсэн өлзий энэрэлийг хичээн, гар сунгасан Наран улсын хайр хишиг, нигүүслэнгүйг гийгүүлж бидний чихнээ сонсгосныг хичээвээс баярын совин хязгааргүй буй гэж талархан өгүүлэв.

-Их цэрэг нэвтрэхийн өмнө Хүрээний Ко ноён, Ардын намын дарга нарын хөлийг хорьж, Сү /Сүхбаатар/ тэргүүтэй хэдэн хүнийг Богд таны таалалд сөгдүүлэхийн учир ажил хэргийн шулууныг бодож, шавь олноо хүрээ хийдээс, зэвсэглэн хөдөлгөхийг хүлээнэм гэж Очир давс хужирыг тааруулан гиншиж айлтгатал Богд зөвшив.

-Их хүрээний хэрэг явдлын үйлсийг санан, донир сойвонгоор хэл залгуулна. Буяны мөрийг тодруулсан хурын үүлнээ, бурхны таалалд нийлүүлж хэрэглэх зэр зэвсэг дутваас чихнээ дэлсгэх буюу гэж Богдыг хэлэхэд Очир, Дорлиг хоёр голын Цагаан сүм, хайстай, Шар орд зэрэгт нэлээн зэр зэвсэг байгааг гадарлажээ. Богд яриа дууссаны дохио болгож хоолой засаж, чимээ өгтөл гаднаас донир, сойвонгууд орж ирээд Богдыг сэнтийнээс түшин буулгаж, таван амттан зассан ширээний дээд суудалд заллаа. Богд урт гараараа ширээний зүг дохин

-Ариун буян тогтохын өлзий шингэсэн, шавдан бататгахын ерөөл бүрдсэн идээний дээжийг өргөн барина уу гээд баруун гараа ширээн зүг явуулж, тэмтчихийг харсан донир, ногоон хаш аягыг гарт нь бариулав. Богдын паливгар царайны хөнхөр ухархайнд шигдэж ширгэсэн, ертөнцийн гэрэл гэгээг мэдрэхээ больж яваа анивчсан мэлмийн, нулимс цийлэгнэсэн зовхийг ажсан Очир “Урьдах мөрөө үл харах энэ хөгшин түвд, шашин, төрийг хослон барьдаг ч голионы жогорхой догоо. Ийм эзэнтэй улс орон руу бачтай амьтад шуналгүй яах вэ? Харин Ардын засаг үе сүүл гударчихаагүйд баярладаг болов уу” гэж бодоод инээд хүрчээ.

*   *   *

 

Рагчаа, өөрийнхөө ажилтнуудыг энэ өдөр өглөө эрт цуглуулах гэсэн боловч Доржтой уулзаж, Паарал вангийн тухай сонсоод хойшлуулжээ. Дорж, хувцсаа солиод үдийн үед Богдын ордны, танил манзчин ламтай уулзаж, Гунгаадэжидлингийн тахилчийг сураглахаар очжээ. Богдын ордны гадуур мөргөлчид ихтэй, андамин хаалганы зүүн чийганаас /тахилын өндөр мод/ холгүй хэдэн морин тэрэгчин зогсож, мөргөлчдийг ажиглан, хүрээ чиглэх хүн” хүлээнэ. Дорж, ордны хойгуур үргэлжилсэн хашаанаас гарч ирсэн нэгэн өвгөнөөс, манзчинг сураглавал,

-Цаад гэрт чинь байна гэв. Дорж хашааны голд шахам барьсан гэрт орвол хэдэн лам нар бууз чимхэн, том зуухан дээр жигнүүр тавьж, хонины ууц, жимс чихэр дэлгэсэн харагдав. Богдын сангийн их нярав бололтой бүдүүн эр,

-За чи юун хүн бэ? Хамаагүй тэнэж хэсэж явдаг чинь юу билээ гэж омогдов.

-Жаа... Би манзчин гэлэн гуайтай уулзах гэсэн юм гэж Доржийг сүсэглэн хэлэхэд нөгөө нярав,

-За заа зайл. Энд ажилтай байна. Гэлэн гуай чинь хашаанд байгаа байх гэв.

Дорж гэрээс гарч хашаанд хэсэгхэн зогсвол гэрийн хойно түлээ хагалах чимээ гарлаа. Чингээд гэрийн зүүн хаяаг тойртол манзчин гэлэн түлээ хагалж байв.

-Жаа гэлэн гуай, лагшин тунгалаг уу гэж Доржийг лавлахад,

-Дорж хүүгээр юутай вэ? гэлээ.

-Зүгээр шахам явна. Гэхдээ Цагаан ордны тахилч ламба гуайг олж уулзах санаатай.

-Дорж минь. Өнөөдөр түүнийг олохгүй, оллоо ч чамтай уулзах завгүй. Ер нь энэ хавиар эргээд яах вэ? Богдод хүн бараалхаж байгаа. Эндээсээ Цагаан орд руу ч явж магадгүй. Тэгэхээр чи, тахилчтай уулзаж чадахгүй. Их даамал гарч ирвэл муу юм болно гэж манзчин лам Доржийг хөөх шахам хэлэв.

-За тэгвэл ярихаас даа. Тэр гийчин  ирээд удаж байна уу?

-Одоо залрах /явах/ дөхөж байгаа гэж манжчин хэлээд хэсэгхэн түлээ гар дээрээ овоолоод гэр рүү чиглэв.

Дорж, Ногоон ордны баруунтайгуур холуур тойрч, Шаравпилжээлингийн ойр хавийг ажиглах зуур “Пааралван гуайн ярьдаг өнөө дүвчин /хараал зүхэл хийдэг/ лам ирсэн хэрэг байх нь ээ. Чингэвэл өнөө цорж лам бараадаж яваа хэрэг” гэж бодоод Билгийг хөгжүүлэгч сүмийг алгуур тойрч мөргөж байгаа сүсэгтнийг даган алгаа хавсарч маань уншсан царайлж ордыг тойрон гэлдрэв. Дорж ордонг дөрвөн удаа тойрч эргэх зуур ордны зүүнтээ байсан хэдэн тэрэгчнээс бавгар сахалтай нэгэн орос тэрэгчин үлдсэнийг ажив. Тэр тэрэгчний дэргэд хэд хэдэн хүн очсон атал суулгүй буцахыг эргэцүүлбэл ордноос гарч ирэх хүн хүлээсэн шинжтэй. Чухам энэхэн үед Богдын ногоон ордны Баруун даамангаас хэд хэдэн хүмүүс гарч ирснийг ажвал Богдын сойвон донирууд аж. Тэд нэгэн өндөрдүү янхигар биетэй, шар хамбан дээлтэй лам, хүрэн торгон тэрлэгтэй, нарийн бүрх тухлуулан тавьсан дунд зэргийн  нуруутай цагаан царайтай туранхайвтар хүнийг гарган өгч байлаа. Чухам тэрхэн зуур өнөө орос тэрэгчин тэдний зүг эргэв.

Мөргөлчид ордноос гарч ирсэн хүмүүсийг сонирхон зогсох тэрхэн чөлөөнд Дорж самбаачлан гэлдэрсээр тэдэнд ойртов. Хүрэн торгон дээлтэй дөч эргэм насны хар хүнийг /лам биш хүн/ ажвал тэргэнд суухаар жуузны гишгүүр өөд гарахдаа үл мэдэг догонцох шиг, эвгүй байдалтай хөдлөх ажээ.

Дорж, жууз тэрэг, тэрэгчний байр байдал, ламын царай төрхийг сайтар ажиглаад Консулын дэнж орох янзтай шогшуулж, Цагаан хуаранг чиглэсэн тэрэгний хойноос гөлөрсөөр зогсов. Дорж тэр тэрэгний араас ажиглан мөшгөх ямар ч бололцоо байсангүй. Чингээд ордны зүг эргэтэл Доржоос төдий холгүй, манзчин хөгшин хэдэн лам нартай зогсож байв. Тэд гийчнийг сонирхсонгүй. Харин цорж хэргэм хүлээсэн Гандан хийдийн лам Дорлигийг сонжин ажихаар гэрээс гарч ирсэн ажээ. Дорж, манзчин ламын дэргэд хүрч очтол тэрээр нэгэн ламтай яриад төдий л тоосонгүй.

-Дорлиг, цорж болоод гавьсангүй шив дээ. Уг муут угаавч хар гэгчээр цорж хувцас ер зохицсонгүй. Өнөө л бөгтийж, бээцийсэн хэвээрээ, хийморьгүй харагдаад нэг л өнгөгүй байна гэж хажуудах лам нь хэлэв.

-Тиймээ. Хажууд дахь хар хүн нь өнөө Боргын армийн сүрхий цуутай дүвчин биш шив дээ гэж манзчнийг хэлэхэд нөгөөх нь

-Цаг төр цөвтэй байхад хатуу догшин сахиус залахаар нууцаар ирж байгаа хүн, мухар захтай хувцас лай болох байлгүй. Зүүн хүрээ, Гандан хийдийн лам нарыг сонжооч, хүний илүү дутууг гоочлох дуртайг мэдээд тэдний нүдний хорхойг хариулж, хар хувцас өмсөө байлгүй гэтэл манзчин Доржийг ажиглах төдий хараад

-Доржоо! Хүүхээ... Цагаан ордны тахилч лам тэр явж байна гээд манз, цавны хашааны хаалгаар орж яваа нэгэн залуухан ламыг заав.

Дорж, энэ өдөр Богдын ордны хоёр хаалгачтай уулзаад сонирхсон зүйлээ тодруулах сэжим олж аваад оройхон хирд буцаж, Рагчаад болсон байдлыг илтгэв.

-Чи тэр хар хүнийг сайн ажигласан уу?

-Сайн ажсан. Нуруугаар дунд зэргийн, тун шаламгай, хөнгөн шингэн хүн байсан. Гэхдээ баруун хөлөө гишгүүр дээр тавьснаа хоромхон зуур сольж зүүн хөлөөрөө гишгүүр өөд шалмагхан гарч байна билээ.

-Дорлиг Баргын сүмд очсоноо лам нараас зориуд нуухын тулд Хамбын хийд орсон гэдэг цуу тараасныг юу гэж бодож байна даа. 

-Дорлиг Богдын нууц даалгаврыг нэр төртэй биелүүлсэн учраас цорж хэргэм хүртсэн. Энэ эгзгийг далдлахын тул эрдэм чадлаараа мяндагт хүрсэн гэдэг ойлголт төрүүлэх гэж үнэнийг нуусан хэрэг. Нөгөө талаар Дорлиг, Богдтой гурав уулзсан байх ёстой. Харин Баргаас ирээд ажил хэргийн явцыг танилцуулсан тэр уулзалтыг мэдэх хүн алга. Нөгөө талаар Дорлиг ямар хэргээр явсан бэ? гэдэг тодорхойгүй байна. Богдын ордныхны илүү дутууг мэддэг хүмүүсийн ам сургаар бол Автономитыг дахин байгуулах тухай жиг жуг гэлцдэг гэнэ. Пааралван гуайг Жаарай гүн хэлмэрч болгохоор гуйсныг үзвэл Дорлиг, Барга явсан хэрэг бол цагаантны төлөөлөгчөөр дамжуулж японоос тусламж гуйсан хэрэг гэж бодоход хүрч байна.

Рагчаа, Доржийн илтгэлийг сонсоод Цагаан ордны тахилч залуу ламтай уулзаж, ажиглалт хийх боломж байгааг эргэцүүлэн бодож суутал гаднаас Нацаг орж ирлээ.

-Доржоо! Маргааш өглөө цуглана шүү. Нөгөө талаар Дорлигийн гэр хашааг хаана байдгийг мэдэх, хотын тэрэгчингүүдээс орос тэрэгчингийн хашаа байшинг хаана байдгийг өнөөдөр тогтоох хэрэгтэй гэхэд Дорж даргын даалгаврыг гүйцэтгэхээр явлаа. Рагчаа, Доржийн санамсаргүй тохиолдол, Пааралвангийн сэтгэгдлийг Нацагт ярьж өгтөл,

-Хүрээний нууц хүн эхлээд Далайн гийчин болж, Дорлигтой уулзах өдрөө хүлээж, хоёр хоног унтсан нь царайгаа хувилгаж зүс буруулах гэсэн хэрэг. Тэгээд Дорлиг цоржтой уулзаж амжсан төдийгүй Богдод бараалхах өдрөө хүлээхдээ хань хамсаатнаа зүгээр суулгаагүй, Хүрээнд ухуулах хуудас наалгах ажилд томилсон байна. Ер нь бүх баримтуудыг тунгаавал ухуулах хуудасны эздүүд Консулын дэнжийн эмийн санд бүгсэн төдийгүй, Гакамокугийн уулзах хурандаа ч тэнд байх талтай. Эцэст нь хэлэхэд эд нэг хүн! Бүр тодорхой хэлбэл “хүрээний нууц хүн” байна гэлээ.

-Би тэгэж бодож байна. Бидэнд тодорхой болсон баримтаар бол хүрээний нууц хүн, Японы тагнуулын газраас бэлтгэсэн мэргэжлийн тагнуулч болох нь илэрхий төдийгүй тэдний хамсаатнуудын зарим нь тодорхой болсон боловч эдний зорилго нь нууц хэвээрээ байна. Тиймээс эдний цэрэг, улс төрийн зорилтыг яг тодорхойлох нь чухал. Нөгөөтэйгүүр чи, Яндагийн хэргийг унш. Гакамоку гэдэг нэрийн учир утга гарч болох талтай. Тиймээс Зундуйтай сайн ярилц. Зундуйтай хамаагүй уулзаж болохгүй. Өнөө шөнө ирнэ, тэр үед ярилц. Түүнээс өмнө Яндагийн хэргийг уншиж танилц гэлээ.

*    *    *

 

Нацаг, Яндагийн хэргийг Рагчаагаас аваад өрөөндөө орж ирснээс хойш толгой өндийлгөсөнгүй,

...Яндаг, гүн Цэрэн гэдэг хүний  түлхээсээр Японы тагнуул Озакурагийн гарт нэлээн лавхан орсон байлаа. Озакура, Хүрээнээс явахдаа хэзээ нэг цагт ирэх холбоочин, өөрийнхөө төлөөний хүмүүстэй уулзах нууц дохио, түлхүүр, харилцах арга замын тухай заавар өгчээ. Харин Яндаг, ерийн хулгайч нартай ороолдож тэдний гарт үрэгдэхийн өмнө өөрийн тухай төрсөн дүүдээ нарийн ярьж хэлж өгчээ. Нацаг, Яндагийн хэргийг уншиж танилцахдаа Озакурагийн төлөөний хүн зураач, сар бүрийн хоёр дахь, дөрөв дэх долоо хоногийн пүрэв гаригт дурдсаны гуанзны тэмдэгтэй нэгэн ширээнд суудаг Яндагийг олж уулзах ёстой байсныг ихэд анхаарав.

-Сар бүрийн хоёр дахь, дөрөв дэх долоо хоногийн пүрэв гариг... зураач... гэж бодож суухдаа уржигдар даргаасаа сонссон мэдээ санаанд нь орлоо. Нацаг даргынхаа хэлсэн бүхнийг дэс дараалан бодсоор “Цагаантны хурандаатай, Гакамоку хэмээх нууц нэртэй төлөөний түшмэл” гэснээ нууцынхаа авдраас хятад, япон хэлний тайлбар толь авч үзэв. Тэгээд дөрөв хоног бодоод олоогүй “Гакамоку” гэдгийг уулзах хүмүүсийн болзоот дохио болохыг мэдсэн Нацаг мухардмал, ацан шалааны зангилааг олсондоо баярлан, даргадаа илтгэхээр утсаа авч залгагчтай ярив. Чингэтэл удаж төдөлгүй Рагчаагийн намуун, тогтуухан дуу утасны чагнуурт сонсогдов.

-Би Нацаг байна аа. Гакамоку гэдэг үгний учрыг оллоо. Японоор зураач гэхийг Гака. Долоо хоногийн пүрэв гаригийг Моку ёо би гэдэг юм гэж Нацагийг хэлтэл Рагчаа,

-Наадах чинь Яндагийн хүлээсэн хүн байх нь ээ гэж асуув.

-Мөнөөр барах уу? Тэгэхдээ холбоочин биш. Харин Озакурагийн төлөөний хүн байх нь ээ.

-Ухай. Тэгвэл “Арван хоёр дахь шүрэн толгой” байх нь ээ! Нацагаа! Цагийн дараа хуралтай. Нөгөө талаар Дотоодыг хамгаалах газрыг байгуулах тухай Намын Төв Хороонд оруулах айлтгалыг шаардаж байна. Тэгэхээр ирэхдээ дүрэм, айлтгал хоёрыг авчраарай.

-Хуулаагүй. Эхээрээ байгаа гэж Нацагийг сулхан хэлтэл Рагчаа,

-Би бичээч дуудуулчихсан. Хурлын хоорондуур амжаад хуулчих байх гэхэд Нацаг

-Тэгье. Би ч бэлэн болгочихсон гээд харилцуураа тавив.

Нацаг, даргынхаа тогтоосон цагаас нэлээн өмнө Рагчаагийн өрөөнд орлоо. Рагчаа, Нацагийн засан боловсруулсан дүрэм, айлтгалын гар эхийг уншиж, зарим өгүүлбэрийн найруулгыг засаад, дахин уншсанаа,

-Одоо ингээд хуулуулчихвал болно. Тэгээд жанжинд танилцуулъя гээд ширээн дээр тавьснаа яриагаа үргэлжлүүлэв.

-Ардын нам, Ардын засаг төрийг унагахыг эрмэлзсэн хорлон сүйтгэх ажиллагааг удирдаж байгаа гурван төвийн нэг бол Харбин дахь “Оросыг төвхнүүлэх нийгэмлэг” юм. Японы шууд тусламжтайгаар Семеновын энэ байгууллагын дэргэд байдаг тагнуулын газрыг япон зөвлөх Озакура удирддаг байна. Оказура монголд олон жил суурьшсан бөгөөд Богдтой маш дотно холбоотой байжээ. Ардын журамт цэргийн хүрээнд ирэхээс долоо хоногийн өмнө Озакура, Харбиныг бараадсан ажээ. Нөгөө нэг төв нь Хайлаарт байгаа “Барга-Монголын хэргийг эрхлэх яам” билээ. Энэ яаманд Чжан-золингийнхны удирдамжаар байгуулсан “Цэрэг, улс төрийн хяналтын товчоо” гэдэг тагнуулын байгууллага байдаг. Энд ажилладаг мэргэжилтнүүдийн дунд Чжан-золингаас өрсөж, Зүүн умард хятадыг захирч өөрөө эзэмшихийг мэрийсэн Упэй-фугийн нууц хүмүүс цөөнгүй байгаа. Сүүлийн төв нь Чуулалт хаалганд суудаг Америкийн консулын дэргэд байгуулагдсан хэсэг юм. Энэ хэсэг нь Манжуурын төмөр замыг нийтэчлэх гэсэн НОКС-ын төлөвлөгөө, Жанчхүүд байсан Стрейтын боловсруулсан “Алс дорнодод Америкийн эдийн засгийн хяналт тавих төлөвлөгөөнд” үндэслэсэн “Хүрээ Жанчхүүгийн чийчаан тэрэгний асуудал” эрхэлсэн ноён Сокобины удирдлагаар ажиллаж байгаа юм. Энэ байгууллагын төлөөлөгч хоёр хоногийн өмнө Хүрээнд ирсэн байна. Энэ төлөөлөгчийн үйл ажиллагааг хянах хэрэгтэй. Харин хэнд энэ үүргийг өгвөл дээр вэ? гэж асуулаа.

-Харин аа! Авир одоохондоо... гэтэл Рагчаа

-Авирт сүрхий ажил оногдож байгаа. Цагаан ордны тахилчийн дэргэд ажиллуулж, Доржийг Дорлиг, гүнгийн хашаа байшинд тавих хяналтанд оролцуулна гэхэд Нацаг уул үүрэг өөрт нь давхар оногдож байгааг гадарлав. Энэ үед гаднаас Рагчаагийн дуудсан Дорж, Авир, Бат нар орж ирлээ. Рагчаа, хүмүүсээ ажилд хуваарилж, цаашдын ажиллагааг хэрхэн гүйцэтгэх төлөвлөгөөгөө өөрийн ажилнуудтай ярилцахын өмнө Чуулалт хаалганы төвийнхөнд холбогдох зарим баримтуудыг Нацагт өгөөд яриагаа эхлэв. Рагчаа, ярианы хоорондуур манай орны эсрэг чиглэсэн хуйвалдааны төвийн талаар ярилаа.

-Хүрээний хүн, Чуулалт хаалганд байгаа Америкийн консулын толгойлж буй хуйвалдаантай холбоогүй юм. Учир нь энэ төвийн төлөөлөгч Джек Гарриман гэдэг хүн “Интернейшнэл корпорейшин-олон улсын хоршоолол” хэмээх санхүүгийн томоохон байгууллагын төлөөлөгч гэдэг нэрийдлээр Хүрээнд ирээд одоо германы худалдаачдын “ВОСТОВАГ” пүүс, “Америкийн Джозеф Ульманы хувь нийлүүлсэн нийгэмлэг”, “Британ-америкийн тамхины хоршсон пүүсийнхэнтэй өр зээлийн талаар ярилцаж байгаа нэртэй байна. Гэтэл Гарриман үнэн хэрэг дээрээ “Хүрээ-Жанчхүүгийн хооронд байгуулах чийчаан тэрэгний хоршоонд” хувь нийлүүлэх хэрэгт тэдгээр пүүсийг татан оруулах ажлыг зохион байгуулах ёстой юм. Ноён Гарриманы ажиллагаатай холбогдох арга хэмжээг боловсруулж байгаа. Та нарт маргааш нөгөөдрөөс тодорхой болно. Одоо хамгийн чухал зорилт бол “хүрээний нууц хүн” энэ хэний даалгавраар ирсэн нь тодорхой. Ямар зорилготой вэ? гэдэг хараахан тодорхой бус байна. Нууц хүн өөрийн ажиллагаатай уялдсан бэлтгэл ажлаа амжуулж дөнгөсөн нь илэрхий. Тиймээс Консулын дэнж, Дорлиг цорж, Цэрэн гүнгийн хашаанд тавих хяналтыг эрчимжүүлэхтэй...

Хүрээний нууц хүний үйл ажиллагааг хянах “Танихгүй танил” гэж товлосон билээ. Үнэндээ Хүрээнд ажиллаж байгаа гадаадын тагнуулын байгууллагын төлөөлөгчид, Нацагт нилээн тодорхой боловч ёстой нүүр учраагүй танилууд байлаа. Нацаг, цэмбэн бүтээлэгтэй ширээн дээр тавьсан мэдээг харж Америкийн консулын ажиллагааг эрэгцүүлэн бодно. Тэр нь олон жилийн сурвалжтай ажээ.

...”Америкчууд бүр 1910 онд манайх руу хараа сунгасан. Тэд өөрийнхөө тагнуулын баримтанд түшиглэж монголын түүхий эдийг европын зах зээл дээр гаргахын тулд эхлээд Хаант орос, хятад хоёрыг урдаа барьсан түүхтэй! Америкчууд хятадад ноёрхлоо тогтоохоос өмнө хятадуудаар манай орны гүн рүү төмөр зам тавиулахыг мэрийхдээ нэрт тагнуулч, дипломатч Рокхилын төлөвлөгөөг баримталж байсан. Харин одоо америкчууд тэр уламжлалт төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх шинэ хувилбар хийхдээ “Хүрээ-Жанчхүүгийн чийчаан тэрэгний замаар” сольж, хоршоолол байгуулах нүх сүв гаргахыг хичээх болжээ. Тиймээс Чуулалт хаалган дахь Америкийн консул Сокобин, Гарриманыг хүрээнд илгээсэн юм...

Чжан-золингийнхонд зүүн хязгаарын хэдэн толгой феодалууд захиа илгээж тусламж гуйсныг “Барга-монголын яам” дамжуулсан боловч нэг жилдээ тусламж өгч чадахгүй болсныг...” сэтгэлдээ тунгаах зуур даргынхаа ярианаас анхаарлаа сарниулсангүй.

-Хүрээний нууц хүн Озакурагийн удирдамжаар яваа бол юуны өмнө Яндагийг сураглах ёстой. Яндагийг олох ганц арга бол Цэрэн гүнгийн охин Жаргал юм. Тиймээс Жаргалыг олж түүний амь бие, амьдралыг хамгаалах хэрэгтэй! Жаргал бол амьдралд итгэхээ больсон сүсэгтэй залуу эмэгтэй. Тийм залуу хүнийг үзэл суртал, ёс суртахууны хоцрогдлоос ангижруулж шинэ хүн болгон хүмүүжүүлэх нь бидний бас нэг эрхэм зорилт. Тиймээс түүнд амьд явахын учир утга, хүн болж төрсөн гавьяа зүтгэл нь эх орон, ард түмэнтэй салшгүй холбоотой гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Нөгөө талаар дайснуудад сэжиг авахуулж болохгүй! Тагнуулын хорлон сүйтгэх ажиллагаатай тэмцэнэ гэдэг бол нэг өвөрмөц байлдаан юм. Энэ байлдаанд хохирол үзэж ялах уу? Ямар ч гарзгүйгээр ялах уу? гэдэг бол та нарын ажиллагаа, сонор соргогоос шалтгаална. Япон, цагаантны түлхээсээр яваа нууц хүн Богдын ордноос холбоо таслахгүй. Хувьсгалын эсрэг хандсан ямар ч явуулга Богдын оролцоогүйгээр өнгөрөхгүйг гоц анхаарах хэрэгтэй! Тиймээс энэ хэргийн нэг үзүүр Богдын ордноос амархан олдсон. Одоо сэжмийг нарийвчлан тогтоохыг Авирт даалгая гэж бодож байна гэхэд дөнгөж арван долоон настай намхан нуруутай, туранхайвтар гонзгой царайтай Авирын нүүр улайв.

 

Дөрөв

 

Хоргой тоорцог хажуулдуулсхийн тавьж, тэвхгэр энгэр рүүгээ ягаан цацаг унжуулсан, дөнгөж хорь шүргэж яваа нэг бүсгүй, мөргөлчдийн дундуур  орж алхсаар Гандангийн Дашчойпил дацангаас холдож, тэгчинлингийн хашааг чиглэв. Энэ бүсгүйг Жаргал гэнэ. Тэрээр дугуй хээтэй, урт хормойтой элгэн хүрэн тэрлэг өмссөн нь угийн гуалиг, тэгш биенд нэн зохиж, намба төрхийг төгс болгожээ.

Жаргалын эцэг гүн Цэрэн Автономитын Гадаад яамнаа дээгүүр алба хаадаг болохоор ганц охиноо хэнээс ч дутуугүй өсгөжээ. Харин Ардын засаг Хүрээнд ирснээс хойш гүнгийн сэтгэл санаа тогтворгүй болжээ. Тэгээд нэг өдөр охиндоо “Аав нь Барга руу явлаа. Энэ толгой мөрөн дээр байсан цагт Ардын засгаас хишиг горилохгүй. Чадвал өөрөө ирнэ. Эс ирвэл хүн явуулна” гээд ор сураггүй алга болжээ. Эх нь арваад жилийн өмнө зуурдаар өөд болсон боловч тансаг амьдралд дураар өссөн Жаргал, гэдэс өлсөж мөр улайхын зовлонг үзээгүй. Харин хань ижилгүй гуа бүсгүй эцгийгээ сураггүй болсон жил шахмын дотор их юм үзжээ. Жаргал уйдаж, ганцаардахын аюулыг сэтгэл зүрхээрээ мэдэрч шаналсан тэр үедээ Дархан вангийн хорооноо суудаг нэгэн баяны хүүтэй танилцав. Тэгээд ч Жаргал, хөнгөн хийсвэр сэтгэлийн увьдаснаа урхидуулж, Хүрээ хотын хөл үймээнтэй газрын босгыг алхан нэгэн хэсэгтээ наргиж цэнгэхээс өөр ухаан бодол сэтгэл санаанд төрсөнгүй. Тэгээд өнөө залуугийнхаа  уян зөөлөн ааш, уруул цорвойж гувшсан халуун үгэнд итгэж, хал үзээгүй Жаргалын зүрх сэтгэл уярч даслаа. Жаргал, тулаад авах ураг садан, түших эх эцэггүй болохоор амьдралд тулгамдсан үедээ хань ижлийн түшиг, хайр халамжийг үгүйлэн мөрөөддөг. Чухамхүү хань ижлээ олохын тэр хүслэнд захирагддаг эмэгтэй хүний хувь тавилан Жаргалын догшин, сэтгэлийг эзэмдэх болсноо ухаарах тусам Бандийг өөрийн эрхгүй санан мөрөөднө.

Жаргал өнгөрсөн Цагаан сараар, сэтгэлд хоногшсон Бандийг гэртээ урьсан билээ. Жаргал, Бандийг найрсаг дотно угтаж идээ барьж хоол хийж өгөөд ширээн дээр байсан жижгэвтэр мөнгөн аяганд лүүтэй хятад хар архинаас хийж дүүргээд барьтал тэрээр бас нэг аяганд архи дүүргэж Жаргалд өгөөд хөөр хөгжилтэй инээмсэглэсээр,

-Нэг нас нэмсний баяр гэлээ.

-Багадаа нас нэмлээ гэж их хөөрч омоотдогсон. Харин хүн, нэг насаар хөгширлөө гэж баярлах уу даа гээд мөнгөн аягатай архиа тулгаж, амсаад тавих гэтэл Банди аргадангуй зөөлөн аашаар Жаргалыг шахлаа. Жаргал, онгон сэтгэлийн хайрын очийг цогшуулсан Бандийнхаа сэтгэлийг бодож, бэлэгшээн баярласандаа мөнгөн аягантай архийг гудиггүй залгилаад хэсэг дуугүй сууснаа орны толгойд тавьсан шанзаа авч дуу аяллаа. Чингэж эхэлсэн зочлолт үргэлжлэх тусам Жаргалын улалзсан янаг амрагийн оч дөлшсөөр хайр сэтгэлийн эрчээр зүрх сэтгэлийг догдлуулж байлаа.

Жаргал хөөрч баярласан сэтгэлийн эрхээр Бандид ойртон суугаад хааяа мөнгөн аягатай архинаас залгилж Бандитай дарвиад гуниг, уйтгаргүй цээл хоолойгоор эвлэгхэн дуулж суухдаа шанзныхаа цохиурыг газар унагаад савх шиг нарийн хуруугаар хивсэн дэвсгэрээ тэмтчихдээ явган сандал дээр үл мэдэг займчлаа. Банди шанзны цохиурыг авч өгөөд  Жаргалын мөрнөөс хоёр гараараа тэвэрч өөртөө ойртуулаад чихэнд,

-Жаргал аа! Оройтож орхилоо. Би явах уу даа гэж шивнэтэл эр хүний халуун амьсгал Жаргалын хацрыг төөнөх шиг болж сэтгэл уяран эвтэйхэн санагдах ажээ.

-Хоноод яв! Би алийн болгон ханхай гэрт ганцаараа хонох вэ? Бүүр залхаж гүйцлээ гэж хэлээд ганцаардахын зовлонг илэрхийлэх гэсэн шиг халамцхан нүдээ жоотийлгон инээмсэглээд  суудлаас өндийж гэрийн баруун хаяанд байгаа эцгийнхээ орыг заслаа. Банди Жаргалын зассан орон дээр хажуултал Жаргал бурхандаа мөргөөд, зулынхаа тосыг сэлбэж бадраагаад, шалны өрөн дээр байгаа асаалттай лааг унтраалаа. Жаргал үл мэдэг гуйвсаар зүүн талын орыг засаж хучлагандаа орохыг зулын сүүмгэр гэрэлд ажиж хэвтсэн Банди бие сэтгэлийг эзэмдсэн далдын нэгэн бодолд захирагдсанаа ухаарч шүүрс алдана.

-Банди аа! Чи унтчихав уу? гэж асуусан Жаргалын дууг сонсоод далдын эмзэгтэйхэн хүсэлд умбасан Банди догдолсон сэтгэлээ барьж нэрэлхүү зангаар  өөрийгөө тайвшруулахыг хичээгээд,

-Унтаагүй.  Юу гээ вэ? гэж асуулаа.

-Зүгээр, миний нойр хүрэхгүй нь. Ядаж манайх сайн давхарлаагүй болохоор гэр маань зэвийгээд хүйтэн хонох нь. Манайх ер нь хүйтэн байгаа биз.

-Нэлээн зэврүүн байна шүү.

-Чи бид хоёр яриандаа болоод пийшингээ хөргөчихлөө. Даарч байгаа бол наашаа ирэхгүй юу гэж хэлсэн Жаргал хэвтрээсээ өндийж байгаа Бандийн барааг зулын бүүдгэр гэрэлд хараад “Пөөх яана аа! Өнөөх чинь босоод ирлээ. Яасан ичдэггүй юм бэ? Би ёстой маанаг байх аа! Яах гэж дуудав аа. Согтуугийн хар гай” гэж бодохдоо хажуугаараа орж хэвтсэн Бандид зай тавьж өгснөө ухаарсангүй. Жаргал зүрхээ түргэн цохилохыг мэдээд “Дэмий юм боллоо шүү. Орноосоо түлхээд босгочих уу” гэж бодсон боловч сэтгэлийн чанадад үл ойлгогдох хий юм түүнийг далдаас тухирч байгааг гадарлав. Чингэтэл Бандийн халуун амьсгал, нимгэн уруулын зөөлөн хөрсийг төөнөн чимчигнүүлэх шиг болж, хамаг бие нь халуу шатах шиг санагдана. Жаргал бие сэтгэлийг түгшээж, цочроосон тэр үл мэдэгдэх сэрлийг номхруулахыг хичээхдээ арайхийж,

-Бандиа! Чи намайг зовоолгүй унтаарай гэж хэлээд Бандийг түлхчихмээр санагдаж бүх бие нь арзганах шиг болжээ.

-За, за. Харин нойрондоо хучлагыг чинь булаачихвал чимхэж болохгүй шүү гэж Бандийг хэлэхэд үгний цаад учрыг үл гадарласан Жаргалын сэтгэлийн болгоомжлол сарнин тайвшрах тийшээ хандсан байлаа. Тэгээд Жаргал,

-Бадиа! Чи гараа эвтэйхэн болгооч. Наад тохой чинь яасан хатуу юм бэ? гээд өөрийнхөө цээжинд зөрүүлсэн Бандийн гарыг тохойгоороо ёвроод жинтүүнээс толгойгоо хөндийрүүлэв. Банди, Жаргалын хүзүүн доогуур гараа оруулж тавьтал тэрээр хацраа цээжинд нь нааж, биеэ үл мэдэг займчуулаад сэтгэлд үл ойлгогдох далдын хүсэлд хөтлөгдсөний тэмдэг болгох гэсэн шиг нимгэн уруулаа Бандийн хацарт хүргэжээ. Чингээд хоёр биений халуун илчинд хүйтэн гэрийн жихүүн жаврыг анзааралгүй унтсан Жаргал өглөө орноос өндийж, орны хөлд байгаа дээлээ авахдаа мунаар цохиулж ухаан балартсан сарлагийн хайнаг шиг хөдөлгөөнгүй хэвтээ Бандийг хараад “Яаж нүүрийг нь харна аа! Ингээд хүний эхнэр болчих хэрэг үү” гэж бодоод гайхсандаа хэсэг зуур хөдөлгөөнгүй суулаа. Харин тэр өглөөнөөс хойш Жаргал, Бандийн барааг харалгүй сар гаран болоход садар самуун хүслийг жаргал болгож явдаг шалиг эрсийн хөл алдан гүйж, хөрөнгө чинээгээр найр тавин нялганаж, үнэг шиг шарвалздаг шидийг бүрэн ойлгожээ. Чингээд хайр дурлал, зуурдын сэтгэл хоёр хоорондоо өдөр шөнө шиг ялгаатай байдаг мөн чанарыг ухаарлаа. Зуурдын сэтгэлийг амархан илчилдэг тэр нэг эгзэгтэй онцлог, хань ижлээ мөрөөдсөн бүсгүй хүнд хайр дурлал мэтээр ойлгогддог жам мөртэй атлаа эцсийн эцэст үзэн ядахын жигшил болдог тавилантай ажээ. Өөртөө мэдэгдэлгүй явсан онгон хайр сэтгэлээ,  бие сэтгэлийнхээ хүслийн дөлөнд төөнүүлсэн эмзэг мөрөөдлөөс ялгахыг умартвал эцэстээ амьдралд хар толбо болон үлддэг учир утгыг гадарласан Жаргал, сэтгэл санааны гутралд умбан нэг хэсэгтээ гэрийн мухраас толгой цухуйлгасангүй. Тэгээд ойрын үед Гандан хүрээ эргэж хийморийн сан тавиулж, хойдын буян заяаг бурханд даатгах болжээ. Жаргал, сэтгэлийн шаналгааг мэдрэх тусмаа түүнийг хүний нүдэнд илчлэхгүйг хичээж, зориуд инээж явдаг. Энэ учрыг таван хуруу шигээ мэддэг Дорлиг, гандантэгчилэнгийн хашааны явган хаалгаар орж яваа Жаргалын араас ширтэн зогссоноо шавиа дуудаад,

-Зурагчин ирвэл тэр эгчийгээ зааж өгөөрэй гээд гудамж уруудан гэлдэрсээр Зоогойн ламын хашааг тойрч хойшлоод хашаагаа чиглэхэд арван гурав орчим насны банди Гандантэгчилэнгийн хашааг чиглэн чавхдан гүйлээ.

Дорлиг хашааны хаалга хүрч түгжээний сурыг татах зуур гудамж хянамгайлан харлаа. Нэлээн зайдуухан буй нэг хаалганы вандан дээр суусан нэг банди наранд биеэ ээсэн янзтай нүд анин уруулаа өмөлзүүлж маани унших ажээ. Дорлиг хашаандаа орж газар шигтгэсэн чулуун зам даган сажлахдаа “Дашчойпилийн ламынд юун банди ирсэн юм бол! Дүүгийн нь хүү, Зүүн хүрээнд шавилдаг гэсэн тэр нь юм байх даа” гэж бодсоор зуныхаа байшинд оржээ. Дорлиг жижиг өрөөний хоймор залсан бурхан, тахилын хүрдийг эргүүлж, хажуугийн ханыг тогштол тэр хана алгуур нээгдэж Очир нууц өрөөнөөс гарч ирлээ. Тэрээр орос хийцтэй цамц өмсөж, хар өнгийн урт шалбуур өмд навсгануулсан ажээ. Дорлиг, Очирыг гайхсан төдий хараад,

-Өнөө хүүхэн тэгчилэнгийн дуганд байгаа. Одоо хурал гадаалах дөхөж байна гэж хэлэхэд Очир толгой дохисноо,

-Гудамжаар ямаршуухан байна гэж лавлана.

-Нам жив шив дээ гэж Дорлигийг хариулахад Очир гүйлгээ ханаа татаж хаагаад ширээ рүүгээ эргэж толины өмнө очиж зогслоо. Очирын гол үүргийн нэг бол Яндагийг олж танилцаад шалгахад найдвартай бол Сүхбаатарыг хорлох даалгавар өгч хянах ёстой. Гэтэл Яндаг хувиа бодсон хулгайн шалихгүй хэргээр амиа алджээ. Очир үүнийг мэдээд Лихачевоор хянуулж, Дорлигийн гаргасан сураг ажгийн ул мөртэй тулгахад ямарч сэжиг гарсангүй. Харин Хүрээнд гардаг орос сониныхон, есөн жорын хэрэг төвгийг өчүүхэн анир чимээгээр мэдээд гайхалтай шуугиан дэгдээдэг зуршилтай мөртлөө Яндагийн бүлэг хулгайн талаар ганц үггүй өнгөрсөн нь сэжигтэй. Яндагийг хэрхсэнийг мэдэх ганц боломж байгаа боловч түүний дүү Зундуй Цэргийн яамнаа бичээчээр ажилладаг тул мэргэжлийн тагнуулч хүнд, түүнтэй уулзах нь цээртэй.

Очир, Цэрэн гүнгийн охинг олж Зундуйн сүүдэр болгож тавих арга зам бодлоо. Очир, Жаргалтай яриа тохирохгүй тийшээ хандвал түүнийг устгах хоёр нүх гаргалаа. Жаргал Зунтуйтай холбоо тогтоож чадвал хэрэг явдлаа гүйцсэний дараа Жаргалыг цааш харуулж гэрт нь хутгаа үлдээх ёстой. Чингээд Зундуйг өглөө ажилдаа очихоос өмнө Дорлигийн бандийг явуулж “хурдан ир. Яаралтай уулзах хэрэг гарлаа. Жаргал” гэсэн бичиг өгүүлэх юм. Зундуй тэр бичгийг аваад Жаргалынд ирж гэрт нь ороход Дорлигийн бэлдсэн лам, хар хүн араас нь  орж Зундуйг хүн амины хэрэгт түлхэх ёстой. Тэр хоёр өчиг өгөхдөө “Эмэгтэй хүний тэвдэж бачимдсан дуу сонсдогдохоор нь гэрт орсон” гэж мэдүүлж гэрчлэх ёстой байлаа. Очир толинд царайгаа харж, шанаагаа илж ийнхүү бодсоор,

-Танихгүй танилтайгаа хадаггүй золгохоос... Гүнгийн охин хулгайн мад өрчих адтай шулам бол яана. Одоо очиход өчүүхэн өө сэв гарвал дараа дахиж уулзана гэж молигодоод бодийг нь хөтлөх юм гэж өөртөө шивнээд ширээн дээрх чемоданаас хиймэл сахал авлаа. Чингээд хоромхон зуур Улиастайн худалдаачны хүү Говориловын дүрд хувилж, хүзүүнээсээ зургийн аппарат санжигануулан, франц бүрх духуулсхийж тавиад Дорлигийг дагасаар хашаанаас гарлаа. Очир, гудамжинд сууж нүдээ анин маани уншсан нэг бандийн дэргэдүүр өнгөрч Жанрайсэгийг чиглэн алхлаа. Тэрээр жирийн сүсэгтний дундуур холхихдоо хэд хэдэн зураг дараад тэгчинлингийн хашаанд орж сангийн бойпор, чулуун арслангийн хийцийг сонирхоод зогсож байтал хурал гадаалж, дуганаас үерийн ус шиг цувсан мөргөлчдийн дундаас Жаргалын барааг олж харжээ.

Зуувандуу гонзгой царайндаа ширвээ сахал тавьж дэгжирхсэн орос зурагчин, Жаргалын урдуур хөндөлдөн зургийг нь авах гэхэд Жаргал хүмүүсээс ичингүүрч зайлсхийхийг мэрийтэл нэг жаахан банди ирээд,

-Эгчээ хоёулаа патиардуулъя гээд хормойлдохоор нь яаж ч чадсангүй. Тэр зурагчин самбаачилж Жаргалын зургийг дарсандаа баярласан янзтай инээж, нүд ирмэн маасганахад Жаргал ширэв татан хялалзав.  Тэгээд нүүр өгөлгүй цаашлахдаа “Нойтон хамуу шиг өгөр чинь салахгүй нь ээ! Ямар гай вэ?” гэж бодоод зам буруулахыг хичээж Гандангийн зүүн хүр рүү гэлдэрлээ. Орос зурагчин Жаргалыг бараадан хэдэн алхмын зайтай явсаар хятад өргөн чөлөө хүрлээ. Чингэтэл зүүнээсээ ирж яваа нэг тэрэгчнийг харсан Жаргал баярлан түүнийг тосон очвол сахал самбаандаа дарагдсан бавгар орос байсанд гайхжээ.  Жаргал зурагчингаас салахын эрхэнд жуузны хаалгаар орж суунгуут,

-Усны гудамж гэж хэлээд жуузны суудлын арын шилэн цонхоор гэдэргээ харвал зурагчин орос гараа сарвалзуулан үлдэхийг хараад “Мөн саваагүй амьтан аа! Би ер нь юу болчихоо вэ? Ёстой бандадын зайнд орж эрийн даллага авсан юм шиг савхийвэл шалиг эрсийн нүдэнд өртөөд байдаг боллоо. Тэгэхдээ заавал оросууд шүү. Урджигдар нэг худалдаачин байрын согтуу орос ээрч дагаад үйл тамыг минь барсан. Бас энэ тэрэгчин орос байдаг ч юу билээ. Лам нарын хараал хүрч бандадын зайнд өртсөн бүсгүй хүнээс долоон шидийн амьтан салдаггүй гэсэн. Маргааш хийморийн сан тавиулж, ойрноос жасаагаа уншуулж даллага авахуулъя” гэж бодсоор яваад хашааныхаа ойролцоо ирснийг мэдээд жууз тэрэгний шилийг тогшиж,

-Тэрэгчин гуай! Зогсоорой. Энд бууна гэлээ.

Жаргал гэртээ орж ирснээс хойш сэтгэл тавгүй. Өнгөрсөн элий балай бүхэн сэтгэлд бууж, айж гайхахын эрхэнд бүр алмайрч мухардаад орон дээрээ хажуулж таг унтжээ. Гэтэл нойрон дунд хаалга цохих чимээг сонсоод дэрэн дороос шүдэнзээ авч лаагаа асаагаад,

-Юун хүн бэ? гэж эв хавгүй асууснаа: -Хэн бэ? гэлээ.

-Цэрэн гүнгийнх мөн үү? гэж хаалганы цаанаас хэлэхийг  сонсоод,

-Мөн. Юү гээ вэ? гэж лавлан асуулаа.

-Жаргалаа! Хаалгаа тайл. Аав чинь намайг уулзаад ир гэсэн юм гэхэд Жаргал үүдний дэргэд очиж оньсыг мулталтал гаднаас нэг хүн орж ирлээ.

-Яасан орой ирдэг хүн бэ? гэж амандаа шивнэсэн Жаргал лаагаа өөдлүүлж орж ирсэн хүнийг ажсанаа орос хувцасаар нь өдрийн зурагчин болохыг мэдээд гэрийн хоймор өөд ухарлаа.

-Жаргалаа айх хэрэггүй. Цүг түгшүүртэй үед эцгийн чинь захиаг авчрах гэж хөглөж явна гэж халхаар хэллээ. Жаргал эцгийнхээ захиаг аваад ор өөдөө эргэтэл шөнийн айлчин баруун хаяаны орон дээр очиж суулаа. Жаргал захиаг задалж нүд гүйлгэн уншвал “...Охин минь удам угсаа нэр төрөөрөө доромжлуулсан хөгшин эцгээ бодож сэтгэлийн цөхрөл, гомдлыг Ардын засгаас авахыг хичээгтүн. Тиймээс энэ хүнд бүх талаар тус болж үзээрэй. Чамайг Хөх хотын зурагчинтай ирнэ гэж найдаад ирэх улирлын сайныг бодож охинтойгоо золгохын өлзий дэмбэрэлийг хүлээн ядсан эцэг чинь хичээнгүйлэн илгээлээ. Цэрэн” гэж зурсан гарын үсгийг үзээд эцгийнхээ бичгийн хэлбэр, галбирыг танилаа.

-Аавын чинь бичиг мөн байгаа биз гэж зурагчин асуухад Жаргал,

-Та Хүрээнд удах уу гэж асуулаа.

-Их удахгүй санаатай. Харин чамаас нэг хүний сураг лавламаар байна.

-За бололгүй дээ. Харин таних юм болов уу?

-За яамай даа. Бид хоёр үг хэлээ ойлгох нь бололтой. Чи танина. Цэргийн яамны Зундуй. Түүний ах Яндаг яаж өөд болсон бэ?

-Аа мэдэхгүй. Нэг хэсэг нь цагдаад буудуулсан гэдэг. Гэтэл зарим нь Зүүн хүрээний сангаа жасыг Сатарт бүлүүлсэн гэдэг юм.

-Ойрын үед Зундуйтай ойртож, Яндаг, Сатарт алуулсан эсэхийг сураглаж  өгвөл зүгээр байна гэж зурагчинг хэлэхэд Жаргал битүү үгний далд санааг гадарлаад, ганц бие амьдарч байгааг нь далимдуулах гэсэн бодлыг мэдээд сэтгэлийн эмзэг шарх хөндөгдөн уур омогтоо шатаж,

-Багашигхан даажигнаарай. Би эр татаж чангааж үзээгүй хүн гэж шазруухан хэлтэл зурагчин, мөчөөгөө алдахгүйг мэрийж,

-Та нар хуучны танилууд шүү гэлээ.

-Яндаг аав хоёр хүзүү сээрээ холбож байснаас би Зундуйтай бөгс бөөрөө нийлүүлж яваагүй.

-Жаргал аа! Хэгжүүн зан хэнд хэрэгтэй вэ? Үүнийг бодоорой. Яндаг, гүнтэн хоёр Бароны нууц туршуул! Үнэндээ Ардын засаг үүнийг мэдвэл чамайг зүгээр өнгөрөөхгүй. Эх нь шийр алаг бол унага нь хээр алаг гэдэг.

-Ямар ч гэсэн тэр Зундуйтай чинь навсаганахгүй. Тэгж ч сураагүй.

-Жаргал аа! Эцэг чинь манайд барьцаанд бий. Миний хэлснээр Зундуйтай ойрын хугацаанд танилцаж, биедээ дасгаад надтай уулзуулахгүй бол эцгийн чинь амь насанд халтай гэдгийг мэдээрэй. Зундуйг надтай уулзуулна гэдэг тийм ч хэцүү биш. Тиймээс сураагүй юмаа сурах хэрэгтэй цаг тохиолдож болно гэж тулгахад Жаргал хэсэг бодлогоширч дуугүй сууна.

Очир, Зундуйтай уулзаж түүнийг айлган сүрдүүлж Яндагт холбогдох баримтаар урхидаж авах боломжтой гэж тооцоолжээ. Тэгээд зогсохгүй Хүрээний хамгаалалтын талаар холбогдох зүйлийг түвэггүй гаргуулж гартаа оруулж чадвал Сүхбаатарыг хорлох даалгавар өгч болох найдвартай гэж үзжээ. Гэтэл энэ бүхний уулзвар дээр Жаргал зангилагдаж, түүнийг айлган далайлгах Очирын сүрдүүлгээр хэрэг явдлын амжилт шалгаалах байлаа. Очир хөмсөг зангидан хүйтэн харцаар Жаргалыг ширтэн хөмхийгөө хэмлэн зогсохдоо,

-За одоо яая гэж бодож байна гэж заналтайгаар асуулаа. Жаргал гийчнийхээ царай зүсээр хэрэг бишдэж, амиа алдаж магадгүйг ойлгоод бүх биений хүйтэн хөлс чийхарч, хүйт оргихыг мэдлээ. Тэгээд өөрийн эрхгүй,

-За гэж сулхан хэлэхэд эрүү нь дагжиж, шүд нь харших хяхтнана.

-Намайг мэхлэх гэж оролдсоны хэрэггүй. Би ганцаараа биш. Худалдаачин, тэрэгчин хоёрыг танина биз. Нөгөө талаар энэ бичиг баримтууд Сүхбаатарын гарт орвол бүр өршөөлгүй болно гээд Жаргалын дэрэн дээрээс эцгийнх нь захиаг шүүрэн авлаа.

-За заа... Би энэ тухай хэнд ч ам ангайхгүй. Над итгээрэй гэж Жаргалыг хэлэхэд үзүүрээрээ үл мэдэг монхордуу хамрын самсаанаа хүйтэн хөлс чийхарч, төрөлхийн цочимтгой төрсөн бүсгүй хүний адил айж сүрдсэнээсээ болоод хамаг бие нь салганан чичирч, бороонд шалав цохиулсан төлөг шиг бөмбөгөнөхийг мэдсэн  Очир “Эмэгтэй хүн гэж олхиогүй юм даа” гэж бодоод гэрээс гарчээ.

Жаргал гэнэтийн айлчныг гарсан хойно хэсэг зуур чулуун хөшөө шиг хөдөлгөөнгүй зогссоноо өөрийн эрхгүй ус шиг мэлтэгнэсэн нулимсаа гарын араар арчаад мэгшив. Жаргалын айж эмээсэн сэтгэл нүд ирмэхийн зуургүй, хэмжээгүй багтралаар солигдож уур омогтоо шатсан тэрхэн үед тэрээр ор руугаа үсэрч унангуут уйлж, сэтгэлдээ бодогдсон бүхнийг үглэж байгаагаа анзаарах  сөхөө байсангүй.

...Хорвоо яасан хатуу, энэрэлгүй юм бэ? Ингэж бие, сэтгэл, нэр алдараар бузарлуулж, айж мэгдэж явахаар үхсэн дээр. Нэг лайнаас салж амжаагүй байхад нөгөө гай дайрдаг байхна. Нэг бүдрэхээр ертөнцийн бузар булай бүхэнд ороолдох юм. Эцэстээ хүний гарт өртөж Яндаг шиг амь алдахаас хойш, тэр нүглийн хавханд оролгүй учраа олбол хойдын насанд буян болж, гай түйтгэргүй явах бай! гэж үглэсээр орноосоо босож авдрынхаа өмнө очиж, сөхөрч суугаад юмаа онгичлоо. Жаргал чингэж багтарсандаа аавынхаа ангын хэрэгслэлийг гаргаж, чононд хэрэглэдэг хорыг олтол хаалга сэвхийн онгойлоо. Жаргал хороо атгасаар босож, орж ирж байгаа хүний зүг ширтвэл хажуу хашааны өвгөн Жигжид байлаа. Жигжид, Жаргалыг тайвшруулахыг хичээн ятгаж,

-Охин минь битгий уйл! Ганцаараа айгаад байгаа бол манайд орж унт! Манай хөгшин чамайг ойрдоо үзэгдсэнгүй гээд байсан. Хоёулаа манайд оръё гээд гэрээс дагуулж гарлаа. Тэгээд хамар хашааны сургааганд гаргасан явган хаалгаар Жигжид өвгөн түрүүлэн гарч гэрээ чиглэхэд Жаргал хойноос нь дагалаа. Гүн Цэрэн Барга явахдаа нэг нутгийн эмээлч өвгөн Жигжидийг илүү хашаандаа буулгаад охиноо харж хандаж байхыг  захижээ. Жаргал өвгөнийд орж иртэл самган нь босчихсон цай чанаж байхыг ажвал энэ шөнө эдний хэн нь ч унтсан шинжгүй. Хүрэн одончуу тэрлэгийн ханцуйг сургалдаргалсан хот байрын нэгэн залуу гэрийн хоймор сууна. Жаргал хааяа нүдний булангаар өөрийг нь нэвт ширтэх шахан харж буй залуугаас нэрэлхэн буруу харсаар гэрийн зүүн орон дээр суугаад тэргүүн бөхийлгөн газар ширтэв. Мэдэгдэх төдий мэгшин буй Жаргалаас  хэрэг учрыг тодотгох үүрэгтэй Нацагт, Жигжидийн самган цай аягалж барих зуур,

-Жаргал аа! Охин минь дээшээ сууж цай уу гэхэд Нацаг өөртөө далим гарсанд сэтгэлдээ баярлан асуух лавлах зүйлээ дэс дараалан боловсруулна.

...Дашчойпил дацангийн нэгэн ламын дүүгийн хүү бандийг орлосон Авир, дэргэдүүрээ өнгөрсөн Очирыг дутуу аньсан нүдээр ажиглан, хашааны үүдний вандан дээр сууж байгаад Дорлиг ламтныг хашаандаа орсны дараа, гудамжны нөгөө үзүүрээр тойрч, Бадамёго дацангийн үүдэнд хүлээж байсан Нацагтай уулзаж, зурагчин “гийчнийг” зааж өгчээ. Нацаг, зурагчны гадаад байдал төрхийг холоос ажин зогсохдоо “Гакомоку” гэдэг үгийг санаад “Пүрэв гаригт уулзах ёстой зураач гэдэг нь уран зураг зурдаг хүн биш. Харин  гэрэл зураг авдаг зурагчин байх нь ээ ” гэж бодсоор,

-Авир аа! Одоохон хувцсаа солиод тэгчинлин хийдийн хашаанд байгаа Богдын шарилын сүмийн үүдний хүрэл бойпорын дэргэд хүлээж бай гээд зурагчинг холоос бараадав.

Нацаг, зурагчны хөдөлгөөн, алхаа гишгээ бүрийг нарийвчлан ажиглахад тэрээр донгонцох байдал гаргасангүй. Чингээд шарилын сүмийн хүрэл бойпороос адис авах дүр гаргах зуур

Авир аа! Чи, Жаргалыг дагаарай. Хоёулаа улаан сахалт орос худалдаачны пүүсэнд уулзана шүү гээ салжээ. Чингээд Авир, Жаргалын суусан морин тэргийг холоос бараадан гудамжны нөгөө талыг барин гүйсээр Жаргалын хашааны баруун гудамж хүрээд буцсан юм. Чухам тэр үед Жаргалын хамар хашаанд суудаг Өвгөн Жигжидийнд байсан Дорж, тэрэгний хонхны чимээгээр гэрээс гарч, хашааны завсраар ажиглахдаа, тэрэгчин оросыг таньжээ.

Оройн нар жаргаж, холын бараа танигдахгүй болж, харуй бүрий харанхуйгаар солигдоод нэлээн удсан хойно, Жигжидийн хашаанд гурван залуу цуварч ирснийг хэн ч анзаараагүй. Ийнхүү Цэрэн гүнгийн гэрт болж буй зүйлийг арван хуруу шигээ мэдэж байсан гурван залуугийн хоёр нь “шөнийн гийчнийг” дагаж, Нацаг, Жаргалтай уулзахаар Жигжид өвгөнийд үлдсэн ажээ.

Нацаг, Жаргалд тохиолдсон учир явдлыг нарийн мэдэж байгаагаа аятайхан, эвийг нь олж хэлтэл гэрийн  эзэн, хоёр хөгшин тэр хоёрын ярианд саад болохгүйг хичээн, зуныхаа байшинд орохоор гэрээс гарлаа. Чингэж Жаргал, Нацаг хоёрыг жинхэнэ яриандаа орж, хэрэг явдлыг гогцоог нарийвчилж байтал гаднаас Авир, Рагчаа хоёр орж ирлээ.

Жаргалын цээжинд тээглэж, бөглөчих шахсан аймшиг алгуур саринаж, сэтгэл уужирсан болохоор өөртэй нь дайралдсан, худалдаачин орос, тэрэгчин өвгөн, зурагчин нарын талаар тодорхой ярив.

-Жаргал аа. Эдний гадаад байдал, хөдөлгөөн, нуруу, нүүр царайнд ажиглагдахуйц гоц тэмдэг бий юу? Чи ажигласан уу? гэж Рагчааг асуухад Жаргал нэлээн бодолхийлсноо,

-Бодоод байхад худалдаачин орос, зурагчин хоёр нуруу, хөдөлгөөнөөрөө адилхан юм шиг байна. Худалдаачин орос зүүн гарын эрхий долоовор хурууны өндөгөөр дээд уруулынхаа сахлыг дандаа эмэрч сурчихсан хүн байсан. Харин зурагчин миний зургийг авчихаад баярласан янзтай инээж зогсохдоо дээд уруулынхаа шиврээ сахлыг зүүн гарынхаа долоовор, эрхий хурууны өндөгөөр эмэрч байсан гэж ярилаа!

Рагчаа, Жаргалтай ярилцаад үүр хаяарах үед Нацагтай буцаж, Авирыг Жигжид гуайн хашаанд үлдээлээ. Хүрээ харчуулын нарийн тахир гудамжийг өгсөн, Цэргийн яамыг чиглэсэн Рагчаа,

-Нацаг аа! Хүрээний нууц хүн-Гакамоку /зурагчин Пүрэв/ Яндагийг нас барсныг мэдсэн атлаа Зундуйг сурагладаг нь ямар зорилготой вэ? мэргэжлийн тагнуулч хүн тодорхой зорилгогүй бол Яндагийн дүүтэй уулзах гэж зүтгэмээргүй юм.

-Яндагаар гүйцэтгүүлэх ямар нэг тодорхой зорилго байсан учраас түүнийг дүүгээр нь орлуулах боломж байгаа эсэхийг сорих санаатай байх шиг байна.

-Хүрээний архаг архичныг ашиглах бодит боломжуудын нэг бол галдан шатаах, алан хядах ажиллагаа юм. Тэгэхээр хэнийг, юуг вэ? гэдгийг тодорхой мэдэх хэрэгтэй гэж Рагчааг хэлэхэд Нацаг даргынхаа саналыг зөвшөөрч толгой дохисноос цаашгүй.

Рагчаа Цэргийн яамны хашааны хаалгаар орохын өмнө,

-Жаргалыг сөрөх ажиллагаанд оролцуулбал ямар вэ? гэж лавлав.

-Энэ талаар санал боловсруулсан. Орж байгаад танилцуулъя гэвэл Рагчаа толгой дохин зөвшөөрөв.

 

Тав

 

Зундуй ажлаас тарангуут Зүүн сэлбийн цаахан байдаг хашаа байшиндаа ирээд хоол унд янзлахаас түвэгшээж авдраасаа хөх чисүү тэрлэг гаргаж өмсөөд дэрэн дороос шүрэн толгойтой эрхи авч сугандаа бөхлөөд хашаанаасаа гарч ногоочны хашааны хойгуур орж гэлдэрсээр Баруун гаалийн араар гарахдаа ахаа бодлоо. Тэр хоёр Баруун хороо, Хүрээ зах орохдоо энэ замаар явдаг байсан.

Зундуй эх эцгээсээ ердөө хоёулаа төржээ. Эцэг нь Яндагийг том хүү гэж өхөөрдөөд гурван нас хүрээгүй байхад гаанс бэлдэж төхөөрчээ. Тэгээд тогооны шим балгах тоолондоо аягандаа архи үлдээж Яндагт өгч согтоогоод энхрийлж эрхлүүлдэг байлаа. Яндаг том болсон хойноо нанчидын таван халуунаар ходоодоо эрхлүүлж, Хүрээ хот доншуучлахдаа олсон борлуулснаа гашуун усанд сэгсрэх дон шүглэжээ. Яндаг гамингийн үед арав таван янчаан олж архидахын эрхэнд хушуу худалдаж, хов хөөж, ул шагайх арга бодож олжээ. Тэгээд нэг өдөр Магсаржавыг барихаар очсон гаминтай нийлж савсаганаад Хатанбаатарт үүдэн шүдээ цөм цохиулснаас хойш эмсгий Яндаг гэгдэх болсон. Харин Бароны сургаар Цэрэн гүнтэй нийлж түүний ятгалгаар Хүрээ хотоор цуурхал тарааж баахан донгоссоны ачаар архи олж уудаг байв. Эцэг нь үүнийг мэдээд нэг өдөр Яндагийг барьж аваад хэд алгадсанаа “Төр түмэнд хэрэггүй адгийн шаар, мөрөөрөө үхдэг болоосой” гэж үглээд гаансаараа толгойг нь цоо цохижээ. Яндаг чингээд зогссонгүй Ардын намын сургаар Сүхбаатарыг мөшгөх болсныг гадарласан эцгийн нь зүрхний хууч хөдөлж муудаад удаж төдөлгүй өөд боллоо. Яндаг эцгээ “тэнгэр” болсны дараа Цэрэн гүнгийн сүүдэр болж хувираад “Хойт хормой, хорт хушууг” нь орлох болов. Яндагийн эцэг Цэрэн гүнтэй нэг нутаг, нэг голынх боловч үзэл бодол таардаггүй учраас нүүр нүүрээ харахаа больсон аж. Тэгээд Хүрээнд Ардын засгийнхан ирснээс хойш  Яндаг “Даугава” гуанзыг сахих болсон юм. Нэг орой Яндаг халамцуухан ирээд Зундуйг гэрээс хөөж,

-Чи айлаар явж байгаад ир гэлээ. Зундуй ахынхаа үгэнд эгдүүцээд орон дээрээ буруу харан хэвтэв.

-Зундуй бос. Бос... дуулж байна уу гэж Яндаг зандарсан атал Зундуй ахынхаа үгэнд гөжиж, дуугүй хэвтэхдээ унтаж байгаа дүр гарган худлаа хухирчээ. Яндаг арга нь барагдсан янзтай,

-Энэ үхээрийг яана. За яршиг. Унтаж байг. Тарваганаас дутахгүй нойртой амьтныг яаж сэрээх вэ? гээд өврөөсөө жижиг шомбонз архи гаргаж хөнтөрч суутал гаднаас хэдэн хүн орж ирлээ. Яндаг тэдэнтэй шивнэлдэх учир Зундуйд тэдний үг бүдэг бадаг сонсогдоно.

-Яндаг аа! Дүү чинь гэтэл Яндаг,

-Цаад маанагаасаа айх хэрэггүй. Нэг унтвал ичээний баавгайнаас давна уу гэхээс дутахгүй гээд яриагаа үргэлжлүүлэв.

-За тэгвэл ингэж тохирьё! Монценкопын арын хашаа намхан тул түүгээр давна. Хэрэгтэй юмаа аваад галдчихвал хэрэг түвэггүй гэж нэг хүнийг хэлэхэд нөгөөдүүл нь ам тохирлоо. Чингэж хуйвалдсан хүмүүс шинээр байгуулагдсан хоршоог тонохоор шийдээд тарцгаалаа. Хуйвалдагчдыг тарснаас хойш нэлээн удаад Зундуй босож хоол ундаа хийхчээн аядаад бүрэнхий болмогц унтахаар хажуулсан тул Яндаг сэжиг авсангүй.

Яндаг шөнө дунд өнгөрөөгөөд гэрээс гарахад Зундуй босож ахынхаа араас дагасаар Монценкопын хашаагаар давж ороод хураалттай барааны дэргэд халз туллаа. Яндаг дүүдээ хууртагдсанаа мэдээд,

-За муу шулам, чи ангайсан байдаг болов уу гэж зандарлаа. Зундуй эцгийнхээ үгийг санаад уур хилэндээ шатан,

-Ингэж амьд явахаар үхсэн чинь дээр! Наад хулгай дээрмээ зогсоо гэж хэлээд Яндаг руу дайртал Зундуйн толгойд хүнд муна тусахыг мэдээд ухаан балартлаа. Зундуй ухаан ороод өндийвөл арван тавны цагдаа нар ирчихсэн агаад Яндаг бараа сураггүй болсон байлаа.

...Хэдэн сарын өмнө болсон явдлыг Зундуй ер мартахааргүйгээр сэтгэлдээ хадгалжээ. Тэрээр Баруун хороо дамнуурчин  орох тоолондоо өнгөрсөн бүхнийг сэтгэлдээ боддог байлаа. Зундуй, Чойжин ламын сүмийн араар өнгөрч явтал дэргэдүүр нь ангарсан нэг морь тэрэг төдий холгүй зогсов. Морь тэрэгний жуузнаас буусан нэгэн дэгжин эмэгтэй Зундуйг тосон алхахыг хараад “Жаргал уу даа” гэж өөрөөсөө асуулаа. Жаргал Зундуйг угтаж уулзаад мэнд амар эрээд ганц үгний зөрөө гаргалгүй сажилснаа сая ам нээж,

-Чи чинь ойрдоо Хүрээ хотоор үзэгдэхгүй яачих аа вэ? Эхнэр аваад авгайнхаа хормой сахиа юу гэж дооглонгуй хэлээд ёжтой жуумалзлаа.

-Гутлаа чирсэн хүний гэргий болоод өрхний оосор татах заяа нь харласан бүсгүй байхгүй байлгүй гэж хэлээд Зундуй Жаргалын царай өөд ширүүн харахад Жаргалын нүүрээр халуу шатах шиг болов.

-Үгүй ер дөө. Их даажигнах нь шив дээ. Энгэр зөрүүлснийхээ хормойг сэгсэрчихдэг харчуулыг бодвол овоо нүнжигтэй эр байх нь. Тийм үү? гэснээ Зундуйн үгийг сөргөж хөгжүүлхсэнээ цагаатгахын тулд:

-Дэмий юм донгосчихлоо. Чи үг даах биш. Нэг үгэнд гомдчихоороо хэдэн сар, жил дуу гардаггүй хэвээрээ юү гэж өгүүлэв. Тэгээд хэсэг дуугүй гэлдэрснээ,

-Зундуй! Авгайтай болохоосоо өмнө хэг ёг, хэдэр ёдор гэсэн ам хэл, хөшүүн хойргоо татахгүй бол сэтгэл чимхэж, хор малтдаг үгэнд чинь дасаад хаяаа хатавчинд чинь хоргодоод байх эмэгтэй хүн олдохгүй шүү гэлээ.

-Сэтгэл байвал, санаа тохирдог ёстой гэж хэлэхэд Жаргал хэдэн шазруун үг хэлэх гэснээ “Үгээр мэтгэлцээд яах вэ! Эмэгтэй хүн яахаар гөжиж мэтгэх, хөшиж гэдийх, зөрж зүтгэх, хордож мөчөөрхөх, сэрдэж сонжих, ягьж янших, уйлж мэлзэх зантай байдаг юм бол! Би хүн хүнээс зөрүүд ааштай юм болов уу. Надаас бусад эмэгтэйчүүд ийм зантай байдаг юм санагддаг. Тэгэхээр ганц миний ааш адаарь биш бололтой” гэж бодсоор алхана. Жаргал, Зундуйг дагаж “Даугава” гуанз чиглэх хооронд,

-Чи Дурдасын шавраар орох нь уу гээд “Муу ах нь Дурдасын гуанзнаас салдаггүй байсан. Талийгаачаа бодохоор тийшээ очдог байх нь” гэж бодоод газар ширтэж, харц бурууллаа.

-Тиймээ. Тэгээд юу гээ вэ? гэж Зундуйг ууртай асуухад Жаргал гэмээ ухаарч дуугүй явсаар “Даугава” гуанзны ойролцоо очсоноо үүдний довжооны дэргэд отож буй зурагчныг хараад “Өнөө гайхал лүд” гэж амандаа шивнээд Зундуйгаас холдохоор шийдэж,

-Би явлаа. Маргааш энд хүлээж байгаарай. Би чамтай уулзмаар байна гээд Зундуйгаас салж Баруун Сэлбэ уруудан төмөрчингийн гүүрийг чиглэв.

Зундуй, Дурдасын гуанзанд удсангүй. Цагаан гэгээ тасрахаас өмнө гэрээ зүглэхдээ Жаргалын хэлсэн үг, байр байдал, харьцаа зэргийг хэдэнтээ бодно. Зундуй өглөө эртлэн ажилдаа ирээд Цэргийн яамны бичиг хэргийн өрөөнд сууж төлөвлөсөн эхүүдийг засаж янзалсны зэрэгцээ хэдэн бичгийн хуулга, тулгаж, таран тартлаа толгой өндийлгөсөнгүй. Тэгээд ажил тарангуут гэрээр орж хувцсаа солиод Дурдасын гуанзыг чиглэв.

Тамхины утаа манантсан уужим өрөө бүхий гуанзанд хүн цөөн аж. Зундуй европ маягаар зассан гуанзны баруун өмнө талын нэг ширээн дээр суугаад орос архи хоол захилаа. Төдий удалгүй Зундуйн захисан зүйлийг авчирсан үйлчлэгч, өндөр шилбэтэй цүндгэр бөөртэй хундага дүүргэсэн архи, гуанзны хятад тогооч нарын хийсэн, буцламгай тосонд чанасан бөөрөнхий мах, гахайн өөх алагласан люванз, хялгас шиг нарийхан хирчсэн байцаа, манжингийн шанцуй, саримастай цуунд дарсан дийхулуу тэргүүтэнг ширээнээ өрлөө. Үйчлэгчийг гал тогоо руугаа эргэсний дараа лүү Сандаг Зундуйн дэргэд очиж суулаа. Тэгээд согтуу нүдээр архитай хундагыг харж инээмсэглээд,

-Нөгөө шар Бандийн яатуу, чамайг сураглаж намбиганаад явсан. Чи дайралдав уу? гээд шүлсээ гуд гуд залгилна. Лүү Сандаг ийм үед ширээн дээрх архийг шүүрдэг гэмтэй. Гэсэн ч Зундуй, Сандагаас болгоомжлохыг бодсонгүй. Тэрээр Сандагийг ахтайгаа зүйрлэдэг болохоор “Муу ах минь ийм явсан” гэж бодоод хааяа Сандагт аяга тагш юм авч өгдөг байлаа. Өчигдөр Зундуй сэтгэл санаа тавгүй болохоор авсан архиа Сандагт өгөөд явсан тул хардаж сэрдэхийн хэрэггүй байлаа. Сандаг ширээн дээрх хундагатай архийг нүд гүйлгэн хялам хялам ширтэж, хааяа гараа хундага руу явуулснаа үл зүрхлэн татаад хуруугаараа ширээ тогшин, бүтээлгийг имэрч сэтгэлээ тайвшруулж ядан суух ажээ.

-Сархадаа гэж. Их нөхөрлөх эх биш дээ. Дүү минь ажил төрөлтэй хүн, гашуун усанд шохоорхох хэрэггүй. Болж өгвөл Дурдасын энэ шавар нүхэнд толгой шагайлгасны хэрэггүй. Эндэхийн тоотой хэдийг харахад инээж, мэхэлзсэн сайхан ааш зантай улс шиг харагддаг байх. Эд нар чинь золбоотойхон хүнийг ашиг хонжооны золионд гаргаж мөрийн дэнчин болгож, архи уулгадаг юм. Нэг үгээр хэлэхэд эд нар хүнийг зоосны нүхээр гаргаж чадах зальтай улс. Сархданд толгой мэдүүлж, эдэнд тэгж шулуулах хэрэг байхгүй. Сайн бодоорой. Чи ер нь эндээс салахаа байгаад байна шүү! Ер нь чи архины пян даахгүй гээд хэсэг дуугүй сууснаа яах ийхийн зуургүй ширээн дээрх архийг нь аваад хөнтөрчихлөө. Зундуй, Сандагийн ханцуйнаас шүүрснээ,

-Сандаг гуай! Та яаж байна аа? гэснээс цаашгүй.

-Зундуй минь миний үгэнд орж үз! Архи чамд зохихгүй. Мэдэв үү? гээд гуанзнаас гарахаар хаалга чиглэхдээ бас хоёр хүний хундагыг хоосолчихоод гудиггүй алхсаар гуанзнаас гарахад Сандагийн аашийг гадарлаагүй хоёр, гайхсан нүдээр бие биенийгээ харлаа. Зундуй Сандагийг явсны хойно хэлсэн бүхнийг эргэцүүлэн бодож “Намайг энүүгээр эргэлдээд байхаар архинд орж, Дурдасын мөрийтэй архи уудаг болчих вий гэж бодоод сая сэтгэлийнхээ үгийг хэлж уужрав бололтой” гэж өөртөө сануулж суутал гаднаас Жаргал орж ирлээ.

-Чи эрт ирэв үү? гээд Жаргал Зундуй өөд сүрхий харснаа:

-Хүүш чи чинь гоёж гоодоод янзтай байх чинь гэлээ.

-Саяхан ирсэн гээд Зундуй үйлчлэгчийг дуудаж хоол, дарс захилаа.

-Би хөдөө явах болоод байна. Тэр нь дээр байхаа даа! Энд ганцаараа юу хийх вэ? Аягүй бол замаа алдаж мэднэ. Ганц бие эмэгтэй хүнийг Хүрээнийхэн баллаж тавина уу гэхээс өөд нь татах юм биш гэтэл үйлчлэгч Зундуйн захисан зүйлийг авчирч ширээн дээр өрлөө. Жаргал хятад дарс шимж хэсэг дуугүй сууснаа,

-Аа тийм. Би чамтай уулзаад нэг худалдаачин орос дагаад гэсэн байхаа. Тэгсэн чинь уржигдрын цаад өдөр нэг зурагчин орос миний зургийг авах гэж самбаганаад, арайхийж салсан шүү гээд тас тас хөхөрч нүдээ онийлгооод, Зундуй өөд намжирдан жуумалзана.

-Одоо удахгүй лам, хужаа хоёр дагах байлгүй.

-За яршиг. Эр дагуулах дон шүгэлчихэж гэж бодоо юу? Лам хужаа хоёр ч юу билээ. Би амьдарлдаа нэг удаа алдсан үнэн. Тэгэхдээ аальгүйдээ тэгээгүй. Хүнд итгэж, найдсан итгэл, цагаан цайлган сэтгэлээ анзаараагүй юм шүү гээд Зундуйг нүдний булангаар ширэв татан харснаа гуанзны хаалгаар орж ирээд суух газраа харж зогссон татар байрын ширвээ сахалтай зурагчинг хараад харц буруулж ширээ ширтэв.

-Зундуй! Хоёулаа эндээс явъя.

-Жаахан сууя. Одоо удахгүй алиа шар баян хуураа татаж орос, монголоор хольж марзаганана. Муу талийгаач, алиа шарын хошин наргианд дуртай байсан юм гэж Зундуйг хэлэхэд Жаргал хариу дуугарсангүй. Тэгээд хэсэгхэн зуур түгдэрч, чичирхийлсэн хоолойгоор 

-Өнөө зурагчин ороод ирлээ. Намайг харчихвал яана гэхэд Жаргалын царай ягаарчихсан байлаа. Жаргал ингэж сандарч тулгамдаж байтал зурагчин оросын дүртэй Очир мэл гайхаж, үл мэдэг балмагдсанаа мэдлээ. Тэгээд өөрийгөө эвгүй байдалд орж магадгүйг гадарлаад шууд Зундуй, Жаргал хоёрын ширээг чиглэв.

Гуанзны баруун өмнө ханын ширээн дээр сар бүрийн хоёр, дөрөв дэхь долоо хоногийн пүрэв гаригт хөх чисчүү тэрлэг өмсөж, ухаа ягаан дурдан бүс өргөн ороосон нэгэн залуу сууж, оройн арван цаг хүртлэх хугацаанд Озакурагийн төлөөний хүнийг хүлээх ёстой. Тэр хүн Яндаг билээ. Гэтэл Яндагийн оронд түүний дүү энэ пүрэв гаригт болзсон хугацаанд тэмдэгт ширээнд сууж байгааг хараад Очир “Нууц дохиогоор танилцах уу? Ерийн тохиолдол байвал яана. Тиймээс бэлдсэн төлөвлөгөөгөөр уулзъя” бодоод ширээний дэргэд очсон Очир,

-Аа гүнтний охин сайн байна уу? Танай ширээнд суувал хөөхгүй биз гэж хэлэхэд Жаргал, Зундуйгаас урьтан,

-Суу... суу гэсэн мөртлөө Зундуй өөд хараад, гайхсан янзтай дал мөрөө хавчигнуулав.

-Залуу минь, яасан нүүрэмгий орос вэ? гэж бодов уу заа. Манай эцэг гүнтэнтэй танил юм. Тэгээд Жаргалыг таньдаг юм байхгүй юу гэхэд Зундуйн сэтгэлд “Жаргал энэ оросыг танихгүй гэсэн. Гэтэл их талархуу байдаг нь юу билээ? Жаргал таньдаг хүнээ танихгүй болж маягладаг сонин оо! За эмэгтэй хүний зан биз. Тэгээд Жаргал шүү дээ” гэж бодогдлоо.

-Танай эцэг хүрээнд байдаг уу гэж асуухад Зундуйн шинэ танил,

-Үгүй шүү! Бид Улиастайд суудаг. Өнгөрдөг өвөл гүнтэн манайд зочлохдоо “Манай охин хүрээнд бий. Намар тийшээ очно. Хүрээ орвол манайхаар очоорой гэдэг байсан юм”, Харин өнөөдөр би азтай, баяртай явна. Миний төрсөн өдөр. Та намайг хэдтэй гэж бодож байна гэснээ: -Залуу минь... Таныг хэн гэдэг вэ? гэлээ.

-Намайг Зундуй гэдэг. Харин та, хорин долоо наймаас хэтрээгүй байх.

-Намайг зурагчин гэж хүндэлдэг юм, Зундуй! Чи намайг арван насаар залуу болгочихлоо гэтэл үйлчлэгч ирж зурагчингийн захиалгыг аваад гал тогоо руу эргэлээ.

-Зундуй... Зундуй гэснээ яриа өдөж: -Гүнтэн гуайн магтаад байдаг залуу, ер нь чи болох нь ээ? Чамайг дандаа ярьдаг. Ахыг чинь тун золбоотой эр гэдэгсэн. Ингэхлээр би чинь чамайг сургаар таньдаг, хэзээ язааны танил байх нь гэж баруун монгол аялгуугаар үгээ бодож хэлнэ. Чингэтэл удаж төдөлгүй үйлчлэгч ирж идээ ундаа засаж, ширээнээ янзлахад сайхь зурагчин хайлсан тугалга шиг намбигнаж, зочломтгой байдлаар тал засна. Тэрээр байн байн хундага өргөж, Зундуйг шахаад дэвэн дэлхийн есөн жорын юм хаман, ам мэдэн ярихыг сонсож суугаа Зундуй “Сонин хэрэг. Энэ сахалт орос Жаргалыг таньдаг хүн шиг ханхалзаж, худлаа чалчихыг яана! Гүнтэн намайг магтах ёсгүй. Харин муу муухайгаар дуудаж, долоон булчирхайг найм болгож давсалж чадна” гэж бодоод нэлээн согтож байгаагаа мэдлээ. Гуанзанд цугласан оросууд цагаан будааны хорзонд зүрх сэтгэлээ тушаагаад баян хуурын аяыг дагаж бүдүүн нарийн хоолойгоор орилон, сархадын дээжийг өргөсөөр хэн хэнгүй больжээ. Зурагчин оросын шахалтаас мултарч чадаагүй Зундуй, хундага өргөсөөр хятад архинд согтоод үг хэл нь олшроод, ам үл хамхина.

-Жаргал аа! Чи яагаад намайг тоодоггүй юм бэ? Тэгэхэд жанжин намайг бусдаас илүү хүндэлдэг. Тэр суут хүн шүү дээ! Тэгэхэд чи юу вэ? гэхэд зурагчин архи хундагалаад

-Зундуй! Чиний авьяас чадварын төлөө ууя гэхэд Зундуй,

-Тэгвэл уулгүй яах вэ? Энэ оросыг хар! Ухаантай, юм мэддэг хүн, хүнийг хараад таньдаг. Тэгэхэд чи, намайг гөлөгний чинээтэй бодож явсан уу? За яах вэ? Жанжин намайг тагнуулын сургуульд явуулна гэсэн. Тэгэхэд чинь наад омог, шалчийх вий гээд ширээн дээрх архийг гуд гуд залгих нь олдсон үед “ахиухан сэржимдчихъе” гэсэн янзтай. Харин зурагчин болж маягласан Очир согтсон дүр гаргаж дуу аялахчаан болж хааяа Зундуйг нүдний булангаар сэм ширтээд “Жолоогий нь тааруулбал овоо чамбайхан цуурхана. Мань хүн Сүхбаатартай ойр дотно гэдэг юу бол? Ийм задгай, хөөрүү хүнийг Сүхбаатар ярианы төрхөөр амархан мэднэ. Тэгэхээр яагаад ч чухал ажилд тавихгүй. Яндагийн дүү гэдгийг мэдвэл дор нь цааш харуулчих байх! Яндаг гамингийн үеэс Сүхбаатарыг шиншилж давхиад барьж чадалгүй алдсан. Энэ залуу яахаараа амны зоргоор донгосдог байна? Ёсгүй ёс баймааргүй. Гэтэл Зундуй ёсгүй горим, ёозгүй байдал бий болгочихоо юу? Шалгахаар гууль нь цухуйна” гэж бодсоор Жаргалын янзыг хүлээнэ.

-Жаргал аа! Чи намайг цэнгэл хөөж энд ирдэг гэж бодож байна уу? Би тэр хоосон, ханхай гэрт тогтож ядаад, аргаа барж байна. Миний ах бол... гэснээ хэсэг түгдэрч, Жаргалыг хүзүүдэх янзтай чих рүү нь тонгойтол залуу бүсгүй хажиглаад,

-Зүгээр суугаач. Далбиганаад яасан давьтаргүй юм бэ? гэлээ.

-Манайд очъё! Чамтай ярих юм байна. Энэ зурагчин унтчихлаа гэж шивнээд орос руу сүрхий харж, харц тогтоосноо: -Яг тийм байна. Согтоод уначихсан байна гэж өөртөө хэллээ. Согтож унасан хүний дүр үзүүлсэн Очир ширээ тохойлдон, хөдөлгөөнгүй, хэвтэхдээ өвдгөөрөө Жаргалын хөлийг ёворч “Аваад гар” гэсэн дохио өглөө. Жаргал, Зундуйг түшиж, гуйвсаар гуанзнаас гарч, хурын чийглэг салхи сэвэлзсэн агаар шуналтай амьсгалж цээжнээ уужруулаад, гуанзны хаалганы довжооны дэргэд буй тэрэгчинг дуудлаа. Гуанз хаахыг хүлээж нойрмоглосон тэрэгчин Жаргалын дэргэд ирээд,

-Яасан их согтоо вэ? гэж сулхан хэлээд суга таягаа тулж догонцсоор Зундуйг тэргэнд суулгалцлаа. Тэрэгчин суудал өөдөө авчирч, жолоогоо авч, суудалдаа тухлах тэрхэн үед гуанзнаас гарч ирсэн нэг хүн яах ийхийн зуургүй тэрэгний жуузанд суусныг тэрэгчин анзаарсан шинжгүй. Сар саруул шөнийг цочоосон хонх жингэр жингэр хангинан, хааяа тэрэгчин бүдүүн дуугаар хашгирч, ташуураа тас няс дуугаргасаар зүүн тийшээ шогшуулахыг ажиглаж зогссон хоёр хүн нөгөө талын гудамжинд байгаа тэргэнд сууж хойноос нь хөдлөв. Тэр хоёр Цэргийн тагнуулын газрын орлосон дарга Рагчаа, түүний туслах Нацаг хоёр байлаа.

 

*    *    *

Зундуй ухаан ороод өндийх гэснээ толгойгоо даасангүй. Тэгээд хэсэгхэн зуур нүдээ аньж хэвтсэнээ зовхио алгуур нээж байдлыг ажвал орос тавилга, засалтай өрөөнд байгаа ажээ. Зундуй өндийж өврөө уудалтал, суган дахь эрхинээс бусад нь алга болжээ. Чингээд хэрхсэнг бодож суутал зэргэлдээх өрөөнөөс орж ирсэн монгол дээлтэй хүн өөд эгцлэн хартал, өчигдрийн зурагчин орос байлаа. Харин ширвээ сахал, алтан хүрээтэй нүдний шилээ зүүгээгүй байлаа.

-Залуу хүн яс заадагсан. Зундуй, чи яасан дожоогүй эр вэ? гэж халхаар хэлээд үг өдөж, хорыг малтах янзтай еглөө.

-Миний үнэмлэх, бичгүүдийг минь өгчих. 

-Манай ёсонд алтыг нь авдаггүй! Авдар савыг нь сонирхдог. Хэрвээ үг яриа тохирохгүй бол маргааш гэхэд үнэмлэх бичгүүдийн хамт энэ баримт Сүхбаатарын гарт орно гэж мэдээрэй гээд Зундуйн гарын хээтэй бичгийг үзүүлж сүрдүүллээ.

-Би ийм бичгийг мэдэхгүй!

-Гэхдээ Цэрэн гүн, Яндаг, Жаргал, та дөрвийн хурууны хээтэй энэ баримтыг мэлзэж болохгүй! Гарын үсэг бол өөр хэрэг. Тэгээд өчигдөр хурууныхаа хээг өөрөө дарж байгаа гэрэл зураг бий.

-Худлаа! Энэ бол бузар гүтгэлэг!

-Үнэмшихгүй бол Жаргалаас асуу гээд гарынхаа хурууг шад нуд дугаргатал нөгөө өрөөнөөс Жаргал нэгэн бүдүүн оростой орж ирлээ.

-Жаргал аа! Зундуй ямар бичгэнд хурууны хээ дарснаа ухаарах сөхөөгүй шартжээ. Чи тайлбарлаад өгнө үү.

-Яндаг ах, аав хоёр Богд хааны засагт үнэн байхаа илэрхийлсэн бичгэнд хурууны хээ дарсан. Бид хоёр ах, эцэг хоёрынхоо даалгаврыг биелүүлэхээр шийдэж андгай тангараг өргөсөн юм гэж хэлтэл,

-За одоо орой руу чинь оров уу? Яндагийг хэн алсан бэ? гэж захирангуй шаардлаа.

-Ухай... Хаяагаа хадарсан новшнууд! Ахын минь толгойг залигаад ханаагүй юү? гээд Зундуй монгол дээлтэй зурагчин өөд дайрлаа.

Очир нүд ирмэхийн төдийхөнд байраа өөрчлөн зогсохдоо Зундуйн далайсан гараас огцомхон бултаад, баруун  гарын зангидсан нударгаар Зундуйн зүүн шанаанд буулгаж, нөгөө гараараа аймхайн дороос өлгөж цохитол ухаан балартсан Зундуй шалан дээр нугдасхийн уналаа. Зундуй хэсэгхэн хугацаанд шалан дээр хэвтээд өндийхдөө, хүчтэй цохилтонд хэгз хазсан уруулаас гарч буй цусыг шал руу нулимаад,

-Бие биенийхээ цусанд ханадаггүй “хэрээнүүдийг” итгэж явахаар шилд гардаг байж гээд сугандаа бэхэлсэн эрхийг авч хаалга руу чулуудав.

Очир, Яндагийн дохионы эрх газар хэвтэхийг хараад нөгөө орос руу нүд ирмэж “гарах” дохио өгтөл өнөө орос, Жаргалыг дагуулж өрөөнөөс гарлаа. Багтарч ядсан уурандаа бухимдан, цонх түшиж зогссон Зундуйн дэргэд ирсэн Очир, ая тал зассан дуугаар,

-Зуун найм дахь хэрэгтэй юу гэж зөөлөн асуулаа.

-Зуун найм дахь байтугай арван хоёр дахь шүрэн толгой хэрэггүй гэж Зундуйг хашгирах шахам хэлтэл Очир,

-Зундуй уурласны хэрэггүй. Ахыг чинь ийм ухаан зарна гэж санасангүй. Бидний ажил хэцүү. Тэгээд цаг ширүүн байна гэж аргадлаа.

-Сонжино гэнэ ээ! Аргаа олж хуурамч бичиг хийж дээ. Итгэхгүй бол эргэж ирэх ул мөргүй тонилбол дээр байж. Бие биендээ гай тарилгүй мөр мөрөөрөө довоо шарлуулж явбал дээр! гэж Зундуйг зөрөхөд Очир энгэрийн халааснаас нүдний шилний гэр гаргаж, дотроос нь шүрэн толгой авч,

-Эрхиний арван хоёр дахь шүрэн толгой энэ! гэхэд Зундуй дурамжхан эргэж хараад, илтгэл муутай харцаар зурагчинг ширтэхэд Очир шүрэн толгойг өглөө. Зундуй түүнийг авч, эрхиний толгойг нарийвчлан үзсэнээ,

-Үүний бөөр өрөөсөн талаасаа эмтэрчээ гэж  нууц дохиог хэллээ.

-Тиймээ! Бүтэн болгох гэж Хүрээнд ирлээ.

-Үнэхээр зорьж ирсэн бол хэрэг чинь бүтнэ гэж Зундуй хариу дохионы дэс дарааллыг хэлсний дараа: -Озакураа ноёнтны лагшин ямар вэ? Хоосон аманд цадсан хүн, яаж амиа алддагийг мэддэг болов уу гэж хорон үгээр Очирыг утлаа.

-Талийгаач яаж осолдсон хийгээд ямар сэжиг байгааг хэлж өгөхгүй юу?  Зундуй минь үүнийг заавал мэдэх ёстой гэхэд Зундуй, Яндагийг хөлжүүлж дэвшүүлэх жинхэнэ эзнийг орлосон “Арван хоёр дахь шүрэн толгой” хэмээх нууц нэртэй хүнийг ширтэн зогсохдоо “Зуун найм дахь” бол холбоочин байх ёстой. Гэтэл холбоочин ирэлгүй, жинхэнэ эзний шадар туслах иржээ” гэж бодоод, эгдүүцэж уурласан царай гаргаж,

-Танай европ ёсонд дургүй юмандаа “Уучлаарай” гээд хуурамчаар инээдэг биз! Тэр аймшиг, гутамшиг, гай түйтгэр бүхнийг чамд тоочих байтугай бодохыг хүсдэг гэж санаагүй биз! Өшөө хонзон авах гэвэл хэнтэй яаж тооцоо хийхээ би, өөрөө мэднэ. Хөндлөнгөөс сайрхах хэрэггүй гэлээ.

Очир, эрсхэн шулуун зантай Зундуйн үгийг сэтгэлдээ болгоож “...Омог шарандаа шатсан ийм хүнийг дэвэргэхэд амархан! Тэгэхээр Зундуйн хор шарыг сайн хөндөж, буцалгаж чадвал ямар ч баталгаа, сүрдүүлэг, далайлгалт хэрэглэхгүйгээр зорьсондоо хүрч болно! Үүнийг аятайхан ашиглавал ёстой хонжоотой наймаа гарна” гэж бодсоор үгээ цэнэж,

-Чиний хувийн хэрэгт оролцох эрх бидэнд байхгүй. Бүх зангилааг гадарлаж, эзнийг нь мэдэхээс хойш чиний дур! Гэхдээ хүнд доромжлуулж сэтгэл санаа, ахуй амьдрал, амь биеэрээ хохироод дуугүй байхгүй гэдэгт чинь итгэж байна. Ер нь Сүхбаатарын дураараа дургиж, сагадаг цагийг эцэслэх хэрэгтэй. Сүхбаатар муу талийгаачийг гамингийн үеэс оролдож, Хатанбаатараар бодийг нь хөтлүүлэх дөхсөн дөө гэж ятгахдаа Зундуйн сэтгэлийг дэнсэлгэхийг аль болохоор мэрийж байлаа.

-Тиймээ! Цэргийн яаманд шургаж, Сүхбаатарт ойртож, нүүр тал олох нь тийм ч хямдхан байгаагүй. Түүн дээр Озакурагийн хоосон аманд итгэж, оготны нүх сахисан мягуу шиг арьс ясандаа хатах шахсан нэмбэл юу болох вэ? Ёстой авслуулаад дотроос нь өндийж гардаг боломж байсансан бол түүнийг бие сэтгэлээрээ амсвал хамаагүй дээр байхсан.

-Зундуй! Сэтгэлийн чинь зовлонг мэдэж байна. Гэхдээ ганцаараа биш.

-Та нарын энэ үг олон үе дамжаад маанийн уншлага болжээ. Тэгээд үр дүн гэвэл “Бардам ам, шалдан гуянаас” цаашгүй.

-Хүрээнд хэзээ хэзээгүй бослого гарах гэж байна. Чам шиг Хүрээ хотын хамгаалалт, зохион байгуулалтыг мэддэг хүн, тэдэнд хэрэгтэй. Ингэж тус тусдаа саланги байхаар хамтраад хөдөлбөл Ардын засгийг хэдхэн цагт унагаж чадна. Сүхбаатарын нүд, чих болсон Нанзад, Улиастай явсан энэ завшааныг алдвал оройтоно.

Зундуй гүн бодолд орсон янзтай хэсэг дуугүй сууснаа ширээн дээрээс тамхи авч асаагаад хэд хүчтэй сорсноо дутуу татаж хаяад, дахин тамхи асааж, утааг хүд хүд залигаад хамар амаараа савсуулна.

Очир Зундуйн нүүр царайны хувьсал өөрчлөлтийг ажаад түүний сэтгэлийн эмзгийг хөндөж чадсанаа мэдэж “Учгийг нь олоод татчихлаа. Одоо жаахан давж нэмчихвэл үү! Татаж байгаа тамхиныхаа цог шиг халуун сэтгэлтэй энэ залуугийн өшөө хорсол нь халсан давс шиг зад буудах юм” гэж бодсоор ашигтай мөчийг хүлээнэ.

-Таны хэлдэг тэр хүмүүст ямаршуухан боломж байгаа юм бэ? гэж Зундуйг хаширласан янзтай асуухад Очир,

-Чамайг шийдвэл танилцуулж болно. Ярилцаад үз. Санаа нийлэхгүй бол лай чирэгдэлгүй хөндийрчих гээд Зундуйн бодлыг мэдэх гэсэн шиг царай өөд нь эгцлэн ширтлээ.

*    *    *

 

Өглөөний нар өөдлөх чацуу Хүрээний баруун хороодын захын гудамжнаас гарсан хул морьтой нэгэн хүн, бөг, бөг шогшуулсаар голын Цагаан сүмийг чиглэжээ. Гунгаадэжидлингийн хэрмийн урдхан талд Туулын эрэг дээр буй жижиг гэрийн гадаах морины уяан дээр буусан тэр хүнийг ажвал Очир аж. Тэрээр хул морио уяад богцоо ганзаганаасаа авч мөрөн дээрээ хаяад хэрмийн гол хаалгыг зүглэв. Очир асарт хаалганы дэргэд ирээд гинжээр нь цохитол,

-Хэн бэ гэж нэгэн жижиг банди болгоомжлон шалгаав.

-Сүмд заларна. Донир гуайтан дуулгасан биз гэхэд өнөө банди явган хаалгаа онгойлгож Очирыг хашаанд оруулаад царай өөд нь сүрхий ажсанаа,

-Ламба гуай гол сүмд байгаа гэхэд Очир богцоо авч нөгөө мөрөн дээрээ тавихыг ажиглаж буй банди “Богц нь харваас жижиг мөртлөө яасан хүнд юм бэ?” гэж бодсоор гол сүмийн хаалганы чулуун довжоо өөд догонцон өгсөж байгааг ажаад “Гакамоку” гэж боджээ. Очирыг гол сүмд орсны дараа өнөө банди найман талтай сүмийн зүүхэнтээ барьсан давхар жижиг сүмд орж, модон шатаар дээш гарч нэгэн жижиг өрөөнд оров. Дорж, гаднаас орж ирсэн Авирыг угтаж,

-За банди гуай минь гийчин маань юутай ирэв дээ гэж шивнэн асуухад,

-Холбооны хэрэгсэлтэй ирсэн бололтой байна гэхэд Дорж дэргэдээ байсан цэргийн холбооны мэргэжилтэнгүүдийн дэргэд ирж,

-За та хоёрын ажил эхэлж дээ гэлээ. Рагчаа, японы тагнуулын ирсэн зорилгуудыг нарийвчлан тогтоохоор зохион байгуулсан “Танихгүй танил” гэдэг сөрөх үйл ажиллагаа ийнхүү эхэлснийг үл анзаарсан Очирыг сүмд ороход сүмийн тахилч лам түүнийг угтаж,

-Жаа тухтай морилоорой. Манз, цав барих уу гэж лавлав.

-Хэрэггүй. Би өглөөнийхөө цай ундыг хүртчихсэн. Тэгээд ч энд удаж шалихгүй гэснээ: -Танай энд аль зэрэг тухтай вэ? Сүмээ сонирхуулаач гэлээ. Очир ийнхүү тахилч ламыг дагуулан гол сүмийн онгорхой цоорхой бүхнийг шагайн биечлэн шалгав.

Тэрээр гол сүмийн гол шүтээний дэргэд ирээд эгц дээшээ харж, сүмийн хоёр давхрын адраас доош унжуулсан гурван хос алд урттай дүгийг /таван өнгийн даавуугаар хийсэн жанцан буюу чимэглэл/ ажиглаад,

-Тахилч гуай! Дээд давхарын гонхны салхивчны саравчийг онгойлгочихоорой гэхэд тахилч шүтээний өрөөнөөс гарахдаа “Ай лам, гончигсүм минь! Энэ бүхнийг хэн ч мэдэхгүй өнгөрөөсэй” гэж сэтгэлдээ сэм наманчилжээ. Үнэндээ Богдын хатан Цагаан дарь эхийн энх амгалангийн найман сүмд Богд хаантны лүндэг зарлиггүйгээр Ардын засгийнхныг орогнуулсандаа, тахилч лам болгоомжилж, айж байлаа. Тахилч лам Богдын ордонд байдаг Жаарай гүнгийн шадар, сайн таних Пааралвангийн захисныг чингэж биелүүлэхдээ “толгой дээрээ” хуримталж буй аюулыг юунаас ч илүү ойлгож байлаа. Очир, сүмийн тахил шүтээнийг дахин шалгаж, үзээд, сүмийн дээд гонхоны адраас унжуулсан дүгний саравчийг онгойлгож буй, өнөө бандийг хайнгадуухан ажигласнаа “Ер нь банди нар адтай, элдэв юм сонирхоод хожим бурдаг зантай, цайлган хүүхдүүд! Тэгэхээр энэ бандийг сүмээс холдуулах хэрэгтэй гэж бодсоор шүтээний өрөөнөөс гарч, сүмийн дээд давхараас бууж байгаа бандийг тосон уулзаад,

-Бандиа! Тахилч гуай яасан вэ? гэж асуув.

-Ламба гуай гэрт морилсон гээд сүмийн дотор хэрэмний баруун буланд барьсан том цагаан гэрийг заав.

-Бандиа. Лам гуайд цай, чанаад хэдэн бууз чимхээдэх гэж хэл. Аа тийм чи өөрөө ламба гуайд туслаарай. Би бурамтай чихрээр шагнана шүү гэхэд банди ламба гуайнх руу чавхдан гүйв.

Очир, бандийг ламба гуайнд орсноос хойш гадаа хэсэгхэн зогсож, гол сүмийн хоёр талын жижиг сүмийг ажиглан, гол хаалганаас дүүжилсэн олон түлхүүртэй том монгол цоожийг очиж үзэв. Очир, сэтгэлийнхээ сэвийг чингэж арилгаад хэрмийн үүдэн дэх жалцангийн /дөрвөн зүгийн сахиус/ сүмд орж, улаан, цэнхэр, цагаан, шар дөрвөн өнгийн баатрын баримлыг үзэх зуур сүмийн доторхийг ажиглаад буцав.

Очир гол сүмийн хоёр талын сүмийг онгойлгуулж үзмээр санагдсан авч холбоо барих цаг нэгэнт болсон байв.

Очир гол сүмийн хаалгаар орж бурхан шүтээн, тахил зул ярайсан уужим өрөөний гол жавдангийн дээд талын суудалд суугаад богцноос хүлээн авах ба дамжуулагч хэрэгсэлийг гаргаж бүх залгуурыг шалгангуут цагаа харвал өглөөний таван цаг болж байв. Очирын хүлээн авах дамжуулагч нэвтрүүлгийн хэрэгслэлийг япон, германы зохион бүтээгчид хийсэн ажээ. Очир, Зундуйтай нүүр учраад төлөвлөсөн хэрэг бүтэмжтэй болсонд баярласангүй. Яндаг амиа алдахаа урьдчилан мэдээд дүүдээ итгэж, нууц нэр, дохио, түлхүүр, үлдээсэн нь сэтгэлд буумгүй тэнэг хэрэг. Тэрээр Зундуйн араас шиншилж, сүүл, сүүдэр хоёрыг зэрэг дагуулж хэдэнтээ шалгавч сэжигтэй зүйл гарсангүй. Тэгээд төвийн удирдамжийн дагаа Хабинд мэдээлээд, хэрхэх шийд сонсох гэж байгаа нь энэ билээ.

Очир, дуудлага авч, урьдаа тавьсан цаасан дээр жирийсэн олон тоонуудыг хайрцаглан тэмдэглээд холбооны хэрэгслэлээ хураалаа. Тэгээд ярайсан тоонуудыг нүдлэн харж сууснаа хэрэгцээтэй үгээр орлуулбал “Ахыгаа алсан сэжиг бий. Гэвч баталгаагүй. Үүнийг шалгаад хэрхэхээ өөрөө шийд. Гогцоог удирдамж ёсоор шинийн 6-нд эхлүүлэхийг хүлээ. Хариуг жич өгнө. Гурван байх бэлтгэлтэй!” гэжээ.

Очир, үг бүрийг нарийвчлан нягтлаад хүлээж авсан мэдээ бүхий баримтаа шалгаж шатаагаад үнсийг нь сангийн бойпорт хийлээ. Очир юм бүхнийг хэрсүүлэн бодоод “Хүний зөн адтай! Надад итгэл төрөхгүй байсан учир ийм шалтгаантай байж. Яндаг яагаад дүүгээ итгэсэн бэ? Гарцаагүй шахалтанд хэлэх болсон уу? Бүх нууцыг мэдсэний дараа Зундуй ахыгаа нударсан хэрэг үү? Зундуйг яаралтай шалгах хэрэгтэй. Ямар ид шид далдын сэжиг, сэжим хоёрыг давхарлан зангидсан бэ? Тэр ээдрээг олох хэрэгтэй” гэж өөртөө сануулаад холбооны хэрэгслэлийг хураах зуур сүмийн хойт ханын дагуу байрлуулсан гүнгэрвээтэй, босоо хүний хэмжээтэй суумал гуулин бурхнуудыг ажиглан, зүүн талын гүнгэрваатэй бурхныг харна. Энэ бурхны гүнгэрваатай ширээн дээрх тахилыг урагшлуулаад гүнгэрвааг хөшиж хананаас хөндийрүүлж болох ажээ. Очир үүдний баруун талын олбог түшлэгийг түшүүлсэн ган бэрээг авч, гүнгэрвааг хананаас хөндийрүүлэв. Гүнгэрвааны арын тагийг өөд нь татаж онгойлгодгийг мэдсэн Очир, тагийг өөд нь сөхвөл, Бурхны жавдонгийн /тавиур банз/ доогуур хөндий зай байхыг хараад “Ийм байх ёстой. Тэгээ баримталж байрлуулсан гүнгэрваа ийм л байх ёстой” гэж өөртөө сануулаад хүлээн авагч, нэвтрүүлэгч хэрэгслэлээ бурхны жавдон доогуур шургуулж нуугаад хуучин янзаар нь засаж тавив. Чингээд Очир сүмээс гарч, тахилч ламынд ортол,

-Аа... Та шүтээнд мөргөж даллага авчихав уу! Дээшээ суу, цай барь. Одоо хоол болно гэхэд Очир,

-Би, одоо Дээрхийн гэгээнд бараалхах ёстой. Гэгээнтнийг хүлээлгэвэл алдас болно гээд гэрээс гарав. Тахилч, Очирыг гаргаж өгөхөөр суудлаас өндийхөд,

-Миний ажил үйлс бүтэмжтэй гэж донир гуайд айлтгаарай. Би хэд хоноод ирнэ гэж Очирыг захихад хаалгач,

-Жаа... болгоон хичээе. Харин та хувцасаа солих ёстой шүү гэлээ.

-Хар өглөөгүүр гайгүй байлгүй!

-Сэтгэл сохор бол нүд харалган гэж дээрхийн гэгээнтэн айлдсан. Бас энд эчнээ хөхүүлэн, хишиг хүртээн шагнасан гүнгийн янбаны хувцас, хэргэм бий.

Очир, тахилч ламын үгээр орж “Богдын шагнасан гүн, хувцсыг өмсчихвөл анасан отсон хүнд сэжиггүй” гэж бодсоор тахилчийг даган явсаар гол сүмийн хажуугийн сүмд орж хувцасаа солиод гарч ирэхэд тахилч түүнийг эргүүлж тойруулж хараад, лабрингийн баруун жотханы дэргэд зогсож байсан бандийг дуудтал тэрээр хээр морь хөтлөн, Очирыг түшиж мордуулаад шавар хэрмийн зүүн хаалганы түгжээг мулталж, хаалганы завсраар шагайн хэрмийн гадаах байдлыг ажаад хаалгаа нээлээ.

Очир хээр морины эмээлд ташисхийн сууж, Хүрээг чиглэхдээ Гунгаадэжидлингээс төдий холдож гавилгүй ордны зүг санамсаргүй эргэж хартал Туулын хөвөөн дээрхи гэрийн гадаах уяан дээр буй хул морь эзнийхээ хойноос толгой хаялан зогсох аж.

Очир, энх амгалангийн найман сүм хэмээх цагаан ордноос эргэж ирсний дараа Зундуйд холбогдох бүх сэжгийг дүйцүүлэн бодлоо. Тэрээр Дорлигийн дан модон байшингийн адар ширтэн хэвтэхдээ “Хашир суусан Яндаг, хорь шүргэж яваа залуу хоёрт улс төрийн зөрөлдөөн баймааргүй. Бүх зүйлийг тодруулах нэг боломж байна. Яндагийн архины нөхдийн амыг ангийлгах, тэднээс үг сонсох боломж гаргах хэрэгтэй” гэж бодоод орны өмнөх ширээн дээрээс хонх авч хангинуултал зэргэлдээх өрөөнөөс Дорлиг орж ирлээ.

-Ламба гуай! Яндагийг сайн таних, дотно үерхдэг байсан хүмүүсээс Хүрээ хороогоор үзэгддэг үү?

-Үгүй шүү! Хүрээний сангаа Сатар, янгиа Мятав хоёр нэлээн ойр байсан. Тэр гурав хоршоо тонож, шатаах гэж байгаад илэрч, Яндаг амиа алдсан, нөгөө хоёр нь Бат гүнд түгжүүлсэн байх.

-Тэднийг сураглах хэрэгтэй. Та арга бодно байгаа. Бат гүнгийн харгалзагч, хуяг нарын дотроос гарыг нь цайлгачих хүн ол! Яндаг бууны суманд уу? мэсний үзүүрт өртсөн үү гэдгийг тогтоо!

-Лам базарваань. Мэсээр бүлүүлсэн чимээ гарч байсан. Үнэндээ таалал төгссөнийг нүдээр үзсэн биш. Харин Дурдасын гуанзны лүү Сандаг нэлээн юм багцаалах ёстой хүний нэг дээ...

Очир, хэрэг явдлыг түрэглэхээр шийдээд “Даугава” гуанзанд тусгай өрөө бэлдүүлээд үйлчлэгчээр лүү Сандагийг дуудуулав.

Ясархаг том биетэй, дөч гаруй насны энэ хүн, хамрынхаа батгыг хамаа намбагүй шахсанаас ягаан гөвдрүү шавж, бэрсийж улайсан хамартай агаад согтуу байрын нүдээр, орчин тойрноо сэм ажиглаж, хэрсүүлдэг зан хэвшжээ. Дурдас нэг удаа Сандагт шомбонзтой архи /1 литр/ өгөөд согтож унахгүй бол шагнана гэж мөрий тавьжээ. Гэтэл Сандаг түүнийг нь хэнэггүй уучихаад” Шар чөтгөр өө! Гар чинь татаагүй бол дахиад нэг шомбонз өгчих. Би танай шавар нүхнээс гуйвахгүй гарна шүү” гэхэд Дурдас шарлахжээ. Сандаг хэлсэндээ хүрсэн нь Дурдаст далд бодол төрүүлж Сандагийг архиар эрхлүүлэн түүний хонжоонд мөрийний орлого олохоор шийдэж, бинчинтэй хүмүүстэй мөрий тавьж ашиг гаргадаг болжээ. Сандаг ширээн дээр ярайсан идээ ундааныг ажин зурагчин хэмээгдэх Очирын ширвээ, сахал, нүдний шилийг харснаа,

-Та, монголоор ярьдаг уу гэж лавлав. Дурдастай мөрий тавьсан хүн эхлээд шомбонзоор мөрий тайлж, дараагаар нь нэг нэгээр ахиулдаг заншилтай. Тэгээд гурван шомбонз архи гаргах үедээ мөрийгөө нэмдэг гэмтэй ажээ.

-Монголоор жаал зугаа ярина шүү гэхэд Сандаг,

-Бодвол хүрээ хотынх биш биз. Мөрийгөө аль зэрэг амлачихсан бэ? гэж асуугаад ширээний хажуугийн сандал дээр суулаа.

-Таныг шомбонз архи нэг амьсгаагаар уудаг, гурван шомбонз архинд согтож унадаггүй гэдэг сураг дуулаад атаархах сэтгэл төрөөд санамсаргүй их амалчихсан юм. Би Улиастайгаас ирээд удаагүй байна.

-Би чамайг голгүй гонсойлгохгүй. Чи Дурдастай уулзаад дөрөв юм уу? таван шонбонзоор мөрийгөө ахиулчих. Тэгэхдээ таван шомбонз архи уучихаад унахгүй бол өдрийн чинь орлогын аравны нэг хувийг өгнө. Тэр лүү чинь унавал энэ мөрийг Дурдасаас авна гэж хэл гэлээ. Сандаг өнөө өглөөнөөс хойш сэтгэл тавгүй болохоор аяга тагш юм сэржимдсэнгүй. Тэгээд сэтгэлд “ахиухан уучихаад нэг сайн унтъя” гэдэг бодол төрсөн тул өврөөсөө том хар хулаа гаргалаа. Очир, бараг литрийн багтаамжтай хулыг харж сууснаа нэгэн зурвас бичээд үйлчлэгчээр Дурдаст явуулж мөрийгөө нэмжээ. Чингэж эхэлсэн танилцалт цаг мөч өнгөрөх тусам сунжирч, архины ааганд халсан хоёр ам мэдэн цуурна. Очир, Сандагийн хар хулаар тав уусны дараа,

-Танаас өөр ямар хүн ингэж сайхан уудаг вэ? гэж асуулаа.

-Яндаг гэдэг хүн байсан. Гэхдээ мөрийний архи уудаггүй хүн!

-Одоо хаана байгаа юм бэ?

Байхгүй. Бурхан болчихсон юм.

-Өө... хөөрхий минь архинд түлэгдээ юү?

-Үгүй ээ? Юу гэх вэ? Хүнд хорлуулчихсан юм. Цаадуул нь тун өөдгүй новшнууд байсан юм. Сандаг үлдсэн шомбонзныхоо нэгийг аваад бөглөөг нь мултлах зуур гүнээ санаа алдан харамссанаа шомбонз архийг шилээр нь тонгойлгож ганц амьсгалаар уухад, хоолой руу нь архи хол хол урсахыг ажаад Очир гайхжээ. Сандаг шомбонзоо ширээн дээр тавиад согтуу нүдээр Очирыг харж хэсэг дуугүй сууснаа яриагаа үргэлжлүүлж: -Муу эр, хүний амиар өөрийгөө авдаг юм? Яндагийн амины гарз болж амьд үлдсэнээрээ сангаа Сатар, янгиа Мятав хорын зол болсон юм гэхэд Очир өөртөө хэрэгтэй ярианы сэжим цухуйсанд олзуурхан,

Сатар оргочихсон хэрэг үү? гэж шамдан асуулаа.

-Чи чинь хаашаа саваагүй орос байна? Хэл ам сугалчих шахсан. Ийм хүмүүс өөдтэй байдаггүй юм. Ер нь анжгайгаа архиар халааж үг сонсох гээгүй биз! Чи явж явж хүний адаг шаарнуудын нэг, өрөөсөн нь байх нь ээ гээд шомбонзонд үлдсэн архийг сэгсэрч зайлаад нэг ч амьсгаа авалгүй хол хол хол хол залгиад: -Би янз үзсэн хүнд хэзээний дургүй. Сахалт минь илүү зангийн хар гайгаар мөрийгөө алдаж дээ.

Би монгол хүн. Тэгэхдээ танил нөхрөө мэрж, ходоод дүүргэж үзээгүй монгол хүн шүү гээд өрөөнөөс гарахдаа хаалгыг тас саван хаяжээ. Чингэхэд Дурдас халзан толгойгоо илсээр орж ирээд хаалганы хатавч налан зогсохдоо,

-За ямар байна! Түншээ, одоо мөрийгөө яах вэ? гэж ёжтой асууж өрөө нэхэж шалгаалаа.

-Баталгаагаа аваад ир! Гэхдээ тэр лүүгийн чинь барааг харна.

-Түншээ! Дэндүү хартай байгаа юм биш үү! гэхэд Очир,

-Хардаг гэдэг бол шалгахын нэг хэлбэр. Тэгэхээр танай лүү унаж уу? Хоёр хөл дээрээ гозойж байна уу гэдгийг нүдээрээ харах хэрэгтэй биз гэв.

Дурдас, Очир хэмээгдэх хуурамч дүртэй гийчинг дагуулж зэргэлдээх өрөөний хаалганы дэргэд ирээд хаалгыг зөөлөн тогштол Сандаг гарч ирээд,

-Ноёдууд аа! Баячууд аа! Та нар надгүйгээр ясаа хэмэлцгээ! гэж хашгирлаа. Дурдас, Сандагийг аргадаж, зөөлөн дуугаар,

-Сандаг аа! Дахиад мөрий тавиагүй шүү. Айлчин маань чамайг магтаж, бахархаад талархлаа дэвшүүлэх гэнэ гэж аятайхан зулгуйдлаа.

-Амьд арзайж, мэнд мэлтийж байгааг харав уу. Одоо тэгээд тонилцгоо гээд өрөөний хаалгыг хаахад Очир “Аргагүй гайхмаар уудаг эр ээ! Ердөө ёроолгүй торх шиг. Гайхмаар юм шиг. Аймаар ч юм шиг, бахархмаар ч юм шиг. Ер нь сайхан юмаа даа” гэж бодоод халаас руугаа гараа явуулжээ.

*    *    *

 

Хаалга цохих чимээнээр сэрсэн Зундуй  харанхуйд тэмтэрч шүдэнз олоод асааж гэрэл гарангуут,

-Жаахан хүлээгээрэй. Лаа асаагаадахъя гээд босонгуут лаагаа асааж тавиуртай лаагаа барьсаар үүдэндээ очоод,

-Хэн бэ? гэлээ. Гэтэл хаалганы цаанаас сөөнгө дуугаар,

-Арван хоёр гэхэд Зундуй хаалганы түгжээг мултлаад онгойлготол Очир нөгөө бүдүүн оросын хамт орж ирлээ.

-Чамайг хэдэн хүнтэй танилцуулна гэсэн байхаа гээд Очир гэрийн баруун хоймрын орон дээр суухдаа: -Зарим нь надтай хамт ирээд хашаанд хүлээж байгаа. Гэхдээ чамаас магадалж тодруулах юм багагүй гэлээ.

-Чи сонжиж дуусаагүй юу?

-Одоо жинхэнэ үнэнээ ярилцана. Яндагийг чи алсан. Гэрчлэх улс амьд бий гэдгийг чамд урьдчилж анхааруулъя!

-Сатарыг олоо юу? Түүнд барих бэлэг, шан хоёрыг зэхчихсэн гээд Зундуй орны толгойны шургуулганаас мухар тохой хиртэй хутга гаргаад Очирт үзүүлэнгүүтээ: -Би улаан нүүрээрээ уулзана. Мэдэв үү! гэж чанга хашгиртал нүүр, дух, хамрын үзүүрээр чийхарсан хөлсний дусал, лааны гэрэлнээ гялтганан, шүүдрийн ус шиг бөнжигнөнө, цайрагнана.

Урьдаар учрыг дуулъя. Тоглоход учир бий. Цэргийн Яамны тагнуулын газрын ажилтан гуай! Сонсоход эвгүй, зэвүүн байгаа биз? гээд Очир суудлаасаа өндийж, Зундуйн дэргэд ирээд: -Хэн үнэнээ нууна. Би түүнийг мэдэж чадна. Энэ бол миний төрөлхийн авьяас юм. Ардын цэргийн тагнуулын газар биеэ худалдсан чинь илэрхий болсон. Одоо сорьж, сонжих албагүй. Сонжих гэдэг аюултай. Аюул бүхэн амьтай холбоотой байдаг гээд хуурамчаар мушилзана.

-Үнэнээ ярьж болно. Харин Сатарыг олсон уу?

-Зундуй минь! Ийм үед маяглах гэдэг хор уршигтай гэхэд Зундуй хацар, духаараа чийхарсан хөлсийг дээлийн ханцуйгаар арчаад яриагаа эхлэв.

...Хоршоог ухаад гарахын өмнө барааг шатаах ёстой байсан. Барааг галдах гэж байтал Мятав Сатар хоёр ирээд “Хашаанд баахан хүн ороод ирлээ гэлээ. Бид барааны сүүдэрт нуугдаад хүмүүсийг хартал тэд хоршоонд орцгоолоо. Тэр чөлөөнд хашаа давахаар ухасхийв. Би хашаа давахын өмнө хашааны оройд элгээрээ тэгнээд ах руу хартал тэрээр хашаа налан доошоо уначихлаа. Би буцаж хашаанд буугаад ахын дэргэд очтол “Сангаа Сатар хутгалчихлаа” гэж арай ядан хэллээ. Цээжнээс нь олгойдсон цусыг гараараа дарж, яах ухаанаа мэдэхгүй байтал хэсэг хүмүүс миний дэргэд ирлээ. Нэг хүн миний дэргэдээс хутга авч “Хэний хутга вэ?” гэлээ. Сарны саруулд ахын хутгыг таниад толгой дохилоо. Ингээд баригдсан. Сатар хашаа давж амьжихгүйгээ мэдээд ахын бүсэнд хавчуулсан хутгыг сугалж бүлжээ. Мятав тэр зуур нам газраар давсан байлаа. Ингээд Сатар, Мятав хоёр оргож амжсан юм гээд Зундуй санаа алдан, дуугүй болоход Очир, хөлсөндөө нэвширсэн Зундуйн царайг ширтсээр,

-Чамд яагаад нууц түлхүүр, нэр дохио өгсөн юм бэ? гэж шалгаалаа.

-Ах, Озакураг хүлээж ядаад сүүлдээ бухимдсан сэтгэлээ архиар тайтгаруулдаг болсон. Нэг удаа согтуу ирээд “Би ингэж явахад миний өстөнгүүд жанжин гэгдээд байна. Хорвоон нар жаргах дөхөөд, аргагүй цөвийн цаг эхэлжээ” гээд уйлж билээ. Хэд хоносны дараа надад аминчилж захихдаа “Ах нь архины цагаан солио тусахаасаа өмнө чамд хэлэх юм бий. Цагаан дээлтийн хүү, Магсаржав хоёроос ахынхаа өшөөг, талхалж дуусгаарай” гэсэн юм. Түүнээс хойш ах минь хэрэг зорилго, санаа бодлынхоо тухай үе үе ярьдаг байв. Би баригдсаны дараа ахынхаа захисныг биелүүлэхийн тулд өчгөө хувиргах хэрэгтэй байлаа. Тэгээд мэдүүлэг өгөхдөө “Ахынхаа санаа бодлыг эсэргүүцдэг болохоор тэдний хуйвалдааныг ганцаараа илрүүлье гэж шийдээд ахдаа мэдэгдэнгүүт түүнийг хутгалчихсан юм” гэв. Ингэж мэдүүлэхгүй бол би санасандаа хүрч, ахынхаа гэрээслэлийг хэрэгжүүлж чадахгүй байсан. Хэргээс гарсны дараа нэг хүнд хээл өгч Цэргийн яаманд бичээчээр орж Сүхбаатарыг анасан. Тэгээд хоёр сарын дараа бичиг үсэгтээ нямбай сайн гэгдэж үнэлэгдээд тагнуулын сургуульд орсон гээд Зундуй итгэж ядсан харцаар Очир өөд харлаа.

-Чи, үүнийгээ анх уулзахдаа ярихгүй яасан бэ?

-Үүнийг эхлээд хэлбэл хэн үнэмших байсан вэ? Дурдасын гуанзанд зах сэжмээс нь цухуйлгахад ойшоосон шинж танд байгаагүй шүү дээ.

Очирын төлөвлөсөн бүхэн санаснаас өөрчлөгдлөө. Тэгхээр төвөөс авсан зааврын дагуу Зундуйг Сатар гэгчтэй нүүрэлдүүлээд хэрэг явдлыг мухарласны эцэст Зундуйг ашиглахгүйгээр шийдсэн. Тиймээс огцомхон цохилтоор гэнэ алдуулж унагаад, ухаан орохоос өмнө хортой тариагаар тарьж амжихаар тооцоолсон. Чингээд өөрийгөө хорлосон баримт болгож аяганд хортой цай үлдээгээд мөр үнэрээ цэвэрлээд хашаанаас гарах төлөвлөгөөтэй ирсэн. Зундуй хэсэгхэн дуугүй сууснаа цээжний багтралыг үл тэвчсэн янзтай,

-Очир оо! Сатарыг надтай уулзуулаад аль! Би түүний улаан голыг өөрийнхөө гараар таслахаас нааш санаа амрахгүй гэж шаардлаа,

-Зундуй! Сатарыг орж ирэхэд тайван байгаарай! Чиний нүүрэн дээр асууж лавлах хэдэн юм бий.

-Би биеэ барихыг бодно. Гэхдээ удаан тэсэхгүй л байх.

-Сатарыг дууд! гэж Очирыг тушаангуй хэлэхэд үүдний дэргэд зогсож байсан орос гэрээс гарлаа. Очир Зундуйн сэтгэлийг тайвшруулахыг хичээн тал засаж, хэлж ярих үгээ зөөллөөд,

-Зундуй! Сатарыг орж ирэхэд буруу хараад сууж байсан дээр! Намайг ханиаж дохио өгөхөөр эргэж хараарай. Би үүнийг чамаас гуйж байгаа юм шүү гэж зусардан бялдуучлах аялгуугаар гуйна. Зундуй Очирын гуйлтыг зөвшөөрөөд буруу харж суутал гаднаас хоёр хүн орж ирлээ. Зундуй орж ирсэн хүмүүсийн хөлийн чимээг чагнаж суутал Очир

-Сатар аа! Яндагийг алсан хүнийг мэднэ гэл үү? гэж асуулаа.

-Жа тийм. Зундуй ахынхаа араас хутгаар бүлснийг нүдээрээ харсан гэж хариу өчихөд,

-Хутгыг таних уу? гээд Очир урт хутгыг өгөхөд лааны гэрэлд ажсанаа,

-Зундуйн хутга байна. Энэ хутгаар ахыгаа бүлсэн юм гэхийг сонсоод суудлаасаа ухасхийн өндийсөн Зундуй,

-Муу новш! Намайг нарсанд хатсан гэж бодоо юу? Тэгээд улаан нүүрээрээ уулзахгүй юм гэж бодоогүй биз гэж хашгирсаар зуухны өмнө сөхөрч суусан хүнийг заамдан өндийлгөөд өөртөө ойртуулж царай руу нь сүрхий харснаа зуухны ард тавьсан шалны өрөн дээрхи лааг авч,

-Очир оо? Юу болж байгаа нь энэ вэ? гээд өнөө хүнээ үүд рүү түлхээд лаагаа далайсаар Очирыг заамдлаа.

-Чи Сатартай уулзуулна гэсэн биш үү? Ёс горимгүй даажин тохуунд чинь хязгаар байна уу гэж хашгиртал өнөө хүн гэрийн шалан дээрээс босоод Очир, Зундуй хоёрын хоорондуур орж салгахыг хичээхдээ

-Бурхаан... Юун гээш болобшье. Болигты... болигты. Мийн ушраа хөөрэсэгээ гэж бариудаар үглэж Зундуйн гарыг тавиулав.

 

Зургаа

 

Зүүн умард хятадын цэргийн эрхтэн Чжан золин, Ардын засаг төрийг түлхэн унагааж, монголд хязгааргүй ноёрхлоо тогтоохыг улайрч байхад түүнтэй эрх тушаал булаалдаж өрсөхийг хичээсэн маршал Упэифуг атаман Семенов, японы ятгалгаар өөртөө дасгаж, тэгснээрээ Чжан ноёны эсрэг сөргүүлэх зам засжээ.

Хятад, япон хоёр тийнхүү бие биенээсээ өрсөхийг мэрийж байхад Америкийнхан монголын зарим нөлөө бүхий феодал, нам төрийн байгууллагад шургасан хүмүүсийг өөртөө татахын тулд Чуулалт хаалганд сууж буй консулаараа ашигтай нүх сүв хайлгаж байлаа. Монгол орныг цэрэг зэвсгийн хүчээр эрхэндээ оруулахыг чухалчилсан, цэрэг улс төрийн бодлогын аль аль нь цагаантны оргодлуудыг тухирч, Богдыг ашиглахыг бодсон учраас нууц хүмүүсээ хүрээнд илгээх явдал цөөнгүй. Хэрэг явдлын түгшүүр, засаг, төрийн эсрэг чиглэсэн хуйвалдааныг газар авахуулахгүйгээр илрүүлэх шаардлагаар Дотоодыг хамгаалах газрыг даруй байгуулах тухай төслийг Сүхбаатарын санаачлагаар Намын Төв Хороо, Засгийн газрын хамтарсан хурлаар хэлэлцээд Цэргийн зөвлөлийн дэргэд Дотоодыг хамгаалах газар байгуулах тогтоол гаргалаа. Дотоодыг хамгаалах газрын эрхэлсэн даргыг тохоон томилоогүй учир цэргийн тагнуулын Рагчааг, орлосон дэд даргаар дэвшүүлж, түүний мэдэлд Цэргийн яамны онцгой суманг шилжүүллээ.

Рагчаа өглөө ажилдаа ирэхэд Цэргийн яамны үүдний дэргэд Лхүндэв өвгөн тосон уулзав. Арав гаран жилийн өмнө Манлай вангийн тусгай даалгаврыг олонтоо биелүүлж явсан Лхүндэв.

-Дэд сайд, жанжин бий юү гэж лавлалаа.

-Хатанбаатар гуай, хөдөө явсан. Удахгүй ирэх байх гэтэл Лхүндэв хэсэг бодолхийлж, мод толгойгоо нэрж зогссоноо,

-Ер нь чамтай уулзсан ч болох юм гээд гаансныхаа цогийг унагааж түрийллээ. Рагчаа, Лхүндэв өвгөнийг дагуулж Цэргийн яамны уужим хашааны зүүн талыг эзэлсэн дүнзэн байшинг чиглэн гэлдрэхдээ

-Лхүндэв гуай! Та залуудаа Сангийн хотын хэрмэн дээгүүр дүүжингээр давсан гэдэг бил үү? гэхэд өвгөн зэвүүрхэх янзтай.

-Үгүй ээ! Харин нэг лүдийг андуурч, молигодуулсан юм гэлээ.

Лхүндэв, Рагчаагийн өрөөнд орж ирээд Сангийн хотын хэрэмний дэргэд болсон явдал, амбаны сан тоногдсон хэрэг, Гандан дээр санамсаргүй тохиолдсон учирлыг дэс дараалан ярилаа.

-Дорлиг, Очир хоёртой дайралдсанаас хойш арван дөрөв хонолоо. Би янз янзаар сорьж үзсэн. Нэг өдөр Дурдасын гунзанд зүсээ хувилгасан Очир, орос хувцастай, ширвээ сахал тавьж, нүдэндээ саравч хийчихснийг ажаад дагатал Консулын орос сүмд ороод гарч ирээгүй. Тэр нохойг, Сангийн хот эзэлсний дараа хайгаад олоогүй юм. Гэтэл Манлай ван сургийг нь нутгийн Жамсран тайжийн хүү Жаарайгаас гаргаад намайг илгээлээ. Би түүнийг мөшгөж хөөгөөд Булганы хүрээн дээрээс барьж чадалгүй хил давуулчихсан юм. Тэр үхээр одоо Дорлигийнд бүгээд байна. Гадагшаа гарах тоолондоо орос хүн шиг хувцасладаг. Бас нэг залуу лам түүнийг алсаас бараадан явдгийг бодвол Дорлигийн түлхээсээр түүнийг хамгаалж явдаг бололтой.

Та сэжиг авахуулаагүй биз?

-Ах нь нэг сайн дөнгүүлсэн. Одоо яалаа гэж гоомой хөдлөх вэ? гэж Лхүндэвийг хэлтэл гаднаас онцгойн Нацаг, Авир хоёр орж ирлээ. Рагчаа, арван цагт ажил хэргийн явцыг ярилцахаар хүмүүсээ цуглуулахаар өчигдөр шийдсэн ажээ. Лхүндэв хэд хоног цээжиндээ бөглөрч, шаналгасан тээглээг нэгд нэгэнгүй ярьж, сэтгэлээ уужруулаад өрөөнөөс гарах гэснээ Авирыг хараад хирдхийн гайхаж зогтусан зогсосхийгээд Рагчаа өөд сүрхий харлаа. Рагчаа өвгөний санааг түвэггүй гадарлаад түүнийгээ ойлгуулах гэсэн шиг нүдээр инээмхийлтэл Лхүндэв учир явдлыг мэдээд өрөөнөөс гарчээ. Худам үсгийг гоёмсог янзтай эвхэж “Танихгүй танил” гэж бичсэн хавтсыг нууцын шүүгээнээс авч ширээн дээр тавьсан Рагчаа,

-Авир аа! Чи Түнхэлийн Дашчойнхорлин хийдэд шавилж байсан гэхэд лам болох авьяасгүй юм гэдгийг саяын өвгөн мэджээ. Гэхдээ хэд хоног лам болж, Дорлигийн гудамж сахиж, гийчний араас дагасан паянг сонсохоос гэж хошигнолоо.

-Дорлигийнд бүгсэн нууц хүн, өөрийгөө Улиастайн Говориловын хүү гэж “Даугава” гуанзныханд ярьжээ. Эцэг Говориловтой түнш явсан, одоо германы худалдаачдын “Востоваг пүүсний Гунтер, Говориловын хүүг Харбинд байгаа “Оросыг төвхнүүлэх нийгэмлэгийн” генерал Мицеевский адъютантаар ажилладаг гэж тодорхойлж байна. Дорлигийн гийчинг Очир гэдэг. Богдын тахилч Очирыг Баргын сүмд суудаггүй, Хайлаар, Харбины хүн гэж байна. Очир, Дорлигийнд байх хугацаандаа гадагшаа зургаан удаа гарсан бөгөөд Консулын хар ламын сүм, эмийн сан, Туулын хөвөөн дээрх Гунгаадэжидлинд хэд хэд очлоо. Цагаан сүмд байрлуулсан нэвтрүүлэгч хэрэгслэл бүхий хүлээн авагчийг Жагшжанрайзэг /Дөрвөн гартай суумал бурхан/ бурхны гүнгэрваанд нуусан байна гэж ярьтал гаднаас Дорж нэлээн сандруу орж ирлээ. Рагчаа, Нацагийг өчигдөр орой Пааралвантай холбоо бариулахаар явуулсан. Гэтэл Жаарай гүн өчигдөр Богдод бараалхахдаа түүнийг дагуулжээ. Авирыг ажиглалтаа ярьж дууссаны дараа Рагчаа, 

-Өвгөн /Пааралвангийн нууц нэр/ юу гэж байна гэж асуухад Дорж сэтгэлийн хөдлөл, ичнээний бачимдал, яарч тэвдсэн байдлаа барьж сурсан ерийн зан араншингаар илтгэлээ эхлэв.

-Богдын ордон хөл ихтэй. Нөгөөтэйгүүр Богдтой уулзсан Дорлигийн айлчныг Жудаг гэдэг. Жудаг 1921 онд Ховдын консулын нэг ажилтны түлхээсээр хаант оросын тагнуулынханд биеэ худалджээ. Тэрээр Манж амбаны нууц хадгаламжийг /архивыг/ хулгайлах даалгавар авсан боловч амбаны санг ухаад оргосон байна. Үүнийг мэдсэн Манлай ван, Лхүндэв гэдэг хүн тусгай үүрэг өгч илгээжээ. Харин Жудаг, Лхүндэвийн арванд баригдалгүй хил давж амжсан бөгөөд Өрөмч рүү зугтжээ. Ил тарвагатай, Чулуун хот /Ташкент/-ын ойролцоо нутагладаг цахар монголчуудын эд хөрөнгө, малыг дээрэмддэг болсон Жудагийг цахарууд баривчилжээ. Жудаг Сибирийн шоронгоор үүрлэж явтал Барон Унгерн түүний сургийг гаргаад суллуулах талаар атаман Семеновт илтгэжээ. Атаман Семенов Жудагийг сонирхохоор шийдээд түүнийг Дундад Азиар дамжуулан Японд авчруулж, мэргэжсэн тагнуул болгосон юм. Японыхон Жудагийг төрөлхийн тагнуулч заяатай төрсөн хүн гэж үздэг учраас түүнийг өвөр монгол, манжуурт томилжээ. Жудагийн энэ паянг сайн мэдэх, Сумъяа бэйсийн хошууны нэгэн тайжийн охин Үжнээ хүрээнд байгаа юм гэж тогтуун тайван ярьтал, хүмүүс түүний ярианд шимтэн анхаарлаа төвлөрүүлжээ.

Очирыг Богдод бараалхсан тэр өдөр гүн Жаарай барааг нь харжээ. Жаарай гүн угаасаа баруун монголын Дөрвөд далай ханы итгэмжит бэйсийн хүн. Тэрээр Ховдод олон жил суухдаа Номттой дотно танилцжээ. Номтын чунчаагаас Жудагийн сургийг дуулаад түүний хойноос нууц хүн тавьжээ. Тэгээд Синь-цзянаас хөдөлсөн цэргийн сургийг Жудагийн амнаас дуулсан нууц хүнээ хар усны өртөө  рүү илгээж манлай танд хэл дуулгасан. Жаарай манж амбаныхаар чих тавихдаа Жудагийг хоёр удаа харж, сайн нүдэлжээ. Түүнээс хойш арван жилийн нүүрэнд Жудагтай Богдын ордонд нүүр учирч, хоёр хоногийн дараа хурандаа Кортляровынд айлчлахдаа Жудагийг хоёр удаа харж, сайн нүдэлжээ. Түүнээс хойш арван жилийн нүүрэнд Жудагтай Богдын ордонд нүүр учирч, хоёр хоногийн дараа хурандаа Котляровынд айлчлахдаа Жудагийн байр байдлыг ажаад хурандаагаас лавлаж “Төвийн хүн” гэдгийг мэджээ.

Дорж Хүрээний нууц хүний удам судрыг ингэж нарийвчлан уудалсан тул ажиглалтыг цааш үргэлжлүүлэхийг зогсоож хуйвалдагчдыг баривчлахыг санал болгоод ярианы төгсгөлд,

-Бидний өмнө тулгарч байгаа хамгийн хүнд үүрэг бол жанжны амь насыг аюулгүй байлгах асуудал юм. Гэтэл Жудагийн гол зорилго бол жанжныг устгуулж, ард түмнийг сэтгэл санааны хүнд нөхцөлд оруулж, засаг төрийн эсрэг чиглэсэн зэвсэгт бослогыг эхлүүлээд, зүүн хязгаараар гадаадын цэрэг оруулах боломжийг хангах үүрэгтэй байна гэлээ.

Рагчаа хүрээний нууц хүний зорилго “гогцоог” эхлэх хугацаа, тэдний хамсаатны байдал төлөвийн талаар ажилтнуудтайгаа ярилцаад “Танихгүй танил” ажиллагааны явцыг дүгнэж, зарчмын зарим асуудлыг дахин лавшруулж хянахаар шийдэж, зарим зүйлийг яаралтай тодруулахыг Доржид даалгав. Рагчаа, Өвгөнөөс /Пааралвангаас/ явуулсан захидлыг дахин уншлаа.

“...Жаарай гүн Консулын дэнж дээрх европ эмийн санд хоёр удаа очлоо. Манай засгийг унагахаар Хүрээнд эхлэх зэвсэгт бослогыг “Гогцоо” гэж нэрлэжээ. Эд нар жанжин Сүхбаатарыг хорлохоор төлөвлөж байгаа гэдгийг Жаарай гүн Богдод айлтгаж зөвшөөрүүлэв. Эмийн санд хоёр удаа ирсэн хүмүүсийн дунд найман хүн цэргийн дарга нар байна... өвгөн,” Рагчаа, “танихгүй танил” ажиллагааны гол зорилтыг тогтоосон учраас “золголт” ажиллагааг эхлэхийг яаравчлав. Рагчаа бүх баримтуудыг харьцуулаад Нацагийн саналыг зөвшөөрч “Гакамоку”-ийн уулзах хурандаа орос сүмд үүрлэж, ажиллагааг удирдаж байгааг гадарлав.

-Хурандаагийн “гогцоо” хэзээ эхлэх ёстой вэ? гэж Рагчаа магадлав.

Бидний тооцоогоор бол шинийн долооноос хэтрэхгүй гэж Нацаг хэлээд даргынхаа шийдийг хүлээнэ.

-Зуны сүүл сарын шинийн долоон бол Богдыг Улсын хэмжээт эрхт хаанд өргөмжилсөн өдөр! Тэгэхээр “гогцоог” шинийн тавны шөнө, зургааны үүрээс өмнө эхлэх боломжтой. Бүх баримтыг тунгаавал бидэнд хэд хоног үлджээ. Бидний зорилго бол шинийн найманд Ардын эрхт засаг байгуулсны ойг тэмдэглэх бүх бололцоог хангахад чиглэх, /1921 оны 7 сарын 9-нд Ардын Эрхт Засаг байгуулж, 7 сарын 11-нд Богдод мэдэгдэв/ Хаантан, Очиртой ороолдсон хэргийг мэдэгдэлгүй өнгөрөөе! Одоо Ардын засагт өшөөрхсөн хуучны эрх дархтангууд орон нутагт цөөнгүй байна. Тэд бидэнд мэдэгдэлгүйгээр ямарч хуйвалдаан дэгдээж мэднэ. Тийм хүмүүс өөртөө дэм үзүүлэх түшиг тулгуур хайдаг жамтай. Энэ бүгдийг хараанаасаа гаргаж болохгүй. Тэгэхээр Богд зэрэг хань хамсааны нь хүмүүсийг зохих газруудаас хөдөлгөж болохгүй. Энэ бол цэрэг, улс төрийн уран нарийн ухаан! Ойрын хоёр хоногт Гурван эрдэнийн сүмд ордог нүх сүвийг тогтоосон байх хэрэгтэй. Хамгийн чухал нь хурандаа Жудаг болон хуйвалдааны удирдлагад орсон нэр бүхий найман офицерүүдийг алдаж болохгүй гэдгийг Рагчаа ажилтнууддаа, хатуу үүрэг болгож, тус тусынхаа ажиллагааг, үргэлжлүүлэхийг зөвшөөрч тараагаад Нацагийг үлдээв. Одоо Рагчаа, Нацаг хоёрт юм бүхэн ил боллоо.

Ардын нам, засаг төрийг түлхэн унагахаар хуйвалдсан эсэргүү хөдөлгөөнийг Богдын хүсэлтээр япон цагаантныхан зохион байгуулж, маш нууц байдлаар Хүрээнд бүгсэн Бароны цэргийн найман офицерууд оролцсоны зэрэгцээ тэрхүү худалдааныг Золчакины дээрмийн отрядыг толгойлж явсан туршлагатай хурандаа Котляров удирдаж байлаа. Бослогод хуучин, цагаантны цэрэгт алба хааж явсан хүмүүс, хүрээний худалдаачдын хамсаатнуудаас гадна, Богдын түлхээсээр Хүрээний лам нарыг зэвсэглэж гандан, занхан сүм, дүнжингарабын хашаанд хуарагнахаар төлөвлөсөн байлаа. Тиймээс Рагчаа бослогын удирдлагыг дайчлах ажлыг нарийвчлан төлөвлөх ёстой. Тэрээр “Золголт” үйл ажиллагааг хоёр хувилбартайгаар төлөвлөөд Нацагтай зөвлөхөөр үлдээсэн ажээ. Рагчаа хүмүүсийг гарсны дараа шууд ажил төрлийн ярианд орлоо.

-Нацаг аа! “Золголт” ажиллагааг маргаашнаас эхэлж урьдчилсан арга хэмжээ авъя. Нөгөөдрийн маргааш зуны сүүлийн сарын шинийн дөрвөнд Цэргийн Зөвлөлийн хурлаар Ардын цэргийн анхны наадам тэмдэглэх тухай хэлэлцэнэ. Бидний зорилго бол шинийн зургааны өглөө гэхэд хурандаагийн удирдаж буй хуйвалдаанд оролцсон бүх хүмүүсийг дайчилж, зэвсэгт бослогынхныг хөдлөх боломгүй болгох ёстой. Жанжин Цэргийн яамны онцгой суманг бүрэлдэхүүний хамт бүрмөсөн манайд шилжүүлсэн. Ингэхээр асуудлыг маш нарийн боловсруулж бэлтгэх хэрэгтэй.

-Энэ чинь лут шахамдуу даалгавар байна. Гэхдээ үүрэг бол үүрэг. Тэгэхээр шантраад яах вэ? Бололцоотой бүхнийг хийе. Харин “Гакамоку” жанжныг хорлуулах хүнийг хэрхэн бэлдсэн вэ? гэдгийг тогтоох нь чухал.

-Нацаг аа! Би энэ талаар хэд хэдэн боломж гаргаад байна. Янз янзаар ч бодож үзлээ. Очир, хурандаа, хоёрын аль аль нь Жанжныг хорлох ажиллагаанд оролцохгүй. Харин тэр ажиллагааг нарийн хянана. Бидний ганц боломж Жаргал, Зундуй хоёр байна. Тэр хоёрт хурандаагийн энэ төлөвлөгөөг мэдэх арга бий юу? Үгүй юу гэдгийг хэн ч мэдэхгүй нь аюултай байна. Гэхдээ надад ийм хоёр боломж байна гээд Рагчаа нууцын шүүгээ рүү эргэж “золголт” төлөвлөгөөг гаргалаа.

*    *    *

 

-Би, ойрын үед эхлэхээр бэлдсэн танай ажил төрөлтэй танилцаж, хүн хүч зэвсгийн талаар Артур Максимовичаас сонсоод сэтгэл хангалуун байна гэж оросоор цэвэрхэн хэлээд угийн сэрдэмтгий хартай нүдээр өрөөнд байгаа хүмүүсийг толгой дараалан ажиж зогссон Очир:

-Манай ажлын чигийг та нар гадарлаж байгаа. “Гогцоог” бүтэмжтэй эхлэнгүүт Зүүн хязгаараар цэргийн их хүч нэвтэрнэ. Харин та бүхэн ямаршуухан бодол санаатай байгааг сонсмоор байна гэх нь хүн бүрийн сэтгэлийг мэдэж, шиншлэх гэсэн сонжилт байлаа. Уужим өрөөний ханаар тавьсан зөөлөвчтэй сандалд шигдэж суусан гүн Жаарай, Очирыг нүдний булангаар сэм харж сууснаа,

-Бид цагаан хаант оростой хэзээний барилдлагатай билээ. Тиймээс Богд эзнээ эрдэнийн ширээнд залахын ерөөлийг бодож, монгол туургатнаа төвхнүүлэх хүсэл, эрмэлзлэл төгс учраас Се /Семенов/ ноёнтонд элч зараад гар хоосон суугаагүй. Харин бидэнд оногдох үүргийг чирэгдэл, цар хүрээ юү билээ. Хүн хирээрээ, тэмээ тэнгээрээ гэдэг гэж хэрсүүлэв.

Жудагийг Очир гэдэг нэрээр хүрээнд ирснээс хойш Жаарай гүнгийн сэтгэл гонсойж, Котляров, Лихачев хоёрт царай өгөхгүйг мэрийлээ. Гэтэл Богд, Жаарайг ордондоо дуудаж уулзаад “Өшөөг барах цаг болжээ” гэж өөрөө ятгасан болохоор яаж цааргалахаа ухаарсангүй. Тэгээд хүрээний ойролцоох хийдүүдийн мяндагтан нарт хэл өгүүлж, лам нарыг зэвсэглүүлээд дүү Өлзийн хамт удирдахыг Дээрхийн гэгээн зарлиг болгожээ.

-Зэвсэглэсэн лам нар бүхий цоохор цэрэг, улаан цэргийн хуаранг бүслэнгүүт хөдөлгөхгүй байлгах нөхцөлийг хангана. Тиймээс бууны ам, мэсний үзүүр зөрүүлэхгүй. Зөвхөн бууж өгөх, тулган шаардах бичгийг Богдын нэрийн өмнөөс өгөх үүрэгтэй. Тэр хугацаанд манайхан ажлаа амжуулж дуусгана гэж Очир, Жаарайд учирлав.

-Улаантан бол Монголын Засаг төрийн дотоод өөрчлөлтөнд хушуу дүрэхгүй болзолтой. Тиймээс та нарын эсрэг зэвсэг барьж хөдлөхгүй гэж Котляров Очирын үгийг дэмжиж Жаарай гүнг ятгалаа. Жаарай, хурандаа, Очир хоёрын байр байдлыг эргэцүүлээд “Энэ зөнөг орос, намайг морлигодох санаатай. Тэгээд хамгийн ярвигтайг надаар бүтээлгэх бодолтой. Хөгшин ч гэсэн хар толгойгоо зүгээр дэнчин болгохгүй. Сүхбаатарынхантай яс үзнэ гэдэг нэг хэрэг! Улаан орос бол жич юм” гэж бодоод,

-Эрхэмсэг ноёдын санааг тунгаан болгоолоо. Бид хэрхэхийг дан Богдын зарлиг мэднэ гээд Жаарай айлчингаа барагтайхан үгээр таглав.

-Тэр болно. Гэхдээ хий дүлэгнэвэл Саж ламын араас заларч магадгүй. Тэгвэл Богдын зарлиг ч нэмэр болохгүй гэж мэдээрэй гэж Очир ёжтой хэлэхэд Жаарай мөчөөгөө тавихгүйг хичээж хөмхий зууж,

-Сүхбаатар, улааны цэрэгтэй адилгүй гэж үг сөргөлөө.

-Морины урд хөлийг бүдрэхэд, гуя руу нь ташуурддаг. Тэгэхээр улааны цэрэг, Сүхбаатар хоёрын аль аль нь ялгаагүй гэж Очир захирангуй омогдлоо.

-Ямар ч гэсэн Богд эзэнтний зарлиг мэднэ. Дээрхийн гэгээн соёрхвол, улаантан байтугай улаан галтай зууралдаж ялах ёстой гэхэд Котляров, Жаарайн саналыг сайшаасан дүр гаргаж,

-Ноёд оо! Та бид монголд өөртөө засан тохинох Автономит төрийг тогтоож, төр шашин хослон барих эрдэнийн ширээнд Богдыг залах үйлст чин сэтгэлээр зүтгэх тухай санал нэгдлээ. Энэ бол цаашдаа орос орны хувь заяаг шийдэж төвхнүүлэх гарааны эхлэл болно. Бид ирээдүйн үйл хэргийг эндээс эхлэхийн тулд юуны түрүүнд монгол нөхдөд туслах ёстой. Тиймээс “гогцоо” төлөвлөгөөг ойрын үед эхэлнэ. Энэ тухай жич ярья гээд хурандаа яриагаа дуусгав. Хурандаагийн энэ шийдийг хэдэн өдөр харсан цагаантны хуучин офицер, худалдаачдын эчнээний зангилаа тайлагдаж, хүн бүрийн царай ер бусын хөөр хөгжөөнтэй тарцгаалаа.

Лихачев, айлчдаа нууц хаалгаар сэм гаргаад мөнгөн тавиур дээр зэрэгцүүлсэн гурван хундагыг архиар дүүргэж авчраад Очир, хурандаа хоёрт барилаа. Очир хундагатай архиа ховх сороод сонинд хуйлсан нэгэн зүйлийг задлаад  ширээн дээр дэлгэхийг харвал хүрээний газрын зураг байлаа.

-Артур Максимович аа! Зундуй үүнийг өглөө. Та өөрийнхөө тэмдэглэсэнтэй тулгаж үзээч гэхэд хурандаа улаан хөх харандаагаар дугуйлж зурсан тэмдэгнүүдийг нэг бүрчлэн шалгаад,

-Минийхтэй яг таарч байна. Ямар ч өө алга! Жанжны харуул хамгаалалт маш зөв тэмдэглэгджээ. Би үүнийг жил шахам ажиглаж байгаа болохоор зургандаа тэмдэглээгүй орхисон юм. Ямар ч сэжиг алга гэлээ.

-Шинийн долоонд Богдыг хэмжээт хаан болгосныг тэмдэглэхээр шийджээ. Энэ ёслол дээр 1, 2 дугаар хороо, их бууны хороо, пулемёт суман дарга нарын түр сургууль Богдын ногоон ордноос янбаны улаан гүүр хүртэл жагсах юм. Шинийн найманд Ардын засаг тогтсоны нэг жилийн ойг маш өргөн тэмдэглэхийн тулд бүх цэрэг, зэвсэгтэйгээ жагсаж магадгүй байна. Хэрвээ дөрөвний шөнө өнгөрвөл дааж давахгүй хүчтэй тулгарна. Зундуйн яриагаар баярт бэлтгэхийн тул одоо бүх зэвсгийг арчиж цэвэрлэхээр задалсан гэнэ. Үүнийг Дорлигийн хүмүүсээр шалгуулахад Зундуйн мэдээ үнэн байна гэж Очирыг хэлэхэд хурандаа,

-Маш чухал мэдээ байна. Цэргийн хуаран, харуул хамгаалалт, зэвсгийн агуулахын талаар шаардлагатай зүйлийг Зундуй гаргаж чадвал бид бэлэн байгаа гэж хурандаа баярлан дуу алдлаа.

-Тэгвэл шинийн тавны үүрээр хөдөлнө. Нөгөөдөр довтолгооны талаар эцсийн шийд гаргаж төвд мэдээлээд Зүүн хягаараар нэвтрэх цэргийг манай хөдөлгөөнөөс хойшлуулалгүй яаралтай хөдөлгөх хэрэгтэй гэж Лихаев санал нэмлээ.

-Надад нэг бодол байна. Сүхбаатарыг цааш харуулах даалгаврыг Зундуйд өгнө. Лихачев! Чи Зундуйгаас салж болохгүй. Хэрвээ Зундуй түүнийг нударчихвал Яндаг дүүдээ нууц нэр түлхүүр өгсөн гэдэгт итгэж болно. Хэрвээ Зундуй Сүхбаатарыг устгахгүй бол түүнийг дор нь буудаж устга. Сүхбаатарыг хорлох хүнийг жич олж бэлдээрэй гэж Очир, Лиачевт захилаа. Хурандаа Очирын саналыг зөвшөөрөөд болгоомжтой байхыг сануулж,

-Гүнтэн улаан цэргийн хуаранг бүсэлж зүрхлэхгүй нь. Тиймээс төлөвлөгөөг өөрчлөх хэрэгтэй болох нь байна гэлээ.

-Гүнтэнг дөрөвний шөнөөс үүр цайтал Гурван эрдэнийн сүмээс гаргаж болохгүй. Маргааш дүү Өлзийг нь Богдоор дуудуулж тэнд нь байлгаж байгаад улаан цэргийг бүслүүлэх үүргийг гэгээнтнээр өгүүлнэ. Харин зэвсгийн талаар хүрэлцэхүйц бэлтгэлтэй байхыг хурандаа зохицуулна биз гэж Очирын хэлэхэд Котляров инээмсэглэх төдий шоотгоноод

-Тактикийн бодол ийм хурц байх тусмаа үйлс бүтэмжтэй болдог. Би чиний захиснаар давс хужрыг нь тааруулчихна гэж бардамнан өгүүлэв.

-Бид гурваас өөр хүн үүнийг мэдэж болохгүй. Хамаг ажил эхлэхээс өмнөхөн нөхдөдөө танилцуулна. Зохицуулалтыг газар дээр нь шийднэ гээд Очир, хурандаа Лихачев хоёр өөд сүрхий харлаа.

Зуны сүүл сарын шинийн гуравны шөнө дөл Цэргийн яамны уужим хашааны баруун талыг эзэлсэн дүнзэн байшинд, Цэргийн тагнуулын газрын холбооны мэргэжилтэн, гадаадын нууц түлхүүр тохируулагч хэдэн хүмүүс цугларч энэ өглөө Гунгаадэжидлингийн гол сүмд хүлээн авсан мэдээ, Очироос эзэндээ өгсөн мэдээ сэлтийг тайлан уншихаар “түлхүүр” тааруулж байлаа. Нууц түлхүүр тохируулагч нар Очирын дамжуулсан мэдээг алдалгүй барьж, түүний нууц түлхүүрийг хүрээнд байгаа улаан цэргийн тагнуулын газрын “нууц түлхүүр” тохируулагчдын тусламжтайгаар илрүүлж чаджээ.

Өндөрдүүхэн туранхайвтар залуу саяхан буулгаж, нууц түлхүүрээр тайлсан мэдээг Рагчаад оруулж өглөө.

Дотоодыг хамгаалах газрынхан “Гогцоо” хуйвалдааныг илрүүлэх “Золголт” ажиллагааг шинийн дөрөвний шөнө эхлэхээр ярилцаж байсан болохоор Рагчаа Очирын хүлээн авсан ба дамжуулсан мэдээг уншаад Нацагт өглөө.

“...Гурван баян төлөвлөгөөг эхлэх боломжгүй гэж үзээд хойшлуулав. Төвийн шийдийг хурандаад дамжуулахыг зөвшөөрнө. Сахалт 1922.7.3”

“...Төвийн шийдийг хүлээн авлаа. Буцах шийд яаралтай өгөхийг хүсье... Гакамоку”

Нацаг эл мэдээг уншаад Рагчаа руу хартал, тэрээр хэсэг зуур балмагдсан янзтай гайхав. Рагчаа, хоёр мэдээнд итгэж “Золголт” ажиллагааг зогсоох нь бэрхшээлтэй байлаа. Тиймээс Доржийг “Өвгөн” рүү яаралтай явуулж, дөрөвний орой сүмд цуглах “уулзалт” хойшлогдсон эсэхийг мэдэх хэрэгцээтэй боллоо.

-Нацаг аа! Төлөвлөгөөг өөрчлөхгүй. Ямар ч гэсэн “жанжны хамгаалалтыг” буулгаж болохгүй. Энэ мэдээлэл хэдийгээр яах аргагүй үнэн боловч мэдээний үг бүрийг үнэн гэхэд бэрх. Нөгөө талаар энэ өгүүлбэрийг тонгоруу утгаар төлөвлөсөн дохио байвал яах вэ? гэж хэлтэл Нацаг яах ч аргагүй мухардав.

Рагчаа, Доржийг “өвгөн” рүү явуулсны дараа ажил төрлийн өөрчлөлтийг ажилтнуудтайгаа ярилцав. Өглөөний нар өөдөлж, Хүрэл тогоотын оройг голлож байхад Дорж ирлээ.

Доржийг орж ирэхэд Рагчаа суудлаасаа өндийн, угтан очив.

-Өвгөнд мэдэгдсэн зүйл байхгүй байна. Өнөө орой гүнтэй хамт Консулын дэнжид очих гэнэ. Харин гүнгийн дүү Өлзий өчигдөр Богдод бараалхаад эргэж ирээгүй байна. Харин Дүнжингарбин сүмд дөрвөн гэр, дөрвөн майхан барьчихсан байна.

-Чи яаж мэдээв гэж Рагчаа асуухад,

-Өвгөнийхөөс гараад Сэцэн хорооны зүүгээр тойрч наашаа ирэхэд ойр байдаг юм. Тэгээд Сэлбийн баруун дэнжээр явж байхдаа харлаа гэхэд Рагчаа,

-Нацаг аа! Консулын сүмийн байрлалын талаар ярилцах уу даа. Бид ямар ч гэсэн төлөвлөгөөгөө өөрчлөхөө хүлээе. Харин Хүрээний сонинд зарлуулах зарлал, Жаргалыг хил гаргах асуудлыг хойшлуулъя гэхэд Нацаг Хүрээний зүүн дэнжид байдаг оросын үнэн итгэлт шашны Гурван эрдэнийн сүмийн талаар хийсэн судалгааг ярьж өөрийнхөө саналыг тодорхойлов.

*    *    *

 

...Хүрээний зүүн дэнж, Цагаан давааны өмнөд бэл, Маахуур толгойн зүүгээр буй хэсэг хашаа байшингаас холгүй оросын үнэн итгэлт шашны Свято-Троицкий буюу Гурван эрдэнийн гэгээн сүмийг барьжээ. Үдшийн гэгээ тасрах үед хэд хэдэн хүн сүмд орохыг эрэгцүүлбэл жирийн мөргөлчид гэлтэй. Холын бараа танигдах төдий бараантах хирд Лихачев эмийн сангаас гарч, оройн мөргөлд очих янзтай сүмийг чиглэн гэлдэрчээ. Бүр харанхуй болсон  хойно нэгэн морь тэрэг ирж, сүмийн хаалганд тулж зогсоход нэгэн хүн буусныг ажиж, мэдсэн хүнгүй билээ.

 Сүмийн ширээт  лам, гол шүтээний шаланд гаргасан дөрвөлжин тагийг онгойлгож, гийчнээ налуу шатаар доош буулгаж, нарийн хонгилоор дагуулж алхсаар сүмийн хажуугийн байшинд оруулна. Ламтан хүмүүсийг ирж гүйцсэн хойно шалны тагийг буулгаж хаагаад шүтээний ширээг урагшлуулан засаад сүмээс гарч хаалга цоожлоод байшиндаа орлоо.

Ламтныд энэ үдэш Котляровын төлөвлөгөөгөөр цугларсан хүмүүсийн дотор Жаарай гүн хэлмэрчийн хамт, Жаргал, Зундуй нараас бусад нь орос хүмүүс аж. Хаант оросын үед хэрэглэж байсан албан цол, хэргэмийнхээ хувцасыг өмсөж, ёсорхсон дарга нар цөөнгүй. Ламтны бясалгалын өрөөний шүүгээний дэргэд том самбар тавьж, газрын зураг өлгөөд цагаан даавуу татжээ. Том цонхныхоо хөшгийг битүүлэг татаж, самбарын баруун талд буй ширээн дээр арав арван лаа хатгасан шармал тавиур дөрвийг зэрэгцүүлсэн тул өрөөнд гэрэл гэгээ ихтэй. Чингэтэл өрөөний хажуу ханын хаалга нээгдэж хурандаа Котляров, бүсэндээ буу хавчуулж дүвчирхсэн Лихачев, Богдоос эчнээ хөхүүлэн шагнасан гүн хэргэм янбаны хувцас өмсөж ёсорхсон Очир нарыг орж ирэхэд офицерүүд суудлаасаа босож мэхийн хүндэтгэлээ. Хурандаа хуучин хэргэм цолоо эдэлсэн агаад хөгжөөнтэй үедээ амнаас салгадаггүй үндсэн гаансаа зуужээ. Тэрээр гаансаа амнаас авч,

-Ноёд оо! Хоёр хоногийн дараа генерал Шильниковын цэрэг зүүн хязгаараар довтлох болсныг мэдэгдье. “Гурван баян” төлөвлөгөөг эхлэх болсонтой уялдуулж “гогцоог” зөвшөөрсөн боловч үг ялиг өөрчилсөн. “Гогцоог” маргааш өглөөний 04 цагт /бар/ эхэлнэ. Төлөвлөгөөг шуурхай хэрэгжүүлэх явдал, юуны өмнө Сүхбаатарыг устгах, түүний нөхдийг баривчлахтай холбоотой. Тиймээс Жаарай гүнгийн дүү Өлзий монгол цэргийг удирдан, улаан цэргийн хуаранг бүсэлж, Богдын мэдэгдлийг өгөөд тэдний амь насыг батлан хамгаалах талаар тохиролцоно. Манай тэргүүн хэсэг Сүхбаатарын гэр, холбоо зэвсгийн агуулахыг эзэлнэ гэж хэлэхдээ фронтын цэргийн сэтгэл санаа, урам зоригийг сэргээж, улс төрийн ухамсрыг дээшлүүлэхийг хичээсэн уран илтгэгч шиг урсгана. Ингэж илтгэх авьяасыг орос, германы дайны үед оросын цэргийн дарга нарт албан ёсоор тулган даалгаж байсныг хуучин дарга нар санахгүйгээр өнгөрч чадсангүй. Хурандаа Котляров, бослогод оролцох хэсэг бүлгийн нарийн хуваарийг  газрын зураг дээр заалаа. Хурандаагийн яриаг хайхрамжгүйхэн сонсож суусан Жаарай, Очирыг нүдний булангаар сэм хэрж бодолхийлохдоо Богдын үгийг санаад зүрхшинэ. Жаарай, Ардын засаг төрийн эсрэг хуйвалдаанд хүчин зүтгэх сэтгэлтэй авч Очиртой зуузай холбохыг бодоогүй. Тэгээд Богдод түүний хөг паянг ярьтал Богд, Жаарайн ярианд дургүйцэж “Буян, нүглийн зам мөр хүн хүнд адилгүй. Тэр чинь бурхны биелсэн шавь. Түүний буяны мөр чамд нүгэл, муу ёроор үзэгдэх ёстой. Түүнийг ялган харах хувилгаан чадал чамд хэзээ ч заяахгүй. Чамайг туулай шиг үхээнц, үнэг шиг бултамтгайг мэдсэн бол ижилд чинь ихэрлүүлдэг байж. Гэсэн ч цаг оройтохгүй. Таалалд эс нийцвэл, цаазны мэсэнд нийлэх ёс бий” гэж сүрдүүлсэн тул Богдын урт гарыг мэддэг, догьширсон арга залийг гадарладаг Жаарай энэ удаа хаширлажээ. Хурандааг үгээ хэлсний дараа Очир,

-Ноёд оо! Цэргийн яамны ажилтан Зундуйг та бүхэнд танилцуулъя. Бидний хамгийн итгэлтэй, туршлагатай зүтгэлтэн. Одоо бослогод хамаарах ажил төрлийн талаар саналаа хэлнэ гэлээ. Зундуй суудлаас өндийхдөө Жаргал өөд сүрхий харснаа сэтгэл шулуудсан янзтай,

-“Гогцоо”-г хир амжилттай болгох нь миний үгийг аль зэрэг ойлгож, цэргийн хуарангийн харуул хамгаалалт, зэвсгийн агуулахын манаатай солилцох нууц нэр, дохио, сорилтыг хэрхэн хэрэглэснээс шалтгаална гэж бодож байна. Нэг үг буруу хэрэглэвэл ясаа нэг нүхэнд хаях аюулд орно. Тиймээс бослого эхлэхээс цагийн өмнө төлөвлөгөөний дагуу байрласан хүн хүчийг шалгах, дохио түлхүүрийг хэрэглэхэд гарсан алдааг засаж залруулах хэрэгтэй. Сүхбаатар цэргийн уран чадварыг гоц эзэмшсэн хүн гэдгийг мартаж болохгүй. Дохиог өө сэвтэй хэрэглэвэл Сүхбаатарт харуулууд дор нь мэдэгдэх талтай. Чингэвэл Сүхбаатар  хэдэн салаа цэргийг хэдэн хорооны эсрэг зөв байрлуулж сөрөх довтолгоо хийж чаддаг хүн гэж Зундуй хэлэнгүүтээ газрын зураг дээр шаардлагатай газруудыг зааж тайлбарлав. Зундуйг яриагаа дуусгасны дараа Очир суудлаасаа өндийж,

-Одоо шөнийн 00 цаг болж байна. Зундуйн саналын дагуу бослогыг бэлэн эсэхийг газар дээр нь шалгана. Асууж лавлах зүйлгүй бол одоо ажилдаа орцгооё гэхэд ламтны цугларсан хориод хүмүүс суудлаасаа босоцгоолоо.

Гүнтэн соёрхвол өнөө шөнө эндээ үлдсэн нь дээр! Цэргийн хөл үймээн таныг чилээж магадгүй гэж хурандааг хэлэхэд Жаргал,

-Бид эмийн санд хоновол дээр байх! Орос сүмд эвгүй санагдаад байна гээд өрөөний булан дахь бурхан тахил өөд харлаа.

-Ёстой цэцэн бэрийн ухаан гарч байх шив дээ гэж Жаарай гүн Жаргалыг магтаж хэлтэл хурандаа хуурамчаар инээвхийлэн,

-Хүн, шашныхаа онцлогийг баримтлалгүй яах вэ? Тэгэхээр Лихачев, айлчдаа хүргүүлэх арга бодооч гэж зөөлөн талархуу хэлэхэд Лихачев хурандаагийн туслахын нэгэнд түлхүүрээ өгч тэднийг сүмийн арын хаалгаар гаргав.

Сар саруул шөнийн тэнгэрт шинийн дөрөвний мөлгөр сар мэлтийгээд сүүн цайвар гэгээ хүрээ хотыг нөмөрчээ. Тэд өөр хоорондоо үг ярилгүй гэлдэрсээр сүмийн баруун урдхан байгаа эмийн сангийн хашаа хүрлээ. Хурандаагийн туслах, хаалганы хавтасны том цоожийг түлхүүрээр сурмаг онгойлгоод цүүнээс мулталж, өөрөө түрүүлж ороод, нэг жижиг тасалгааны голд ширээн дээр буй дэнг асаагаад шүдэнзээ халаасандаа хийнгүүт,

-За ийшээ орцгоо гэж уриалгахан хэллээ. Шөнийн гийчид өрөөнд орж бараантсан гэрэлд сүүтэгнэсэн тавьц тавилгыг ажиж амжаагүй байтал нэг хүн цонхны хөшигний цаанаас гарч ирээд,

-Хөдөлж болохгүй! Гараа өргө гэж захирангуй анхаарууллаа. Жаарай гүн байдлыг ажаад гэдэргээ ухартал ар нуруунд нь бууны ам тулсанд сэтгэл шимширч, голоор хүйт оргихыг ухаарлаа. Тасалгааны шүүгээ, хөшигний араас гарч ирсэн арав гаруй цэрэг, бууны амыг хүн бүрд оноон чиглүүлснийг мэдсэн хурандаагийн туслах, гараа өргөх самбаандаа малгайгаа шүүрэн авч ширээн дээрх дэн өөд чулуудаад өрөөний шал руу үсэрч унангуутаа байраа өөрчилж хэд хэдэн удаа өнхрөхдөө бүсэндээ хавчуулсан буугаа аваад өндийх гэтэл дагзанд нь буу тулгачихсныг гадарлав. Нацаг, хурандаагийн туслах залуугийн цамцны захнаас татаж,

-Буугаа хая! Тоглоом хэтрэх аминд халтай. Ухаантай хүн аминаасаа уйддаггүй гэж анхааруулж, оросоор эвлэгхэн хэллээ. Хурандаагийн туслах хий дүвчигнэвэл амь эрсдэнэ гэдгийг ойлгоод буугаа шалан дээр чулуудаад хүн бүрийг сүрхий хэрсүүлэн ширтэж, хялалзсаар бослоо.

-Та нар сүмд мөргөл хийгээд ирэв үү? гэж Рагчааг асуухад баригдсан хүмүүсийн хэн нь ч дугарсангүй. Рагчаа, Жаргалын дэргэд очоод,

-Энэ бүсгүйгээс бусдыг нь хүлээлгэж бай гэхэд Жаарай гүн,

-Наад бүсгүй чинь хийсэн гэм буруугүй хүн! Дорой, бүсгүй хүнийг гоочлох хэрэггүй. Харин биднийг хэмлэвэл нэлээн мөлжүүртэй байж мэднэ гээд нөхөд рүүгээ толгой дохин заалаа.

-Гүн гуай! Бид эрүү шүүлт хэрэглэдэггүй. Ардын засаг өөрийн хуультай гэхэд Жаарай гүн “Тэр хууль чинь даан их удахгүй байхаа... Эд нар сүмийнхнийг мэдэж байгаа болохоор өнөө бослого нохойн замаар орлоо шүү” гэж бодоод илүү дутуу үг “донгосохгүйгээр” шийдээд эмийн сангийн байшингаас гарчээ. Баригдсан хүмүүсийг гарч гүйцсэн хойно Рагчаа,

-Жаргалаа! Сүмд ямар улс үлдсэн бэ? гэж магадлав. Жаргал сүмд болсон зүйлийг дэс дараалан тоочоод: -хурандаа, Зундуй, Лихачев, Очир, дөрвөөс гадна таван хүн бий. Тэд хоёр давхарт байгаа бясалгалын өрөөний хажуугийн тасалгаанд тоглож байгаа гэж хэлэхдээ сүмийн шалан доогуурх хонгилоор дамжин ламтны байшинд ороод дээд давхарт гарахдаа гийчдээс түрүүлж нэг өрөөнд санамсаргүй орсноо саналаа.

...Дээд давхарын хонгилд зогсож байсан нэг орос залуу Жаргалын хойноос ухасхийн ороод түүнийг өрөөнөөс гаргахдаа “Энэ өрөөнд орж болохгүй” гэсэн шиг толгой сэгсэрч билээ. Тэр өрөөнд байсан таван хүн, хурандаагийн хуралд суусангүй. Жаргал хурал тарангуут ламын өрөөнөөс гарч нөгөө дарга нарын өрөөний үүдний дэргэдүүр өнгөрөхдөө онгорхой хаалгыг сэм ажихдаа цагаантны дарга нар тэр өрөөнөөсөө хаашаа ч гаралгүй хөзөрдснийг мэджээ...

-Ямаршуухан хүмүүс байсныг ажигласан уу? гэж Рагчааг асуухад Жаргал,

-Цөмөөрөө цагаантны дарга хувцастай хүмүүс байсан гэлээ.

-Жаргал аа! Тэдний дунд буурал халимагтай хоёр хүн байсан уу?

-Цав цагаан толгойтой хоёр хөгшин, хөзөр тоглож байгаа залуу дарга нараас зайдуухан ярьж байгаа харагдсан. Тэд нар бас сүмийн ламын аль аль нь хуралд ороогүй гэхэд Рагчаа Жаргалд талархал илэрхийллээ.

-Жаргалаа! Чамайг эндээс давын өмнө холдуулж болохгүй. Тиймээс түр хорино гээд Рагчаа учир холбогдлыг Жаргалд тайлбарласан ажээ. Жаргалыг өрөөнөөс гарахад араас нь харж зогссон Нацаг сэтгэлдээ “Одоо манай оронд шашин, сүсэг бишрэлд автагдахын эрхээр Ардын нам, засаг, төрийн бодлогыг бүрэн дүүрэн ойлгож чадаагүй Жаргал шиг эргэлзсэн залуус цөөнгүй. Тийм хүмүүс, хамгийн түрүүнд дайсанд ашиглагддаг. Тэгээд эцэстээ амь насаа алддаг учраас тэдний оюун ухааныг буртагласан үзэл санаа, ёс суртхууны хоцрогдол, ухвар мөчдийн харанхуй төөрөлдлөөс ангижруулж, ардын нам, засаг төрд итгэх итгэлийг төрүүлэх хэрэгтэй. Тэгснээрээ шашны төөрөгдөлд урхидуулсан залуусыг шинэ үеийн, шинэ хүн болгож чадна. Тиймээс Жаргалыг дайсны гарт ашиглуулж болохгүй” гэж хэлсэн Рагчаагийн үгийг санажээ. Нацаг чингэж бодсоор зогстол Рагчаа

-Нацаг аа! Сүмийн тойм зургаа гаргаач гэлээ. Рагчаа зургийг ажиглаж зогсохдоо “Бароны штабын тагнуулын газрын хоёр хөгшин, Сухаревын  тусгай сумангийн гурван дарга, Котляровтой зуузай холбосон учраас сүмд хорогдож байгаа байх нь. Тэд үе үе хүрээний гудамжинд үзэгдээд ор мөргүй алга болчихдог эд шидийн учир одоо олдох нь” гэж өөртөө шивнэжээ.

*    *    *

 

Очир, хурандаа хоёр цонхны хөшгийг үл ялиг ярж, шөнийн сарны гэрэлд сүүтэгнэсэн эмийн сангийн байшингийн зүг ширтэн хэдэн мөч дуугүй зогстол хурандаа цонхны хөшгийг татаад,

-Дэнгийн гэрэл унтарсангүй. Эмийн санд амар жимэр бололтой гэхэд Очир, сая цонхноос холдож, ширээний дэргэд очсоноо,

-Таны хүн ирсэн үү? гэлээ.

Үүдний өрөөнд байх ёстой гээд хурандаа хонхоо авч жингэнүүлтэл нэгэн намхан орос орж ирлээ. Хурандаа орж ирсэн хүнээс,

-Тэнгэр ямар байна? гэж урд товлосон нууц үгээр лавлахад Зундуй нөгөө хүнийг ажсаар “Эд нар намайг дахиж сонжих нь” гэж бодлоо.

-Сүхбаатар ажиг аваагүй байна. Гэр бүлийнхэн нь зуслангаас ирээгүй учир байшиндаа байгаа. Сүүдэр нь оройноос хойш харагдаагүй. Манайхан Дүнжингарбын сүмд байгаа гэж илтгэхэд хурандаа мэдээчийн зүг нүд ирэмлээ. Мэдээч хурандаагийн дохиогоор өрөөнөөс гарахад Очир онигор, хартай нүдээ жоотийлгон Зундуй, Лихачев хоёрыг хэсэг ажсанаа сая ам нээж,

-Зундуй! Бослогыг эхлэхээс өмнө Сүхбаатарыг устгах хэрэгтэй. Гэтэл Сүхбаатарын өргөөнд шууд нэвтрэх тийм бололцоо алга. Харуул хамгаалалтанд сэжиглэгдэхгүй нэвтрэх боломж чамд бий! Бид чамд итгэж энэ үүргийг өгч байгаа юм гээд Зундуйн нүүр өөд ширтэн ажив. Очир, хүний сэтгэл санааг түгшээж чадах эгзэгтэй зүйлийг гэнэт асуугаад царайны янз байдал, харцны хувьсалт хийгээд ярианы өнгө, өөрчлөлтийг ажигладаг заншилтай. Хүн, иймэрхүү асуултанд мухардахад нүдний харц өөрчлөгдөж тулгамдах, царайны өнгө хувьсаж ягаарах, түгдэрч самгардахын эрхээр ээрэх, шүлсээ гуд гуд залгих зэргээр сэтгэлийнхээ цочролыг илчилдэг билээ.

Мэдлээ. Тушаал ёсоор гүйцэтгэе гэж товчхон тодорхой илтгэхэд Зундуй ерийнхөөсөө илүү тайван байгааг хараад гайхсан Очир сэтгэлдээ “Зундуй яагаад гэнэтийн асуултанд цочсонгүй вэ? Дотоодын хамгаалахын даалгавраар яваа бол Сүхбаатарыг устгах даалгавар аваад тулгамдаж, самгардах ёстой! Гэтэл Зундуйн нүүр царай, үг ярианд өөрчлөлт гарсангүй. Бүх сорилтын үр дүн ном ёсоор илэрсэн болохоор Яндаг дүүдээ итгэж бүх зүйлээ ярьсан нь үнэн байж таарах нь” гэж боджээ.

-Сүхбаатараас өшөөгөө авна гэдэгт итгэж байна. Гэхдээ Сүхбаатарын тасалгаанд ганцаараа орж болохгүй! Лихачевтай хамт орох хэрэгтэй. Хамгаалалтын арваны дарга урд оройноос хойш үзэгдээгүй. Тэр лүд Сүхбаатарын хажууд байгаа бололтой. Тиймээс ганцаараа орох нь чамд осолтой! Лихачевыг улаан цэргийн штабаас жанжинтай уулзах маш чухал ажлаар яваа гэж танилцуулбал сэжиглэгдэхгүй байх гээд Очир дээлийн өврөөс таван сум, буу гаргаж Зундуйд өглөө. Тэрээр Лихачев өөд эргээд,

-Одоохон хувцасаа соль. Та хоёрт маш бага хугацаа үлдлээ гэхэд Лихачев хувцасаа солихоор хажуугийн өрөөний хаалга өөд чиглэв. Тэрээр хэдэн жилийн өмнөөс өөртөө хадгалж явсан улаан цэргийн дарга хувцсаа өмсөж байтал Очир орж ирлээ. Очир, Лихачевын дарга хувцасыг эргүүлж тойруулж харснаа,

-Яггүй догь зохиж байна шүү гээд хуурамчаар инээмсэглэж тал зассан болоод яриагаа үргэлжлүүлж: -Александр Александрович аа! Таны туслах Тимохин үүдний өрөөнд хүлээж байгаа. Түүнийг дагуулж явсан нь дээр. Хурандаа бид хоёр түрүүхэн заавар өгчихсөн. Зундуйг итгэх итгэл миний сэтгэлд буухгүй байна. Хэрвээ жанжныгаа алахаас булзайрч татгалзахад хүрвэл дор нь устгаад хоёр дахь хувилбарыг хэрэглэж Тимохиноор устгуулах хэрэгтэй гэж учирлав. Чингээд Лихачевтай хамт ламтны бясалгалын өрөөнд орж ирэхэд Зундуйтай ажил төрөл ярьж суусан хурандаа суудлаасаа өндийж тэднийг тосон очоод,

-Хянамгай яваарай! Амжилт хүсье гэлээ. Очир, тэднийг өрөөнөөс гаргаж өгөөд буцаж бясалгалын тасалгаанд орж ирээд том ширээний дэргэд суугаад,

-Артур Максимович аа! Одоо ажлаа эхлэх үү дээ гэтэл хурандаа өөрийнхөө туслахын нэгэнд,

-Цаадуулаа оруул гэж тушаангуй хэлтэл хурандаагийн хамгаалагч толгой дохиод өрөөнөөс гарлаа. Чингээд удаж төдөлгүй орж ирсэн таван офицер, хуучны хэргэм цолоо бүрэн эдэлж зүүснийг ажвал хэдэн сарынхаа бүгээнээс гарахаар шийдсэн ажээ. Хурандаагийн хоёр туслах өрөөний гурван ханын хаалгыг хааж хөшгийг янзлаад гарцгаалаа. Хүрээний бослогыг удирдах бүрэлдэхүүнд ордог офицерууд хурандаагийн үгийг хүлээн номхон зогсож байтал,

-Ноёд оо! Наашаа суугаач гэж хурандааг  урьтал бослогыг удирдах хүмүүс ширээний ойролцоох сандлууд дээр суулаа.

Хурандаа Бароны үеийн туршлагатай хүмүүсээр бослогын дөрвөн хэсгийг удирдуулахаар шийдэж, тэдэнтэй төлөвлөгөөгөө ярилцаж хийсэн билээ. Тэднийг чингэж ярилцаж байхад Очир том ширээний арын зөөлөвчилсөн сандал налж, нугдайн суухдаа ширээн доогуур хөлөө жийжээ. Тэрээр хурандаагийн хамсаатанг толгой дараалан ажиж суухдаа “Өнөө шөнийг өнгөрөөчихвөл үү? Миний нар гарах нь тэр! Одоо дахиад Хүрээ зүглээд сайнаа үзэхгүй. Хурдан Токиогийн бараа хараад шагналаа гартаа хийчихвэл үү? Банкинд байгаа хэдтэйгээ нийлүүлээд далайн тэртээх орны бараа харчихвал болох нь тэр. Алтны үнэ, өнгө хоёроор хүссэн бүхнээ эрхэндээ оруулж чадна. Одоо шалдар булдар хоёрын хооронд бодолд хөтлөгдөж хүүхэд шиг хийсэж, дэвэрдэг нас өнгөрсөн. Би чинь Магсаржавт нүд үзүүрлэгдэж, орос түшмэлд гоочлуулж, нарсанд хатаж яс арьстайгаа сарьсалж явсан Жудаг биш! Нэг ертөнцийг нөгөөгөөр нь арилжиж чадах сүйхээтэй, банкны хөрөнгөтэй эзэн болох зам мөр тодорсон хойно унацтай наймаанд толгойгоо тушаах хэрэггүй” гэж бодсоор хурандаагийн яриаг хайнга сонсох ажээ.

-Ноёд оо! Бид “Гогцоо”-г “Гурван баянтай” хамтруулах гэсэн боловч генералууд дээд командлалын шийдээр төлөвлөгөөг хойшлуулсан тухай, өчигдөр мэдээ авлаа. Бид төлөвлөгөөгөө нарийн чанд хийсэн гэдэгт санал нэгтэй байгаа тул өөрсдийнхөө хүчинд тулгуурлаж Богдын туслалцаатайгаар хөдлөхөөр шийдвэрлэв. Тиймээс...

-Хурандаа Котляров үгээ хэлж дуусаагүй байтал уужим өрөөнд хэн нэг хүний баргилдуу дуу хүнгэнэн цуурайтав.

-Эрхэм ноёд оо! Суудлаасаа хөдөлж болохгүй гэж оросоор тод хэлэх нь хурандаагийнханд тод сонсогдлоо. Гурван ханын хаалганы хөшигний  араас гэв гэнэт гарч ирсэн цэргүүдийн бууны амыг хайнга ажсан хурандаагийн хамсаатнуудад халаасандаа байгаа буундаа гар хүрэх завдал гарсангүй. Рагчаа, сүмийн ширээт ламын байшингийн өрөө тасалгааг нарийн судалсан Нацагийн зургаар хүмүүсээ байрлуулахдаа хурандаагийнхыг гал нээж, эсэргүүцэх боломжгүй болгожээ. Хурандаа Котляров, тэнгэрээс унасан юм шиг гэнэт гарч ирсэн цэргүүдийг агшны төдий л гайхсангүй. Тэрээр тулгамдсан үедээ уужуу хөдөлж сурсан заншлаар нуруугаа үүрсэн хүн шиг зогсохдоо өмднийхөө арын заханд сул хавчуулсан буугаа авахыг завдаж байгааг Очир ажиглажээ. Тэрээр ширээн доогуур жийсэн хөлөө сэм татан атийлгаад ширээний ирмэг рүү тийрэнгүүт суудлаасаа холби үсрэн шал руу элэгдэн унав. Дөрвөн том тавиуртай лаа, ширээтэйгээ унах тэрхэн зуур харанхуй өрөөнд буун дуу зэрэг нижигнэв.

Очир, харанхуй тасалгаанд гарсан буун чимээг анзаарах сөхөөгүй өрөөний зүүн ханын хаалга өөд ухасхийн дайрч гартал Рагчаагийн заавраар нөгөө өрөөнд отсон Нацагтай халз тулжээ. Нацаг өөртөө олдсон боломжийг ашиглан, Очирын зүүн эрүү, аймхайд хүчтэй тулган буулгатал тэрээр ухаан балартан бөхийх тэр хооронд хоёр гарын зангидсан нударгаар дагз руу нь буулгажээ. Хир баргийн юманд эрсдэж үзээгүй, догьширсон айлчин чухам хэрхсэнээ үл ухааран шалан дээр тугдайн унасны дараахан Нацаг түүний чамархайд цочрол өгч ухаан залгууллаа.

Очир, ухаан оронгуутаа орчин тойрноо сэм ажиглавал тэрээр ламтны бясалгалын өрөөний хажуугийн тасалгааны хаалганаас холгүй унаж шалан дээр хэвтэж байгаагаа ойлгоод байдлыг ажиглан, чимээ чагнаж хэсэгхэн хэвтэв.

-Очироо баашлах хэрэггүй! Бос... бос гэж анхааруулсан Нацаг Очирын гүн хэргэмийн хүрэмнээс татахад илүү зан гаргаж хэдэрлээд нэмэргүй болсныг ойлгоод шалнаас өндийлөө. Очир, босонгуутаа хүмүүсийн байдлыг ажвал мэлзэж мэтгэх найдлагагүй болохыг ухаараад тавьсан шаардлагыг дагахаас өөр замгүй болжээ. Тэрээр Рагчаа, Нацаг хоёрын шаардлагаар тэднийг дагаж гэлдэрсээр ламтны байшингийн доод давхарын нэгэн уужим өрөөнд орж ирлээ. Очир, баригдсан хүмүүсийг толгой дараалан ажиглавал хурандаагийн таван сүлд гэгддэг Бароны дарга нар, мөн тагнуулын ажиллагааг таван хуруу шигээ ойлгодог хоёр хөгшин цөм баригдсан байлаа. Нацаг баригдсан хүмүүсийг нүд гүйлгэж ажсанаа,

-Сүмийн ширээт лам алга гэж шивнэн Рагчаад хэллээ.

-Артур Максимович аа! Ширээт ламын цогцос сүмийн зооринд байна. Нэлээн удсан янзтай. Гэтэл өнгөрдөг үдэш ширээт ламтанг сүмээсээ гараад байшиндаа залрахыг олон хүн харжээ. Та, энэ илбэ ухааны учрыг гадарлах байх аа! гэж Рагчааг сануулахад хурандаа харц бууруулав. Чингээд Рагчаа нэг цэргийн барьж байгаа хар ламын хувцас, хиймэл сахал, хууз тэргүүтнийг заагаад,

-Та үүнийг өмсчихвөл ширээт ламыг орлочих юм биш үү? Хурандаа Хомов аа! гэж алдар цол, аав ээжээс заяасан нэр овгоор нь дуудаж лавлав.

...Колчакын үеийн Хомовын намтар түүхийг Рагчаа энэ хугацаанд бүрдүүлээд зэхчихсэнийг хурандаа хэрхэн мэдэх аж. Цагтаа Колчакын залхаан цээрлүүлэх, мөрдөн илрүүлэх тусгай газрыг толгойлж явсан Хомов, Омскийн Засгийн газрынхантай түнш хагарч, яльгүй зүйлээс болж маргалджээ. Учир нь хятадын Сю Шу чжэн, монголд нэвтэрч Автономитыг устгаж дураараа дургисан явдлыг эсэргүүцсэн Омскынхон “Гурван улсын гэрээнд” бүдүүлэг хандсанд дургүйцсэн юм. Чингэж Колчак, зусарч, бялдууч зангаараа алдаршсан хэдэн дипломатчидтай нийлсэнд Хомовын эгдүү хүрч тангараг тасарсан билээ. Омскынхонтой улс төрийн үзэл бодол эс таарсан Хомов, Колчакаас салангуут дээрмийн отряд байгуулав. Тэрээр Сибирийн эгэл жирийн ард түмнийг тонон дээдэмдэж, тосгон гацаагаар нь хүйс тэмтэрч яваад эцэстээ амь тээхийн эрхэнд Троицкосавскад бүгсэн эртний танил Сысоевыг бараадаж ганзага нийлүүлэхийг боджээ. Чингэтэл 1920 оны 2 дугаар сард Хувьсгалт нууц бүлгийнхэн зэвсэг барин босож 1919 онд хүчинд эрсдэн унагаагдсан Зөвлөлт засгийг дахин байгуулав. Троицкосавкад хоргодож байсан цагаантнууд Монголын Хиагтыг бараадан гамингийн генерал Чен-Игийн асрамжинд орж, Наймаачин хотын шавар хэрмэнд толгой хавчуулсан нь “сэгээ уралцсан хоёр шархтай чоно бие биенийхээ гараар могой барихыг” хичээсэн хэрэг байжээ. Гэсэн ч тэднийг “Бурхан тэнгэр” ивээн таалсангүй. Ардын журамт цэргийн сураг чимээг битүү сонссон Хомов, хар толгойгоо бодон хүрээ бараадсан боловч улаан голоо торгоох зам мухардсаныг ойлгожээ. Тэгээд эцсийн ов мэхээ гаргаж Свято-Троицын сүмийн ширээт ламыг нудраад биеэ далдалсан билээ. Гэсэн ч хурандаагийн биширдэг “Ариун гэгээн бурхан тэнгэр” түүнийг энэрэлдээ багтаасангүй.

Котляров хэмээгдсэн хурандаа Хомов, өөрийнхөө ажиллагааг илрүүлэхэд хүргэсэн буруутанг мэдэхийг бодохдоо,

-Ноён даргаа! Та хэзээнээс сэжиг авсан бэ? гэж Рагчаагаас асуулаа.

-Эмийн сангийн эрхлэгчийг тэрэгчин болгосон таны алдаанаас эхэлсэн гэхийг сонсоод хурандаа гүнээ санаа алдан, сэтгэлдээ “Бүтэн хоёр сар гаран миний мөрийг мөшгөхдөө сэжиг авахуулдаггүй сүрхий дамшгууд байна шүү” гэж бодоод Рагчааг сонжиж,

-Дайнд нэг нь ялж, нөгөө нь ялагддаг болохоор яая гэх вэ? Харин дайнд олзлогдсон ахлах офицерын хувьд тусгайлан хорихыг шаардах эрхтэй гэж бодож байна гэлээ.

-Олон улсын хэлэлцээгээр бол таныг дайнд олзлогдсон цэргийн гэмт хэрэгтэн гэж үзэх үндэс байхгүй гэж Рагчааг ноцтой хэлэхэд хурандаа бүлх залгиж хахсан хав гөлөг шиг хөөрхийлөлтэйгээр бүлтэгнэв. Котляров хэмээгдэх нэрээр Хүрээнд толгой хавчуулж өдий хүрсэн Хомовтой ярилцаж буй Рагчаагийн үгийг сонсох төдий чагнаж зогссон Очир “Бүтэлгүй өгрүүдээс болж ингэж хөөдөгдөх хэрэг үү! Мөн гайхмаар хачин тохиолдол  оо? Наашаа хэрэггүй зүглэжээ. Энэ хэргийг бүтээвэл цадиггүй баяжиж бэлжих хөрөнгө өгнө гэж хэн амласан вэ? Бүх хадгаламжаа алт болгоод гадаадын банкинд шилжүүлээд далайн чанадад  гарвал лусын эзэн болно гэж хэн ятгалаа? Одоо Токиогийн хоёр банкинд байгаа тэр их хөрөнгө хэний гарт орох вэ? Озакура, ингэж баларсныг мэдэнгүүт өөрийнхөө гар хөлийн зарц нарыг гүйлгэж тэр хөрөнгө, хадгаламжийг өөрийнхөө нэрэн дээр болгуулахын тулд хуурамч “гэрээслэл” бэлдэж чадна! Өгөр шулам, арлын годгор ингэхийн тулд намайг Хүрээ рүү цөлжээ” гэж бодсоор зогсохдоо Озакураг санатал  түүний залирхуу овжин цайвар царай Очирын сэтгэлд үзэгдэх шиг боллоо. Тэрээр Токиогийн хоёр банкны эзэдтэй уулзаж Жудагийн хадгаламжийг өөрийнхөө нэрэн дээр болгуулах баталгааны өвлөх эрхийн баримтанд гарын үсэг зурахаар зэхэж байгаа мэтээр Очирын нүдний үзүүрт өртсөнд тэрээр нүдээ тас аньж хөмхийгөө зуужээ. Чингэхэд  Очирын сэтгэлд айх, гайхах бодол зэрэг төрж, зүрх шимшрүүлсэн бүхэн түүний оюун ухааныг шаналгана. Очир нүдээ аньсаар “Алт... алт! Үнэ өнгө хоёроороо хорвоог хөрвүүлж чаддаг алтны ид шид, нэг шуналтны гарт нөгөө нэгийг нь тушааж, амь биеийг нь түйвээдэг уламжлалаар эзнээ өөрчилдөг жам мөртэй ажээ. Алтны энэ гайхамшигтай бузар булайг өдий хүртэл мэдээгүй явсан минь эцсийн эцэст хар толгойгоо гээхэд хүрэх нь. Хүний үйл лай нүднээс далд дагадаг гэсэн миний лай нүдэнд ил, дагаж явжээ” гэж бодтол амьсгаа нь давчдаж хоолой нь бөглөрөх шиг санагдсанд аньсан зовхио нээж ойр тойронгоо ажиглан хартал Рагчаа түүний дэргэд ирээд,

-Та тайван бай! Хэтэрхий их сандарч олон юм зэрэг зэрэг бодох зүрхэнд халтай байдаг. Тийм биз дээ? Жудаг аа! гэхэд эцэг эхээс хайрласан нэрээ сонсолгүй арван жил болсон хойно сая сонсоод зүрх нь зогсчих шиг боллоо.

*    *    *

 

Лихачев цаг хугацааг алдалгүй баримталдаг болохоор энгэрийнхээ цагийг байн байн хардаг зуршилтай. Тэрээр энгэрийнхээ халааснаас цагаа гаргаж,

-Одоо цаг хүрэхгүй хугацаа үлдлээ. Та нар холбооны шугамыг заасан газраар таслахдаа болзсон цагаас арван таван минутын өмнө амжсан байх хэрэгтэй гээд Лихачев зүүн харчуулын хооронд байдаг нэг орос худалдаачныд бүгсэн гурван хүнд үүрэг өгснөө байшингаас гарахаар үүд рүү эргэтэл Тимохин сүүдэр шиг дагав. Тэд морьдын хурдаар давхиулсаар дүнжингарбын сүмийн хашааны үүдэнд буутал Жаарай гүнгийн дүү Өлзий нэгэн оросын хамт тосон угтлаа. Лихачев, Өлзийтэй уулзангуут тусгай даалгавар өгч,

-Одоо өөрийнхөө тавинтай явж орос цэргийн хуаранг бүсэлж бар цагт арван таван мөч дутуу байхад Богд хаантны бичгийг гардуулаад бусдыг төлөвлөсөн ёсоор гүйцэтгэнэ. Тиймээс одоохон хөдлөх хэрэгтэй гэж тушаахад Өлзий толгой дохиод хашаанд бөөгнөрсөн цэргүүд рүү эргэлээ. Лихачев, нөгөө оростой уулзаад цэргийн байдал, төлөвийг ажиглаад,

-Их буугаар хоёр удаа буудаж дохио өгөөгүй цагт хашаанаас хэн ч гарч болохгүй гэж хатуу тушаалаа. Лихачев урд оройноос хойш уван цуван цугларсан хүмүүсийг ажиглавал ихэнх нь лам ажээ. Тэрээр чингэж бослогынхны байдалтай танилцаад морьдоо хашаанд үлдээгээд хоёр цэрэг дагуулан Дүнжингарбын сүмийн өндөр сургааган хашааны даамангаар гарч баруун тийшээ зүглэв.

Зуны сүүл сарын шинийн тавны үүрийн гэгээ тэмдэгрэхээс нэлээн өмнө сүмийн хашаанаас гарсан Лихачев, Зундуй, Тимохин гурав хоёр цэргийг дагуулан Сэцэн ханы хорооны урд хүрийг бараадан явсаар нэгэн хашааны үүднээ очлоо. Лихачев, энгэрийн цагийг гаргаж харснаа,

-Яг арван таван мөч үлдлээ. Одоо хаалгыг нь цохь гэж тушаангуй хэлэхэд Зундуй явган хаалгыг гинжээр нь балбав. Хаалга цохих чимээнээр жанжны гэрийн арын байшингаас гарч ирсэн нэг хүн,

-Хэн бэ? гэж лавлан шалгаахад Зундуй нууц дохио, нэрээ хэллээ. Дунд зэргийн нуруутай нэг залуу явган хаалгын түгжээ тайлж онгойлгоод,

-...Аа Зундуй гуай юу гэхэд Зундуй Лихачев өөд зааснаа,

-Улаан цэргийн штабаас жанжинтэй биечилж уулзах яаралтай хэргээр энэ дарга иржээ. Жанжин нойрсож байна уу? гэхэд нөгөө залуу,

-Жанжин тун саяхан ирсэн. Хойт байшинд байгаа. Би арванд айлтгая гэв.

-Хэрэггүй! Би өөрөө дагаж орно гэхэд өнөө залуу тэр гурвыг хашаанд оруулаад даамангийн хаалгыг түгжихээр завдав.

-Хаалгаа түгжээд хэрэггүй. Бид удахгүй гэхэд хамгаалалтын цэрэг түрүүлж байшингийн зүг эргэлээ. Зундуй байшингийн зүүн талд байгаа үүдний саравчны довжоонд дөхөнгүүт бууныхаа гэрний товчийг мултлав. Хамгаалалтын цэрэг үүдний саравчийг дамжин байшингийн дотор талын өрөөний хаалгыг онгойлготол Зундуй нөгөө хоёроосоо түрүүлж орох гэтэл Лихачев хаалганд хөндөлдөв. Чингэснээ тасалгааны баруун ханын хаалганы өмнөх ширээний хажуугийн сандал дээр сууж буй Авир хамгаалалтын арваны дарга хоёрыг ажиглангуут Зундуйд зай тавин өглөө. Хамгаалалтын арваны дарга, гаднаас орж ирсэн хүмүүсийг тосон угтахад Зундуй,

-Энэ хүн улаан цэргийн штабаас жанжинтай уулзах яаралтай хэргээр ирсэн гэнэ хэмээн товчхон танилцуулав. Харин Лихачев байдал төлөвийг хүлээхээр шийдсэн янзтай зогсож, нүдний булангаар  өрөөний доторхийг хянамгайлан ажина.

Авир, улаан цэргийн хувцастай Лихачевыг гадаад төрх байдлаар ажиглан таниад “Ёстой жүжигчин шиг тоглож байна даа. Эмийн сангийн эзэн... өрөөсөн хөлгүй, тэрэгчин ...одоо улаан цэргийн дарга ...хөөрхий одоо баригдах цаг чинь болж дээ” хэмээн бодож байлаа. Хамгаалалтын арваны дарга, Лихачевтай амар мэндийн зөрөө гаргаад,

-Та харилцан нэвтрэлцэх орос сумангаас ирэв үү? гэж лавлав. Хүрээнд байдаг цэргийн холбооны сумангаас жанжинтэй уулзахаар ирдэг дарга нар тусгай “дохио” хэрэглэдэг болохоор “арван” чингэж магадалж асуусан ажээ.

-Үгүй ээ! Тавдугаар армийн штабаас... Сүхтөмөртэй уулзах асуудлын талаар тохиролцох ёстой юм гэхэд “Арван” хэсэгхэн төдий бодсоноо,

-Энэ хүн тантай хамт орох уу гэж асуугаад үүдний дэргэд зогсож байгаа орос өөд толгой дохилоо.

-Миний хөтөч байгаа юм гэж Лихачевыг хэлэхэд Зундуй, Авирын царайг ажвал ерийн тайван, ажиггүй байлаа.

-Жанжин амрах гэж байгаа. Гэхдээ танилцуулъя. Та нар суугаач. Жаахан хүлээх байх гээд аравны дарга, жижиг өрөөний баруун ханын хаалга өөд алхав.

Арваны даргыг гаднаас орж ирэхийг хүлээж байсан Рагчаа, Нацаг хоёр хаалга онгойх чимээгээр суудлаас өндийв. Рагчаа аравны даргын царайг ажиглан,

-Ямар улсууд ирээ вэ? гэхэд аравны дарга,

-Зундуйтай хоёр орос ирлээ.

-Ямаршуухан байр байдалтай улс байна даа гэж асуухад

-Нэг нь улаан цэргийн дарга хувцастай хүн байна. Тэгээд Сүхтөмөртэй уулзахаар ирсэн гэж байна гэлээ.

Рагчаа “Сүхтөмөр” гэдэг үгийг сонсоод мэл гайхав. Энэ нууц дохиог Тавдугаар армийн тагнуулын хэлтсийн дарга Репин, Блинов нарын бие төлөөлөгч, жанжинтай уулзахаар ирэхдээ хэрэглэх ёстой учраас “Сүхтөмөртэй уулзах асуудал” гэдэг үгийг Рагчаа, жанжин хоёроос өөр хэн ч мэдэхгүй, Рагчаа хэсэгхэн дуугүй зогсон бодолхийлтэл Нацаг,

-Одоо эхлэх юм биш үү гэж лавлав.

-Та, Зундуй, Авир хоёртой нийлж хөтчийг ажиглаж бай. Намайг дохио өгөхөөс өмнө хөдөлж болохгүй. Нацаг бид хоёр уулзъя гэхэд аравны дарга өрөөнөөс гарч,

-За ор, тэгэхдээ Зундуй гуай, хөтөч та хоёр энд хүлээж бай гэхэд Лихачев, хувцсаа засах зуур Тимохин руу эргэж нүдээр дохио өгөөд жанжны өрөө рүү чиглэх тэрхэн зуур Авир өврөөсөө хайрцагтай хөндий иштэй тамхи гаргаж, нэг ширхэгийг аваад асаасан нь “хүлээзнэх дохио” байлаа.

Лихачев, гаднаас орж ирээд өрөөг ажиглавал, өрөөнд Сүхбаатар байсангүй. Харин шинэ дутам байгуулагдсан Дотоодыг хамгаалах газрын ажилтан болов уу гэмээр хоёр сууж байлаа.

Лихачев, орж ирээд хэсэгхэн дуугүй зогсоход Нацаг, өрөөний хаалганы дэргэдэх сандал дээрээс босож,

-Сүхтөмөрийг ямар хүн сураглаа вэ? гэж Рагчаагийн хэлж өгсөн сорих дохиогоор асуув.

-Өвгөн Реблин гуай уулзах юм гэж Лихачевыг хэлэхэд Рагчаа,

-Таны алдрыг хэн гэдэг вэ? гэж лавлав.

-Миний овог нэрийг Феодор Александрович Гришин гэдэг юм гэж тайван хэлэхэд Рагчаа “Реблин” гэдэг үгийг сонсоод өөрөөс нь өөр хэн ч мэдэхгүй энэ дохиогоор улаан цэргийн тавдугаар армийн тагнуулын хэлтсийн дарга Репин, түүний туслах Блинов нарын илгээсэн элч болохыг мэдээд инээмсэглэв.

Феодор Александрович Гришин 1918 онд Фликс Эдмундовичийн даалгавраар Дундат Азид очоод эдүгээ хүртэл тагнуулчаар ажиллаж байгаа хүн. Чингэхдээ эхнэртэйгээ хоёр удаа, захиа бичиж холбоочингоор дамжуулсан билээ. Сүхбаатар жанжин, хэдэн сарын өмнө Цэргийн тагнуулын түр сургууль байгуулахад туслах ажлаар хүрээнд ирсэн Репин, Блинов нартай уулзахдаа Рагчааг тэдэнтэй танилцуулсан юм. Рагчаа, Сүхбаатар жанжны даалгавраар хүрээнд ирэх ёстой. Феодор Александрович Гришны эхнэр хүүхдийг хүрээнд ирүүлэхээр улаан армийнхантай тохиролцсон, Гришины эхнэр хүүхэд хүрээнд ирээд гурав хонож байлаа. Гэтэл Рагчаа Гришинтэй ингэж уулздаг байжээ. Рагчаа Гришинтэй уулзах, танилцах дохиог хэлж

-Би “хүрээ-хаалга” байна гэхэд Феодор Александрович, сая жинхэнэ ажил хэрэгтээ орох болсноо мэдэв.

-Манай эзэн, хурандаа Хомов удирдамжаа өөрчилсөн. Тэгээд намайг жанжинтэй уулзахдаа хадагны оронд сум барьж золго! гэж даалгасан болохоор энд ирлээ. Лихачев гэдэг нэрээр онцгой үүрэг гүйцэтгэж байгаа Зөвлөлтийн тагнуулч Феодор Александрович Гришин, хорлон сүйтгэх ажиллагааг удирдаж байгаа “нууц хуйвалдааны” эздийн талаар Рагчаад илтгэж танилцуулав.

-Японы ятгалгаар цагаантны  төлөвлөсөн “Гурван баян” гэдэг хуйвалдааны төлөвлөгөө хойшлогдсоныг төвтэй холбоо барьсан Очир, хурандаад илтгэсэн юм. Хурандаа Харбиныханд уурлаж боож үхтлээ багтраад өөрийнхөө хүмүүст тал нүүрээ алдахгүйн тул бослогыг эхлүүлэхээр шийдсэн. Нөгөө талаар Чжан золингийн мэргэжилтэнүүд “гурван баян” төлөвлөгөөг сонирхож, ашигтай нүх сүв бэлдээд тэр төлөвлөгөөг “ацан шалаанд оруулах аргыг” биднээс өмнө хийсэн нь довтолгоонд муугаар нөлөөлжээ. Мөн Чжан золингийнхон өвөр монголын ноёдыг, япон Семеновынхноос холдуулахын тулд Цэрэн гүнд их хөлс өгч, найдлага тавьсан байна. “Гурван баян” төлөвлөгөөний хуулбарыг Чжан золингийнхон авч чадсаны зэрэгцээ Шильников үл мэдэгдэх замаар алга болж, штабын дарга Мицеевскийн машин, штабт бөмбөг, дэлбэрснийг цагааныхан их гайхаж байгаа. Японы тагнуул Озакура, эздийнхээ даалгавраар генерал Шильниковыг Семеновт мэдэгдэлгүйгээр Токиод аваачихаар зориуд дэлбэлэлт хийсэн гэж үзэх таамаглал бий. Японы нууц албаныхан өөрийнхөө гараар үйлдсэн зүйлийг сэжиг гаргуулахгүйн тулд тийм арга хэрэглэдэг нь уламжлал болсон юм.

-Феодор Александрович аа! Тэгвэл таныг хэд хоног хар гэрт хорих хэрэгтэй болох нь гэж Рагчааг дурамжхан хэлэхэд,

-Хэрэг явдал, санамсаргүй байдал, цаг үе юунд ч хүргэдэг. Тэгэхээр гонсойх юм алга. Үнэндээ цочмог, гэнэтийн аахар шаахар зүйлд дасчихаад тоохоо больчихжээ. Хэрэгцээтэй цаг тохиолдвол амиа өргөх явдал гарна гэдэгт итгэж, янз янзаар боддог гэж хэлэхэд Рагчаа, Гришинг сэтгэлдээ өрөвджээ. Чингэхэд Рагчаа энэрэнгүй зөөлөн, ухаалаг нүдээр Гришинг ширтэн яриаг нь анхааралтай сонсохдоо “Олон жил эхнэр хүүхдийнхээ барааг хараагүй энэ хүн, маргааш тэдэнтэйгээ уулзаж чадахгүй нь. Цэрэг эр! Тэр тусмаа тагнуулч хүний хувь тавилан хэцүү, хатуу байдаг. Чухам эх орон ард түмэн гэдэг сэтгэл зүрх хүнийг ийм хатуу, тэсвэр хатуужилтай болгодог дэг журамтай” гэж бодохдоо бараг таван жилийн өмнө Харчин гүнгийн нутгаар тагнуулд явж байснаа санав.

-Феодор Александрович аа! Таны хөтчийг яах вэ? гэхэд

-Нааш нь оруулчих. Энд учрыг нь олъё гэхэд Нацаг хөтчийг дуудаж, хашаан дахь цэргүүдийг баривчлах дохио өгөхөөр өрөөнөөс гарлаа. Нацаг, Зундуйг нүдний булангаар хайнга хараад,

-Зундуй, та хоёрыг жанжин дуудаж байна гэхэд Зундуй, Тимохиноос түрүүлж босоод алхтал Нацаг,

-Зундуй. Та малгайгаа гэж хэлээд нүдээрээ Тимохины зүг ирмэлээ.

Нацаг, тэднийг өрөөнд орсон хойно хашаанд үлдсэн цэргүүдийг баривчлах дохио өгөхөөр цонхны хөшгийг татлаа. Чингээд Нацагийг орж ирэхэд Тимохины гарыг гавлачихсан байлаа. Рагчаа, Гришинтэй ярилцах зуур,

-Нацаг аа! Айлчингаа аваачаад ижилтэй нь нийлүүл дээ гэхэд Нацаг Тимохиныг дагуулаад явлаа.

-Феодор Александрович аа! Та Зундуйтай танилц.  Хар гэрт байхдаа тухтай танилцаж амжина байх гэлээ.

-Бид хоёр ч бараг зан зангаа мэддэг болсон. Харин үнэнийг хэлэхэд  сөрөх тагнуулч гэдгийг мэдээгүй юм. Зундуй хачин гайхмаар тэсвэр, хатуужилтай хүн байна лээ. Сүрдүүлэлт, далайлгалтанд тийм тэвчээр гаргаж яс заана гэдэг хүний хир хэмжээнээс хэтэрсэн зүйл юм. Хамгийн сонин нь сэтгэлийнхээ цочролыг нүүр царайндаа илрүүлдэггүй нь гайхалтай юм гэж хэлэхэд Рагчаа Зундуйтай анх уулзаж танилцсанаа санав.

...Шинэ дутам байгуулсан хоршоог ухаж, шатаах гэсэн Яндагийн хэрэгт өртсөн Зундуйг Бат гүнд чандлан хорьсныг мэдсэн Рагчаа, түүнийг суллуулж авчруулжээ. Үнэндээ Рагчаа, Зундуйн эцгийг нэлээн эртнээс таньдаг аж. Рагчаа бүх байдлыг Зундуйгаар яриулж мэдсэний дараа нэгэн эрхийг үзүүлсэн нь Яандагийн эрхи байлаа.

-Зундуй. Би чиний эцгийг сайн танина. Манлай баатарын шадар үнэнч шударга цэрэг эр гэдгийг мэднэ. Тиймээс үнэнийг чамаас нуух хэрэггүй гэж бодож байна. Яндаг, Хүрээнд байсан японы нэг тагнуулын туршуул байсан юм. Тэгээд Хатанбаатар, жанжин хоёрыг хорлох гэж мөшигдөг байлаа. Ингэхлээр тэр тагнуулын төлөөний хүн Хүрээнд хэзээ нэг цагт ирэхдээ энэ эрхийг баримжаалан Яндаг уулзаж магадгүй юм. Тэгэхээр чамтай тохиролцох хэдэн юм бий гээд хэргийн учир явдлыг тайлбарлажээ. Рагчаа, Зундуйтай нэлээн ярилцаад,

-Зундуй, чи дарга нарын сургуулийн дэргэд байгуулсан түр сургуульд ор. Би чамд туслахыг хичээе гэсэн ажээ. Рагчаа, Зундуйг тагнуулын түр сургуульд оруулж, төгссөний нь дараа эрхиний нарийн учрыг ширхэгчлэн тоочиж, Сатарт хутгалуулсан Яндаг нас барахынхаа өмнө амжиж ярьсан бүхнийг Зундуйд ярьж, түүнийг Дурдасын гуанзаар орж гарч байхыг зөвлөхдөө суух ширээг нь зааж өгсөн билээ.

Рагчаа, Зундуй хоёр Гришинтэй ярилцаж, хилийн чанадад боловсруулагдсан “Гурван баян” төлөвлөгөөний нууц эзэдтэй холбогдсон асуудлын талаар нэлээн ярилцлаа. Гришин, Рагчаагийн саналыг сонсож эрэгцүүлэн бодсоноо,

-Би хурандаатай хамт хар гэрт чинь хэд хоноё. Болж өгвөл Очиртой хамт хэд хоноход баримжаа нь гарна. Ямар ч гэсэн Жаргалыг хилийн чанадад гаргах нь бидний цаашдын ажилд хэрэгтэй. Тиймээс Хүрээний сонинд зарлал бэлдэх нь зүйтэй. Хуйвалдааныхнаас оргосон хүмүүсийн талаар зарлал бэлдэхдээ сайн бодох хэрэгтэй. Нөгөө талаар “Гурван баяны” эздийг илчлэх төлөвлөгөөг нарийн боловсруулвал хилийн чанадад ажиллуулах хэсгийн ажил бүтэмжтэй болно гэж хэлтэл нөгөө өрөөнөөс хотын комендатын дарга, хотын ерөнхий эргүүлийн ахлагч орж ирлээ.

-Дотоодыг хамгаалах газрын орлосон дэд дарга Рагчаа танаа... Хурандаа Котляров хэмээгч Хомов болон цагаантны хэсэг дарга нарын зохион байгуулсан “Гогцоо” хуйвалдаанд оролцсон 300 гаруй хүмүүсийн зэр зэвсгийг бүрэн хурааж, өгсөн даалгаврыг хугацаанд нь амжилттай биелүүллээ гээд олзлогдсон цэргийн зэвсэг хүчний талаар тодорхой илтгэв.

Улаанбаатар 1978 он