МОНГОЛ УЛСЫН ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
GENERAL INTELLIGENCE AGENCY OF MONGOLIA
Ном, уран зохиол
Ч.Лувсан-Очир- Аравхан насандаа аюулыг сөрсөн нь

Ч.Лувсан-Очир “Аравхан насандаа аюулыг сөрсөн нь” номонд 1932 оны эсэргүү бослого гарсан нөхцөл байдлыг харуулахдаа босогчдын хүч, зохион байгуулалт, удирдлагын талаар судлахын тулд тэдний дунд нэвтэрч, удирдагчдын дунд хагарал гаргах, хүчинд автсан жирийн хүмүүсийг салгаж, бууж өгөхөд ятгах зэрэг тагнуулын арга тактикийг хэрэглэж байсан тухай өгүүлэхээс гадна бослогыг дарахад оролцсон ДХГ-ын ажилтнуудын намтар, түүхтэй танилцах боломжтой.

Дэлгэрэнгүйг Ч.Лувсан-Очир “Аравхан насандаа аюулыг сөрсөн нь” номноос үзнэ үү.

Ч. ЛУВСАН-ОЧИР 

АРАВХАН НАСАНДАА АЮУЛЫГСӨРСӨН НЬ 

(Судалгааны ном) Улаанбаатар хот 2003 он 

Зохиогчийн үг 

    Ч. Лувсан-Очир миний эцэг Базарын Чимэдрэгзэн хуучин Далай Чойнхор Вангийн хошуу, одоогийн Архангай аймгийн Тариат, Цахир сумын нутаг хойт, урд Тэрх, Тариат нутагт төрж өссөн “Бөөчүүд” (Бөөнчүүд) овгийн малчин юм. Миний ах Ламжавыг лам болгож Арын хүрээн дээр суулгаж өөрсдөө Тариатын давааг даван нүүн одоогийн Хөвсгөл аймгийн Их Аргалант сумын нутаг, Той, Хөнжил, Бургас, Хонхор эрэг, Арслан хуш, Цэцүүх зэрэг газруудад Арын хүрээг тойрон нутаглаж байгаад 1932 оны эсэргүү бослого дарагдсаны хойт жил Завхан аймагт эх Должинжавын төрөл саданг бараадсан юм. Манай аав арслан ба морин толгойтой хоёр хууртай, өөрөө түүгээрээ хөгжимдөн дуулдаг, бас барилддаг байсан тул Арын хүрээний Майдар, Лянх ба айлуудын найр хуримд залагдан дуулж хөгжимддөг, наадамд барилддаг байв. Ийм учраас нутагтаа “Эрэгзэн хуурч” гэж алдаршсан ба ах Ламжавын хүүхдүүд “Хуурч” гэж овоглосон байна. 

    Аав минь их шүтлэгтэй хүн байсан тул намайг ч бас лам болгоно гэж арын хүрээнд аваачиж Бат-Очир гавжид шавь оруулсанд тэр лам, шавийн нэр багштайгаа адил байж болохгүй гэж Очирбат гэсэн нэрийг Лувсан-Очир болгон сольсон юм. 

    Би Хөвсгөл аймагт ажиллаж байхдаа Ардын Их Хурлыг сонгох тойргийн комиссын даргаар анх Жаргалант суманд ажиллаж байхад аавын нөхдүүд ба аавтай барилдаж байсан Гармаа гуай (мухар) “Танайхыг нүүсний дараа гэрийн буурин дээр чинь зулзаган мод ургасан. Та нар сайн явах учиртай” гэж намайг дагуулан үзүүлж байлаа. 

    1932 онд намайг арын хүрээн дээр байхад Ардын хувьсгалын эсэргүү нар буутай ирж, утасны модыг хөрөөдөн унагаж байсан ба нэг өдөр лам нар Чойр дуганд хурал хурж байтал Улаан цэрэг ирж эсэргүү нартай байлдаж, олон хүн алалдахыг хараад учир мэдэхгүй балчир байсан тул Хүрээний гэсгүй Чоймбол нарын хэдэн лам нарыг даган хойт уул өөд чулуун шатаар явж Чогчин дуганд хүрэхэд улаан цэргүүд гүйцэн ирж тэр лам нарыг баривчилан авч намайг огт тоосонгүй. Харин нэг онгироо цэрэг надад халдаж: “Энэ хүүхдийг өндөр хаднаас шидэх үү? Бууны ам үнэрлүүлж байгаад замгийг нь дарах уу?” гэхэд ухуулга яриа хийж байсан ухаалаг, дөлгөөн дарга нь “Болохгүй” гэж хориглон миний амийг аварснаар барахгүй “Гэртээ харь” гэж явуулсан нь хожим монгол улсын гавъяат хуульч, хурандаа Дашжанцан асан санагдаад байдаг юм. Аав ээж минь намайг дагуулж Хүрээн дээр очиж, Ногоон малгайт Дамдинсүрэн, ээмэгт лам нарт мөргөж адис авч байсан ба шар цэрэгт татагдахаас зугтааж, уул хад, модонд нуугдан улаан цэргийн дөрвөн онгоцноос айж байсан нь санагддаг юм. 

    Бага сургуульд байхдаа унших бичгээс “Өөхөн бөмбөй, араг сэгсэй” гэсэн гарчигийг унших их дуртай байлаа. 1947 онд Завхан аймгийн хэлтсээс 1932 онд төлөөлөгч Ё.Янсанжавыг тамлан алсан С.Пүрэвийн мөрдөн байцаалтанд төвөөс мөрдөн байцаагч урихад би томилогдон очиж байцаан хэргийг хүлээлгэсэн ба 1948 онд Завхан аймгийн хэлтэст тасгийн даргаар томилогдон очсон учир уг хэргийн төгсгөлийг сайн мэднэ. 

    Би 1950, 60-аад онд Хөвсгөл, Тосонцэнгэлд 12 жил ажилласан учир 1932 оны бослогын талаар судалгаа хийж ахмад хүмүүсийн дурсамжийг цуглуулж архивын материал уншиж, сонин хэвлэлд бичиж байсан ба 1975 онд Намын дээд сургуульд суралцаж байхдаа 1932 оны эсэргүү бослогын талаар реферат бичсэнийг авсан учир би бүх судалсан цуглуулсан материалаа Тагнуулын байгууллагын 80 жилийн ой хүртэл өөртөө хадгалж байгаад 2002 онд Тагнуулын байгууллагын төв архивт 2 сарын хугацаанд сууж байгаад, материал уншин дахин судалгаа хийж архивын лавлагаа гаргаад өөрт байсан материалаа шилжүүлэн өгсөн юм. 

    70 гаруй жилийн өмнө эгч бид хоёрыг ачиж нүүдэг байсан тарлан, халтар хоёр шарыг (үхэр) шинэ эргэлтийн бодлогын дагуу буцаан өгч байсан ба эсэргүү бослогыг нүдээр үзсэнээ дурсаж энэ талаар материал цуглуулж судалгаа хийгээд 40 шахам жил болж нас 80 хүрч хараа бүдгэрч байгаа тул мэдэх зүйлээ бичиж залуучууддаа толилуулж байгааг минь хүлээн авна уу. 

Чимэдрэгзэнгийн Лувсан-Очир 

Нэгдүгээр бүлэг 

Аравхан насандаа аюулыг сөрсөн нь 

    1921 онд ялсан Ардын хувьсгалын дараа 1924 онд Бүгд найрамдах улсыг тунхаглаж Ардын засгаас феодалуудын эдийн засагт халдаж, 1929-1931 онд феодалуудын хөрөнгийг хураажээ. 1924-1936 онд улсын хэмжээнд гарсан бүх гэмт хэргийн 20 хувь нь хувьсгалын эсэргүү бослого хуйвалдаан, 10 хувь нь хорлон сүйтгэх ажиллагаа байжээ. 

     Улс төр, эдийн засгийн ноёрхол байр сууриа алдсан хар, шар феодалууд хувьсгалт засаг төрийн эсрэг хандаж гадаадын империалистуудтай холбоо тогтоож эсэргүү бүлэг, бослого гаргаж байсныг Дотоодыг Хамгаалах Газар (ДХГ) цаг тухайд нь илрүүлэн бут цохисоор иржээ. 

    1935 онд баруун аймгуудад гарсан хувьсгалын эсэргүү бослого бол унагагдсан феодалуудаас урьд жилүүдэд гарч бут цохигдсон хэргүүдийн шууд үргэлжлэл нь байлаа. 1931 онд Тариатын хүрээний Ригдэлбүрэлхүү, лам Сандагжав, Ламын гэгээний хийдийн дооромбо Гэндэнжамц, Өвөрхангай, Баянзүрхийн хийдийн хамба лам Доржигбаа, Хөвсгөл аймгийн Баянголын хүрээний аграмба лам Цэрэнжав, Жалханзын хүрээний хувилгаан лам Гунаажав, Мөрөнгийн хүрээний анги Дамдин нарын хэргүүд нь бүгд холбоотой байв. Японы эзэрхэгүүд хойд Хятад Манжуурт Өвөрмонголыг эзэлсний дараа БНМАУ-тай 700 км хиллэж оргодол Ванчинтай Монгол, Түвдийн феодал ба дээд ангийн лам нар холбоо тогтоож шашин бурхныг аврах нэрээр сүсэгтэн нарт эсэргүү ухуулга тарааж “…Бид их хэргийн төлөө 5 хоногийн урьд Шамбалын дайн үүсгэсэн учир энэ хэрэгт цэрэг болж зүтгэсэн хүн бүр Эрэгдэндагва хааны бүрэлбаа бие хэл сэтгэл гуравт Чойжин сахиус орших учиртай. Энэ хэрэгт яваагүй хүнд нүгэл шүглэх ёстой. Эх болсон 6 зүйлийн хамаг амьтныг амаржуулах түүх нь одоо болсон гэдгийг Гаанжуур Даанжуурт эрдэмтэн мэргэд томъёолж байна. Шамбалын дайнд оролцохтун” гэж бослого гаргахыг уриалж байжээ. 

    1932 оны 6-р сарын 12-14-нд буюу Зуны дунд сарын 15-ны орчимд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Чигт улсын хилийн шугамнаас 4-6 км-ийн зайтай орших Дотоод Монголын Шилийн (сонор) Цагаан-Овооны сүмд Ванчинбогд бие хамгаалах цэрэгтэй ирж тус улсын зүгт хэдэн их буу чиглүүлэн зоох зэргээр сэжигтэй байдлаар хэд хоноод буцсаныг манай тагнуулын шугамаар илрүүлж байсан боловч түүний зориг шалтгаан нь тогтоогдоогүй байна. 

    Хязгаарын газрын 5 дугаар хэлтсийн мэдээнээс үзвэл: 

    “1931 онд Архангай аймгийн Тариатын хүрээнд гарсан хувьсгалын эсэргүү бүлгэмийн лам нарын дундаас гадаадын эсэргүү нартай холбоо байгуулснаар эсэргүү бослого гаргахаар завдсан авч чадсангүй. 

    Ригдэлбүрэлхүү нь Гачин хувилгаан нартай холбоотой байсан ба Ригдэлбүрэлхүү өөрөө Ванчинбогдын нэг нутгийн хүн бөгөөд Ванчины заавраар түүний үзэл суртлыг Монголын ард түмний дунд дэлгэрүүлэхээр 14-нд Монголд иржээ. Ригдэлбүрэлхүү нь Ванчинбогдоос хувьсгалын эсэргүү ажил явуулах заавар авч байгаад “Ригдэлбүрэлхүүгийн хэрэг” устгагдахад зарим гишүүдийг баривчилж чадаагүйгээс түүний эсэргүү явуулгыг үргэлжлүүлсэн нь Жанжин Чойжинжавын мэдүүлгээр илэрчээ. Үүнд: 1921 оны 2-р сард Хантай сумд нутагтай Тариатын хүрээний их лам Ононпунцагаас миний үзэл бодлын тухай мэдээг нууцыг задруулахгүй тухай баталгаа тангараг авч ярьсан нь : “Төвдөөс урьж ирүүлсэн одоо манай хүрээнд сууж буй төвд гэгээн Ригдэлбүрэлхүү бол Ванчинбогдтой бичгийн харилцаатай. Үүнийг тусгай итгэлтэй хүнээр дамжуулан авалцдаг бөгөөд мөн энэ хэрэгт лам Санжлай, Хөх Ламжав, Тайж Жамсранжав нар туслалцдаг. Ригдэлбүрэлхүү гэгээн бол 20 оноос эхлэн Хувьсгалт засгийг устгахын тулд ажил явуулж буй. Үүнд зарим амжилттай ажлыг бүтээсэн. 20 онд Ригдэлбүрэлхүүгээс нууц хурлыг нээж хэлэхдээ “20 оноос эхлэн Тариатын хүрээнд эсэргүү бүлгэм байсан нь илэрхий бөгөөд Та нар шашны лам нар буу зэвсэггүй нүцгэн гараар хэрхэн хувьсгалт ардын засагтай тэмцэж чадна вэ? гэж асуусны хариуд хэлэхдээ: “Энэ бол олон нийтийн хэрэг тул нэг өдөр, нэг цагт бүгд хөдлөн босч ардын засгийг устгана. Одоо үед 10-аас илүү винтов буу ба бусад зэвсгийг олж авсан. Харин гаднаас ирэх тусламжийг Ванчинбогдоос авах тул тэр нь Япон улсруугаа харилцаатай болно. Япон улс бол Ази тивт дээр хамгийн хүчирхэг улс мөн. Манай энэ газарт бүгдийг бэлтгэсэн хойно Ванчинбогд өөрийн биеэр цэргийн хамт орж ирнэ” гэсэн билээ. Ононпунцагийн хэлснээр Санжлай хэмээх лам Улаанбаатарт явж ирэхдээ Ванчин богдоос бичиг авчирч Ригдэлбүрэлхүү гэгээнд өгсөн болно. Үүнийг ганцхан Ригдэлбүрэлхүү үйлдсэн бус Ванчин богдын заавраар Монгол газар ирсэн олон хутагт хувилгаад ба олон газрын хүрээ хийдэд сууж буй халхын ихээхэн том лам нараас нэг адил явуулж байна. Үүнээс гадна, 22 оны 4-р сард Хөвсгөл аймгийн Жалханзын хүрээ гэдэг хийдэд эсэргүү бүлгэм гаргаж 56 хүнийг илрүүлж устгасан бөгөөд энэ бүлгэмийн удирдагч хувилгаан Эрдэнэбат нь 21 оны эсэргүү хөдөлгөөнд оролцсон лам нар 22 он хүртэл Ригдэлбүрэлхүүгийн заавраар явуулж байсан. Мөн цаазаар авахуулсан Эрдэнэбатын мэдүүлгээр илэрсэн” гэжээ. 

    Бослого гарахын өмнө баривчлагдсан 1932 оны эсэргүү бослогыг нэг удирдагч лам Цэрэнжаваас оргодол Ванчин богдод бичихдээ: “Буддын шашныг бүрмөсөн устгаж байна. Ардын засгийг устгахаар бид зэвсэгт бослого гаргаж хувьсгалын эсрэг хөдөлгөөнийг удирдахаар 3 хүнийг томилж Ванчин танаар батлуулахаар явуулав” гэжээ. Ванчингаас 1932 оны 1-р сард ирүүлсэн хариу бичигт: “…Эсэргүү бослогыг удирдах хүмүүс Цэрэнжав, Самбуудүвчин, Дамдин нарыг томилов. Та нар заавал эсэргүү бослогыг гаргах хэрэгтэй, миний цэрэгт орохтун, гэдэг ухуулга явуулах” –ыг даалгажээ. Тэр бичгийг Ванчингийн тагнуул халзан Дорж хувилгаан гэдэг Занабазар нар авчирч Цэрэнжав, Самбуудүвчин, Дамдин нартай уулзаж байжээ. 1932 оны хувьсгалын эсэргүү бослогын үүсвэр нь 1931 оны 9-р сард Хөвсгөл аймгийн нутагт байгуулагджээ. 

    Хэрэгтэн Аюурзана мэдүүлэхдээ: “Би анх Самбуудүвчинтэй Улиастайн гол дээр уулзаж Бухын хүрээн дээр очиж 2 хоносон. Намайг Самбуу дуудахад би цэргийн хамт очоод найр цэнгэл хийсэн юм. Тэр үед 2 хүн байв. Түүнийг Самбуудүвчингээс “Энэ хоёр Ванчинбогдоос бичиг хүргэж ирсэн гэж байсан ба тэр үед Ванчин нь Манжуурт би гэж хэлсэн. Тэдний авчирсан бичгийг би Жамцтай хамжин уншихад “Шашныг дэлгэрүүлэх нэрээр эсэргүү ажиллагаа хийх хэрэгтэй. Улаанбаатарт намын дунд сард очино. Та нар ажлаа сайн хий гэж Ванчингаас Дүвчинсамбууд даалгасан байсан ба тэр бичиг нь дөрвөлжин хөх тамгатай гарын үсэгтэй Ванчинримбүүчий гэж зурсан байв. Самбуудүвчин хэлэхдээ: “Эд нар хуучин ламын гэгээний шавь бөгөөд хязгаар нэвтрээд Ванчингаас бичиг авч ирсэн” гэж ярьсан. Тэнд би Очиржанцангийн хамт 10 гаруй цэрэгтэй байсан. Лам Вандансүрэн, жанжин Жамц, Жанжин Гочоо нар тэр бичгийг уншиж байсан. Мөн бид нар шашныг хамгаалах нэрийдлээр гарвал дагалдагчид аяандаа олон болно гэж хэлэлцээд тэр бичгийн хариуд өөрийн эсэргүү ажлын тухай ба Ванчинтай хэрхэн харилцах тухайг гол болгон бичиж хүнээр явуулах гэж байсан ба Жамцаас “би явна” гэж хэлж байсан юм. Би ирсэн 2 хүнтэй нүүр учирч ярилцахад нэг нь Ням, нөгөө нь Далай гэж байсан ба Самбуу хэлэхдээ эд нар уг газраасаа гараад 2 сар гаруй болж зүдэрч ирсэн тул морь унаагаар туслах хэрэгтэй гэх буюу Ванчин нь японы цэрэгтээ байна гэж байсан ба тэр 2 хүн Самбуугийн гэрт тус бүр 1 буутай байсан. Самбуу хэлэхдээ: “Би бол Ванчингийн салбар энэ газрын эзэн нь мөн намайг бурханы зарлигаар ба ловон Бадамжунайн зүг дэглэснээр би ийм мэдэлтэй болов гэж ярьж байсан” гэжээ. 

    Харин Самбуу өөрөө энэ 2 хүний (Ням, Далай) талаар юу ч яриагүй ба энэ талаар байцаасан эсэх нь мэдэгдэхгүй. Бусад хүмүүс ч мэдүүлээгүй байна. Үүгээр үзвэл А.Чинзоригийн зохиолд гардаг “Төөрөг төөрсөн захиа” ч байж болох тул дээр дурдсан бүх эсэргүү хэргүүдийн материалд нарийвчилсан судалгаа хийж 1932 оны эсэргүү бослого гадаадтай холбоотой байсан эсэхийг нарийвчлан тогтоох шаардлагатай байна. 

    1933 онд Чимэдийн Самбуу, Цэдэнгийн Жамц, Самбуугийн Буриад, Батболдын Түгж, Баатарын Аюурзана, Чимэддорж, Ширэндэв, Жамсрандорж, Вандансүрэн, Бямба, Ёндон, Бат-Очир, Тогоо, Лхаажав, Агваандорж, Буяндэлгэр, Очиржанцан (хүүхэд) Магнай, Сумъяа, Самбайдив, Жур, Түмбаяр, Норовсамбуу, Бадрах, Тарваа, Бадамжав, Дармаа, Пүрэвцэрэн, Төгөлдөр, Сэдбазар, Шагдар, Долгор, Очирбат, Аюурзана, Дэндэв, Цэрэндамба, Төмөрбаатар, Түдэв, Санжмятав нарын 39 ялтны хэргийг Улаанбаатар хотод нийтийн өмнө таслан шийтгэхдээ 6 хүнийг суллаж тэнсэн, 15 хүнийг хорих ялаар, 18 хүнийг цаазаар авах ял шийтгэсэн байна. Шүүхийн тогтоол нь олдоогүй. Харин ДХГ-аас тус улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 42,43,45,47 дугаар зүйлүүдэд зааснаар ял төлөвлөхдөө, нэгдүгээр бүлгийн “Хувьсгалын эсэргүү байгууллагын түүх” гэсэн хэсэгт: Урьд гараад дарагдсан Төгсбуянт Улаангомын 1930 оны зэвсэгт хөдөлгөөн, 1930 онд Улаанбаатарт илэрч шийтгэгдсэн Ригдэндагва нарын 38 -ын хэрэг, 1931 онд Архангай аймагт илэрч устгагдсан Ригдэлбүрэлхүү нарын хэргүүдтэй нягт холбоотой байсан гэсэн ялын төлөвлөгөөний 2 дахь хэсэгт нэгдүгээр хэсгийн санааг товч дурдаад Хөвсгөлд гарсан эсэргүү бослогыг 3 төвөөс үүссэнээр бичжээ. Үүнд: 

    Хөвсгөл аймагт 1931 оны 9-р сард Баянголын хүрээний аграмба Цэрэнжав, Мөрөнгийн хүрээний анги Дамдин, Жалханзын хүрээний гүрэмч лам Самдан нарын удирдлагаар зохион байгуулж Асагтын хүрээний гүрэмч лам Самбуу нар оролцсон. 

    Жалханзын хүрээний Самдангийн удирдлагаар 1931 оны 11 дүгээр сард энэ хүрээний дээд ангийн лам нар ба феодалууд оролцсон хувьсгалын эсэргүү бүлгэм, түүний нэг удирдагч Гунаажав байсан гэжээ. 

    Ялын төлөвлөгөөнд цааш бичсэнээр үзэхэд энэ эсэргүү бүлгэмүүд нь Жалханзын хүрээнд удаа дараа нууц хуралдаж зэвсэгт бослого гаргах бэлтгэл хийх асуудал хэлэлцэж, буу зэвсэг цуглуулах, эсэргүү төвд ном тараах, Мөрөн, Асгат, Тэс, Бүгсүй, Хялгантын хүрээний дээд ангийн лам нартай холбоо тогтоох, олон хүнийг элсүүлж Жалханзын хүрээнд төвлөрүүлж 100-гаад гишүүнтэй болсон. Бэлтгэлийг 1932 оны хавар Архангай аймгийн олон хүрээ, ялагуяа Асгатын хүрээнд нэг адил явуулсан. Асгатын хүрээний лам Бямбаар удирдуулан 1932 оны 2-3 дугаар сард хуралдаж эсэргүү бослого гаргах гишүүн элсүүлэх асуудал хэлэлцэж богино хугацаанд 100 шахам хүн элсүүлсэн гэжээ. Мөн ялын төлөвлөгөөний 2 дахь хэсэгт Ванчинбогдоос зөвшөөрөл авмагц “Зохион байгуулах төв” нээж Самбуу дүвчиний штаб байгуулж, зуны дунд сарын 15-нд 300-гаад хүнээр эхлүүлэхээр шийдвэрлэсэн ба 4-р сарын 10-нд эцсийн хурлыг 29 хүн хийж 4-р сарын 12-нд бослого эхэлсэн гэжээ. Мөн төлөвлөгөөний 4 дэх хэсэгт Цэрэнжавын шавь халзан Доржоор Ванчинтай холбоо тогтоосон гэж бичжээ. 

Эсэрхүү бослогын эхлэлт 

    1931 оны 9-р сард Хөвсгөл аймгийн Баянголын хүрээний аграмба лам Цэрэнжав Мөрөнгийн хүрээний том лам анги Дамдин, Жалханзын хүрээний лам Самдан нар хувьсгалын эсэргүү бүлэг зохион байгуулж улмаар Асгатын хүрээний гүрэмч лам Дүвчинсамбууд эсэргүү бослого бэлтгэж гаргах үүрэг өгч 1931 оны 11-р сард нууц хурлаараа хэлэлцэн хувьсгалын эсэргүү цуурхал тараах хүрээ хийдүүдийн хооронд холбоо барих, зэвсэг цуглуулах ажлыг Жалханзын хүрээний хувилгаан лам Гунаажавт хариуцуулж Мөрөн, Асгат, Тэс, Бүгсүй, Бугат, Бух, Хялганатын хүрээний дээд ангийн лам нарт тус тусын хүрээн дээр эсэргүү бослого гаргах үүрэг өгсөн байна. 

    Дээрх хүмүүс 1932 оны 1-р сард Самбуудүвчингээс толгойлуулсан штаб байгуулж бүрэлдэхүүнд нь Рашаантын хүрээний гавьж лам Сандандоржийг орлогчоор, Асгатын ловон лам Шагдарыг улс төр шашин шүтлэгийн ахлагчаар, Жалханзын хүрээний хувилгаан лам Гунаажав, Баруун асгатын хүрээний Чойжил нарын бүрэлдэхүүнтэй байгуулж энэ хуралд Цэрэнжав, Дамдин нар биеэр байлцан эсэргүү бослогыг 1932 оны зуны дунд сарын 15-нд 300-аас доошгүй цэрэгтэйгээр эхлэхийг Дүвчинсамбууд даалгажээ. 

    1932 оны 4-р сард ДХГ-ын Хөвсгөл аймаг дахь ангиас аграмба лам Цэрэнжав, анги Дамдин, хувилгаан Гунаажав нарын 5 хүнийг дайчлан баривчилжээ. 

    Эсэргүү бослогын баригдаагүй үлдсэн гишүүд Хялганат ба Асгатын хүрээний том лам феодалууд оролцсон 29 хүний нууц хурал хийж эсэргүү бослогыг урьд төлөвлөсөн өдрөөс өмнө гаргахаар шийдвэрлэн 1932 оны 4-р сарын 10-нд Бандид гэгээний хийдийн хутагт лам Цэрэндагва, Хялганатын хүрээний залан Жамсрандорж, феодал Доржпалам нараар удирдуулсан 150-иад хүнтэй босогчид Асгатын хүрээний Дүвчинсамбуу, ловон Шагдар нарын удирдсан 100-гаад хүнтэй босогчид 4-р сарын 11-нд 4-р сарын 13-нд Рашаантын хүрээний Сандагдорж Чойжинрэгдэндагвын удирдлагаар 300-гаад хүнтэй босогчид тус тус босч Рашаант сумын захиргаа, хоршоо, хамтрал, сургуулийг дээрэмдэн шатааж 20 гаруй хувьсгалчийг баривчлан өөртөө суман утсан харилцааг эзлэн авчээ. 

    Рашаантын хүрээнд “Очирбатын яам” гэгчийг Чойжин Эрэгдэндагва, Тайж Дандар, залан Жамсрандорж нарын бүрэлдэхүүнтэй байгуулж Асгатын хүрээний Дүвчинсамбуу, ловон Шагдар нарт элч явуулж, тэднийг Рашаантад ирүүлсэн Дүвчинсамбууг бүх цэргийн жанжин болгожээ. 

    НАХЯ-ны сайд дэслэгч генерал Ө.Чойжилсүрэн асны аав Хөвсгөл аймгийн анхны дарга байсан хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Өлзийхутаг гуай “1932 онд би Хөвсгөл аймагт хоршооны даргаар ажиллаж байгаад хавар малын хөөвөр, хялгасыг авч ашиглах талаар сумдад ажиллах төлөөлөгч нарт семинар өгөөд өөрөө уг ажлын биелэлтийг шалгахаар өөрийн сургагчийн хамт машинаар явж Намнан суманд ирээд буудалд унтаж байтал шөнө орой болсон хойно нэг хүн сандран бидний хойноос ирж "Хялганатын хүрээн дээр эсэргүү бослого гарч хоршоог сүйтгэн, аймгийн төлөөлөгч Гэнэн нарын зэрэг хүмүүсийг алаад цаашаа Рашаантыг сүйтгэхээр явлаа” гэж мэдэгдэв. Сургагч маань “Урд манайд ч хувьсгалын эхний үед ийм бослого гарч байсан тул хоёулаа эндээс түргэн явж аймагт холбоо баръя” гэснээр хоёулаа машинаараа явж Их уул суманд ирэхэд бослого гарсан нь үнэн байв. Ийм учраас Өлзийхутаг би бослогыг дарах хүмүүсийг олж цуглуулан зохион байгуулахаар Их-Уул суманд үлдэж сургагч нь аймагт холбоо барихаар явжээ. Өглөө болоход Өлзийхутаг 20 гаруй хүн цуглуулаад байтал аймгаас мөн л 20 гаруй хүн (голдуу албан байгууллагын дарга нар) ирж бидэнтэй нийлж 40 гаруй хүн мориор Арцатын амыг өгсөж Рашаантад ойртон очвол эсэргүү нар их олширсон ба замд олон хүнийг алж сүйтгэсэн байв. Гэтэл тэр үед Архангай аймгаас 2 машин дүүрэн хүмүүс ирж эсэргүү нартай байлдаж анхны цохилтыг өгсөн бөгөөд тэдний дотор лав танихаас нөхөр Сүрэнжав оролцож явсан юм” гэжээ. 

    Сүсэгтэн ардууд ба лам нарын бослогод татан авч өөртөө суманг эзлэх утсан харилцааг эвдэж таслан Хөвсгөл аймгийн Мөрөн хотыг довтлон эзлэх зорилго тавьж байжээ. Рашаантын хүрээнд байсан эсэргүү бослогын төв Очирбатын яам, түүний 3000 гаруй эсэргүүчүүд нь Хөвсгөл аймгийн Хялгант Рашаантын (одоогийн Рашаант суманд) хүрээнд 300, Асгатын хүрээнд 200 (одоогийн Тосонцэнгэл Түнхэл суманд), Бүгсүйн хүрээнд 500 (Одоогийн Төмөрбулаг суманд) , Тэсийн хүрээнд 1000 (одоогийн Цэцэрлэг суманд) бөөгнөрч 300-аас 1000 хүртэл хүмүүсээр бүрэлдсэн цэргийн зохион байгуулалт хийж тохиолдсон хүмүүсийг хүчээр өөрийн цэрэгт дайчилж 1000 гаруй босогчдоор эсэргүүгийн 7 отрядыг байгуулж зэвсэгт отрядыг нэмэн байгуулсаар бүгд 13 отряд болж, отряд бүрийг удирдах хүнд жанжин гэдэг тушаал өгч Б.Түгж, Б.Аюурзана, Т.Магнай, Т.Сумъяа, Ш.Жур, Бү.Норовсамбуу, Бадрах, Бадамжав нарын 10 хүн “Жанжин” гэгч тушаалтай болж Магнайг гэсэрийн 32 баатарын 1, Самданг Догшин ноён хутагт, Самбуудүвчинг ловон Бадамжунайн бүрэлбаа, Дамдинсүрэнг гэгээн гэх мэтээр нэрлэж өөрсдийгөө өргөмжилсөн. Олон тооны хувьсгалчид шударга ардуудыг барьж тамлан зовоож алах, орон нутгийн захиргаа хоршоо, хамтралуудыг дээрэмдэж авсан буюу өөрсдийн дарж цуглуулсан буу зэвсгээр шар цэрэг гэж нэрлэсэн хүмүүсээ зэвсэглэжээ. 

    Хувьсгалын эсэргүү нарын удирдах том төв нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын Бандидын гэгээний хүрээнээ төвлөрч “шашныг мандуулах, амьтныг жаргуулагч Очирбатын яам гэж нэрлээд хувьсгалчдыг байцаан шүүхэд зориулсан банз шаахай мэт хэрэгслүүдийг тусгайлан бэлтгэсэн байлаа. Дайчилсан ардуудыг 10-т , 50-т , 100-т гэх мэтээр зохион байгуулжээ. Өөрийн шар цэргийн хүзүүнд цагаан зангиа зүүж, цэргийн анги салбарууддаа цагаан ногоон 2 өнгийн тугийг хэрэглэх журмыг тогтоож хөдөлмөрчдийг ардын засгийн эсрэг босоход чиглэгдсэн хувьсгалын эсэргүү ухуулгыг олноор гаргаж намын дотор гарсан зүүнтний алдаа завхарлыг овжиноор ашигласан байна. 

    Эд нар олныг хуурч Чойжин сахиус, дүвчин, гэгээн, хувилгаан, дарь-эх, ловон Бадамжунайн бүрэлба гэх мэтээр өөрсдийгөө хуурамчаар нэрлэж, өөрийн ба Жалханз гэж өргөмжлөгдсөн Билэгдэмбэрэлийн өтгөн, шингэн, цамцны хир гэх мэт зүйлийг уувал бууны сум даадаггүй юм гэж мунхруулах буюу урьд Хатанбаатар Ховдод явахдаа 39 хүүхэнтэй явсан гэж ярьж явсан. Мөн худлаар Чойжин сахиус болж хоосон буудах буюу утлага зангиа тарнидаж өгөөд мод бариулан улаан цэргийн өмнөөс олноор нь очуулж алуулж байжээ. 

    МАХН-ын Төв Хороо, Хянан байцаах төв комиссын хавсарсан онц гуравдугаар бүгд хурал тус улсын гадаад, дотоод байдал эрс хурцадсаныг тэмдэглээд хувьсгалын эсэргүү бослогод зарим хөдөлмөрчин ард, нам эвлэлийн гишүүд татагдан орж байгаа явдлын нэг шалтгаан бол тус орны онцлог байдлыг харгалзахгүй явуулсан буруу ажлын улмаас боловч гэж дүгнэв. 

    1932 оны дөрөвдүгээр сарын 22-нд Хөвсгөл аймгийн Ядамсүрэн, Лувсан, Чойжилсүрэн, Дашзэвэг, Бумдэмбэрэл нарын гарын үсэгтэй “зурвас” гэсэн нэрээр Засгийн газар, Жигжиджав, Бага хурал Лаган, Намын Төв хороо Дорж, Цэргийн зөвлөл Дэмид, хамгаалах Намсрай нарт бичсэн нь: 

    “Дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс Рашаант, Төмөрбулаг зэрэг сүм хийд бүхий газарт эсэргүү бослого үүсчээ. Бослогыг Рашаантын Цэрэндондов нутагт удирдсан. …Япончууд Улаанбаатарыг дөрөвдүгээр сарын 8-нд эзлээд одоо Цэцэрлэгт ойртож явна. Манай хөдөлгөөн японтой холбоотой гэж тэд ухуулан эсэргүү нар хоршоо, хамтралын эд хөрөнгийг дээрэмдэн устгаж, нам, эвлэлийн гишүүдийг олж байна. Цагаан тугандаа тэд тангараг өргөдөг, одоо эсэргүү нар мянга гарч, маузер бярдаан болон өөрсдийн хийсэн буутай боловч сум хэрэглэл дутмаг, тэдний эсрэг нам, эвлэлийн гишүүд, партизан 150 хүн явуулсан боловч зэвсэг муутай. Одоо зэвсэггүй учир дахин отряд байгуулах аргагүй. Хотын цэргийн түрүүч ирлээ. Зэвсэг сум түргэн ирүүл. Хотын цэрэг удааширсан учир Тункин ба Соловьевскоос тусламж гуйсан” гэжээ. 

    Ардын засгаас авсан яаралтай арга хэмжээ 

    1932 оны дөрөвдүгээр сарын 16-нд Намын Төв Хорооноос Хөвсгөл аймагт гарсан хувьсгалын эсэргүү бослогыг дарж устгах комиссыг байгуулж, гарсан алдаа завхралын шалтгааныг зөвөөр танин мэдэж засах ажилд оржээ. 

    Мөн өдөр Улсын бага хурал, Засгийн газрын тэргүүлэгчдийн хамтарсан онц хуралдаанаар “Хөвсгөл аймагт гарсан хувьсгалын эсэргүү бослогын тухай” ДХГ-ын илтгэлийг сонсоод, Хөвсгөл аймагт гарсан эсэргүү бослогыг богино хугацаанд дарж ард түмний тайван байдлыг хангах арга хэмжээ авахаар мөн газрын тусгай хорооноос хөнгөн палемёт, винтов, гранатаар зэвсэглэсэн байлдааны тусгай отряд гаргаж 1932 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатараас илгээжээ. 

    Отрядын ерөнхий командлагчаар ДХГ-ын орлогч дарга Гиваапил, сургагчаар тусгай хорооны сургагч Исаков, Отрядын дарга Батаа, комиссар нь Шаравдорж нар явжээ. Батын отряд дөрөвдүгээр сарын 24-нд эхлээд 700 гаруй эсэргүү нартай хүчтэй байлдаж дайсны бөөн хүчийг бутарган сарниулжээ. Дайсан эзэлсэн байгаа алдахгүйн тулд шургуу эсэргүүцсэн авч манай цэрэг Рашаантыг чөлөөлөхөд долоон удаа хүчтэй тулалдаж эсэргүү нараас бүгд 200 гаруй хүн алагдаж шархадсан ба 200 шахам хүн бууж өгчээ. Мөн бослогын төв штаб, Очирбатын яамны тамга, бичиг баримтын зүйлийг олзлон авчээ. Эсэргүү нар Рашаантыг эзэлсний дараа тэнд байсан албан байгуулагуудыг шатаан дээрэмдэж 30 гаруй идэвхтэн ажилчдыг амьдаар нь арьсыг хуулах, үсийг зулгаах, махыг огтчих зэрэг жигшүүрт харгис яргаллыг явуулсан байжээ. Батын отряд цааш дөрөвдүгээр сарын 27-нд Асгатын хүрээнд байсан Самбуу дүвчингийн 200 цэрэгтэй байлдаж гол хүчийг унагаснаар Самбуу дүвчин хэсэг цэргийн хамт зугтаажээ. Дөрөвдүгээр сарын 29-нд Бүгсүйн хүрээнд байсан дайсантай долоон цаг байлдаж, эсэргүү цэргээс 30 гаруй хүн алагдаж нэлээд хүн шархаджээ. Дайсан Бүгсүйн хүрээг алдаад Мөрөн голын урьд талд Цагаан бургас, Загзууд (одоогийн Бүрэнтогтох сумын нутагт) очиж 1000 гаруй хүний хүчийг хуралдуулж, Хөвсгөл аймгийн Мөрөн хотыг эзлэхээр зорьжээ. 

    Ц.Гиваапил босогчидтой байлдаж ялахын хамт тагнуулын аргаар босогчдын байдал, хүч зохион байгуулалт, удирдагчдын талаар судалгаа сайн хийж, нууцаар нэвтэрч ороод удирдагчдын хооронд хагарал гаргах, бууж өгөх, хүчинд автагдаж яваа жирийн хүмүүсийг салгаж авах талаар байлдааны ба гүйцэтгэх ажлын хосолмол нарийн арга тактикийг боловсруулан ажиллаж байлаа. 

    Хувьсгалын эсэргүү бослогыг түргэн дарахын тулд аймгийн Намын хороо албан байгууллагуудын идэвхтэн, нам, эвлэлийн гишүүдийн хүчийг зохион байгуулж, хөдөлмөрчдийн дунд эсэргүү бослогын хор уршгийг тайлбарлах ажлыг хүчтэй зохиожээ. Энэ талаар Н.Лодойн дурдатгалд: “бидний хэсэг залуучууд Завхан аймгийн эвлэлийн хороонд ажиллаж байхад биднийг сумдад хувиарлан томилж ажиллуулсан ба би Идэр суманд ажилласан юм. Бид очсон газартаа хувьсгалын эсэргүү бослогын хор уршгийг хөдөлмөрчдийн дунд тайлбарлан таниулж байсан юм” гэжээ. 

    Батын удирдсан отряд дээр хүч нэмж ДХГ-аас 1932 оны дөрөвдүгээр сарын 29-нд Нясалдаг даргатай отряд монгол тээхийн “Газ” машин долоо, ДХГ-ын “М” машин гурвыг хэрэглэж байлдааны бүрэн зэвсэгтэй гурван салаа цэрэг хотоос гарч, дөрөвдүгээр сарын 30-нд одоогийн Булган аймгийн төв, тэр үеийн дайчин вангийн хүрээнд хоноод, тавдугаар сарын 1-нд Архангай аймгийн Сайхан сумын төвд хүрч цааш явсаар Рашаантын төвд очиж Батын отрядтай нийлжээ. 

    Ингээд Батын отряд Нясалдагийн отрядтай хүч нэгдэж Жалханзын хүрээнд байсан 300 шахам эсэргүү нартай долоон цаг байлдаж уг хүрээг чөлөөлжээ. Энэ байлдаанд эсэргүү нараас 100-гаад хүн алагдаж 37 хүн шархдаж, үлдсэн хэсэг нь бартаат газрыг дагаж ухарчээ. Отряд нь дайсныг мөрдөн хөөж устгахдаа 40 гаруй том толгой лам нарыг баривчлан авч байцаалт явуулсан ба тагнуулын хүчээр дайсны хүч бөөгнөрлийг мэдэж, мөн нутгийн ардууд, хүрээний ядуу лам нарт нам, засгийн бодлогыг тайлбарлан таниулж, эд хөрөнгийг орон нутгийн албан байгууллагуудад хүлээлгэн өгчээ. Тавдугаар сарын 8-нд Тэсийн хүрээнд бөөгнөрч байсан 1000 гаруй хүнтэй эсэргүү бослогын хүчийг бут цохиж 200 гаруй хүнийг устгаж, удирдагч гавж лам Шагжийн хамт 60 шахам том толгой лам нарыг баривчилжээ. Эсэргүү нарын гол хүчин гэж бут цохигдсон ч зугтааж сарнисан зарим хэсэг нь Сангийн далай, Булнайн ар, Тэлмэн нуур зэрэг гурван газарт хүчээ нэгтгэн цуглуулж байжээ. 

    Тэд нарт “Зэвсгээ хураалган бууж өгч, засгийн энэрэл өршөөл хүлээхийг олон удаа ухуулан сурталчилсан боловч эсэргүү нар өөрийн зорилгод итгэсээр тавдугаар сарын сүүлчээр сарнин бутарсан хүчээ цуглуулж, Хөвсгөл аймгийн төвийг эзлэхээр дахин санаархан Мөрөн голыг хоёр чиглэлээр гатлахын тулд манай отрядтай 2-3 өдрийн турш голын хоёр талаас харилцан буудалцжээ. Энэ байлдаанд дайсан 90 гаруй хүнээ алуулж 30 гаруй хүнээ шархдуулж гучаад хүн нь амьд баригджээ. 

    Дайсан Загзуугийн хүрээнд бөөгнөрсөн 1000 гаруй эсэргүү нартай нийлж дахин шинэ тулалдаанд бэлтгэжээ. Тэд тавдугаар сарын сүүлчээр бут цохигдохдоо дайсан 200 шахам хүнээ гарздаад зугтааж, жанжин Жамц, Самбуу дүвчин нарын удирдсан үлдсэн хэсэг нь 1932 оны зургадугаар сард Домбуу хавчууд (одоогийн Шарга сумын нутаг) очоод байлдаанд шинээр бэлтгэж, Домбуу, Булнай, Бүрэнтогтох, Бүгсүй, Жалханзын хүрээний брауун ууланд цугларсан учир Мөрөн хотын талд манай отряд иржээ. Рашаант ба Асгатын хүрээнд анх удаа бут цохигдсон этгээдүүд Архангайн баруун хойт тал Мухар хожуул, Бухын хүрээ зэрэг газар хүчээ дахин хуралдулж байгаад манай отрядад бут цохигдон, Цагаан бургас, Бүгсүй, Олон голын бэлчир зэрэг газарт үүрлэн байсан Жамц, Түгж, Овоодой, Ноогон малгай Дамдинсүрэн, Жур нарын бөөгнөрсөн хүчийг бут цохих үүрэг отрядын өмнө тулгарчээ. 

    Эсэргүүний үүр болсон эрээн модон Тариатад 

    Хувьсгалын эсэргүү бослого 1932 оны дөрөвдүгээр сард Хөвсгөл аймгийн Рашаант, Асгат, Бүгсүй, Жалханз, Тэсийн хүрээдийн орчимд бут цохигдсон боловч Түгж, Норовсамбуу, Ээмэгт лам, Жав нарын удирдсан бүлгүүд нь Завхан аймгийн хойт сумд ба Хөвсгөл аймгийн баруун хойт Тэс, Баянхайрхан сумдаар дамжин Увс,Тагна, Тува улсад нэвтрэх буюу буцаж Хөвсгөл аймгийн Мөрөн, Хатгал хотуудыг баруун хойт талаас нь довтлон манай отрядуудад бут цохигдон, зугтаасан үлдэгдэл нь Булнай, Сангийн далайд хүчээ бөөгнүүлж байхад манай эрэлхэг чекист Ө.Данаа нарын хэсэг хувьсгалчид Баянхайрханд баатарлаг тэмцэж байгаад алагдсан, Дамбуу хавчууд сургагч Исаков нар баатарлаг байлдаад алтан амиа алджээ. 

    Ногоон малгайт Дамдинсүрэнгийн удирдсан эсэргүү цэрэг Шумуултайн хүрээн дээр хүчээ бөөгнүүлж 500 гаруй болоод, Завхан аймгийн Идэр, Улаагчин сумд ба аймгийн төвийг эзлэх гэсэн авч улаан цэрэгт ялагдах үедээ манай эрэлхэг чекист Ц.Донров, сургагч В.Е.Колосс, С.Янсанжав нарыг тамлан зовоож алаад, Архангай аймагт Тариатад ирж, Рашаантаас Архангайн чиглэлд зугтсан эсэргүү Самбуу, Жамц, Аюурзана, Магнай, Сумъяа, Жур нарын зэрэг эсэргүү нартай нийлж үлэмж их хүчийг хуралдуулжээ. 1932 оны таваас зургадугаар сард эсэргүү нарын гол хүч Архангай аймгийнТариатад бөөгнөрч байсан учраас ард түмэн "эсэргүү нарын үүр болсон эрээн модон Тариат” хэмээн элэглэж байжээ. 

    Дамдинсүрэнгийн эсэргүү бүлэг Завхан аймгийн төв Улиастайг эзлэхээр цэрэг илгээхдээ Донров, Колосс нарыг алсан Батчулуун Жанжны цэргийг сонгож Идэр суманд явуулэээ. Тэнд улаан цэргийн отряд Улиастайгаас тосон ирж байлдаад тэднийг ялж Батчулуун алагдсан учир Завханыг орхиж, Архангайн төвийг эзлэхээр уналга, байр, хүнс бэлтгүүлэхээр Тариатаас хоёр өртөө хол (50-60 км) зайтай Гичгэнэ гэдэг газарт 30 хүнийг урьдчилан явуулэжээ. Тэд замдаа Содномын отрядын агтыг дээрэмджээ. Эсэргүү нар Содномын отрядтай байлдахын урьд үдэш хоёр дахин их “сор” залж буу тавьж бэлтгэсэн байна. Тэгээд 5-р сарын 13-ны өглөө Содномын отрядтай байлдахдаа нэг шар, хоёр цагаан тугтай, цэргүүд нь зүүн мөрөндөө цагаан даавуу тэмдэг уяж бас “Зая Бандид” гэсэн төвд ном хадагт боож зүүсэн зангиатай байж, бүх цэргийг морьтой хүн командлаж байлдаанд оруулсан ба хойноос нь лам нар орохоор хүлээн зогссон байжээ. 

     1932 оны тавдугаар сард “Ногоон малгйт” Дамдинсүрэнгийн эсэргүү цэрэг аархангай аймгийн Тариатын хүрээн дээр төвлөрч байхдаа хуучин сайн ноён хаан аймгийн Далай Чойнхор чин ван Цэдэнсодномын хошууг “сэргээхээр” түүний хүү 16 настай Жигжидсүрэнг хошуу ноён болгон феодализмыг сэргээх гэсэн зохион байгуулалтын зарим оролдлого хийжээ. Архангай аймгийн удирдлага, Засгийн газрын бүрэн эрхт комиссын дарга Ж.Лхүмбийн шийдвэрээр өөрийн аймаг дахь нутгийн зарим албан хаагчдаар хоёр отряд байгуулж, нэгийг Хөвсгөл аймагт, нөгөөг Тариат сумыг хамгаалуулахаар явуулжээ. Архангай аймгийн намын хорооны нарийн бичийн дарга Г.Гончигдорж, дотоодыг хамгаалах ангийн дарга Намжаан нарын отряд эсэргүү нартай хэдэн удаа тулалдсан ба тэд 1932 оны тавдугаар сарын 5-нд Тариатаас хойш Арын хүрээний орчимд эсэргүү нартай байлдаж тавдугаар сарын 9-нд Дамдинсүрэгийнхэд дахин илүү давуу хүчтэй тулгараад зугтааж гарсан байна. 

    Тэр үед Алтай аймагт гарсан хувьсгалын эсэргүү хөдөлгөөн бүрэн дарагдаагүй. Харин Өмнөговьд гарсан болого дарагдсан учир тэр чиглэлд засгийн газрын бүрэн эрхт комиссын даргаар ажиллаад дөндөж ирээд байсан Худалдаа, аж үйлдвэрийн яамны сайд Г.Содномыг Архангай аймгийн Тариатын хүрээний орчимд үүрэлсэн эсэргүү нарын бүлгийг дарах ажлыг эрхлэх засгийн газрын бүрэн эрхт комиссын даргаар томилон явуулжээ. Г.Содном Архангай аймагт очиж байдлыг танилцаад Аймгийн цэргийн хорооны түр цэргээс 30-40 хүнтэй нэг салаа цэрэг, аймгийн албан хаагчдаас тийм хирийн хүн авч бүгд 70-80 хүнээр яаравчлан байгуулсан отрядыг удирдан авч явжээ. Отрядын бүрэлдэхүүнд ДХГ-ын ерөнхий сургагч В.С.Кияковский, ДХГ-ын хэлтсийн дарга Цэдыпов (Норовжамц), сургагч Бадамын буюу Балдан, Архагай аймаг дахь ДХ ангийн ажилд туслахаар очсон С.Галиндэв, төлөөлөгч Л.Аюушжав, сургуулийн багш Д.Даш, мөн Самбуу (бүдүүн) хүний эмч Немой зэрэг хүмүүс оролцсон байна. 

    ДХГ-Аюушаас Цэцэрлэг дэх Галиндэвтэй 1932 онд тавдугаар сарын 22-нд аппаратаар ярьсан нь: “Содномын отряд тавдугаар сарын 13-нд байлдаж эсэргүү нараас 100-аад хүн алагдаж 100-аад хүн шархадсан. Эсэргүү нар 18-нд Архангайн төвийг эзлэхээр Тариатаас гарсан боловч 19-ний өдөр Гичгэнийн голд Өлзийбатын отрядтай тулгарч буудалцаад олон хүнээ алуулж, зарим нь зугтаажээ. Содном нарын таван хүнийг байлдаан болсны маргааш нь 14-нд устгасан байна” гэжээ. 

    ДХГ-аас томилогдсон гурван отряд буюу таван салаа орчим цэргийн хүчээр дарах бололцоогүй болсон учир ДХГ-ын саналын дагуу МАХН-ын Төв Хороо, Засгийн газраас ДХГ-ын цэрэгтэй хамтран ажиллах үүргийг Монгол Улсын батлан хамгаалах зөвлөлд өгснөөр 1932 оны тавдугаар сарын 13-ны өдрийн 27 дугаар хуралдаанаараа тогтоол гаргаж цэргийн зөвлөлийн гишүүн, Монгол Ард Улсын хувьсгалт улаан цэргийн улс төрийн газрын дарга Д.Өлзийбат, гишүүдэд Архангай аймгийн намын хорооны нарийн бичгийн дарга Гончигдорж, мөн аймгийн захиргааны дарга Дамбаринчин, 10 дугаар дивизийн дарга Гомбосүрэн, мөн дивизийн комиссар Гомбожав, цэргийн ерөнхий сургуулийн сургагч Юшкеевич, Архангай дахь ДХ ангийн дарга С.Галиндэв (Намжаан байж магадгүй) нарыг томилжээ. Өлзийбатын араас, Намсрай даргатай отряд тавдугаар сарын 14-15-ны орчимд хотоос гарч, мөн цэргийн ерөнхий сургуулийн захирал А.Содномын отряд (дараа нь Чоймбол) гарч Архангай, Өвөрхангай, Завханд ажилласан. Мөн энэ үед Ж.Малж, Д.Ванчиг нарын отрядууд Архангай, Хөвсгөл аймагт ажилласан ба Архангайн 17, Завханы найм, Ховд, Увс (дөрвөд) аймгуудаас тус бүр нэг отряд гарчээ. 

    Д.Өлзийбат, Юшкеевич нараас 1932 оны тавдугаар сарын 19-нд Цэргийн зөвлөлд ирүүлсэн илтгэлээс үзэхэд, “Гичгэнийн гол дээр ирээд бидний зэрэгцээ 100 гаруй эсэргүү явааг илрүүлсэн бөгөөд Тэрхийн голыг гатлах аргагүй тул эсэргүү нарыг аэроплан ба их буу, пулемётоор довтлов. Эсэргүү нараас хичнээн алагдсаныг мэдэхгүй гэсэн байв. Харин Д.Өлзийбат, Д.Намсрай нараас 1932 оны наймдугаар сарын 5-нд цэргийн зөвлөлд бичсэн илтгэлээс үзэхэд тус отрядын оролцсон 15 тулгаралтыг сар өдөргүй бичсэн ба анх удаа Архангай аймгийн Тариатын хүрээнээс урагш 60-70 км зайтай Гичгэнийн голд “Ногоон малгайт Дамдинсүрэн, Дэндэв нарын 600 гаруй эсэргүү нартай тулгарч байлдсан байна. Нисэх онгоц, их буу, танкийн тусламжтайгаар тэднийг цохиж сарниулсан ба энэ тулалдаанд 70 шахам хүнийг алж, 74 хүнийг буулган авчээ. 

    Дамдинсүрэн хэсэг хүмүүсийн хамт зугтаасан гэх бөгөөд Тариатын хүрээ рүү манайх хоёр салаа цэрэг явуулжээ. Тэд мөн хүрээнд орж 200-аад эсэргүү нараас, “Ерөнхий жанжин” Санжжав, “Туслах жанжин” Дагва, бага хурлын гишүүн байсан Дарьсүрэн нарыг 30 ламын хамт баривчлан ирсэн байна. Дамдинсүрэнгийн эсэргүү нарыг Хөгжлийн голын эхэнд гүйцэж буулгаад жанжин Дэндэвийг 40 хүний хамт устгаж 15 хүнийг баривчилжээ. Тэднээс олзолсон зэвсэг нь шош пулемёт нэг, япон винтовын сум зургаан хайрцаг, орос винтовын сум 560 ш, Тариатаас максим хүнд пулемёт нэг, хөнжлийн голд тектров пулемёт 26. Мөн урьд Тэрхийн голд гурав дахь удаа байлдахдаа эсэргүү нараас 30 хүн устгаж 39 хүн баривчилсан. Дөрөв дэх удаа Хөнжлийн дуганы ойролцоо, доод Цэцүүх гэдэг газарт Дамдинсүрэнгийн 460 хүнтэй буудалцаж, 100 орчим хүнийг устган, цааш мөрдөн хөөж Бор бургалын дуганы тэнд гүйцэж ногоон малгайт Дамдинсүрэн болон Тарган хувилгаан гэгч Ринчингийн хамт хэд хэдэн хүнийг баривчилсан ажээ. 

    Цэцэрлэгт сургагч Балдунтай 1932 оны тавдугаар сарын 17-ны өдөр аппаратаар ярихад Тариатад сайд Содномын отряд цохигдсон тухай мэдээлсэн нь: 

     Тавдугаар сарын 13-ны өглөөний 05 цагт Тариат руу давшиж гурван цаг хагас хиртэй буудалцаад манай отряд дийлдлээ. Эсэргүү нарын 1000 хиртэй хүнийг хэд дахин уухайлан дайрахад нь хориглож тогтоосон боловч сум дуусч, пулемёт гацсан учир отряд дийлдсэн. Цугларах газрыг Цагаан нуурын зүүн талд гэж заасан ёсоор тэнд ухарч очиход дөрвөн цэрэг, нэг даргаас өөр хүн ирсэнгүй. Кияковский, Ниожиготов (орчуулагч бололтой) нар зугтаж гарсан бололтой. Бусад хүмүүсийн тухай мэдээгүй, их төлөв алагдсан. Хөнгөн пулемёт гурав, максим пулемёт нэг хаягдсан. 18 орчим цэрэг байлдааны дундур дайсанд урваж орсон ба бусад нь зугтаасан тул гагцхүү дарга нар байлдсан. Машинуудаа Тариатын “Ноос угаах” газрын орчим гол дээр орхисон… Эсэргүү нар бидэнд 400-500 метр ойртож ирээд уулгалан дайрч, биднийг гол хүртэл хөөсөн. Ерөнхий сургуулийн штабын дарга алагдсан (Цадмид болов уу). Комиссар шархадсаныг салааны дарга авч ирсэн ба сумангийн дарга шархдаад баригдсан боловч гарч ирсэн. Эсэргүү нараас энэ байлдаанд 100 гаруй нь алагдсан” гэжээ. Мөн нисэх отрядын Лазуковоос 1932 оны тавдугаар сарын 16-нд цэргийн яаманд аппаратаар мэдэгдэхдээ: “Цэцэрлэгийн эмч Немой алагдсан. Бусад сургагч нар хаана байгааг мэдэхгүй. Тариатаас зугтсан 30 хүн Царамын өртөөнд бий” гэжээ. Цэдыпов Галиндэв нараас 1932 оны тавдугаар сарын 21-нд ДХГ-ын даргад Содномын отряд эсэргүү нарт цохигдсон шалтгааны тухай бичихдээ: 

    “Цэргийн жинхэнэ жагсаалын ангийн дарга, сургагч нар хоорондоо санал зөрөлдөж байсны дээр 100 гаруй агтаа хол орхиж түүнийг эсэргүү нарт дээрэмдэх бололцоо олгосон. Бас цэргүүд нь шөнийн цагаар 20-иод км газар явган явж очиход эсэргүү нар морьтой тоогоор олон байснаас манай галын хүч суларсан даруй шууд дайрч олны хүчээр нөмөрсөн. Бас машинаа хол орхиж цэрэг, жолооч нийлсэн 30 орчим хүнээр хамгаалуулахад хүрсэн тул отрядын гол хүч цөөрсөн. 

    Отрядын гол хүч нь нутгийн түр цэргээс бүрдсэн учир, тэдний санал сэтгэл тогтвортой биш байснаас зарим харуулын цэрэг байлдаан эхлэхийн өмнө оргож, Монгол хувцас өмсөөд явж байсан баримт илэрсэн буюу нийт арваад цэрэг гэртээ харьсан. 

    Нийт бууны болон ялангуяа пулемёт бууны сум хангалтгүй байснаас байлдаан дундуур сумгүй болж, галын хүч суларч ухрахад хүрсэн. Байлдагч бүр 28 сумтай байлдаанд орсон. 

    Байлдаанд зориг хатуужил их хэрэгтэй байдаг тухай олигтой ухуулаагүй. 

    Хоол унд хангалтгүй, гал тогоогүй явсан нь нэг адил цэргийн санал сэтгэлд нөлөөлсөн. 

    Дайсан 700-800 хүн морьтой байхад манайх 70-80 явган хүн байсан нь тэнцвэр хэт зөрүүтэй байсан” гэж дүгнэжээ. 

    НАХЯ-ны архив, Цэдыповын захидлууд 4-р хуудас 1932 он ДХГ-ын даргаас 1932 оны наймдугаар сарын 12-нд гаргасан 280 тоот тушаалаар Цедыпов, С.Галиндив нарыг “Тариатын тулалдаанд пулемёт буу зэвсэг эвдэн, сум зэргийг усанд хийж, тус газрын хэдэн машин болон бусад нөхөд ба удирдагчдыг хаяж зугтсан” гэж зэмлэж буруушаажээ. 

    Тайлбар: Тариатын байлдаанд баатарлаг байлдсан сургагч Кияковскийн дурсгалын хөшөө, НАХЯ-ны 50 жилийн ойн баяраар Архангай аймгийн төвд болсон боловч амь үрэгдсэн Худалдаа, аж үйлдвэрийн яамны сайд агсан Г.Содном, эмч Нимой, төлөөлөгч Л.Аюушжав нарын талаар мэдэгдсэн бичигдсэн дурсамжгүй байна. 

 Хувьсгалын эсэргүү нар бут цохигдсон байдлыг аймгуудаар нь үзвэл 

    Нэг. Хөвсгөл аймагт: Эсэргүү бослого эхлэн гарч олонх сумдыг хамаэрч гол хүчээ бөөгнөрүүлсэн Жалханзын хүрээнд 500-гаад дайсантай долоон цагийн турш, Тэсийн хүрээнд 1000-гаад дайсантай хоёр өдрийн туршид, Загзууд 1000 гаруй дайсантай 12 цагийн туршид ширүүн байлдаан болж 300-гаад дайсан үүрлэсэн Хялганатын хүрээ, тус бүр 500 дайсан үүрлэсэн Асгат, Бүгсүйн хүрээ, 600-гаад дайсан үүрлэсэн Рашаантын хүрээ зэрэг газруудад эсэргүү нарт гол цохилтыг өгсөн юм. 

    Хоёр. Архангай аймгийн Наран, Цахар, Тосонцэгэл, Их-Уул, Цэцэрлэг, Тариат, Өндөр-улаан, Жаргалант, Хан-Оюут, Идэр, Чандмань, Эрдэнэмандал сумд ба Хожуул, Шумуултай, Тариат, Арын хүрээ зэрэг газруудад Бор гэгээн гэгч Самдан, ногоон малгайт Дамдинсүрэн, Бадрах, Жур, Магнай, Аюурзана, Түгж, Сумъяа зэрэг жанжнуудаар удирдуулсан 500-1000 хүртэл тооны шар цэргийн эсэргүү хүчинд ДХГ-ын орлогч дарга Гиваапилийн удирдсан отряд гол цохилтыг өгсөн байна. 

    Гурав. Завхан аймгийн Шилүүстэй суманд Да лам Хайдав, гэлэн Дорж, Шаравл нарын 30-аад лам нар бослого гаргахаар нууц хурал хийж байсан ба Нөмрөг, Ургамал сумдад тайж Дансран, Гүнчиндорж, Ванчиндорж нарын 13 хүн нууц хурал хийж сумы захиргаа, хоршоо, хамтралыг дээрэмдэн, сумын хариуцлагатан нарыг баривчлан эсэргүү нарын гарт өгөхөөр бэлтгэж байв. Архангайд бут цохигдсон Түгж, Магнай, Бадрах, Тарав жанжин нарын удирдсан шар цэргүүд улаагчин, Идэр, Тэлмэн, Сонгино, Отгон сумдад ирж 1932 оны зургадугаар сарын 30-ны мэдээгээр эсэргүү нарын учруулсан хохирол 118000 төгрөг, мал 1800-гаад толгойд, эсэргүү нарыг аялдан дагалдагчид 1300-д хүрч байсан тул тэдний эсрэг нам, эвлэлийн гишүүд, идэвхтэн ардууд 600-аад хүн сайн дурын отряд болон улаан цэрэгтй хүч хамтран нийлж дээрх дайсныг бут цохисон байна. 

    Дөрөв.Өвөрхангай аймагт: Заг сумын Байдрагын хүрээний 300-гаад феодал лам нар Монхор, Магсар нарын удирдлагын дор босч харилцаа холбоо, өртөө суманг эзэлж авсан ба Номинхаан, Баянхонгор, Мандал сумдыг эзлэн авчээ. Ламжав, Цэвэгмид, Төмөр, Мишиг, Дашцэрэн, Балган, Барамсай, Дамдинсүрэн, Ойдов, Сүрэнжав, Уртнасан нар шар цэргийн жанжнаар явж, “Ванчинбогд, Дилав хутагт, Зая гэгээн гэсэн найман хутагтаар толгойлуулсан их цэрэг Тариатад ирсэн тул манай Өвөрхангайчууд хоцроод байна” гэж цуурхал тараан эсэргүү хөдөлгөөн нь Хүрээмарал, Бөмбөгөр, Богдмандал, Баянбулаг сумдыг хамтран байсан тул Содномын отряд очиж цохилт өгсөн байна. Эсэргүү нар зөвхөн Монголын хувьсгалыг устгаад зогсохгүй, улмаар Тагна Тува улсын хувьсгалыг устгах зорилго тавьж байсан нь яллагдагч Бор гэгээн, Самдан, Түгж, Буриад, Шагдар нарын мэдүүлгээр илэрчээ. 

    Эсэргүү нарын бутарсан хэсгээс үлдсэн хүч нь Тэсийн чиглэлд “Бишрэлтийн хувилгаан” гэдэг Ээмэгт лам ба бусад эсэргүү нараар удирдуулсан 4-5000-аад эсэргүү Монгол-Тувагийн хил Дордогой, Агар, Зайгал зэрэг газруудаар хүчээ бөөгнүүлж Хатгал-Мөрөнгийн баруун хойт талаас довтлохоор бэлтгэж байв. Отрядууд эдгээр дайсныг мөрдөн хөөж Тэсийн хүрээний баруун талд Шагдарын удирдсан 150 гаруй эсэргүүг бут цохиж Тагна Тувагийн хилд ойрхон Ээмэгт лам (Дамдин бишрэлийн хувилгаан)-ын удирдсан эсэргүү бүлэг Тувагийн зарим оргодлуудтай нийлсэнийг Тувагийн цэргийн ангитай нийлж бут цохиход Ээмэгт лам 60-аад хүний хамт зугтааж явсныг хүч нэмэгдүүлсэн Дорлиг даргатай салаа цэрэг мөрдөн хөөж Дамдинбишрэлт гэдэг Ээмэгт ламыг 25 хүнтэй нь алж, 28 хүнийг амьдаар нь барьжээ. Агт морь 400 гаруйг буу зэвсгийн хамт хураажээ. Тэр үед Улаангомын отрядын дарга Тагжид, Завханы хоёр отрядын дарга Лувсан, Дэмчигдорж нарын удирдсан отрядууд Уран дөш гэдэг ууланд 500 гаруй эсэргүү нартай байлджээ. 

    Хужирт, Шаварт, Зайгал зэрэг 11 газарт хүчтэй байлдаж, эсэргүү нарын дээрэмдэн хэрэглэж байсан 4000 гаруй мал, гэр, буу зэвсэг, эд зүйлийг хураан авч орон нутгийн захиргаанд шилжүүлжээ. Тувагийн хувьсгалаас оргож ирсэн 40шахам хүнийг баривчилж, 60 шахам эмэгтэй голдуу хүнийг Тува улсын цэрэгт буцааж өгчээ. 

Самбуу Дүвчин 

    Самбуу Дүвчин бол Хөвсгөл аймгийн Асгатын хүрээн дээр гүрэмч, дүвчин нэртэй шавилан сууж байсан лам юм. 

    1931 оны есдүгээр сард Баянголын хүрээний Цэрэнжав, Мөрөнгийн хүрээний Дамдин, Жалханзын хүрээний Самдан нар нууц хурал хийж хувьсгалын эсэргүү бүлгэм байгуулж, мөн оны 11 дүгээр сард дахин нууц хурал хийхдээ Самбуу дүвчинээр толгойлуулж хувьсгалын эсэргүү бослого гаргах санал дэвшүүлж, 1932 оны нэгдүгээр сард Самбуу дүвчин даргатай штаб байгуулж бүрэлдэхүүнд нь Рашаантын хүрээний гавж лам Сандагдорж, Асгатын хүрээний ловон лам Шагдар нарыг томилж, улс төрийн ахлагчаар Жалханзын хүрээний хувилгаан лам Гунаажав, баруун Асгатын хүрээний Чойжин нарыг томилж 1932 оны зуны дунд сарын 15-нд 300-аас доошгүй цэрэг элсүүлж бослого гаргахыг Самбууд даалгажээ. Мөн бослого гаргах хүртэл хүрээ хийдүүдийн хооронд холбоо барих, цуурхал тараах, зэвсэг цуглуулах, талаар дээрх хүмүүс ажлаа хувиарлан авчээ. Гэтэл 1932 оны дөрөвдүгээр сард Хөвсгөл аймаг дахь ДХ ангиас Цэрэнжав, Гунаажав нарын таван хүнийг дайчлан баривчилсан тул Асгат, Хялганатын хүрээний том лам, феодалууд нийлсэн 29 хүнийг нууц хурлыг Самбуугийн удирдлагаар хийж бослого гаргах хугацааг наашлуулахаар тохиролцоод, дөрөвдүгээр сарын 10-нд Бандид гэгээн Хялгантын хүрээнд, 11-нд Асгатын хүрээнд, 12-нд Бухын хүрээнд, 13-нд Рашаантын хүрээнд, Цэрэндагва, Жамсрандорж, Доржпалам, Самбуу дүвчин, Шагдар, Сандагдорж, Чойжин, Рэндэндава, Буриад нар удирдан 100-300 хүнтэйгээр эсэргүү бослогыг эхлүүлж, Рашаант сумын захиргаа, хамтрал, хоршоо, сургуулийг устгаж, 20 гаруй хувьсгалчийг баривчлан сумын дарга Ринчиндүйнхор, хамтралын сургагч Гомбо, аймгийн төлөөлөгч Мангалсүрэн нарын найман хувьсгалчийг алж, “Очирбатын яам” гэгчийг байгуулж, Самбуудүвчинг Рашаантад авчирч бүх эсэргүү цэргийн жанжин болгожээ. Самбуу “Жмнжин” болмогц “Одоо шамбалын дайн болж байна. Улаанбаатар хотыг Ванчин богд эзэлсэн. Улаантныг устгах явдал хэдхэн өдрийн хэрэг болоод байна. Хүн бүхэн шамбалын дайнд орох хэрэгтэй. Ванчин богдоос ирүүлсэн “Жамбал нийвий” гэдэг номыг биедээ авч явбал бууны сум даахгүй, бууны амыг хуруугаар бөглөөд мод шийдмээр улаантанг цохиж алдаг юм. Харин энэ дайнд оролцохгүй бол гурван төрлийн үхлээр үхнэ” гэж сүсэгтэн хүмүүст ухуулга хийж, “Бид бол хувьсгалыг устгахын тулд сумын захиргаа, хоршоо, хамтрал, сургуулийг устгаж, хувьсгалчдыг баривчилж алах хэрэтэй, Би Ванчин богдод илч явуулсанд надад хариу ирүүлэхдээ Самбуу дүвчин намайг бослого удирдах үүрэг өгчээ. Би Ловон Адамжунайн бүрэлба учраас Ванчин богдын нэг салбар бөгөөд Ванчин богдыг энд ирэх хүртлэх хугацаанд бослогын ажлыг би хариуцна гэх мэтээр сагсуурч байжээ. Самбуу дүвчин эсэргүү цэргээ долоон отряд болгон хувааж, Түгж, Аюурзана, Магнай, Сумъяа, Жур, Норовсамбуу, Бадрах, Бадамжав нарыг “Жанжин болгож ажилласан. ДХГ-ын отрядын цэрэгт ялагдсан Самбуу дүвчин Архангай аймагт зугтааж гараад Азарган уулын даяанд лам Вандандорж, галзуу Чойжин, Буриад нарыг түшиглэж “Очирбатын яамыг” дахин байгуулж Буриадаар толгойлуулж, Самбуу өрөө Шандав яамыг удирдаж, даа ламд гавж Сандагдоржийг, бүх цэргийн жанжинд Жамцыг, штабын даргад Дамдинсүрэнг томилж бусад жанжнуудад Намсрай, Мятав, Жигжид, Аюурзана, Норовсамбуу, Түмэнбаяр, Бадамжав, Пүрэвцэрэн нарыг томилж Бухын хүрээ, Олон голын бэлчир, Бүгсүйн хүрээ, Цагаан бургас зэрэг газруудад дахин эсэргүү хүчийг бөөгнүүлж ДХГ-ын ба аймаг, орон нутгийн отрядуудтай байлдаж байв. “Бууж өг” гэж бичиг явуулахад “Хар цэргүүд сонсож бай. Түүхийн ёсоор гарч ирсэн, шашны шар цэргүүд та нарт бууж өгөхгүй. Харин та нар бидэнд бууж өг” гэж байжээ. 

    Самбуу “Би бодвол эсэргүү бүлэгт хоёр штаб бий бөгөөд нэг нь миний толгойлж явсан ардын засгийг устгаж өөр төрийг байгуулах зорилготой биеэ даасан нэг штаб, нөгөө нь буриад чойжин, ногоон малгайт хоёрын удирдсан штаб байх. Миний бие штабын толгойлогч бөгөөд Жамц цэргийн талыг толгойлж байсан, цорж лам Вандансүрэнд би бие хамгаалах таван цэрэг гаргаж өгч байсан ба Сандагдорж гавьж нь манай цэргийн даамал лам, манай цэрэг торгон цэрэг нь байв” гэж шүүх хуралд мэдүүлжээ. 

    Самбуу дүвчингийн цэрэг улаан цэрэгтэй долоон удаа байлдаж ялагдсан. Үүнд: 

    Домбуугийн ууланд эсэргүүгийн 300 шахам шүн, улаан цэргийн 50-60 хүнтэй хоёр удаа байлдаж, эсэргүү нараас таван хүн алагдаж, цэргүүд нь зугтаажээ. 

    Загзууд Самбуу дүвчин, Ээмэгт лам Дамдин бишрэлт, Бор гэгээн нарын удирдсан 700 гаруй эсэргүүчүүд улаан цэргийн 100 гаруй хүнтэй байлдаж, пулемётын галд бөөнөөр орж ялагджээ. 

    Рашаантын хүрээн дээр эсэргүүгийн 100 гаруй хүнтэй улаан цэргийн 30 хүн хагас өдөр байлдаад ялжээ. 

    Бүгсүйн эх Модот толгойд эсэргүүний 300 гаруй хүнтэй улаан цэргийн 60-70 хүн хагас өдрийн хугацаанд байлдаж, эсэргүү нараас зургаан хүн алагдаж, улаан цэргээс хохирол гараагүй ялжээ. 

    Эг гэдэг газарт эсэргүүгийн 300 гаруй хүнтэй улаан цэргийн 50-60 хүн байлдаж ялжээ. 

    Бүгсүй, Олон голын билчирт улаан цэргийн 300 хүн, эсэргүүний 300 хир хүнтэй байлдан улаан цэрэг ялжээ. 

    Самбуу дүвчин, Жамц, Түгж, Магнай нар сүүлдээ орох орон, түших газаргүй болж аргаа барахдаа Архангай, Завханы нутагт үлдсэн цөөн хүмүүсийнхээ хамт уул хаданд бүгж нуугдаж, зугтааж явсаар 1932 оны 11 дүгээр сард ДХГ-ын зохиосон уран нарийн арга, торонд орж баривчлагдан эсэргүү бослогын сүүлчийг мушгиж, 1933 оны тавдугаар сард Монгол улсын дээд шүүхээр бүх үйлдсэн хэрэгтээ хатуу цээрлэл авч төгсчээ. 

    “Ногоон малгайт” Дамдинсүрэн, Түгж нар 

    Дамдинсүрэн гэгч малгайныхаа өнгөөр нэрд гарч, нармай нь ярд идэгдээд нахиу болжээ. Ном дүрэмгүй, аллага, дээрэмдлэгээр ажил болгож, архи, авгайгаас салдаггүй энэ этгээд 30 гаруй хувьсгалчийг өөрөө алсан. Гуншаа дуут энэ хүн цэргийн зоригт чекист Янсанжав, Донров, Колосс, Засгийн газрын бүрэн эрхт комиссын даргаар ажиллаж байсан Худалдаа, аж үйлдвэрийн яамны сайд Г.Содном, ДХГ-ын ерөнхий сургагч Кияковский, төлөөлөгч Л.Аюушжав, хүний эмч Немой нарын олон сайн хувьсгалчийг алжээ. 

    Бадрах жанжны мэдүүлсэн нь: “Анх Гэндэнсүрэн гэдэг хүн намайг эсэргүү цэрэгт татаад 200 хир цэрэгтэй болсон ба зэвсэг нь бярдан ба цахиур буу, ихэнх нь мод барьсан, тусгай оронгүй, хад уулын ёроолд байсан юм. Гэтэл ногоон малгайт Дамдинсүрэн гэгч 300 шахам цэрэгтэй ирж нийлээд 600 илүү цэрэгтэй болсон. Дамдинсүрэн хэлэхдээ: “Ванчин богд Улаанбаатарыг эзэлнэ. Урьд алагдсан Зая Бандид амьд бөгөөд одоо ирнэ. Хуучин засгийн зохион байгуулалтыг хийсэн. Бүгд Дамдинсүрэнгийн удирдлагаар явсан бөгөөд шинэ засгийн зохион байгуулалтанд хуучин вангийн хүү Жигжидсүрэнг далай ван ноён болгож, Утайжавыг туслагч, Гомбосүрэнг захирагч, Цэвээнийг бойдоо, Дэндэвт бас нэг тушаал өгсөн ба мах толгойт Довдонг Хасран, Ямаранз, Чимид нарыг Зангихүнд болгож, дараа нь жанжны цэрэг Шавар-Яруу гэдэг газарт улаан цэрэгтэй байлдаж 30 орчим цэргийг барьж, 300 цэрэгтэй болж магнай жанжин удирдаж Бичигний сүм дээр ирсэн. Манай отряд нь түргэн ба ярдан буутай, мөн цахиур буу, пулемёттой бүгд 100 илүү зэвсэгтэй болоод дараа нь улаан цэрэгт цохигдон тарж, би далай ван Жигжидсүрэнгийн тушаалаар жанжин болж 100 хүнтэй болж улаан цэрэгт цохигдоод Сэдбазарыг ерөнхий болгож, 10 гаруй хурдан буу, 50 гаруй цахиур буутай нутгаас цэрэг нэмж татаад 300 гаруй цэрэгтэй болж, Жур бид хоёр адил эрхтэй захирч байсан. Улаан цэрэгтэй дахин байлдаж цохигдон да лам Рагчаа ба 40 гаруй хүнээ алуулж тараад дахин цэрэг цуглуулж 300 цэрэгтэй болж би жанжин нь, Жур миний туслах болсон юм. 

    Тариат дээр ногоон малгайт жанжин 30 гаруй хүнийг буудан алж байсны дотор Содном сайд ба нэг доктор алагдсан бөгөөд эдгээрийг би алалцсан юм” гэжээ. 

    Аграмба лам Бат-Очир мэдүүлэхдээ: “Надад дүвчин Самбуугаас морь барьж, бор нэгээн Самдангаас 50 төгрөг барьж Тарав жанжингаас хадаг барьж тус тус амиа даатгаж явсан бөгөөд би эдний ажлыг бүтээж, хувьсгалын ажил сөнөх болтугай гэж бодож явсан минь бүтсэнгүй. Ардуудад хор хүргэж гэмт хэрэг хийсэн байна” 

    “Дамдинсүрэн Тариатын хүрээн дээр улаан цэргийн олон хүнийг баривчилсан. Бид Чандмань сумыг эзэлж 18 хүн алсан ба Бүрэнхаан сумын төвд байсан эмэгтэйн хамт дөрвөн хүнийг Ээмэгт лам алсан. Жаргалант сумын хувьсгалч Уламбаяр нарын 14 хүнийг бууны ам долоолгож тангараг өргөсөн хүмүүсээр алуулсан. Тэсийн хүрээнд хамтралын ажилчин Дашийн зүрхийг Түгж сугалсан ба Цагаан-Уул сумын дарга Шагдарчойнзонг барьж ам тангараг авч бууны өм долоолгон, хэсэг цэргүүдийг захируулж явуулсан. 

    “Ногоон малгайт Дамдинсүрэн Рагчаа гэгчийг засч алсан ба Эрэнцэнлхамын чихийг шулж алсан” гэж Шагдар мэдүүлжээ. 

    Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ард Хамуут Заан гэгчийг анх удаа барьж зүрхийг сугалан туг тахиж зүүжээ. 

    Батболдын Түгж: “Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ард Хамуут Заан гэгчийг анх удаа барьж зүрхийг сугалан туг тахиж зүүжээ. 

    Батболдын Түгж: “Хөвсгөл аймаг Эрдэнэ-Уул сум, Хөвсгөл аймгийн Жаргалант сумыг эзлэн авч, сумын дарга Галрагчаа, нарийн бичгийн дарга Жигжидсүрэн нарыг буудан алсан. Бүрэнхаан сумын дарга Дамбажав нарын арваад хүнийг алж, заримыг Самбуу дүвчин, Бор гэгээн, Ээмэгт лам нарт хүргүүлсэн. Рашаант сумыг эзлэн арваад хүнийг алаад байтал Ээмэгт лам ирж дахин арваад хүнийг нэмэн барьж алсан. Түгж би арвыг буудаж алсан ба бусдыг Ээмэгт лам буудаж алсан. Би улаан цэрэгтэй Бүрэнхааны хүрээн дээр хоёр, Тэсийн хүрээнд гурав, Баянхайрхан суманд дөрөв, Цагаан бургаст тав, Шар бэлчирт зургаа, Асгатад гурав, Шар бодонд тав, Хөх цавт нэг удаа тус тус байлдсан. 

    Би өөрийн гараа алсан 10 хүн, бусадтай хамт алалцсан 40-өөд хүн, бусдад тушаал өгч алуулсан хүн 60. Мансаа гэгч ламын борвийг огтолж зүрхийг сугалж, хамтралын ажилчин Даш, Намжил, Завханы нэг ламын зүрхийг өөрөө сугалж алсан ба Нямдаш, Хөвсгөлөөс ажлаар явсан нэг хүн, Жаргалант сумын нэг залуу нарыг бусдад тушаал өгч зүрхийг сугалуулж алсан. Өөрөө ба бусдад тушаал өгч зүрхийг сугалуулж алсан хүн найм. 

    Тэс сумын төлөөлөгч Данааг буудаж шархдуулан 32 сумтай сэлээдий нэг, ланжуу тав, бирдан 14-ийг хураан авсан. Данааг шархтай орхисонд Норовсамбуу алсан байна билээ. Харин бичиг баримтыг Баярхайрхан сумын мээрэн байсан Лут-Очирт үзүүлж, шатаалгасан. 

    Би Ээмэгт лам, Бор гэгээн Самдан хоёрын тушаалаар жанжин болж, Дугар, Тарав, Норовсамбуу нарын гурван жанжинтай нийлж олон цэрэг, эмэгтэйчүүдийг дагуулж эмэгтэйчүүдээс хүүхэд гаргахад нь байлдааны үе гэж хээр хаяж явсан үнэн. Хүний ганцхүүгээр туг тахидаг учиртай гэж хэлсэн учир би өөрөө хүний ганц хүү учир айхдаа бусдын зүрхийг сугалж байсан ба өөрөө дөрвөн хүний зүрхийг амьдаар нь сугалж, нэг хүний борвийг огтолж алсан юм. Мөн эмэгтэй хүнийг ч алж байсан” 

“Ардын үндэсний эрх” сонины 23 оны дөрөвдүгээр сарын 25-ны 33 дугаарт 

    1923 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн оройн дөрвөн цагт ардын цэнгэлдэх улсын төв театрын байшинд БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлөөс томилогдсон тусгай өргөн шүүх таслах газрын хурал нээж, тус шүүхийн дарга н.Дэндэвээс “Өнгөрсөн 22 дугаар онд Хөвсгөл, Завхан, Архангай, Өвөрхангай зэрэг хэдэн аймгуудад ардын эрх чөлөө ба ардын хувьсгалт засгийг устгахаар зэвсэг барьж тэмцэлдсэн хувьсгалын эсэргүү хөдөлгөөий толгойлогчид ба идэвхтэн туслагчид болох бөгөөд БНМАУ-ын шүүх цаазны бичгийн 42, 43, 45, 47 дугаар зүйлүүдэд заасан гэмт хэргийг үйлдсэн тус улсын харъяат Чимэдийн Самбуу дүвчин, Самбуугийн Буриад, Чойжин, Аюурзана, Түгж нарын зэрэг 39 этгээдийн хэргийг мөрдөн байцааж, хууль цаазны ёсоор таслан шийтгэсэн байна. Шүүхийн дарга нь Дэндэв, гишүүд нь Гончигдорж, Дашзэвэг, Дэндэв, Цагаанхүү, Дансцоодол, Ядамсүрэн нар сууж улсын яллагчид прокурор Ядамсүрэн, Гомбожав нар, хэрэгтний өмгөөлөгчид Найдан, Дамдинсүрэн, Сүхжав, Гочоо нар тусгай асуултыг хянан боловсруулах экспертэд улаан цэргийн Цэрэндагва, Олон нийтийн өмнөөс шүүмжлэгч ба нэхэмжлэгчид Хөвсгөл аймгийн ардын төлөөлөгч Даваа, Архангай аймгийн ардын төлөөлөгч Пэрэнлэйням нар суужээ. Энэ хуралд хэрэгтэн нарын дотроос хоёр хүн хүнд өвчтэй байсан тул улсын прокурорын газраас тусгай байцаагч гаргаж хэргийг байцаалгасанд тэр хоёр хүн хуралд суухгүйгээр хэргээ таслуулахыг зөвшөөрсөн ба мөнхүү шүүхийн дарга, өмгөөлөгчид татгалзахгүй гэжээ. 

    Тэр хуралд оролцож байсан олон түмний санал сэтгэл нь зарим нь “эсэргүүгийн толгойлогчид нь ардыг ихээхэн зовоож, зүрхийг сугалах зэргээр тарчилган алж байсан юм гэнэ билээ. Эднийг ингэж аятай, эрхтэй байцааж таслахын оронд гадна гаргаад энд тэндээс нь алгадаж, жанчиж зовоож алах юмсан” гэж ярьж байхад зарим нь “Самбуу дүвчин, Жамц нарын зэрэг этгээдүүд эсэргүү бослогыг удирдаж гаргасан дээрээс шинэ эргэлт гарсан бөгөөд хэрэв эд нараас эсэргүү бослогыг гаргаагүй бол Монголын ардууд цөм хоосрон сүйдсэн байх хэрэгтэй. Эд нар бол ачтай гавъяатай хүмүүс болохоос бус ялгүй юм” гэж өмгөөлөн хамгаалсан хүн ч байжээ. 

    Гэвч шинэ эргэлт нь эсэргүү бослогыг гарсантай холбогдохгүй бөгөөд тус улсын үндэсний ба онцгой байдал дээр тохируулж ардын аж ахуй, соёл боловсролыг дээшлүүлж, үндэсний тусгаар тогтносон байдлыг бататгах зорилтоор гарсан учир ард бүхэн шинэ эргэлтийг баярлан сайшааж, эсэргүү бослогын хорыг буруушаан занаж байна гэж хөдөлмөрчиддөө сурталчилж ойлгуулж байжээ. Хувьсгалын эсэргүү бослогын мөрийн хөтөлбөр бол Монголын ард түмний аж ахуй, соёл боловсролыг сүйтгэж монголын үндэсний тусгаар тогтносон байдлыг устгаж, гадаадын эзэрхэг түрэмгий нар ба Дотоодын феодалын хар дарлалын дор дахин оруулахыг эрмэлзэж тэмцсэн юм гэдгийг хүн бүхэн мэдэж байлаа. 

    32 ялтангаас мэдүүлэхдээ: “Ардын хувьсгалын тэмцлээр олсон улс төр, эрх чөлөөг устгаж гадаадын эзэрхэг түрэмгийд худалдаж өөрсдөө дарлан мөлжиж олон ард түмнийг боолчлохыг ганцхан энэ жил оролдсон бус үүний урьд олон удаа гаргасаар илэрсэн эсэргүү бослоготой цөм холбоотой үргэлжлэн ирсэн хэрэг болох”-ыг цөм мэдүүлж байжээ. 

    Нэгдүгээрт Эдний хэрэг нь үүний урьд Тариатын хүрээнд гарсан Ригдэлбүрэлхүүгийн хэрэгтэй холбоотой байсан. 

    Хоёрдугаарт Хөвсгөл аймагт 56 хүнтэй гарсан эсрэгүү бүлгэмтэй холбоотой байлаа. Үүнд, Тариатын Ригдэлбүрэлхүү бол угаас Ванчин богдоос томилогдон ирсэн төлөөлөгч бөгөөд 15, 16 онд Ванчин богдыг шууд Монголд оруулж ирэхээр гэр сав, хэрэглэл зэрэг үлэмж юмыг илэрхий бэлтгэн дүүргэж үүнийгээ биелүүлж чадахгүй болохоор Тариат,хуучин Чандмань Өлзийт хошууны том феодал ба том толгой лам нарыг удирдан ардын хувьсгалт засгийг устгах лоозон бүхий эсэргүү бүлгэмийг байгуулсан ба буу зэвсэг хадгалж байсан Рүгдэлбүрэлхүү нарын 20 гаруй этгээдийг 21 оны хавар Архангай дахь дотоодыг хамгаалах газраас илрүүлэн устгасан учир Өвөрхангайн Баянзүрх хийдийн хамба Доржигба удирдан Ригдэлбүрэлхүүтэй холбоо харилцаатай болсон эсэргүү бүлгэм идэвхжиж Ванчин богдоос нууц цэрэг зэвсгийн тусламж авч ардын засгийг устгахаар тусгай бичиг зохион бэлтгэх зэргээр хөдөлсөн учир 21 оны намар Өвөрхангайн ДХГ-аас илрүүлэн устгасан байна. 

    Энэ Баянзүрх хийдийн хамба Доржигба Тариатын Ригдэлбүрэлхүүгийн бүлгэмүүд устгахад ялангуяа Ригдэлбүрэлхүүгийн эсэргүү бүлгэмтэй харилцаа холбоо барьж байсан Хөвсгөл аймгийн Баянголын хүрээний Аграмба лам Цэрэнжав, Жалханзын хүрээний хувилгаан лам Гунаажав нар толгойлон шууд эсэргүү бослогын ажлыг гаргах бүлгэмийг хүчтэй зохион байгуулж ирсэн учир 1932 оны дөрөвдүгээр сард хувилгаан Гунаажав, аграмба Цэрэнжав нарын эсэргүү бүлгэмийн таван хүнийг илрүүлэн баривчилж аваад мөрдөн байцаах ажлыг явуулж учир бүртгэхийн завдалгүй хэдхэн хоногийн дотор мөнхүү арамба Цэрэнжавын эсэргүү бүлгэмийн нэг идэвхтэн Самбуу дүвчингээс шууд удирдан эсэргүү бослого хөдөлгөөнийг гаргасан байна. 

    Баянзүрх, Тариат, Баянголын Доржигба, Ригдэлбүрэлхүү, Гунаажав, Цэрэнжав, Самбуу дүвчин нарын хооронд холбоо баригч нь халзан Дорж бөгөөд мөн Ригдэлбүрэлхүүгийн бүлгэмийн үлдэгдэл Тариатын хүрээний гавж Сандагжав, Самбуу дүвчингийн талын нармай Дэндэв нар бас холбоотой байсан нь хэрэгтэн Сэдбазарын мэдүүлгээр илэрчээ. 

    Мөн хэрэгтэн Самбуу дүвчин, Самбуугийн Буриад, Очиржанцан, Вандансүрэн, Аюурзана, Жамц, Жамсрандорж, ногоон Түдэв нарын мэдүүлгээр Японы зарц Ванчин богд ба дотоодын эзэрхэг феодал, харгисуудтай холбоотой байснаа мэдүүлжээ. 

    Манай жанжны мэдүүлэгт: “Миний бие анх ногоон малгайт Дамдинсүрэнгийн шар цэрэгт Наран сумын хошууны дуган дээр дайчлагдан очсон. Би очоод хоёр буугаар туслах зэргээр идэвхтэй явсан тул намайг сайн хүн гэж дарга болгосон юм. Би 15-40, 100, 200 цэрэг захирагч Рагчаадүвчин , тарнич Ёндон нар намайг жанжин болгосон юм. Удаа дараа ганцаараа ба бусад Дамдинсүрэн, Хайсан тайж, Жур, Бадрах зэрэг хүмүүстэй нийлж олон цөөн отряд байгуулж, удаа дараа хувьсгалт цэрэгтэй байлдаж цохигдоод тарж цугларч явсан ба сумын захиргаа хоршоо зэргийг дээрэмдэж хүн алах зэргээр явж байв. Би Рашаант дээр Самбуу дүвчин, Бор гэгээн Самдан нарыг байдаг гэнэ. Ванчинбогд Улаанбаатарт ирсэн гэнэ гэж сонсоод энэ ажилд идэвхтэй явдаг цаг болжээ гэж санаж явсан юм. Миний цэрэгт их Да лам Рагчаа дүвчин, Тарнич Ёндон нар, Жанжин Жур миний туслах дарга, мөн 50, 70-ны даргатай зэвсэг орос япон винтов бярдаан цөөн, цахиур буу нэлээд, мөн модон шийдэм барьсан хүмүүс байлаа. Нэг байлдаанд Рагчаа дүвчин алагдсан юм” гэжээ. 

    Архангай аймгийн Жаргалант сумын харъяат Хамбын Бадамжав мэдүүлэхдээ: “Намайг чи шашинд дургүй ардын засагт дуртай бол чамайг ална гэхэд анх айж шашинд дуртай гэж элссэн Жалханз гэгээнээс жанжин болгосон юм. (Самбуу дүвчин авч явсан Билэгдэмбэрэл). 

    Би улаан цэрэгтэй 35 удаа байлдсан ба өөрийн хуучин цэргээ Махжав тайжаар даргалуулан тэнд Очиржанцан гэгээний нэрээр шинээр зуугаад цэргийг элсүүлж аваад Зүрх, Жаргалант ба Өндөр-Улаан сумын захиргаадыг устгаж, нэлээд хүнийг алж юмыг авсан. Тэр үед улаан цэргээс бидэнд бууж өг гэж бичиг өгсөн авч Самбуу дүвчингээс бууж өгч болохгүй, намрын дунд сард Ванчин ирнэ. Тэр хүртэл би дааж байна. Та нар энэ дайнд явахгүй сэжиглэх бол гурван зүйлээр ална. Нэгдүгээрт тэнгэрийн дуу, хоёрдугаарт халуун ханиад, гуравдугаарт бууны зэрлэг сумаар ална. Та нар зүрхтэйгээр сүжиглэн байлдах хэрэгтэй. Би ловон Бадамжунайн хувилгаан гэж байсан. Цэргийн хоолыг хамтралын юмнаас ба ардуудыг албадан татаж нийлүүлдэг. 10 цэрэгт нэг өдөр нэг хонь өгч байсан. Шөнөд Жанжин ба тугийг мануулж байсан. Бидэнд дүвчин ламаас шаахай банзыг бэлтгэн авсугай гэж тушааж байсан. 

    Самбуу дүвчин өөрөө би бол Ванчинбогдын нэг салбар бөгөөд Ванчинбогд ирж ардын улааны төрийг устган өөр төрийг байгуулна гэж хэлж явна гэж сонсоод миний бие бас ардын засаг төр, нам, эвлэлийг устган, шашныг дэлгэрүүлэх ба шашны намыг байгуулах хийгээд өөр төрийг байгуулах гэж зорьж явсан. Шар цэрэгт дургүй этгээдийг буудаж алах буюу Самбуу дүвчиний гарт хүргэж өгөх, эсхүл банздах, шаахайдах, ташуурдах, бурханд мөргүүлэх зэрэг арга хэмжээ авдаг ба Цагдаан энгэр дээр “Ванчин богдын салбар болох дүвчин Самбуугийн шар цэргийн цагдаа” гэсэн үсэгтэй байсан. 

    Жамц, Самбуу дүвчин нар Хөвсгөл аймагт бут цохигдоод Архангай аймгийн нутагт эсэргүүгийн толгойлогч Түгж, Дамдинсүрэн,Аюурзана, Бор гэгээн, Азарга уулын даяанч лам, Вандан орц нартай холбоо барьж шинэ хүч бэлтгэнэ. 

    Очирбатын яамыг дахин байгуулж, Архангайн чойжин Буриадаар Толгойлуулж, штабын дэргэд шанзав яам гэгчийг байгуулж, Самбуу дүвчин өөрөө ерөнхий удирдагч болж, бүх цэргийн жанжинд Жамц, Очирбатын яамны шанзавт гавж Сандагдоржийг, Ерөнхий штабын жанжинд Намсрай, Мятав, Жигжид, Аюурзана нарыг томилж, Аюурзанын отрядад Норовсамбуу, Түмэнбаяр, Бадамжав, Пүрэвцэрэн нарын дөрвөн бага жанжны отрядыг салбарлан байгуулж, ард олныг дайчлан оруулж өөрийн хүчийг нэмэгдүүлсээр байсан” гэжээ. 

    Жанжин Самбуудив мэдүүлэхдээ: “Би анх эсэргүүд баригдан идэвхтэй гэж Магнай жанжингаас намайг жанжин болгож цэргүүдийг дайчлан татсаар хэдэн зуугаад болсны дотор арваад бүсгүй байсан юм. Бид нар хамтралын хонь малыг идэж байсан. Ногоон малгайтын цэргийн хамт Наран сумын захиргааг байгуулах гэж явсан хоёр хүнийг барьж алсан. Бид нар сум, хамтрал, хоршоог дээрэмдээд улаан цэрэгтэй байлдсаны дараа цэргээ тарааж байсан. 

    Ногоон малгайтын цэрэг Тариатын хойд давааны өвөрт улаан цэрэгтэй байлдах үед одон тэмдэгтэй нэг орос хүнтэй 36 хүн баригдсаны дотроос оросыг нь алсан. Мөн нэг орос доктор байсныг авч Эрээн модны эмэгтэй докторын хамт шархадсан цэрэг эмчлүүлж байсан, мөн сумын захиргааг байгуулсан Бадгай, Базарсад, Гонгор, Цэнд, Дашдаваа нарын олон тооны хувьсгалчдыг алсан. Хүнийг долоон зүйлээр алж байсан. Үүнд: буудах, зүрхийг сугалах, борвийг огтолж зүрхийг сугалах, махыг огтчиж алах, толгойн үсэнд тос түрхэж шатаах, шийдмээр цохиж алах, арьсыг амьдаар өвчин шөрмөсийг сугалж алдаг ба нэг эмэгтэйг 16-20 хүн дараалан хүчиндэж, жирэмсэн эмэгтэйг хүчиндсэний дараа алах, нялх хүүхдийг хээр хаяж эх үрсийг өнчрүүлж байсан” гэжээ. 

    Жанжин Сумъяа мэдүүлэхдээ: “Би ногоон малгайтын тушаалаар жанжин болж Тариатад очиход хэдэн зуун цэрэг байсны дотор лам нар ба бүсгүйчүүд нэлээд байсан. Ногоон малгайт гэгээнээс манай шарын цэрэгт лам, бүсгүй хамаагүй элсэнэ гээд бүсгүйчүүдийг албадан авч явсан ба хувьсгалч бүсгүй нарыг албаар цэргийн дунд авч явсан. Энэ бүсгүйчүүд нь ногоон малгайтын дэргэд байсан. Ногоон малгайт ямагт тэр эхнэрүүдтэй архи ууж наргиж явсан. Ногоон малгайтаас ардын засгийг устгаж, шар цэрэг эзлэх цаг болсон. Ванчин ирнэ. Та нар сүжиглэх бол зэвсэг хэрэггүй, та нар бууны суманд дайрагдах бол сүжиг муудсанаас болно гэж ухуулж байсан. 

    Мөн Далай ван ноёныг та нар итгэхгүй бол энэ бууны өмнө цусыг хүлээнэ гэж ардуудыг хуралдуулан толгой дээгүүр нь буудаж байсан. Ногоон малгайт нь биднийг ноёнтой ч болгосон. Түшмэдтэй ч болгосон юм. Ногоон малгайтаас хүнийг жанжин болгохдоо нэг шар зангиа зүүлгэдэг байсан. Намайг жанжин болгохдоо нэг бага буугаар шагнасан. Бид хэрэг шийтгэхдээ буу тулгаж, бууны ам долгоолгож байсан. 

    Би анх элсэхдээ нэг винтов буугаа аваачиж өгсөн ба ах Магнай жанжны хамтаар цахир сумын захиргааг идсэн. Улаан цэрэгтэй зүрхтэй байлдаж хэдэн хүн алж явсан учир буугаар шагнагдаж байсан. Ногоон малгайт нь дээрх бүсгүйчүүддээ бага буу өгөх буюу дарь-эх гэж нэрийдэж явсан. Бид улаан цэрэгт дийлдэхэд “та нарт зэвсэг хэрэггүй цээжээ яраад сүжиглэн орох хэрэгтэй” гэж зандардаг байсан. Содном сайдыг Тариатын хүрээн дээр аваачаад суллан тавих гэтэл түшмэл Эрдэнэбат гэгчээс “энэ этгээд сайд бөгөөд их хувьсгалч, хамгийн тэргүүний магнай хүн тул заавал алсугай” гэж ховлосонд ногоон малгайт Дамдинсүрэн өөрөө буудаж алсан юм. 

    Ногоон малгайт Дамдинсүрэн өөрөө улаан цэрэгт алагдсан Тарав жанжин нэг хүний зүрхийг сугалж туг дээрээ зүүгээд өөр нэг хүний зүрхийг сугалж Самбадивын туг дээр зүүсэн” гэж мэдүүлжээ. 

    Тайлбар: Данзангийн Сумъяа, түүний ах Магнай нар Архангай аймгийн Наран сум. Сумъяа өөрөө хоёр хүнийг, бусдад тушаал өгч өөр нэг хүнийг алуулсан байна. Баянголын хүрээний гэсгүй лам Баасанг дуган сүмийн хэрэглэлийг эвдлээ гэж буудан алжээ. Сумъяагийн ах Магнай, Долгорын Шагдар нар нь Наран сумыг дахин байгуулав гэж Базарсад, Бадгай, Гонгор нарын гурван хүнийг буудан алсан байна. Эцэст Сумъяа нь жигжидийн отрядад, Магнай нь Ваанчигийн отрядад зэвсгээ хураалган бууж өгсөн юм. 

    Норовсамбуу жанжнаас: “Би Аюурзана жанжны тушаалаар жанжин болж тавиад цэргийг захирч, нэг сумын захиргааг устгасан, таван хүнийг алсан. Улаан цэргээс чадвал алах, эс чадвал зугтааж гарах гэж бодож явсан гэжээ. 

    Түмэнбаяр жанжингаас: “миний биеийг Самбуу дүвчин лам үзэж мэргэлээд жанжин Аюурзанын тушаалаар зуны адаг сарын сүүлээр жанжин болгосон. Би харъяа шар цэргийг хатуугаар захирч, улаан цэрэгтэй идэвхтэй байлдаж явсан юм. Манай цэргийн тоо 10, 20, 30 буюу 100, 200, 300 болж буурч нэмэгдэж явсан ба мөн цагдаатай байсан. Цэргийн хоол хүнс, морь уналгыг ардаас дайчлан хэрэглэж байсан ба манай цэрэгт орос винтов тав, япон винтов 10 гаруй, бирдан 10 илүү, цахиур буу 30 хир байсан. Мөн ардын ба хоршоо хамтралын сумын захиргааны мөнгөн санхүү, эд хогшлыг галдан шатааж, эздийн заримыг алж байсан. Манай цэргийн туг нь Лхам бурхны хөрөгтэй бөгөөд хааяа цэргүүддээ сан тавиулж байсан. 

    Цэргийн хуаранг манах манааг цаг тухайн байдлыг харгалзан гаргаж байсан. Үүнээс гадна миний бие Бугат, Зүрх суманд мөн ажилчдыг алж эвдэж шатаах явдалд оролцсон” гэж мэдүүлжээ. 

    Төгөлдөр жанжин мэдүүлэхдээ: “Би анх Тосонцэнгэл сум дээр эсэргүүтэй тэмцэх цэрэгт оролцож, түүний агтан дээр байтал намайг Жамц жанжны цэргүүд барьж аваачаад Жамцаас “Одоо бид нар тайжийн засгийг байгуулах гэж байна. Чи тайж хүн тул идэвхтэй зүтгэх хэрэгтэй гэсэн ёсоор миний бие дуртай явсан. Бор гэгээн Самдан, ээмэгт лам хоёр дарь-эх гэж хоёр хүүхэн дагуулж явсан бөгөөд Бүгсүйн хүрээн дээр Самбуу дүвчинтэй нийлээд тэнд нэг хүнийг буудаж алсан ба сүүлд нь түүний махыг хэрчиж байсан. Энэ хүрээн дээр Самбуу дүвчин, Жамц, Бор гэгээн, ээмэгт гэгээн нарын бүх цэрэг нийлээд 700 хир хүн байсан ба би өөрөө Бор гэгээний цагдаа байсан юм. Улаан цэргийн нэг тагнуулыг барьж банздахад Самбуу дүвшин багшаас чанга цохь гэж тушааж байсан. Мөн хувьсгалч хүнийг бариад зодож банздаж байгаад алдсан ч зүйл бий. 

    Бор гэгээн Самдан тугаа тахихдаа Хамуут зааны зүрхээр тавьсан. Мөн ардуудаас хоол унд өгөхгүй бол булаан идэж байсан. Миний бие Тосонцэнгэл сумын захиргааг эвдэх явдалд оролцсон. Би урьд улаан цэрэгт оролцож явсан” гэжээ. 

    Долгор овогтой Шагдар жанжнаас: “Эсэргүү нараас шинэчлэн байгуулсан Далай ванд Жигжидсүрэн, түүний захирагч, туслагч нарт Гомбосүрэн, Ойдов нарыг болгосон. Ногоон малгайт Дамдинсүрэнгийн тушаалаар би хөдөөгийн нэг сумын занги болоод хоршоо, хамтрал, сумын захиргааг сүйтгэж олсон мөнгийг сүм хийдэд өргөх буюу цэргийн хоолонд зарцуулж, хаана хувьсгалч хүн байна, түүнийг алахаар оролдож байсан. Ногоон малгайт лам нь ногоон цагаан буюу шар дарь-эх гэж 10 илүү хүүхнийг дагуулж явсан юм. Би урьд хотод багшийн сургуульд байсан гэжээ. 

    Пүрэвцэрэн жанжингаас: “Би анх Бугат сумын дарга байж байгаад сүүлд нь Баасан жанжны цэрэгт орж захирггааг устгалцсан. Би угаас тайж угсаатай тул ардын засгийг устгаж хуучин засгийг устгаж хуучин засгийг байгуулна гэж зорьж улаан цэрэгтэй гурван удаа байлдаж явсан” гэжээ. 

    Сэдбазар жанжингаас мэдүүлэхдээ: “Би Тариатын хүрээн дээр улаан цэргийн сумангийн дарга байгаад шарын цэрэгт зэвсэгтэйгээ баригдаж, Бадрах жанжны цэрэгт хурандаагийн тушаал хүлээн авсан. Манай цэрэг дөрвөн хурдан буутай 10 гаруй цахиур буутай явсан. Би улаан цэрэгтэй гурван удаа байлцсан ба ногоон малгайтын хамт Их-Уул сумын захиргааг эвдсэн. Уг нь би улаан цэрэгт дөрвөн жил болсон хүн. 

    Самбуу дүвчингээс: “Миний бие шашны талаар штабын толгойлогч тул манай цэрэг торгон цэрэг нь байв. Самбуу дүвчингийн цэрэг нь дөрвөн их жанжин, дөрвөн бага жанжинтай явж Очирбатын яамнаас тусгаарлан салсан ба байлдааны дараа ямар зохион байгуулалт хийхээ Цэрэнжавтай ярьж төлөвлөсөн” гэж байсан гэжээ. 

    Бадрах жанжны мэдүүлсэн нь: “Анх Гэндэнсүрэн гэдэг хүн намайг эсэргүү цэрэгт татаад 200 хир цэрэгтэй болсон. Зэвсэг нь ярдаан ба цахиур буу, ихэнх нь мод барьсан. Тусгай оронгүй, хад уулын ёроолд байсан юм. Гэтэл ногоон малгайт Дамдинсүрэн гэгч 300 шахам цэрэгтэй ирж нийлээд 600 илүү цэрэгтэй болсон. Дараа нь жанжны цэрэг Шавар түрүү гэдэг газарт улаан цэрэгтэй байлдаж 30 орчим цэргийг барьж, 300 цэрэгтэй болж Магнай жанжин удирдсан. 

    Манай отряд нь түргэн ба бярдаан буутай, мөн цахиур буу, пулемёт бүгд 100 илүү зэвсэгтэй болоод дараа нь улаан цэрэгт цохигдон тарж, би Далай ван Жигжидсүрэнгийн тушаалаар жанжин болж 100 хүн захирсан. Дахин улаан цэрэгт цохигдоод Сэдбазарыг ерөнхий болгож 10 гаруй хурдан буу 50 гаруй цахиур буутай болж, нутгаас цэрэг нэмж татаад 300 гаруй цэрэгтэй болж Жур бид хоёр адил эрхтэй захирч байсан. 

    Улаан цэрэгтэй дахин байлдаж цохигдон Да лам Рагчаа ба 40 гаруй хүнээ алуулж тараад дахин цэрэг цуглуулж 300 цэрэгтэй болж би жанжин нь Жур миний туслах болсон юм” гэжээ. 

    Тарав жанжин мэдүүлэхдээ: “Би анх Түгж жанжин ба Бор гэгээний тушаалаар жанжин болсон. Тосонцэнгэл, Улаагчин сумын захиргааг устгаад данс элдвийг шатаасан. 

    Мөн Батаа жанжинтай нийлж цэрэг нэмэн элсүүлж, Дансран тайж, Цэвээн тайж нараар түрүүлүүлэн явж, хоёр сумын захиргааг устгаад данс элдвийг шатаасан. Хэдэн хүнийг алсан. Түүнээс Жур жанжны цэрэгтэй нийлж Идэр цэцэрлэг, Тэлмэн сумдын захиргааг устган хамтралыг дээрэмдсэн. Дараа нь би улаан цэрэгтэй гурван удаа байлдан цохигдож Бор гэгээний хамт оргож яваад аргагүй болж зэвсгээ хураалган орсон. Би завсар нэг орос, хоёр монгол хүнийг алсан. 

    Тарав би улаан цэрэгтэй долоон удаа байлдаж, гурван сумын захиргааг эвджээ. Үүнд: Тосонцэнгэл сумын захиргааг сүйтгэж дөрвөн хүн алаад гурвыг барьсан. Идэр цэцэрлэг сумыг эвдэж 20 хүн барьж гурвыг алсан, хоёр хүний гэдсийг би өөрөө хутгаар хагалаад амьдаар зүрхийг сугалж авсан, нэгийг нь буудсан. Хүний гэдсийг хагалж зүрхийг сугалахдаа дөрвөн мөчин дээр нь дөрвөн хүнээр даруулж байгаад өвчүүний эхнээс хүйс хүртэл хутгаар хагалаад зүрхийг авдаг. Би Дэмчиг гэдэг хүний зүрхийг амьдаар сугалж туг дээр зүүсэн юм” гэжээ. 

    Шагдарын Довчины мэдүүлэгт: “Би уг нь лам боловч хар болж Цагаан уулын сумын дарга болоод хувьсгалын ажил хийж байсан юм. Эцсийн үед санал урваж эсэргүү шар цэргийн их даамал лам нь болсон юм. Өөрийн цэргийг нь муу гэж тараах гэлээ гэж Түгж жанжин байцаасан авч онц зүйлгүй тул тавигдаж Сахалт дүвчиний цэрэгтэй нийлж, улаан цэргээс зугтааж явахдаа Сахалт дүвчиний заавраар Тагна Тува улсын нутагт очоод тэдний улсын хувьсгалын эсэргүү Балдан Хамба, Шагдар Хайдав нартай нийлж Тагнын улаан цэрэгтэй байлдаж цохигдоод нутагтаа эргэж ирсэн” гэжээ. 

    Жур жанжны мэдүүлэгт: “Би анх ногоон малгайт хувилгаанд баригдаж тэдний цэргийн даргын тушаалтай явж байгаад жанжин болж, дараа нь 20 цэрэгтэй Дамдинбазар жанжинтай нийлсэн юм. Тэндээс 300 хир цэрэгтэй болж отряд байгуулан жанжин нь Магнай болж, туслах жанжин нь би болсон юм. Мөн шүүхийн ажилд Бадрах, бусад ерөнхий ажилд Дамдинбазар томилогдож, зэвсгийн хувьд цөөн тооны түргэн буу ба 20 гаруй цахиур буутай байсан. Бидэнтэй нийлсэн Гончиг жанжин цэрэг зоддог байсан тул салж, Гомбосүрэн захирагчтай уулзахад түүнээс: “Бид нэгэнт хувьсгалыг мөхөөх зорилготой тул сумын захиргаа зэргийг устгаж байх хэрэгтэй” гэсэн тул Их-Уул сумын захиргааг устгахаар явж байх замдаа хувьсгалын ажилчин Дашдаваа нарыг 70 гаруй буу зэвсэг хурааж, бас хувьсгалч ажилчин Жинийг алсан. Дараа нь бухын хүрээн дээр Самбуу дүвчинтэй уулзаж байхад Самбуу дүвчиний Шанзав яамны Да лам гэж нэг сүрхий лам байсан байцааж шийтгэдэг байсан. Мөн Рагчаа дүвчин гэгч надад хэлэхдээ: “Одоо Шамбалын дайн болж бий. Ванчин богд Улаанбаатарыг эзлээд байна. Чи айх явдалгүй энэ эсэргүү хөдөлгөөнд идэвхтэй явах хэрэгтэй гэж байсан” гэжээ. 

    Дарам жанжин мэдүүлэхдээ: “Би Жур жанжны тушаалаар жанжин болсон. Анх эсэргүүд хамтралын таван сумтай бирданыг авч Гомбосүрэн захирагчийн гэрт очиж элссэн. Би Гомбосүрэн захирагчийн тушаалаар тагнуулд байсан. Нэг хоршоог сүйтгэн юмыг авсан. Улаан цэрэгтэй тулалдан дийлдэж байсан” гэжээ. 

    Баатарын Аюурзана бол Архангай аймгийн Бугат сумын харъяат, бичиг үсэг муу мэднэ. Энэ этгээд Жаргалант, Бугат сумдад үүрлэж байсан хувьсгалын эсэргүү нарын жанжин болж улаан цэрэгтэй 17 удаа байлдаж, Архангайн Зослон, Зүрх, Өндөр-улаан, Бугат, Хан-Оюут таван сум, дөрвөн хамтрал, таван хоршоог сүйтгэж, өөрөө биш боловч тушаал өгч, Бугат сумын дарга Сэсрэн, нарийн бичгийн дарга Эрэгдэндэв, хамтралын дарга Яндаг, Өндөр-улаан сумын нарийн бичгийн дарга Өлзий зэрэг 14 хүнийг алуулж, мөн хамт явсан Баасан, Норовсамбуу, Пүрэвцэрэн нарын бага жанжнууд нь Өндөр-улаан сумаас Малжийн отрядад бичиг хүргэж явсан Туваанжав, хамтралын ажилчин их хувьсгалч гэж яригдаж байсан Дамба, хянан байцаахын төлөөлөгч Дашцэрэн нарын 28 хүнийг баривчилж амь насыг бүрэлгэжээ. 

    Аюурзана эсэргүү бослогод таван сар зүтгэхдээ хоёр сар цэрэг, гурван сар жанжин болж дээд тал нь 200 цэрэг захирч яваад, улаан цэрэгт ялагдахын хамт уул хадаар Жаал гэгээн гэгчийн хамт нэг сар илүү хугацаанд орогнож яваад эцэстээ Лувсанжамбаагийн отрядад зэвсгээ хураалган бууж өгсөн байна. 

Хоёрдугаар бүлэг 

МОНГОЛ УЛСЫН ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТӨВ АРХИВЫН ЛАВЛАГАА 

     1. Цэрэнгийн Гиваапил (1906-1938). Архангай аймаг Чулуут сум 1932 онд ДХГ-ын орлогч даргаар ажиллаж байхдаа Хувьсгалын эсэргүү бослогыг дарж устгахад ил, далд ажлыг чадамгай хослон зохиож гавъяа байгуулсан. 1937-1938 онд улс төрийн хэлмэгдүүлэлт гарч байгааг таслан зогсоохын төлөө тэмцсээр байгаад, өөрөө хэлмэгдэн баривчлагдан хоморголон устгахад өртөж алтан амиа алдсан. 1962 онд цагаатгагджээ. 

    2. Цэрэнпунцагийн Донров (1910-1932). Өмнөговь аймгийн харъяат. 1932 онд ДХГ-т хэлтсийн дарга байхдаа сургагч В.Е.Колосс (1902-1932), Завхан аймаг дахь ДХ ангийн ахлах төлөөлөгч Сэр-Одын Янсанжав (1906-1932) нартай хамтарч Говь-Алтай аймгийн Дэлгэр сум, Шумуултайн хүрээ, одоогийн Завхан аймагт Тосонцэнгэл хотод хувьсгалын эсэргүү, “Ногоон малгайт” Дамдинсүрэнгийн удирдсан эсэргүүний цэрэгтэй эрэлхэгээр байлдаж байгаад Ц.Донров, В.Колосс нар “Жанжин” Батчулуунд алагдаж, С.Янсанжав нь шархтай баривчлагдан тамлагдаж эрэлхэг зоригтой тэмцсээр “жанжин” Пүрэвт алагджээ. 

    3. Өлзийбаярын Данаа (1903-1932). Завхан аймаг Нөмрөг сум. 1932 онд Хөвсгөл аймаг дахь ДХ ангид Баянхайрхан, Тэс, Цэцэрлэг сумдыг хариуцсан хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа эсэргүүн “Жанжин” Түгж, Норовсамбуу нарын эсрэг хувьсгалчдаар отряд зохион байгуулж өөрөө удирдаж яваад, эвлэлийн гишүүн эмэгтэй Бүрэнжаргал нарын 10 гаруй хувьсгалчтай хамт шархтай баривчлагдан, тамлагдан тэмцсээр алтан амиа алджээ. 

    4. В.С.Кияковский (1899-1932). ЗХУ-ын харъяат. ДХГ-ын Ерөнхий сургагч байхдаа Монгол улсын засгийн газрын бүрэн эрхт комисс ба Монголын худалдаа, аж үйлдвэрийн яамны сайд С.Содномын отрядын бүрэлдэхүүнд орж, эсэргүү босогчидтой тэмцэж яваад энэ хүч тэнцвэргүй тулалдаанд В.С.Кияковский, С.Содном нар ДХГ-ын төлөөлөгч Лаганы Аюушжав, Хүний их эмч Немов сургуулийн багш Даш, Цэргийн ерөнхий сургуулийн захирал А.Содном зэрэг хүмүүсийн хамтаар алтан амиа алджээ. “Эрээн модон Тариат”-д бүх хүн хүчээ бөөгнүүлж, манай отрядаас хэт давуу их хүчтэй болсон шар цэрэгтэй тулгарчээ. 

    Энэ үед Батлан хамгаалах түр зөвлөлийн дарга Д.Өлзийбат, Ж.Батсүхийн отрядууд Улаанбаатар хотоос очиж 1932 оны бослогыг үндсэнд нь бут цохиж ялалт байгуулжээ. 

    5. Ё.Н.Исаков (1897-1932) ЗХУ, ДХГ-д сургагч байхдаа ДХГ-ын орлогч дарга Ц.Гиваапилийн хамт 1932 онд гарсан Монголын хувьсгалын эсэргүү бослогыг даралцаж, Хөвсгөл аймгийн Рашаант, Асгат, Бүгсүй, Загзуу, Жалханз, Тэс зэрэг газруудад ДХГ-ын Бат, Нясалдаг, Орлов, Дэндэв даргатай отрядуудын бүрэлдэхүүнд орж эсэргүү нартай тэмцэж яваад одоогийн Хөвсгөл аймгийн Шарга сумын нутаг Домбуу, Хавчуу гэдэг газарт үлдсэн бүх хүчээ бөөгнүүлсэн шар цэрэгтэй учирч ширүүн тулалдаан хийжээ. Энэ тулалдаанд Е.И.Исаков, салаан дарга Чулуунбаатар, орчуулагч Будаев нар баатарлаг байлдаж алтан амиа алджээ. 

    6. Дамдины Галсан (1903-1950) Архангай аймаг, Чулуут сум. ДЯЯ-ны Завхан аймаг дахь хэлтэст ахлах төлөөлөгчөөр ажиллаж байв. Цэдэв зээрэмбэ гэгч Завхан, Увс, Хөвсгөл аймгуудын хойт талын сумдаар шашин шүтлэгээр нөлөөлж төр, засгийн бодлого шийдвэрийг биелүүлэхэд саад хийж байсан учир түүнийг баривчилжээ. Гэтэл Цэдэвийг түүний шавь сумын дарга Товуудорж, намын үүрийн дарга Цагаан-Өвгөн, хүний эмч Төржаргал нартай хуйвалдан сумын эмнэлэгт хэвтэж байгаад “нас нөгчив” гэсэн худал мэдээг аймгийн хэлтэст өгөөд Цэдэвийг ууланд оргуулсан хэргийг илрүүлэхээр томилогдон газар дээр нь түүний шавь Бадарч, Палан нарыг дагуулан очиж амьд байгааг тогтоогоод, цааш баривчлахаар албан үүргээ биелүүлж яваад тэдэнд алагджээ. 

    Тайлбар: эдгээр 10 гаруй чекистийн мөнхийн дурсгалд зориулж Тагнуулын байгууллагын 80 жилийн ойдоо бэлэг барьж архивын лавлагаа гаргав. 

    Хөвсгөл, Архангай, Завхан, Өвөрхангай дөрвөн аймагт 1932 онд гарсан хувьсгалын эсэргүү бослого бол 1921 оны Ардын хувьсгал ялснаас хойших 10 жилийн дотор хувьсгалыг устгах гэсэн удаа дараагийн эсэргүү бослого, улс төрийн бүлэглэлүүдийн өвсгөл аймгийн үргэлжлэл бөгөөд зүүнтний алдааг овжин ашигласан байна. 

    Энэ бослогоор энгийн номхон 4000 гаруй иргэд амь насаа алдсаны дотор 407 нь амьдаар зүрхээ сугалуулж туг тахиулах, борвио огтлуулах, засуулах, шулуулах мэт зэрлэг балмад хэрцгийлэлд өртөн алагдсан байна. 

    Мөн сумын захиргаа 35, анхны хоршоо 45, хамтрал 45 ба олон сургуулиудыг галдан шатааж устган тэр үеийн гүйцэд бус мэдээгээр 10 гаруй сая төгрөгийн хохирлыг улсад учруулжээ. Тэр үед нэг гэр 200-250 төгрөгийн үнэтэй байжээ. 

    Энэ бослогыг дарах үүрэг дөнгөж 10 настай, Дотоодыг хамгаалах газарт ноогдож, үүргээ сайн биелүүлж нам засаг, эх орон, ард түмнийхээ өмнө хүндтэй гавъяа байгуулсан. 

    Эсэргүү бослогыг дарахаар ДХГ-ын орлогч дарга Ц.Гиваапил Ерөнхий командлагчаар томилогдон, ДХГ-ын Бат, Нисалдаг, Гомбо, Лувсанжамбаа, Ардын цэргийн Өлзийбат, Малж, Содном, Жигжид, Ванчиг, Чоймбол, сургагч Дубровский, Исаков, Дашиков, Кияковский, Юшикеевич, Орлов нар отрядуудыг командлаж, Завхан аймгийн Лувсан, Дэмчигдорж, Улаан гомын Тагжид даргатай отрядууд хүч хавсарч байлджээ. Тэд Хөвсгөл аймгийн Рашаант, Хялганат, Асгат, Бүгсүй, Жалханз, Тэс, Даяндээрхийн хүрээ ба Мөрөн, Бүрэнтогтох, Төмөрбулаг, Тосонцэнгэл, Рашаант, Бүрэнхаан, Шарга, Алаг-Эрдэнэ, Идэр, Жаргалант, Намнан, Баянхайрхан, Цэцэрлэг, Цагаан-Уул, Тариалан, Их-Уул, Эрдэнэбулган зэрэг 15 сумдын нутагт Цагаан бургас, Загзуу, Олон голын билчир, Сангийн далай, Булнай, Тэлмэн, Хужирт Шаварт Зайгал, Домбуу, Хавчуу зэрэг газарт, 500-1000 гаруй дайсантай хэд дахин Архангай аймгийн Наран, Тосонцэнгэл, Зүрх, Өндөр-улаан, Зослон, Бугат, Хан Оюут зэрэг 10 гаруй сумд Бухын хүрээ, Арын хүрээ, Мухар хожуул, Тариат зэрэг газруудад 500-1000 гаруй дайсантай, Завхан аймгийн Идэр, Тэлмэн, Улаагчин, Нөмрөг сумдад 1300-аад дайсантай тулалдаж Өвөрхангай, Баянхонгор аймгийн Хүрээмарал, Бөмбөгөр, Богд мандал, Баянбулаг зэрэг дөрвөн аймгийн 30 гаруй сумдыг хамарсан хувьсгалын эсэргүү бослогыг дарахдаа Тагна Тува улсын хил хүртэл уул ус, хад модоор бүрхэгдсэн бартаар өргөн уудам нутагт хагас жил гаруй явж байлдсан нь 1939 ба 1945 оны байлдаанаас хамарсан нутаг, үргэлжилсэн хугацаагаараа давсан байна. “Хавчуугийн элсэрхэг энгэрт зуны халуун нар, аадар бороонд өвлийн үстэй дээлтэй хоёр суман цэрэг явган маршаар давшихад уулын оройд байрласан дайсны морьтой харуулууд сарны саруулд ил харагдаж, хоорондоо ярилцах дуу нь сонсогдож байлаа” гэж ахмад хилчин Даваа, Лувсан нар хуучилдаг. Мөн Төмөрбулагийн шугуйд модоор бүрхэгдсэн нэг толгойд тоогоор илүү ба газар орны аятай нөхцлийг ашиглан манай нэг салаа цэргийг гурав хоног бүслээд Жамц, Самбуу нар “Хар цэргүүд ээ сонсч бай. Түүхийн ёсоор гарч ирсэн шашны шар цэргүүд та нарт бууж өгөхгүй. Харин та нар бууж өг. Зөвшөөрөхгүй бол одоо та нарыг устгана” гэж байхад нь манайхан тэдний сул талыг ашиглан дайрч бүслэлтээс гарчээ. Гурав хоногийн энэ байлдаанд дайсан 300 хүнээ алдсан байна. 

    Дайсан тавдугаар сарын сүүлчээр дахин хүч хуралдуулж Мөрөн хотыг эзлэх гэж Мөрөн голыг хоёр чиглэлээр гатлах гэж 2-3 өдрийн турш голын хоёр талаас буудалцаж байхад бага даргын сургуулийн салаан дарга М.Цэдэндамба хоёр км хол зайд хурдаар давхиж явсан дайсны харуулыг нэг удаа буудан алсан ба улаан цэрэг буудалцахаа зогсоож, дайсан завиар явж голын дунд орох үед хүчтэй гал нээн бөөнөөр устгах тактик хэрэглэж амжилт олсон зэрэг олон баримт дурдаж болно. 

    Энэ тулалдаануудад отрядын дарга сургагч нарын чадвартай командаас гадна салаан дарга Дорлиг, Бадрах, Цэдэндамба, Тасгийн дарга Чулуунбаатар, байлдагч Цагаан, эрэлхэг чекист Ц.Гиваапил, Ц.Донров, В.Е.Колосс, С.Янсанжав, Ө.Данаа, Л.Аюушжав нарын олон гарамгай баатрууд төрсөн юм. Эд нар 1939, 1945 онд фронт командлаж ялалт байгуулсан маршал, генерал, хурандаа Монгол улсын баатруудаас юу нь дутуу байна вэ, Тэд гадаадын дайсантай, хүчирхэг техник, автомат буугаар эд нар дотоодын дайсантай мориор явж гардан тулалдсанаараа л ялгагдаж байна. 

    Түгж Дамдинбазар нараас Оршихын улаан толгойд буудаж алсан 13 тооны намын гишүүдийн дотроос Борбанди гэгч 60 гаруй настай өвгөн бусдыгаа зоригжуулан “Эсэргүү та нар бол дотоодын самуун үйлдэгч хүмүүс юм. Төр өөрчлөхөд хүмүүсийг ингэж яргалдаггүй юм. Та нар шиг яргачдад мөргөхгүй” гэж хэлээд буудуулжээ. 

    Завхан аймгийн Хөмрөг сумын харъяат Өлзийбаяр эмгэний ганц хүү Данаа 1932 онд Тэс, Баянхайрхан сумыг хариуцсан ангийн төлөөлөгчөөр байхад эсэргүү бослогын жанжин гэгдэх Түгжийн цэрэг дайран орж сумын захиргааг устган 12 хувьсгалчийг барьж аваад, төлөөлөгч Данааг буудан шархдуулж хоёр гарыг хүлж буу зэвсэг, цүнхтэй бичгийг олзлон авч бичиг баримтыг мээрэн Лут-Очирт өгч, өөрийг нь хүлээстэй туг тахина гээд авч явжээ. Түгж өөрөө Баянхайрханд баривчлагдсан арваад хүнээс хоёр хүний зүрхийг сугалж алсны нэг нь Завханы хүн байсан гэж мэдүүлсэн нь Данаа байж болох юм. Завхан аймаг дахь ангийн төлөөлөгч Данаатай Баянхайрхан сумын төвд хамт баригдсан эвлэлийн гишүүн Бүрэнжаргал (Тоодон) гэгч залуу эмэгтэй Түгжийн нүүр рүү нулимж, салтаа өөд нь өшиглөх зэргээр тэмцсэнд Түгж түүнийг цохиж унагаад улмаар ширэм дээр хүлээстэй тавьж дор нь гал түлж шарж алжээ. 

    Ардын хувьсгалын ялалт, тусгаар тогтнолоо хамгаалсан ДХГ, аймгуудын ангиуд, түүний баатарлаг, эрэлхэг чекист, хилчдээс аравхан насандаа байгуулсан гавъяаг үнэлж, мөнхжүүлээгүй нь 1937-1938 оны алдаа завхрал хэлмэгдүүлэлтээр өмнөх гавъяа зүтгэл, баатарлаг тэмцлийг хучин далдалж өнгөрлөө гэж үзэж байна. 

    Мөнгө цагаан, нүд улаан болсон үед цаазлагдсан бүгдийг цагаатгаж, шийтгэгдсэн бүгдийг хэлмэгдсэн болговол түгшүүрт цагт төрийн үүрэг биелүүлснээс өөр бууруугүй хүмүүс гомдох байх. 

    Цаасан дээр бичигдсэн өргөдлийн цаад эзнийг цагаатгалын комисс сайн шалгах ёстой. 

ШАГНАЛ 

    1931 оны эсэргүү бослогыг дарж гавъяа байгуулсан ДХГ-ын тусгай хороо, цэргийн ерөнхий сургууль, МАХЦ-ийн 92 дайчдыг БНМАУ-ын төрийн дээд шагнал байлдааны гавъяаны Улаан тугийн одон хөхүүлэн сайшаажээ. 

    Дотоодыг хамгаалах газрын даргын 22 оны долдугаар сарын 222 тоот тушаалд: “Тус газраас Хөвсгөл аймагт гарсан эсэргүү хөдөлгөөнийг дарж устгахаар томилогдсон байдааны отряд нь мөн аймгийн Рашаантаас эхлэн 20 гаруй тооны газарт бүлэглэн байсан эсэргүү этгээд нарыг удаа дараа хатуу баатар зоригтой байлдаж устган дарж сөнөөсөн нь тус газрын тэргүүн зэргийн гавъяа” гэж тэмдэглээд Агваанжамц, Цэдэндамба нарын 20 хүнийг байлдааны буугаар Намсрайжав, Үрчгэр нарын 130 хүнийг цаг зэрэг үнэ бүхий зүйлээр тус тус шагнасан ба мөн ДХГ-ын 10 жилийн ойгоор Аюуш, Дубровский нарын 12 хүнийг 10 жилийн ойн гавъяат ажилчин тэмдгээр, Жан нарын 58 хүнийг буугаар, Дорж нарын 18 хүнийг цагаар, Дашжанцан нарын 21 хүнийг цүнхээр, Дамчай нарын таван хүнийг сургуулийн дэвтэр, харандаа, саваар, Равжих нарын таван хүнийг цэргийн бүрэн хувцсаар, Сосоржав нарын хоёр хүнийг мөрөвчтэй бүсээр, Намжаан нарын таван хүнийг дугуйгаар тус тус сайшаан шагнасан байна. 

    Мөн түүнээс хойш гарсан тушаалуудаар эсэргүү хөдөлгөөнийг дарах хэрэгт гавъяа байгуулсан Дамдин, Далхаа, жолооч Даваа, Жанчив, Чимидцэрэн, Тогоо, Борманов, Чойжил нарын 14 хүнийг байлдааны буугаар, Тавхайг гавъяат ажилчин тэмдгээр, Цэвэгжав нарын 15 хүнийг үнэ бүхий зүйлээр сайшаан шагнаж, Архангай хэлтсийн Галиндэв нар Тариатын хүрээнд байлдахад машин хүнээ хаяж зэвсгээ эвдэж усанд хаяад амь зугтаасан тул донгодож шийтгэсэн байна. 

ЭРЭЛХЭГ ЧЕКИСТ Ц.ДОНРОВ, В.Е.КОЛОСС С. ЯНСАНЖАВ НАР 

    Хөвсгөл, Архангай аймагт гарсан хувьсгалын эсэргүү бослого Шумуултайн хүрээн дээр ирж хүчээ хуралдуулж Завхан аймагт довтлох бэлтгэл хйиж байна гэсэн мэдээ аваад Завхан аймгийн намын хорооны нарийн бичгийн дарга Дамба, аймгийн дарга Дашням, ДХ ангийн дарга Готов нар аймгийн намын хорооны ерөнхий хэлтсийн дарга Ламдан овогтой Дэчингарав, ДХ ангийн ахлах төлөөлөгч Сэр-Одын Янсанжав, аймгийн эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга Ринчин овогтой Гүрцог нарт аймгийн эд хэрэглэгчдийн хоршоодын холбооны дарга Яагаадайн Баатаржавын машинаар (Баатаржав тэр үед ажлын чухлыг ухамсарлан машинаа өгөөд өөрөө зургаан зүйлийн компанит ажлаар Намрөг суманд морин өртөөгөөр оджээ) явсаар Завхан аймгийн Идэр сумын нутаг Тэгшийн голд ирэхэд поода Гэндэн гэгч айлын гадна 30 гаруй морьтой хүмүүс цугларсныг тагнан судалбал: 

    Тооно гэдэг газар байсан Орос сан ба Мэндийн нэрэмжит хамтралыг идэхээр (дээрэмдэхээр) төлөвлөж байгаа нь мэдэгджээ. Энэ талаар аймагт мэдэгдсэн аймгаас Үйлдвэрчний зөвлөлийн дарга “үхэр буу” гэдэг Банзрагчаар удирдуулсан 15 хүнийг хүч нэмэгдүүлэн туслалцуулахаар явуулсан нь тэдэн дээр ирж нийлжээ. Тэгээд Банзрагч, Дэчингарав нар цэргийн хамт сангийн оросыг манаж хоноод хамтрал дээр явж очиход нэг хөнгөн тэрэг (машин) ирсэн байлаа. Энэ бол төвөөс томилогдсон ДХГ-ын хэлтсийн дарга Цэрэнпунцагийн Донров, сургагч Василий Ефремович Колосс, орчуулагч Гүр нар машинтай тэнд ирсэн байжээ. 

    Тэд уулзаад Архангай аймгийн Тосонцэнгэл сум буюу Шумуултайн хүрээн дээр “Ванчин богд ирсэн” гэдэг цуурхал гаргаж эсэргүү бослого гарсан. Үүнийг ногоон малгайт гэдэг Дамдинсүрэн толгойлж яваа тул хамтран очиж тэдний эсэргүү ажлыг таслан зогсоож баривчлахаар тохиролцжээ. Тэд нийлж хоёр машинтай найман хүн Идэрийн голыг дагаж уруудан явтал “Улаан хясаа” гэдэг газарт нэг машин нь эвдрээд цааш явах боломжгүй болсон тул Донровын машин Колосс, Гүр, Янсанжав, Дэчингарав, Гүрцог нар сууж, эвдэрсэн машинаа орхин явжээ. Тэд явсаар Тосонцэнгэлийн хойд “Цагаан шарт”-ын дөрөлж дээр гараад Шумуултай руу дурангаар харахад олон хүмүүс үймэн холхилдож байсан ба тэндээс цагаан морьтой, шар нохой дагуулсан хүн тэднийг чиглэн явааг хараад Дэчингарав нутгийн таних хүн байж магадгүй гэж тосон очиж уулзжээ. Тэд бол Тосонцэнгэлийн Чойжин бандийн хүү Готов байсан ба тэр ярихдаа: “Миний биеэр яр гараад Шумуултайн хүрээн дээр очиж ламд мөргөөд буцаж явна” гэж хүзүүндээ зүүсэн цагаан зангиаг үзүүлээд цааш тодруулж ярихдаа “Эд нар 100 гаруй хүнтэй Архангайн зүгээс ирсэн юм. Ламыг нь “Ванчин богд” гэж хүмүүс яриад байх юм. Тэд нар нь Тосонцэнгэлээс эрэгтэй, эмэгтэй хүнийг цэрэгтээ татаж 500 гаруй цэрэгтэй болсон гэнэ. Тэд эндээс явж Идэр сум ба Завханы төвийг эзлэн авч хувьсалт засгийг устгах шинэ засаг тогтоох юм гэнэ” гэж ярилцаад зогсож байтал Хүрээнээ 100 шахам морьтой хүмүүс ирж явааг хараад учрыг асуухад эд нар бол аймгийн эвлэлийн хорооны тарган Санжсүрэн нарын хэсэг хүмүүсийг баривчлахаар явж буй Батчулуун даргатай цэргүүд байна гэж хэлээд цааш явжээ. Энэ үгийг ярилцаж байхад Гүрцогоос –“Бид хүч бага, зэвсэг муу тул энэ олон хүнийг дийлэхгүй байх. Буцаж хэл залгуулж хүчээ нэмэгдүүлье” гэхэд Донров: “Та нар байлдааны хээрийн дүрэм мэдэх үү” гэж асуухад бусад хүмүүс дуугарсангүй. 

    Колосс винтовтой, Донров маузертай, Янсанжав хөнгөн пулемёттой тус тус байраа эзлэн, Дэчингарав нутгийн таних хүмүүс хэн хэн байгааг ажиглан байтал Батчулууны цэргүүд шууд бүслэн аваад учир зүггүй буудлаа. Донров давсгандаа, Колосс гэдсэндээ буудуулан унахад Колоссыг жолооч гараараа татаж, Гүрцог өргөн машинд оруулж байх үед жолооч гараа, Гүрцог өсгийгөө шархдуулсан тул тэд бусдыгаа орхин цааш машинаараа зугтаажээ. Янсанжав, Дэчингарав хоёрыг хэд хэдэн удаа буудахад Янсанжав шархдаж, “Та нар хүн алахаа зогсоо” гэж зоригтойгоор шаардсан боловч тэд үл тоомсорлон Пүрэв жанжин гэгч “Чамтай ярих яриа дууссан. Хувьсгалт засаг төр унаж байгааг мэдэж байна уу?” гэж хэлээд Янсанжавыг шууд барьж авч хүлжээ. Донров газар дээрээ нас барсан байна. Энэ бүхнийг 1966 онд 74 настай байсан Дэчингарав ярьж, хошууч Дагвадорж бичиж авчээ. 

    “Ууган чекист Янсанжав бол нам, эвлэлийн гишүүн, эх орон, ард түмнийхээ төлөө халуун амь, бүлээн цусаа хайрлахгүй, баатарлаг тэмцэж явсан ард түмний зоригт хөвгүүдийн нэг тул нам, засаг, ард түмэн, эх орны үйл хэргийн төлөө дотоод, гадаадын элдэв дайсантай олон арван жилийн турш тэмцэж ирсэн баатарлаг тэмцлийг түүхийн алтан хуудсанд мөнх тэмдэглэж, манай олон чекистүүдийн сэтгэл зүрхэнд үүрд дурсагдан үлдэж, түүний ариун тэмцлийн үлгэр дууриал болсоор ирсэн юм” гэж НАХБ-ын 40 жилийн ойг тохиолдуулан Янсанжавыг “БНМАУ-ын баатар” бол нэхэн шагнуулахаар ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбууд НАХЯ-ны сайд Б.Банзрагчийн гарын үсэтэй тодорхойлолт явуулж байжээ. 

    С.Янсанжав, Ц.Донров, В.Е.Колосс нарын тухай Л.Дэчингарав, О.Сүрэнхүү, Я.Баатаржав, Чимэдбалдир, Дамдин, Уртнасан, Шагжсүрэн, Ягаадай, Лодой нарын бичсэн дурсамж, дурдатгалуудыг УАХБ-ын 50 жилийн ойд зориулж өөрийн бичсэн “Чекист нөхрийн минь захиас” дурсамжийг хавсаргав. 

    Янсанжав, Донров, Колосс нарын дурсгалын хөшөөг Тосонцэнгэлийн төв дээр босгох зураг, төсөв батлагдаж суурь нь тавигдаж байтал ардчиллын нөхөд гарч ирээд хойшлогдон өдийг хүрсэн гэж Завхан хэлтсийн дарга байсан хурандаа Дорж ярьсан тул түүнийг бас бодолцоно уу. 

 IV. ЧЕКИСТ НӨХРИЙН МААНЬ ЗАХИАС 

(дурсамж) 

     1966 оны 5 дугаар сард билээ. Дархан уулын тэнгэрт налайн бэлчсэн олон хонь тааваар идээшилнэ. Намар олсон тарга нь буураагүй хонин сүргийг хараад хариуцан маллаж байгаа эзний ажилсгийнх юм даа гэсэн нэгэн бодол сэтгэлд ургав. Миний санааг батлах гэсэн юм шиг жар хүрч яваа тэр өвгөний энгэрт одон, медалийн олон лент эгнэн жигдэрчээ. 

    Энэ хүн бол Завхан аймгийн Булнай сумын Найрамдал бригадын малчин, улсын тэргүүний тууварчин Очирын Сүрэнхүү гуай юм. Сүрэнхүү гуай бид хоёр нэлээд ярилцав. Нэг мэдэхэд яриа маань улам өрнөж 40 шахам жилийн өмнөх нэгэн эмгэнэлт үйл явдал руу шилжсэн байв. Сүрэнхүү гуйан тэрхүү дурсамж яриаг тэр хэвээр нь уншигч нөхөддөө танилцуулахыг зорьж энэхүү бяцхан тэмдэглэлийг хэвлүүлэхэд хүргэв. 

    Өгүүлсэн нь: - Урьд энэ нутагт Шумуултайн хүрээ гэгдсэн хэдэн модон сүмд хэсэг лам нарын шарын шашны номлолоор ард түмнийг мунхруулж байсан юм. Тэр үеийн байдал өчигдөрхөн юм шиг санагдаж байна. 

    Гэтэл өнөөдөр энэ газарт орчин үеийн шинэ үйлвэр сүндэрлэн босч, атаржсан газарт нь би хонио хариулж яваа нь их сонин зүйл болжээ. Миний сууж байгаа байшингийн суурь бол 1932 оны эсэргүү бослогын үед том шорон байсан шашин бөгөөд би үүний нэг тасалгаанд хоригдож байсан юм. 

    Би 1932 онд Тосонцэнгэл сумын эвлэлийн үүрийн даргаар ажиллаж, эвлэлийн гишүүд бид нар Шумуултайн хүрээний лам нартай тэмцэж, тэднийг шүүмжилдэг, том лам нарын хөрөнгийг хураалцдаг байсан юм. Энэ учраас эсэргүү бослогынхон эвлэлийн гишүүн бидний 49 хүнийг баривчлан авч шоронд хорилоо. 

    Төв цагдан сэргийлэх газарт цагдаа байгаад нас барсан Дансран, Дорж бид гурав нэг тасалгаанд хоригдож байлаа. Дорж маань даруухан, их дуу дуулдаг, бас заримдаа маань уншдаг хүн байсан. Эсэргүүгийн Лавдан жанжин гэгч шоронгийн үүдэнд Доржийг маань буудаад алчихсан учир Дансран бид хоёр үлдлээ. 

    Нэгэн өдөр Цагаан шартын дөрөлж өөд машинтай хүмүүс гарч ирэхэд Шумуултайн хүрээн дээр байсан эсэргүү бослогын цэргүүд буудалцан томоохон тулалдаан болов. 

    Тэр тулалдаанаар улаан торгон дээлтэй нэг хүн алагдсаныг хожим дуулахад Донров чекист байсан юм гэнэ билээ. 

    Тэр үед Завхан аймгийн Дотоодыг хамгаалах ангийн төлөөлөгч Янсанжав, манай нутгийн ард Дэчингарав нар тэр машинаар хамт явж байгаад эсэргүү нарт баривчлагдсан учир Янсанжав нь Дансран бид хоёртой хамт нэг тасалгаанд хоригдлоо. Тэр хүн хөвөнтэй хөх торгон дээлтэй, ногоон өмд цамцтай, үстэй хүрэн савхин малгайтай, урт хар хөмсөгтэй, махлаг зузаан биетэй, цагаан царайтай, дунд нуруутай, давхраатай алаг нүдтэй, алтан соёотой, бага зэрэг сахлын ортой, халимагтай сайхан эр байж билээ. Эсэргүү нараас хөөрхий түүнийг улаан булбаг болтол нь зодож, халимгийг зулгааж шатааж цус гоожуулан, нүд, нүүрийг хавдар болгож, хоёр гарыг тасартал хүлсэн байв. 

    Зангирсан булчинд нь гөрмөл сур шигдэн орсон байсан шүү. Тэрээр хэлэхдээ: 

    Би Завханы дотоодыг хамгаалахаас ирсэн юм. Монгол хүн монгол хэлээ мэдэх байх гэж бодоод эдний хүн алдгийг болиулах санаатай машинаасаа буугаад иртэл Пүрэв жанжин гэгчээс “Чамтай ярих яриа дууссан. Одоо хувьсгалт төр сөнөж байгааг мэдэж байна уу? гэж хэлээд намайг шууд бариад авсан юм. Би яах вэ нам, засаг, ард түмэн, эх орныхоо өмнөөс энэ муу цогцсоо өгөхөд гомдолгүй. Намайг хороолоо ч ард түмэн байгаа цагт эсэргүү нар хувьсгалт төрийг устгаад өөр төр байгуулж яасан ч чадахгүй … Би хүч муутай ирж баригдсан маань харамсалтай боллоо. Ядаж пулеметтой, хэдэн хүнтэй ирсэн бод эдэнд баригдах ёсгүй байсан юм гээд шүдээ зуун хорсолтойгоор занаж байж билээ. Тэгээд Янсанжав маань гэр бүл, үр хүүхдээ дурсан ярьж “Би хэзээд алагдана. Эд анмайг алаад л төр сөнөлөө гэж хашгирах байх. Тийм бишээ. Над шиг бас надаас илүү олон хүн бий. Та хоёр маань алдахгүй шиг байж байвал улаан цэрэг ирж та нарын амийг аврах байх. Би амьд гарвал та нартайгаа хамт зүтгэх юмсан” гэж гэрээслэн захиж билээ. 

    Дансран бид шоронгийн хуяг нараас нууж шөнө хүлээсийг сулруулж, хар цай өгч, зовлонгоос нь хуваалцдаг байв. Нэгэн удаа Янсанжав: 

    -Миний өмдний хойд халаасанд нэг чухал бичиг бий. Эд түүнийг мэдсэнгүй өнгөрлөө. Хэрэв эдэнд ашиглагдвал тун тусгүй юм болно. Иймд энэ бичгийг аваад миний нүдэн дээр шатааж өгнө үү гэж хүссэн тул бид хоёр тэр бичгийг карманаас нь авч Дансранд хуйлж бариулж байгаад би шүдэнзээр шатааж үнс болгон устгасан юм. 

    Биднийг шоронд байхад Пүрэв жанжин тасалгаанд орж ирээд Янсанжавын бугуйнд байсан цаг, зүүж явсан мөнгөн аяга, олон төгрөгийг мулт татан булааж аваад “Чамайг маргааш өглөө ална. Чи хоол унд идэж ууж болохгүй шүү” хэмээн загнаад гарсны дараа шөнө нь манай ахаас надад авчирч өгсөн гурилтай хоолноос аяганд хийж өгөхөд “бөөлжис цутгаад байна” гээд идэхгүй байв. 

    Өглөө нар уулын толгойд тусч байхад шоронгийн хаалга дуугарч Лавдан жанжин орж ирээд хөөрхий муу Янсанжавыг минь туугаад гарсан юм. Түүнээс хойш бид Янсанжавынхаа амьд биеийг үзээгүй. Харин нэг өглөө Дансран бид хоёрыг том хэрэгсүүрийн дэргэд аваачиж нарлуулж байхад Янсанжавын минь цогцос хэрэгсүүрийн баруун талд хөөчихсөн хэвтэж байсан юм. Дансран ярихдаа: “Бид дөрвүүлээ болж дээ. Хүрээний золбин ноход л бидний махыг идэх байх даа” гэж ярьж билээ. Хожим манай ах Ядамын ярианаас сонсоход “баяухай Ламжав” гэгч өрөөл татуу ядуу ламд Янсанжавыг буудан алах тушаалыг Дүрэв жанжнаас өгч түүгээр эхэлж буудуулсанд тэр лам оноогүй учир Пүрэв жанжин нэрмэн буудахад Янсанжав маань эх орон, ард түмэндээ тангараг өргөөд унасан гэдэг юм. Тэр үед Лавдан, Цогоо, Тарваа нар жинхэнэ жанжин гэж Пүрэв торгон цэрэг нь байсан бөгөөд Дансран бид хоёроор Ардын хувьсгалт засаг төр сөнөсөн цагт тугаа тахина гэж амьд үлдээн шоронд хадгалж байтал Чоймбол даргатай улаан цэргийн отряд ирж тэр эсэргүү нарыг бут цохиж биднийг аварсан юм. Тэгээд би ардын хувьсгалт нам, засгийнхаа ачаар амьд гарснаар барахгүй улсдаа нэртэй тууварчин болчихоод зуугийн ихэнх насыг насалж азтай жаргалтай сайн сайхан амьдарч байна. 

    Пүрэв жанжнаас 1948 онд түүх хариугаа авахад би 26 настай эвлэлийн гишүүн залуу дэслэгч байхдаа мөрдөн байцаалтыг явуулсан юм. 

Ч. Лувсан-Очир 

V. ВИКТОР СТАНИСЛАВОВИЧ КИЯКОВСКИЙ 

    1899 онд Вилей мужийн Вильно хотод Польш ажилчны гэл бүлд төрсөн. Петербургийн гимназыг төгсөж, хэсэг хугацаанд багшилж, дараа нь Польшийн их сургуулийг төгсөж цэргийн ангид ажиллаж байгаад 1920 онд Бүх Оросын Онцгой Комиссын шийдвэрээр ЗХУ-д ирж УАХБ-д ажилласан. Тэр ондоо коммунист намын гишүүн болжээ. Бүх оросын онцгой комиссын болон улсын нэгдсэн улс төрийн газрын салбаруудад богино хугацаанд ажиллахдаа тасгийн туслахаас Нижие төлөөлөгчийн гүйцэтгэх нууц албаны газрын дарга хүртэл дэвшжээ. 

    Тэр 1922-1927 онд “Төв Оросын хаант засгийн байгууллага” гэгч эсэргүү байгууллагад сөрөх тагнуулчаар орж ажиллахдаа гайхамшигт үүрэг гүйцэтгэжээ. Үүний талаар Лев Никулиний “Мёртвая зывь” роман, “трест” хэргийг илчилсэн нь кино зэрэгт тусгагджээ. Энэ бүх гавъяаныхаа төлөө Улаан тугийн одон, хүндэт чекист тэмдэг болон маузер буугаар шагнагдсан байна. Тэр Монголд ирээд ДХГ-ын ерөнхий сургагчаар ажиллаж байхдаа 1932 онд баруун дөрвөн аймагт гарсан хувьсгалын эсэргүү бослогыг дарах хэрэгт баатарлагаар тулалдаж яваад 1932 оны 6 дугаар сарын 9-нд Архангай аймгийн Тариат сумын нутаг Дээд Баян Улааны Дөрвөлжин хар гэдэг газарт алагджээ. Кияковскийг ЗСБНХУ-ын улс төрийн нэгдсэн удирдлагаас 1927 оны 12 дугаар сарын 18-нд шагнагдсан баярын бичигт “Улсын нэгдсэн улс төрийн газраас бүх оросын онцгой комисс, улсын нэгдсэн улс төрийн газрын пролетарийн диктатурын байгууллагуудын 10 жилийн ойг тохиолдуулан дэлхийн анхны пролетарийн улсын дайсантай хийх тэмцэлд чиглэгдсэн хүнд бэрх чекистийн албан тушаалд та амь биеэ хайрлахгүй тэмцсэний төлөө” гэсэн бичиг бүхий байлдааны музер буугаар шагнахаар шийдвэрлэв” гэжээ. Түүнийг нас барсантай холбогдуулж бичсэн өгүүлэлд “Пролетарийн хувьсгалын үйл хэрэгт мятрашгүй үнэнч туйлбартай большевик-чекист албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа зориулсан нөхрийг минь үхлийн хар аюул авч одлоо. 

    Кияковский бол хэнтэй ч зүйрлэшгүй зохион байгуулагч, идэвх зүтгэлтэй эрэлхэг зоригтой ямарч нөхцөлд хамт олноор өөрийгөө хүрээлүүлж хөдөлмөрийн идэвх зоригийг бадруулж, хөдөлмөрийг жинхэнэ социалист ёсоор зохион байгуулж чаддаг үнэнч шударга чекист байжээ” гэжээ. Кияковскийн гэр бүлийн байдал: Эхнэр Кияковская Наталья Борисовна, 1920 онд төрсөн. Нам бус, инженер мэгэжилтэй, хурандаа цолтой. Москва хотын холбооны цахилгаан техникийн институтэд багшилдаг. 

    Хүү Георгий Викторович Кияковский 1957 онд нас барсан, түүний эхнэр, охин нар Москвад энх тунх амьдарч байгаа. Хүү нь эх орны их дайнд оролцож явсан ба техникийн ухааны дэд доктор, Москва хотын цахилгаан техникийн институтэд ажиллаж байжээ. 

    Охин Лидия Георгиевна, нөхрийн нэрээр Рябичева, 1947 онд төрсөн. Мөн дээрх институтэд инжнерээр ажилладаг. Гэрийн хаяг нь: Москва К-45. Рождественский бульвар дом 5/х, кв 42. 

    Зөвлөлтийн чекист В.С.Кияковскийн дурсгалын хөшөөг Архангай аймгийн төвд нээх ёслол дээр НАХЯ-ны сайд дэслэгч генерал Б.Дэжидийн хэлсэн үгэнд “Ардын хувьсгал ялсан анхны өдрөөс эхлэн дотоодын эсэргүү, гадаадын дайснууд сүлбэлдэн, тулгуур тогтсон манай тусгаар тогтнолыг эсэргүүцэх тэмцлээ үргэлжлүүлснээр ирснийг та бид нар сайн мэднэ. УАХБ шилдэг боловсон хүчнээр бэхжиж, олон тооны гарамгай чекистүүдийг төрүүлэхэд ЗХУ-ын УАХБ, түүний чекистүүд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан билээ. Түүний нэг нь ЗХУ-ын гарамгай чекист манайд уригдаж ирээд ДХГ-ын ерөнхий сургагчаар ажиллаж байгаад ардын хувьсгалын ялалтыг хамгаалахын төлөөр амь насаа зориулсан В.С.Кияковский юм. 

    1932 онд баруун дөрвөн аймагт гарсан эсэргүү бослогыг дарахад ДХГ, түүни й чекистүүд оновчтой мэргэн зохион байгуулалт хийж, уран нарийн арга боловсруулан дайсны гүнд чадварлагаар нэвтэрч, тэдний төлөвлөгөө, ажил явуулгыг асар богино хугацаанд тагнан илрүүлж устгахад нам засаг, ард түмнийхээ өмнө чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Үүнийг гүйцэтгэхэд Кияковский идэвхтэй оролцож яваад 1932 оны 5 дугаар сарын 13-нд Архангай аймгийн Тариат сумын Баян-Улаан уулын Шивэр түрүү гэдэг газарт амь үрэгдсэн юм. В.С.Кияковскийн буудах болгонд нэг дайсан жагсаалаас гарч байсан учир дайсан галынхаа бүх цэгийг Кияковскийд төвлөрүүлж зоригт чекистийг хэд хэдэн удаа шархдуулсан боловч давшин тулалдсаар эр зориг эрэлхэг гайхамшгийн үлгэр жишээг үзүүлж баатрын ёсоор бүлээн цусаа урсган халуун амиа алджээ” гэж тэмдэглээд түүний намтар түүхийг ярьж ЗХУ-ын УАХБ-аас ирүүлсэн эмгэнэлийн бичгийг уншиж танилцуулжээ. “Кияковский бол Монгол-Зөвлөлтийн ард түмний ах дүүгийн найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө тууштай тэмцэж, залуу чекистүүдийг хүмүүжүүлэхэд цаг, хүч, ухаанаа хайрлахгүй зүтгэж нөр хичээнгүй хөдөлмөр, мятаршгүй хатан зориг, хүмүүнлэг сайн нөхөр, багш байсан юм" гэж хэлээд дурсгалын хөшөөг нээжээ. Энэ бол зөвхөн Дэжид сайдын үг төдий бус Монголын бүх ард түмэн, чекистүүдийн үг, дурсамж байлаа. 

VI. ИСАКОВ ЕВГЕНИЙ НИКОЛАЕВИЧ 

    1897 онд төрсөн, улаан цэрэг. Хилийн цэрэгт алба хааж байгаад 1932 оны 7 дугаар сард Монголд алагдсан. 

    Тэр 1921 онд Монгол Ардын Хувьсгал ялахад Бахичай Кайгородовын дээрэмчидтэй олон удаа тулалдаж ялж байсан. 

    1928 он хүртэл хүртэл хил хамгаалалтын тусгай батальоны комиссар дарга байгаад 1931 оны 5 дугаар сард Монголд томилогдон Кияковский ба Намсрайн эсэргүү бослогыг дарах хэрэгт оролцон ДХГ-ын орлогч дарга н.Гивапилийн отрядтай хамт байлдаж яваад Хөвсгөл аймгийн Бүрэнхаан сумын нутаг Домбуугийн ууланд эсэргүүгийн жанжин Лавдан нарын цэрэгтэй байлдахдаа маш мэргэн буудаж олон дайсан сөнөөсний эцэст сургагч Е.Н.Исаков, орчуулагч Будаев, салааны дарга Чулуунбаатар нар тэмцэж алтан амиа алджээ. Ийм учраас Е.Н.Исаковын хөшөө Хөвсгөл аймагт босгогдсон байна. 

VII. 1. ЦЭРЭНПУНЦАГИЙН ДОНРОВ 

    1910 онд төрсөн. Өмнөговь аймгийн харъяат, 1926-1932 онд ДХГ-т бичээч, төлөөлөгч, эсэргүүцэн тагнах хэлтсийн даргаар ажиллаж байжээ. 

    Алтай аймгийн хязгаарын суманд хилийн цаанаас довтлон ирж дээрэм тонуул хийгчдэд цохилт өгөх, хил орчмын хүрээ хийд, лам нарыг дотогшлуулах зэрэг үүрэг гүйцэтгэхээр МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын 12 дугаар тогтоолын дагуу Мэнд даргатай комиссын гишүүнээр ажиллаж байжээ. 1932 оны 4 дүгээр сард Алтай хэлтсийн даргаар томилогдмогц нам, эвлэлийн гишүүд идэвхтэн, албан хаагчдаар бүрдсэн отряд зохион байгуулахаар Завхан аймгийн Шумуултайн хүрээнд ногоон малгайт Дамдинсүрэнгээр удирдуулсан 55-аад хүн цуглараад хувьсгалын эсэргүү ажил явуулж байгаа тухай мэдээ аваад Цэргийн ба хязгаарын хэлтсийн сургагч В.Е.Колосс, төлөөлөгч С.Янсанжав, орчуулагч Гүр нарын хэсэг хүмүүстэй машинаар Шумуултайн хүрээний ойролцоо Цагаан шартын дөрөлж дээр гараад дурандахад дайсны хүч олон байсан тул ухарч хүч сэлбэн нэмэгдүүлж байж дайсантай байлдая гэсэн санал гаргахад Донров “Та нар байлдааны хээрийн дүрмийг мэдэх үү” гэж хэлээд дайсантай шууд байлдах тушаал өгч өөрөө маузер буугаар, сургагч Колосс винтов буугаар, Янсанжав хөнгөн пулемётоор зэвсэглэн байраа эзэлтэл эсэргүүгийн “Жанжин” Батчулууны цэрэг гэнэт бүслэн авч шууд бууджээ. Гэтэл Батчулуун гэгч Донровын давсгаар нь буудаж, газар дээрээ унасан ба сургагч Колосс гэдсээрээ буудуулсныг жолооч, Гүрцог нар өөрсдөө шархдан байж машинд оруулаад зугтаажээ. Янсанжав, Дэчингарав нар амьдаар баригдаж эсэргүү нарын гарт оржээ. 1966 онд хүртэл Цагаан шартын дөрөлж дээр хүний чөмөгний хоёр яс байсныг нутгийн хүмүүс энд Донровоос өөр хүний яс байх учиргүй гэж тогтоосон тул Лувсан-Очир би Тосонцэнгэл хотын цагдан сэргийлэх ангид ажиллаж байхдаа Эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга байсан, одоо Сэлэнгэ аймгийн Баруун хараа суманд сайн малчнаар ажилладаг “Мянгат малчин” Бат-Өлзийн хамт очиж тэр ясыг хожим дурсгал нь босоход хэрэг болно гэж үзээд газар ухаж булсан юм. Тэр мөрөөдөл биелэх болтугай гэж хүсэн хүлээж байна. 1932 оны 5 дугаар сарын 5-нд Архангай аймгийн Цэцэрлэг хотоос төвд ирүүлсэн цахилгаан мэдээнд бичихдээ: “Шумуултайн хүрээний орчимд машинтай явсан Донров, Колосс нарыг эсэргүү нар гэнэдүүлэн дайрсан учир пулемётороо ч буудаж чадалгүй Колосс алагдаж, Донров сурагүй, жолооч нь Колоссын цогцсыг пулемётын хамт авч машинтайгаа зугтан иржээ” гэж мэдэгджээ. 

    Мөн ДХГ-аас Улиастай дахь ДХГ-ын дарга Ц.Донров, В.Е.Колосс нарт Архангай хэлтсээр дамжуулан цахилгаан утас явуулахдаа “Аймгийн хойд зах руу нөхөр Дэндэв, Орлов нараар удирдуулсан 100 цэрэг явуулав” гэж мэдэгдсэн нь Нясалдаг даргатай отряд мөн бололтой байна. 

    Ц.Донров, В.Е.Колосс нар ямар боловч Монгол эх орныхоо тусгаар тогтнолын төлөө баатарлаг тэмцэж албан үүргээ гүйцэтгэж явахдаа алтан амиа алдсан нь батлагдаж байгаа тул Орос, Монголын эрэлхэг чекистүүдийн мөнх дурсгагдах хөшөө дурсгалыг босгож өгөхийг хүсч явдгаа хэлье. 

2. КОЛОСС ВАСИЛИЙ ЕФРЕМОВИЧ 

    1902 онд Украины Киев хотын ойролцоо сууринд тариачны гэрт төрсөн. 1920 онд гадаадын интервент ба нутгийн хувьсгалын эсэргүүчүүдээс Украин нутгийг чөлөөлөхөд В.ЕвКолосс Будённый морин цэргийн ангид сайн дураар орж 1924 онд тасгийн дарга болжээ. 1925 онд цэргийн сургуульд суралцан төгсөөд 1928 онд Зөвлөлт-Афганистаны хил дээр заставын салааны даргаар алба хааж байхдаа хувьсгалын эсэргүүчүүд ба дээрэмчид, хорлон сүйтгэгчидтэй бүх хүчээр тэмцэж Зөвлөлт засгийг орон нутагт тогтооход хүчин зүтгэж байжээ. 1930 оны эцсээр Монгол улсад томилогдон ирж ДХГ-ын эдийн засгийн ба улс төрийн хэлтэст сургагчаар ажиллаж байгаад 1932 оны хавар тус улсын баруун 4 аймагт гарсан эсэргүү бослогыг дарахаар хэлтсийн дарга Ц.Донровын хамт томилогдоод Шумуултайн хүрээнд гарсан эсэргүү бослогыг дарахаар Цагаан шартын дөрөлж дээр дайсны бөөн хүчтэй гэнэт тулгарч байлдаж байгаад гэдсээрээ буудуулан нас барсан тул шархтай жолооч нь цогцсыг нь машиндаа хийж Архангай аймагт авчирчээ. Манай эх орны тусгаар тогтнолын төлөө тэмцэн албан үүрэг гүйцэтгэж яваад алтан амиа алдсан В.Е.Колоссыг монголын зоригт чекист Ц.Донров, С.Янсанжав нарын хамт одоогийн Тосонцэнгэл хотын хойд Цагаан шартын дөрөлж буюу Дархан уулын орой дээр босгож мөнхжүүлэх нь чухал гэж үзэж буйгаа илтгэе. 

3. СЭР-ОДЫН ЯНСАНЖАВ 

    Баривчлагдсан Янсанжав, Дэчингарав хоёрыг хүлгийг чангалан нэг морин дээр сундлуулж Шумуултайн хүрээн дээр авчирч ногоон малгайт Дамдинсүрэнд тушаажээ. Энэ бол 1932 оны 5 дугаар сарын 1 буюу олон улсын эв санааны нэгдлийн өдөр-Майн нэгэн байв. 

    Сүрэнхүү да ламын хашаанд шинээр барьсан том гэрт оруулахад гэрийн хоёр талаар Шумуултайн хүрээний том лам нар тойрон сууж, гол хойморт нь нахиу хамартай, гуншаа дуутай лам (ногоон малгайт Дамдинсүрэн) сууж гэрийн зүүн хатавчинд Дэчингаравыг, баруун хатавчинд Янсанжавыг суулгаж, энэ хүсүүсийг та нар таних уу гэж лам нараас асуухад тэд Дэчингаравыг зааж “энэ хүнийг танина. Хамбын шавийн хүн, манай энд удаан жил суусан сайн хүч байгаа юм. Энэ хүнийг адислаж өгнө үү” гэхэд гараар адис авч, энгэрт нь цагаан даавуу зүүж өгчээ. Ногоон малгайт лам Янсанжавыг хармагц “Би халимагтай хүнд адис өгөхгүй сүүлд болно” гэхэд лам нар ч бид энэ хүнийг огт танихгүй гэжээ. Ингээд хуучин Шажинбатын хошууны шорон байсан том байшинд оруулан хорьж хатуу байцаалтаар тамлан зовоож эхэлжээ. Ногоон малгайт Дамдинсүрэнгийн дэргэд анхны байцаалтыг явуулж ловон лам Ринчинсамбуу Дэчингаравыг, эсэргүү жанжин гэгч улцан Долгорын хүү Шагдар гэгч Янсанжавыг тус тус байцаахад: “Би бол Завхан аймгийн ДХГ-ын төлөөлөгч Янсанжав гэдэг хүн. Та нар хувьсгалт засаг төрийг устгаж, хуучны засаг төрийг сэргээнэ гэж хэзээ ч чадахгүй. Та нарын энэ ажил чинь хувьсгалын эсэргүү хандаж байгаа бүлэг хүмүүсийн ажил байна” гэхэд Вандан гэдэг айлд зарцлагдаж байсан өндөр шар хүүхэнд Лавсангомбо гэдэг айлаас Халтар Жигжидээр гуйлгаж авчруулсан шар торгон тэрлэг өмсүүлж хүзүүдэж тэврээд хажуудаа лонхтой архи тавьж суусан нахиу хамартай согтуу лам Дамдинсүрэн гуншаа дуугаар хэлэхдээ: “Тэгж ярьж болохгүй, улааны лалыг дарж, хуучны засгийг байгуулж шашин бурхнаа мандуулах цаг болоод байна. Тийм түүхтэй ч юм” гэж хэлж байжээ. 

    1966 онд 56 настай байсан Монгол улсын тэргүүний мал туугч Очир овогтой Сүрэнхүү гуай хуучлан ярихдаа:-1932 оны 4 дүгээр сард Шумуултайн хүрээн дээр ирж эвлэлийн гишүүн 49 хүнийг баривчлан авч шоронд хийсэн ба би тэр үед эвлэлийн үүрийн дарга байсан. 1932 оны 5 дугаар сарын 1-ний өдөр годгор Дансран, чимээгүй Дорж бид гурав дээр улаан булбаг болтлоо зодуулж хавдартай нүүрнээс нь хар хүрэн цус дусалж, халимаг үс нь туг тугаараа зулгагдсан, баруун сүвээгээрээ бууны суманд шархдан цус гоожуулсан дунд зэргийн нуруутай, махлаг эрийн тод хар хөмсгөн доорхи хурц алаг нүд нь заналтайгаар тормолзож, шазуураа зуусан улаан уруулын завсраар алтан шүд гялалзаж, хоёр гарын булчинд гөрмөл нарийн сур шигдэн орсон байлаа. Тэр хэлэхдээ: “Монгол хүн байж монгол хэлээ мэдэх байх” гэж бодоод хүн алахыг нь болиулах гэтэл Пүрэв жанжин гэгч: “Чамтай ярих яриа дууссан. Та нар сөнөж байгааг мэдэж байна уу” гэж хэлээд бариад авлаа. “Би яах вэ? Нам засаг, ард түмнийхээ өмнөөс өчүүхэн муу бие цогцсоо өгөхөд бодох юм алга. Надаас илүү хүмүүс олон байгаа, эсэргүү нар хувьсгалт төрийг устгаад өөр төр байгуулна гэж яаж санана вэ? Би хууртаж машинаасаа бууж холдож явснаас болж эд нарт баригдлаа. Би ч эд нарт хэзээд алагдана. Гэрт үлдсэн нэг настай хүү, эхнэр хоёроо их өрөвдөж байна. Эд нар чамайг албал төр сөнөлөө гэж бодох байх. Тийм бус, надаас илүү хүчтэй олон байгаа. Хэрэв амьд гарвал та нарынхаа нэрсийг армийнхаа дансанд бичиж авах юмсан” гэж байжээ. Бид хуяг нараас нууц хоол цай өгөх, шөнө хүлгийг сулруулж байв. Тэр хэлэхдээ миний өмдний хойд карманд нэг бичиг байгаа. Эд нар түүнийг мэдсэнгүй. Үүнийг авч миний нүдэнд харуулж шатааж өгнө үү. Тэр бол надаас илүү чухал нууц юм. Эд нарт ашиглагдвал их муу юм болно гэсэнд уг бичгийг авч Дансран хуйлж бариад би шүдэнзээр шатааж үнс болгосон юм. 

    Нэг өдөр Пүрэв “жанжин” салаа хуруут гэгч бидэн дээр орж ирээд Янсанжавын бугуйн цагийг мулт татан авч, зүүж явсан мөнгөн аяга, түрийвчтэй мөнгийг аваад “Маргааш чамайг ална, хоол унд өгч болохгүй” гэж хэлээд гарсан. Шөнө манай ахын авчирч өгсөн хоол цайнаас өгөхөд бөөлжис цутгаад байна гээд идэхгүй байлаа. Маргааш өглөө нь нар уулын толгойд тусч байх үед Пүрэвийн ах Лавдан жанжин орж ирээд Янсанжавыг туугаад гарсан. Лавдан өмнө нь Доржийг шоронгийн үүдэнд буудан алсан юм. Дорж бол дуу дуулдаг, маань уншдаг гудиггүй хүн байсан юм. 

    Манай ах Ядам сүүлд ярьснаар Янсанжавыг том хэрэгсүүрийн дэргэд аваачаад буудахад нь юм хэлээд өнхрөөд байсан. Дараа нь дахин буудахад үхсэн гэнэ. Маргааш өглөө нь биднийг тууж том хэрэгсүүрийн дэргэд аваачихад Янсанжав минь алагдсан, бие нь хөөсөн байлаа. Дансран ярихдаа, “Бид ч бас ийм болж золбин нохдын хоол болох байх даа” гэж байж билээ гэж хуучлав. Янсанжавтай хамт хоригдож байгаагүй боловч Донров, Янсанжавын нар Цагаан шартын дөрөлж дээр машинтай ирж эсэргүү нартай буудалцаад Донров, сургагч нар алагдаж, жолооч, Гүрцог нар шархдаж, Янсанжав, Дэчингарав нар баривчлагдсаныг нүдээр үзэж, чихээр сонссон партизан Дамдин, намын ахмад ажилтан Лодой, Баатаржав, Ягаадай, Чимэдбалжир, Ламжав, Шагжсүрэн, Улсын гавъяат багш Уртнасан, Дэчингарав нар өөрийн гараар 1966 онд монгол бичгээр бичиж өгсөн дурдатгалууд одоо хүртэл Лувсан-Очир надад хадгалагдаж байсныг архивт өглөө. 

    Янсанжав бол 1906 онд хуучин Засагт хан аймгийн Хантайшир уулын хошуу, одоогийн Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутаг Давсанбулаг гэдэг газарт малчин ард Сэр-Одын анхдугаар хүү болон төрөөд 7 нас хүртлээ эцэг, эхийн гар дээр мал маллах, аргал түлш түүх зэрэг ажил хийж байхад эх эцэг нь Хүрээнд суулгаж лам болгох гэсэн боловч өөрөө дургүйцэж бичиг үсэг сурахаар шийдвэрлэн нутгийн ард Дамдиндоогоор цагаан толгойн үсэг заалгаж, улмаар Бирва бээсийн хонийг хариулж, түүний эхнэрээр монгол бичиг заалгаж эхэлжээ. Нэг жил болоход сайн суралцаж улмаар Жисаа тамгын танхимд 12 настай орж 2 жил суралцан 14 нас хүрмэгц тамгын газарт бичээч, 17 насандаа аймгийн захиргаанд аймгийн захиргааны бичээч болж, 1925-1926 онд Завхан аймаг дахь ДХГ-т төлөөлөгч болж тэр нутгийн Дамдинсүрэн овогтой Цэнд-Аюуштай гэр бүл болж, 1931 онд хүү Дашзэвэгийг төрүүлжээ. Янсанжав 1930 онд нөхөр Элдэв-Очирын отрядад явж Төгсбуянтын хүрээний лам нарын эсэргүү бослогыг дарахад идэвхтэй оролцон шагнагдаж байжээ. 

    Янсанжав 1930 онд Алтайн хязгаарт Буданчийн хүрээний лам нар хятадын империалистуудтай хуйвалдан ардын засгийн эсрэг бослого гаргахаар бэлтгэж байсныг соргог ажиллагаагаар илрүүлэн, Тамчид байсан цэргийн ангитай өөрийн биеэр холбоо барьж бослогын толгойлогчдыг баривчилсаар бослогыг урьдчилан таслан зогсоожээ. Ийм учраас 1931 онд Янсанжавыг ДХГ-ын эдийн хэлтэст жинхэнэ төлөөлөгчөөр дэвшүүлэн ажиллуулсан удалгүй Завхан аймаг дахь ДХ ангид төлөөлөгчөөр томилогджээ. Завхан аймаг дахь ДХ албанаас 1931 оны 11 дүгээр сарын 20-нд төвд ирүүлсэн албан бичигтээ дурьдахдаа тус ангийн төлөөлөгч Янсанжав нь Алтай нутагт зургаан зүйлийн компанийн ажлаар 1931 оны 10 дугаар сарын 10-нд ажилдаа орлоо. 1931 оны 7 дугаар сарын 1-нээс хойш 1931 оны 11 дүгээр сарын 10-ныг хүртэл албаны зохих цалин ба мөн 1930, 1931 онуудад амралтаа аваагүй алба хаасны зохих шагнал зэргийг ирүүлнэ үү гэжээ. Энэ бол Янсанжавын МАХН-ынхаа даалгаврыг биелүүлэхийн төлөө эцэж цуцахыг мэдэхгүй мэрийн ажиллаж байсныг харуулж байна. Мөн ардын хувьсгалаар байлдан олсон ард түмнийхээ эрх чөлөө, амжилт бүтээлийг хамгаалах хүндэт үүргийг нэр төртэй биелүүлж байсан чекист Янсанжавын ажлын амжилтыг үнэлж ДХГ-ын даргын 1931 оны 7 дугаар сарын 177 тоот тушаалаар УАХГ-ын 10 жилийн ойг тохиолдуулан гар буугаар шагнажээ. 

    1966 оны байдлаар хүү Дашзэвэг бага, дунд, их сургууль төгсөөд төмөр замд инженерээр ажиллаж байв. Эцэг Жамцын Сэр-Од мал маллаж байгаад 1940 онд, эх Бямбаа 1939 онд нас барсан. Эрэгтэй хоёр дүүгийн Пунцаг 1945 онд нас барсан ба Аюуш одоо Улаанбаатар хотод багшилж байгаад тэтгэвэрт гарсан. Эмэгтэй дүү Долгор, Сосор, Милдаа нар Говь-Алтай аймгийн Тайшир сумын “Туяа” нэгдэлд ажилладаг. Тус бүр 7 хүүхэдтэй, алдарт эхчүүд. Янсанжавын гэр бүл Цэнд-Аюуш нь бага, дунд, Багшийн сургууль, Их сургууль төгсөөд 20 гаруй жил багшлаад одоо Улаанбаатар хотын 11 дүгээр сургуульд захирлын ажил хийж байна гэж Цэнд-Аюуш, төрсөн дүү Аюуш нар өөрсдөө монгол бичгээр бичиж өгсөн. “Жамын Сэр-Одын Янсанжавын товч түүх” надад хадгалагдаж байдаг ба дүү Аюушийг танина. Гэрийн утас ¹ 322021. Цэнд-Аюуш генерал Дамдинхүүтэй хожим гэр бүл болжээ. 

    1932 онд ногоон малгайт Дамдинсүрэнгийн эсэргүү цэргүүд Янсанжавыг барьж аваад тамлан тарчилж эрүү шүүлт явуулахдаа халуун төмрөөр хайрч, халимаг үсийг зулгаан хатуу ширүүн байцаахад “Хийдэг ажлаа хэнд ч, яасан ч хэлэхгүй” гэж улсын чухал нууцыг хадгалж байсан ба цамц, ороолтоо урж шархаа боож байсан. Зарим аймхай хулчгар хүмүүсийг хараад их дургүйцдэг байсан, “аяыг нь олж байгаад амьд гарахыг бод” гэж хамт хоригдож байсан нөхөд нь зөвлөхөд “бидний зорилго тийм биш, би эвлэлийн гишүүн, хүн эд нарт хэзээ ч бууж өгөхгүй” гэдэг байжээ. Гурав хоног тамлан байцааж байхдаа дэргэд нь хувьсгалч нөхдийг зовоон тарчилгаж сүрдүүлэхэд “Би та нараас айхгүй. Та нар намайг ална биз. Намайг алсан ч миний хувьсгалч олон нөхдийг алж чадахгүй. Миний нөхдөд хэзээд та нараас өшөө авна” гэж байжээ. Янсанжавыг алахын өмнө хүмүүсийг цуглуулж байцаахад, “Та нарт хийдэг ажлаа хэлэхгүй. Би хувьсгалын ажилд олон жил ажилласан. Шашин бол хоосон гэдгийг сайн мэднэ. Би сүсэггүй учир залбирч мөргөхгүй. Намайг алсан ч хувьсгалч нөхдийг цөмийг алж чадахгүй. Харин эсэргүү та нар сөнөх нь баттай. Өөр хэлэх зүйлгүй. Миний дээлийг тайч, нэг нь өмсөг" гуж хэлээд дээлийг тайлахад нуруу цээжинд олон шархтай байсан ба Дархан уулын шилд түүнийг буудан алсан юм гэж зэргэлдээ өрөөнд нь хүлэгтэй хамт хоригдож байсан Чойжилжав, Бямбажав нар хожим ярьж тодорхойлсон байна. 

VIII. ХАВСГАЛТУУД 

Л.ДЭЧИНГАРАВЫН ТОДОРХОЙЛТ 

    Завхан аймгийн Идэр сумын Манустай бригадын малчин 74 настай Ламдан овогтой Дэчингараваас 1966 онд ярьж таницуулсан нь: 

    Би 18 наснаас эхлэн тамгын бичээч, 10 гэр, баг, сумын дарга, нарийн бичгийн дарга, цэргийн хэлтсийн дарга, намын үүрийн дарга зэрэг албан ажил хийж байгаад 1932 онд Завхан аймгийн намын хорооны ерөнхий хэлтсийн даргаар ажиллаж байтал “Архангайд гарсан эсэргүү нар тус аймгийн Идэр сумыг идэх гэж байна” гэсэн мэдээ ирсэн учир намын хорооны дарга Дамба, аймгийн дарга Дашням, хэлтсийн дарга Готов нараас Дотоодыг хамгаалах ангийн ахлах төлөөлөгч Янсанжав, эвлэлийн хорооны дарга Гүрцог, намын хорооны ерөнхий хэлтсийн дарга Дэчингарав нарыг томилж, эсэргүү нар Наран сумыг идэж тараагаад Тосонцэнгэл суманд ирснийг мэдэх үүрэг өгсөн тул бид гурав аймгаас гарч Идэр суманд ирээд, би ганцаараа явж Тэгшийн голд очтол подаа Гэндэн гэдэг айлын гадна 30 гаруй морьтой хүн харагдсан учир хүүхэд явуулж судалсанд “Тунад” байсан орос ба Мэндийн нэрэмжит хамтралыг устгахаар төлөвлөж байгааг мэдэж ирлээ. 

    Ийм учраас буцаж Идэр суманд ирж аймаг руу утсаар ярьсанд аймгаас үхэр буу гэдэг Банзрагчаар удирдуулсан 15 хүнийг бидэн дээр хүч нэмэгдүүлж ирүүлэв. Дэчингарав, Банзрагч хоёр хоёр цэрэг авч Оросыг хамгаалахаар очиж хоносонд эсэргүү нар шөнө ирсэнгүй, өглөө босоод хамтрал дээр очтол хоёр хөнгөн тэрэг байв. Хамтралын дарга Дулмаа байсан ба хүн орж болохгүй гэсэн хаягтай нэг гэрт ортол төв комисс Донров, сургагч Колосс, орчуулагч Гүр нар байсан ба тэдэнтэй танилцаж ярилцав. Тэгээд Янсанжав, Гүрцог нарыг дуудаж бид гуравт Тосонцэнгэлд Ванчин богд ирж гэсэн цуурхал гарч эсэргүү хөдөлгөөн гарсан байна. Үүний толгойлогч нь ногоон малгайт Дамдинсүрэн гэдэг хүн буй гэнэ. Тэнд очиж тэднийг баривчилна, биднийг та нартай явахыг аймгийн намын хороо, захиргаа зөвшөөрсөн гэв. Ингээд хоёр машинаар Донров, Янсанжав, Колосс, Гүрцог бид найман хүн Тосонцэнгэл рүү явж байтал Идэрийн улаан хясаанд нэг машин шаварт зоогдсон тул тэмээгээр татуулж гарган авч машин эвдэрсэн байв. Ийм учраас долуулаа нэг машиндаа сууж Тосонцэнгэлийг чиглэн явсаар Цагаан шартын дөрөлж дээр гарч дурандав. 

    Гэтэл шар нохой дагуулсан цагаан морьтой хүн Хүрээнээс гарч Цагаан шартыг чиглэн явж ирсэн тул Донровоос надад хэлэхдээ: “Чи нутгийн хүн таних учир түүнтэй очиж уулзаад Хүрээн дээр олон морь харагдаж байна. Юун учиртай хүмүүс байгааг мэдээд ир.” Гэсэн тул би уг хүнтэй очиж уулзсанд Чойжин бандийн хүү Готов гэгч байсан ба тэр хэлэхдээ: “миний биеэр яр гараад Хүрээн дээр лам морилж ирснийг сонсож түүнд очиж мөргөөд ирлээ” гэж хэлсэн ба энгэртээ зангиа гэж цагаан даавуу зүүсэн байв. Тэр лам хэн гэгч, хаанаас, хэдүүлээ ирснийг асуувал 100 гаруй хүнтэй Архангайгаас ирсэн юм гэнэ. Нэр нь хэн болохыг мэдэхгүй. Хүмүүс Ванчин богд л гэж ярих юм гэв. Тэр яагаад олон хүн дагуулж явааг асуухад бүгдээрээ цэрэг бөгөөд Наран, Тосонцэнгэлээс эрэгтэй, эмэгтэй хүмүүс цэрэгт татаж 500 болсон гэнэ. Эд нар эндээсээ Завхан аймагт очиж ардын засгийг устгаж, шинэ засгийг тогтоох гэж байна” гэж Готов ярьж байтал Хүрээнээс 60 орчим морьтой, буутай хүмүүс ирж яваа нь харагдав. (Эднийг толгойлж явсан Батчулуун гэгч нь сүүлдээ Идэрт очиж алуулсан юм). Эд юун хүмүүс болохыг Готовоос асуухад “Одоо эвлэлийн хороонд ажиллаж буй тарган Санжсүрэн нарын хэсэг хүмүүс Тосонцэнгэлээс оргосныг баривчлахаар яваа юм” гэж хэлэв. Би нөхөд дээрээ ирээд бүгдийг ярьж танилцуулав. 

    Гэтэл Гүрцогоос “Бид хүч багатай, зэвсэггүй тул энэ олон хүнийг дийлэхгүй учир буцаж хэл залгуулж хүчээ нэмэгдүүлье” гэсэнд Донров: “Та нар хээрийн дүрэм мэддэг үү” гэж асуусанд би жаахан айж “Та л мэдэх хэрэг” гэсэн Донровоос “энэ хүмүүсийг баривчилна” гэв. Гэтэл олон хүмүүс биднийг бүслэн авлаа. Тэгтэл Донровоос ажил хуваарилж Колосс винтов буутай, Донров сэлээдий буутайгаар хүмүүсийг амдаж буудах, Янсанжав зүүн энгэр дээрээс пулемёт буугаар шүрших, Дэчингарав замын хажууд сууж таних хүмүүсийг бүртгэх үүрэг авч тус тусыг байрыг эзлэв. 

    Гэтэл миний хажууд хоёр морьтой хүн мориноос бууж намайг гурав дахин буудан авч дээл хувцаснаас өөр зүйлийг онож гэмтээсэнгүй. Би тэр хоёр хүнийг дуудсан боловч ирсэнгүй. Би машин дээр гүйгээд хүртэл Донровын давсгаар буудаж тэр дороо нас барав. Мөн жолооч гараа хуга буудуулж, Колосс машин дотроо буудуулсан ба хэлмэрч машинаас гараагүй амьд үлдсэн ба Гүрцог өсгийгөө сэт буудуулж машиндаа орж тэд зугтаасан тул Янсанжав бид хоёр арга буюу амьд баригдав. 

    Бид хоёрыг чангалан хүлж Хүрээн дээр авчирав. Ухаан орж хартал бид хоёрыг олон хүн тойрч бүсэлсэн ба Халтар Жигжид гэгч хүн домботой цай барьсан байв. Удалгүй бид хоёрыг ногоон малгайт Дамдинсүрэнд мөргүүлэхээр авч яваад Сүрэнхүү да ламын хашаанд шинээр барьсан гэрт оруулав. Гэрийн хоёр талаар Шумуултайн хүрээний томхон лам нар тойрон сууж, гол хоймор нь нахиу хамартай, гуншаа дуутай шар лам сууж байв. Зүүн хатавчинд намайг баруун хатавчинд Янсанжавыг суулгаж, “За ламд мөргө” гэсэнд, Хүрээний лам нарыг би таних учир тэр ламд мөргөхөөр очиход “Та нар энэ хүнийг таньдаг юм уу” гэж асуусанд “Танина, Хамба гэгээний шавийн хүн, манай энд удаан жил суусан сайн хүн байгаа юм. Энэ хүнийг адислаж өгнө үү” гэж хэлэхэд тэр хүн адислаад энгэрээс цагаан даавууу зүүж өглөө. Харин Янсанжав очоод мөргөх гэтэл “Халимагтай хүнд адис өгөхгүй” гэж хэлээд лам нараас “Энэ хүнийг таних уу” гэж асуухад тэд “Танихгүй” гэж хэлэв. Ногоон малгайт лам “Эднийг аваачиж шоронд хийгээд сайн харж бай” гэж тушаал өгөв. Бид хоёрыг урьд Шажинбатын хошууны шорон байсан байшинд аваачиж хорив. Энэ өдөр бол 1932 оны 5 дугаар сарын 1-ний өдөр байлаа. Янсанжав бид хоёрыг өөр өөр өрөөнд хийж хорьсон ба хооронд нь уулзуулахгүй байв. 

    Янсанжав маань баруун сүвээгээрээ шархадсан бөгөөд мөрдөн байцаалтанд намайг ловон Ринчинсамбуу, Янсанжавыг улцан Долгорын Шагдар гэгч жанжин байцааж асууж байв. Янсанжав нь анх тэр ламыг адис өгөхгүй байхад хэлэхдээ: “Та нар хувьсгалт засаг төрийг устгаж, хуучин засгийг сэргээж хэзээ ч чадахгүй. Та нарын энэ ажил чинь хувьсгалын ажилд эсрэг хандаж байгаа бүлэг хүмүүсийн л хийж байгаа ажил юм. Би хэзээ ч та нарт итгэхгүй” гэж эрс шууд хэлж байсан юм. Харин яг алагдах үедээ юу хэлснийг би мэдэхгүй. Ногоон малгайтынхан хоёр өдөрт л нэг хүнийг алж байсан ба бид хоёр баригдсанаас хойш ес хоног дээрээ Янсанжав буудагдсан юм. Тэд хүн алахдаа хавь ойрын бүх хүмүүсийг цуглуулж, олны өмнө алдаг ба Янсанжавыг Дархан уулын арын ухмал нүхний зах дээр аваачиж баяухай Ламжавт алах тушаал өгсөн боловч тэр гар буу муу учир буудаж чадахгүй байхад нь Лавдангийн буугаар Пүрэв жанжин буудсан юм. 

    Би бол эрхэлсэн ажил, зорьсон хэргээ бүгдийг үнэн хэлсэнд ламаас “Тэгж болохгүй, улаан лалыг дарж, хуучин засгийг байгуулж, шашин бурхнаа мандуулах цаг болоод байна. Тийм түүх ч байгаа юм” гэж хэлээд нилээд халамцуу согтуу, хажуудаа лонхтой архи тавьсан, урьд Вандан гэдэг айлд зарагдаж байсан өндөр шар хүүхнийг хүзүүдэн сууж байв. Тэр хүүхэнд шар торгон дээл өмсүүлэхээр тушаал өгсөн учир Халтар Жигжид гэгч хүн Лувсангомбо гэдэг айлаас шар торгон дээл олж авчирч өмсүүлж байсан юм. Ногоон малгайт нь Тосонгоос Архангайд явахдаа тэр шар хүүхнээ дагуулаад явсан ба нэг сарын дараа тэр хүүхэн гутлаа сугавчлаад явганаар уйлаад буцаж ирсэн юм. 

    Завхан аймгаас 32 дугаар морьт хороо ирж эсэргүү нарыг хөөж, хүрээ эзгүйрсэн үед би Шарав гэдэг хүний тусламжтайгаар шоронгоос оргож гарсан юм. 

    Би бол 1914 оны 1 дүгээр сарын 1-нд намд элссэн ба 1932 оноос хойш аймгийн намын хорооны зохиолын хэлтсийн дарга Идэр, Тэлмэн сумдад сумын дарга, намын үүрийн дарга, сумын нарийн бичгийн дарга, сүүний заводын дарга, артелийн дарга зэрэг албан тушаалын ажлуудыг 1949 он хүртэл хийж байгаад нэгдлийн хоньчин болсон хүн юм. 

    Янсанжав бол цоохордуу царайтай, дунд зэргийн нуруутай, авхаалж самбаатай, шууд шулуун үгтэй, юманд шийдэмгий, засаг төрийнхөө төлөө амь биеэ хайрлахгүй чин үнэнчээр зүтгэж, дайсанд бууж өгөхгүй байсаар амиа алдсан хүн юм” гэжээ. 

О.СҮРЭНХҮҮГИЙН ДУРСАМЖ 

    Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Найрамдал бригадын малчин улсын тэргүүний тууварчин Очир овогтой Сүрэнхүүгээс 1966 онд 56 настай байхдаа ярьж байсан нь: “Би 1932 оны эсэргүү бослогын үед сумын эвлэлийн үүрийн даргаар ажиллаж байсан юм. Би лам нартай тэмцдэг, шүүмжилдэг, хөрөнгийг хураалцдаг байсан учир эвлэлийн гишүүн бидний 49 хүнийг эсэргүү нар барьж шоронд хийсэн бөгөөд бидний дотор сүүлд Төв сэргийлэхэд ажиллаж байгаад нас барсан Дансран, мөн Дорж нар байсан ба Дорж нь дуу дуулдаг, гудиггүй хүн байсан тул тэр үед эсэргүүгийн жанжин Лавдан түүнийг шоронгийн үүдэнд буудаж алсан юм. Нэг өдөр Цагаан шартын дөрөлж дээр машинтай хүмүүс ирж буудалцан энд байсан эсэргүү цэргүүд бүгдээр очиж буудалцаад машин нь цааш зугатаасан тул Донров гэгч улаан дээлтэй хүн тэнд алагдаж, Янсанжав гэгчийг баривчлан бидэн дээр авчирч хамт хорьсон юм. 

    Янсанжав бол хөвөнтэй хөх торгон дээлтэй, ногоон өмд цамцтай, савхин оройтой үстэй малгай өмссөн, цагаан царайтай, хөр хөмсөгтэй, давхраатай алаг нүдтэй, халимагтай, алтан соёотой, бага зэрэг сахалтай, дунд зэргийн биетэй махлагдуу хүн байсан юм. 

    Тэр хүнийг хөх булбаг болтол зодож, халимаг үсийг зулгааж шатаасан, цус их гоожсон, нүүр нь хавдартай, хоёр гарыг тасартал хүлж, булчинд нь гөрмөл сур шигдэж орсон байв. 

    Тэр хүн хэлэхдээ:”Би Завханы дотоодыг хамгаалахад ажилладаг юм. Монгол хүмүүс монгол хэлээ мэдэх байх гэж бодоод хүн алахыг нь болиулах гэтэл Пүрэв жанжин гэгчээс “Чамтай ярих яриа дууссан. Төр сөнөж буйг мэдэж байна уу” гэж хэлээд бариад авсан юм. “Би яах юм бэ нам, засгийнхаа өмнөөс энэ муу бие цогцсыг өгөхөд бодох юм алга. Надаас илүү дарга оюутан нар байхад… Эдгээр эсэргүү нар төрийг устгаад өөр төр байгуулж чадахгүй, би хүч муутай ирж баригдсан нь харамсалтай байна. Би ядаж пулемёттой хэдэн хүнтэй ирсэн бол эдэнд баригдах ёсгүй. Би машинаас бууж явж байгаад баригдлаа. Би ч хэзээд алагдана. Эхнэр, хүүхдээ их бодож байна. эд намайг албал төр сөнөлөө гэж бодох байх, тийм бус над шиг байтугай надаас илүү чадалтай хүмүүс олон байна. Та нар алагдахгүй шиг байвал улаан цэрэг ирж аврах байх. Би амьд гарвал та нарын нэрийг мартахгүй” гэж ярьж байв. 

    Бид шороонгийн хуяг нараас нууц бага зэрэг хар цай өгөх буюу шөнө хүлгийг сулруулах боловч амарч чадахгүй байна. Шоронд орсныхоо дараа хэлэхдээ: "Миний өмдний хойд халаасанд нэг бичиг бий, түүнийг эдэнд үзүүлэхгүйгээр миний урд гаргаж тавьж байгаад шатааж өгнө үү? эднийг авчих байх гэсэн чинь авсангүй. Энэ бол надаас илүү чухал хэрэгтэй зүйл байгаа юм. Эдэнд ашиглагдвал их муу болно” гэж хэлэхэд уг бичгийг дансрангаар хуйлуулж бариулж байгаад шүдэнзээр шатааж үнс болгосон юм. Удалгүй Пүрэв жанжин давхиж орж ирээд бугуйн цаг, мөнгөн аяга, карманд байсан бүх төгрөг мөнгийг хурааж аваад, “Чамайг маргааш ална. Хоол унд идэж болохгүй, та нар ч өгч болохгүй” гэж хэлж загнаад гарсан юм. Энэ үгийг сонсоод хоол ч идэхгүй бөөлжис цутгаад байна гэж байсан ба төдий л удаагүй нэг өдөр Лавдан жанжин орж ирээд аваад гарсны дараа дахин орж ирээгүй ба чухам хэн алсныг мэдээгүй. Хожим манай ах Ядамын яриагаар бол эхэлж нэг буудаад дараа нь нэрмэж буудан алсан юм гэдэг. Янсанжав өнгөрсний маргааш биднийг тууж аваачиж үзүүлэхэд цогцос нь хөөсөн байсан тул Дансрангаас “Бид цөм ийм болох байх даа, бидний махыг золбин ноход л идэх байх даа” гэж ярьж байсан юм. Янсанжавтай хамт Дэчингарав гэгч баригдсан боловч нутгийн хүмүүсийн ивээлээр хорогдоогүй юм. Тэр үед Лавдан, Цогоо, Тарав нар жанжин, Пүрэв торгон цэрэг нь байсан бөгөөд Сүрэнхүү намайг ардын засаг сөнөх хүртэл шоронд хорьж байгаад тэр үед туг тахина гэж хэлж байсан авч улаан цэрэг, Чоймболын отряд ирж бидний амийг аварсан юм” гэжээ. 

ЯГААДАЙН БААТАРЖАВЫН ДУРДАТГАЛ 

    Завхан аймгийн Тосонцэнгэл хотын мод боловсруулах комбинатын орлогч дарга байсан Ягаадайн Баатаржаваас 1967 онд бичсэн дурдатгалд: 

    “-Ардын хувьсгалаар эрх ямбаа устгагдсан шар, хар феодалууд нам, засгийн эсрэг хандаж ардын засаг төрийг устган хуучин эрх ямба, зэрэг тушаалаа эргүүлэн олж авах зорилго тавьж Архангай, Хөвсгөл, Завхан аймгийн зах нийлсэн хэдэн сумдаас бүлэглэсэн этгэдүүд гарч, хоцрогдсон хэсгийн дотор цуурхал тарааж, хувьсгалт байгууллагуудыг устгах, шатаах, дээрэмдэх, халимагтай эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг баривчлан авч галд шарах, үсийг зулгаах, дэлэн хөхийг огтолж сийлэх, өвчүү хавиргыг хадах зэрэг бүхий л харгис хэрцгий аргыг хэрэглэн бослого гаргаж эхэлсэн юм. Тэдний тарааж эхэлсэн цуурхал нь “Улаанбаатарыг Зая богд эзэлж, нам, засгийг устган эзэлсэн. Одоо нэг дарга 2000 ширхэг зүү бүсэлсэн яваа бөгөөд түүнийг нэг тарнидахад тэр нь бууны сум даадаггүй бүрэн зэвсэгтэй цэрэг болж хувирдаг юм” гэх мэт. 

    “Зая богдын тарнидсан зангиаг зүүгээд заасан номыг уншаад явахад улааны ямар ч зэвсэг бууны сум даадаггүй юм” гээд “Жалба ниви Лувсандондов, Жилба сульбаандив” гэж уншиж хашгирч явсан юм. Тэгээд “Улааныхныг ялаад бай, хядаад бай” гэж сүрдүүлэн бархирч явцгаадаг байв. Энэ үе 1932 оны 4 дүгээр сарын дундуур миний бие Нөмрөг суманд зэргаан зүйлийн кампанит ажлын төлөөлөгчөөр аймгаас томилогдож ажиллаж байсан юм. Тэр үед би Завхан аймгийн эд хэрэглэгчдийн ангийн хорооны орлогч даргын ажилтай байсан юм. Намайг явахын өмнө намын хорооны дарга Дамба “Таны машиныг чухал ажилд явуулах тул машинаа өг” гэснээр би машинаа өгөөд өөрөө морин өртөөгөөр явсан юм. Уг даалгагдсан ажлаар Нөмрөгийн баахан айлуудаар явж яриа таниулга хийж, Нөмрөгийн Халзангийн өвөр, Шивэртэй гэдэг газруудын айлуудаар явж байтал хүмүүсийн ярианд “Төрийн байдал юу болж байна? Ванчин богдын цэрэг ирж явна гэнэ. Ардын засгийг устгаж Улаанбаатарыг эзэлсэн гэнэ. Өчигдөр Тэлмэний Хужиртын хоршоог Ванчин богдын цэрэг ирж шатаасан гэнэ. Улсын бага хурлын гишүүн Жимажавыг барьж аваад явсны дараа “Дарь эх болгосон яриа гэнэ” гэсэн яриа шуугиан гарч “Бид үр хүүхдээ түргэн авна” гэж сургуулийн зүг морьтой, явган хүмүүс учиргүй дайран явах болов. Иймд сургууль дээр нь очиж захирал Дандгайтай уулзаж “Хүүхдийг тараахгүй байлгаж бай. Хоёулаа явж Тэлмэний хоршоог шатаасан эсэх, тэр зүгт чухам юу болж байгааг мэдээд ирье” гээд явж холоос утаа суунаглаж байгааг харав. 

    Тэгээд ирж сургуулийн хүүхдийг тарааж, сумын хоршоон дээр маргааш өглөө нь яваад очтол Нөмрөгийн хүрээний лам нар хоршооны дэлгүүр дээр цугларч “энэ үнэгүй хэрэггүй болсон мөнгөө авцгаа. Оронд нь бараа ав” гээд дэлгүүрт байсан барааг авч, цаасан төгрөгүүдийг худалдагч Чулууны зүгт энд тэндээс тоолохгүй хаяж барааг орхимж бүсээрээ оосорлон үүрч Хүрээ рүү зөөгөөд дэлгүүр складуудыг хоосон болгож, зөвхөн 3-р гурил, тугалга, хар дарь бага сага үлдээжээ. Энэ үед лам нар килограммын ширмээр дэлгүүрийн вандан лангууг нүдэж банзыг цөм цохижээ. Ийм учраас хоршооны дарга Жамбалдорж, худалдагч Чулуун хоёрт “Мөнгөө тоолж аймагт хүргэж өгөхөөр бэлтгэ” гэсэн үүрэг өгч, хоршооны хоёр муу морийг унаж Жамбалдоржид мөнгийг ганзагалуулж, тав сумладаг бярдаан буу үүрүүлж, Тахилт нуурын хойгуур Баянзүрх уулыг чиглэн шөнөжин явсаар үүр цайх үед Шавартын цааш явсаар Яруугийн улаан эрэг дээр иртэл манай машин зам дээр зогсож байв. Машин дээр очтол өндөр Данаажав зогсож байв. Жолооч гараа хуга буудуулсан, Гүрцог өсгийгөө буудуулсан, сургагч Колосс суудал дээрээ буудуулж үхсэн, нөхөд Янсанжав, Донров, Дэчингарав нар буудалцаад хоцорсон гэж байв. Энэ учрыг мэдэж Яруугийн гол уруудан дахисаар Жамбалдоржийнхоос морь солиод 3 цагт аймагт ирж, шууд намын хороон дээр очиж намын хорооны дарга Дамба, аймгийн дарга Дашням, хэлтсийн дарга Готов нарт Нөмрөгт болсон бүх явдлыг ярьж танилцуулав. Гэтэл дарга нараас надад “Хувцсаа солиод хоёр цагийн дараа цэргийн хамт машинаар яв” гэсэн үүрэг авлаа. Тэгээд орой нь Гэндэнпил даргатай суман цэргийн хамт энгийн идэвхтэн Луузан, Лувсанпүрэв бид гурав машинаар гарч шөнөжин явсаар Идэр сумын нутагт мэндийн нэрэмжит 40 дүгээр хамтрал дээр ирж адууг хурааж, морь барьж эмээллэж авцгаав. Цэргийн анги хоёр тасарч, нэг хэсэг нь Нөмрөг чиглэлд, нөгөө хэсэг нь Шумуултайн чиглэлд явж, бид гурав хүн Лувсандоржийн салаатай хамт Нөмрөг чиглэлд явлаа. Бид гурав бол ухуулга хийх үүрэгтэй ба бидэнд гурван винтов буу тавьж өгсөн юм. Маргааш нь Нөмрөгийн урд хөндийг туулахаар явж байтал нэг морьтой хүн биднийг үзээд гүйцэгдсэнгүй. Хүрээ ормогц дайсан морьтойгоо Нөмрөгийн баруун Хотгор гэдэг модтой толгойн оройг эзлэв. Бид бараг ил шахам газраас буудалцав” гэжээ. 

ЧИМЭДБАЛДИРЫН ДУРСАМЖ 

    МАХН-ын ахмад гишүүн Чимэдбалдираас 1966 онд дурдатгал бичихдээ: “-1932 онд гарсан хувьсгалын эсэргүү бослогын үед би Архангай аймгийн Наран сумын эвлэлийн үүрийн даргаар ажиллаж байсан юм. 

 

Гэтэл “Ванчин богд, Зая гэгээн тэргүүтэй богд, гэгээд, хутагт нараар толгойлуулсан олон цэрэг ирж явна” гэдэг цуурхал тархаж эхэлсэн тул партизан Дамдин, Гомбожав нартай уулзахаар Тосонцэнгэл сумын төвд ирээд, нөхөдтэй уулзаж ярилцаад н.Дамдин Завхан аймагт холбоо барихаар болж би сумандаа буцаж ирээд энэ худал цуурхлын тухай ард түмэнд таниулахаар хөдөөд ухуулагч нарыг гаргав. 

    Би өрөө Чандмань 40 гэдэгт гараад ардын хурал хийж учрыг ярьтал ардууд худал гэдэгт үнэмшиж байтал Норов гэдэг хүн “Тосонцэнгэл сумын төв ороод ирлээ. Гэтэл шарын шашныг дэлгэрүүлэгч Зая гэгээн тэргүүтэй олон мянган цэрэг Нүхтийн хүрээн дээр ирж гэнэ. Түрүүч нь Тосонцэнгэл сумын нутагт орж ирж байна гэнэ” гэж ярив. Тэгтэл ардын хурал ч тарлаа. Би ч сум руугаа явах гэтэл уналга олдохгүй болжээ. Тэгэхээр айлаас морь гуйж унаж, хөдөө гэртээ очиж морь авч унаад сум руу явах гэж байтал нэг хурдан буу үүрсэн үл таних хүн нутгийн хоёр хүний хамт ирж намайг гэрээс минь бариад хоёр гарыг ар тийш хүлж Тосонцэнгэлийн төв Шумуултайн хүрээн дээр, ногоон малгайт Дамдинсүрэн гэгчид хүргэж авчрав. Тэр лам нэг ламын хашаанд гэрт байрласан, гудамжинд (олон) пиг дүүрэн хүн зогсож, дунд нь толгой нүцгэн, цагаан саарал дээлтэй, гоолиг нуруутай залуу хүлэг ч үгүй зогсож байв. Ногоон малгайт ламаас над руу хараад “Энэ улааныг цаана байгаа Улиастайн улаантантай хамт хэргийг шүүх хэрэгтэй” гэж тушаав. Намайг гаргаад цугларсан олон хүний дунд зогсож байсан саарал дээлтэй хүний хажууд аваачиж зогсоогоод “Улаантнуудыг ингээд учрыг нь олно” гэж байв. Тэгэхэд нь миний ижил л баригдаж ирсэн хүн байж дээ гэж бодов. 

    Гэтэл Завханы дотоодын хамгаалах газрын төлөөлөгч Янсанжав гэдэг хүн юм гэж ойлгогдов. Тэр ч намайг баригдаж ирсэн хүн гэж ойлгоод бие биеэ харж байв. Гэтэл ногоон малгайт лам, бусад томчуул нь гарч ирээд бид хоёрыг байцааж эхлэв. “Муу улаантнууд, лалууд та нар бурхан шашныг улан дороо гишгэж, буруу номтон улаан оростой нөхөрлөж, лам ноёд, баядыг алж яргалагч дайсан гэдгээ мэдэж байна уу. Одоо та нарыг тонилгох цаг болсон” гэж загнаж байв. Мөн “Хичнээн хүн ховлож мэдээлж алуулсан бэ? гэх зэргээр байцаалт явуулж байгаад дараа нь намайг “алах уу, аврах уу гэдгийг бурхны олон шавь нар мэд” гэж тэр ламаас хэлэхэд орон нутгийн таньдаг жирийн ардуудаас “Чимэдбалдирыг алахгүй” гэж хэлэв. Тэгэхээр надаар ам тангараг өгүүлж, бууны ам долоолгож, шар зангиа зүүж тавилаа. Хажууд байсан Янсанжавын амийг аврах гэсэн хүн дуугараагүй учир тэр алагдах болж шийдэгдэв. 

    Гэтэл тэр завсар оргодол Дамдин, Гомбожав нарыг баривчлахаар 20 хүн одоо яв! гэж жанжны зарлиг буулгаж, Шагдар гэдэг хүнийг газар усаа сайн мэддэг учир 20 хүн аваад яв гэж хэлсэнд тэр хүн намайг авч явна. “Улааныг улаанаар нь бариулна” гэж хэлээд би тэр хүнтэй хамт явлаа. Тэгээд тэднийг ч олж барьж чадаагүй юм. 

    Биднийг явсан хойгуур нөхөр Янсанжавыг одоогийн сургуулийн лагерийн арын том хэрэгсүүрийн тэнд буудаж алсан юм гэнэ билээ. Харин хэн алсныг мэдэхгүй, дам сураг сонсвол Ламжав гэж тахир дутуу, саа өвчтэй ядуу ламд тушаал өгч буудуулсан гэдэг юм. Чухам үнэн худлыг бүү мэд. 

    Янсанжав анх ирэхдээ төвийн төлөөлөгч Донров, нэг орос хүн, Идэр сумын Дэчингарав нарын хамт М-Бикаю гэдэг машинтай, хөнгөн пулемёттой ирж, Цагаан шартын дөрөлж дээр эсэргүү нартай буудалцаж байгаад орос, монгол хоёр нь алагдаж, Янсанжав, Дэчингарав хоёр баривчлагдаж, жолооч нь машинаараа зугатаасан юм гэнэ билээ. Би эсэргүү нарт баригдаж нутагтаа оргож байгаад Содномын отрядтай нөхөр Навааны хамт нийлж, дараа Ванчингийн отрядтай хамт явж байгаад эсэргүү нар дарагдмагц орон нутагтаа ирсэн юм. Ерөнхий сургуулийн захирал Содномыг байлдаж байгаад алагдсаныг сайн мэднэ. Нөхөр Янсанжав нь эсэргүү нарт бууж өгөхгүй, эрэлхэг зоригтойгоор тэдэнтэй тэмцэж байгаад амь насаа алдсан хүн юм. Түүний гавъяаг үүрд мөнхжүүлэн дурсахыг хүсч байдаг болно” гэжээ. 

УРТНАСАНГИЙН ДУРСАМЖ 

    БНМАУ-ын гавъяат багш Уртнасангаас 1966 оны 7 дугаар сарын 15-нд бичсэн дурдатгалд: 

    “-Миний бие 1932 онд Завхан аймгийн Идэрцэцэрлэг сумын бага сургуулийн захирлаар 258 хүүхэдтэй ажиллаж байв. Тэр 1932 оны хавар 5 дугаар сарын эхээр “Тариатын хүрээн дээр Ванчин богд заларч ирсэн. Ардын засгийг устгах цаг болсон” гэх мэтээр ард түмний дунд нууцаар шивэр авир ярилцаж байсан бөгөөд 5 дугаар сарын сүүлчээр уг яриа хүчтэй дэлгэрч: “Шумуултайн хүрээн дээр заларч ирсэн ламын цэрэг их гэнэ. Бууны сум ч даадаггүй гэнэ” гэж ярилцаж байсан. Сар өдрийг мэдэхгүй байна. Идэр сумын Мэндийн нэрэмжит хамтрал дээрээс нэг машинтай орос, монгол хоёр дарга, хэлтсийн дарга Янсанжав, Идэр сумын Дэчингарав, мөн нэг залуу жолоочийн хамт зургаан хүн Шумуултайн хүрээний ламын цэргийг буулган авахаар явжээ. Гэтэл ойрхон жолоочийн гар нь шархдаж, нөгөө нэг залуугийн хамт хамт буцав. Харин орос, монгол хоёр дарга нь алагдаж, Янсанжав шархтай баригдаж, Дэчингарав хамт баригджээ гэж сонсогдов. Тэгээд тэр даруйд нь аймгаас хоёр машинаар цэрэг, зэвсэг, мөн хэрэг морин цэрэг ирүүлж хэд хоносны дараа гэнэт нэг өглөө Хондойн дөрөлжөөр эсэргүү нарын 100 орчим цэрэг орж ирж, сумын захиргаа, сургууль хоёрыг дайрч сүйтгэн, сумын дарга Санжсүрэн, нарийн бичгийн дарга Бадрайсамбуу, Уртнасан миний биетэй гурвууланг минь барьж хүлж аваад Мэндийн хамтралыг идэж устгахаар явсан бөгөөд гэтэл хамтрал дээр байсан бүх цэрэг Шумуултайн хүрээ тийш хөдөлсний ар хударгаар хамтрал дээр очсон авч өвчтэй үлдсэн хэдэн цэрэгтэй тулалдаж эсэргүү нар дөрвөн хүнээ, нэг морины хамт алуулж эргэж зугатаасныг далимдуулж Санжсүрэн бид хоёр зугатааж ирсэн билээ. Харин Бадрайсамбуу маань чадаагүй учраас бүр зун Тэлмэн сумын Өвөгдэй гэдэг газраас буцаж ирсэн билээ. Энэ нь Батчулууны жанжны цэрэг гэдэг нь тэгж явсан юм. Алагдсан дөрвөн эсэргүү нь жанжин Батчулуун, мөн цэрэг дааж явсан залуу лам, хоёр нь энгийн байв. Энэ жанжны цэрэг гол төлөв шийдэм барьсан, нэг винтов 10 сумтай, нэг шувууны буу, 10 орчим бирдан буутай, 10 гаруй цахиур буутай явсан бөгөөд харин Санжсүрэнгийн авч явсан 80 гаруй сумтай нэг винтов, миний авч явсан найман сумтай нэг бирдаан буу тэд нарт олзлогдсон юм. Хэрэв хамтралын хороо эзлэгдсэн бол тэнд байсан хоёр машинд ачаагүй байсан зэвсэг, хэдэн дайчдын зэвсэг ашиглагдах байсан бөгөөд тэнд байсан Лувсанддорж билүү хэн билээ тэр дарга хэдэн дайчин цэргийн ачаар эсэргүү нарыг бут цохин буцааж, тэр их зэвсэг хэрэгслийг миний биеийн хамт авчирч өгсөн учир цэргийнхээ дайчдыг үргэлж дурсан санаж явдаг билээ. 

    Мөн намар Тарав, Цогоо гэдэг хоёр жанжны цэрэг Идэрийн захиргаа хамтралыг дахин нэг удаа дайран сүйтгэсэн билээ. Ингээд Идэр сум хоёр удаа дайсантай тулалдсан ба нэлээд зүйл сүйтгэгдсэн. Зөвхөн сургуулиас гэр орон, эд хогшлоос 3014 төгрөг 74 мөнгөний үнэтэй хэд хэдэн гэр үрэгдсэн юм. Тэр үеийн төгрөгийн ханш иймэрхүү өндөр байсан билээ. Ингээд эсэргүү нар дарагдаж сургуулиа Ялгасан гэгээний хүрээн дээр дахин байгуулж байсан өөрийн мэдэх зүйл товчдоо ийм болохыг илэрхийлье” гэжээ. 

ЯГААДАЙН ДУРСАМЖ 

    76 настай Наран овогтой Ягаадай 1967 оны 3 дугаар сарын 18-нд бичсэн дурдатгалдаа: 

    “1932 оны 6 дугаар сарын 15-нд хорооны дарга Цагааны хамт Завхан аймгаас гарч Идэр сумыг дайрч Шивэртэй хүрч байрлаж байгаа Овоо Ямбид эсэргүү нартай нэг өдөр тулав. Үүнээс хойш Шумуултайн хүрээний дэргэд нэг дайралтаар хүчилдэн зугтаалгав. Дараа нь Асгат Булнайд хоёр өдөр нэг шөнө тулсан. Үүнээс хойш Сэртэн хард нэг удаа тулсны дараа Тал болдогт байрлаж байгаад тал тал тийшээ салаа салаагаараа тасарч өдөр шөнөгүй явдаг байсан. Эсэргүү нар тарж бутарч, 8 дугаар сар дуусч 9 дүгээр сарын 20-н хэдэн болж байхад Хожуулын эхээр гарч Ёлын өврөөс Магнай, Сумъяа хоёрыг барьж аваад Ар тархид Лувсандоржийн отрядад Магнайг өгөв. Сумъяаг би нэг цэргийн хамт аймагт Дотоод яаманд хүргэв. Янсанжавыг ногоон малгайт Дамдинсүрэн лам нарын хамт хүрээ байсны хөтлийн ард нуур тогтож байсан хонхор газарт алсныг Дотоод яамны төлөөлөгч Готов, отрядын дарга Цагаан, салаан дарга Батсуурийн хамт яс нь хэдэн хэсэг, хувцсыг урж хаясан байна. Яаж алсныг мэдэхгүй, би тэр цагт нэгдүгээр сумангийн нэгдүгээр салааны нэгдүгээр тасгийн даргаар явсан. Хамт явсан анхны отрядын дарга Цагаан, нэгдүгээр сумангийн дарга Гэндэн, салаан дарга Галбаяр, гуравдугаар сумангийн Сэдэд, салаан дарга Равдан, штабын дарга Гэндэнпил, комиссар Тоо, намын товчоо Дорж, клубын дарга Ганжуур, жагсаалын дарга Дамдинсүрэн, салаан туслах ба бага дарга нарыг бичсэнгүй. 9 дүгээр сараас хойш отрядын даргаар Лувсан гэгч явсан. 

Эсэргүүний жанжнууд: 

Түгж

Магнай 

Тарав (Цогоо) 

Ногоон малгайт Дамдинсүрэн 

Лавданжав 

Бадий 

Цамба 

Жур 

Сумъяа 

Цогоо “ гэсэн байна. 

ШАГЖСҮРЭНГИЙН ТОДОРХОЙЛОЛТ 

    1932 оны зуны эхэн сарын үеэр хуучин Бярва бээсийн хошуу одоогийн Тосонцэнгэл хотын төвд “Ванчин богдын шавь ногоон малгайт лам гэдэг морилон ирсэн“ ардуудыг очүүлж мөргүүлэх, эрэгтэйчүүдийг бослогод татан оруулах ажил зохиогджээ. Тэр нутгийн Батчулуун гэдэг хүнд ногоон малгайт лам 20 гаруй хүнийг гаргаж өгч, Идэр сумыг очиж идээд (устгаад) ирэх тухай үүрэг өгч бүх цэргүүдийг адислан тарнидаж, Батчулууныг жанжин болгож явуулжээ. Энэ үүргийг гүйцэтгэхээр Батчулуун нь цэргүүдийн хамтаар Хүрээнээс гарч Идэр сумын зүг явах гэтэл Тэлмэн сумын нутаг Хүрэн хөндий дээр хүрээний зүг машин ирж явна гэдэг үг сонсмогц Батчулуун нь цэргийнхээ хамт Цагаан шартын дөрөлжийн баруун талын Хөх богоч гэдгээр уруудан хартал Цагаан шартын дөрөлж дээр машин зогссон. Түүний хажууд дөрвөн хүн буусан байхаар нь дотроос улаан торгон дээлтэй хүнийг Батчулуун нь буудаж унагасанд машин нь хөдлөхийн зэрэг мөн нэг орос бололтой хүнийг буудаж, тэр нь машин дээрээ гармагц унасан бөгөөд үлдсэн хоёрыг амьд барьж авсанд нэг нь Идэр сумын өндөр Дэчингарав гэсэн нэг үл таних залуугийн хамт баригдсан байжээ. Түүнийг ногоон малгайтын цэрэг дээр аваад ирсэнд ногоон малгайт нь тэр баригдсан залууг (ДХГ-ын төлөөлөгч Янсанжавыг) “Алж болохгүй, хадгалж бай” гэсэнд одоогийн Тосонцэнгэл хотын банкны ажилтан Найдангийн эцэг Лавданжав гэгч шоронгоос Янсанжавыг гаргаж, ногоон малгайт ламын байхгүй хойгуур мөн баригдаж ирсэн шарын цэрэгт хүч автагдсан тэр үедээ олондоо Алтан шүдэт гэдэг хүнд үүрэг өгч “Улааны нохдууд улааныгаа алах ёстой” гэж Янсанжавыг тэр алтан шүдтээр буудуулсан бөгөөд дараа нь Алтан шүдтийг энэ нутгийн муруй Ламжав гэдгийг тулган хавчиж буудуулсан гэдгийг өвгөдийн ярианаас дам сонссон болно. 

    Тайлбар: Энэ машинтай ирсэн хүмүүстэй анхны уулзсан хүн нь одоогийн Идэр бригадын Лувсаншарав гэдэг хүн юм гэнэ билээ гэж бригадын өвгөн Сэр-Одоос ярьсныг 1966 оны 11 дүгээр сарын 24-нд Завхан аймгийн Тосонцэнгэл хотын цагдан сэргийлэх ангийн сэргийлэн хамгаалах байцаагч ахмад Шагжсүрэн сурвалжлан бичсэн. 

ЧИМЭДБАЛДИРЫН НЭМЭЛТ ТОДОРХОЙЛОЛТ 

    1932 онд одоогийн Тосонцэнгэл хот, Их-Уул, Наран сумд нь Архангай аймагт харъяалагдаж байсан бөгөөд эсэргүүчүүд Тосонцэнгэл сумын Шумуултайн хүрээн дээр ногоон малгайт Дамдинсүрэнгийн удирдсан эсэргүүчүүд ирж Завхан аймгаас ирсэн Донров, Янсанжав, зөвлөлтийн мэргэжилтэн нарын заримыг алж, Янсанжавыг баривчлан дараа нь алсан тухай урьд тодорхойлсон дээрээ доорхи баримтуудыг нэмж тодорхойлжээ. Үүнд: 

    Наран суманд хувьсгалын хороо байгуулах ажлаар ирсэн, тэр үед Монгол тээхэд ажилтай байсан болов уу, Шагдарсүрэн ахлагчтай гурван хүнийг барьж аваад Гунзаны сул гэдэг газарт алжээ. 

    Мөн сумын Хүүшийн булан хувьсгалт цэргийн ангиас тагнуул хийх, намын ухуулга хийхээр яваа Сэрт гэдэг буриад залууг барьж аваад үсийг зулгааж, нойтон бургасаар занчиж байгаад алжээ. Мөн сумын Давааны гозгор гэдэг газарт Содномын отряд эсэргүү нартай байлдаж байхад эсэргүү нарын гурван хүн уулын араас гэтэж гараад, Шар Бямба гэдэг хүн бирдаан буугаар нөхөр Содномыг буудаж алсан юм. 

    Содном нь цэргийн ерөнхий сургуулийн захирал байхдаа эсэргүү нарыг дарах ажлаар отряд командлаж явсан хүн юм. Мөн Тосонцэнгэл суманд Хувьсгалын хороо байгуулах ажлаар ирсэн, Шүүх яаманд ажилтай болов уу, Маза гэдэг хүнийг Бичигт хошуу гэдэг газар эсэргүү нартай буудалцаж байгаад шархдаж улмаар модонд орж үхсэн гэж нутгийн хүмүүс ярьж байв. 

    Энэ мэтээр хувьсгалын эсэргүү нар нам, эвлэлийн гишүүд, хариуцлагатан нарыг алах, хороох зэргээр амь насыг сүйтгэж байсан юм гэжээ. 

ДАМДИНЫ ТОДОРХОЙЛОЛТ 

    1921 оны ардын хувьсгалын партизан Дамдинаас 1966 оны 7 дугаар сарын 5-нд бичсэн дурдатгалд: 

    “1932 оны 5 дугаар сард хуучин Тосонцэнгэл сумын төвд Шумуултайн хүрээ байсан бөгөөд хувьсгалын эсэргүү зэвсэгт бослогын толгойлогчид болох ногоон малгайт Дамдинсүрэн тэргүүтэй хэдэн зуун хүмүүс (цэрэг), түүний дарга, жанжин нар Хуягт сумын зүгээс довтлон ирж энэ хүрээг эзлэн авч байхад Завхан аймгийн төвөөс Дотоодыг хамгаалах газрын ажилтан Янсанжав, яамны төлөөлөгч Донров тэргүүтэй хэсэг хүмүүс энэ сэргүүг устгахаар машинтай, буу зэвсэгтэй ирж Тосонцэнгэлийн төвийн хойд Цагаан шартын дөрөлжийн урд өвөрт гэнэт эсэргүү нарт бүслэгдэж, нөгөө Донров нь буудуулж амь алдаж, нэг орос хүн шархдаж, жолооч нь гараа буудуулж, аймгийн эвлэлийн хорооны дарга Гүрцог хөлөө шархдуулж, Янсанжав, намын хорооны ажилтан Дэчингарав хоёр амьд баригдаж, тэр хоёрыг олон хүмүүс барьж Янсанжавыг занчиж, үсийг зулгаан, биед авч явсан эвлэл хэрэглэлийг авах зэргээр харгислан зовоож нэлээд олон хоног болтол олон жанжнууд цэргийн хамт байцаан шүүж байсан гэж энэ нутгийн хүмүүс үзсэн байна. Энэ Янсанжавыг байцаахад “Миний толгойд ганц бууны сум хэрэгтэй. Та нарт худал хуурмаг хэлэхгүй, намын жанжин шугамаар ярина” гэдэг байсан юм. Үүнийг хэдэн хоног хорьж байтал Тариатын төвийг устгаад буцаж ирсэн, Тосонцэнгэл сумын харъяат Сайнцогт мээрэнгийн хоёр хүү Лавданжав, Пүрэв нар Дархан уулын дээд талд байсан шоронгоос гаргаж, Дархан уулын зүүн талд байгаа том хэрэгсүүрийн зүүн талд баяухай Ламжав гэгч ламаар алуулсан юм” гэж энэ хотын партизан Хүнхэр ярьдаг юм” гэжээ. 

IX. ХУВЬСГАЛЧААР “ХУУШУУР” ХИЙЖ ХУУЛЬЧААР ТУГ ТАХИСАН БАЙХ 

    Хутагт хувилгаадын ариун нутагт хар салхи шуурч Нөмрөг уулын эрэлхэг хүү, нүгэлт яргачны торонд төржээ. Түрэмгий яргачин Түгжийн эсэргүү цэргүүд Баянхайрхан сумыг дайрч, шатааж сүйтгэчихээд арваад хувьсгалчийг баривчлан авч тарчилган алсны дотор ДХ ангийн төлөөлөгч Данаа, Аюуш, Зоригт, эмэгтэй Бүрэнжаргал нар байв. Албаны нууцаа алдахгүй гэж амь тэмцэн барилцаж байтал буудаж шархдуулж хүлээд нууц бичгийг булааж олзлов. Хүлэгтэй, шархтай Данаагаар хүмүүсийн дэргэд туг тахина гээд авч явсан ажээ. Өвөрбулнайд хүний зүрхээр туг тахихад зүрх нь газар өнхөрсөн гэж яриа байдаг. Өлзийбаярын дүү Данаа ч байж болно. “Баянхайрхан сумыг устгаад баривчлагдсан арваад хүнээс хоёрын нь зүрхийг би өөрөө сугалсан” гэж хожим Түгж мэдүүлжээ. Тэр бол шархтай атлаа шантраагүй, хүлэгтэй атлаа хүзүү гудайлгаагүй, алагдахаас айж албаа шилжүүлээгүй, нутгийн хүн гэж нууцаа задлаагүй, тамлагдаж байсан ч тангарагтаа үнэнч чекист Данаа байсан биз. Данаа чин зоригт баатар, чих сонор чекист байлаа. Халуун зүрх нь цохилохоо зогссон ч Ойгон, Тэлмэн нуурын хүүгийн онцгой гавъяа нь мөнх үлдэнэ. Өштөн дайсанд өвдөг сөгдөөгүй, өрлүүлж тамлуулсанч нууц алдаагүй, дайчин баатруудын нэг Данаа чекистийн хөшөө Элдэв-Очирын хөшөөний дэргэд зогсох учиртай. 

    Данаа баатар чекистийн дагуулж явсан бүсгүй хүмүүсийн дотроос Бүрэнжаргал шиг охин гараагүй. 

    Түгжийн нүүр лүү нулимаж, төмсөг рүү нь өшиглөж тэмцээд халуун ширмэн дээр хүлээстэй түлэгдэж амь нас алдсан юм. Шүд нь зуулттай, нүд нь хараастай, хувьсгалч охин “хуушуур” болсон нь энэ. Эвлэлийн гишүүд эмэгтэй баатруудын дотроос хүлэгтэй бие нь хайлсан ч хөмхийгөө зуусан хэвээрээ, хайрагдсан бие нь харласан ч харсан нүдээ аниагүй нь хаднаас ниссэн Бор биш, халуун галд шарагдсан Бүрэнжаргал юм. Гавъяа зүтгэл нь мөнх орших болтугай. 

    Өлзийбаярын Данаа 1903 онд Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн. 1923 онд цэргийн албанд татагдаад ДХГ-ын тусгай хороонд алба хаажээ. 1926 оноос ДХГ-ын төвийн хэлтэст төлөөлөгчөөр ажиллаж байгаа 1931 оны 2 дугаар сард Хөвсгөл хэлтэст төлөөлөгчөөр томилогдон 1932 онд Тэс, Баянхайрхан сумдад албан үүрэг гүйцэтгэж яваад эсэргүүний жанжин Түгжид баривчлагдан тамлагдан алагдсан юм. Үүнд: 

    1972 оны 1 дүгээр 19-нд 59 настай Доржжүгдэр овогтой Дагваринчингээс хуучин монгол бичгээр бичсэн 22 хуудас матераилаас уншихад: 

    “1932 оны төлөөлөгч Данаатай хамт эсэргүү дайсанд баригдаж тамлагдаж явсан ба дайсантай тэмцэж явсан тухай тодорхойлон бичье” гээд өгүүлсэн нь: 

    “Би 1932 оны 3 дугаар сарын 15-ны үеэр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын хоршооны туслах ня-бо байхад төлөөлөгч Данаа ирж төвийн албан хаагчид ба нам, эвлэлийн гишүүдийг цуглуулж яриа хийхдээ: “Архангай аймгийн Тариат зэрэг нутагт хэсэг бүлэг дээрэмчин хүмүүс ирж буй сураг байна. Сонор сэрэмжтэй байх хэрэгтэй” гэв. Удсангүй Данаа, Ламжав, Бадамханд, Соль, шар Ишдорж нар тусгай ажлаар явлаа гээд явсан юм. Маргааш гэнэт Тэсийн хүрээний лам нар бүлэглэн төвд байгаа албан хаагчид, нам, эвлэлийн гишүүдийг гэрээс нь баривчлан шоронд хийсэн байлаа. Тэсийн хүрээний лам нар айл өрхийг хэсүүчлэн, хоршоо, худалдаа, сумын захиргааг дээрэмдэж байтал Түгжээр толгойлуулсан эсэргүү бүлэг Тэсийн төвийг эзлэн авч, шоронд хийсэн хүмүүсийг байцааж эхэлжээ. Тэд надаас “Танай төлөөлөгч Данаа хаана байгааг хэл, феодалуудаас хураасан хөрөнгө хаана байгааг олж өг, Хувьсгалт засаг устаж Ванчин богдын цэрэг ирж яваа. Та нарын толгойг үнсэн товрог болгож байгааг мэдэж байна уу? Данаа чинь алагдсан. Хөвсгөл аймаг арилсан. Очирбатын яам байгуулагдсан, улаан цэрэг хаана байна вэ? Та нар үнэн учраа хэлэхгүй юу” гэж байцаахад “Улаан цэргийг ч мэдэхгүй. Данаа хаана байгааг мэдэхгүй. Өөр хэлэх үг надад байхгүй. Данаа алагдсан бол түүнийг залгамжлах хүн бидний дотор элбэг шүү” гэж хэлэхэд “Энэ муу улаан хувьсгалчийг 25 ташуурдаад шоронд нь буцаж хий” гэсэн. Шоронд 72 хүн болсон байлаа. Манай ах ганган Ядам гэдэг хүн “Биднийг алах гэж байгаа юм, тэмцэж байгаад үхэх хэрэгтэй, бууж өгч хэрхэвч болохгүй шүү” гэж захисныг би одоо хүртэл санасаар байдаг. Маргааш нь 72 хүнийг Хужиртын модны хаяанд Зайдан морь унуулан авч очоод хороох хэрэгтэй гэсэн. Бид баривчлагдаад дөрөв дэх хоног болж байсан үе юм. Гэтэл оройн зургаан цагт улаан цэрэг ирлээ гэсэн дуу сонсогдож эсэргүү нар үймэлдэж шуугилдах болов. Тэд шоронгийн манаа харуулыг чангатгаж байтал пулемётын дуу тачигнан, эсэргүү нар чимээгүй болж, улаан цэрэг биднийг шоронгоос суллан нэг хүнийг нэг цэрэг дагуулж хүрээний айлуудаар хэсүүлж энд тэнд нуугдсан эсэргүү нарыг баривчилсан. Улаан цэргийн отрядын дарга Дэндэв байсан. Эсэргүү нарч зугтаасан. 2-3 хоногийн дараа төлөөлөгч Данаа, аймгаас ирсэн Ядамжав, Дэндэв гуайтай уулзаж үүрэг даалгавар өгч хүчээ зузаатгахаар болж төлөөлөгч Данаа нар Баянхайрхан, Тэс сумдын захиргаадыг дахин сэргээн босгох, орон нутгаас цэрэг нэмж татах үүрэг өгч, семинарлав. 

    Энэ үед Засгийн газрын төлөөлөгч Дамдинсүрэн, намын хянан шалгах комиссын Ишдорж, тавдугаар хэлтсийн дансны сургагч Галсанжамц, хоршооны дарга Ламжав, эмэгтэй Бадамханд, Соль нар ирсэн байв. Бид зовлон жаргалаа ярилцаж байхад тэд замдаа эсэргүү нартай тааралдаж, хамт явсан Соёлын сургуулийн Бүрэнжаргал гэдэг эмэгтэйгээ усанд алдав гэж ярьцгааж байжээ (Бүрэнжаргал тэр үед нутагтаа байсан тул зохиомол зүйл бичжээ. Лувсан-Очир) Орон нутгаас цэрэг аттаж отряд байгуулаад төлөөлөгч Данаа удирдан Тэсийн төвийг хамгаалж эсэргүү нар хаана байгааг мэдэхээр харуул, тагнуулууд гаргаж, аймгийн хэлтэст мэдээ хүргэж байжээ. Аймагт мэдээ хүргэж явсан багш Доной замдаа Бүрэнхаанд эсэргүү нарт баривчлагдан алагдаж хамт явсан эмэгтэй Өлзийнямыг “дарь эх” болгон авч явахад “Тэр Доной ч яах вэ? Хайран гутал минь” гэж ярьсан гэнэ. Бид нар Тэсийн төвд байхдаа Данаагийн отряд их буутай гэж эсэргүү нарыг айлгахын тулд морин тэрэгний голын түмбэгэр модон дарь хийж газар булж, гал асаж дугаргаж байсан” гэжээ. 

    2. “Эсэргүү нар Бүрэнхаанаас Тэсийн төвийг ч явна” гэсэн мэдээ аваад, тэдний өмнөөс тосч Хилбин толгойн хөндийг чиглэж явлаа. Эсэргүү нар Сангийн далай болон хоёр хайрханд байгааг мэдээд үүрэг өгч 1-2 удаа буудалцаж байтал орон нутгаас татагдсан цэргүүд буцаж дайраад алга болсон тул үлдсэн цөөн хүн буцаж Тэсийн төвд ирж бүх хүмүүсээ хоёр хувааж байлдахад бэлтгэв. 

    Тагна Тува чиглэлд Ишдорж, Галсанжамц, орос Лувсан, Лувсан-Иш, Ганган Ядам, Дугар, Бавуудорж нар, Баянхайрхан, Баян-Уул чиглэлд Данаа, Ламжав, Дамдинсүрэн, Самдан, Ядамжав, Цэрэн, Хасбазар, Цогины Даваасамбуу, Бадамханд, Соль, Дагваринчин бид нар явсан. Бид явсаар Баянхайрхан сумын захиргаанд очиход хүнгүй хоёр гэр байлаа. Тэнд нэг хонож байтал сумын нарийн бичгийн дарга Жамъяндорж, дараа нь Пагд, Туваанжав нар ирж нийлсэн. Ингээд Улаангом, Ховд, Завханы цэргийг угтаж авахаар Хасбазар, Цэрэн нарыг явуулаад, бусад нь үлдэж Баянхайрхан сумын төвийг хамгаалах, эсэргүү нарыг тагнах, уул хяр дээр нуувч малтах зэрэг ажил хийж, Тэсийн төв тийш Пагд, Туваанжав нарыг тагнуулаар явуулахад тэр хоёр тогтоосон хугацаанаас хэтэрч, Данаагаас “За эд нар гэм болов. Бид хамгаалалт дээрээ байх учиртай” гэж хэлээд бид бүгд нуувч дотор ороод байтал, шөнө хоёр цагт Пагд, Туваанжав хоёр бидэн дээр ирэв. Юу болсныг Данаа асуухад, тэд хариулахдаа “Ойр хавьд эсэргүү бахгүй. Бид Тэсийн төв хүртэл явлаа. Тэнд 100 гаруй эсэргүү нар байгаа бололтой. Ишдорж нартай уулзаж яадсангүй” гэж хэлээд тайван байв. Бид “Энд байх шаардлагагүй, гэрт харьж амраад маргаашийн ажлаа бодъё” гэж хэлэхэд Данаагаас “Тэгвэл байрандаа очиж амарцгаа” гэснээр Даваасамбууг харуулд гаргаад гэр гэртээ харьж амарч байлаа. Гэтэл үүр, шөнийн заагаар буун дуу гарч, Данаагаас “нөхөд минь болохоо болилоо, бүслэгдлээ, гарцгаая” гээд дайсны урьдаас буудалцаж байхад Туваанжав, Пагд нар гэртээ байлаа. Данаагийн шаардлагаар Пагд гэрээс гарахад Данаан буун дуугарч Пагд унахыг харсан. Данаа “Тос дотроосоо өт гардаг гэгчээр бидний дотор өт гарсан байна. Ийм учраас бид дайсанд олзлогдох боллоо. Хувьсгалч нөхөд минь үхтлээ тэмцэх хэрэгтэй” гэж хэлээд буудалцав. Даваасамбуу, Самдан, Дамдинсүрэн, Цогины Жамъяндорж нар алагдсан ба сумаа дууссан тул би гэрт ороход Туваанжав гэрт, Пагд гэрийн гадна хэвтэж байлаа. Би сумыг аваад буудаж эхэлтэл Туваанжаваас “Битгий бууд, намайг дагаад гар” гэлээ. Би “Гарахгүй, буудалцана” гэхэд Туваанжав хутгаа сугалж над руу дайрахад нь би хутгыг булааж авахад буу дуугарч Туваанжав унасан юм. Би бууны замгаа авч галын голомт доор нууж буллаа. Бадамханд ч авч явсан гар буугаа булж байсан юм. Данаа эгэм, мөрөөрөө шархадсан. Миний баруун гуяны махыг сэт буудсан байлаа. Эсэргүү нар дайран орж ирээд “Заа муусайн улаантнууд гараад ирцгээ. Эднийг түргэн барьж сайн хүлээх хэрэгтэй” гэж Түгж тушаагаад алагдсан Пагд, Туваанжав нарын хүүрийг эргүүлж тойруулж үзээд “Энэ хоёрыг хэн алсан бэ? гэж Данааг тулган байцахад, Данаа “Та нар өөрсдийнхөө хүмүүсийг өөрсдөө алсан байлгүй дээ” гэхэд “За чи их буугаар биднийг буудахгүй юу? Нөгөө Ховдынхоо цэргийг аваад ир. Та нарын хань хамсаатан нар цөм арилсан шүү” гэхэд Данаагаас “Бидний цаана манай хувьсгалч нөхөд бий. Та нарыг хэзээ боловч манай төрийн хуулиар яллах нь лав шүү дээ, Түгж минь. Чи биднийг алавч хувьсгалч нөхдийг алж барахгүй гэдгийг сайн ойлгох хэрэгтэй” гэж хэлээд хүлүүлж байлаа. Түгж хайран хоёр хүн үхсэн байна гэж гашуудаж байсан тул Пагд, Туванжав нар эсэргүү нарын тагнуул байсан гэж үздэг юм. Данаа “Тос өөрөөсөө өтдөг” … гэсэн., Пагд, Туваанжав хоёр эсэргүү ойр хавьд байхгүй амар” гэсэн Түгж “Хайран хоёр хүн алагдсан байна” гэснээр үзэхэд туд хувьсгалчид байгаагүй нь лавтай байна. Түгжид баригдахад Данаа, Ламжав, Бадамханд, Соль, Би (Дагваринчин) хамт байв. Эсэргүү Түгж нар биднийг барьж аваад ихэд бахархан хэлэхдээ: “Тэс, Баянхайрхан төвийг хамгаалж байгаа төлөөлөгч Данаагийн удирдсан улааны бүлэг билүү. Одоо хамгаалж байгаа нь энэ үү” гэж асуугаад гөрмөл суран ташуураар нүцгэн биен дээр ороолгож махыг тасалж цус нөж гоожуулж байлаа. Эгэм мөрөндөө шархтай Данаа шүд зуун “Та нарт хэлэх үг байхгүй, хичнээн тарчилгаж зовоож ална та нар дураараа бол. Ганцхан бид хэд биш. Бидэнд олон нөхөд байгаа. Бүгдийг ингэж чадахгүй гэдгийг мэдэх хэрэгтэй. Бид нар хувьсгалт засаг төрийн төлөө амь биеэ хайрлахгүй” гэж хэлж байсан. Түгжээс “Чиний мах ясыг хэсэг хэсэг тасалж байгаад хэлүүлнэ. Эд нарыг алах болоогүй, хоршооны мөнгийг олуулж авна. Тэст түргэн хүргэж байцаа” гээд хувцсыг өмсүүлж, хоёр гарыг ард хүлж моринд мордуулж хоёр хөлийг морины гэдсэн доогуур холбож хүлээд 16 хүнээр хүргүүлсэн. Хүргэж явах замдаа Түгжээс “Чи муу сохор нохой, улааны толгойлогч Данаа та хоёр одоо юу бодож байна вэ? Хоршооны мөнгийг хаана хийсэн бэ? Хэлж өг. Та нар одоо миний гараас гарахгүй болсон. Нөгөө улаан цэргээ авчраад намайг алахгүй юу? Гэж буу тулган асуухад бид хоршооны мөнгийг та нар дээрэмдсэн. Улаан цэрэг ч хүсэлтгүй ирнэ. Бид бол хувьсгалын ажил хийж яваа хүмүүс. Чи бол Булнайн нуруугаар гэр хийж, ардын малыг хулгайлж яваа дайсан шүү дээ” гэхэд Түгж намайг өшгилөж ташуураар толгойг хоёр газар хага цохиж, одоо хүртэл сорвитой байдаг. Энэ бол Данаагаас зоригтой тэмцэж байгаад түргэн үхэх нь чухал гэж хэлсэнд бат итгэж байсных юм. Данаа бол зоригтой үг хэлээрээ эсэргүү дайсанд олзлогдоогүй, бусад нөхдөө зоригжуулж байсан үнэнч шударга, гарамгай хувьсгалч хүний нэг гэдгийг лавтай баталж байгаа юм. Тийм учраас эсэргүү Норовсамбууд тамлагдаж, алагдсан юм. Бид Баянхайрханаас гараад хоёр хонож Тэсийн төв очсон. Түгж хоцорч Ховдын цэргийг тагнаж байсан бололтой юм билээ. Норовсамбуу бол хөрөнгөө хураагдсан оргодол хүн байсан учир биднийг хүлээн авч нэг өшиглөөд Намсрайн пүнзний байшинд хийсэн. Энд манай нөхөд дүүрэн байсан бөгөөд сайн мэдэхээс Лувсан-Иш, Сандаг, Галсанжамц зэрэг хүмүүс байгааг харсан. Гарыг хүлэг ясандаа хүрсэн шиг болж, зогсож сууж чадахгүй өвдөж байсан Данаа “За нөхөд минь сулавтар хүлэгтэй хүн байвал биднийг хүлгийг тайлж тус бол” гэсэнд Данаа шархтай учир хүлэгийг тайлж хэсэг зуур ухаан оруулж билээ. Гэтэл эхлэж Данааг дуудаж, дараа нь Ламжавыг авч явсан. Тэр хоёрын толгой нүүрээс нь цус их гоожсон байв. Намайг Бүүвэй мээрэн гэгч байцааж “Чиний ах, хоёр эгч чинь хувьсгалч, мөн улааны дээрэмчин Данаагийн дотнын хүн. Хоршооны мөнгө хаана байгааг гаргаж өг” гэж байцаав. Данааг зодож чирч байгаа харагдсан. Данаа хэлэхдээ “Биднээс сайн үг дуулахгүй, эсэргүү феодал, одоо гурван сар наслахгүй шүү. Шударга ардын тэмцлээр та нар сөнөх болно. Би үхэхэд зовохгүй байна. Манай нам, засаг мандах нь лавтай” гэж чанга дуугаар зоригтой хэлэхэд нь би ч зориг орж баахан зодуулж хүлэгээ чангалуулж байлаа. Данаа бүүр ч нүүр нүдгүй зодуулж, Ламжав, Данаа хоёрыг буцааж хийв. Данаа шоронд орж ирээд “За нөхөд минь бууж өгч болохгүй шүү. Хатуу зориг хэрэгтэй” гэж байлаа. Данаа надад аминчилж хэлэхдээ: “За миний дүү анхаар. Их Харганын модон дотор булсан яамны нууц бичигтэй богцыг хэнд ч дурсаж болохгүй шүү” гэсэн Би одоо хүртэл хэнд ч хэлээгүй яваа юм. Тэр газар очиход би бараг мэдэх байх гэж бодож байна. 

    Хоёр хоногийн дараа байцаалт үргэлжилж, эмэгтэй Соль, Бадамханд нарыг байцаасан авч тэр хоёр ямар ч өчиг өгөөгүй буцаж ирсэн. Чухам өдөр сарыг мэдэхгүй байна. Норовсамбуу жанжин урьдын хонзонгоор Данаа, Ламжав хоёрыг Түгжийг ирэхээс өмнө тамлан алах гэж буугаар цохиж унагах, жадаар хатгах зэргээр олон төрлийн тамлалт хийж тарчилган зовоож байж алсан. Үлдсэн бид нараар хог арилгуулж, үхсэн хүмүүсийг булуулж байсан. Түгж ирээд Данаа, Ламжав нар хаана байгааг асуухад Норовсамбуу хажууд нь очоод “Би хороосон” гэхэд Түгжээс “Алах болоогүй байхад яагаад алсан юм бэ? Ясыг нь гартал хорьж байгаад дараа нь учрыг олох байсан юм” гэж байсан. Маргааш нь Бадамхандыг байцаахдаа “Чи нөхрийнхөө төлөө гомдож байна уу” гэхэд тэр “Би ганц Данаад биш бүх алагдсан хувьсгалчдын төлөө гомдож байна. Би Данааг эрэлхэг зоригтой тэмцсэнд бахархаж байна” гэсэн. Бадамхан, Соль нарыг Жаргалантад байрлаж байсан Норовсамбуугийн ангид явуулж, Лувсан-Иш, Сандаг, Галсанжамц бид дөрөв Түгжийн ангид үлдэж цааш тамлагдан байцаагдаж байтал өмнө нь Данаагаас Ховд, Улаангомд улаан цэрэгтэй холбоо бариулахаар явуулсан Хасбазар, Цэрэн нар улаан цэргийг дагуулан ирж эсэргүү нарт цохилт өгч, биднийг суллаж авсан. Тэр үед Ховдын Сүхжиндэй, Завханы Баатарсүрэн нарын отрядууд ирсэн. Тэд Архангай, Завханы нутаг тийш явж, Бүрэнхаанд байсан эсэргүү нартай хоёр өдөр, нэг шөнө байлдаад Завханы Баатарсүрэн дарга алагдаж, эсэргүү нар зугтааж байсан” гэснийг “Данаа бусад нөхдийн хамт лдайсанд баригдсан боловч нууцаа дайсанд алдаагүй, зоригтой тэмцэж, тамлалт, тарчилгалтыг тэсвэрлэн давж үнэнч хувьсгалт, зоригт баатар чекист байсныг бахархан дурсаж байна. Мөн хамт явсан нөхдөө зоригжуулж, Улаангом, Ховдод хүн явуулж улааны цэрэг ирүүлж, дайсныг дарж, биднийг аварсан. Данаа алуулах гэж байхдаа зоригтойгоор “Би та нарын гарт үхсэн ч цаана нь хувьсгалч нөхөд олон. Норовсамбуу чи гурван сарын ч насгүй шүү” гэж хэлээд Ардын хувьсгал мандтуагй”гэж лоозон тавиад алагдсан зоригт баатраараа бахархаж байна. 

    Данаагийн үйл явдал хэзээ боловч мөнх юм гэдэгт би баталж байна. Энэ бүхнийг Галсанжамц, Хасбазар, Бадамханд, Цэрэн нар амьд байвал сайн мэднэ. Лувсан-иш партизан нас барсан гэнэ. Тэр үед би 19 настай хамгийн бага нь байсан. Миний ах ганган Ядамыг Түгж өрөлж алсан юм. Би анх 1966 онд Баасансүрэн гэгч хүнд бүх зүйлээ хэлж бичүүлсэн нь 1966 оны хоёрдугаар сарын “Намын үнэн” сонины 57 дугаарт бичигдсэн. Мөн 1970 оны есдүгээр сарын “Утга зохиол” сонинд бичихдээ: Гол баатарт усанд үхсэн Бүрэнжаргалыг голлон Цэрэнжавын Бүрэнжаргал, Дамдины Бүрэнжаргал, Пүрэвт үржлүүлсэн гэж гурван овогтой нэг Бүрэнжаргал бичигдсэн байлаа. Өөр газарт явж байсан Бүрэнжаргал байж болох юм. Данаатай хамт явсан гэвэл худал гэдгийг би лавтай батлана. Мөн Пагд, Туваанжав нарыг хувьсгалч гэж үзэх үндэс огт байхгүй. Усанд унаж үхсэн Бүрэнжаргалыг Галсанжамц, Бадамханд, Соль нар тодорхой мэднэ" гээд өөрийн явсан улаан цэргийн отрядын дарга, таних цэргүүдээ нэрлэн бичжээ. 

    Эцэст нь би ганц хайрт нөхөр Данаагийн үйл хэргийн төлөө бодож явдаг билээ. Минйи энэ түүхчлэн бичсэн зүйл дотор худал юм огт байхгүй. Харин бичихдээ дээр доор нь хутгаж бичсэн байж болох юм. Өөр талаар худал зохиомол зүйл бичээгүй болохыг би биеэр баталж байна. Уг баталгаа тодорхойлолтыг гаргасан Хөвсгөл аймгийн Тариалан сумын САА-н барилгын ажилчин Доржжүгдэр овогтой 59 настай Дагваринчин үнэн. Үүнийг 1972 оны нэгдүгээр сарын 19-нд бичлээ” гэжээ. 

    1972 оны нэгдүгээр сарын 15-нд Өлзий овогтой Бадамхандын өөрөө ба бусдаар бичүүлсэн 13 хуудас ар өвөргүй бичсэн тодорхойлолтондоо: 

    Дагваринчингийн бичсэнтэй адил утгатай бичсэн боловч өөрөө ба өөрийн ах Шагдараас морь өгч тусалсан. Өөрөө Данаагийн нууцыг хамгаалж богцыг нууснаа голчлон бичсэн ч Данаа хаана хэрхэн яаж алагдсаныг бичээгүй. Норовсамбуу “Данааг алсан гэнэ билээ” Ах Шагдарын хэлснээр бол “Данааг зөвхөн хувцсаар нь таньсан гэснээр үзэхэд маш их тамлагдсан байх” гэжээ. 

    Харин миний нөхөр Данаа бол улс эх орон, хойч үедээ тодорхой мөрөө үлдээсэн хүн гэдэгт би бат итгэж байна” гээд гол тодорхойлолтоо Данаа нартай хамт 1932 онд эсэргүү нартай тэмцэж явснаа бичсэн боловч, “Сүүлийн үед ном зохиол, радиогоор Бүрэнжаргал гэдэг эмэгтэйг хий товойлгож бичиж, эхнэр нь байсан Бадамханд, Данаа нарыг нэр оруулах төдий бичсэнд их гомдож байгаа ба эсэргүү нарт урвасан Пагд, Туваанжав нарыг хувьсгалч байсан гэж худал бичлээ” гэжээ. 

    Дагваринчин, Бадамханд нар үгссэн мэт адил бичсэн атлаа “Урвагч Пагд, Туваанжав нарыг Данаа алсан” гэж Дагваринчин бичсэн байхад Бадамханд нь “Туваанжав нь Пагдыг буудаж алаад дараа нь өөрөө өрийгөө егүүтгэсэн” гэх мэтээр зөрүү тодорхойлжээ. Мөн Бадамханд “Миний хаяг адресыг буруу бичсэн” гэх мэтээр зохиолчдыг худал бичсэн болгосон. “1966 онд Завхан Тосонцэнгэл хотын цагдан сэргийлэх ангийн дарга дэд хурандаа Лувсан-Очирын гарын үсэтэй 76 тоот албан бичигт Бүрэнжаргал нарын 12 хувьсгалчдыг бичиж ирүүлнэ үү гэхэд Бүрэнжаргалыг мэдэхгүй, харин Данаагийн талаар бичиж явуулсан” гэсэн атлаа энэ материал нь байхгүй байна. Дагварчинчин “Тэр үед 19 настай хамгийн бага нь бөгөөд ах Ядамыг дагаж явсан" гэсэн атлаа Түгжид " и бол Булнайн уулын арын модонд хулгай хийж явснаас өөр юу мэддэг вэ?… гэх мэтээр эрс зоригтой тэмцэж байсан гэж өөрийгөө хэт төвийлгөн бичсэнийг тэр үед 15 орчим настай Бадамханд түүний нь батлан тодорхойлжээ. 

    Мөн Бадамхандаас “Бүрэнжаргал гэгч эмэгтэй огт байгаагүй, харин Мөрөн голд унаж үхсэн Бүрэнжаргал байж болно” гэснийг тэр үед Тэст байсан Дагваринчин давхар батлаж өгөх гэсэн нь хачирхалтай байна. “Бүрэнжаргал тэр үед Улаанбаатар хотод сургууль курст яваагүй, нутагтаа байгаад алагдсан тухай ах дүү, нутгийн хүмүүс гэрчилснийг Бадамханд 50 гаруй жилийн дараа үгүйсгэн Монголын эмэгтэйчүүдийн хороо С.Удвал, МАХН-ын Хянан шалгах хороо н.Чойжамц, Радио телевизийн улсын хороо н. Шажинбат нар дээр орж хөөцөлдөн зарга тэмцэл хийж, бүх ном зохиол, баримтат тууж, найруулал бичсэн хүмүүсийн хөдөлмөрийг үгүйсгэж, тэр ч байтугай НАХЯ-ны ахмад архивч, зохиолч Хасдорж, бусад хүмүүсийг улс төрийн санаатай буюу эдийн шуналаар бичсэн болгож хардсан нь бүүр ч хачирхалтай байна. Бүрэнжаргал багадаа олон хүнд үрчлэгдэж олон овогтой байсан нь үнэн болно. 

    Японы “Асахи” сонинд олзлогдогсдын тухай бичихдээ: “Олон тооны ном,тэмдэглэл дурсамж, дурдатгалууд нь тэр үеийн байдлыг дэлгэрэнгүй ойлгож авахаар байдаг боловч тэр хүний байр суурь, мөн яагаад ч юм бэ? Заавал өөрийн санаа, үзэл бодлоос бичигдсэн байдаг тул уг тэмдэглэлүүдээс нэг талын өрөөсгөл ойлголтыг авах төдий билээ” гэсэн санаа миний хувийн бодлогыг эзэмдэж байна. 

    Бүрэнжаргалын баатарлаг үйлс нь залуучуудын байгууллагадаа мөнхөрсөн тул бид зөвхөн Данаа чекистээ мөнхжүүлэхэд хүчээ тавих ёстой. Энэ хүний талаар хамгийн сайн судалсан хүн бол н.Дагвадорж байгаад нас барсан. Одоо Жаргалант буюу Батсүмбэр сумдын аль нэгэнд Жамбалжав гэгч хүн олдвол тэр хүн сайн мэдэх бололтой байна. Харин Данаатай эх Өлзийбаяр, дүү Баянжаргал нар “Бадамханд эхнэр нь биш. Харин хүү Данааг Норовсамбууд барьж өгч алуулсан гэж гомдол гаргасан ба “Бадамханд Данааг алагдсаны дараа Норовсамбуутай суусан” гэж нутгийн хүмүүс ярьдаг байна. Бадамханд Ч.Хасдоржийг худал бичсэн гэж заргалдаад удирдах хүмүүст ховлон зэмлүүлсэн учир Хасдорж гуай Бадамхандтай хэдэн удаа уулзахад “Данаа бид хоёрын нөмөрч унтаж явсан хөнжил” гэж улаан торгон хуучин хөнжил авчирч үзүүлсэн зэргээс болж хашир чекист, ахмад Архивч Хасдоржоос Бадамхандыг “солиотой авгай” гэж дүгнэснээр зарга дуусчээ. 

    1966 онд Лувсан-Очир би Завхан аймгийн Тосонцэгэл хотын ЦС ангийн даргаар ажиллаж байхад МХЗЭ-ийн 50 жилийн ойг угтаж баатарлаг үйлстэн залуучуудын талаар хөдөөнөөс сурвалжилгаа хийж явна гэж хэвлэл, Пионерийн сонины сурвалжлагч Ө.Тогоо, Ц.Эрдэнэбат нар надтай уулзахад нь би 1932 оны эсэргүү бослогыг дарах хэрэгт идэвх зүтгэлтэй оролцож баатарлаг гавъяа байгуулсан, эрэлхэг чекист С.Янсанжав, Ц.Донров, В.Е.Колосс, Ө.Данаа, Эвлэлийн гишүүн эмэгтэй Бүрэнжаргал нарын талаар цуглуулсан материалаасаа ярьж өгсөн. 

    Бас “Баянхайрхан, Буян-Уул, Нөмрөг сумдын хариуцсан хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад 1932 оны эсэргүү бослогын үед дайсанд алагдсан Ө.Данаагийн талаар судалгаа хийх үүргийг Дорж генералаас авч материал цуглуулж, судалгаа хийж байсан, мөрдөн байцаагч Дагвадоржийг Ө.Тогоо, Ц.Эрдэнэбат нартай хамт Баянхайрхан, Баян-Уул, Нөмрөг сумдад явуулж, газар дээр нь очиж Данаа, Бүрэнжаргал нарын ах, дүү, төрөл төрөгсөд, найз байсан сайн мэдэх хүмүүстэй уулзаж дурсамж, дурдатгалуудыг авч ирсэн. Ө.Тогоо, “Бамбарын дөл өөдөө” баримтад тууж бичиж нэгдүгээр бүлэгт МХЗЭ-ийн анхны дарга “Дамдины Бүрэнжаргал”,хоёрдугаар бүлэгт “Ахмадын дурсамж”, гуравдугаар бүлэгт “Амьдралын товч намтар”, дөрөвдүгээр бүлэгт “Түгшүүрт мэдээ”, тавдугаар бүлэгт “Нэг хурлын түүх”, Зургадугаар бүлэгт “Овоотын хөтөлд юу болов” гэсэн гарчигтай үнэн баримтад түшиглэсэн тууж бичиж Ц.Эрдэнэбат “Үүр шөнийн заагт” гэсэн баримтад туужиндаа “Чин зоригтон”, “Хувьсгалын цэрэг бүсгүй” гэх мэтээр бүлэг бүлгээр бичжээ. 

    Мөн залуу зохиолч Т.Баасансүрэнгийн “Намын хүн” найруулал, Ө.Тогоогийн “Цонхоо нээгээрэй” эмхэтгэл, Б.Цэдэн-Ишийн “Үйлс нь мөнхрөгсдийн мөрөөр” зохиолуудад Ө.Данаа, Д.Бүрэнжаргал нарын эрэлхэг баатарлаг тэмцэж яваад алтан амиа алдсан талаар бодит үнэн бичсэн баримттай тууж, найруулал, ном, эмхэтгэлүүд гарч МХЗЭ-ийн 50 жилийн ойдоо бэлэг барьжээ. Мөн Завхан аймгийн эвлэлийн хорооноос бичсэн дурдатгалд “Хувьсгалын цэрэг бүсгүй”, “Буун дуу” гэсэн гарчигтай өгүүлэл бичигдэж, НАХЯ-ны ахмад архивч, зохиолч Ч.Хасдорж “Эрэлхэг чекист” ном бичихдээ “Данаа бол нам төрийн зүтгэлтэн Б.Элдэв-Очирын төрлийн бодит хүн гээд Элдэв-Очиртой авахуулсан зураг нь одоогоор оллдоогүй” гэх мэтээр үнэн баримтад тулгуурлан бичжээ. Мөн НАХЯ-ны эвлэлийн хорооны товчооны гишүүн, дэд хурандаа Бадиваагаар даргалуулсан тойрон аялалаар “1932 оны хувьсгалын эсэргүү бослогыг дарахаар тэмцэж яваад амь үрэгдсэн Сэр-Одын Янсанжав, Цэрэнпунцагийн Донров, орос сургагч Василий Ефремович Колосс нарт зориулсан самбарыг хуучин Шумуултайн хүрээ, одоогийнТосонцэнгэл хотын төвд, Завхан аймгийн Баянхайрхан сумын нутаг Овоотын хөтөлд Ө.Данаа, Д.Бүрэнжаргал, Жамъяндорж, Самдан, Бэгз, Дарьзав нарт зориулан дурсгал, Архангай аймагт “Эсэргүү нарын үүр болсон Эрээн модон тариат нутаг” гэж ардын дуунд гардаг газарт алагдсан ДХГ-ын ерөнхий сургагч байсан Виктор Станислович Кияковский, төлөөлөгч Л.Аюушжав, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдож ажилласан ХАҮЯ-ны сайд асан Содном нарын дурсгалд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутаг Дамбуу хавчууд эсэргүү нартай тулалдаж байгаад амь үрэгдсэн Евгений Николаевич Исаков нарын дурсгалд зориулсан самбаруудыг босгож, мөн ахмад дайчин Дагвын Далхжав, Нямын Аюушсүрэн, Халтарын Лхамжав нарын зэрэг мөнх дурсагдах үйлстэн нарын тухай Б.Цэрэн-Иш “Үйлс нь мөнхрөгсдийн мөрөөр” найруулал бичжээ. Энэ бүх баримт судалгааг үндэслэн МХЗЭ-ийн 50 жилийн ойн баярын хуралд МХЗЭ-ийн Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга байсан Ч.Пүрэвжавын тавьсан илтгэлд “Байлдан олсон Хувьсгалын ялалтыг хамгаалж, дотоодын хар, шар феодалын эсрэг тэмцэлд амь насаа зориулсан МХЗЭ-ийн үүрийн дарга Түвдэнгийн бор, Д.Бүрэнжаргал, эрэлхэг чекист С.Янсанжав, МХЗЭ-ийн удирдах ажилтан Ш. Бүрэлдэй, Ц.Дамдинжав нарын зэрэг цогт эх оронч, залуусын нэрийг манай ард түмэн, залуу үе хэзээ ч мартахгүй” гэж тэмдэглэжээ 

ТОВЧ ДҮГНЭЛТ 

     Тэр үед арваад насандаа ах нараа дагаж явсан Бадамханд, Дагваринчин нар хагас зуун жилийн дараа үгсэн нийлж нэлээд үймүүлжээ. Тэд хамт явж, тэднийг удирдан зохион байгуулж, зоригжуулан эсэргүү нартай эрэлхэг зоригтой тэмцээд алтан амиа алдсан Данааг хэн, хаана ямар байдлаар алсан нь нарийн тогтоогоогүй байна. Дагваринчин өөрийн ах Ядамыг Түгжилд өрлүүлж алуулсан гээд харин Данааг Норовсамбууд буудуулсан гэж байхад Бадамханд мэдэхгүй гэжээ. Түгжээс Шүүх хурлын өмнө “Данааг буудаж шархдуулаад хүлэгтэй авч явсныг Норовсамбуу алсан байна билээ. Нууц бичгийг Лут-Очир мээрэннд үзүүлээд шатаасан” гэж байхад Бадамханд нар онц нууц бичигтэй богцыг хээр ууланд булж нуусан гэдэг юм. Түгжээс “Баянхайрханаас баривчлагдсан арваад хүнээс хоёр хүний зүрхийг өөрөө сугалж, алсны нэг нь Даш гээд нөгөөгийн нэрийг хэлээгүй, харин Данаа нэг маузер буу, дөрвөн лантуу зэрэг 14 буу өгч өөрсдийг нь зэвсэглэсэн болгож мэдүүлсэн. Норовсамбуу шүүх хуралд Данааг алснаа яриагүй. Харин Данаатай хамт тэмцэж явсан Галсанжамцыг барьж, “Намайг эсэргүүд оруулсан хүн бол Галсанжамц” гэж мэдүүлжээ. Галсанжамц тэр үед Норовсамбуу мэт феодалын хөрөнгө хурааж, дараа нь Данаатай хамт Норовсамбуу, Түгж нартай байлдаж явсан ба 1938 оноос 1952 он хүртэл 14 жил НАХЯ-нд ерөнхий ня-бо байсан итгэл найдвартай хүн байв. Эсэргүүн жанжин Базаррагчаа “Намжилыг Түгжид барьж өгч зүрхийг сугалуулж алуулсан” гээд янз бүрийн баримтгүй мэдүүлэг өгчээ. Тэр үед тэмцэж байлдаж явсан хүмүүсийн дотор Түгжид зүрхээ сугалуулахаар гарамгай баатар зоригтой Даваа, Намжил нарын нэр гараагүй байна. Харин Данаа, Бүрэнжаргал хоёр шиг эрэлхэг зоригтой тэмцсэн хүмүүс тамлуулж тамлуулж эцэст нь бусдад алагдсан хүмүүстэйгээ хамт буудуулж алагдсан гэдгийг батлах баримт байхгүй. Харин Түгж нар Булнай уулын араас авчирсан үл таних нэг хүнийг Булнай уулын өвөрт авчирч олон хүмүүс цуглуулж байгаад амьдаар нь өвчүүг нь ярж зүрхийг сугалаад газар хаяхад амьд зүрх нь өнхрөөд байсан гэж нүдээр үзсэн ахмад хүмүүсийн яриагаар бол Данаа ч байж болох юм. Даанч баримт алга. Эрэлхэг чекист Данаа зоригтой тэмцэж яваад алагдсан нь буудуулсан ч бай зүрхээ сугалуулсан ч байж түүний эрэлхэг зориг, баатарлаг тэмцэл нь мөнхөрч, Ч.Хасдоржийн бичсэнээр төрсөн нутаг Нөмрөг сумандаа н. Элдэв-Очирын хөшөөний дэргэд зогсох ёстой гэж үзнэ. 

    Тайлбар: Улаанбаатар хотын чихэр боовны үйлдвэрийн дарга Пүрэвжавын эхнэр Бадамхандаас 1932 онд гарсан Хувьсгалын эсэргүү бослогыг дарахад, төлөөлөгч Данаатай хамт тэмцэж явснаа ярьж Хасдоржийн бичсэн номд МХЗЭ-ийн 50 жилийн ойг угтаж 1941 онд бичсэн “Цонхоо нээгээрэй” (Ө.Тогоо бичсэн), мөн Ц.Эрдэнэбатын бичсэн туужуудад “Бүрэнжаргал эмэгтэйг гол баатар болгон бичээд эсэргүүтэй хамт тэмцэж нууц бичигтэй богцыг нь хээр нууж хамгаалж явсан эхнэр Бадамханд миний талаар бичээгүй байна. Харин усанд унаж үхсэн Бүрэнжаргал гэгч эмэгтэй байсан” гэх мэтээр ярьсныг уг мэдээнд мэдээлжээ. Бадамхандын яриаг батлах ёстой Галсанжамцтай уулзах гэтэл хойшоо сургуульд явсан учраас уулзаагүй гэж нэгдүгээр хуудсанд бичээд, гуравдугаар хуудсанд Бадамхандыг худал ярьдаг солио өвчтэй хүн гэсэн Хасдорж бол Дотоод яамны чухал архивт ажилладаг учир улс төрийн зорилгоор буюу хувийн ашиг сонирхлын үүднээс бичсэн биз. Иймд хэргийн гол учир нь Хасдоржид байна гээд Цагдан сэргийлэхийн Цэгмэд, Даваа нар тэмдэглэлийн дэвтрийг нь аваад өгөхгүй байгааг мэдээлжээ. Ийм учраас тэр үед ажиллаж байсан сайд дарга нарын цохолтоор наймдугаар тусгай тасгийн дарга дэд хурандаа Дүйнхэржавт үүрэг өгч, төлөөлөгч дэслэгч Лхагваа шалгах төлөвлөгөө зохиож, хамаарагдах бүх хүмүүстэй уулзаж бичсэн ном, туужуудыг хуулбарлан төв, орон нутгаар шалгуулж, жанжин Түгж, Норовсамбуу, Базаррагчаа нарын мөрдөн байцаалтын хэргийг уншиж их ажил зохиосны дүнд Данаа, Бүрэнжаргал нарын баатарлаг тэмцэл батлагдаж Бадамханд Данаагийн эхнэр байгаагүй нь үнэн зөв болох нь тогтоогджээ.