У.Амарсайхан - Тагнуулын хэсгийн дарга

1.Оршлын оронд

Баруун таван аймагт газар аваад байсан хувьсгалын эсэргүү хөдөлгөөнийг үндсээр нь дарж, төөрөгдсөн хүн ардад хэргийн үнэн учрыг ухуулан таниулах зорилгоор нийслэл хотоос гарсан улаан цэргийн таван отрядын нэг нь Чоймболынх билээ.
    Чоймболын отряд долдугаар сарын хуучаар Хөвсгөл аймагт ирлээ.
    Юу юугүй хүч хэрэглэх гэж яарсны хэрэггүй. Эсэргүү гэдэг нэрийн дор хий төөрөлдөн мунгинаж яваа огт гэмгүй олон хүн бий. Бидний зорилго бол тэднийг аврахад оршино. Иймээс хамгийн түрүүнд эсэргүү нарын толгойлогчид “жанжин” гэгчдий нь үндсэн хүчнээс нь таслан салгаж, баривчлах юм уу эсвэл устгах арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн цэргийн дээд командлалын тушаалыг залуу дарга Чоймбол сайн санаж байв.
    Тэрбээр, энэ ажилд хэнийг томилон явуулдаг юм билээ гэж хэсэг бодсоноо, шийдсэн байртай “Дашзэвэгийг” гэж хэнд ч дуулдахаар чанга хэлээд, туслахаа дуудаж Дашзэвэгийг одоохон над дээр ирүүл гэлээ

2.Жанжныг хулгайлсан нь

Цас үл мэдэг будран, тэнгэр хангай муухай аашилж, хүйтний эрч нэгэнт чангарчээ.
    Дашзэвэг, Бадамхатан хоёр Булнайн ууланд “жанжин” Түгжийг отон хэвтсээр гурав дахь хоногтойгоо золгож байгаа нь энэ билээ. Бүхэл бүтэн хоёр өдөр, хоёр шөнө хоол унд, нойр хоолгүй хадан хясаан дунд хэвтэж байгаа боловч тэдний хэн нь ч сэтгэл санаагаар унасан шинжгүй.
    Хавь ойрын юм бүрэг бараг болон үдшийн бүрий эхэллээ. Гэтэл Түгжийн гэрээс нэгэн хүн гарч, ийш тийш харан жаал зогссоноо шууд тэр хоёрыг чиглэн алхлав. Хэрэг бишидсэнийг мэдсэн Бадамхатан тэвдсэн байртай Дашзэвэгийг харахад тэрвээр тайван нь аргагүй инээмсэглэснээ, хүрээд ирэхээр нь барьж авна шүү гэж дохилоо. Нөгөө хүн шуудхан алхсаар тэр хоёрын бараг дэргэд ирэхэд нь Дашзэвэг гэнэт ухасхийн босож, түүнийг барьж авангуут тонгорч дороо хийхэд нь Бадамхатан амжиж, хэт хутгы нь сугалан, хоолой дээр нь барив.
    -Өчүүхэн л чимээ гаргавал... гэснээ. Бидний асуусан зүйлд чимээ гаргалгүй хариул гэж Дашзэвэгийг тулгахад нэлээд байргашуу байрын нөгөө эр хий дэмий л нүдээ бүлтэгнүүлэв.
    -Чи хэн гэгч вэ?
    -Намайг Норовсамбуу гэдэг. Би жанжны баруун гар. Жанжин яваад хоёр, гурав хонож байна. Өнөө шөнөөс ирэх учиртай гэхэд нь,
    -“Жанжин” чинь тэгээд хэнтэй явсан юм бэ? гэвэл,
    -Асга хад, намаг шаварт сайн хоёр морио аваад явсан гэлээ. Дашзэвэг, Бадамхатан хоёр Норовсамбууг дундаа хийж, хоёр гары нь хөлтэй нь холбоод, Түгжийг хүлээхээр хэвтлээ.
    Цэлмэг сайхан шөнө учир хавь ойрын юм тов тодхон үзэгдэнэ. Оддын барагцааг ажвал шөнө дунд өнгөрчээ. Гэнэт дөрөө хавирах чимээ сонсогдож хөтөлгөө морьтой хүн хатируулсаар ирж, гэрийн гадаа буух нь сарны гэрэлд харагдлаа. Тэр хоёр Норовсамбуугийн аманд алчуур чихэн тэр хүнийг харуулж, энэ Түгж мөн үү гэсэнд цаадах нь толгой дохиж байв.
    Түгж мориноосоо бууж, морьдоо аргамжуулахаар манаачид өгөөд, огтхон ч гэрэл гэгээ, анир чимээ гаргалгүй явж гэрт ороод чимээ тасарлаа. Тэд байдлыг ажин цаг гаруй хүлээж хэвтэв.
    -Түгж хаанаа унтдаг юм бэ? Буу зэвсэгтэй юу гэвэл,
    -Би зүүн хатавчны, жанжин баруун хатавчны орон дээр унтдаг юм. Бид хоёрын хооронд хоршооны цагаан хайрцаг бий. Түүн дээр жанжин модон хуйтаа тавьдаг юм гэлээ.
    Дахин цаг гаруй хүлээв. Гэрийн зүгээс чимээ анир гарсангүй. Түгж таг чиг унтсан бололтой.
    Дашзэвэг, Бадамхатан хоёр Норовсамбууг янгинатал хүлж, аманд нь алчуур чихэн, хадны хонгилд орхив.
    Харуул, Түгжийн гэрийн зүүн талд холхин бээвгэнэн зогсоно. Тэд зорьсноо хийхээр шийдлээ. Дашзэвэг нөхрөө хадны ёроолд үлдээн, Түгжийн гэрийн зүүн  талаас сэм мөлхөж очоод, яаралгүй босож, хаалгы нь аяархан нээн, дотогш орлоо.
    Амьсгаагаа дарж, чимээ чагнан хэсэг зогсов.
    Нойрондоо хэт дарагдсан хүний, дуу шуутай жигд хурхиралтаас өөр анир чимээ гэрт үл сонсогдоно.
    Дашзэвэг сэмхэн чүдэнз зурж харвал, баруун талын орон дээр дээлээ битүү нөмрөөд Түгж ажиг ч үгүй дугжирч байлаа. Модон хуйтаа хоршооны жижиг цагаан хайрцган дээр тавьжээ.     Дашзэвэг сэм алхсаар дөхөн очиж, Түгжийн гэнэтхэн татаж сэрээгээд, “Жанжаан! Би Норовсамбуу байна. Цаана чинь сүйд боллоо. Намайг дагаад бушуухан гүйгээрэй. Би буугий чинь авсан шүү” гэж хэлэнгээ нойрмог Түгжийг хөтлөн гарч, Бадамхатангийн байгаа хадны зүг гүйлээ. Энэ үед нөхрөө тэсэж ядан хүлээж байсан  Бадамхатан ч цаг алдалгүй Норовсамбуугийн дээлээр Түгжийг дарж авангуут амы нь барив.
    Тэр хоёр яах ийхийн завгүй Түгжийг янгинатал хүлж аваад ирсэн замаараа буцаж, үүр цайхаас арай өмнөхөн төрөлх отряддаа олз омогтой эсэн мэнд эргэж ирлээ.
    Үүнээс хэдхэн хоногийн дараа тагнуулын үүрэг даалгавар амжилттай биелүүлсний учир шагнагдсан “Цусан гавьяаны” хоёр дахь одонгоо Дашзэвэг хүлээн авчээ.

3.Дэд сайдын албан тушаалд

 1939 оны хоёрдугаар сараас зургадугаар сарыг дуустал эх орны дорнод хязгаарт байдал маш хүнд байв. Япончууд өдөр, шөнийг үл ялган ширүүн бөмбөгдөж, манайхныг хориглолтод оруулжээ. Дайн байлдааны энэ бэрх өдрүүдэд цэргийн эмнэлгийнхэн фронтын талбараас шархтан зөөн зай завсаргүй ажиллана.
    Бүх цэргийн хүн эмнэлгийн газрын дарга, бригад командлан захирагч Дашзэвэг санитарын дөрөв, таван машин, хоёр гурван “Як” онгоцоор шархтан зөөх ажлыг чадамгай удирдан зохион байгуулж, Баянтүмэн, Өндөрхаан хотод байр сууц гаргуулан шархтанд цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлж байлаа. Сүүл сүүлдээ фронтын байдал улам хүндэрч, шархтан олшрон, ихэнх нь нуувчиндаа байрлахад хүрлээ. Эмнэлгийнхэн зогсоо зайгүй ажилласаар л байв. Ийнхүү манайхан дайсны нүсэр их хүчийг тэсвэрлэн хазаарлаж байтал Зөвлөлтийн дайчин улаан армийнхан хүрэлцэн ирж, японы самуурай нарыг хамтын хүчээр хиар цохив.
    Он жил удтал эх нутагт минь өнгөлзөж байсан дайснаа дарж, дайчин ялалтынхаа улаан тугийг Халх голын тэнгэрт мандуулахаас арай өмнөхөн бүх цэргийн хүн эмнэлгийн газрын даргыг жанжин нийслэл хотноо дуудан ирүүллээ.
    Харийн дайснаас эх орноо хамгаалах байлдаанд гавьяа байгуулсны учир дивиз мэдэгч хүндэт цол хүртээсэн хашир дарга Дашзэвэгийг Дотоод явдлын яамны дэд сайдын өндөр албан тушаалд тохоон томилов.
    Тэрбээр харьяандаа олон том байгууллага багтаасан төрийн энэ чухал яамны аж ахуй, сангийн нүсэр их ажлыг жил шахам хийх хугацаандаа хүн ардынхаа тусын тулд чамлалтгүй ихийг бүтээжээ.

4.Төгсгөлийн үг

Хувьсгалын үйлсийг бататган хамгаалж, хүн ардынхаа ирээдүйн сайн сайхан, аз жаргалын төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж явсан баялаг намтартай ахмад дайчин нэгэн эрийн чекистийн үйлсээс товч энд өгүүллээ.
    Энэ хүн та бидний хэний нь ч дотно танил билээ. 1921 оны партизан, МХЗЭ-ийн анхны 17 гишүүний нэг, ахмад чекист Дооровын Дашзэвэг гуай Аюулаас хамгаалах байгууллагын 50 жилийн түүхт ойн жил, наян насныхаа найр наадамтай сэтгэл тэнүүн, магнай тэнэгэр золгосон юм.
    Хувьсгалт тэмцлийн дайчин амьд жишээ болсон журамт цэргийн нэг Дашзэвэг гуайдаа урт наслахын билэгтэй сайхан ерөөлийг дэвшүүлж, эрүүл энх өнө мөнхийн аз жаргалыг залуус бид сэтгэлийн угаас хүсэж байна.