Дожоодорж- Зүүний сүвэгч хурандаагийн таамаглал

Тагнуулчдын сэдэвт уран бүтээлийн анхдагчийн нэг нь “Зүүний сүвэгч” тууж юм.
Манай нэрт зохиолч Дожоо овогтой Дорж нь 1930 онд Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрж, бага дунд сургууль дүүргэж, улмаар ЗХУ-ын Москва хотноо Кино урлагийн дээд сургуулийн кино зохиолчийн ангид суралцаж төгссөн байна. Түүний зохиолоор “Аман хуур”, “Хүргэн хүү”, “Үер” /С.Удвалтай хамт/ зэрэг олон шилдэг кино бүтээсэн билээ.
                                                                                                                                                  Дожоодорж
 
                                                                   ЗҮҮНИЙ СҮВЭГЧ ХУРАНДААГИЙН ТААМАГЛАЛ
 
1947 оны зуны дунд сарын эхний нэгэн үдэш билээ. Ум хумгүй асгасан аадар бороо дорхноо зогсож,тэнгэр цэлмэн, онгон хөх огторгуйд түм буман одон мичид жирэв жирэвхийн гялбалзана.
Шөнийн 11 цаг жаахан өнгөрч байхад 9 цагийн кино үзсэн улс дүнгэр дүнгэр ярилцан, зарим нь өөр хоорондоо үе үе чанга чангаар инээлдэн явах нь үдшийн сонорт нэгд нэгэнгүй сонсдоно.
Өтгөн ногоон мөчиртэй өндөр улиас, хуш, хар модыг хоёр талаар нь тарьсан өргөн гудамж руу харсан, гурван цонх гэрэлтэй байх бөгөөд харин тэрхүү цонхны цагаан хөшгөн дээр цаана нь байгаа хүний толгойны сүүдэр нэг тусаж, нэг алга болно.
Энэ нь Дотоод Явдлын Яамны Улсыг Аюулаас хамгаалах газрын…дугаар хэлтсийн хурандаа Дэлгэрийн ажлын тасалгаа байлаа.
Залуудаа гуалиг өндөр нуруутай, өргөн цээжтэй, жирвийсэн хар хөмсөгтэй, хөрслөг бор царайтай нэлээд жавхаалаг залуу байсан болов уу гэмээр, одоо үс нь бууралтаж, нуруу нь нэлээд бөгтийж, өргөн духанд нь гүнзгий атираа суусан өвөгжөөрхөн хурандаа бичгийнхээ ширээний араас босон халаасандаа хоёр гараа хийж, алхан хээтэй хөх эрээн хивсэн дээгүүр өөд сөөргөө сэм алхлана.
Хурандаа ямар нэгэн ноцтой юмыг нягтлан бодсон бололтой, хэдэн минутын турш ийш тийшээ хөлхөж явснаа цонх руугаа очиж хөшгөө яран, өдөрт бол их шуугиантай байдаг, одоо ч гэсэн хөл хөдөлгөөн тасраагүй байгаа “Ардын 2” гудамж руу харж, хатуу хайрцагтай янжуур гарган татав.
Ханын том цаг чаг…чаг… гэж дуугарахас өөр чимээгүй, нам гүм цонхны салхивчаар орж ирсэн нэг шумуул хурандаагийн бичгийн ширээний дээгүүр баахан жингэнэн байснаа үүдний өрөө рүү алга болж өгөв.
Хурандаа гүн бодолд автагдаж, сэтгэл зовсон нь илэрхий. “…р хэлтсийн дарга хурандаа нөхөр Дэлгэр танаа!
Энэ оны долдугаар сарын 3-ны 21 цаг 00 минутад манай отрядын…р заставын хариуцсан “Талын толгой” хэмээх газар үл мэдэгдэх нэгэн хүн хил зөрчиж яваад баригдлаа. Ийнхүү баригдах үедээ хил хамгаалагч нартай буудалцаж, нэг хилчнийг амин газраар нь буудаж, эцэст нь өөрөө хүндээр шархдаж баригдав.
Энэхүү этгээдийг нэгжвэл түүний халааснаас Улаанбаатар хотын Сүхбаатарын хорооны 3 дугаар хорины харьяат Галсангийн Самбуу гэгч хүний хиймэл пиу бичиг, хөдөө зам явах бичиг, үнэмлэх, чүдэнзний хайрцагны хэртэй радио нэвтрүүлэгч, мөн өмсөж явсан савхин гутлы нь ширэн улны завсраас зүүний үзүүр олдов.
Самбуу хүнд шархадсан учир эмнэлэгт ирээд ухаан алдаж солиоров. Тэгж солиорох үедээ “Барааны дэлгүүр онгорхой байна уу? Маргааш очдог юм билүү 7+6=… 9-19-19-М-19” гэдэг тоонуудыг амандаа уншиж байна. Эмч нар амин тариа хийж, хичнээн тордовч ухаан орж сэхэх төлөвгүй байна.
…р отрядын тусгай тасгийн дарга Соном” хэмээсэн нууц мэдээг хурандаа Дэлгэр хүлээж аваад юу юугий нь анхаарч шалгах тухай тодорхой хариуг явуулсан байлаа.
Түүнээс гадна өөрийн хэлтсийн ахмад ажилтан Тогтохыг энэ хэргийг газар дээр нь биечлэн шалгуулахаар яаралтай явуулж амжсандаа хурандаагийн сэтгэл нэг талаар тайвшравч энэ болсон хэрэгтэй тодорхой танилцах юмсан гэхээс түүний сэтгэл улам яаран давчдана.
“Самбуу ухаан орвол, тэгээд бүр эдгэрвэл бидэнд тун их хэрэгтэй байна даа! Дэмийрч хэлсэн тоонууд чинь тус бүрдээ л тун чухал юм байгаа юм шүү!” гэж хурандаа нүдээ онийлгон бодлого болж тамхиа татсаар зогсоно.
Нэг асуудал гарвал түүнийг дуусан дуустал сэтгэл нь амардаггүй заншилтай хурандаа Дэлгэр энэ удаа …р отрядын төвөөс Самбуугийн талаар мөн онгоцоор явсан Тогтохын хүрч очсон, эсэх тухай цахилгаан мэдээ авах ёстой байжээ.
Шөнө дунд өнгөрч гадаа гудамжны хөл хөдөлгөөн татарч, нам гүм болжээ.
“Барааны дэлгүүр онгорхой байна уу? Маргааш очдог юм билүү? 7+6=… 9-19-19-М-19” гэдэг чинь жирийн үг биш, харин нууц түлхүүр юм уу эсвэл дангаараа тагнуулуудын хоорондоо харилцахад бие биенээ таньж мэдэх нууц үгнүүд байж болох юм.
Зүүний үзүүр олдож байгааг бодоход түүний сүвэгч нь заавал манайд байх ёстой доо… гээд тэр зүүний сүвэгч нь хэнд байх тухай бодох гэтэл хаалга тогшив.
Орох зөвшөөрөл авсны дараа шифрийн төлөөлөгч Самдан сандрангуй байдалтай орж ирэн хурандаагийн өмнө тавхийтэл номхон зогстол хурандаа түүний байдлыг ажиглан алгуурхнаар юу болов оо гэсэн шиг эгцлэн харав.
-Нөхөр хурандаад шинэ мэдээ авлаа гэхэд хурандаа,
-Ямар мэдээ?
-Самбуу нас баржээ
-Юу?… хэдийд тэр вэ?
-Шөнийн 2 цаг 19 минутад гэнэ. Одоо 2 цаг 30 минут болж байна.
-Ухаан оролгүй үхэж гэнэ үү?
-Тийм гэнэ нөхөр хурандаа
-Энэ чинь золгүй хэрэг байна даа. Хамаг төлөвлөгөө эвдэрлээ. Юу ч болсон Самбуугийн хүүрийг, баригдах үед нь түүний биед байсан эд мөрийн баримт, холбогдох материал сэлтийг маргаашийн онгоцоор ирүүл! гэж одоохон хариу өг.
-Гүйцэтгэе, нөхөр хурандаа! гээд нууц түлхүүрийн төлөөлөгч ёслон эргэв.
Нууц түлхүүрийн төлөөлөгчийн шинэ мэдээ нь хурандаагийн бодож байсан төлөвлөгөөг эвдэн, “Самбууг бүх бололцоогоор ашиглана” гэж төлөвлөсөн нь найдваргүй болж, түүний сэтгэлийг улам шаналгаж эхлэв.
Зүүний үзүүр гарч байхыг бодоход Самбууг аль ч талаар нь авч үзсэн “Зүүний сүвэгчтэй” холбоо барихаар орж ирсэн холбоочин тагнуул юм. Тэгэхлээр зүүний сүвэгч гэдэг чинь хэн бэ? гэдэг асуудлыг тогтоох болж байна. Аягүй бол явсаар байж, тэр зүүний сүвэгч чинь Орог-Саарал л болж магадгүй болох нээ… гэж бодсоор хурандаа өндөр түшлэгтэй зөөлөн сандал дээр суулаа.
Хурандаа Дэлгэрийн энэ сэрдэж байгаа Орог-Саарал гэдэг бол бага наснаасаа эхэлж Солонгос, Хятад, Өвөр монгол нутгаар тагнуул хийж, японы гадаадын тагнуулчдын дунд нэр зар тарсан, олон улсын тагнуулч бөгөөд манай улсад сураг нь цухас гарсан боловч одоо хүртэл олдоогүй байгаа олон жилийн түүх судартай этгээд бүлгээ.
Хурандаа хэдхэн минутын турш дуугүй шанаагаа тулж сууснаа ширээнийхээ нүднээс шугамгүй цулгуй цаас гаргаж, хүснэгт татаад дээд талд нь “Зүүний сүвэгчийг олох талаар зохиох дөчин тав хоногийн гүйцэтгэх ажлын төлөвлөгөө” хэмээн гарчиглав.
Улсыг аюулаас хамгаалах газарт бүх насаараа шахуу ажиллаж, туршлага суусан хашир хурандаагийн таамаглаж байгаа энэ Орог-Саарал гэгч чухам хэн болохыг гадарлахын тул юуны өмнө олон жилийн өмнөх үйл амьдрал, гарсан хэрэг, адал явдлын түүхтэй товч боловч танилцахад арга буюу хүргэв.
 
ШАГНАЛ ХҮРТЭВ
 
Үдийн наран толгой дээрээс эгцлэн шарж, бүх биеийн хөлс цутгам халуун шатахад гудамжаар яваа хүмүүсийн олонхи цагаан хөх, шар янз бүрийн өнгөтэй шүхэр толгой дээрээ барьж, явган хүний нарийн замаар тасралтгүй хөлхөж бужигнана.
Токио хотын баруун районд байдаг “Ога-Тага” буюу монголчилбол “Нар сарны хүрээ” гэдэг урт өргөн гудамжны хойд талд урагшаа харсан европ маягийн найман давхар өндөр цагаан байшин, уран нарийн хийцээрээ зуугаад жилийн өмнө баригдсан Японы хуучин уран барилгуудаас дутах боловч өнгө үзэмж, өндрөөрөө нүдэнд онц содон харагдана.
Тэр цагаан байшин руу ордог гол хаалганы дээд талын “Гадаад худалдааны их танхим” гэсэн хаяг дээр эзэн хаант Япон улсын төрийн сүлдийг хаджээ.
Хотын иргэд битгий хэл, бүх насаараа энэ танхимын үүдийг сахисан өвгөн хаалгач нар хүртэл “Их танхимд” ямар ажил хэрэг болдог, хэн хэн юу хийдэг, тэр ч байтугай ерөөсөө энд худалдааны асуудал эрхэлдэг эсэхийг ч үл гадарлана.
Энд үнэндээ гадаад улсуудтай худалдаагаар харилцах байтугай тэр талын хэрэг эрхэлсэн газар ч байхгүй, харин энэ нэрийн дор халхлагдсан Квантуны армийн штабын 2 дугаар газрын албан тасалгаа, зочид буудал, тусгай эд агуурсыг агуулах газар байдгийг цагаан байшинд ажилладаг чухал албаны хүмүүс л мэднэ.
“Их танхим” буюу Квантуны армийн штабын хоёрдугаар газар гэдэг нь цэрэг армийн ч холбогдолтой байгууллага биш харин Солонгос, Хятад, Өвөр монгол, Манжуур, Гадаад монгол, Орос болон ер нь азийн орнууд болон бүх хуурай газар дээгүүр явуулж байгаа тагнуулын асуудлыг захирсан эзэн хаант Япон улсын  тагнуулын  нэгэн төв газар болохыг тэрхүү өвгөн хаалгач нар хэрхэн мэдэх билээ.
Гадаад монгол дахь тагнуулын хэлтсийн дарга ноён хурандаа Танака гэгч нүдэндээ дүгэрэг хүрээтэй зузаан шил зүүсэн, халзан толгойтой, дээд талынхаа уруулд жирвийсэн хар сахал тавьсан, тарган цагаан өвгөжөөр хүн зөөлөвчтэй сандал дээр ихэмсэг дүрээр тухлан сууж, өмнө талдаа байгаа дунд зэргийн нуруутай, пинтүү халимагтай, ажсан хүнд баруун талын нүд давхраатай, зүүн талын нүд давхраагүй, бөлцгөрдүү, япон хүн, жигд цагаан шүдтэй, дарвагар зузаан уруултай сэргэлэн байрын залуутай харилцан ярилцаж, янлиутай янжуурыг аажимхан сорно.
Энэ дарвагар уруултай залуу бол Өвөр монголын Шилийн голын чуулганы Зүүн авга хошууны Эрдэнэ ноёны холын садангийн хүү тайж Саарал гэдэг нэртэй болж Өвөр монгол хийгээд гадаад монголын хил хязгаарыг тагнаж найман жил шахуу ажиллахдаа, Шилийн голын чуулганы нутгийн ардуудаас “Орог” гэдэг хоч хүртэж түүгээрээ нэршсэн хүн байв.
Тэрбээр энд байхдаа тайж хүний байдлаар гэзэг үс тавьж, мөнгөн хэт туухай зүүж, төө соруултай цагаан гаанс түрийлж язгууртан дээдсийн хэв галбираар хувцаслаж, японы талд уравсан ноён Эрдэнийн дэмжлэгтэйгээр Бээжин хот, Бандид гэгээний хийд, Вангийн сүм, Чанчун, Хөх хот, Хайлаар зэрэг олон хот орон, өргөн уудам нутаг дээгүүр аян зам, арилжаа наймааны ажлын нэрээр хэрэн хэсэж, Өвөр монголын дотоодод ба Ар Монгол руу явуулж байгаа тагнуулын ажлыг удирдалцаж явсан Квантуны армийн 2 дугаар газрын ажилтан хошууч ноён Оси гэгч цэвэр япон угсааны хүн байжээ.
-Гадаад Монголын талаар таны бүтээсэн ажлыг бид өндрөөр үнэлж байгаа гэж хурандаа Танака нүдээрээ инээмсэглэх дүр үзүүлэн өгүүлэхэд,
-Ноён хурандаа! миний өчүүхэн зүтгэлийг ихэд үнэлж байгаа явдалд би хязгааргүй их баярлаж байна хэмээн Оси эзэн хүнээсээ хоол горьдогч гөлөгний адил шарвалзан бөхөлзөж, хурандаа руу нүд салгалгүй гөлөлзөнө.
-Гадаад монгол хэл хэр сурав?
-Муугүй болсон.
-Хэв заншлы нь сайн судлав уу?
-Өвөр монголд байхдаа нэлээн юм мэдэж авлаа. Харин энэ талаар ч гайгүй болов уу гэж бодож байна.
-Гадаад монголыг байлдан авахын тулд эхлээд тагнуулын дайн хийх хэрэгтэй байна. Ийм ч учраас бид бүх хүчээ тийш нь чиглүүлэхийн чухлыг та эс мэдэх биш дээ?
-Ойлгож байна, ноён хурандаа гэж Орог-Саарал хариу хэлэхийн завсар, өнгөрсөн оны /1936/ нэгдүгээр сард Хятадын Чанчун хотод Квантуны армийн штабаас зохион явуулсан японы тагнуулын ажилтны зөвлөлгөөн дээр нэрт тагнуулчин Мацумурагаас,
-Манай Наран улсын явуулж байгаа бодлогын нэгдүгээр алхам нь Манжуурыг эзэлж авах ёстой. Бид үүнийг гүйцэтгэсэн, хоёрдугаар алхам бол Гадаад монголыг байлдан авахад орших бөгөөд үүний тулд бүх хүчээ чиглүүлэх ёстой. Энэ нь улс төр, цэрэг, эдийн засгийн талаар маш чухал холбогдолтой учраас бид энэ зүг рүү чармайж ажиллах болно гэж илтгэж байсныг сонссон нь түүний санаанд орж байв.
-Монгол руу зохиох ажилд таны хүчин туслалцаа их үнэтэй зүйл болж байна…
-Ойлгож байна ноён хурандаа минь
-Их наран улсын эзэн хааны өмнө энэ их чухал ажлыг гүйцэтгэж чадвал алт, мөнгө, үнэт эд агуурс, уран гоо хатагтай… энэ бүх зүйл таны алган дотор нэгмөсөн орж ирнэ шүү дээ! Энэ хүндэт үүргийг танаас өөр хэн биелүүлж чадна гэж дээ… гэсээр ноён хурандаа хэдэн орсгор шүдээ арзайлган, нүүрнийхээ арьсыг хацар дээрээ хуниралдуулж, зориуд инээмсэглэсээр ширээнийхээ араас босож, америк маягийн дөрвөлжин төмөр авдар руугаа түлхүүрээ хангинуулсаар очив.
Хошууч Орог-Саарал урьд өмнө ийм нялуун үгийг олонтаа сонсож юм үзэж, нүд тайлсан хүн боловч энэ удаа нээрээ ч алт, мөнгө, эд хогшил, ганган сайхан хатагтайг чинь ингэж байж л олж авна даа гэсэн бодол түүний толгойд цахилгаан адил харван орж, дэмий л нэг маасайлган инээмсэглэж, ноён хурандаагийн уудалж байгаа төмөр авдар руу юу гаргаж өгдөг бол доо гэсэн янзтай нүд салгалгүй гөлөлзөн ширтэнэ.
Хурандаа авдраа уудлах зуураа Орог-Саарал руу хандаж,
-Та явахынхаа өмнө миний орлогчтой уулзаж, тодорхой ярилцана шүү!
-За, ноён хурандаа
-Явтлаа хэдэн хоног тавтайхан амарч ав л даа! Тэгээд бид юуны өмнө таны цаашдын байгуулах гавьяанд чинь их амжилт хүсэж байна гээд хурандаа хоёр гурван тус боодолтой багц мөнгийг авч өгөхөд архинд жолоогүй дуртай хүн эхнийхээ хундагыг хийгээд архитай хундагаа ч барьж чадахгүй гар нь салганан чичирдэг лугаа адил Орог-Саарал их мөнгө харсандаа нүдэнд нь баясгалан төрж, зүрхэнд нь цог бадарч дарвалзан инээсээр нар салхинд борлосон болцгор гараа хурандаагийн өөдөөс салгануулан тосов.
Амьдралдаа ийм  олон мөнгөн  иенийг улаан алган дээрээ тавиулж үзээгүй хошууч Орог-Сааралын сэтгэл нь сэргэж, хөл нь хөнгөрч, магнай хагарам баярласандаа “Их танхим”-ын хаалгыг савлатал хар хүчээрээ хашгирмаар санагдсан боловч биеэ барьж, хурандаагийн мойног хуруутай атигар цагаан гарыг шүүрэн авч чанга атгавал, хурандаагийн хуруу нь өвдсөн бололтой дэмий л нэг ярвайжээ.
 
ЗУГААТАЙ ҮДЭШ
 
Хэдхэн цагийн өмнө гудамжинд гарч болохгүй шатам халуун, дотор суухын эрхгүй тэсэхүйеэ бөгчим байснаа далайн зүгээс сэрүүн салхи сэвэлзэж, оройн сэрүүн орж ахуйд үдшийн цагаан гэгээ тасарч байлаа.
Найман сая хүнийг гэр оронтой нь багтаасан энэ их хотын өндөр барилгуудын оройгоор хөх тэнгэр, аранзал улаан, улбар ягаан, шингэн ногоон өнгө бүрийн гэрлээр “Зоогийн газар”, “Зочид буудал”, “Их дэлгүүр”, “Банк”, “Кафе” гэх зэрэг том том хаягийг дээр доор, хөндлөн гулд өнгө хослуулан тавьсан нь нүд эрээлжлэм солонгорч их хотын шинж төрхийг бүрдүүлжээ.
Тэрхүү эгнүүлэн барьсан олон өндөр барилгын ёроолын нарийвтар гудамжаар нэг юм уу зарим нь хоёр гурван суудлын чиргүүл зүүсэн цахилгаан тэрэг хойш урагшаа зөрөлдөн өнгөрөхөд түүний тосгүй болсон дугуй, төмөр зам хоёр харшиж, хяхнах дуун гарах нь чихэнд үнэхээр эвгүй сонсогдоно.
Энд тэндгүй гэрэл дэнлүү болсон муруй саруй, өргөн нарийн янз бүрийн гудамжаар машин, цахилгаан тэрэг шил шилээ харан чих дөжрөм хүнгэнэж дуугарахын хамт хажуугийн явган хүний замаар цэрэг, энгийн холилдсон мянга түмэн хүн зорчилдох нь их усны долгио үелзэх мэт харагдана.
Гадаадын тойрон аялагч нар, жуулчид, ноёд, сайд, гадаад, дотоодын банкны эзэд, хөрөнгөтөн нар голдуу буудалладаг “Япон тэнгис” гэдэг том зочид буудлын нэгдүгээр давхарт, нийслэл хотод нэлээд дээгүүр ордог зоогийн газар шөнө дөл болтол онгойно.
Өнгө бүрийн гантиг, ховор эрдэнэсийн чулуугаар чимэглэсэн гоёмсог зоогийн газар орвол, хаашаа ч харсан шил толийн адил гялтганан гялбалзаж, европ маягийн дагшаа найраг хөгжим вааг вааг гэж заримдаа огцом дуугарч, түүний ая эрэмбэнд нь тааруулан бүжиглэж байгаа улс цөөнгүй үзэгдэнэ.
Нийтийн хөл хөдөлгөөн оволзож байгаа өргөн гудамж руу харсан, цас шиг цагаан мяндсан хөшигтэй саруулхан том цонхны дэргэдэх онцгой нэгэн ширээн дээр баячуулын өмсдөг богино энгэртэй, олон жижиг товчтой, цээжин талаараа бариухан хийсэн шинэ хар костюм, цагаан цамц өмсөж цагаан зангиа зүүсэн, хотын хүн гэж бодоход нар салхинд борлосон царайтай, дарвагар уруултай залуу нэлээд халмагхан сууж байв.
Энэ нь бидний хуучин танил Оси буюу Орог-Саарал мөн байлаа. Орог-Саарал янлиутай япон янжуур татаж, давхраатай бөлцгөр нүдээ онийлгож, сэтгэл нэлээд дүүрэн байгаа байдалтай, хундагатай архи руугаа нэг хялавсхийснээ хажуугийнхаа ширээн дээр суусан гурван хүүхнийг шохоорхон харж гөлөрнө.
Тэр гурвын өмссөн хувцас байдал, зан төрхийг нь ажвал өдөр бүр шахам зоогийн газар ирж архи дарс ууж мансуурсан, хэн дуртай хүнтэй бүжиглэж, мөнгө элбэгтэй баячуулыг дагаж, тэдэнтэй зугаагаа гаргаж амьдардаг гудамжны хүүхнүүд гэдэг нь хүмүүсийн нүдэнд илхэн байлаа.
Орог-Саарал нөгөө гурван хүүхнийг хулгай нүдээр шохоорхон харж суухдаа “Эд нар ч учиртай л хонгорууд байна даа. Болж өгвөл нэгийг нь аваад явах арга бодъё… За байз уу, аль нь дээр юм бэ? Бие бялдар, гоо үзэмжээрээ наад талд нь суугаа тайранхай үстэй булцгар цагаан хүүхэн овоо юм уу? Яаж уулзах билээ? Очдог юм билүү, эсвэл эвийг нь олоод урих юм билүү? Хийж чадмаар бүжигт урьсан ч болох юм…” гэж бодож суух зуур үйлчлэгч халзан толгойтой тарган өвгөн хажуугийн ширээн дээр шөлтэй хоол, архи дарс авчирч өгч байгааг ажив.
Орог-Саарал цаас харандаа гаргаж “Би тантай уулзахыг ихэд хүснэм. Миний ширээн дээр ирж суувал би түмэнтээ баярлахсан… О” гэж бичээд халзан толгойтой өвгөн рүү дохив.
Өвгөн барьж явсан цагаан алчуураа мөрөн дээгүүрээ тохож, их л аятайхан зантай инээмсэглэсээр дөхөж ирвэл Орог-Саарал үйлчлэгч өвгөний сарвуунаас зөөлөн барьж,
-Наад талын тайранхай үстэй цагаан хүүхэнд энэ бичгийг дамжуулж тус болно уу? гээд зурвасаа таван иений хамт өгвөл, өвгөн мөнгийг нь халаасандаа хийгээд, бичгийг нь тайранхай үст хүүхэнд өгүүт, чихэнд нь үг шивнэх шиг болов. Тайранхай үст бичгийг нь уншсаны дараагаар их л наалинхай байдлаар инээмсэглэн эргэж харвал Орог-Саарал нүүр улайсхийснээ, хэлэх үгээ ч олсонгүй “Та наашаа суухгүй юу?” гэсэн байртай хий л толгойгоо тонголзуулж, найр тавьсан дүр үзүүлэв.
Ашгүй энэ үед дагшаа найраг хөгжим вааг вааг дуугарч түргэн явдалтай бүжиг хийж эхлэв. Энэ далимыг ашиглаж Орог-Саарал босож очоод нөгөө тайранхай үстийг урьж амжжээ.
Хэдхэн хундага хар архи уусандаа биеийн нь тэнцвэр алдагдаж, энд тэндгүй тэнтэр тунтар гишгэж яваагаа мэдэж биеэ хичнээн барихыг оролдовч ойрын жил бүжиглээгүй, тэгээд бас хот газрын сүүлийн үеийн чамин бүжгийг хийхэд түүнд үнэхээр хялбар биш байв.
Орог-Саарал нөгөө тайранхай үсттэй хоёр удаа бүжиглэхдээ нэрийг нь асуувал Нагата гэжээ.
Орог-Саарал хэд гурван үг сольсны дараа Нагатаг өөрийнхөө ширээнд урьж суулгаад, үйлчлэгч өвгөнийг ирүүлж шарсан загас, өндөгтэй цагаан будаа, өргөст хэмх, архи дарс тэргүүтнийг нэмж захиад сэтгэл нь сая амарсан шинжтэй духныхаа хөлсийг арчиж, янлиутай янжуураа гаргаж татав.
Гудамжинд хөл хөдөлгөөн багасаж үдэш орой болжээ. Зоогийн газар байсан улсын ихэнх нь тараад харин хэд гуравхан согтуу хүн үйлчлэгч нараас архи нэхэж “явахгүй, барихгүй” гэж байгаа сонсогдоно.
Орог-Саарал Нагата хүүхнийг сугадаад зоогийн газраас хэзээ язааны эхнэр, хар хүн хоёр шиг гарч одов.
Нагата цээж рүү нь орчих гэж байгаа юм шиг шуналтайгаар наалдахад Орог-Саарал түүний бэлхүүсээр нь чангахан тэврээд толгойгий нь хацартаа наасаар явав. Цахилгаан тэрэг явж байгаа өргөн гудамж руу уруудаж явахдаа Орог-Саарал,
-Танайх хол уу? гэж асуухад Нагата,
-Цахилгаан тэргээр хоёр буудал явна.
-Гэртээ олуулаа юу?
-Манай аав, ээж хоёр хотын захад, бараг тосгонд шахуу суудаг юмаа.
-Аа чи өөрөө?
-Би ч яахав асрагч авгайн хамт суудаг.
-Нагата цахилгаан тэрэг ирж явна. Үүгээр явах уу?
-Нээрээ тэгье. Энэ чинь манай тийшээ явдаг юм гэсээр Орог-Сааралыг хөтлөн цахилгаан тэрэгний өөдөөс тосож гүйв.
Шөнийн 12 цаг болоход “Цахилгаан мэдээ” гэсэн өндөр байшингийн орой дахь асар том цаг дүн дан дүн гэж нүсэр дуугаар уянгалан цохиж байлаа. Энэ үед “Цахилгаан мэдээ” гэсэн хаягтай тэрхүү байшингийн өмнөх буудал дээр цахилгаан тэрэг зогсмогц Нагата, Орог-Саарал хоёр явган хүний гардаг гарцаар ч орсонгүй, гудамж хөндлөн огтолж тэр чигээрээ хөтлөлцөж гүйв.
Орог-Саарал хаашаа ч яваагаа мэдэхгүй Нагата хүүхэнд хөтлөгдөн тэнтэр тунтар хийн эвгүй алхалсаар явлаа.
Хоёр гудамж хөндлөн гарсны дараа гэрэлгүй шахам нарийхан гудамж уруудаж хэд алхсанаа нэг байшингийн үүдэнд ирж Нагата хоолойгоо засаад хаалгыг тогшив.
Зөөлөн ханзан дээр зүүрмэглэж хэвтсэн “асрагч” авгай хаалга тогшихын чимээгээр нүдээ нухлан босохын завсар,
-Хэн нь ирэв дээ? Бэл цэл муутай хоёрын хооронд л юм битгий авчраасай! гэж аман дотроо үглэсээр хаалга руу дөхөж очин,
-Хэн бэ? гэж асуув.
-Нагата байнаа, онгойлгооч! гэж аяархан хэлбэл “асрагч” авгай түүний дууг даруй таньж, ямар ч тээнэгэлзэлгүйгээр хаалганыхаа түгжээг мултлав.
“Асрагч” авгай Нагатаг орж ирэнгүүт түүний дагуулж ирсэн Орог-Сааралыг өмссөн хар шаахайнаас нь аваад толгой дээрээ тавьсан дугуй хар эсгий малгайгийг нь хүртэл хурамхан зуур ажиглаж хуурамчаар инээмсэглэж найр тавих дүр үзүүлэн “үүнийг чинь харваас овоо бэлжээрхүү баян залуу байна шүү! За муу нагата минь овоо дориун юм олж ирж дээ, яамай даа. Эд нарыг чинь ногоон тасалгаанд оруулахаас биш яахав” гэж бодон Нагата руу нууцханаар дунд хуруу, долоовор хуруу хоёроо гозойлгов.
Энэ нь шар тасалгаа биш, нэлээн дээгүүрхэн “зочин” авчрахад оруулдаг ногоон тасалгаанд очиж тухалцгаа! гэсэн дохио тул Нагата хүүхэн, гэрийн эзэн асрагч авгайн сэтгэл дүүрэн байгааг мэдээд Орог-Сааралыг хоёрдугаар давхрын шат өөд сугадсаар гарав.
Шатны хоёр талд бүдэг гэрэл асаж, тэдний явах замыг гэрэлтүүлжээ.
Хоёрдугаар давхарт, өөд өөдөөсөө харсан хөх, шар, ногоон, ягаан дөрвөн өнгийн хаалга байх бөгөөд Нагата хүүхэн ногоон хаалгыг татаж Орог-Сааралыг зочдын өрөөнд урьж оруулав.
Рубенсын “Газар усны холбоо”, Эдгар Дегагийн “Халуун усанд ороход” мөн Реунар, Рембранд нарын зэрэг баруун европын зураачдын сонгомол зургуудыг жаазанд тавьж, өнгийн гэрэл солонгоруулсан ногоон тасалгааны зочдын өрөөний дугуй ширээн дээр лийр, алим жимс, архи дарс тэргүүтнийг бэлтгэн базаажээ.
Нагата хүүхэн толины өмнө зогсож тайранхай үсээ ар тийш нь самнаснаа, архинаас хундагалж Орог-Сааралын өмнө нэгий нь тавиад өөрөө нэгийг нь барьж түүний өвөр дээр гарч суув.
Гэрийн эзэн “асрагч” авгай тэр хоёрын зугааны тухай бодсонгүй, харин ногоон танхимд баян хүн авчирч унтуулсан Нагатагаас ахиухан л юм авна даа гэж өглөө авах мөнгөнийхөө тухай бодол болон зүүрмэглэж байснаа нэг мэдсэн хурхиран унтжээ.
Орог-Саарал эхний хоёр хундагыг балгасны дараа өвөр дээрээ суулгасан Нагатагийн бэлхүүсээр чангалан тэврээд “Энэ чинь завхрах нь завхарч дууссан хүүхэн дээ… Хэдий тэгж самуурсан боловч энэ нүд, ам, хамар, бүх биеийнхээ төрх байдлаар даанч хөөрхөн золиг юм даа. Үүнийг “охин” байхад нь нэг тааралдсан бол мөн догь оо” гэдэг бодол өөрийн эрхгүй төрж дэмий л нэг түүний нүцгэн гуяыг илж суув.
Хажуугийн тасалгаанаас нарийхан дуутай эмэгтэй хүний чанга чанга юм хэлэх, бүдүүн хоолойтой эрэгтэй хүний мар мар хийн хөхрөх чимээ гарахад “Өчигдрийн ирдэг халзан толгойтой ноён мөн хөх тасалгаанд ирчихсэн наргиж байгаа юм байна шүү дээ. Ямар их мөнгөтэй баян хижиг вэ? гэж Орог-Сааралын хүзүүгээр тэвэрч суусан Нагата хүүхэнд өчигдөрийн өнгөрсөн зугаатай байдал дурсагдаж байхад “Би энэ хүүхэнтэй явтлаа ингэж…байвал миний мөнгө хүрдэг болов уу? Хэрэв дутаж орхивол хурандаа Танакаас мөнгө гуйна даа” гэж Орог-Саарал өөрийнхөө тухай бодно.
Нагата, Орог-Сааралыг зөөлөн цээжээрээ шахаж халуун биеэрээ улам наалдаж суугаад,
-Өвгөн минь ядарч байна уу? гэж шивнэн, жөмбөгөр уруулаа хацарт нь хүргэвэл, түүний бүх бие халуу шатан дарвигнах шиг болж, гал дөлийн адил дүрэлзэж байсан тачаангуй сэтгэлийн эрхэнд нэгмөсөн оржээ…
Нагата босож зочдын өрөөний гэрлийг унтраагаад, цагаан цэнхэр хөшгөөр тусгаарлагдсан цаад талын унтлагын тасалгаанд орж, бүдэг ногоон гэрэл асаавал түүний ногоон туяа дугуй ширээний ард сууж хоцорсон Орог-Сааралын нүүрэнд тусчээ.
Их удсангүй Нагата хоолойгоо засав… тэр хоолой зассаны дараа Орог-Сааралын зүрх улам хүчтэйгээр түг түг цохилж тэрхэн зуур өөрийн мэдэлгүй босож цагаан цэнхэр хөшгийг ярвал, эрт цагаас нааш ялангуяа япончуудын эрхэмлэн зурж, шүтэж ирсэн Мадонна дагины дүр лүгээ адил хүүхэн гоо үзэмж жигдэрч, хиртэй гараар илэмгүй булбарай цагаан биетэй үзэсгэлэн төгс сайхан хатагтай эргэн харж хүзүүгээр нь тэврэв.
Хажуугийн хөх тасалгаанд түрүүний инээлдэж байсан улс унтсан бололтой, ногоон тасалгаанд ч чимээ аниргүй, зөвхөн орны толгойны тус газар байгаа ширээн дээрх ногоон гэрэл урьдын адил тайвнаар гэрэлтэж байв.
Энэ үед Орог-Саарал Монгол, Манжуур, Хятадын хойд талаар амьдарч явсан долоон жилийнхээ амьдралыг, тэр ч байтугай хэдхэн цагийн өмнө хурандаа Танакаас авсан их шагналынхаа тухай ч ор тас мартаад, цочмогдон сандарсан зүрхний нь цохилт аажмаар буурч, цус нь судал дундуураа уулын булаг урсахын адил чөлөөтэй гүйх шиг болж, хэдий тамирдсан боловч бүх бие нь тавигдан амарч, гар хөл нь үе мөчөөрөө салан сарниж, эзэнгүй мэт суларчээ.
Түүний сэтгэлийн хатаж ширгэсэн балчиг, намар гандаж шарласан ургамал, ногоо тэр бүхэн нь амьдрал, дурлал, тачаалын элбэг дэлбэг рашаанаар бялхан дүүрч, хагсаж ундаассан бие нь өнгө зүсээ өөрчлөн ахин цоо шинээр урган цэцэглэж, соёолон дэлгэрэх шиг болжээ.
 
ДАЙЛАМЫН СҮМД
 
Дайламын овоо хэмээх орой дээрээ хадаг яндар болсон чулуун овоо бүхий жижиг толгойн өвөр талд өндөр сүмийн орой цухалзаж, түүний алтан ганжир нь зүүн зүгт хөхрөн харагдах хөндлөн уулсын цаанаас мандаж байгаа нарны гэрэлд нүд гялбам гялтагнан харагдах нь энд том суурин газар байгаагийн шинжийг илтгэнэ.
Тэрхүү хийдийн дэргэд хэд хэдэн өндөр цагаан суварга бусдаас онцгой үзэгдэх бөгөөд суварганы орчмоос хонхны дуу хангинан жингэнэж, бүрээ бишгүүрийн дуу нарийн бүдүүн тус бүрийнхээ өнгөөр, өнгө хослон дуугарах нь бас нэг өөр газар орон болохыг санагдуулна.
Энэ хийд нь Авга бэйсийн буюу зүүн авга нарын хошууны засаг захиргаа, бурхан шажны төв болж олон арван жилийн өмнө тогтжээ.
Дайламын сүм нь дөрвөн зуу гаруй лам нарын гэр орон хурал номын дуган, сүм, хятадын худалдааны газар, энгийн айлуудын гэр орон, японы цэргийн хуаран, зэвсгийн агуулах, цагдан сэргийлэх зэргээс бүрдэж, хойш урагшаа явах олон замын уулзвар дээр тогтсон суурин газар билээ.
Суурингийн зүүн хойд захад япон цэргийн хуаран дангаараа байх бөгөөд түүний өмнө талын “Ангар мөрөн” хэмээх гудамжны зүүн мухарт нь Японы цагдаагийн газар, мөн түүний хамар хашаанд Түгжи Чуваны /Түгжигуван буюу нутгийн ардуудад “Онцгой яам” гэж алдаршсан Квантуны армийн штабын 2 дугаар газарт харьяалагддаг тагнуулын хэлтсүүд өвөр монголын Бандид гэгээний хийд, Хаалган, Хөх хот, Шилийн голын чуулган, Вангийн сүм, Хайлаар зэрэг суурьшсан төв газруудад байгуулагдсан юм. Энэ “Онцгой яам” дороо олон тасаг, тагнуулын багийг захирч байсан билээ. Өвөр монголд байгуулагдсан Онцгой яам нь арван таван тасаг, гучин хоёр тагнуулын баг, мөн олон тооны тусгай тагнуулыг гартаа барьж Гадаад монголын зүг тагнах ажлаа зохиож байжээ./ Харьяа монгол руу тагнах асуудлыг хариуцсан тагнуулын тасгийн албан контор, зочид буудал, дарга нарын байр, орон сууц, харуул манааны газрууд байрлана.
Олон хоног тэсэн ядан хүлээж байсан Токиогийн зочин ноён Орог-Саарал өнгөрөх шөнө энд ирж түүнийг энэ тасгийнхан хүлээн авч дайллага цайллага болоод орой унтацгаажээ.
Манаач нарын арын хүрэн байшинд давхраа алаг нүдтэй, яралзсан цагаан шүдтэй, шингэн цагаан царайтай гуалиг нарийхан нуруутай арван найм орчим насны хөөрхөн бүсгүй гунигийн дуу аялан өглөөний хоол цай бэлтгэж байгаа бололтой зочдын өрөө, гал тогооны өрөө хоёрын хооронд нааш цаашаа хөлхөнө.
Энэ үед унтлагын тасалгаанд нэг хүн баахан пижиг пажиг болсноо их удсангүй өл халзан толгойтой, унжуу хамартай, хөх хар хүн гарч ирээд нөгөө бүсгүй рүү нойрмог нүдээрээ инээмсэглэн харж,
-Хүн утасдаагүй биз? гэж асуухад,
-Үгүй гэж ганцхан үг хариулаад тэр бүсгүй гал тогооны өрөө рүү оров.
Энэ унжуу хамарт эндхийн тагнуулын тасгийн даргаар долоон жил ажилласан Ширмэнбаатар гэгч бөгөөд өөрийнхөө нэрийг бусдад хэлдэггүй учир чухам япон нэр нь хэн гэдгийг нутгийнхан мэдэх нь битгий хэл, хамт ажилладаг хүмүүс нь ч нэг удаа сонсоогүй билээ.
Харин Зүүн үзэмчний хошуунаас гоо үзэмжээрээ нэрд гарсан Сарангэрэл гэгч энэ сайхан бүсгүйг хошууны нь ноёнтой хуйвалдаж, арван мянган иенээр худалдаж, албын хүчээр авсан явдлыг энэ хошуугаар зогсохгүй бүх орон даяар шуугин ярилцдаг байжээ.
Ширмэнбаатар өглөөнийхөө хоолыг идэж, цайгаа хагас дутуу уугаад ажил руугаа яаравчлан очиж Орог-Сааралыг хүлээж авах талаар бэлтгэж байтал Орог-Саарал орж иржээ.
Ширмэнбаатар энэ хоёр найман жилийн өмнө Токиод тагнуулын дээд сургууль хамт төгссөнөөс хойш айвуу тайвуу сууж юм ярилцахаар чөлөөтэй уулзаж чадаагүй учир харин завшаан олдсоных энэ удаа албан ажлын амжилтаасаа эхлээд аж амьдралынхаа талыг хүртэл хөөрөн ярилцах бололцоотой байв.
Онцгой яамнаас Орог-Сааралыг ирэхээс хоёр сарын өмнө “Гадаад Монгол руу хүн гаргана. Нарийн арга бодож, газар орон судалж, төлөвлөгөөгөө урьдчилан боловсруулж бай!” гэсэн тушаалыг авсан учир Ширмэнбаатар зогсоо зайгүй ажиллаж бэлтгэлээ хийж амжсан байна.
-Манай тасаг бол Гадаад Монголын хязгаарын цэргийн …р отрядын хариуцаж байгаа газар орныг тагнаж байдаг юм гээд Ширмэнбаатар газрын зураг дэлгэж түүн дээр байгаа уул, овоо, дов толгод, зам харилцаа, цэргийн анги, хилийн харуулын газрыг хүртэл тоймлон зурсан бүх таних тэмдгүүдийг тайлбарлаад дараа нь гадагш нь хүн гаргахдаа ямар арга сүвэгчилснээ ихэд бахархан, өөрийгөө магтангуй янзтай ярьж байлаа.
Ширмэнбаатарын ярьсан товч ярианаас хил гарахад тун явдалтай, тэгээд ч сэжиггүй гарахын тулд энд олон хоногийн дасгал хийхгүй бол хол явахгүй хэрэг байна даа гэдэг бодол Орог-Сааралд төрж анхны санаж байсныг бодвол зүрх нь шантрах шиг болсондоо хий л нэг уртаар санаа алджээ.
 
ҮХРИЙН МӨР
 
Уудам хээр нутгийн дундуур явахад царцаахай энд тэндгүй эргэн тойрон цар цар хийж, гандан шарлаж байгаа өвсний толгой дэгдүү хүрмээр цэрдгэр голионууд гарч эсс, ссс…эсс…эсс гэж исгэрнэ. Энэ бүхэн нь монгол газар алтан шар намар болж байгаагийн шинж ажээ.
Дундуураа эрэг ганга болсон урт урт ухаануудын оройгоорхи барсгар чулуунуудыг алсаас харахад үхэр, адуун сүрэг сүрэглэн бэлчиж яваа мэт харагдана.
Тэр ухаануудын зүүн талын шовгор бор толгой бол Өвөр монголтой хил залгасан манай Монгол улсын хилийн зааг билээ.
Улсын торгон хилийн шалгах зурвас тэр шовгор толгойг дайраад гарсныг харахад олон жилийн турш түм буман амьтан зорчсон хуучин зам лугаа адил үзэгдэнэ.
Манай хилийн зурвасын цаана хоёр километрийн хэртэй газар цагаан толгойтой хүрэн бяруу дагуулсан долоон тооны үхэр өглөөнөөс хойш байсныг шовгор толгойн хянах байранд суусан хилчид нүд салгалгүй дурандсаар байлаа.
Тэр долоон үхэр дороо тогтсон боловч наашаа явах төлөвтэй идээшилж байгааг хилчид хичнээн сонирхож дурандавч түүнийг сонирхолтой юм юу ч харагдсангүй.
Нар жаргаагүй байхад үүл гарч салхин дэгдсэнээ юм харахын эрхгүй элсэн шуурга тавьж тэнгэр харанхуйллаа.
Ингэж элсэн шуурга тавих нь элсэрхэг тал, говь газар ялангуяа хавар намрын цагт олонтаа тохиолдоно.
Шөнө дундын алдад элсэн шуурга жаал тогтож, дараа нь бороо асгаж эхлэв.
Өглөө болоход өчигдрийн байсан долоон үхэр алга болсон байлаа. Хэдий бороо орсоор байсан боловч хилчид хянах байрнаасаа гарч хилийнхээ зурвасыг шалгаж эхлэв.
Нүд соргог хилчид хилийн зурвас огтолсон долоон үхрийн мөрийг чадан ядан байж тогтоогоод, нарийвчлан шалгаж үзвэл бороо орохын өмнөхөн зургаан том, нэг жижиг үхэр явж өнгөрсөн мөр байхыг магадлажээ.
Үхэр хил давсан тухай заставаас отрядын төв рүү утасдаж нэн даруй шалгах үүрэг авсан байв.
Заставын дарга Банзар шалгах хэсэг томилж, хилийн зурвас огтолсон газраас авахуулаад хилийн гүн тийш мөрдсөн боловч шороо их шуураад дараа нь бороо орсон тул хил давж ирсэн үхрийг мөрдөх нөхцөлгүй болж зөвхөн таамгаар эрэхэд хүрэв.
Шуурганд уруудсан чиглэл, ерөнхий төлөвийг бодож бүхэл өдрийн турш хилээс дотогш дөч шахуу километр газар таавраар эрээд олсонгүй. Бүр найдвараа алдаад заставаас асар холгүй байдаг хонхруудаар самнавал “Ядамын хонхор” гэдэгт цагаан толгойтой хүрэн бяруутай таван бүдүүн үхэр нэлээд даарч хоносон бололтой уруугаа хараад зогсож байлаа.
Өнгөрсөн жил энэ гүн хонхроос хилчин Ядам гадаадаас орж ирсэн нэг тагнуулыг барьсны улмаас “Ядамын хонхор” гэж нэрлэсэн бөгөөд энэ хавьд “Намдагийн хонхор”, “Чүлтэмийн хонхор” гэх зэрэг нэртэй хонхор, эрэг ганга цөөнгүй ажээ.
Шалгаж үзвэл өчигдрийн байсан долоон үхрээс баруун бөөрөн дээрээ цагаантай хар үхэр салж алга болсон байлаа.
Хар сархиагтай өндөр ухаа, харгана, дэрстэй өргөн тал нутгаар ганц үхрийг эрж олох нь тийм ч хялбар хэрэг биш билээ. Үргэлжилсэн урт ухаануудыг самнаж эрсний дараа нар жаргахын өмнөхөн “Баясгалант” гэдэг жижгэвтэр толгой дээр гарч дурандвал “Цагаан нуурын говь” гэдэг газраар нутгийн айлуудын адуу тэмээ, хонин сүрэг бэлчиж яваа харагдахаас гадна дэрсний захад нэг бөөн хар юм хэвтэж байгаа нь торолзов.
Банзар даргатай шалгах хэсгийнхэн говь руу хар хурдаараа давхиж дэрсний захад хэвтэж байгаа бөөн хар юман дээр хүрч очвол хил давж ирсэн бөөрөн дээрээ цагаантай хар үхэр зүсээрээ хэвтэж байхыг, хянах байрнаас дурандаж байсан хилчид таньж, энэ тухай заставынхаа даргад илтгэж долоон үхрийн нэг мөн болохыг батлав.
-Хөж! хөж! гэж хичнээн дуугаравч нөгөө бөөр алаг үхэр ямар ч хөдөлгөөнгүй тэр ч байтугай нүд нь ч үхсэн юм шиг гөлөрч, музейн чихмэл лугаа адил хэвтэх нь заставын даргын гайхлыг төрүүлэв.
Банзар дарга мориноосоо бууж нөгөө үхрийг цээжин дундуур нь ороолговол пин пин гэж хөндий сав шиг дуугарахад дэргэд нь зогссон шалгах хэсгийнхний морьд үргэж хамраа дуугаргаж чихээ сортолзуулав.
Банзарын тушаалаар хамт явсан гурван цэрэг нь буугаа бэлтгэж үхрийг хүрээлэн зогсов.
-Бос! Босохгүй бол буудна шүү! гэж Банзар эрсхэн бөгөөд сүртэй хэлсэн боловч үхэр хэвтсэн хэвээр л байлаа…
Банзар дарга бөөр алаг үхрийн сүүлнээс нь, нөгөө цэрэг толгойноос нь бариад хажуу тийш нь гулдарвал тэр үхрийн цээж нь шалчийв. Сайн ажиглавал тэр үхэр нь гэдсэн доогуураа цахилгаан товчтой байлаа.
Банзар тэрхүү цахилгаан товчийг өвчүүнд нь хүртэл татвал дотроос нь хөвөн, даавуу, хоосон лонх гарснаас гадна хүний нүцгэн хөл бултасхийжээ.
Үхрийг нарийвчлан шалгавал бөгсөн талд нь монголжуу царайтай, хацар дээрээ их сорвитой, залуухан хүн алагдсан байлаа.
Бүх байдалтай танилцаж үзээд Банзар шалгах хэсгийнхээс хоёрыг нь отрядын төвд холбоо бариулахаар давхиулав.
Хэдий сар харанхуй, орой болсон боловч газар орныхоо байдлыг дов, сондуул хүртэл алдалгүй сайн мэддэг хоёр холбоочин морио гуядан пижигнүүлэв.
 
ҮХРИЙН ЦЭЭЖ АЛГА БОЛОВ
 
Талын дундуур дүнхийн харагдах “Баян-Уул хэмээх өндөр уулын оройгоор мандаж байгаа нарны туяа гэрэлтэж нутгийн айлуудын цагаан гэрээс шингэн утаа эгц дээшээ олгойдож, цайны модон уурнууд энд тэндгүй түг түг дуугаран, зарим айлын гадуур хонь, ямаа майлалдах нь сонсдоно.
Энэ үед “бөөр алаг үхэр” хэвтэж байсан газар хөнгөн тэрэг, бас нэг эмнэлгийн машин хоёр зогсож, нэлээн хэдэн хүн бужигналдаж байв.
Хөнгөн тэргээр отрядын төвөөс тусгай тасгийн дарга Дэлгэр, зураг авдаг, шинжилгээ хийдэг хоёр гүйцэтгэх ажилтан бас отрядын эмч нар ирсэн байлаа.
Үхэр олсон газар дээр акт бичиж, гэрэл зураг, гар хурууны хээ бүхий л талын баримтыг цуглуулж бүртгээд дарга Дэлгэр нөгөө залуу хүний хүүрийг эмнэлгийн шинжлэн тогтоох комисст шилжүүлэх шийдвэр гаргаж цаашид эрэн сурвалжлах ажил нэн даруй зохиох нь зүйтэй гэж үзжээ.
…дугаар отрядын эмнэлгээс томилогдсон эмнэлгийн шинжлэн тогтоох комиссын акт ¹59 1937 оны 8 сарын 29
Нэр, овог, аль улсын харьяат болох нь үл мэдэгдэх 24-25 орчим насны залуу хүний хүүрийг шинжлэн үзвэл нийгмийн аливаа нэгэн халдварт өвчингүй, бие эрүүл, эрхтэн бүтэн бөгөөд ямар нэгэн хоёр дахь этгээдээс дөрвөн өндрөөр нь өргөнөөрөө 5 см орчим хутгаар 16-18 см гүнзгий хутгалж зүрхийг нь хүнд шархдуулаад дараа нь амыг барьж алсан байна. Нэгэнтээ зүрхэнд нь мэс лав хүрсэн учир тэгж их эсэргүүцэл үзүүлж чадсангүй дороо нас барсан нь илэрхий.
Энэ хүнд ямар нэгэн онцгой шинж, содон тэмдэг байхгүй, харин дөрвөн хөлөөрөө явах, мөлхөх, гараараа явах зэргийн сургуулийг удаан цагаар хийсэн тул түүний гарын алга, өвдөг, хөлөнд нь зарим газартаа 1 см хүртэл зузаан сайр тогтсон байлаа” хэмээсэн актыг тасгийн дарга Дэлгэрт ирүүлсэн байжээ.
Өглөө найман цаг болоход газар дээр нь авсан гэрэл зураг, заставын дарга Банзарын илтгэл мэдээлэл, лабораторид шинжилж гаргасан хурууны хээ, эмнэлгийн комиссоос тавьсан акт зэрэг материалаас бүрдсэн, эзэн нь тогтоогдоогүй хавтаст хэрэг нээгдсэн байлаа.
Цугласан материалаас харахад энэ залуутай хамт явсан хүн нь хутгалж алсан бөгөөд тэр алуурчны баруун гарын дунд гурван хуруу нь битүү, эрхий хуруу, чигчий хуруу хоёр саланги байсан нь хурууны хэвийн шинжилгээнээс илэрхий байв.
Тасгийн дарга, болсон бүх явдал, гарт нь орсон материалаа үзээд энэ үхрийн хэргийг ингэж дүгнэв.
1.Япончууд Дайламын сүмээр дайруулж нэг сайн тагнуулаа оруулахын тулд олон сар бэлтгэж нэлээд нарийн аргаар биднийг маллахыг боджээ. Салхин шуурга дэгдэж, бороо орохыг урьдчилж мэдээд энэ шуурганы үеэр үхрээ оруулж ирэхээр бодож, япончууд зориуд тэр долоон үхрийг манай хилийн ойролцоо байлгасан байна.
2.Үхрийн дотор хоёр хүн багтаж нэг нь цээжинд нь нөгөө нь бөгсөнд нь орж үхэр шиг явахын тул тун багагүй сургууль хийснийг бодоход удаан хугацаагаар бэлтгэсэн байжээ. Тэгээд тэр “үхрийн цээж нь” хил давж орсон хойноо “одоо хэрэг бүтлээ!” гэж үзээд бөгсөн талаа нударчихаад алга болсноос зайлшгүй. Харин “үхрийн бөгс” нь зөвхөн золиосонд явж байгаад амь үрэгдсэн хөлсний ядуу амьтан байж болох юм.
“Үхрийн цээж” нь ойр зуур тагнах ажил хийхгүй бүр лав явж холбоо барих юм уу, эсвэл суурин тагнуул болж суух даалгавартай байснаас гарцаагүй гэдэг дүгнэлт хийгээд япончууд чухам хэн гэгчийг явуулав гэдгийг мэдэхсэн гэж Дэлгэр толгойгоо салаавчлан бодлого болсоор байв.
Хэн орж ирснийг таахад тун тайлагдахгүй оньсого боловч олон жилийн турш энд ажилласан хашир чекист Дэлгэр зөвхөн хилийн доторх асуудлыг мэдэх төдийгүй, хилийн цаад талын ард түмний амьдрал, тэдний санаа сэтгэл, ялангуяа манай улсын эсрэг ажиллаж байгаа японы тагнуулын газрын ажиллагааг сайн мэддэг байлаа.
Шилийн голын чуулганы Эрдэнэ ноёны дүү тайж Орог-Саарал гэгч Японы тагнуулчин хэдэн жилийн турш хилийн цаагуур бужигнуулж яваад өнгөрсөн зургаадугаар сард Токио орсон мэдээ авсан нь Дэлгэрийн санаанд гэнэт бодогдож “Ээ дээ аягүй бол тэр нохой Токиогоос даалгавар аваад эргэж ирснээс зайлаагүй” гэдэг бодол төрөв.
 
САНАМСАРГҮЙ УУЛЗАЛТ
 
Одоогоос есөн жилийн өмнө Токио хотын “Япон тэнгис” гэдэг зоогийн газар хятадын хар архи ууж хөлчүүрэн суусан ноён Оси буюу Орог-Саарал Улаанбаатар хотын Төмөрчингийн гүүрний гудамжинд байдаг Баяндалайн гуанзанд хоол идэхээр оров.
Өнөөдөр бүтэн сайн өдөр тул гудамжаар хүмүүс бужигналдаж, өөдөө сөргөө хөлхөх нь урьд урьдын сайн өдрүүдээс улам ч их хөл хөдөлгөөнтэй мэт санагдана.
Тэр түмэн амьтан бужигнаж байгаа гудамж руу харсан, дээд талаараа хагархай шилэн цонхны хажуугийн жижиг ширээний ард Орог-Саарал тавлан сууж хоолныхоо захиалгыг бөгтөр нуруутай өвгөн луухаанд өгөөд сонины тасархай гаргаж улаан тамхи ороож эхлэв.
Орог-Саарал хэдий хятад хэл сайн мэдэх  авч тогооч  нарын өрөөнд шуугилдаж байгаа хятад тогооч нарын юу юу ярихыг анзаарсангүй, яг нэг сарын дараа нууц түлхүүр явуулах тухайгаа бодож тамхиа асааж байх зуур тогооч нарын байдаг тасалгаанаас урт цагаан халаазтай газар шүүртэл унжийлгаж бүсэлсэн, тармаг хар хөмсөгтэй, намхан бүдүүвтэр хар хүн гарч ирэн халбага, сэрээ, таваг, шаазан цуглуулж өвөр монгол аялгуутай дуу аман дотроо гиншигнэж авав.
Энэ бол гуанзанд ажилладаг гурван тогоочийн нэг бөгөөд захиас хоол багатай, чөлөөтэй цагтаа амарч чаддаггүй, аяга шаазан элдэв бусын юм угаах буюу ширээн дээр суларсан таваг шаазан цуглуулж өвгөн тогоочид тус болдог, хүнд тусархуу зантай Дондог гэгч билээ.
Цонхны дэргэдэх ширээнүүдийг арчиж дээр нь байсан хэдэн тавгийг авах санаатай, мөн түүний гиншигнэсэн өвөр монгол дуугаа амандаа аялсаар ирэхдээ Орог-Сааралыг олж харав.
Орог-Саарал, Дондог хоёрын харц санамсаргүй мөргөлдөж, эхлээд хоёр биенээсээ айн цочих шиг болж, хоёулангийнх нь хүйтэн хөлс гарч зүрх нь түг түгхийн дэлсжээ.
Орог-Саарал угийн хашир хүн учир өөрийнхөө цочмогдсоныг мэдэгдэхгүйн тул инээмсэглэн,
-Та наадах тавгаа унагаачих вий, хазайж байна шүү! гэж тайвнаар хэлжээ.
Дондог юм ч хэлсэнгүй, харин давхарлаж тавьсан хэдэн тавгаа угаалгын өрөө рүү оруулахын завсар, бараг арваад шахуу жилийн өмнө Шилийн голын чуулганы Үзэмчний хошууны Эрдэнэ ноёныхоор ах дүүгийн холбоотой гэж байгаад сүүлдээ сураггүй алга болсон Орог-Саарал мөн болохыг түүний дуугаар баттай таниад “За байз, энэ нөхөр чинь яагаад энд ингэж ажилчин хүний маягтай явж байдаг билээ. Их л учиртай хэрэг байна даа” гэж бие нь зарсхийж, сэтгэл нь үймж эхлэв.
Дондог тавгаа тавьчихаад эргэж ирэхэд Орог-Саарал сайн танихгүй байгаа хүний дүр гарган,
-Таныг чинь хэн гэдэг билээ дээ? Миний хүн мартамтгай болсон гэдэг чинь нөхцөлгүй болжээ гэж асуувал Дондог чичирсэн хоолойгоо засаад,
-Би Дондог шүү дээ гэв.
-Нээрээ тийм шүү дээ. Бид нар чинь хаана тааралдаж байлаа даа?
-Үзэмчин хошуунд байхад л…
-Юу? Үзэмчний хошууны гэнээ?
-Тиймээ. Би л буруу таниагүй бол та чинь… Би бол өчигдрийнхөө уулзсан хүнийг өнөөдөр нь таньдаггүй эргүү амьтан шүү гэж хэлээд хүд хүдхийн инээв.
Энэ муу чөтгөр чинь намайг Өвөр монголд байсныг удам судраар нь мэдэж байна шүү. Тэр олон жилийн өмнөх юмыг мартдаггүй яасан айхтар хурц нүдтэй сэргэлэн золиг вэ? Их юм олны дэргэд асууж болохгүй гайхал байна шүү гэж дотроо бодолхийлэн, гадна талдаа танил улс уулзсандаа баяртай байгаа дүр үзүүлэхийг хичээн уруулаа дорвойлгон инээмсэглэж,
-Та энд удаж байна уу? гэвэл Дондог,
-Дөчин таван онд л орж ирсэн. Одоо гурав дахь жилийн нүүр үзэж байна
-Тэгээд хотод сууж байна уу?
-Аж үйлдвэрийн комбинатад суудаг.
-Гэртээ олуулаа юу?
-Эхнэр, хүүхэдтэйгээ гурвуулаа л байж байна.
-Цаадуул чинь тэгээд сайн суудаг биз?
-Сайн, сайн.
-Танай гуанзны чинь ажил хэдийд тарж байна?
-Орой арван цагийн орчим хаадаг юм
-Ажил чинь хүнд байхаа?
-Заримдаа хүндэвтэрээ, заримдаа гайгүй.
-Чи хүсвэл би чамд цалин ихтэй биенд хөнгөн ажил олж өгнөө.
-Ямар ажил юм бол доо? Манай эхнэр ажилгүй байгаа.
-За, юу ч болсон маргааш орой арван цаг хагаст  Өндөр  хоршооны баруун талд уулзъя.
-Яах юм бэ, Саарал гуай?
-Тэр ажил мажлын талаар юм мэдэж ирье.
-Ажил яах вэ. Сүүлд больё. Эхнэр маань өөр ажилд ч орж магадгүй.
-Ер нь хоёулаа уулзъя. Хэрэг байна!!!
-Би тантай уулзах ямар хэрэг байх вэ, Саарал гуай?
-За олон үггүй очвол оч, байвал бай гэж хүн ойр байхгүйг далимдуулж нэлээд дориун дуугаар тушаах маягтай хэлбэл,
-Чадвал тэгье гэж Дондог дурамжхан маягтай дорой дуугаар хариулав.
Орог-Сааралын авсан хуйцай нь хэдий өөх, мах, ногоо давсыг тааруулж хийсэн боловч түүний хоол идэх хүсэл нь дороо унтарч, хагас дутуу идсэн болоод хөлсөө арчсаар гарав.
“Энэ муу гуйлгачинтай яаж байж ингэж улаан халз таарч орхив оо. Яаж ч мэдэх хүн байна, аягүй бол намайг ямар ажил хийж явааг минь ч гадарлаж магадгүй юм. Маргааш миний заасан газар ирвэл яахав тохирсон ёсоороо уулзана. Хэрэв өөр тийшээ яваад өгсөн ч гэсэн араас нь дагаж яваад хүнгүй газар тосож уулзаж болох юм.
Маргааш уулзахдаа нэг бол өөртөө бүрэн элсүүлж авах, үгүй бол одоохон цааш нь харуулахаас өөр замгүй, тэгэхгүй бол аюултай боллоо!” гэж Орог-Саарал бодлого болсоор олон хүн үймсэн өргөн гудамжаар алхлав.
Дондог, Орог-Сааралыг гарснаас хойш сэтгэл нь улам үймж “Энэ Сааралыг Эрдэнэ ноёныхоос гэнэт алга болсноос хойш манай нутаг, хошуугаар японы тагнуулчин этгээд байсан юм. Эрдэнэ ноён өөрөө японд урваад, бас японы тагнуулыг орогнуулж байсан юм гэж шуугилдаж байж билээ. Тэгээд энд явж байхыг бодоход мөн л тагнуул хийж яваагаас зайлаагүй дээ. Чадвал өнөөдөр нэг л чухал албаны хүнд үүнийг хэлэх юмсан! Сааралтай уулзахаасаа нааш л цагдаагийн газар юм уу, нэг болдог газар нь хэлээд бариулчихсан, тэгэхгүй бол намайг алж ч мэднэ. Маргааш заавал уулзаарай! гэдэг нь яах ч гэж байж мэднэ” гэж олон юм бодож, чухам хэнд хэлэхээ мэдэхгүй санаа алдсаар хоцров.
 
ХҮН АМИНЫ ХЭРЭГ ГАРАВ
 
Зуны өглөө үүр цайхад сэрүүвтэр ажээ. Энэ үеэр түмэн хэлийн болжмор шулганаж, Туул голын эрэг дээр сал татаж байсан улсын шуугилдаж, инээлдэх нь өглөөний аниргүй тунгалагт тов тодхон сонсдоно.
Хотын шөнийн эргүүлд гарсан хоёр цагдаа Дунд голын гүүрэн дээр ирж мориныхоо амыг татаж гүүрийн ёроол руу эгцлэн харцгаав.
Тэд нарыг доош бууж очвол, гүүрийн ёроол доор хүрэн даалимбан дээлтэй, гуулин аралтай өргөн суран бүс бүсэлсэн, дотуураа цэрэг ногоон өмдтэй, толгой нүцгэн дөч орчим насны эрэгтэй хүн бусдад хорлогдсон байлаа.
Эргүүлийн цагдаа нар хүн амины хэрэг гарсан тухай асуудлыг хотын Цагдан сэргийлэхийн жижүүрт мэдэгдэж ..р хорооны сэргийлэхийн байцаагч, хошууч Адъяа мөн сэргийлэхийн жижүүрүүд ирж газар дээр нь акт үйлдэж болсон хэрэг учралыг сэргийлэхийн даргад танилцуулахаар болов.
Цаашид эрэн сурвалжлахын тул хэн хорлосныг мэдэхээс өмнө, хэн гэдэг хаанахын ямар хүн хорлогдоод байгааг үнэн мөнөөр нь тогтоох явдал сэргийлэгчдээс хэрэг шалгахын гол үндэс нь байлаа.
Бүтэн долоо хоног шалгалт хийгээд хорлогдсон хүн нь олдсон боловч чухам хэнд ингэж хорлогдоо вэ? гэдэг нь мэдэгдэхгүй, сэжиг таавар ч гарсангүй.
Улсыг Аюулаас Хамгаалах Газрын… хэлтсийн дарга хурандаа Дэлгэр хэдий өөрийн хэлтсийн ажилд шууд хамаарагдахгүй боловч өнгөрсөн долоо хоногт Дунд голын гүүр дээр алагдсан хүний хэргийг авч танилцах нь чухал бөгөөд яаж мэдэх вэ, манай шалгаж байгаа хэргүүдтэй ч холбоотой болж магадгүй хэмээн үзжээ.
Хүн амины хэргийг гардан шалгаж байгаа сэргийлэхийн байцаагч, хошууч Адъяаг дуудаж уг хэргийн материалтай биечлэн танилцвал, 1945 онд өөрийнхөө сайн дураар манай улсад амьдрах гэж орж ирсэн Өвөр монголын Шилийн гол чуулганы Үзэмчний хошууны ард, энэ жил гучин есөн настай, багаасаа баячуудын адуу мал хариулж хамаг залуу сайхан цагаа өнгөрөөсөн, угийн ядуу малчин ардын гаралтай, одоогоор Улаанбаатар хотын Аж үйлдвэрийн комбинатын хорооны 9 дүгээр хорины 17 тоот хашаанд суух, ирснээсээ хойш барилгын ажил хийж байгаад бие муудсан учир Баяндалайн гуанзанд тогоочийн ажил хийдэг Гомбо овогтой Дондог гэгч долоон сарын хорин наймны шөнө бусдад хорлогджээ.
Хурандаа тайван сууж, хошууч Адъяагийн танилцуулсан хэргийг тодорхой сонсоод дараа нь,
-Та дээрмийн хэрэг гэж үзэж байна уу? гэж асуувал хошууч бодож барьсан ч үгүй,
-Тиймээ, нөхөр хурандаа гэж шууд хариулав.
-Дээрмийн хэрэг гэж үзэх ямар үндэс байна?
-Үүнийг нотлох хэд хэдэн үндэс байна. Дондогийн кармаанд явсан цалин нь алга болсон. Мөн түүний бугуйн цаг, өмсөж явсан бор эсгий малгай зэрэг зүйл алга болсон юм. Түүнийг хорлогдсоноос хойш өөр хүн очиж юмыг нь авах завдал гараагүй нь мэдээжийн хэрэг. Тэгэхлээр миний бодож байгаагаар бол түүний цалингаа авсныг сайн мэдэх дотны нь хүмүүсээс дээрэмдсэн хэрэг
-Халаасанд нь хэдэн төгрөг явсан юм бэ?
-Гурван зуун есөн төгрөг явсан гэнэ.
-Тоогий нь хаанаас тогтоогоо вэ?
-Үдийн арван цагийн үед гуанзнаас гарахдаа Баяндалайгаас хагас сарын цалин гэж гурван зуун таван төгрөг авсан байна. Түүний халаасанд өглөө дөрвөн төгрөг байсан гэж эхнэр нь гэрчилж байна.
-Ер нь гэртээ хэдүүлээ суудаг хүн бэ?
-Эхнэр хүүхэдтэйгээ гурвуулаа юм.
-Эхнэр нь хаа ажилтай юм бэ?
-Эхнэр Лхамсүрэн нь нөхрийнхөө хамт мөн Баяндалайн гуанзанд хоол зөөгч хийж байгаад хүүхэд гаргаснаас хойш жил гаруй ажил хийгээгүй юм байна.
-Эхнэрийн нь дуудаж асуусан уу?
-Асуусан.
-Сэдэвлэж байгаа сэжиг таавар байна уу?
-Сэжиглэж байгаа юм ерөөсөө алга. Харин урьд өдөр нь ажлаас ирэхдээ толгой өвдөөд бие муу гээд юм ч ярилгүй унтаад өгсөн гэнэ.
Өглөө нь босож ажилдаа яваад л орой гэртээ ирээгүй хорлогдсон байна гэж мэдүүлсэн.
-Ажлаас ирээд байхдаа ганц ч үг ярьсангүй гэнэ үү?
-Ирээд хүүхдээ жаахан харж өхөөрдөж байсан гэнэ. Түүний дараа ерөөсөө юм ярьсан ч үгүй нэлээн хэд уртаар санаа алдаж байгаад л “толгой өвдлөө” гээд унтсан гэнэ.
-Сонирхолтой хэрэг байна. Энэ чинь дээрмийн хэрэг биш л болох нь дээ
-Яагаад вэ? нөхөр хурандаа! Би бол ёстой дээрмийн хэрэг гэж үзэж байна.
-Энэ чинь хэргийнхээ өнгөөр дээрмийн хэрэг биш, харин санаатайгаар хийгдсэн хүн амины хэрэг байна. Хүмүүсийн толгойг эргүүлэхийн тулд дээрмийн хэлбэрээр алснаас биш үнэндээ дээрэмдсэн ч хэрэг биш, ээдрээтэй явдал байна даа. Нөхөр хошууч аа хурууны нь хээг нааш нь үзүүлнэ үү гэхэд,
-Нөхөр хурандаад одоохон гээд хошууч өмнөө дэлгэсэн хавтаст хэрэг дотроосоо Дондогийг хутгалж алсан хүний хурууны хээ мөн хутгалсан газрынх нь гэрэл зураг сэлтийг гаргаж үзүүлэв.
Цаад алуурчин нь зүрхэн талаас нь хутгалаад дараа нь хоолойгий нь огтолж алсан болох нь авсан гэрэл зургаас илхэн харагдаж байлаа.
Хурууны хээний зургийг авч харвал цаад хүн Дондогийн амыг барьж алах үедээ баруун гараараа нүүрэн дээр нь хүчтэй дарсан байв.
Тэр баруун гарын нь дунд талын гурван хуруу нь битүү эрхий хуруу, чигчий хуруу хоёр нь салангид байжээ.
Олон хүн амины хэрэгтэй тохиолдсон боловч ингэж зүрхэн талаар нь мадаггүй хутгалж чаддаг алуурчинтай олонтой тохиолдоогүй юм, энэ чинь тун туршлагатай этгээд юм даа гэж хурандаа бодож сууснаа энэ хурууны хээг урд өмнө нэг удаа үзсэн юм шиг дотор нь сэрхийв.
Олон арван хүний хурууны хээтэй тохиолдож байсан боловч дунд гурван хуруу битүү байх нь бас тийм элбэггүй үзэгдэл тул хурандаа ийм хурууны хээ хаана хэзээ үзсэнээ бодож эхлэв.
 
ХУРАНДААГИЙН ШИЙДВЭР
 
Эмнэлгийн газар шинжилгээ хийлгүүлж байсан Дондогийн хүүрийг хурандаа Дэлгэр очиж үзэхээр шийдэв.
Дондогийн хүүрийг шинжин харвал алуурчин этгээд эхэлж дөрвөн өндрөөр зүрх рүү нь хоёр удаа лавхан хутгалж аваад дараа нь амы нь барьж алсан байхыг биеэр үзүүтээ арваад жилийн өмнө хил давж орсон “үхрийн хэрэг” хурандаагийн санаанд орж ирэв.
Энэ нь үхрийн арьсан дотор явсан цээжний хүн нь үхрийн бөгс болж явсан нөгөө этгээдээ яг энэ маягаар алаад алга болсон тагнуулын хэрэг билээ.
Хурандаа хүүрийг үзэж ерөнхий байдалтай биечлэн танилцаад тэндээсээ контор руугаа явах замдаа 1937 онд болсон “үхрийн цээжний” хэргийг ахин дахин бодсоор явав.
Хурандаа өөрийнхөө тасалгаанд орсонгүй тэр чигээрээ ахмад Тогтохын өрөөнд орж “үхрийн цээжний” хэргийг олоод өрөөнд минь очоорой гэв.
Ахмад Тогтох боловсрогдож байсан үхрийн цээжний хэргийг нямбай сугавчилсаар хурандаагийн тасалгаанд орж ирэв.
Хэргийг авч үзэхдээ хавтсан дээр нь “үхрийн хэрэг” гээд хойд талд нь дан хаалтанд “Орог-Сааралын хэрэг” гэж хуучин монгол үсгээр дармалдаж бичсэн байв.
Хурандаа энэ хэргийг ..р отрядын тусгай тасгийн дарга байхдаа шалгаж энэ нь Орог-Саарал байж магадгүй юм гэсэндээ тийнхүү дан хаалтан дотор “Орог-Саарал” гэж бичиж байсан өөрийнхөө гарын үсгийг танив.
Хавтсан доторх материалыг нь ч уншсангүй, ахмад Тогтохоос энэ хэргийн тухай юм лавлаж ч асуусангүй, тэр үед авсан “Үхрийн цээжний” баруун гарын хурууны хээг томсгох шилээр сайн хараад дунд талых нь гурван хуруу битүү, эрхий хуруу чигчий хуруу хоёр нь саланги байхыг үзээд Дондогийг алсан этгээдийн хурууны хээтэй тулгавал яахын аргагүй нэг хүний гар байх нь батлагдав.
Цаад этгээд Дондогийг эдийн шуналаар алсан биш харин ямар нэгэн гүнзгий ноцтой шалтгаанаар алсан гэдэг хурандаагийн таамаглал ортой болж ирэв.
“Үхрийн цээж” Дондогийн алсан хэрэг хоёр чинь гарцаагүй нэг хүний гараар үйлдэгдсэн байхыг бодоход 1937 оны намар орж ирсэн Орог-Саарал маань одоо гарч ирэх нь байна шүү дээ. Тэгвэл бид нараас нэг ч их холгүй л байгаа хэрэг байна даа.
Би л өөрөө Орог-Саарал гэж нэрлэж байгаа болохоос биш энэ муу гайхал манай хэлтсүүдэд л гадаад тагнуулын хэргээр боловсрогдож байгаа даа. Юу ч болсон үүнийг энэ гарч ирсэн дээр нь шулуухан хөөцөлдөж дарах нь зүйтэй гэж хурандаа дотроо шийджээ.
-Нөхөр ахмадаа, энэ “үхрийн цээжний хэрэг” чинь Өвөр монголын харьяат Дондогийг алсан хэрэгтэй холбоотой болж байна. Ингэхлээр хотын сэргийлэхэд мөрдөгдөж байгаа Дондогийн хэргийг авч шалгах ёстой болж байна гэхэд ахмад гайхсан байртай хөмсгөө зангидан,
-Яагаад энэ хэрэг холбоотой болдог билээ, нөхөр хурандаа? гэж асуувал,
-Энэ хүн амины хоёр хэргийг нэг хүний гараар үйлдсэн нь батлагдаж байгаа юм.
-Сонирхолтой тохиолдол байна даа.
-Дондогийн хэргийг чамд өгүүлэх талаар би хотын сэргийлэхийн даргатай ярилцаж өгье. Материалтайгаа ширхэгчлэн танилцаж цаашид ажиллах төлөвлөгөөгөө хийгээд ирээрэй. Би бас нэмж зөвлөлгөө өгөмз.
-Ойлгомжтой байна. Гэвч шинэ материалтайгаа танилцахаар яах юм бол доо?
-Нөхөр ахмад аа, эргэлзэх хэрэг байхгүй, энэ чинь их сонин хэрэг болно шүү гэж хурандаа инээмсэглэв.
 
НУУЦ ТҮЛХҮҮР ТАЙЛЖ УНШСАН НЬ
 
Сүүлийн гурван жилийн дотор Улсын Аюулаас Хамгаалах газрын холбооны шалгах станцынхан манай улсын хэмжээн дээр хянаж батлагдаагүй өөр нэг маягийн богино долгионыг барьж шалгалт явуулжээ.
Жилдээ ганцхан удаа баригддаг энэ богино долгионы дамжуулсан нууц түлхүүрийг холбооныхноос бичиж авсан боловч түүнийг тайлахаас нааш чухам юу дамжуулж байгаагий нь таахад хэцүү хэрэг байлаа.
Шалгах станцынхан хүрээтэй антинаар гурван зуун жаран градус бүтэн эргүүлж 1944 онд хотын зүүн хойт талаас, 1945 онд хотын зүүн урд зүгээс, 1946 онд нийслэл хотын баруун талаас тус бүр нэг удаа нууц түлхүүрээр дамжуулсныг тэмдэглэсэн байлаа.
Тэгэхдээ зүүн зүгт Японы Токио хоттой 0.25 ваттын чадалтай радио станц 26 метрийн богино долгионоор харилцаж байгааг тогтоосон авч чухам аль хороо хорины аль байшингаас нэвтрүүлж байгааг тэр даруйд нь очоод барих боломжгүй байв.
Хэрвээ нэг газраас тогтмол дамжуулдаг бол станцыг барьж болно. Гэвч хашир тагнуулч үүний учрыг хэнээс ч дутуугүй мэдэх тул янз бүрийн газраас дамжуулж зүгээ буруулснаас шалгах станцынханд бэрхшээл тохиолдсон нь энэ билээ.
22 52 22 9 87 19 67 27 74 45 3 1 92 53 99 4 5 25 11 52 50 72 31 485 73 9 1
гэж үелүүлэн бичсэн 12 хуудас нууц түлхүүр хоёр жилийн өмнө тайлагдаагүй байлаа.
Олон улсын нууц түлхүүрийн мэргэжилтэн С хоёр жил шахуу сууж байж 1944,45 онуудад дамжуулсан нууц түлхүүрийг тайлж япон хэл дээр буулгаад дараа нь монгол хэлнээ хөрвүүлжээ.
1946 онд хамгийн сүүлийн удаа нэвтрүүлсэн нууц түлхүүр нь хуучин нэвтрүүлж байснаа бодвол өөр зохион байгуулалттай байсан тул хуучин олсон түлхүүр нь таарахгүй ахин шинээр түлхүүрийг тайлах хэрэгтэй болов.
Олон улсын нууц түлхүүрийн мэргэжилтэн хошууч С урьдын тайлж байсныг бодвол шал өөр богино үелзлэлийн зохион байгуулалттай нууц түлхүүрийг гурван сарын дотор тайлах үүрэг тулгарав.
Бүтэн гурван сар нүд салгалгүй сууж байж хошууч С шинэ түлхүүрийг тайлаад маргааш нь хурандаа Дэлгэрт танилцуулахаар оров.
Хурандаа Дэлгэр хошууч С-ын цонхигор царай хатингар гарыг хараад “нууц түлхүүрийг олох гэж нүд нь ширгэж хамаг бие нь хэрзийтлээ туржээ. Уушиг нь улам л дордож байгаа юм уу даа. Сувилгааны газар явуулж амраахгүй бол бие нь улам муудах бий” гэдэг сэтгэгдэл төрж,
-Уушиг чинь дордож л байна уу, хошууч аа? гэж халамжлан зөөлөн асуувал хошууч С,
-Онц мэдэгдсэн юмгүй л байна. Яаж байна хурандаа?
-Царай чинь их л базаахгүй байх чинь. Маргааш дахин орж ирээрэй, би нэг арга бодъё.
-Ахиж сувиллын газар явуулах гэж үү?
-Зүгээр зүгээр, нууц түлхүүрээ авчрав уу?
-Тэглээ, нөхөр хурандаа гээд хошууч С орчуулгаа өгөөд явах зөвшөөрөл авав.
Хурандаа төмөр авдарнаасаа “Эзэнгүй нууц түлхүүрийн хэрэг” гэсэн хатуу хөх хавтастай зүйл гаргаж урьд талдаа тавиад тамхиа татав.
Нууц түлхүүрийн мэргэжилтэн хошууч С-ын монгол, япон хоёр хэлэн дээр хөрвүүлсэн орчуулгыг хурандаа тайвнаар харж хооронд нь зөв орчуулсан эсэхийг тулгаж хянав.
Нарийн хянавал хошууч С хоёр гурван газар дэндүү махчилж орчуулснаас болж утга санаа нь авцалдаа муутай болсныг үзээд, хурандаа өөрөө япон хэлнээс орчуулахаар шугамгүй цаас гаргаж ирэв.
“Байна уу, тэнгэр? Байна уу, тэнгэр… бие сайн, тэнгэр сайхан, харин хойд зүгээс хүчтэй салхилж талын хамхуул ч тогтохоо байлаа! Ам хатаж байгаа энэ үед бүтэн хувин байвал худгаас тунгалаг ус татаж болох байна. Тэрхүү худгийн ус рашаан мэт, ариухан лийр лугаа адил амттай.
…Хувингийн сэнж хангинаж түүний дүрс, худгийн усанд тусах цаг ойртсон бизээ!
Газрын судлаар 900 000 тонн мах 1 100 000 метр даавуу, 38 000 метр алт мөнгө урсан орж байна.
Юм юм хуучныгаа бодвол залуужаа ч үгүй хөгшрөө ч үгүй байна. Газар” гэж хурандаа япон хэлнээс орчуулаад орчуулгаа дахин нэг тулгаж уншив.
Гадаадын зарим хашир тагнуулчдын дамжуулдаг нууц түлхүүрийг тайлж сурсан хурандаад энэ нууц түлхүүр нь тийм ч тайлагдамгүй гайхалтай эд биш, харин хоёр өдөр суувал дор нь тайлж болмоор санагдана.
Хурандаа утсаа авч хошууч  С-ын талаар Дотоод Яамны эмнэлгийн хэлтэстэй ярилцаж, амралтанд явуулахаар тохиролцсондоо сэтгэл нь нэлээд тайвширч өрөөнөөсөө гарав.
Оройн хоол идэхээр явж байхдаа, өнөө шөнө эргэж суувал маргааш болтол бараг тайлчих болов уу? гэж хурандаа нууц түлхүүрийг хэрхэн тайлах талаар бодлого болж явав.
Хурандаа шөнө суугаад маргааш өглөө нь болоход нөгөө түлхүүрийнхээ утгыг “Одоогоор ажил хэрэг маань бүтэмжтэй байна. Энэ үед Зөвлөлт оросын цэрэг их болж, энд их хүчин хуралдаж байна. Хэрэв холбоочин ирүүлбэл өгч явуулах зүйл тун их байна. Ойрын үед нэг холбоочин явуулах цаг болсон байгаа гэж би бодож байна. Үүнийг ноён та бүхэн тунгаах бизээ. Сонирхсон тэр газар… цэрэг мөн.. офицер дарга нар /тэр нь тоогоор гарсан байжээ/ ажиллаж байна.
Шинээр нэмэгдсэн цэргийн холбогдолтой том үйлдвэр буюу чухал газрууд бий болоогүй байна…” гэснийг тайлаад, учры нь олох юмсан гэж яарч шаналсан сэтгэл нь түр боловч амрах шиг болж цонхныхоо хөшгийг ярж, гудамж руу харан тамхиа асаав.
Хурандааг нууц түлхүүрийн тухай бодоод цонхныхоо дэргэд зогсож байхад, үргэлж хүн их үймдэг өнөө хөл хөдөлгөөнтэй гудамжаар хүн харагдах нь ховор харин цэцэрлэгч өвгөн шүршүүрээ барьж цэцгийн мандал усалж байгаа үзэгдэв.
Нийслэл хотод хамгийн эрт босдог хүний нэг бол энэ цэцэрлэгч өвгөн юм уу даа гэж хурандаад бодогдож байв.
Хурандаа ахин нууц түлхүүрийн тухай бодов.
Хоёр жил болоод л нууцын түлхүүрийг сольж шинэ маягаар харилцаж байхыг бодоход энэ үнэхээр хашир тагнуул юм даа!
Ирэх жил нэвтрүүлэг хийхээс нь нааш барьж авахгүй бол тун чухал зүйл нэвтрүүлэх нь байна шүү!
Энэ чинь явж явж Орог-Саарал маань байна уу? Эсвэл өөр этгээд байна уу? гэж өөрөөсөө асууж дуугүй зогссоноо бичгийнхээ ширээний ард сууж буурал суусан халимгаа илж “Эзэнгүй нууц түлхүүрийн хэрэг” гэсэн хөх хавтастай хэргээ сөхөв.
 
ТҮЛХҮҮР ТААРУУЛАВ
 
Цэргүүд оройн хоолонд ороод гарч байх үеэр Улаанхуаран дахь тоосгон байшингийн дундуур намхан биетэй, нүдэндээ шил зүүсэн дарвагар уруултай, цэргийн хошууч эрсхэн алхлав.
Хошуучийг анхаарч харсан хүнгүй, харин хажуугаар нь явсан цэргүүд, бага дарга нар заримдаа дунд тушаалын офицерууд тавхийтэл ёслон өнгөрөхөд нөгөө хошууч тэр ёсолж байгаа хүмүүс рүү анхаарах төлөвгүй малгайны тус газар гар өргөн, тоомсоргүй ёсолж явна.
Энэ хошууч маань бидний хуучин танил Орог-Саарал зүс дүрээрээ мөн бүлгээ.
Хошууч…р дивизийн штабын даргыг гэртээ ирэхийг харчихаад одоо сонирхсон газар руугаа яваа нь энэ байжээ. Хошууч яван явсаар цэргийн нэгэн харуулын байрны албан тасалгаанд орвол тэнд нэг байлдагч дурласан хүүхэндээ захиархуу юм бичиж суув.
Нөгөө байлдагч хошуучийг харангуут босож номхон зогсоод өөрийнхөө хийж байгаа ажлыг илтгэх гэтэл хошууч түүний илтгэлийг сонссонгүй,
-Гадаа хүлээж бай гэж ширүүн зандрав.
Байлдагч дороо гарч хол очоод хувцсаа засав.
-Байна уу? гэж хошууч нэг утсанд залгаад асуувал,
-Байна, та хаанаас ярьж байна вэ? гэх дуу сонсдов.
-Дэд хурандаа Эрэнцэн байна. Надтай уулзах гэж хүн ирэв үү?
-Үгүй, нөхөр дэд хурандаа
-За тэгвэл над дээр нэг хошууч ирнэ шүү! Түүнийг дор нь оруулчихаарай.
-Мэдлээ, гүйцэтгэе! гээд цаад хүн утсаа тавив.
Хошууч харуулын байрны албан тасалгаанаас гарч …р дивизийн штаб руу түргэн алхсаар, жижүүр дээр орж ирлээ.
Штабын жижүүр хошуучийг орж очуут, штабын дарга дэд хурандаа Эрэнцэнгийн саяын ярьдаг хошууч нь орж ирлээ гэж бодоод дуугүйхэн босож ёслов.
-Дэд хурандаа бий юу? гэж хошуучийг асуувал жижүүрийн бага түрүүч, хоёр мөрөө хавчисхийлгэн номхон зогсоод,
-Бий, бий. Таныг хүлээж авна гэсэн гэж хариулав. Хошууч өөр зүйл ч асуусангүй, шуудхан хоёрдугаар давхар өөд өгсөв.
Хошууч, штабын даргын гадна хаалганы цоожийг, мөн үүдний өрөөний давхар цоожийг онгойлгож даргын конторт орж ирэв.
Хошууч амьсгаагаа дарж жаалхан зогссоноо хаймар бээлий гартаа хийж, лацадсан өндөр төмөр авдар руу явахдаа “гаднах түлхүүр” нь ч таарлаа. Энэ гайхал нь яадаг бол. Уг нь тавтай л харж авсан юмсан…” гэж бодсоор тэрхүү төмөр авдрын ил, далд хоёр цоожийг онгойлгов.
Хошуучийн дотор жаал уужирч, духныхаа хөлсийг шудран арчиж, нэг мөч болов уу, үгүй юу авдраа нээтэл үүдний өрөөнд түгшүүрийн дохио болох цахилгаан хонх эвгүй дуугарвал хошууч сандарч халааснаасаа гар буугаа гаргаж ийш тийш сэлгүүлэн харав.
Тэгж байх зуураа нөгөө хүн хаалгыг ахиж нэг лавхан таттал хонх дуугарахаа зогсож чимээ аниргүй болжээ.
Сандарсандаа болж нүд нь орой дээрээ гарах шахсан хошууч авдар дотроос янз бүрийн хавтастай бичиг гаргаж цэргийн хүчин чадал, тоо, баримт зохион байгуулалт зэргийн чухал, чухал бичиг баримтын зургийг жижиг гэрэл зургийн аппаратаар авч гарав.
Хошууч ахин чимээ чагнаж үзвэл өөрийн нь зүүсэн цагны чаг чаг гэж цохихоос өөр анир чимээ үл сонсджээ.
 
ЛАЦ СОЛИГДОВ
 
…р дивизийн дарга дэд хурандаа Эрэнцэн өглөө ажилдаа ирэв.
Штабын дарга ажилдаа ирэх тутам төмөр авдраа онгойлгохын өмнө лацаа шалгадаг заншилтай хүн билээ.
Лацаа ажиглавал арай л өөр маягаар лацадсан мэт санагдаж дараа нь нэлээд сайн харвал лацан дээр нь дарсан “ХЦА 62” гэсэн тэмдгийн хоёрын тооны сүүл нь арай богино байхыг олж үзэв.
Штабын даргын дотор бүгчимдэж, төмөр авдартаа ч гар хүрсэнгүй Улсыг Аюулаас Хамгаалах Газар руу утасдав.
Энэ мэдээг хурандаа Дэлгэр хүлээж аваад ахмад Тогтоход шалгаж ирэх үүрэг өгөв.
Тогтох шинжлэх ухаан, техникийн тасгийн мэргэжилтэн нэг залууг дагуулж штабын даргын өрөөнд ирж шалгалт хийв. Штабын даргын ирэхийн өмнө цэвэрлэгч авгай шал арчсан учир эрэлч нохой тавих мөр илрүүлэх бололцоо муу болсон байжээ. Төмөр авдрыг онгойлговол доторх юм нь эвтэй тавигдсан мэт харагдавч штабын дарга зарим нэгэн хавтастай бичиг байр нь солигдсон байна гэж тодорхойлов.
Шинжлэх ухаан техникийн тасгийн мэргэжилтэн хэрэв хүн орж авдрыг онгойлгосон бол хаймар бээлийтэй ажилласан байна гэж таамаглав.
* * *
 
Лац солигдсон тухай хэргийг газар дээр нь шалгасан ахмад Тогтохын илтгэлийг сонссоны дараа хурандаа Дэлгэр штабын даргатай биечилэн уулзаж танилцахыг хамгийн чухалд тооцжээ.
Штабын дарга дэд хурандаа Эрэнцэн, хурандаа Дэлгэрийн дуудсанаар ирж болсон явдлын тухай өөрийн санасныг ширхэгчлэн ярив.
-Таны ажлын тасалгаанд сэжигтэй хүн орж байсан уу? гэж хурандааг асуухад дэд хурандаа,
-Үгүй.
-Гадны хүн ордоггүй байсан уу?
-Манай штабын ажилтнууд, ер нь дан офицерууд л орж ирдэг байсан даа.
-Энгийн хүн орж байгаагүй юу?
-Энгийн хүмүүс орж ирдэггүй. Харин манай цэргийн үйлдвэрийн мастер Намсрай гуай л хувцасны хэмжээ авах гэж манай өрөөнд нэг орж ирсэн байх.
-Та өөрөө Намсрайг урьсан уу?
-Урих ч гэж, бид хоёр урьд долоо хоногт нь уулзаад л хувцасны хэмжээ авах өгөхөөр тохиролцсон юм.
-Үүнээс өмнө хувцасныхаа хэмжээг Намсрайгаар авахуулж байсан уу?
-Өнгөрсөн жил, зуны хувцасны хэмжээ нэг авахуулсан санагдаж байна. Ер нь олон л авахуулж байсан байх.
-Өнгөрсөн жил хаана хувцасны хэмжээг авахуулсан билээ?
-Дивизийн даргын ажлын тасалгаанд.
-Яагаад тэр билээ?
-Дивизийн даргын хувцасны хэмжээг авах гэж байхад нь би орж очсон юм. Тэгээд л тэнд хувцасныхаа хэмжээг өгсөн.
-Энэ жил хэдийд авсан юм бэ?
-Өнгөрсөн сарын эхээр, одоо сар гаруй боллоо.
-Та хаана, аль талдаа зогсож байсан бэ?
-Ширээнийхээ хажуу талд
-Төмөр авдарнаасаа хол байсан уу?
-Төмөр авдарнаас холгүй. Би ер нь ширээ, төмөр авдар хоёрын хооронд шахуу л зогсож байсан байх
-Төмөр авдар чинь онгорхой байсан уу?
-Хаалттай байсан
-Түлхүүр чинь хаана байсан бэ?
-Халаасанд ч байгаагүй шиг санаж байна…
-Юунаас болж тэгж санаж байна?
-Хэмжээ авахуулахдаа өмдний халаасанд байсан юмаа гаргаж байсан юмдаг. Тэгэхэд түлхүүр байгаагүй, харин тамхины хайрцаг л байсныг санаж байна.
-Тэгвэл хаана байсан байх нь вэ?
-Ширээн дээр л байж таарна даа
-Таны ширээн дээр мастер юмаа тавьж байсан уу?
-Цаас харандаагаа тавиад, хэмжээ аваад цаасан дээрээ тэмдэглэж байсныг санаж байна
-Та надад түлхүүрээ үзүүлнэ үү? гээд хурандаа, штабын даргын түлхүүрийг авч ширхэгчлэн сонирхов.
“Уг нь тийм ч амархан түлхүүр биш санж дээ. Үүнийг лацны тэмдэгтэй хамт хийж орхидог чинь тун л сэргэлэн тагнуул байх нь ээ!
Мастер хэмжээ авч байх зуураа ширээн дээр хэвтэж байсан энэ түлхүүрийг толгой дотроо “баттай хэмжээд” гарчихсан ч байж болох талтай юм.
Мастер Намсрай чинь тун сонирхолтой хүн гарч ирэх нь байна шүү! Энэ талаар нарийн шалгалт явуулъя” гэж бодонгуутаа түлхүүрийг эргүүлэн өгч, хурандаа Дэлгэр мастер Намсрайн талаар хэдэн зүйлийг нэмж асуухаар штабын дарга руу харж, хоолойгоо засав.
 
ҮЙЛДВЭРИЙН МАСТЕР
 
…Хойш, урагшаа хөндлөн гулд харсан хэдэн том цагаан байшинд янз бүрийн хийцний олон зуун оёдлын машин хөдөлж олон арван мянган хүмүүсийн хувцас хунар бэлтгэнэ.
Үүнийг Цэргийн яамны харьяа гар үйлдвэр гэж нэрлэх нь олонтаа.
Наран тал руугаа харсан цонхуудтай том саруулхан тасалгаанд хоёр зуу шахам оёдолчин шил шилээ харан сууцгааж цамц, өмд, малгай, шинель, бүс зэрэг дарга нарын эдэлж хэрэглэдэг төрөл бүрийн хувцсыг оёно. Үүнийг цэргийн гар үйлдвэрийн “Захиалгын тасаг” гэнэ.
Захиалгын тасаг дундуур намхан биетэй, нэлээн махлагдуу гэж хэлмээр, дөч орчим насны хар хүн оёдолчдын дэргэдүүр хянах байртай, заримд нь зөвлөлгөөн өгч байгаа бололтой гар хуруугаараа зааж яваа харагдахаас биш түүний хэлж байгаа үг үл сонсдоно.
Энэ хүнийг захиалгын тасгийн мастер Намсрай гэдэг бөгөөд олон жил ажилласан их туршлагатай сайн мастер гэж оёдолчид ярилцахаас гадна огт танихгүй хүн ч гэсэн түүний энгэр дээр эгнүүлэн зүүсэн одон, одон медалийн дөрөв таван тууз, Ударникийн тэмдэг тэргүүтнийг харахад чухам хэн болох нь илэрхий.
Мастер Намсрайг оёдолчид “мастер” гэж дуудах нь тун цөөн, харин “Намсрай багшаа” гэж хүндэтгэн дуудах нь олонтаа.
Мастерыг ингэж оёдлын тасгаар явахад асуух юм, зөвлөлгөө авахаар зүйл өчнөөн олон гарах боловч Намсрай багш долоо хоногийн дөрвөн өдөр офицер дарга нарын хувцасны захиалга, хэмжээ дамжаагий нь авах хуваарьтай тул оёдолчидтой нэг бүрчлэн уулзаж зөвлөх цаг багатай билээ.
Мастер, ажилчдыг өглөө ирэхэд ажил дээрээ ирсэн байх бөгөөд орой ажил тарахад мөн л ажлаа хийсэн хэвээр хоцорно.
Үдийн цайны дараа мастер Намсрай ажлынхаа тасалгаанд орж өнгөрсөн сард хийсэн хувцсаа төрөл төрлөөр нь тооцоолж гаргахаар сампингаа цохиж өдөр өдрийн хийж гаргасан зүйлийн баримтыг нэгтгэж эхлэв.
Захиалгын тасгаар сардаа хийгдсэн бүх зүйлийн мэдээг үйлдвэрийн захиргаанд гаргаж өгдөг учир мастер Намсрай сарын эцэс болохоор тайлан тооцоо, төлөвлөгөөний гүйцэтгэл гаргах гэж ингэж бичгийн ширээний ард сампин цохиж, бичиг дансны ажил хийж махран суух нь олонтаа тохиолдоно.
 
МАСТЕРЫН ТУХАЙ ЯРИА
 
…-р дивизийн штабын даргын төмөр авдарны лац солигдсон явдлаас болж нэр илэрсэн мастер Намсрайн талаар тодорхой хяналт тавьж шалгалт хийхийг хурандаа Дэлгэр ахмад Тогтоход хоёр долоо хоногийн өмнө даалгасан билээ.
Ахмад Тогтох цэргийн гар үйлдвэрийн мастер Намсрайн талаар бүхий л төрлийн шалгалт хийж судлаад албан ёсны танилцуулга үйлдэв.
Түүний бичсэн танилцуулгад өгүүлсэн нь: “Улсыг Аюулаас Хамгаалах Газрын ..-р хэлтсийн дарга хурандаа нөхөр Дэлгэр танаа, тус хэлтсийн …р тасгийн ахлах төлөөлөгч Тогтох бивээр мастер Намсрайн талаар зохих судалгаа, шалгалт хийгээд олж илрүүлсэн зүйл нь:
Овог Дорж, нэр Намсрай, 1907 онд Булган аймгийн Сэлэнгэ сумын 6 дугаар багийн ард Доржийн нэгдүгээр хөвгүүн болж төрсөн бөгөөд 20 насыг хүртэл эх эцгийн хамт мал маллаж амьдарч байжээ.
Байшинт, Тамсагбулаг, Баянтүмэн зэрэг газар цэргийн албыг хаагаад цэргээс халагдаж орон нутагтаа ирж гар үйлдвэрт ажилчнаар ажиллаж байжээ.
Аймгийн төвдөө удсангүй дараа жил нь Улаанбаатар хотод ирж хар ажил, юухан хээхэн хийж байгаад Алтанбулаг хотын гар үйлдвэрт очиж гуталчингаар ажиллаж байгаад хотод иржээ.
Тэгээд Улаанбаатар хотын Гандангийн дэнж дэх Модны артельд хэдэн сар ажиллаад дараа нь хотын нэгэн гар үйлдвэрт орж нэг жил шахуу болоод, улмаар Цэргийн гар үйлдвэрт 1939 оноос эхлэн ажилласан байна.
Цэргийн үйлдвэрт одоо хүртэл ажиллахдаа ажилчин, эсгүүрчин, дараа нь мастераар дэвшиж ажиллаад таван жил гаруй болохдоо “Алтан гадас” одон, “Бид ялав”, “25 жилийн ой”, “Хөдөлмөрийн хүндэт” медаль, Халх голын тэмдэг, мөн Ударникийн тэмдгээр шагнагдсан тэргүүний ажилчин хүн байна.
“Улаан од” сонины энэ оны 2-р сарын 11-ний дугаарт “Шинийг санаачлагч мастер” гэсэн гарчигтай сурвалжлагчийн тэмдэглэл нийтлэгдсэнийг хавтаст материалд хавсаргалаа.
Эхнэр Дулмаа 36 настай, мөн Цэргийн гар үйлдвэрт оёдолчин. Их хүү Сүрэнжав хоёрдугаар ангид сурдаг, дунд охин нь энэ жил долоон настай, хамгийн бага нь дөрвөн настай.
Намсрай дөрвөн жилийн өмнө Хятад ажилчны наймдугаар гудамжинд зургаан мянган төгрөгөөр хувийн хашаа байшин авч гэр байшин хоёртой болжээ. Зун нь голцуу гэртээ, өвлийн цагт байшиндаа байдаг, харин хашаан дотор нь эхнэр Дуламын эх эмгэнээс өөр хүн суудаггүй, тэр эмгэн хүүхдүүдийг нь харж өөрийнхөө жижиг гэрт өвөл, зунгүй байдаг.
Одоо Улаанбаатар хотын нэгдүгээр хорооны зургадугаар хорины арван нэгэн тоот хашаанд суудаг, ард халх, эрэгтэй, ял шийтгэл байхгүй, ямар ч сургуульд сурч яваагүй, гадаадад явж байгаагүй. Цагаан, бароны цэрэгт яваагүй, хувьсгалын эсрэгүү хуйвалдаанд оролцож байгаагүй, монголоос өөр хэл бичиг мэдэхгүй.
Цагдан сэргийлэхийн ба аюулаас хамгаалах хэлтсүүдийн шугамаар шалгуулахад одоогоор илэрсэн ямар нэгэн сэжиг, тэмдэггүй байна.
Дүгнэлт: Мастер Намсрайн талаар онцын илэрсэн сэжиггүй бөгөөд манай тэргүүний ажилчин болох нь батлагдсан тул цаашид онцлон хяналт тавих явдалгүй гэж үзэв.
Гүйцэтгэсэн …р тасгийн ахлах төлөөлөгч ахмад Тогтох гэжээ.
Хурандаа Дэлгэр үүнийг уншаад дараа нь уг танилцуулгад хавсаргасан “Улаан од” сониныг сонирхон үзэв.
Сонины хоёрдугаар нүүрэнд: Намсрайн зургийн дор талд “Шинийг санаачлагч мастер” гэсэн гарчигтай жижигхэн тэмдэглэлд хуучин эсгэж байсан аргыг өөрчилж шинэ аргаар эсгэх болсноос олон зуун метр барааг хэмнэж арван зургаан мянган төгрөгний хэмнэлт гаргасан тухай бичсэн байв.
“Улаан од” сониныг уншиж байгаа хурандаагийн нүүр рүү нүд салгалгүй ширтэж суусан ахмад Тогтох, хурандаа нэг л дааж давагдашгүй асуудал тавих гээд байна даа гэж дотроо бодож суув.
Хурандаа Дэлгэр “Улаан од” сонин дээр гарсан Намсрайн зургийг нүднийхээ шилэнд ойртуулж нэг холдуулж харснаа өмнөө тавиад, дугуй ширээний ард сууж байгаа Тогтох руу дөлгөөн харцаар харав.
-Нөхөр ахмад аа, та Намсрайг орон нутгаар нь шалгуулав уу? гэж хурандааг асуухад ахмад,
-Шалгуулсан, нөхөр хурандаа гэлээ
-Юу гэж хариу ирсэн байна?
-Булган аймгийн Сэлэнгэ сумын зургадугаар багийн харьяат Доржийн Намсрай гэдэг хүн бий. Найм, есөн жилийн өмнө эх, эцэг нь бие барсан учир цэргээс ирээд удахгүй хот орсон дуулдсан, түүнээс хойш Сэлэнгэ аймагт байна гэж сонсогдсон, чухам одоо хаана байдгийг нь мэдэхгүй. Ойр дотны ах дүү байхгүй, сургийг нь гаргах хүн энд алга байна гэж хариу ирсэн.
-Та нар Намсрайг мөн гэж үзэж байна уу?
-Тэгж бодож байна
-Мөн гэх ямар үндэс байна?
-Нөхөр хурандаа миний бодож байгаагаар бол нэгд, Булган аймгийн засаг захиргаа, цагдан сэргийлэх ангиар нь шалгуулахад үнэхээр Доржийн Намсрай гэж хүн бий гэж байна. Түүнээс гадна ингэж олон удаа шагнал авч, сонин хэвлэл дээр гарч сайшаагдсан тэргүүний хүнд үнэмшихээс өөр яахав. Би л хувьдаа Намсрайд итгэж байна гэхэд хурандаа Дэлгэр ахиж юм асуусангүй. Харин “Улаан од” сониныг ахин авч ширээнийхээ нүднээс томсгох шилээ гаргаж Намсрайн зургийг анхааралтай харж байв.
“Хурандаа энэ зургийг л хараад байх юм. Үүнд тэгж сонирхоод байх юу байгааж дээ. Хурандаа олон жил ажилласан болоод хэрийн юманд бүр итгэхээ байсан хүн юм даа. Намсрайд итгэж ядаад байх юм юу байхав дээ” гэж ахмад Тогтох дотроо хурандааг зэмлэнгүй харж суув.
Хурандаа, мастерын царайны төрх байдлыг шинжээд нүүр нь зуувандуу болж ирээд царай нь шингэн, залуудаа бол нэлээн цагаан царайтай байсан бол уу гэмээр овор багатай, эрлийз байрын хүн байхыг ажжээ.
Мастер нүднийхээ шилийг, шил зүүж сураагүй юм уу гэмээр эвгүй, хэлтгий зүүж, харцаа аль болохоор зугтаалгахыг оролдсон нь илэрхий, уруулаа жимийж, аль болохоор нарийхан уруултай гарахыг хичээсэн энэ бүхнийг хурандаа олж харжээ.
-За та тэмдэглэж ав. Би танд хэдэн зүйлийн үүрэг тавья гэж хурандааг хэлж дуусаагүй шахуу байхад ахмад Тогтох дэвтэр харандаагаа бэлтгэж амжсан байв.
-За ингэхлээр нэгд, бүх аймгуудын тусгай хэлтсүүдэд албан тоот явуулж Доржийн Намсрайг ахин сурвалжлуулах хэрэгтэй. Өөр Намсрай байгаа эсэхийг мэдэх ёстой. Хоёрт, Намсрайн ойр дотны хүмүүсийг тогтоож нарийн судалгаа явуулж тэд нарыг шалгах! Гуравт, Намсрай нүднийхээ шилийг үргэлж зүүдэг юм уу, эсвэл ерөөсөө зүүдэггүй юм уу гэдгийг тогтоох. Дөрөвт, Намсрай жирийн байхдаа уруулаа жимийдэг ёс байна уу, үгүй юу. Ер нь ямар уруултай хүн болохыг нарийн мэдэх. Тавд, Намсрайн зураг авсан сонин сурвалжлагчийг над дээр маргааш өглөө ирүүл гэж хурандааг дэс дараалан хэлэхэд ахмад Тогтох түүний хэлснийг үг үсэг орхилгүй бичиж авав.
 
СОНИН СУРВАЛЖЛАГЧТАЙ УУЛЗАВ
 
Хурандаа өглөө ажилдаа ирээд өчигдрийнхөө үзэж байсан “Улаан од” сонинг гаргаж Намсрайн зургийг ахин хараад, хүний зураг авахдаа найрамжийг нь тааруулж гэрлийг нь зөв тавьж авч чадахгүй яасан туршлагагүй зурагчин бэ дээ гэж тэрхүү зургийг голж суутал хаалга цохих чимээ гарав.
Хурандаа зөвшөөрөл өгтөл нарийхан хөмсөгтэй өндөр гэгчийн цагаан залуу орж ирээд,
-Хурандаагийн дуудсанаар “Улаан од” сонины сурвалжлагч ахлах дэслэгч Содов ирлээ гэж номхон зогсоход хурандаа суух зөвшөөрөл өглөө.
-Та сурвалжлага ч бичдэг, зураг ч авдаг уу? гэж хурандааг энгийн байдлаар асуухад сурвалжлагч,
-Зураг авах шаардлагатай байвал заримдаа авдаг явдал бий гэлээ.
-Та мастер Намсрайн тухай сурвалжлага хийсэн үү?
-Тэгсэн, нөхөр хурандаа
-Намсрайг сурвалжлах асуудлыг та өөрөө санаачилсан уу?
-Сонины зөвлөлөөс даалгасан юм
-Зургийг нь хэн авсан юм бэ?
-Би өөрөө авсан юм
-Сонинд зурагтай тавихыг та санаачилсан юм уу? Эсвэл бас сонины зөвлөлөөс даалгасан хэрэг үү?
-Сонины зөвлөлөөс даалгасан
-Таны зургийг нь авах гэхэд Намсрай дуртай байна уу?
-Тийм ч дуртай биш байсан
-Зургийг чинь авья гэхэд юу гэж байна?
-Тун их дургүй царай гаргаж “Миний зургийг сонин монинд тавьж яах юм бэ? Ямар өсч яваа залуу нас биш, өвгөрсөн хүний зургийг сонинд гаргаад ямар хэрэг байх билээ” гээд ер халгаахгүй байсан. Тэгээд ч Намсрай гуай зургаа авахуулахгүй их удсан
-Яаж байж зургий нь дарав даа?
-Сонины зөвлөлөөс аваарай гэсэн юм гэж учир утгы нь хэлж гуйж гувшиж байж л нэг дарахчаан болсон юм
-Ямар учраас зургаа авахуулах дургүй байна гэж та бодов?
-Надад үнэндээ хэлэх юм алга. Их даруу зантай хүн юм уу даа гэж бодсон
-Таныг ороход нүдний шилтэй байсан уу?
-Нүдний шилгүй байсан
-Яагаад нүдэндээ шилтэй зургаа авахуулсан хэрэг вэ?
-Намайг л зураг дарах гэж будилж байх хооронд нүдэндээ шил зүүж байгаа харагдана билээ
-Шилээ хаанаасаа авч зүүснийг харсан уу?
-Халааснаасаа л лав гаргаагүй дэг, харин ширээний нүдийг онгичиж байсан, түүнээсээ гаргасан уу, хаанаасаа гаргаж зүүснийг олж хараагүй
-Халааснаасаа гаргаагүйг та яаж мэдэж байна вэ?
-Өмссөн цамц нь энгэртээ халаасгүй байсан юм, тэгээд ч харандаагаа өмднийхөө халааснаас гаргаж ирж юм тэмдэглэж байсныг санаж байна.
-Таны авсан зураг дээр мастер маань уруулаа баахан жимийсэн юм шиг санагдаж байна. Миний нүднийх байна уу? эсвэл ийм жимбэгэр уруултай хүн байна уу?
-Нэг ч их жимбэгэр уруултай хүн бишээ, харин зураг дээрээ яагаад ч юм бэ, их л нарийхан уруултай гарчихсан харагдана лээ
-Танд их баярлалаа, нөхөр ахлах дэслэгч ээ! Би энэ талаар хэдэн зүйл лавлах гэсэн юм. Харин миний асуусныг цааш нь задруулж болохгүй шүү дээ!
-Ойлголоо, нөхөр хурандаа гэж сурвалжлагч хариулахын завсар би ямар болохгүй хүний нь зургийг авчихсан юм бол доо гэж сэтгэл зовж суув.
 
ШИНЭ МЭДЭЭ ИРЭВ
 
Хурандаа Дэлгэрийг хэлтсийнхээ ажилчдад яриа хийгээд тарж байхад утас дуугарав.
Харилцуурыг автал үүдний жижүүр бүдүүн хоолойтой эрэгтэй хүн
-Нөхөр хурандаа, …р ангийн бага дарга Санжаа тань дээр орьё гэж байна гэж утасджээ.
Хэдий ажил ихтэй завгүй байсан боловч орох гэж байгаа бага даргыг оруулах зөвшөөрөл өгчээ.
Ер нь хурандаа орох гэж хүссэн хүмүүсийн гомдол хүсэлт алив өргөдлийг цаг тухайд нь хүлээн авч барагдуулдаг тогтсон заншилтай хүн тул заримдаа яамны үүдний жижүүрээс “тэртэй тэргүй дуртай хүлээж авдаг юм” гээд өөрөөс нь зөвшөөрөл авалгүй оруулчихдаг явдал ч цөөнгүй тохиолджээ.
-Та юун тухай надтай уулзах гэсэн билээ? гэж хурандааг асуухад бага түрүүч чухам юунаас эхэлж юу хэлэхээ мэдэхгүй сандарсандаа годосхийн босож номхон зогсоод бүсээ засав.
Түүний сандарсан байдлыг ажсан хурандаа инээмсэглэж,
-Та сууж байгаад ярь л даа гэхэд бага түрүүч,
-Над эвгүй байна.. гэв.
-Юу нь эвгүй байна гэж?
-Би бол бага дарга, та бол хурандаа
-Ямар хамаа байхав, суу суу
-Би дарга нартайгаа дандаа зогсож ярьдаг
-Зүгээр зүгээр, надтай бол зэрэгцэж сууж байгаад ярьж болно гэхэд бага түрүүч сая сандалдаа сууж духан дээгүүрээ бурзайсан хөлсөө арчив.
-Та одоо тайван ярь л даа, нөхөр бага түрүүчээ!
-Би танд нэг юм мэдүүлэх гэсэн юмаа
-За түүнийг чинь сонсъё
-Би чухам хэрэгтэй юм ярьж байна уу, эсвэл хэрэггүй юм ярьж байна уу, өөрөө мэдэхгүй байна, нөхөр хурандаа. Тэгээд ярьж болох уу?
-Бололгүй яахав, битгий тэвд!
-Би нэг шөнө штабын жижүүрт гарсан юм
-Хэдийд тэр билээ?
-Одоо түүнээс хойш хорин нэг хоног л өнгөрөөд байна
-За тэгээд юу болов оо?
-Оройн есөн цагт харуулд гараад зогсож байсан чинь манай дивизийн штабын дарга дэд хурандаа Эрэнцэн гуай над дээр хошууч ирнэ. Түүнийг ирэхээр бушуухан нааш нь оруулчихаарай гэж тушаалаа.
Дэд хурандааг утсаа тавьснаас хойш таван минут болсон уу, үгүй юу нэг хошууч орж ирээд,
-Дэд хурандаа Эрэнцэн бий юу? Намайг дуудсан юмсан гэлээ, тэгэхээр нь би ёслоод оруулчихлаа.
Бараг цаг шахуу болоод нөгөө хошууч маань гараад ирлээ. Би ч яахав хошуучийг гарахад нь номхон зогсож ёслоод гаргачихлаа. Түүний дараа одоо л штабын дарга маань гарч ирнэ шүү дээ гээд нүд цавчилгүй гөлийгөөд зогсоод л байлаа, зогсоод л байлаа. Бас хамт жижүүрт гарсан нэг байлдагчаа дуудаж авчраад зогсоогоод л байлаа.
Зогссоор байтал үүр цайлаа. Өглөө ч боллоо. Харин штабын дарга маань өглөө ажил цуглахад гаднаас орж ирлээ. Ийм л хэрэг болсон юм даа нөхөр хурандаа
-Штабт чинь өөр хаалга бий юү?
-Манай штабт орж гардаг ганцхан л гол хаалгатай
-Та нар харалгүй гаргачихсан хэрэг биш биз?
-Үгүй
-Тэр хошуучийн гарт барьсан юм байсан уу?
-Үгүй, юм харагдаагүй, харин дарга цүнх зүүсэн харагдаж байсан
-Ямар шиг янзын зүс царайтай хүн байсан бэ?
-Намхандуу гэмээр, зарим хүн дунд зэргийн нуруутай ч гэж хэлж магадгүй нуруутай, шарангуй царайтай, нүдэндээ шил зүүсэн, дунд зэргийн насны хошууч л байсан
-Өөр содон тэмдэг байгаагүй юу?
-Ажаагүй, нөхөр хурандаа
-Нүдэндээ ямар шүү янзын шил зүүснийг харсан уу?
-Сайн хараагүй, осолдохгүй л шилтэй байсан
-Харааны шил үү?
-Тийм байхаа, цагаан л шил байна билээ
-Ам, хамар, уруулы нь ажиглаагүй юу?
-Үгүй, нөхөр хурандаа
-Тэр хошуучаас хойш штабаас хүн гарав уу?
-Гараагүй, ер нь хүн байгаагүй юм чинь
Хурандаа цахилгаан товч дарвал, хонх дуугарч нарийн бичгийн дарга залуухан дэслэгч хүүхэн орж ирэв.
Хурандаа нарийн бичгийн дарга руу хандаж,
-Ахмад Тогтохыг наашаа ороод ир гэж хэл! Энэ бага түрүүчтэй уулзуулах хэрэг байна гэвэл нарийн бичгийн дарга эмэгтэй,
-Гүйцэтгэе, нөхөр хурандаа гээд дороо эргэж гарав.
 
МАСТЕРТАЙ НҮҮР УЧРАВ
 
Ахмад Тогтох аюулаас хамгаалахынхны өмсдөг хувцсаа Цэргийн яамны морин ангийн ахлах дэслэгч цолтой формоор сольж өмсөөд цэргийн гар үйлдвэр дээр иржээ.
Тогтох хот дахь цэргийн …р ангийн офицер Жамбалын нэрээр хувцас захиалж хэмжээгээ өгөхөөр офицеруудын хувцасны захиалгыг авдаг “Захиалгын тасгийн мастер” Намсрайн тасалгаанд зөвшөөрөл авч орлоо.
Мастерын тасалгаанд дунд тушаалын гурав дөрвөн офицер захиалгаа өгөхөөр иржээ.
Хурандаагийн өгсөн тушаал ёсоор ахмад Тогтох мастерын талаар бүхий л шалгалтыг хийсэн боловч заавал ч үгүй биеэрээ нүүр тулгарч хэд хэдэн зүйлийг ажиглах ёстой байжээ.
Хөх халаат өмссөн намхандуу нуруутай харимал насны хар хүн офицеруудын хувцасны хэмжээг маш гарамгай авч 15.21.35.72.45.24 гэх зэргээр авсан хэмжээгээ уншиж байхад түүний дэргэд суусан залуухан бүсгүй мастерын хэлсэн тоог дэс дараалан бичиж байв.
Хэдэн мөч болсны дараа Тогтохын ээлж болжээ. Тогтох…р морин хорооны…р сумангийн…р салааны дарга ахлах дэслэгч Жамбал гэж өөрийнхөө нэр овгийг бичүүлээд мастерын өмнө талд очиж хөлөө хавсарч номхон зогсов.
Мастер Намсрайд тулж зогсоод ажиглавал нүдний шил зүүж байсан ором тэмдэггүй байв. Хурандаагийн нэг сонирхсон зүйл бол мастерын уруул байлаа. Тэрхүү уруулыг ажиглавал зураг дээр гарсан шиг нарийхан жимбэгэр биш харин дарвагардуу зузаан байхыг хараад зураг татахад нимгэн болдог уруул юм байж дээ гэж бодож байв. Тогтох барьж явсан арван мөнгөө доош нь зориуд унагав.
-Юу унаж орхив оо? гэж мастерыг асуухад Тогтох,
-Харин л дээ. Надаас л юм унаагүй байх
-Үгүй, танаас унаад тийш өнхрөөд явчихлаа гээд мастер ширээн доогуур үсэрч орсон мөнгийг олоод Тогтоход гаргаж өгөв.
“Надаас хурц нүдтэй байна шүү. Ийм нүдтэй хүн зураг авахуулахдаа яагаад шил зүүсэн юм бол доо” гэж Тогтох бодов.
Тогтох энэ тэрийг сонирхож хааяа мастерыг харсаар байтал хувцасны хэмжээ авч дуусчээ.
 
ЗҮҮНИЙ ҮЗҮҮР
 
Хурандаа Дэлгэр төмөр авдраасаа жижигхэн хайрцаг гаргаж өмнөө тавиад онгойлгов.
Хайрцаг дотор хөвөнд нандигнан суулгасан зүүний хугархайг гаргаж томсгох шилээр эргүүлж тойруулан харав.
Энэ бол хотын гудамж буюу айлын хаясан хогноос олдсон энгийн нэгэн зүүний үзүүр биш сарын өмнө хил дээр баригдаад үхсэн Самбуу гэгч этгээдийн гутлын улны завсраас олдсон хамгийн чухал эд мөрийн баримт холбоо барих ёстой байсан тагнуулыг илрүүлэхийн амин судас нь билээ.
Хурандаа зүүний үзүүрийг лабораторид өгч нарийн шинжилгээ хийлгүүлсэнд энгийн нүдээр харагдамгүй нарийхан зураас олджээ. Тэр зураас нь зөвхөн зүүнийхээ үзүүрт биш бас зүүний сүвэгчин талд нь ч байж болох юм гэдэг санааг төрүүлэв.
Хурандаа зүүг томсгох шилнийхээ өмнө барин нөгөө нарийн зураасыг харж “энэ зүүний үзүүр сүвэгч таарснаар бас итгэхгүй харин зүүнийхээ үзүүрийг авсны дараа зураасыг нь шалгаж байж сая холбоочин мөн эсэхийг мэдэх нь байна шүү” гэж бодож суутал ахмад Тогтох орж ирэв.
-Энэ зүүний сүвэгч нь хаана байна хэмээн хурандааг асуухад Тогтох,
-Их холгүй байна гэлээ
-Холгүй дээ?
-Хотод л байна
-Зүйтэй, чухам хэн байж болох вэ?
-Шууд хэлэхэд хэцүү л байна…
-Бид байгаа газрын тухай санал тохирч байна Харин хэн бэ? гэдэгт зөрөөтэй байгаа шүү дээ?
-”Үхрийн цээжний хэрэг”, “Дондогийг алсан хэрэг” хоёрын эзнийг нэг хүн гэж итгэж байна. Би тэр хүнийг юм уу, эсвэл эзэн нь илрээгүй байгаа нууц түлхүүрийн эзэн л байх гэж бодож байна. Энэ хоёрын нэг дээ
-..р дивизийн штабт орсон хошуучийг юу гэж бодож байна?
-Тэр хошууч байж болох юм.. гэхдээ тэр чинь цэргийн хүн шүү дээ…
-Мастер Намсрай хамаагүй юу?
-Хурандаа минь би Намсрай гуайг хардаж яагаад ч зүрх хүрэхгүй байна. Түүний нүдний шил зүүж, уруулаа жимийсэн нь таны хэлдгээр зүсээ танигдуулахгүйг бодсон хэрэг биш харин зургаа авахуулж сураагүй хүн яаж зургаа авахуулахаа мэдэхгүй байсаар байгаад тэгж гарсан байж болох юм гэж бодлоо.
-Дайсан зүсээ хувиргаж чадна шүү дээ, ахмад аа?
-Тэр ч чадна л даа…
-Намсрай холбогдолтой эсэх нь энэ зүүний үзүүрээр л удахгүй шалгагдана…
-Энэ хэргийг гардаж байгаагийн хувьд би л Намсрайг дайчлахгүй дэг!
-Намсрайг бид өөрснөө хэрэгт татахгүй, дайсан чинь цагаа болоход өөрөө өөрийгөө л бариад өгдөг тавилантай амьтан шүү дээ! гэхэд ахмад Тогтох хурандаатай санал зөрж байгаадаа сэтгэл зовж суулаа.
 
ТООНЫ НУУЦ
 
Аюулаас хамгаалах газрын урт цагаан байшингийн нэгдүгээр давхрын баруун үзүүрийн нэг цонх хэдэн шөнө дараалан гэрэлтэй хонов.
Энэ нь ахлах төлөөлөгч ахмад Тогтохын ажлын тасалгаа билээ.
Гүйцэтгэх ажилтны тасалгаа ингэж шөнө турш гэрэлтэй байхыг бодоход нэг бол мөрдөн байцаалтын том хэргийг тодорхой цагийн дотор дуусгах гэж шаргуу ажиллаж байдаг, үгүй бол боловсруулж байгаа хэрэг дээрээ дүн шинжилгээ хийж холбогдох олон төрлийн материал уншиж цаашид ажиллах нарийн төлөвлөгөө хийж байдаг.
Тогтох энэ хоёрын алиныг ч хийсэнгүй, харин өөр зүйлийн оньсого тайлж байжээ.
Өнгөрсөн сарын эхээр хил дээр баригдаж хилчидтэй буудалцаж хүнд шархдаж сүүлдээ нас барсан Самбуугийн хэрэгтэй холбоотой юм.
Самбуу шархны халуун болж үхэхийнхээ өмнө “Барааны дэлгүүр онгорхой болов уу? Маргааш очдог юм билүү дээ. 7+6=… 9-19-19-М-19” гэж дэмийрч байсны учрыг тайлах гэж олон талаар бодож махран ноцолдсон нь энэ байжээ.
Хүн дэмийрч солиорохдоо заавал ч үгүй өөрийнхөө баттай санаж явсан зүйлээ ярьдаг явдал олонтаа.
Тагнуулчин хүнд амь настай нь холбогдсон хамгийн чухал зүйл нь уулзах цаг, газар, харилцах үг, ярих нууцын түлхүүр зэрэг байх ёстойг ахмад Тогтох арван хуруунаасаа илүү мэдэх тул Самбуугийн хэлсэн үгийг тайлахаар хоёр долоо хоног оролджээ.
Тооны нууцыг тайлаад хурандаа дээр хоёр удаа орсон боловч “Бас л болоогүй байна. Хоорондоо авцалдаагүй байна” гэсэн тул Тогтох ахин ахин нойр хоолгүй ажилласаар байжээ.
Ахмад Тогтох нууц түлхүүрийн ухааныг сайн мэдэх учир энэ Самбуугийн дэмийрэхдээ хэлсэн тоо нь нууц түлхүүр байж яагаад ч тохирохгүй, харин цаг хугацааны холбогдолтойг хатуу ойлгосон байв.
Хурандаа Дэлгэр ч мөн ингэж зөвлөлгөө өгсөн байв. Холбоочин тагнуулчтай уулзаад эхэлж хэлэх үгний талаар алдвал бүх хэрэг дороо задран унах тул Тогтохын тайлах гэж байгаа оньсого бол хамгийн хариуцлагатай, хамгийн осолтой явдал байлаа.
Тогтохын хамгийн сүүлчийн бодсоноор бол эхний 9-19-19-М-19 гэдэг тоо нь 9-р сарын 19-ний өдрийн 19 цагт М-19 гэдэг газар уулзах юм.
Гэхдээ М-19 гэдэг гудамж юм уу? Тийм номертой байшин юм уу, эсвэл утасны мод юм уу, ямар ч газар байж болох юм.
М гэдэг нь дан үсэг биш М үсгээр эхэлсэн нэртэй газар ч байж болно.
Холбоочин эхэлж тагнуулчтай уулзахдаа “Барааны дэлгүүр онгорхой юу?” гэж асуухад цаадах нь нэг үг хэлэх ёстой.
Дараа нь холбоочин “Маргааш очдог юм билүү?” гэж дахин асуух маягтай хэлбэл нөгөө хүн бас л нэг хариу өгөх болно. Түүний дараа 7+6= гэж хэлэхээр цаадах этгээд нь дүнгий нь юм уу эсвэл өөр зүйл хэлээд харилцах тэмдэгтээ гаргаж ирэх юм уу, эсвэл холбоочингоос зүүний нь үзүүрийг авч үзэж бие биенээ мэдэлцэх ёстой гэж Тогтох нарийн бодож, боловсруулаад хурандаад ахин орж танилцуулжээ.
Тогтохын хийсэн ажлыг хурандаа зөв гэж сайшаагаад үүнээс өөрөөр байж болохгүй юм гэжээ.
 
ЗҮҮНИЙ СҮВЭГЧ
 
9 сарын 19-ний өдрийн “уулзалтад” зориулж хурандаа Дэлгэрийн хэлтсийнхэн нилээн том ажил зохиох хэрэгтэй байлаа.
Юуны өмнө холбоочноор хэнийгээ явуулах вэ гэдэг асуудал байв.
Солиорч үхдэг Самбуутай төстэй, дунд зэргийн нуруутай, шингэн шаравтар царайтай, гучин долоо найм орчим насны хүнийг олж холбоочин болгож уулзуулах хэрэгтэй гэж хурандаа шийдээд чухам хэнийг сонгох вэ? гэдэг нь үлдэж байлаа.
Аюулаас хамгаалах газрын хөдөө аймаг дахь нэгэн тусгай хэлтсийн ажилтан ахмад Батааг холбоочны дүрд тоглуулбал, нэгдүгээрт төрх байдлаараа, хоёрдугаарт япончуудын зан байдлыг гадарлаж, япон хэл сайн мэддэгээрээ, гуравдугаарт, авхаалж самбаагаараа тохирох хүн гэж үзээд өөрийнхөө саналыг яамны орлогч сайдад илтгэж 9-р сарын 19-нд хийх ажлынхаа тухай танилцуулбал хурандаагийн боловсруулсан төлөвлөгөөг баталжээ.
Батааг төвд дуудаж ирээд Самбууг орлож холбоочин болгох тушаал өгч, уг хэргийг нарийн судлуулж холбоочин болгох бэлтгэлийг хийлгэж эхлэв.
Батаа үүний өмнө хэдий чухал даалгаврыг биелүүлж байсан боловч энэ жүжгийн холбоочны дүрд тоглох нь тун ч амаргүй мэт санагдаж байв.
Явуулах холбоочинг олохын хажуугаар М-19 гэдэг чинь чухам ямар газар болохыг тогтоохоор бүх хот даяар 19-ийн тоотой газрыг мэдэх ёстой байлаа.
Цагдан сэргийлэхийн нөхдийн тусламжтайгаар шалгалт хийж байж “Марксын 19”, “Мандлын 19”, “Малчны 19” гэдэг ийм гурван гудамж байгааг олсон авч “Марксын 19” нь хүн уулзахын нөхцөлгүй, төв талбай руу ордог олон хүмүүсийн хөл үймээний газар байв.
Мандлын гудамжны 19 тоот хашаанд нь хотын цагдан сэргийлэхийн харьяа газар байх бөгөөд энд үргэлж манаа харуул зогсох тул тагнуулууд уулзаад байх боломжгүй, харин “Малчны гудамжны 19 тоот хаалга” нь гудамжны талдаа, өнгөрсөн жил будсан болов уу гэмээр хөх өнгөтэй урт сандал тавьсан амь айлын хашаа байлаа.
Энд л хүн уулзахад бололцоотой юм гэж хурандаа Дэлгэрийн хэлтсийнхэн үзжээ.
Холбоочноо уулзуулах гол уулзалтын газрыг Малчны 19 тоот хаалган дээр хийнэ гэж төлөвлөсөн Тогтохын төлөвлөгөөн дээр хурандаа гарын үсэг зурж, баталсан боловч “Марксын 19”, “Мандлын 19” хоёрт хоёуланд нь мөн зүүний үзүүр барьсан ярих хэлэх үгий нь цээжилсэн хоёр хүнийг байлгах нь зүйтэй, юмыг яаж мэдэх вэ? гэж хаширлан захижээ.
Самбуугийн үхэхийн өмнө, дэмийрч ярьсан тооны нууцын учир утгыг, олсон эсэхийг шалгах хугацаа хаяанд ирж, 9-р сарын 19-ний өдрийн 18 цаг болж байв.
Нэг цагийн дараа Малчны гудамжны 19 тоот хашааны үүдэнд ямар нэг шинэ үзэгдэл болох юм уу, эсвэл юу ч болохгүй юм билүү гэдгийг хэн тийм амархан таачих билээ.
Тогтохын сэтгэл үймж, өөрийнхөө гаргасан таамаглалд эргэлзэх боловч заримдаа зөв болсон гэж өөртөө итгэх санаа төрнө. Үүний зэрэгцээгээр хэрвээ зөв таамагласан бол холбоочинтойгоо уулзах гэж хэн ирэх вэ? гэдэг нэгэн сонирхолтой асуудал Тогтохын толгой дотор аяндаа орж ирэн түүний сэтгэлийг давхар зовооно.
-Хурандаагийн хэлдгээр зүүний сүвэгч л ирж уулздаг байх. Чухам тэр сүвэгч нь “үхрийн цээж” юм уу эсвэл штабт ордог хошууч бол уу? Үгүй бол нууц түлхүүрийн эзэн ч ирж магадгүй гэж ахмад Тогтоход янз янзаар бодогдоно. Хэрэв би буруу бодоогүй бол бидний толгойг эргүүлсэн энэ хэргүүдийн цаад эзэн нь ганцхан Орог-Саарал л байх ёстой.
Хоорондоо холбоотой гадаадын хэд хэдэн тагнуулууд ч бидний толгойг эргүүлж байж болох юм. Гэвч Орог- Сааралаас өөр хүний дүр миний толгойд ер нь орохгүй байх чинь…. хэмээн хурандаа бас л зүүний сүвэгчийн тухай бодсоор суув.
Арван есний өдрийн арван есөн цагт нэг минут дутуу байлаа. Батаа, холбоочин Самбуугийн өмсөж ирсэн бүхий л хувцас хунарыг өмсөөд Малчны гудамж өгсөж гарч ирэхэд мөн гудамжны эхнээс Орог-Саарал гарч ирэв.
Гудамжаар хүн цөөнтэй, харин гудамжны дунд хэд хэдэн хүүхэд алаг бөмбөгөөр тоглож, дуу шуу болж байгаа харагдав.
Энэ үед Аюулаас хамгаалахынхан тэдэнд харагдаж сэжиг авахуулахгүй нууцгай газар зогсож байлаа.
Яг арван есөн цаг боллоо. Орог-Саарал Батаа хоёр нөгөө урт хөх сандал дээр суулаа.
Батаа ядарсан дүр гаргаж хөлсөө арчин, тамхиа гаргаж татахад Орог-Саарал ч бас тамхиа асааж, галаа Батаад өгөв.
-Муу эхнэр шүү юм зүүгээ хугалж орхиод, барааны дэлгүүр онгорхой болов уу? гэж Батааг хэнэггүй байдлаар асуухад Орог-Саарал хулгайн нүдээр Батааг хяламхийн харснаа,
-Өдийд дэлгүүр хаачихсан байлгүй яахав дээ гэхэд Батаагийн сэтгэл жаал онгойж,
-Маргааш очдог юм билүү дээ гээд тамхиа соров.
-Тэгсэн нь дээр байлгүй дээ
-Долоо дээр нэмэх зургаа гээд Батааг халаас руугаа гараа явуулж, мөнгө гаргаж тоолох гэж байгаа дүр үзүүлэхэд Орог-Саарал тайвнаар,
-Тийм ч урт зүү байдаггүй байхаа! Харин надад нэг муу зүү байсан юмсан гээд малгайгаа авч, зүүний сүвэгч гаргаж ирэхэд Батаа ч гартаа барьж байсан зүүнийхээ үзүүрийг Орог-Сааралд “үүнийг үз л дээ” гэх маягтай өгөв.
Орог-Саарал зүүний үзүүр, сүвэгч оёрыг залгах байдалтай бариад “Арван гурав” гэж хэлэх нь Батаад сонсогдов.
-Маргааш оройн арван цагт хятад ажилчны клубын хойд талын үүдэн дээр уулзъя! гэж гурав, дөрөвхөн үг хэлээд Орог-Саарал тамхиа савсуулсаар босчээ.
Батаа ч хормойгоо гүвсээр хамт босов. Батаагийн өгсөн зүүний үзүүрийг Орог-Саарал эргүүлж өгсөнгүй тэр чигээр нь аваад гудамж өгсөн алхалжээ.
Батаа ч тамхиа татсаар ирсэн замаараа буцаад хэнэггүй явав.
 
НОЁН ОСИ БАРИГДАВ
 
Маргааш өглөө нь хурандаа Дэлгэр, Сэлэнгэ аймгийн аюулаас хамгаалах хэлтсээс өөрийн нь нэр дээр ирүүлсэн албан тооттой танилцав.
Тэрхүү албан бичигт “Танай хэлтсээс явуулсан 501 тоот бичгийн хариу. Уг тоот бичигт өгүүлсэн Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат Доржийн Намсрай нь тус аймгийн гар үйлдвэр, дараа нь зам засварын ангид ажиллаж байгаад 1937 оны 10 дугаар сарын 5-ны шөнө машинд дайрагдаж нас баржээ.
Тэр үедээ аймгийн цагдан сэргийлэхээс шалгаж хөөцөлдсөн боловч ямар ч эзэн гараагүй өнгөрчээ. Намсрай угийн ганцаараа хүн тул асруулах, тэтгүүлэх эхнэр хүүхэд ямар нэгэн хүн байсангүй нь уг хэргийн материалаас тодорхой” гэжээ.
Сэлэнгэ аймгийн хэлтсээс ирүүлсэн албан бичиг нь хурандааг ямар нэгэн ид шидтэй гайхлыг төрүүлсэнгүй, харин түүний бодож байсан таавартай яг мөргөжээ.
Оройн есөн цаг болж байхад Орог-Сааралыг барьж авахаар хурандаа хэлтсийнхээ хэдэн ажилтантай хамт гадагшаа гарав.
Аюулаас хамгаалахынхан Орог-Саарал, холбоочин хоёрын уулзахад сэжиг авахуулахгүй газар байхаар газраа урьдчилан шилсэн байжээ.
Хагас сайны оройг ч хэлэх үү. Хятад ажилчны клубын үүдээр хятад, монгол нийлсэн олон арван хүн бужигналдаж байлаа.
Клубын хашаан дотор радио хангинана. Хашааны үүдэн тус газар савтай самар тавьсан өвгөн хятадууд сууна. Тэр хавьд байсан хүмүүс дор бүрнээ шуугилдаж ихэнх нь самар цөмж өөд сөөргөө холхино.
Оройн арван цаг болоход бужигналдаж байгаа хүмүүсийн дунд Орог-Саарал, Батаа хоёр бие биеэ бараг нэгэн зэрэг шахуу олж харжээ.
Орог-Саарал, Батаатай мэндэлмэгц нүдээрээ дохио өгч, клубийн үүдний хурц гэрэлд бужигнаж байсан олон улсаас холдон гарч, улмаар хятад ажилчны гудамжуудыг хөндлөн огтолсон нарийхан гудамжаар өгсөв.
Орог-Сааралыг дуугүй явахад Батаад дуугарах юм ч олдсонгүй, харин одоо хаана ч юм, нэг газар очиж шалгалт хийж үзэх байх, япончуудын тэр муу санаатай нууц утгатай шалгалтыг нь давахгүй байж мэднэ гэж сэтгэл зовж явлаа.
Орог-Саарал бас ийнхүү бодож явав. “Хоёр дахь уулзалтад холбоочин надтай хөлөө нийлүүлэхгүй явах ёстой! Гэтэл энэ маань яагаад хөлөө нийлүүлчихсэн явдаг билээ! Авчирсан зүү нь зүсээрээ байсан, гэвч холбоочинг замаас нь барьж аваад аюулаас хамгаалахынхан намайг урхидаж байна уу? За юу ч болсон дотогшоо орж байж л шалгалтаа хийе. Тэгтэл үнэн худал нь мэдэгдэх байлгүй, хэрэв үнэн байвал Токио руу “Усны хувин чинь бүтэн байна. Худгийн ус тунгалагхан байна…” гэж мэдээ явуулна. Хэрэв биш байх юм бол дор нь цааш нь харуулахаас өөр замгүй шүү дээ” гэж Батааг итгэхгүй муу санаалсаар байв.
Гадаа саргүй, тэгээд бас тэдний явсан нарийн гудамж харанхуй, цааш явахад Батаад аймшигтай санагдана. Тэр хоёр тэмтэрч бүдэрсээр байж хятадын есөн гудамжны зүүн үзүүрийн нэг муу хуучин байшин руу дагуулан ороод чийдэн асаавал тэнд хүн байсангүй, харин сандал ширээ, нэг ор, авдар шүүгээхэн харагдана.
Энэ үед “Хэрвээ шалгалт хийвэл дороо илэрч, аюултай хэрэг гарна! Миний дохиогоор орж түргэн барина шүү” гэж хурандаа нөгөөдүүлдээ захиад, Орог-Сааралын орсон байшинг бүсэлж амжсан байлаа.
Хурандаа цонхны хөшигний завсраар дотор болж байгаа зүйлийг ажиглахаар гэтэж очив. Орог-Саарал пийшин дээр байсан шар данхтай уснаас хоёр гонзгой шилэн аяганд тэхий дундуураас арай дээхнүүр хийгээд Батаагийн өмнө тавилаа.
Орог-Саарал цайны ханд хийхийн оронд халааснаасаа цаас гаргаж дотор нь байсан зүүний үзүүрийг авч Батаад өгөв.
Батаа зүүний үзүүрийг аваад чухам яах учры нь мэдэхгүй хий л эргүүлж тойруулан хараад, шилэн аягатай усны нэгийг ойртуулан тавьжээ. Орог-Саарал зүүний үзүүрийг Батаагийн гарт өгснөөс хойш,
-Нэг, хоёр, гурав, дөрөв, тав, зургаа, долоо… гээд аажимхан тоолж гарав.
Хэлсэн тоо ахих тутам Орог-Сааралын царай улам барайж, хөлс нь духан дээгүүрээ бурзайж, өөрийн эрхгүй баруун гар нь халаас руугаа явав.
Зүүний үзүүрийг холбоочин аваад Орог-Сааралыг нэгээс аваад арав хүртэл тоолохын хооронд зүүн гарынхаа дунд хурууны өндгийг хатгаж цус гаргаад, нэг дуслы нь Орог-Сааралын аяганд, хоёрдугаар дуслы нь өөрийнхөө аяганд дусааж, дараа нь япон улсын зүг рүү харж тэрхүү аягатай усыг уугаад, Орог-Сааралын аягатай усыг өөрт нь авч өгөх ёстой нууц дохио байсныг Батаа газрын хаанаас тааж мэдэх билээ.
-Ес, арав аа! гэж Орог-Саарал тоолоод хуучин хэвээрээ гөлрөн зогссон Батаа руу улангассан барын дүр гаргаж гар буугаа барьсаар,
-Гараа өргө! Хэн чамайг явуулсан бэ? Хэл гэж Батаагийн хажууд ирж цээж рүү нь буугаа тулгав.
-Наадах тоглоомоо боль! Би явуулсан юм гэж хурандаа зандарсаар орж ирэв.
Түүний ард Тогтох мөн хоёр ажилтан дөрвүүлээ орж ирж амжсан байхыг Орог-Саарал эргэж харан, бөгсөөрөө ухарсаар гудамж руу харсан жижиг шилэн цонхыг тохойгоороо хага ёворч гадагшаа үсэртэл гудамжинд бүсэлж зогссон аюулаас хамгаалахынхан гар чийдэн хэдэн талаас нь тусгаж,
-Буудлаа шүү! Бүү хөдөл, гараа өргө! гэж чангаар хашгирах нь Орог-Сааралын толгойг их буугийн сум дайрч өнгөрөх лугаа адил болж, өөрийн мэдэлгүй дотогшоо навтасхийжээ.
-Орог-Саарал гуай та ингэж тоглохоо боль! гээд хурандаа Дэлгэрийг дөхөж очвол, өөдөөс нь буудах гэснээ больж, царай нь зэвхий саарал болоод толгойгоо доош нь гулдайлган гар буугаа газар чулуудав.
Олон янзын ноцтой хэрэгт толгойгий нь эргүүлсэн Орог-Саарал гэгч нь харин өөрийн нь итгэж явсан мастер Намсрай мөн байхыг ахмад Тогтох сая л таньж, хурандаагийн урьд нь хэлж байсан үг орой руу орох шиг болжээ.
Японы тагнуулчдын дунд нэр ихэд гарсан олон улсын тагнуулч Орог-Саарал буюу Оси ноён явж явж Улаанбаатар хотын нэгдүгээр хорооны есөн гудамжны унах дөхсөн нэг муу шавар байшинд ийнхүү баригдаж, энэ бяцхан тууж төгсөв өө.
 
                                                                                                                                                          1961 он