Баруун хязгаарын хэрэг явдал ба тагнуулын байгууллага

Тагнуулын байгууллагын 90 жилийн ойд

Хорьдугаар зууны Монголын түүхэнд 1939 оны Халх голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн зэрэг томоохон үйл явдлууд болж өнгөрсөн бөгөөд үүнээс түүхэн ач холбогдлын хувьд дутахааргүй үйл явдал бол баруун хязгаарт өрнөсөн хэрэг явдал юм. Энэ талаар өмнөх үйл явдлуудад дарагдан төдийлөн онцлон яригдалгүй эдүгээ хүрчээ. Тиймээс ч уг хэрэг явдалд тагнуулын байгууллагын үүрэг, оролцооны талаар уншигч таньд тоймлон хүргэе. 

Тус улсын баруун хязгаар нь Хятадын Шиньжан мужтай хил залгаа орших бөгөөд нөхцөл байдал хүнд болохын дээр хэсэг бүлгээрээ нэгдсэн чантуу, хуйхуу нарын үйл ажиллагаа нь дээрмийн шинжтэй болж, энэ нь сүүлдээ лал шашинтныг авран хамгаалах нэрийдлээр бусад шашинтныг түрэмгийлэн дээрэмдэх нь өргөжиж, үүнд тус улсын харъяат казакуудаас идэвхтэй оролцож харилцаа холбоо тогтоон хил хязгаарыг хулгайгаар орж гарах нь ихсэж, ялангуяа  казакийн  ноёдуудаас  тэргүүлэн ард олныг элдвээр үймүүлэн хатгаж дагалдуулахыг ихээхэн оролдох болжээ.  

1930 онд одоогийн Хамийн уйгур үндэстний цөөнхийн Кумулын хаант улсын Хан Максудыг нас барсны дараа тус жижиг улсын хагас автономит эрхийг бүрмөсөн хасч Хятадад нэгтгээд, Хятадын цагаачид тус нутагт чөлөөтэй нэвтрэн суурьших үүд хаалгыг задгайруулсан төдийгүй нутгийн суугуул оршин суугчдыг ч өсгөн нэмэгдүүлсэн албан татвараар дарамтлах болсонд Шиньжаны дорнод хязгаарын Кумул уйгуруудын дургүйцэл дүрэлзэн шатаж, 1931 оны 4 дүгээр сард бослого гарган 100 гаруй хятад иргэдийг алж, улмаар Кумулын захиргааг дайрав. Шиньжаны олон үндэстнүүдэд энэ “халдвар” тарах болсон байна.

Хятадад ёс төдий захирагдаж бие даасан эрхтэй байсан Шиньжанд тэгш эрхийг хангасан ардчилсан хувьсгалт тусгаар тогтносон улс байгуулахыг дэвшилтэт ардчилсан хэсэг нь зорих болсны зэрэгцээ тус мужийг Хятадын захиргаанд бүрэн оруулж, БНМАУ-ыг баруун талаас нь довтлох түшиц газар болгохыг Гоминьданы Хятадын эрх баригчид хичээж Нинся ба Гансуй мужуудын хуйхуу цэргийн генерал Ма Чи, Ма Вошиян, Ма Хангуй нарт үүрэг болгож байв. 

Үүнээс үүдэн Монголын баруун хязгаарын нөхцөл байдал хүндхэн болсон бөгөөд ер нь Монголын эрх баригчид баруун талаарх Хятадын цэргийн түрэмгийлэл, халдлагын эсрэг гол бамбай нь Шиньжан гэж үзсэн юм.

Тиймээс ч Гоминьданы Хятадын эсрэг тэмцэж буй Шиньжаны үндэсний эрх чөлөөний тэмцэл, хөдөлгөөнд Монгол тусалж байсан ба тэд ч МАХН-ын Төв Хороотой харилцаа тогтоож, тусламж хүсч байжээ. Хүсэлтийг Намын Төв Хорооноос Коминтерны төлөөлөгчдөд мэдэгдэж, нэн түрүүнд ямар төрөл, хэмжээний тусламж шаардлагатайг судлуулахаар БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга байсан Л.Дэмбэрэлээр даргалуулан Б.Содов, Б.Уртнасан, О.Зонров, лам Данзан нарыг явуулахаар шийдвэрлэсэн байна.

Хэрэг явдал ийнхүү өрнөж байх үед Хятадын төв Засгийн газраас манай улсын баруун хил хязгаараар довтлон орох хүчиндээ Шиньжаны ард олныг ашиглах зорилгоор хуйхуу цэргийг Шиньжан руу хөдөлгөсөн байна. Дотоодыг хамгаалах газар /ДХГ/-т авагдсан мэдээгээр Гоминьданы Хятадууд нь тус улсад довтлох ажилдаа Монголоос гарсан хасагийн оргодлуудыг ашиглахын тулд дээрэмдсэн мал, эд хөрөнгийг нь тэдний олз болгох, Монголд орж хүн алах буюу баривчилж, дагуулж ирвэл тусгай шагнал олгохоор амлаж байжээ.

Шиньжаны зэвсэгт дээрэмчдийн халдлага түрэмгийлэлд 1936-1937 онд хилийн цэргийн хүчээр томоохон цохилтыг өгснөөр баруун хязгаарт түр зуурч гэсэн нөхцөл байдал тайван болж байсан хэдий ч 1939 оны сүүлч 1940 оноос Гоминьданы цэргийнхний дарлал, харгислалд дургүйцсэн Шиньжаны казак, торгууд, урианхай, үзэмчин зэрэг үндэстэн ястнууд бослого тэмцэл өрнүүлж тусгаар тогтнол, эрх чөлөөнийхөө төлөө зэвсэг барин тэмцэж байсныг нь Гоминьданыхан цэргийн хүчээр харгислан дарж байв. Тэдэнд цохигдсон үндэстэн ястнуудын бүлэглэлүүд тэр дундаа казакийн зэвсэгт босогчид Монголын хилийн ойролцоо хоргодон, улмаар хил нэвтрэн ирж нутаглахаас эхлээд дээрэм тагнуул хийх нь ихэсэх хандлагатай байлаа. 

Гоминьданы Хятадын цэргийн байрлал, хүн хүч, зэвсэглэл, тэднээс казакийн дээрэмчидтэй харилцаж буй байдал, Шиньжан дахь казак, чантуу, торгууд, урианхай зэрэг үндэстэн ястны санал, үзэл бодол Монголоос дүрвэн очигсдын байдал, тэднээс Гоминьданы цэргийнхэн, тусгай албад, казакийн дээрэмчин бүлэглэлүүдтэй хэрхэн харилцаж байгаа тухай цаг үеэ олсон мэдээллийг Э.Гэрэлчулууны суурьшуулсан тагнуулчид олон жилийн турш, үнэн зөвөөр, чин сэтгэл, зүтгэл гарган ирүүлж байсан нь баруун хязгаарт буй болсон аюул заналыг арилган таслан зогсооход үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байсан түүхтэй. 

Ховд аймаг дахь хилийн 5 дугаар отрядын тагнуулын тасгаас Шиньжаны чиглэлд Гоминьданы цэргийн байрлал, хөдөлгөөн, зэвсэглэл, казакийн дээрэмчдийн үйл ажиллагаа, тус бүс нутагт өрнөсөн үндэстэн ястны эрх чөлөөний хөдөлгөөнийг судлах, мөн тэнд тагнуулчдыг суурьшуулах зорилгоор Батб.Дүгэр, Батж.Дүгэр, Б.Бадам, С.Чой, Б.Бүрэнтөгс, Б.Чулуундай, Ө.Сагадай, Б.Сахаан, И.Хамхааш нарын торгууд, казак ёс заншил сайн мэддэг тагнуулчдыг удаа дараа хилийн чанадад ажиллуулж, тагнуулын чухал мэдээлэл олох, Монголоос урьд дүрвэн гарсан иргэдийн дунд ухуулга, ятгалга хийх, эх оронд нь буцаан ирүүлэх зэрэг ажлыг явуулж байсан нь тагнуулын байгууллагаас баримталсан тухайн үеийн бодлогын үр дүн байсан юм. Энэхүү ажиллагааны дүнд Хавий, Ногояа нарын удирдсан группууд 2000-3000 казак иргэдийг нэгтгэн Гоминьданы цэргийн эсрэг босгож, тэдэнд хүчтэй цохилтуудыг өгч Шиньжаны Алтайн казак иргэдийн эрх чөлөөний тэмцэлтэй нэгтгэн нийлүүлж байв.

Энэ үед баруун хил хязгаарын аюулгүй байдлыг хангахын тулд дайсагнасан бүлэглэлүүдийн ажиллагааг бүрэн таньж мэдэх, түр ч гэсэн тэдэнтэй эвлэрэн зохицохын тулд тэдний дунд тагнуулын ажлыг гүнзгий явуулах, зарим бүлгийн толгойлогчдын хүчийг ашиглан дайсны бүлэглэлийг устган сарниулах, Шиньжанд гарч эхэлсэн үндэстэн, ястны эрх чөлөөний хөдөлгөөн, бослоготой тэднийг нэгтгэх зорилгыг хэрэгжүүлэхэд тагнуулын ажлыг идэвхтэй явуулах үүргийг Ховдын Булганы тагнуулын болон хилийн отрядуудын тагнуулын тасгуудад хариуцуулсан байна.

Дээрх нөхцөл байдлын үед Шиньжан мужийн захирагч Шен Шицай ЗХУ-аас хөндийрөх чиг бодлогод шилжиж, Шиньжанд ажиллаж байсан Зөвлөлтийн бүх зөвлөх, сургагч, мэргэжилтэн, цэргийн ангийг 1943 оны эхээр буцаасан юм. Улмаар Чан Кайшитай харилцаагаа сэргээн Гоминьданы цэргийг Шиньжанд байрлуулсан юм.

Иймд И.Сталин Шен Шицайг эсэргүүцэгч орон нутгийн бүхий л хүчин, түүний дотор Оспанд дэмжлэг үзүүлж эхлэв. Зөвлөлтийн тал Оспанд үзүүлэх тусламжийг Монгол Улсад хариуцуулан гүйцэтгэхээр шийдвэрлэсэн байна. Энэхүү ажиллагааг Монголын тагнуулын байгууллагаар дамжуулан явуулжээ.

Оспантай холбоо тогтоох ажлыг Зөвлөлтийн Дотоод Хэргийн Ардын Комиссариат /ДХАК/-ын тагнуулын газрын дарга, хошууч генерал А.И.Лангфанг, Хилийн цэргийн зөвлөх Ф.С.Попов, Цэргийн яамны зөвлөх Рубин, Өвөр байгалийн цэргийн тойргийн командлагч Ковалёв, Зөвлөлтөөс Монголд суугаа бүрэн эрхт элчин төлөөлөгч Иванов нар шууд гардан удирдаж байснаас үзэхэд Зөвлөлтийнхөн уг асуудалд хэрхэн ач холбогдол өгч байгаа нь илэрхий байна.

Оспаны бүлэглэл 1943 онд Гоминьданы цэрэгт удаа дараалан цохигдон ялагдал хүлээн хүч нь сарнин суларч буу зэвсэг, хоол хүнс, хувцас хэрэглэлгүй болж, Монголын хилийн орчим суурьших болсныг нь ашиглан түүнд дэмжлэг үзүүлэх, Гоминьданы цэрэгтэй байлдуулах, шинээр өрнөсөн Шиньжаны үндэстэн, ястнуудын эрх чөлөөний хөдөлгөөнтэй нэгтгэх зорилгыг тагнуулын байгууллага бодлого болгон хэрэгжүүлжээ. 

1943 оноос эхлэн Монголын Засгийн газраас Оспаны  цэрэг, дайчдад зэвсгийн тусламж үзүүлэн, тэднийг байлдах арга ухаанд сургахад ДЯЯ-ны ажилтнууд оролцож байв. Ховд, Баян-Өлгий аймгийн иргэдээс бүрэлдсэн “партизаны отряд“ Оспаны бүлэгтэй 1945 онд хүч хавсран Шиньжаны нутагт байлдааны ажиллагаа явуулж байв. 1943 оны 10 дугаар сарын 5-нд ДЯЯ-ны орлогч сайд Б.Дүйнхоржав Оспантай уулзаж винтов 27, маузер 10-ыг сум хэрэгслийн хамт бэлэглэв. Мөн 1944 оны 2 дугаар сарын 28-нд Маршал Х.Чойбалсан, И.Оспан нарын уулзалтыг Ховд аймгийн Булган сумын Алаг толгойн застав дээр гүйцэтгэх ажлын шугамаар зохион байгуулах үед Зөвлөлтөөс Монголд суугаа бүрэн эрхт элчин төлөөлөгч Иванов, ДХАК-ын тагнуулын газрын дарга, хошууч генерал А.И.Лангфанг, 17 дугаар армийн командлагч бөгөөд Монголын Цэргийн яамны зөвлөх Рубин, Өвөр байгалийн цэргийн тойргийн командлагч Ковалёв, ДЯЯ-ны сайд Б.Шагдаржав нарын хүмүүс И.Оспантай уулзан, түүний хүсэлтийн дагуу 395 винтов, пулемёт 36, автомат 45-ыг үлэмж хэмжээний галт хэрэгслийн хамт хүлээлгэн өгснөөс гадна И.Оспаны дэргэд түүнд туслах тусгай группийг Тантарбайгаар /нууц нэр нь/ ахлуулан ажиллуулахаар шийдвэрлэв.

И.Оспан нь 1943-1945 онд Монголыг түшиглэн үйл ажиллагаагаа явуулж байв. Мөн тэрээр 1945-1947 онд Дорнод Туркестан улсын Алтай мужийн захирагч, Дорнод Туркестан улс, Гоминьданы эвслийн Засгийн газарт яамгүй сайд зэрэг албан тушаалд тохоон томилогдож байлаа. Харин 1947 оноос Гоминьданы талтай хамтран ажиллаж урвах болсноор Монголын баруун хязгаараар зэвсэгт халдлага болон дээрэм хийх болсонд түүнийг баривчлах, устгах гүйцэтгэх ажлын арга хэмжээг хэд хэдэн удаа зохиож байжээ.

Тухайн үед И.Оспаны энэхүү урвалтыг энгийн ард иргэд үзэн ядаж байсан баримт олон байдаг. Жишээлбэл: 1947 оны 2 дугаар сарын 18-нд казакийн нөлөө бүхий тайж Найзар Булган голд байрлаж байсан манай хилийн цэргийн ангид ирж “Оспан гэдэг урвагч бид бүхнийг дагуулан Хятадад захируулахыг зорьж хорт хар буруу замд оров. Оспаны энэ урвалтыг өөрийн яс, махнаас жигшиж, түүний эсрэг тэмцэх зорилт тавьж байна” хэмээсэн байдаг.

1940-өөд оны дунд үед тагнуулын байгууллагаас Шиньжаны Хөх тохой, Чингэл хошуу, Алтай, Ховог сайрын нутагт буй Гоминьданы цэрэг, Оспаны бүлэг, казакийн дээрэмчдийн байрлал, нутгийн иргэдийн суурьшил зэргийн тухай тодорхой зураглал үйлдсэн байна. Уг зураглалын дагуу хаана, ямар зорилгоор тагнуулчдыг суурьшуулах, иргэдийн туслалцаа дэмжлэгийг яаж авах болон дайсагнасан бүлэглэл, Гоминьданы цэргийн ар тал, зам тээвэр, зарим анги салбарт нь хорлон сүйтгэх ажил зохион явуулах арга хэмжээний зорилго, чиглэлийг идэвхжүүлэхээр шийдвэрлэжээ. Жишээлбэл: 1945 оны эцэс гэхэд Оспаны Лагерьт 45000 шахам казак, торгууд, чантуу, урианхай иргэдээс бүрдсэн 8700 гаруй өрх айл нэгдсэн байжээ. Монголын тагнуулын байгууллага тэрхүү бүлэглэлийн дотор Мухаан, Чинкеш нарын итгэлтэй, үнэнч тагнуулчдыг суурьшуулж чаджээ. 

1946 оны сүүлч үеэс И.Оспаны зарим бүлэглэлийн дотор суурьшин “Үрэмч”, “Үрэнгэ”, “Төмөр”, “Хумлага” нэрээр ажилласан тагнуулчдын мэдээлэлд тулгуурлан тэдний зарим бүлэглэлээс нэлээд иргэдийг салан тусгаарлуулах, задлан бутаргах, зарим толгойлогчдыг нь урвуулах, ардын сайн дурын хилчдэд туслах группийнхний хамтын хүчээр цохилт өгөх арга хэмжээг амжилттай хэрэгжүүлсэн нь И.Оспаны хүчийг сулруулах, сарниулахад томоохон амжилтын эхлэл нь болсон юм. Үүний үр дүнд Оспаны мэдэлд байсан 3-4 зэвсэгт бүлэглэл Дорнод Туркестаны цэргийнхэнтэй нэгдсэн байна. 

Түүнээс гадна Э.Гэрэлчулуун 1946 оны 11-12 дугаар сард өөрийн туршлагатай тагнуулч Т.Амарзаяа, Б.Бадам, М.Түмбээ нарыг 10-15 хоногийн хугацаатай хилийн цаадах байдлыг судлах, суурин тагнуул “Цагаан гол”, “Сонор” нарт шинээр үүрэг даалгавар хүргүүлж, мэдээ олуулахаар явуулсны дүнд “Оспан, Цонж болон хилийн ойролцоо амьдарч буй иргэдээс 600 хүнийг цэрэгт татан авч зэр зэвсэг, хувцас уналгаар ханган сургуулилт хийж байгаа тухай”, “Гоминьданы хуйхуу цэргээс 500 гаруй хүнтэй цэргийг ирүүлэн шинээр татагдсан цэргүүдтэй нийлүүлэн нэг хороо болгон хилийн ойролцоо байрлуулж эхэлсэн тухай” мэдээ авчирч байжээ.

Өгүүлэн буй үед казакийн дээрэмчид Монголын нутагт нэвтрэн ирж олон иргэдийн амьдралыг түйвээн сүйтгэж, мал, эд хөрөнгийг нь дээрэмдэн авч гарснаас гадна ДЯЯ-ны тагнуулын ажилтан Кенжбек нарын хүмүүүсийн чих, уруул, хамрыг огтолох, нүдийг нь сохлох, зүрхэнд нь хутга зоох, цээжийг нь ярах зэргээр зэрлэгээр таслан алсан казакийн дээрэмчдээс хэн нь үйлдсэн болохыг олж тогтоох , устгах үүргийг тагнуулч Б.Сахаанд өгч байв.

Энэ мэтчилэн Шиньжан дахь олон үндэстэн, ястнуудын эрх чөлөөний тэмцлийг дэмжин туслах, И.Оспан болон казакийн дээрэмчдийн зэвсэгт халдлага, түрэмгийлэл, дээрмийн үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, түүнийг таслан зогсоох талаар тагнуулын олон группүүдийг хилийн чанадад ажиллуулж, тэдгээр үүрэг даалгавраа амжилттай биелүүлж байсныг дурдаж болох юм.  

Тагнуулын байгууллагаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний нэг нь улсын хилийн хамгаалалтыг чангатгах, бэхжүүлэх явдал байв. Уг арга хэмжээний хүрээнд ДЯЯ-ны сайдын 1947 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 550 дугаар тушаалаар зүүн хязгаарын 17, 20, 23, 24, 27, 31 отрядуудаас бүгд 6 заставыг 5, 6 дугаар отрядын мэдэлд шилжүүлж, мөн сайдын 1948 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 63 дугаар тушаалаар бусад отрядуудаас тус бүр 27-33 хүнтэй 3 заставыг 6 дугаар отрядад шилжүүлж, нийт 226 офицер, цэргүүдээр хүч нэмэгдүүлсэн байна.

Ийнхүү баруун хязгаар нутагт амгалан тайван байдлыг тогтоохын тулд авч хэрэгжүүлсэн тагнуулчдын болон хилчдын хамтын тэмцэл ялалтаар төгсөж, тухайн бүс нутгийг аюулгүй байлгах зорилтоо бүрэн биелүүлсэн юм.

Доктор Д.Авирмэд

Өнөөдөр сонин 2012.06.25 ¹146