Төрийн болон албаны нууцын хуулийн талаар

Монгол Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын 3.6.3.2, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 266.3-т заасны дагуу тагнуулын байгууллагаас өнөөгийн бодит хэрэгцээ, шаардлага, гадаад орнуудын нийтлэг жишиг, өөрийн орны онцлогт нийцүүлэн төрийн болон албаны нууцыг хамгаалах эрх зүй, удирдлага, зохион байгуулалтын оновчтой тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Төрийн болон албаны нууцын тухай хуулийн төслийг боловсруулж, Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн мэдүүлснээр Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар батлагдаж, 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж байна.

Уг хууль хүчин төгөлдөр болсноор өмнө үйлчилж байсан Төрийн нууцын тухай, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хууль хүчингүй болсон бөгөөд Архивын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Мэдээллийн ил тод байдал мэдээлэл авах эрхийн тухай хууль зэрэг 20 гаруй хуульд нэр, томьёоны өөрчлөлтийг оруулсан.

Төрийн болон албаны нууцын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус хуульд нийцүүлэн “Монгол Улсын төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг журам” болон уг хуулийг хэрэгжүүлэхэд шаарлагатай таван журмыг Засгийн газар баталснаар төрийн болон албаны нууцын эрх зүйн орчин үндсэндээ бүрдээд байна.

  • Төрийн болон албаны нууцын тухай хууль: Монгол Улсын төрийн болон албаны нууцыг хамгаалах үндэсний тогтолцоо, эрх зүйн үндсийг тодорхойлж, мэдээллийг нууцлах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулна. / www.legalinfo.mn / Энэхүү хууль нь нийт 7 бүлэг, 40 зүйлээс бүрдэнэ.
  • “Монгол Улсын төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг журам”: Төрийн болон албаны нууцад хамаарах мэдээллийг нууцлах, ил болгох, танилцах, ашиглах, хадгалах, хяналт тавих болон тэдгээртэй холбогдсон бусад үйл ажиллагаанд дагаж мөрдөх нийтлэг хэм хэмжээг тогтоох зорилготой. / www.legalinfo.mn / Энэхүү журам нь нийт 13 зүйл, 297 заалтаас бүрдэнэ.
  • “Төрийн болон албаны нууцын хамгаалалтад хяналт шалгалт хийх журам”: Төрийн болон албаны нууц задрах, үрэгдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, нууц хадгалах, хамгаалах арга хэмжээг үнэлж дүгнэх, түүнийг боловсронгуй болгох зорилготой. / www.legalinfo.mn / Энэхүү журам нь нийт 5 зүйл, 36 заалтаас бүрдэнэ.
  • “Төрийн болон албаны нууцын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан байгуулах, ашиглах журам”: Төрийн болон албаны нууцын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан байгуулах, ашиглах, түүний нууцлал, аюулгүй байдлыг хангах, төрийн байгууллага, бусад хуулийн этгээд төрийн болон албаны нууц мэдээллийг тус санд бүртгүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулна. / www.legalinfo.mn / Энэхүү журам нь нийт 5 зүйл, 17 заалтаас бүрдэнэ.
  • “Төрийн болон албаны нууц хамгаалах ажилтанд цалингийн нэмэгдэл олгох журам”: Төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн төрийн болон албаны нууц хамгаалах ажилтныг тогтвор, суурьшилтай ажиллуулах, мэргэшүүлэх, үүрэг, хариуцлагыг нь дээшлүүлэх зорилготой. / www.legalinfo.mn / Энэхүү журам нь нийт 4 зүйл, 12 заалттай.
  • “Төрийн болон албаны нууцыг хамгаалахад туслалцаа дэмжлэг үзүүлсэн иргэн, хуулийн этгээдийг урамшуулах журам”: Төрийн болон албаны нууцыг задрах, үрэгдэхээс урьдчилан сэргийлэх, нууцын хадгалалт, хамгаалалтад иргэн, хуулийн этгээдийн оролцоог нэмэгдүүлэхэд зорилготой. / www.legalinfo.mn /

Энэхүү журам нь нийт 3 зүйл, 22 заалттай.

 

Мэдээлэл 2:

Төрийн болон албаны нууцтай холбоотой харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомж болон Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг нэгтгэн эмхэтгэж, төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн нууц хамгаалах ажилтан болон нууцтай танилцах эрх бүхий албан тушаалтан, бусад албан хаагчийн хэрэгцээнд зориулан “Төрийн болон албаны нууцын тухай хууль тогтоомж, жагсаалтын эмхэтгэл”-ийг 2017 онд хэвлэн гаргасан.

Тус эмхэтгэлд Төрийн болон албаны нууцын тухай хууль, Төрийн болон албаны нууцын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, “Журам батлах тухай” Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 246 дугаар тогтоол болон уг тогтоолоор баталсан “Монгол Улсын төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг журам”, “Төрийн болон албаны нууцын хяналт, шалгалт зохион байгуулах журам”, “Төрийн болон албаны нууцын бүртгэл мэдээллийн нэгдсэн сан байгуулах, ашиглах журам”, “Төрийн болон албаны нууцыг хамгаалах ажилтанд цалингийн нэмэгдэл олгох журам”, “Төрийн болон албаны нууцыг хамгаалахад туслалцаа дэмжлэг үзүүлсэн иргэн, хуулийн этгээдийг урамшуулах журам”, “Жагсаалт батлах тухай” Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 247 дугаар тогтоол болон уг тогтоолоор баталсан Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалт зэрэг хууль тогтоомжийг нэгтгэн хэвлүүлж нийтийн хүртээл болгосон байна /эмхэтгэлийн зургийг оруулах/.

Мэдээлэл 3:

Төрийн болон албаны нууцыг хамгаалах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, “Журам батлах тухай” Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 246 дугаар тогтоолоор төрийн болон албаны нууцын хууль тогтоомжийг сурталчлах, сургалт, мэдээлэл зохион байгууллах үүргийг тагнуулын байгууллагад даалгасан. Үүний дагуу нийслэлийн хэмжээнд төрийн нууц төвлөрсөн байгууллагуудын нууц хамгаалах ажилтнуудад 2 удаагийн сургалтыг 2017 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15, 12 дугаар сарын 07-ноос 08-ны өдрүүдийн хооронд, орон нутаг дахь төрийн байгууллагуудын нууц хамгаалах ажилтан, нууцтай танилцах эрх бүхий албан тушаалтнуудад 2017 оны 11 дүгээр сарын 20-ноос 12 дугаар сарын   14-ний өдрийн хооронд тус тус зохион байгууллаа.

Тус сургалтад нийслэлийн хэмжээнд 120 нууц хамгаалах ажилтан, орон нутгийн хэмжээнд 857 нууц хамгаалах ажилтан, 1100 орчим нууцтай танилцах эрх бүхий албан тушаалтан хамрагдав.

 

Сургалтыг “Төрийн болон албаны нууцын тухай ойлголт, эрх зүйн үндэс, хамгаалах тогтолцоо”, “Мэдээллийг төрийн болон албаны нууцад хамааруулах, нууцлах, ил болгох”, “Төрийн болон албаны нууцыг хамгаалах хууль зүй, удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ”,  “Төрийн нууцтай харьцах албан тушаалтан, иргэний үүрэг, хариуцлага”,  “Төрийн болон албаны нууцын албан хэрэг хөтлөлт”, “Төрийн болон албаны нууцыг боловсруулах, бүртгэх, шилжүүлэх, илгээх, устгах”, “Төрийн болон албаны нууцыг хамгаалах техник, криптографын арга хэмжээ”, “Төрийн болон албаны нууцын биет аюулгүй байдлын арга хэмжээ”, “Төрийн болон албаны нууцын хамгаалалтад тавих хяналт, төрийн нууцын тухай хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага” зэрэг сэдвүүдийн хүрээнд зохион байгуулсан байна.

 

Цаашид төрийн болон албаны нууцын тухай хууль тогтоомжийг сурталчлах, сургалт, мэдээлэл зохион байгуулах ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм.