Олноо өргөгдсөн Монгол Улсын тагнуулын байгууллага

1911 онд Монголын нийгмийн янз бүрийн анги давхаргын дэвшилтэт хүчний тэмцлийн үр дүнд Манжийн ноёрхлыг түлхэн унагаснаар үндэсний эрх чөлөөний хувьсгал ялж, Олноо өргөгдсөн Монгол Улсыг тунхаглав. Монголчууд тусгаар тогтнолоо бататгах, гадаад улсуудаар тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх, хөрш зэргэлдээх улс орнууд Монгол Улсыг хэрхэн үзэж, ямар чиглэл бодлого баримталж буйг мэдэх зорилгоор мэдээ, мэдээлэл олох ажлыг  явуулж байжээ. 

Олноо өргөгдсөн Монгол Улсын тусгаар тогтнолын асуудал дээр Хаант Орос хийгээд Чин улсын ашиг сонирхолын хүрээ давхцаж байв. Эдгээр улс гүрнүүд өөрсдийн бодлого, сонирхлоо хэрэгжүүлэхийн тулд дипломат, тагнуулын хийгээд бусад аргыг өргөн ашиглаж байжээ. 

Тухайн үед Монгол Улсад тагнуулын бие даасан нэгж, байгууллага байгаагүй боловч Гадаад яам, Дотоод яам, Цэргийн яам, зүүн, өмнө, баруун хязгаарын сайдуудаас өөр өөрсдийн чиглэлээр тагнуул, сөрөх тагнуулын шинжтэй ажил явуулж байжээ. Тухайлбал, Цэргийн яам болон Баруун хязгаарын сайдаас хилийн чанадад тагнуулаар хүн явуулж байв. Богд хааны шууд удирдлагын дор сөрөх тагнуулын болон тагнуулын мэдээлэл, дүн шинжилгээний ажлыг явуулж байв. Гадаадад зохиох тагнуулын үйл ажиллагааг Богд хааны дэргэдэх шадар захирагч Баатар хэмээх хүн удирдан зохицуулдаг байжээ.

Олноо өргөгдсөн Монгол Улсын үед тагнуулын ажлыг хаан эзний мэдэл дор явуулдаг байсан бөгөөд шаардлагатай үед Улсын дээд хурлаар хэлэлцэж байв.

Гадаад улс оронууд Монгол Улсыг хэрхэн үзэж, ямар чиг бодлого барьж буй, тэдний зүгээс учирч болох түрэмгийлэл, аюул заналыг урьдчилан мэдэх зэргээр аюулгүй байдлаа хангах үүднээс төр, засгийн улс төрийн бодлого боловсруулахад шаардлагатай мэдээ, мэдээллийг олох зорилгоор тагнуулын ажлыг явуулж байсан байдаг.

Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялсаны дараагаар Монгол орны гадаад, дотоод нөхцөл байдал туйлын хүнд байсан үед өөрийн засаглалын тогтолцоогоо буй болгохын хамт гадаад орны тагнуул, туршуул, эдийн засгийг шулан мөлжигчтэй тэмцэх ажлыг эрчимтэй явуулж байсны дийлэнхийг Монгол орны тусгаар тогтнол, эдийн засагт аюул занал учруулж байсан хятадын цагаачид, банк, худалдааны байгууллагынхантай хийсэн тэмцэл эзэлдэг.

Энэ үед гадаад тагнуулын ажил явуулах гол хэлбэр нь бадарчлан тэнүүчлэн явах, шашны томоохон хуралд оролцох, мөргөл үйлдэх, хийдэд шавилан суух халхавчийг гол төлөв ашигладаг байжээ. Тухайлбал, хүрээний лам Д.Чагдаржав Орос, Польш, Итали, Франц, Энэтхэг, “япон” хэмээх А.Данзан Япон, Хятад, Гандан хийдийн аграмба лам Н.Хаянхирваа Орос, Халимаг, Турк, барга лам Ц.Лувсанням Орос, Хятад, Төвд, нэрт түүхч, манжич Б.Буянчуулган “Ар, Өвөрмонголчуудыг нэгтгэн хамгаалж авах талаар Орос улс ямар бодолтой байгааг мэдэх”-ээр Хаант Орост удаа дараа, чин ван Л.Дашдэндэв Хятад, “Цагаан” хэмээх хочтой лам Данзан Ил тарвагатай болон Шиньжаны нутгуудаар хэдэн жилээр явж байжээ. 

Богд хаант Монгол Улсын үед Хятадын тагнуул, туршуулыг илрүүлэх, хятад иргэдийн гэмт үйлдлийг таслан зогсооход онцгой анхаарч гадаадын харъяат хүмүүсийг хянах тогтолцоог буй болгож, хатуу чанд хянан харгалзаж байв. Энэ арга хэмжээний дүнд 1910 онд Халх Монголд зуун мянгад хүрээд байсан хятад иргэдийн тоо зургаан жилийн дотор гурав дахин цөөрчээ.