92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
ШИНЭТГЭЛИЙГ ШИНЭ МЭДЛЭГ ЧАДВАРААР

Төрийн албаны зөвлөл энэ оны 5 дугаар сараас эхлэн цахим гарын авлага гаргаж, цаг үеийн хүндрэл бэрхшээлтэй нөхцөлд төрийн албан хаагчдын ажлын горим, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас төрийн үйлчилгээг хэвийн авах боломж, нөхцөлийг алдагдуулахгүй байх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, олон улсын арга туршлагыг түгээж,  “COVID-19” цар тахлаас үүдэлтэй тулгамдсан асуудлыг амжилттай шийдвэрлэж, даван туулах арга зүй, хувилбар, оновчтой шийдлийг олох төрийн байгууллага, төрийн албан хаагчдынхаа үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байгаа билээ.

 

 

Уг цахим гарын авлагыг энэ удаа дэлхийн хөгжлийн шинэ чиг хандлага, сорилт, бэрхшээлийг нэгтгэн дүгнэсэн нэгэн номоор баяжуулж байна. Энэ бол Сингапурын Үндэсний их сургуулийн  Ли Куан Ю-гийн нэрэмжит Төрийн бодлогын сургуулийн профессор Зегер ван дер Валын “21 дүгээр зууны төрийн албаны менежер” ном. Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд бэлтгэсэн уг номын талаар Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг хэлэхдээ:

 

“Төрийн албаны тухай хуулийн гол үзэл баримтлал болох мерит зарчмыг хэрэгжүүлэх үндэс суурь нь төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх, ажил хэргээ явуулахад нь шаардагдахуйц мэдлэг, ур чадварыг олгоход дэмжлэг үзүүлэх явдал. Амжилттай ажиллаж, ахиц дэвшил гаргахад техникийн мэдлэг, сургалттай холбоотой хатуу ур чадварын зэрэгцээ манлайлал, харилцааны эв дүй, цагийн менежмент зэрэг хувь хүний зөөлөн ур чадвар маш чухлаар тавигдах боллоо.

 

Бид хамгийн сүүлийн үеийн олон улсын практик шалгуурыг давж, судлаач, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан сурах бичиг, зохиол бүтээлийг сонгон, зохиогчийн эрх авч хэвлэн нийтэлж буйн нэг нь төрийн албаны удирдах ажилтны ур чадварын тухай профессор Зегер Вандер Валын энэхүү ном.

 

Иргэдэд үйлчлэх зорилго, үүргээ улам сайн гүйцэтгэхийн зэрэгцээ хувьсамтгай, тодорхойгүй, төвөгтэй, эргэлзээтэй VUCA орчинд ажиллахад хэрэг болох шинэ ур чадваруудыг эзэмших арга зүйн суурь үндэс энд тодорхойлогдсон. Эдгээр ур чадваргүйгээр төрийн алба, төрийн албан хаагчид нийгмээ урагш хөгжүүлэх хөдөлгүүр байж чадахгүй тийм цаг үед амьдарч байгааг нотлон өгүүлсэн байна лээ. “Бүргэд өндөрт нисэх тусам алсыг хардаг” гэдэгчлэн хандлага, сэтгэлгээний олон чухал шинэ санаа дэвшүүлэн тавьж, холбогдох арга хэрэгслүүд, олон улсын амжилт болон бүтэлгүйтлийн жишээ, кэйсийг толилуулсан энэхүү номыг унших, судлах тусам төрийн албан хаагчид илүү алсыг харна гэдэгт эргэлзэхгүй байна.

 

 

Нийгмийн идэвхтэй амьдралд 90-ээд оны дунд үеэс хойш төрсөн “унаган дижитал” Z  үеийнхэн орж ирж байгаа энэ үед тэдний сэтгэл зүйн онцлог байдлыг таньж мэдэх, зөв удирдах талаар сонирхолтой санаануудыг уг номоос Та бүхэн олж мэдэх болно.  Төрийн байгууллага, төрийн албаны удирдах ажилтны аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын эрин үе болох 21 дүгээр зууны төгс дүр төрх ямар байхыг тодорхойлсон нь зөв ажлыг зөв хүнээр хийлгэж зөв үр дүнд хүрэх Та бидний зорилтод бүрнээ нийцнэ. Бид ажил үйлсээ бодож төлөвлөхдөө шинэ зууны төрийн албаны өнгө төрхийг тодорхойлсон энэ номыг гарын авлага болгоё гэж зорьсон юм.

 

Энэ ном төрийн албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалтнууд, Монгол төрийн ирээдүйн залуу халаа, оюутан сурагчид, судлаач шинжээчдийн ширээний төдийгүй сэтгэлгээний ном болно гэдэгт итгэлтэй байна.” гэлээ.

 

Цахим номын талаарх Та бүхний саналыг info@csc.gov.mn цахим хаягаар авахдаа таатай байх болно. 

Цахим ном үзэх 21 дүгээр зууны Төрийн албаны менежер

Цахим ном үзэх 21 дүгээр зууны Төрийн албаны менежер

 

НИЙТЭЛСЭН: 2020-12-10 өдөр 16:56:0 цаг           ҮЗСЭН: 791