АНУ-ын Халдварт өвчинтэй тэмцэх төв 2500 өвчтөнийг хамарсан судалгаа явуулахад эмнэлгийн яаралтай тусламж авсан иргэдийн 38 хувь нь 20-54 насных, эрчимт эмчилгээнд хамрагдагсдын тал нь 65-аас доош насны иргэд байсан нь мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж байна.
Тус улсын “School of systems biology” Системийн биологийн сургуулийн доктор Анча Баранов вирусийн тархалт дэлхийн хүн амын 70 хувийг хамарч дархлаа тогтох үед, эсвэл вирус хувьсалд орж хүний биед аюулгүйгээр байнга орших боломжтой болсон тохиолдолд намжина хэмээн мэдэгдэв.
Итали Улсад нас баралт их байгааг ДЭМБ тус улсын хүн амд өндөр настнуудын эзлэх хувь их байгаатай холбон тайлбарлаж байна. Тус улсын Үндэсний эрүүл мэндийн газрын хийсэн судалгаагаар нийт нас барсан хүмүүсийн 99 хувь нь хууч өвчтэй (48.5 хувь нь 3-аас дээш төрлийн өвчтэй, 25.6 хувь нь 2 төрлийн өвчтэй, 25.1 хувь нь 1 төрлийн өвчтэй) байжээ. Эдгээрийг өвчнөөр нь ангилбал 75 орчим хувь нь даралт ихсэх, 35 хувь нь чихрийн шижин, харин 33 орчим хувь нь зүрх, судасны өвчтэй байсан аж. Нас барагсдын дундаж нас 79.5 байна.
Хятад-Японы Найрамдлын эмнэлгийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар “Covid-19”-өөр өвдсөн хүн 20 гаруй хоногийн хугацаанд бусдад халдвар тараах эрсдэлтэй бөгөөд өвчний шинж тэмдэг илрээгүй байхдаа хүртэл халдвар тараадаг болохыг тогтоосон байна. Иймд эрдэмтэд хөл хорионы хугацааг сунгах нь зүйтэй гэсэн зөвлөгөөг өгч байна. Мөн судалгаагаар, халдвар авсан нийт тохиолдлын 44 хувь нь өвчний далд үедээ явж буй иргэдээс вирус авсан байх магадлалтай аж. Түүнчлэн 2 сартайгаас 15 настай хүүхдүүдийн дунд хийсэн судалгаагаар тэдний ам, хамрын хөндийгөөс авсан арчдасын шинжилгээний хариу “сөрөг” гарч байсан боловч өтгөнд болон бүдүүн гэдэсний амсраас авсан арчдасын шинжилгээний хариу “эерэг” гарсан байна. Энэ нь вирус хоол боловсруулах замаар дамжин бусдад халдварлах эрсдэлтэй бөгөөд бүдүүн гэдэсний амсар, өтгөнөөс шинжилгээ авах нь илүү оновчтой байх магадлалтайг илтгэж байна.
“Covid-19”-өөр өвчилсөн хүн эдгэрсний дараа дахин халдвар авах эсэхийг судалж буй Хятадын Анагаах ухааны академийн Анагаах ухааны амьтны лабораторийн захирал Чин Чуан сармагчин дээр хийсэн туршилтаа танилцууллаа. Уг туршилтаар халдвар авсан сармагчинд эмчилгээ хийсний дараа түүний биед вирусийн эсрэг биет үүсэж, дарангуйлж буйг тогтоожээ.