Олон улсын нөхцөл байдал
Гуравдугаар сарын 18-ны өдрийн 08:30 цагийн байдлаар нийт 165 улс орон, нутаг дэвсгэрт 198.214 хүн халдвар авч, амь насаа алдсан хүний тоо 7.965-д хүрээд байна.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл энэ 7 хоногт зохион байгуулагдах байсан бүх хурлаа цуцалж байгаа талаар мэдэгдэв.
“Их-7”-ын удирдагчид коронавирусийн эсрэг тэмцэх, өвчний эдийн засагт үзүүлэх нөлөөг хязгаарлахад чиглэсэн арга хэмжээг тодорхойлох зорилгоор энэ долоо хоногт уулзахаар төлөвлөөд байна.
Өвчний тархалтыг тогтоон барихад дэлхийн нэр бүхий тэрбумтнууд нэгдэв. Тэд хандив өргөх, судалгаа шинжилгээний ажлыг санхүүжүүлэх зэрэг арга хэмжээ авахаар болоод байна. Тухайлбал, Марк Зукерберг, Билл Гейтс нар вирусийн шинжилгээний ажилд дэмжлэг үзүүлж байгаа бол “Алибаба” компанийг үүсэн байгуулагч Жак Ма АНУ-д оношлуур, амны хаалт хандивлахаа мэдэгдсэн. Харин “Гүүгл” компани иргэдэд зориулан мэдээллийн цахим хуудас хөгжүүлж байгаа аж.
Олон улсын судлаачид БНХАУ өвчний тархалтыг зогсоохын тулд хөл хорио тогтоох шийдвэр гаргаагүй бол өвчлөл, нас баралтын тоо одоо байгаагаас 6 дахин их, уг шийдвэрийг 7 хоногийн өмнө гаргасан бол уг тоо одоо байгаагаас 66 хувиар бага байх байсан хэмээн үзэж байна.
Франц Улсын Засгийн газраас “Covid-19”-тэй тэмцэх ажлын хүрээнд онцгой байдлын 4 үе шаттай арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнд,
Нэгдүгээр шатанд, халдварын вирусийг Францын нутаг дэвсгэрт орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор голомтот бүсээс ирэх зорчигчдыг тусгаарлах, эмнэлгийн байгууллагаас сэжигтэй тохиолдлыг бүртгэн, өвчтөнтэй харьцаж байсан хүмүүсийг хяналтдаа авах;
Хоёрдугаар шатанд, Францын нутаг дэвсгэрт вирус орж ирсэн тохиолдолд халдварын голомтыг газар авахуулахгүйн тулд өвчтөнүүдийг эмнэлэгт тусгаарлан эмчлэх, 1000-аас дээш иргэдийг нэг дор цуглуулахгүй байх, ахмадын асрамжийн газарт эрүүл ахуйн хяналтыг сайжруулах зэрэг арга хэмжээ авах;
Гуравдугаар шатанд, халдварыг зогсоох, халдвар авсан хүнд эмнэлгийн тусламж үзүүлэх бүхий л арга хэмжээг хэрэгжүүлж, вирусийн халдвар авч болзошгүй эмзэг бүлгийг хяналтдаа авах, явуулын эмнэлгийн үйлчилгээ болон яаралтай тусламж үзүүлэх, цэцэрлэг, сургууль, албан байгууллага зэрэг олон нийтийн газруудыг хаах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх;
Дөрөвдүгээр шатанд, вирусийн тархалт зогссон үед хэвийн байдалд шилжих арга хэмжээг тус тус авч хэрэгжүүлэхээр болсон байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп үндэсний хэмжээнд онц байдал зарлав. Тус улсын Халдварт өвчинтэй тэмцэх төв өвчний тархалтын талаар судалгаа явуулж 4 төрлийн төсөөлөл гаргасан байна. Судалгаанд оролцсон эрдэмтэд тархалт цаашид нэмэгдэнэ гэдэгт санал нэгдсэн бөгөөд дэлхий даяар хамгийн багадаа 160-214 сая хүн өвчний халдвар авч 0.2-1.7 сая хүн нас барна гэж тооцжээ.
Өвчний тархалтыг хязгаарлах, иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Конгресс ба Цагаан ордон зөвшилцсөний эцэст “Коронавируст өртөгсдөд тусламж үзүүлэх хууль”-ийг батлав. Ингэснээр халдвар авсан болон бусад шаардлагатай иргэдэд 2 долоо хоног хүртэлх хугацаанд цалинтай чөлөө олгох, 90 хүртэлх хоног хэвтэн эмчлүүлэх, даатгалгүй иргэдийг вирусийн шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах, тэдний хүнсний хангамжийг сайжруулах болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэмэлт санхүүжилт зэрэг асуудлыг шийдвэрлэжээ.
Мөн боловсролын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, холбооны нөөцийн сангаас газрын тосны нөөцийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авахаар болов. Эргээр арга хэмжээнд нийт 50 орчим тэрбум ам.доллар зарцуулах урьдчилсан тооцоо гаргаад байна. Түүнчлэн АНУ-ын засаг захиргаанаас коронавирусийн шинжилгээг эрчимжүүлж сэжигтэй тохиолдол бүрийг шинжилгээнд хамруулахаар болов. Хүн амын төвлөрөл их Нью Йорк хотод “явуулын шинжилгээний төв” ажиллуулж эхэлсэнтэй холбогдуулан ойрын хугацаанд өвчний тохиолдол нэмэгдэж болзошгүй байна.
Д.Трамп АНУ-ын эдийн засаг хүндрэлд орж болзошгүй талаар мэдэгдсэний дараа хувьцааны зах зээлийн индексүүд 12 хувиар унав. АНУ-ын засаг захиргаа улсын хэмжээнд хөл хорио тогтоох, Канадтай хиллэх хилээ хаах асуудлыг хөндөх шаардлагагүй гэж үзэж байна.
Коронавирусийн тархалттай холбогдуулан Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн зарим орны зүгээс дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна:
Кувейт Улсын Засгийн газраас банкнуудын үйл ажиллагааг 03 дугаар сарын 29-ний өдөр хүртэл зогсоох шийдвэр гаргав. Эрүүл мэндийн яам гадаадын орнуудаас 02 дугаар сарын 27-ны өдрөөс 03 дугаар сарын 11-ний өдрийн хооронд тус улсад ирсэн өөрийн болон гадаадын иргэдийг коронавирусийн шинжилгээнд заавал хамрагдах тухай шийдвэр гаргав.
Саудын Арабын Засгийн газраас Швейцарь, Энэтхэг, Пакистан, Шри-Ланка, Филиппин, Судан, Этиоп, Өмнөд Судан, Эритрей, Кени, Жибути, Сомали зэрэг орон руу олон улсын зорчигч тээврийн нислэгүүдийг 03 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн зогсоох, мөн нэр дурдсан орнуудаас иргэд хүлээн авахгүй байх шийдвэр гаргав. Тус шийдвэр эмнэлгийн үйлчилгээний зорилгоор Саудын Арабад ирэх Филиппин, Энэтхэг Улсын иргэдэд хамаарахгүй болохыг мэдэгдэв. Коронавирусийн тархалттай холбогдуулан Саудын Арабад 03 дугаар сарын 17-оос 19-ний хооронд зохион байгуулагдахаар товлогдсон “Их 20”–ийн Хөдөө аж ахуй, усны сайд нарын уулзалтыг хойшлуулах шийдвэрийг гаргав.
Оман Улс 03 дугаар сарын 12-ны өдөр Саудын Араб, Кувейт чиглэлийн нислэгүүдийг цуцлах шийдвэр гаргав. Тус шийдвэр эх орондоо буцах хүсэлтэй Саудын Арабын иргэдэд хамаарахгүй болохыг мэдэгдэв.
БНКазУ-д 03 дугаар сарын 16-наас 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Онц байдал зарлаж, дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд болон тус улсын ГХЯ-ны урилга бүхий олон улсын байгууллагын төлөөлөгчдөөс бусад иргэдийг хилээр орох, гарах хөдөлгөөний бүрэн хязгаарлав.
Тус улсын Эрүүл мэндийн сайд Е.Биртанов эхний 2 тохиолдол бүртгэгдсэний дараа хийсэн мэдээлэлдээ, одоохондоо онц байдал зарлах шаардлагагүй гэсэн бөгөөд уламжлалт баяр, бусад олон нийтийн арга хэмжээнд оролцохоос татгалзахыг иргэддээ зөвлөсөн байна.
Ерөнхийлөгч К.Ж.Токаев 03 дугаар сарын 16-ны өдрөөс 04 дүгээр сарын 15-ныг хүртэл улсын хэмжээнд онц байдал зарлав. Энэ хугацаанд томоохон худалдааны төв, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг хязгаарлах, ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийг өргөн хүрээнд хийх, нийтээр тэмдэглэх баяр ёслолын, спортын, дурсгалын арга хэмжээнүүдийг цуцлах, улсын хилээр зөвхөн өөрийн улсын иргэд, дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд, ГХЯ-ны урилга бүхий олон улсын байгууллагын төлөөлөгчдөөс бусад зорчигч, тээврийн хэрэгсэл нэвтрэхийг хориглох зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх аж.
Европын Холбоо 03 дугаар сарын 17-ны өдрөөс хилээ хаахаар шийдвэрлэв. Харин байнгын оршин суугч, тус холбооны улсын иргэншилтэй хүний гэр бүлийн гишүүд, дипломат ажилтнууд, олон улсын эрүүл мэндийн мэргэжилтнүүд болон тээврийн салбарын ажилтнууд хилээр чөлөөтэй нэвтрэх эрхтэй гэж Европын комисс мэдэгдэв.
Францын Ерөнхийлөгч Э.Макрон 03 дугаар сарын 16-ны өдөр сургууль, кафе, дэлгүүр хаах зэрэг өмнө нь авсан арга хэмжээ тооцоолсон үр дүнд хүрэхгүй байгааг анхааруулж нэн шаардлагатайгаас бусад үед гэрээс гарахгүй байхыг иргэдээсээ хүсэв. Түүнчлэн тус улсад орон даяар хөл хорио тогтоох, халдвар авсан хүмүүсийг эмнэлэгт хүргэх зэрэг ажиллагаанд 100 мянган цэргийн алба хаагч дайчлах болсон байна. Харин орон нутгийн сонгуулийн 2 дугаар шатны санал хураалт хойшлогджээ.
Германд цэнгээний газар, үйлчилгээний төвүүд болон бусад олон нийтийн газрын үйл ажиллагааг зогсоов. Түүнчлэн иргэдийг дотооддоо болон гадаад улс оронд амарч аялахыг хориглож, улс даяар бүх сургуулиудыг хаасан байна. Ресторануудыг цагийн хязгаарлалттайгаар ширээ хоорондын зайг мөрдөж ажиллахыг үүрэг болгов.
Гёттинген Их сургуулийн эрдэмтэд коронавирусийн хүний эсэд бэхжин үлдэх чадварыг нойр булчирхайн үрэвсэл, зарим төрлийн хорт хавдрын эмчилгээнд хэрэглэдэг Япон Улсад үйлдвэрлэсэн “Мезилат Камостата” гэх эмээр устгах боломжтойг тогтоосон байна.
Их Британид заавал биелүүлэх хязгаарлалтууд хийгдээгүй ч цэнгээний газраар үйлчлүүлэхгүй байх, аль болох гэрээс ажиллах, ханиалгах, халуурах шинж тэмдэг илэрсэн даруйд өөрийгөө тусгаарлах, шаардлагатай эрүүл мэндийн зөвлөмжийг Үндэсний эрүүл мэндийн газрын цахим хуудаснаас авах, зайлшгүй тохиолдолд л тус газартай холбогдож зөвлөгөө авах, онцын шаардлагагүй аяллаас татгалзах, хэт ойроос харилцахыг хориглов. Ялангуяа 70-аас дээш насныхан, жирэмсэн эмэгтэйчүүд, архаг хууч өвчтэй болон томуугийн вакцин хийлгэх заалттай байсан насанд хүрэгчид онцгойлон анхаарч нийгмийн харилцаанд оролцохгүй байхыг зөвлөв.
Турк Улсын Ерөнхийлөгч Эрдоанаар ахлуулсан Туркийн Засгийн газрын ажлын хэсгээс “Covid-19” вирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээг авахаар шийдвэрлэв:
БНЭУ-ын Засгийн газраас бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг 03 дугаар сарын 31-нийг хүртэл зогсоож, энэ сарыг дуустал Европын Холбоо, Их Британи, Турк зэрэг улсаас ирэх зорчих хөдөлгөөнийг хаах шийдвэр гаргав. Шинэ Делигээс “дотоодын халдвар” гарч буй эсэхийг илрүүлэх зорилгоор гадны аль нэг улсад зорчоогүй ч томуугийн шинж тэмдэгтэй иргэдээс түүврийн аргаар шинжилгээ авах ажлыг 03 дугаар сарын 15-наас эхлүүлжээ. Түүнчлэн долоо хоногт 10 шинжилгээ авах хүчин чадалтай 51 лаборатори улс даяар ажиллаж байна. Дотоодын халдвар илэрвэл арга барилаа өөрчилж, БНСУ-ын жишгээр нийтийг хамарсан шинжилгээ явуулах аж.
БНСУ-ын Засгийн газар халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор “Хохирлыг багасгах төлөвлөгөө” баталж, төлөвлөгөөний дагуу шинж тэмдэг нь хүчтэй илэрч байгаа болон өндөр настай, архаг суурь өвчтэй, жирэмсэн хүмүүсийг эмнэлэгт хэвтүүлж, хөнгөн шинж тэмдэг бүхий өвчтөнийг гэрт нь хөл хорионд оруулж өдөрт 2 удаа эмнэлгийн ажилтан биечлэн биеийн байдлыг нь шалгаж, шинж тэмдэг нь хүндэрсэн өвчтөнүүдийг эмнэлэгт хэвтүүлж байна. Тус улсад 20-29 насны залуус коронавирусийн халдвар их авч байгаа бол Итали Улсад эсрэгээрээ өндөр настай иргэд ихээр халдвар авч байна.
ОХУ “Covid-19” өвчний халдварын тоо нэмэгдэхээс сэргийлж 03 дугаар сарын 18-ны өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд, улс хоорондын ачаа тээврийн жолооч, агаарын хөлгийн болон усан онгоцны багийн гишүүд, галт тэрэгний бригадаас бусад гадаадын иргэн, харьяалалгүй этгээдийг хилээр нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргав. Иргэд урт хугацаанд хадгалах боломжтой хүнсний бүтээгдэхүүн ихээр нөөцлөх болсон тул ХААЯ-наас гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний 2 сарын нөөц бүрдүүлэх, мөн хүнсний хангамжид хяналт судалгаа хийх үүрэгтэй шуурхай штаб байгуулах чиглэл өгөв. Харин Москвад 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 50-иас дээш хүн оролцох олон нийтийн арга хэмжээг хориглох, 03 дугаар сарын 21-нээс 04 дүгээр сарын 12-ныг хүртэл бүх ерөнхий боловсролын болон их, дээд сургуулиудын үйл ажиллагааг зогсоосон байна. Түүнчлэн Санкт-Петербург хотод “Covid-19” өвчний шинжилгээг үнэ төлбөргүй хийж эхэлжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Төрийн зөвлөлийн дэргэд “Covid-19” вирусийн тархалттай тэмцэх, урьдчилан сэргийлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулав. Тус улсад вирусийн халдвар нэмэгдсээр байгаа тул Москва-Берлин, Парис чиглэлийн олон улсын зорчигч тээврийн галт тэрэгнүүдийг зогсоож, “Аэрофлот” компани 03 дугаар сарын 15-ны өдрөөс 04 дүгээр сарыг дуустал Европ, Төв Азийн бүс нутгийн 16 чиглэлийн нислэгээ түр зогсоолоо. Үүнд Прага, Франкфурт, Мюнхен, Салоники, Барселона, Цюрих, Копенгаген, Осло, Кишинев, Вильнюс, Варшав, Таллин, Вена, Ташкент, Бухара, Самарканд зэрэг чиглэл багтжээ. Харин Прага, Мюнхен, Цюрих, Копенгаген, Осло, Кишинев, Вильнюс, Варшав, Таллин, Вена зэрэг орноос өөрийн улсын иргэдийг авч ирэх тусгай нислэг үйлдсээр байна. Түүнчлэн Европын холбооны орнуудын нийслэл болон Лондон, Женев, Осло хот руу Шереметьево нисэх буудлын “F” терминалаас нислэг үйлдэх аж.
Тус улсын Ерөнхий сайд М.Мишустин Польш, Норвеги Улстай хилээ хаах, томуу төст өвчнөөр өвчилсөн иргэдийг албадан эмнэлэгт хэвтүүлэх, олон нийтийн газраар явахыг хориглох шийдвэр гаргасан бөгөөд Москва дахь хувийн сургуулиудыг 16-ны өдрөөс эхлэн 14 хоног амрах, эсхүл цахим хичээлд шилжихийг зөвлөв.
“Covid-19”-өөс урьдчилан сэргийлэх зорилгоор Хятадтай хиллэх боомтуудаа хаах, хятад иргэдийг нэвтрүүлэхгүй байгаагаас Өвөрбайгалийн хязгаар дахь дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил саатах, ажиллах хүчний хомстол үүсч буй тул тус субъектийн Барилгын яам Узбекистанаас ажиллах хүч авах шийдвэр гаргажээ. Гэвч нутгийн иргэд энэхүү шийдвэрт шүүмжлэлтэй хандаж байна.
Н.И.Пироговын нэрэмжит ОХУ-ын Анагаахын шинжлэх ухааны судалгааны их сургуулийн Хүүхдийн халдварт өвчин судлалын тэнхмийн доцент И.Коновалов, “шинэ төрлийн коронавирусийн халдвар нь энгийн томуутай адил тогтмол мутацид орж байна. Мөн амьтнаас хүнд анхлан халдварласан. Иймд вирусийн хүч суларч, аюултай байдал нь буурна. “Covid-19” өвчний халдварын шинэ давалгаа гарч олон хүн өвчлөх боловч өнөөгийнх шиг аюул дагуулахгүй” гэв.
ОХУ-ын эрдэмтэд вирусийн халдварыг эмчлэх вакциныг энэ оны намар гэхэд амжилттай боловсруулж чадвал ирэх оны дунд үед худалдаанд гаргах боломжтой хэмээн үзжээ.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянаар удирдуулсан “Covid-19”-тэй тэмцэх баг цаашид уг вирусийн хил дамнасан халдварыг зогсоох, урьдчилсан сэргийлэхийн тулд оновчтой арга хэмжээг авч хэрэгжүүлэх, улс орнууд хамтран ажиллах, мэдээлэл солилцох, хилийн хорио цээрийн дэглэм болон халдвараас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн бусад арга хэмжээг сайжруулж, оновчтой арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн мэдэгдсэн байна.
БНХАУ дотоодын халдварын тоо буурч байгаа боловч бусад улсын иргэд өвчин тараах тохиолдол гарч байгаатай холбоотойгоор 03 сарын 16-ны өдрөөс эхлэн Бээжин хотод гадаад улсаас ирж буй бүх хүнийг 14 хоногийн хугацаанд тусгаарлахаар болсон бөгөөд энэ хугацааны зардлыг иргэдээс өөрсдөөр нь гаргуулахаар болсон байна.
“Covid-19”-ийн халдварын улмаас үйл ажиллагаагаа түр зогсоогоод байсан Хятадын агаарын тээврийн компаниуд үйл ажиллагаагаа сэргээж эхэлсэн байна. Статистик мэдээгээр Хятадын агаарын тээврийн салбар 02 дугаар сард 24.6 тэрбум юань (3.5 тэрбум ам.доллар)-ийн алдагдал хүлээсэн байна.
ШУӨЗО-ы Үрүмч хотын ахлах болон дунд сургууль, мэргэжлийн сургалтын төвүүдийн хичээл даваа гарагаас эхлэн нээгдсэн байна. Албан ёсны эх сурвалжийн мэдээгээр тус бүсэд сүүлийн 20 хоногийн хугацаанд “Covid-19”-ийн шинэ тохиолдол бүртгэгдээгүй тул ийнхүү сургуулиуд нээгдэж байгаа аж.
БНХАУ-ын Эрээн хотын коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хяналтын төвөөс бусад улс оронд уг өвчний тархалт хурдацтай тархаж буй учир гадаадын иргэдэд дараах байдлаар хяналт тавихаар шийдвэрлэн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр нийтэд зарласан байна. Үүнд :
Хятадын Эрүүл мэндийн хорооноос шинэ төрлийн коронавирусийн халдвар бусад улс оронд хурдацтай тархаж байгаатай холбоотойгоор “Шинэ төрлийн коронавирусийн хатгалгааны эмчилгээний хувилбар” /туршилт-6/-ыг шинэчилж, туршилт-7-г гарган, дараах зөвлөгөөг өгсөн байна. Үүнд:
Хятадын туршлагаар өвчтөнийг эрт үед илрүүлж эмчлэх нь хамгийн үр дүнтэй, эдгэрэх магадлал өндөр аж. Харин эмнэлгийн дотор халдвар тархах магадлал хамгийн их, эрсдэл өндөртэй бөгөөд гаднаас орж ирэх халдварын тохиолдолд нэн сэрэмжтэй байхыг зөвлөсөн байна.
Судалгаанаас харахад шинэ төрлийн коронавирусийн генийн онцлог SARS-CoV, MERS-CoV вирусээс ихээхэн ялгаатай бол Bat-Sl-CoVZC45 вирустэй 85 хувь адил, төстэй байна. Биеэс гадагшлуулж тусгаарлан үржүүлэх үед 96 цаг орчим хүний амьсгалын замын салст, эдийн эсээс илрүүлж болдог. Гэхдээ Vero E6 болон Huh-7 эсийн бүтцээс тусгаарлаж үржүүлэхэд 6 хоног шаардлагатай. Битүү орчинд удаан хугацаагаар байх нь халдварын тархалтыг нэмэгдүүлдэг, ялангуяа халдвартай хүний өтгөн, ялгадас зэргээр бохирлогдсон орчинд ууршиж, халдвар дэгдэх боломжтой болохыг анхаарах хэрэгтэй аж.
Клиникийн судалгаагаар халдварын далд үе 1-14 хоног, үүнээс дахин 3-7 хоног нэмэгдэж болно гэдэг нь ажиглалтаар батлагдсан байна.
Шанхай хотын эрдэмтдийн ажиллаж буй шинэ төрлийн коронавирусийн эсрэг mRNA вакцин гаргаж авах ажилд ахиц гарч амьтан дээрх туршилтаа эхлүүлсэн бөгөөд 04 дүгээр сарын дунд үеэс клиникийн туршилт хийхээр төлөвлөж байгаа аж. Үүний зэрэгцээ хулгана дээр вирусийн хэсэгтэй ижил төстэй /VLP/ вакцин ашиглан эсрэг биет гаргаж авах туршилт амжилттай болсон талаар тус хотын захиргаанаас мэдээлсэн байна.
Тайванийн эрдэмтэн онгоцоор зорчиж буй иргэдийн дунд халдвар тараах өндөр магадлалтай эд зүйлсийг онцгойлон дурдсан байна. Үүнд, халдвар бүхий иргэний суудлын урд болон хойд 2 эгнээний зорчигчид халдвар авах өндөр магадлалтай. Мөн зорчигчдын тогтмол гар хүрдэг суудлын гэрэл, бүс, суудлын дээрх ачааны тавиурын хаалт, түгжээ, дэлгэц болон ариун цэврийн өрөө нь халдвар тараах өндөр эрсдэлтэй аж. Тайваньд эдгэрсэн өвчтөнөөс 24 цагийн зайтай 3 удаа ДНХ-ын шинжилгээ авч, хариу сөрөг гарсан тохиолдолд эмнэлгээс гаргаж байна.
Хонконгийн засаг захиргаанаас Шенгэний холбооны гишүүн 26 оронд зорчсон иргэдийг 14 хоног гэртээ өөрийгөө тусгаарлах шаардлага тавих болов. Харин Италийн Эмилиа-Ромагна, Ломбарди болон Венето хотоос ирж буй иргэдийг баасан гаригаас эхлэн тусгай байранд тусгаарлахаар болсон байна.
ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР