92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
ОЛОН УЛСАД ТӨРИЙН НУУЦТАЙ ХОЛБООТОЙ ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛСАН ЭРХ ЗҮЙ, ХАНДЛАГА /ЭХЛЭЛ/

Мэдээлэл, харилцааны технологийн дэвшил, ардчилал, хүний эрх, төр, нийгмийн  харилцааны хөгжлийн  өнөөгийн хандлага төрийн нууцтай холбоотой харилцааг зохицуулах асуудлыг ээдрээтэй болгож байна. Эдвард Сноуден, Жулиан Ассанж нарын үйлдэл төрийн нууцын бүрэн бүтэн байдлыг хангах уламжлалт эрх зүй, аюулгүй байдал, техник, технологийг шинэчлэх, эрх зүйн зохицуулалт, чиг хандлагыг боловсронгуй болгох асуудлыг улс гүрнүүдийн өмнө тавьлаа. Үүнд:

Гадаад орнуудын геополитикийн болон эдийн засгийн өрсөлдөөн  гүнзгийрч өрсөлдөгч орнуудынхаа талаарх мэдээллийг олох сонирхол эрс нэмэгдэж,

Мэдээлэл, харилцааны үүлэн систем, 5G, хиймэл оюун ухаан зэрэг  тэргүүлэх технологи цөөн улс орны гарт төвлөрч  тагнуулын албадын үйл ажиллагаанд  шинжлэх ухаан, техник технологийн дэвшлийг өргөнөөр ашиглах болсон,

Төрийн үйл ажиллагаа цахимжиж, мэдээлэл цахим хэлбэрээр хадгалагдах, боловсруулагдах нь ихэсч түүнийг хамгаалах боломжийг  улам эмзэг болгож байна. Ардчилал, хүний эрх, хувь хүний мэдээллийг хамгаалах, нээлттэй нийгэм, төрийн үйл ажиллагаанд хяналт тавих зэргээр шалтаг болгож  төрийн мэдээллийг нээлттэй болгохыг шаардах болсон байна.

Дэлхийн улс орнууд аюулгүй байдлаа хангах,  төр, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн  нууцаа алдахгүй байхын тулд  эрх зүйн орчноо байнга боловсронгуй болгон хөгжүүлсээр байна. Энэ бол улс орнуудын өрсөлдөөнтэй холбоотой гадаад хүчин зүйл. Харин дотооддоо төр засаг хэмжээгүй эрх эдлэх, хүссэнээ хийх гэсэн сонирхлын дагуу аль болох мэдээллийг нууцлах сонирхолтой байдаг бол иргэд төр баригчдын үйл ажиллагааг хянах, эрх мэдлийг хэтрүүлэхгүй байхын тулд мэдээлэлтэй байхыг эрмэлзэж ирсэн. Иймд төрийн нууцыг хамгаалах асуудалд  улс орнуудын уламжлал, онцлог, улс төрийн дэглэм чухал нөлөө үзүүлсээр байна.

Аюулгүй байдал судлалын хүрээлэн  геополитик, улс төр, эдийн засгийн өрсөлдөөн, цахим шилжилтийн эрин, мэдээллийн ба хосолмол дайн, аюулгүй байдлын шинэ чиг хандлагын тухай судалж, өмнөх дугааруудад нийтэлсэн бол  төрийн нууцыг хангах эрх зүй, чиг хандлагын тухай энд өгүүлэх болно.

Төрийн нууцыг хамгаалах олон улсын хандлага

Төрийн нууцыг энэ тэргүүнд мэдээлэл, түүний дотор  улсын гадаад бодлого, эдийн засаг,  шинжлэх ухаан, техник технологи, батлан хамгаалах, тагнуул, сөрөх тагнуул,  гүйцэтгэх ажилтай холбоотой задруулвал үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулахуйц мэдээлэл гэж хамруулан ойлгож байна. Үүнээс үзэхэд улс орон бүр үндэсний аюулгүй байдлаа хамгаалах, төрийн бодлого зорилгоо хэрэгжүүлэхийн тулд “төрийн нууц мэдээлэл” гэсэн ойлголтыг хэрэглэж байна. 

Ром-Германы эрх зүйн тогтолцоотой улс орнуудын хувьд  төрийн нууц мэдээлэлтэй холбоотой харилцааг зохицуулдаг, шийдвэр гаргадаг байнгын болон  байнгын бус ажиллагаатай дээд байгууллагыг гүйцэтгэх засаглалын тэргүүний шууд харьяанд байгуулан  үйл ажиллагаа явуулж байна.

ОХУ-д Төрийн нууцын хадгалалт хамгаалалтын асуудал эрхэлсэн  салбар хоорондын комисс, ӨАБНУ-д Мэдээллийн нууцлах, ил болгох асуудал эрхэлсэн хороо, БНСУ-д Төрийн байгууллагад байгаа мэдээллийн хороо, Болгарт Нууц мэдээллийг хамгаалах комисс, БНТУ-д Төрийн нууцын зөвлөл зэргийг дурдаж болно.

Социалист эрх зүйн бүлээс бусад улс орнууд  төрийн нууцтай холбоотой эрх зүйн баримт бичигтээ төрийн нууц мэдээлэлд хамааруулж болохгүй  мэдээллийн жагсаалтыг хуульчилсан нь олон улсын эрх зүйн чиг хандлага, хүний эрх эрх чөлөөг дээдэлсэн  чухал зохицуулалт байна. Социолист эрх зүйн бүлийн төлөөлөл болсон  БНХАУ нь энэ харилцааг ихээхэн нарийн зохицуулж, аюулгүй байдлаа бүрэн хангасан төдийгүй төрийн нууцыг хамгаалах арга хэрэгслийг сайжруулж  шагнаж урамшууллын хөшүүргийг оруулсан онцлоготойн дээр төрийн нууцын мэдээллийг улс орны өөрчлөлт шинэчлэлт болон социолист бүтээн байгуулалтыг  амжилттай хэрэгжүүлэх зүйл хэмээн тусгасан байна.

Нээлттэй нийгэмд төрийн байгууллага иргэдийн хоорондын харилцааг  илүүтэй тусгасан, төрийн нууц мэдээлэлд  иргэний хяналтыг бий болгож олон төрлийн эрх зүйн баримт бичгээр  төрийн нууц мэдээлэл,  иргэдийн мэдэх эрхийг хангахаар  зохицуулжээ.  Түүнчлэн иргэд нь Засгийн газрын бодлого шийдвэрийн талаар  хүчтэй маргаан өрнүүлэх чадвартай, эвлэлдэн нэгдэх, үг хэлэх эрх чөлөө хуулиар баталгаажсан, хамгийн гол нь мэдээллийг нууцлах зайлшгүй шаардлагаас бусад тохиолдолд  бүх мэдээлэл олон нийтэд ил тод, хүртээмжтэй байх ёстой гэж үздэг. Гэвч төрийн байгууллага, албан тушаалтнууд  үйл ажиллагаагаа олон нийтэд тогтмол мэдээлдэггүй, гаргасан алдаа, үйлдсэн хэргээ нууцлах, учирч болзошгүй  хүндрэл бэрхшээлээс зайлсхийх зорилгоор  “төрийн нууц, байгууллагын нууц” гэх ойлголтоор  халхавчлан аливаа мэдээллийг  иргэдээс нууцлах явдал түгээмэл байна.  Иймээс төрийн нууцад хамаарахгүй боловч  чухал гэж үзсэн мэдээллийг  нууцлах сонирхол, хандлага төрийн байгууллагуудад хүчтэй байдаг нь мэдээлэл олж авах эрхийг хязгаарлаж буй  хамгийн гол шалтгаан юм. Нууцад хамаарах мэдээллийн хүрээ хэт өргөн ерөнхий байдаг нь ямарч мэдээллийг төрийн нууц хэмээн өгөхгүй байх боломжийг бүрдүүлдэг хандлага түгээмэл ажиглагдаж байна. 

Ром-Германы эрх зүйн бүл:

ОХУ-ын Төрийн нууцын тухай хууль 1993 онд батлагдсанаар төрийн нууцыг хамгаалах эрх зүйн үндэс бүрэлдсэн ба  1997, 2007 онуудад нэмэлт өөрчлөлт орж шинэчлэгдэж байжээ. Хууль батлагдахаас өмнө төрийн нууцын хамгаалалт нь  хуулиар бус холбогдох эрх зүйн актуудаар  зохицуулагддаг байсан. Хуулийг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгын хүрээнд  эрх бүхий байгууллагууд холбогдох /эрх зүй, аргачлал болон техникийн/  актуудыг батлан гаргаснаас гадна  дээд шүүх нь  Төрийн нууцын тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой  70 гаруй шийдвэр гаргажээ. Түүнчлэн төрийн нууцад хамаарах мэдээ мэдээллийг хамгаалахтай холбогдох  зүйл заалтыг  Холбооны 50 гаруй хуулиудад тусгасан байна. ОХУ олон улсын гэрээгээр төрийн нууцад хамаарах мэдээллийг нээлттэй солилцох үүрэг хүлээсэн. Мөн бодит нөхцөл байдал өөрчлөгдсөний дүнд  төрийн нууцад хамаарах материалыг  цаашид хамгаалах нь утгагүй болсон бол  ил болгох болжээ. Гэхдээ энэ асуудлыг хариуцсан комисс нь  жил тутмынхаа төвлөгөөгөө ОХУ-ын Төв архивын газартай  харилцан зөвшилцсөний үндсэн дээр  болон  үндэсний шинжлэх ухааны хэрэгцээ шаардлагыг харгалзахын зэрэгцээ олон улсын тавцан дахь ашиг сонирхлоо  хангах зорилгын хүрээнд олон нийтэд ил болгох ажлыг гүйцэтгэж байна.

ХБНГУ нь мэдээллийг хамгаалах талаар  баруун европын тэргүүлэгч орноор зүй ёсоор тооцогддог. Энэ орон олон төрлийн нууцыг хамгаалах  хөгжингүй бүтэц бүхий тогтолцоог  бүрдүүлж чадсан гэж үздэг.  Эдгээр байгууллагуудын эн тэргүүний үүрэг бол  төрийн нууцыг хамгаалах болон үйлдвэрлэлийн тагнуулаас  хамгаалах явдал байна. Германд 10 хүн ажилладаг хамгийн бага нэгжүүдэд хүртэл  аль нэг ажилтан нь  мэдээллийн хамгаалалт, нууцлалын асуудлыг  хариуцах үүрэгтэй байхаар  зохион байгуулагдсан байдаг.  Герман улсын иргэн бүр  хувийн мэдээллийн хамгаалалтын талаар тодорхой эрх эдлэх болсон.  Энэ нь Европын  олонхи орны  хууль эрх зүйд тусгалаа олсон байдаг бол Герман орон  эдгээр хууль дүрмийг хэрэгжүүлэх мөрдөх талаар  амжилттай ажилласан байна. Мэдээллийн нууцлал, хамгааллыг хариуцдаг байгууллага нь  мэдээллийн техник, тоног төхөөрөмжийн аюулгүй байдал, мэдээллийг хамгаалах хэрэгслүүдийг стандарчлах, үйл ажиллагааны тусгай эрх олгох, мэдээллийн хамгаалалтын зайлшгүй шаардлагатайг олон нийтэд сурталчлах таниулах ажлыг давхар хариуцдаг байна. 

Турк улс нь Төрийн нууцын тухай хуулиараа  төрийн нууц мэдээ баримт сэлтийг тогтоох, хамгаалах, ил болгох харилцаа болон  эдгээр холбогдох эрх үүргийг тусгаж, хамрах хүрээ нь төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж, хувь хүн гэж тогтоожээ.  Мөн хуулиндаа Төрийн нууцын зөвлөл гэгч нь  төрийн нууцын зэрэг тогтоох эрхтэй ба  зөвлөлийн гишүүдэд ерөнхий сайд, батлан хамгаалах, дотоод хэрэг, гадаад харилцааны сайдуудыг багтааж бусад төрийн байгууллагууд  эрхлэх ажлын хүрээнд  нууцад хамруулах саналаа  харьяалах яамаар дамжуулан  Зөвлөлд санал болгоно гэж тусгажээ.  Нэг онцлог заалт нь  тус улсын Ерөнхийлөгч  баримт бичгийн агуулгыг өөрөө үнэлэхээр тусгасан байна.  Төрийн нууцын нууцлах хугацааг  хугацаатай ба хугацаагүй гэж 2 ангилах бөгөөд  дээд хугацааг 75 жилээр тогтоожээ.

Европын Холбоо 2013 оны 9-р сарын 23-нд гаргасан ЕХ-ны Мэдээллийн нууцлалыг хангах аюулгүй  ажиллагааны  дүрэмд тусгаснаар нууц мэдээлэлтэй харьцах хүмүүс ЕХ-ны зөвлөлийн шийдвэрээр зөвшөөрөл авдаг. Гэхдээ тэдний танилцах мэдээллийн хүрээ хязгаарыг нарийвчлан тогтоож, аюулгүй байдлыг хангах тусгай сургалт хөтөлбөрт хамруулдаг байна. Шаардлагатай тохиолдолд бусад хязгаарлагдсан мэдээлэлтэй танилцах боломжтой ч заавал зохих шатны аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан байхаар журамлажээ. НАТО-ийн хувьд ч үүнтэй ижил зарчим үйлчилдэг байна.

Францын хувьд, хувьсгалаар анх тогтсон бүгд найрамдах засгийн байгуулал нь мэдээллийг хамгаалах тогтолцоо харилцаанд шууд тусгалаа олсон  гэж болохоор байдаг. Учир нь Францын мэдээллийг хамгаалах тогтолцоонд  төрийн ба төрийн бус байгууллагууд аль аль нь оролцсон байдаг.  Тус орны бүх төрийн болон хувийн хэвшлийн том байгууллагууд  мэдээллийн аюулгүй байдлын албатай байдаг. Мөн мэдээллийн хамгаалалтыг цогц байдлаар хэрэгжүүлж  үйлчилгээ үзүүлдэг хувийн компаниуд элбэг байдаг бөгөөд эдгээр нь цагдаагийн байгууллагатай хамтран ажилладаг байна.  Өөр нэг онцлог нь Францад төрийн нууцын тухай хууль байдаггүй бөгөөд  энэ харилцааг  хувь хүний нууцын, эрүүгийн болон хөдөлмөрийн, иргэний хуулиудын  холбогдох заалтуудаар зохицуулдаг байна.

“Холимог” систем:

Япон улсын эрх зүйн тогтолцоо дэлхийн хоёрдугаар дайнаас хойш бүхэлдээ өөрчлөгдөж үндэсний аюулгүй байдлыг хангах нилээд өвөрмөц тогтолцоотой болж иржээ.  Үүний нэг жишээ нь төрийн нууцын хадгалалт хамгаалалтын асуудлыг зохицуулсан  бие даасан эрх зүйн зохицуулалт байхгүй явдал юм.  Өнөөгийн байдлаар Япон улсад  төрийн нууцыг хамгаалах бие даасан  хууль байхгүй ч  Төрийн албаны тухай хууль, АНУ-Японы батлан хамгаалах хамтын ажиллагааны  гэрээтэй холбоо бүхий  улсын нууцын тухай хууль, Японы өөрийгөө хамгаалах хүчний тухай хууль зэрэг хууль тогтоомжоор зохицуулагдаж байна. Эдгээр хуулийн заалтууд нь  хүний эрхийг хамгаалах зорилготой боловч  нөгөө талаар Японы эрх зүйн  өвөрмөц тогтолцооноос шалтгаалж  эрх зүйн баримт бичиг тус бүрээр  нууцын хадгалалт хамгаалалтын  зохицуулалтыг тусгаж, сөрөх тагнуулын дэглэмийг бүрдүүлсэн байдалтай байна.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ