Аюулгүй байдал судлалын хүрээлэн 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар хотноо “Европын аюулгүй байдлын тулгамдсан асуудлууд” сэдвээр шинжээчдийн хэлэлцүүлгийг ХБНГУ-ын Конрад-Адэнауэр Сантай хамтран зохион байгуулсан билээ. Тус хэлэлцүүлэгт ХБНГУ-ын Олон улс, аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн ахлах шинжээч, Германы Холбооны зэвсэгт хүчин (Бундесвер)-ийн чөлөөнд байгаа хурандаа Вольфганг Рихтер манай урилгаар оролцож, Европ тив дэх зэвсэглэлээр хөөцөлдөх шинэ өрсөлдөөний талаар илтгэл хэлэлцүүлсэн юм. Монгол Улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын оролцогч улс болохын хувьд хэдий газар зүйн хувьд болон стратегийн ашиг сонирхлын хувьд хол сэдэв мэт боловч аюулгүй байдлын асуудлыг сонирхогч уншигч Танд хэрэгтэй мэдлэг, мэдээлэл агуулсан гэж үзэн зохиогчийн өөрийнх нь зөвшөөрлөөр орчуулан цувралаар нийтэлж байна. Илтгэлийн санааг гүйцэд тодотгох үүднээс англи эхэд байгаагүй зарим үгийг дөрвөлжин хаалт дотор нэмж оруулсныг анхаарна уу. Энэхүү өгүүлэлд дэвшүүлсэн санаа, дүгнэлтүүд нь зөвхөн зохиогчийн өөрийнх нь үзэл бодол, судалгааны үр дүн бөгөөд Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн байр суурийг илэрхийлээгүй болно.
Өмнө өгүүлсэнтэй холбоотойгоор 1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхээр байгуулсан, стратегийн харилцан хягзаарлалтыг тогтоож өгсөн, түүгээрээ ч “Хүйтэн дайн”-ыг халж, хамтын ажиллагааны шинэ эрин үеийг тогтооход түлхэц болсон зэвсэг хураах хэд хэдэн гэрээ өнөөдөр хүчингүй болсон эсхүл үйлчлэл нь суларч байгааг дурдах нь зүйтэй байх.
Зэвсэглэлд хяналт тавих горим сулрахын зэрэгцээ дэлхий дахинд, бүр тухайлан АНУ, Орос, Хятад, Саудын Араб, Энэтхэг болон өөр зарим улсад батлан хамгаалах төсвөө нэмэгдүүлэх, зэвсэглэлийн олон шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх хандлага ажиглагдаж байна. Шинэ боловсруулалтын үр дүнд пуужин, сансраас агаар мандалд эргэн орж ирэх төхөөрөмжийн хурд, цэц, илрүүлэлтээс дайжих хүчин чадлыг эрс нэмэгдүүлэх бололцоотой болно. Ингэснээр дохио авснаас хойш маш богино, тооцооны алдаа гарах өндөр магадлалтай хугацааны дотор нэвтрэлтийн болон оновчтой цохилтын боломжийг үлэмж нэмэгдүүлнэ. Алсын тусгалын тактикийн цөмийн зэвсэг шинээр байрлуулснаар байлдааны бэлэн байдлыг дээшлүүлнэ хэмээн эдгээр улс үзэж буй. Мөн пуужингийн довтолгооноос хамгаалах систем илүү боловсронгуй болж, цэц өндөртэй алсын тусгалын ердийн пуужин, нисэгчгүй нисэх аппаратууд стратегийн давшилтын шинэ боломжуудыг нээж өгч байна. 2018 онд баталсан АНУ-ын Цөмийн хүчний үнэлгээний илтгэлд энэхүү зэвсэглэлээр хөөцөлдөх чанарын өрсөлдөөнд технологийн давуу байдлаа хадгалах зорилтыг дэвшүүлсэн байдаг. Ийм нөхцөлд Орос, Хятад нь стратегийн тэнцвэрт байдлыг тогтоож буй суурь болох цөмийн хоёрдахь цохилтын хүчин чадлаа алдана хэмээн эмзэглэж буй. “Харилцан устгах баталгаат тогтолцоо” [хэмээн томъёологдсон цөмийн хүчний тэнцвэр] нь Оросын хувьд АНУ-тай адил түвшинд, Хятадын хувьд АНУ-ыг тогтоон барихад хангалттай хүчин чадалтай байлгадгаараа цөмийн зэвсэгтэй эдгээр гүрний язгуур ашиг сонирхол, улс төрийн болон газар нутгийн бие даасан байдалд нь халдах зорилгоор цөмийн зэвсэг ашигласан, эсхүл стратегийн бусад хэлбэрийн цохилт өгөхөөс найдвартай хамгаалж байдаг. Тиймээс стратегийн цөмийн зэвсгийг хязгаарлах чиглэлээрх хоёр талын зэвсэг хураах гэрээ, хэлэлцээрүүд нь “харилцан устгах баталгаат тогтолцоо”-нд нийцэх зэвсэглэлийн дээд хязгаар буюу таазыг адил түвшинд тогтоох ач холбогдолтой юм. Зэвсэг хураах ийм гэрээ, хэлэлцээрт алдагдал хүлээх, зэвсэглэлээр хөөцөлдөх шинэ өрсөлдөөнд чанарын ялагдал хүлээх нь Орос, Хятадын хувьд тогтоон барих хүчин чадлаа алдаад зогсохгүй олон туйлт ертөнц дэх бие даасан хүчний төв гэсэн стратегийн байр сууриа алдахад хүргэнэ. Чингэвээс АНУ-ын цэргийн давамгай байдал он удаан жилийн турш тогтоно гэсэн үг. Тиймээс зэвсэглэлээр хөөцөлдөх чанарын өрсөлдөөн ид эрчээ авч байгаа бөгөөд одоо цагийн хямралт байдал, аюул заналын талаарх харилцан төсөөлөл нэмэгдэж буй нь үүний улс төрийн зөвтгөл болж байгаа юм. Ийм чиг хандлагыг буцааж эргүүлэх, ядахдаа удаашруулахын тулд цэргийн хөтөлбөрүүдийг хурдасгахгүй, мөн одоо цагт олон улсын хамтын нийгэмлэгийг хуваан талцуулж байгаа хямрал, мөргөлдөөнүүд аяндаа хамтын хүчээр шийдвэрлэгдэнэ хэмээн гар хумхин суухгүй байх хэрэгтэй. Улс орнуудын төр, засгийн эн тэргүүний зорилт нь хямралыг зохицуулах явдал байх ёстой хэдий ч, түүхийн бүхий л үеийн туршид байсан шиг улс төрийн ноцтой ялгарал цаашид ч оршсоор байх болно гэдгийг хүлээн зөвшөөрч, зэвсэг хураах шинэ тогтолцоог яаралтай буй болгохыг чармайж ажиллах шаардлагатай юм.
АНУ, Орос хоёрын хувьд, эн тэргүүнд стратегийн цөмийн цэнэгт хошуу, тээвэрлэх хэрэгслийн таазыг тогтоосон Стратегийн давшилтын зэвсгийг хорогдуулах тухай 2010 оны гэрээний үйлчлэлийг сунгах яаралтай шаардлага байна. Үүнийг заавал АНУ-ын Сенатаар соёрхон батлах шаардлагагүй юм. Жилийн дотор багтаж сунгахгүй аваас Стратегийн давшилтын зэвсгийг хорогдуулах тухай гэрээний үйлчлэл 2021 оны хоёрдугаар сард дуусгавар болно. Энэ тохиолдолд цөмийн зэвсгийг хязгаарлах, хянан нягтлах талаар эрх зүйн заавал даган мөрдөх баримт бичиггүй болж, ингэснээр 1972 оноос өмнөх “Хүйтэн дайн”-ы оргил үед эргэж очно гэсэн үг юм. Ингэж сунгах нь мөнөөх Стратегийн давшилтын зэвсгийг хорогдуулах тухай гэрээг төдийгүй түүний дараа боловсруулах шаардлагатай, дуунаас хэт хурдан зэвсэг, дунд болон ойр тусгалын шинэ загварын пуужин, цөмийн цэнэгт хошуу бүхий тэнгисийн байрлалтай далавчит пуужин, стратегийн зориулалттай нисэгчгүй нисэх аппарат, дэлхий дахины хэмжээнд стратегийн түргэн цохилт өгөх чадамж бүхий ердийн зэвсэг зэрэг стратегийн тогтвортой байдалд учруулж буй шинэ төрлийн сорилтуудыг хязгаарлахад чиглэсэн шинэ гэрээний талаар хэлэлцэхэд мөн шаардагдана. Өөрөөр хэлбэл, одоо үйлчилж буй Стратегийн давшилтын зэвсгийг хорогдуулах тухай гэрээний хамрах хүрээ бидний аж төрөн буй цагийн сорилтуудыг шийдвэрлэхэд хангалттай бус, хэт явцуу байгаа юм. Үүнийг үлэмж өргөтгөх шаардлагатай. Гэвч энэ талаар яриа хэлэлцээ эхлүүлэхэд хугацаа бас хэрэгтэй.
Цөмийн зэвсэгтэй их гүрнүүд шинээр яриа хэлэлцээ санаачлахгүйгээр зэвсэглэлд хяналт тавих горимыг цаашид сулруулсаар байх аваас, дэлхий дахины аюулгүй байдал, Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээний ирээдүй ч бүрхэг болно. Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээний зургадугаар зүйлд заасанчлан цөмийн зэвсгийг сайн дураар хураах, цэргийн номлол дахь цөмийн зэвсгийн үүргийг бууруулахаар хүлээсэн үүргээ сахин биелүүлэх улс төрийн хүсэл зориг [их гүрнүүдэд] дутмаг байгааг уг гэрээнд нэгдэн орсон олон улс шүүмжлэлтэйгээр ажиглаж байна. Энэ талаарх цаашдын сөрөг өрнөл нь цөмийн зэвсгийг бүрмөсөн хориглох, хууль бус болгох шинэ гэрээ байгуулахыг хөхиүлэн дэмжих сэдлийг олон улсад төрүүлэх болно. 2020 онд болох Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээний хэрэгжилтийг хянан хэлэлцэх бага хурал дээр ийм хандлага илрэх магадлалтай. Европын хувьд, шинэ төрлийн газрын байрлалтай дунд болон ойр тусгалын пуужинг байрлуулах, НАТО, Орос хоёрын зөрчлийг ялангуяа Балтийн болон Хар тэнгисийн орчмын зааг бүс нутагт дэвэргэх хоёроос эн тэнцүү сэргийлэх нь нэн чухал. Үүний тулд НАТО, Оросын хооронд цэргийн яриа хэлэлцээг сэргээж, ЕАБХАБ дахь “Загварчилсан яриа хэлэлцээ”-г боловсронгуй болгож бодит үр дүнд чиглүүлэх, итгэлцэл, аюулгүй байдлыг бэхжүүлэх механизмуудыг бэхжүүлж цэргийн ил тод байдал, урьдчилан тааварлахуйц байдлыг нэмэгдүүлэхэд чиглүүлэх ёстой. Украины хямралыг урт хугацааны туршид тогтвортой зохицуулах, гал зогсоох тухай Минскийн хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн Нормандын форматын хүчин чармайлтыг нэмэгдүүлэх шаардлагатайн сацуу Балтийн тэнгис орчмын өргөтгөсөн бүс нутагт тогтвортой байдлын дэглэм бий болгохыг зөвлүүштэй юм. Энэ нь одоо үйлчилж буй үүрэг амлалтууд дээр суурилахын зэрэгцээ нэмэлт цэргийн хүч байрлуулахыг хязгаарлах, цэргийн хүчин чадлыг цаашид зузаатгахаас сэргийлэх, [ингэснээр аль аль талаас] гэнэтийн цохилт өгөх хүчин боломжийг бууруулах болно. Энэ талаарх тодорхой санал дэвшүүлсэн миний өгүүллийг манай Олон улс, аюулгүй байдал судлалын хүрээлэнгээс хэвлүүлсэн болохыг энэ дашрамд дурдъя. Мөн үүнтэй төстэй саналыг ЕАБХАБ-ын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн сүлжээ боловсруулж Өрнөдийн орнууд болон Оросын талд танилцуулсан болно. Европт дунд болон ойр тусгалын шинэ загварын пуужин байрлуулахаас сэргийлэхийн тулд, үүнд чиглэсэн улс төрийн хүсэл зоригийг илтгэсэн дохиог талууд нэгэн зэрэг, харилцан бие биедээ өгөх ёстой. Нягтлан хянах үйл ажиллагааг сэргээж, олон талт хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай. Энэ талаар заавал дагаж мөрдөх эрх зүйн баримт бичиг байх нь хүсүүштэй ч, улс төрийн хувьд хүлээх үүрэг нь мөн л зохих чадамжтай болохыг хэдэн мянган нэгж тактикийн цөмийн зэвсгийг татан гаргах, устгах нөхцлийг бүрдүүлсэн 1991-1992 оны “Ерөнхийлөгчийн санаачлагууд” нотлон харуулдаг.
Эрхэм нөхөд өө, би энэхүү тоймоороо дэлхий дахины болон Европын аюулгүй байдлын нөхцөл хэрхэн ноцтой доройтож байгаад дүн шинжилгээ хийхийг л зорьсон бус, харин хямралыг гэтлэх боломжит арга замуудыг санал болгохыг эрмэлзсэн билээ. Харин энэ эдгээрийг хэрэгжүүлэхэд стратегийн хязгаарлалт, аюулгүй байдлын наад захын хамтын ажиллагаа, зэвсэг хураах шинэ санаачилга шаардагдана. Ийм санаачилгын талаарх зохих үзэл баримтлалыг нэгэнт боловсруулсан ба зарим саналыг хэдийн дэвшүүлээд байгаа болно. Гэтэл өнөөгийн чиг хандлагыг эргүүлье гэсэн улс төрийн хүсэл зориг байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Зэвсэглэлээр хөөцөлдөх шинэ өрсөлдөөнд ялна гэсэн тооцоотой байгаа талуудад үүнийхээ хор хохирлыг ойлгоход шаардагдах яаралтай, ноцтой дохио сануулга хараахан очоогүй байгаа ч байж магад. Улс орнуудын төр, засаг хямралыг аюулгүй байдлын нөхцөл улам доройтсоор эргэлт буцалтгүй болохоос нь өмнө намжаах мэргэн ухаан хангалттай байгаа гэж найдъя. Та бүхэнд анхаарал тавьсанд талархахын хамт сонирхолтой хэлэлцүүлэг, шүүмж мэтгэлцээн өрнүүлнэ гэж найдаж байна.