92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
Нийгэм-улс төрийн сөргөлдөөн ба хямралт нөхцөл байдал үүсэхэд нөлөөлөх шалтгаан, хүчин зүйл

АЮУЛГҮЙ байдал судлалын хүрээлэнгийн зүгээс аливаа улс орны дотоод дахь улс төрийн сөргөлдөөн, хямралт байдал үүсэн бий болох нөхцөл шалтгаан, гадаад, дотоод хүчин зүйлсийн талаар ОХУ-ын аюулгүй байдал судлалын нэрт эрдэмтэн судлаачдын байр суурийг товч хүргэж байна. Зохиогчдын үзэл бодол, агуулга манай хүрээлэнгийн байр суурийг илэрхийлэхгүй болно.

ОЛОН улсын харилцааны өрнөлөөс харахад, дэлхийн хүчирхэг улс орнууд өөрсдийн ашиг сонирхлыг татаж буй улс оронд хямралт нөхцөл байдал үүсгэн, эрхшээлдээ оруулж, өөрийн нөлөө ашиг сонирхлоо бий болгохын тулд геостратегийн элдэв аргачлалыг ашигласаар ирсэн. Тухайлбал,

· “Өөрсдөөр нь өөрсдийг нь захируулах бодлого” буюу тэдний аливаа бодлогыг “сохроор дэмжигч” улс төрийн бүлэглэлийг тухайн улс оронд бий болгох, тэднийг төр засгийн өндөрлөгт шургуулах, тэднээр дамжуулан улс төрийн нөлөөллөө тогтоох.

· Материаллаг сонирхлыг нийгэмд дэвэргэх, ард түмэн, байгалийн баялаг болон үнэт зүйлсээ худалдах урвагчийн сэтгэлзүйг бий болгох.

· Ардчиллын үнэт зүйлсийг гуйвуулан сурталчлах, улс үндэстний тархи угаалт зэргийг дурдаж болохоор байна.

Хямралт нөхцөл байдал гэдэг нь зөрчилдөөн өсөн нэмэгдэх үйл явц бөгөөд үр дагавар нь сөргөлдөгч талуудын талцалт ил мөргөлдөөн тодорхой улс орон, бүс нутаг, эсвэл олон улсын тавцанд илрэн гарч буй нөхцөл байдал гэж судлаачид тодорхойлдог.

Хямралт нөхцөл байдал үүсэхэд нөлөөлөх онцлох шинж тэмдгүүд:

Нийгэм, улс төрийн салбарт

ЭРХ баригчдын гадаад, дотоод нийгэм, улс төрийн бодлого, шийдвэр илт явуургүй болох, хурц шүүмжлэлд өртөх.

Төрийн засаглах чадавх суларч, нийгэмд төрийн албаны нэр хүнд унах, төрийн байгууллагуудын бүтэц үр өгөөж муутайгаар өргөжин, төсөв зардал нэмэгдэх, улс төрийн томилгооноос үүдэлтэй төрийн мэргэшсэн, чадварлаг алба хаагчдын хүрээ хумигдах, төрийн алба хаагчдын ёс зүй, ажил гүйцэтгэх чадамж доройтож, иргэдийн төр, хууль ёсоо дээдлэх үзэл алдагдах.

· Эрх баригчдын дунд ноцтой зөрчил бий болох;

Төрийн байгууллагуудын эрх бүхий албан тушаалтнууд хүнд суртал, авлигад автаж, төр, нийгмийн эрх ашгаас илүү хувийн болон цөөн хэсэг бүлэг хүмүүс, хүрээллийн ашиг, сонирхол давамгайлж, эрх мэдлийн төлөөх тэмцэл хавтгайрах.

· Засгийн эрхийн төлөөх бусад хүчний үйл ажиллагаа ил тодоор эрс идэвхжих;

Нийгмийн салбар бүрд эрх ашгаа хамгаалуулсан хөдөлгөөн, төрийн бус байгууллагууд үүсэн бий болох, төрийн бодлого шийдвэрийг эсэргүүцэх, шүүмжлэх, тодорхой бүлэг хүмүүсийн эрх ашгийг хамгаалах зэргээр улс төрийн зорилготой үйл ажиллагаа идэвхжих.

· Сөрөг нам хүчин, бүлгийн нэр хүнд хүчирхэгжих;

Сөрөг хүчний зүгээс төр, засгаас явуулж буй зарим алдаатай бодлого, иргэдийн сэтгэл дундуур байгаа байдлыг ашиглан ард түмнийг бослого, үймээн самуун, хувьсгалд уриалан дуудах, нийгмийн зорилтот давхаргуудын дэмжлэгийг авах.

· Олон нийтийн жагсаал, цуглаан зэргийг хэрцгийлэх дарах;

Эрх ашгаа хамгаалсан хөдөлгөөн, төрийн бус байгууллагуудын зүгээс хийж буй төрийн бодлого шийдвэрийг эсэргүүцэх, шүүмжлэх улс төрийн зорилготой үйл ажиллагааг цэрэг, зэвсгийн хүчээр нухчин дарах.

· Иргэд, оюутан, залуучууд улс төрийн зорилго бүхий үйл ажиллагаа, жагсаал цуглааны давтамж олшрох;

Бослого тэмцэлд илтээр уриалах, төрийн төлөөллийн хууль ёсны шаардлагыг үл биелүүлэх, төрийн албан хаагчийн амь биед халдах, төрийн өндөр албан тушаалтнуудыг гутаан доромжлох, заналхийлэх, өлсгөлөн, суулт, жагсаал хийх, иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрч буйг өөрсдийн эзэмшлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр сурталчлан харуулах,

· Хүн амын бүлэг хоорондын арьс өнгө, яс үндэс, шашин шүтлэгийн зөрчил эрс хурцдах;

Дотоод дахь улс төр, эдийн засаг, шашны хуваагдал, бүлэглэлүүдийн өрсөлдөөн, баян ядуугийн ялгаа газар авч, үндэсний нийтлэг эрх ашгийг хөсөрдүүлэх, эв нэгдлийг сарниулах улмаар нийгмийн тогтвортой байдалд заналхийлэх түвшинд хүрэх. /Дотооддоо эв нэгдэлгүй байх нь улс үндэстэн сүйрлийн ирмэгт ирж, үндэс угсаагаараа аюулд учирч байгаагийн ойрын жишээ бол Гүрж, Украин, Киргиз, Тунис, Ливи, Египет, Сири, Ирак, Афганистанд болсон олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, иргэний дайн, “Өнгөт хувьсгал” үйл явцыг нэрлэж болно.

Лавлагаа. Украины “Улбар шар хувьсгал”, Киргизийн “Алтан зулын хувьсгал” гарах нийгэм, улс төрийн шалтгааны нэг нь олон нийт бодлого боловсруулагчдын үйл ажиллагаа тухайлбал, эдийн засгийн хүндрэл, төрийн албан хаагчдын авлига, хүнд суртал, засгийн газарт хуримтлагдсан их өр зээлээс үүдэлтэй байв.1

Гүржийн “Сарнайн хувьсгал” гарах улс төрийн багц шалтгааны нэг нь эрх баригч дэглэмийн онцлогтой холбоотой байсан. Дэглэмийн тогтвортой байдал нь зөвхөн ерөнхийлөгчийн захиргаанаас шалтгаалж байжээ. Ерөнхийлөгчийн зүгээс элитэд тавих хяналтын тогтолцоо алдагдсан, тэдний хоорондох зөрчил, хагаралдаан дээд цэгтээ хүрсэн. Мөн үндэсний хэмжээний үзэл суртал байхгүй “нутгархаг” үзэл газар авч, өрнөдийн үзэл суртал илүү дэлгэрсэн. Нутаг дэвсгэр болон, шашны хүчин зүйлтэй холбоотой соёл иргэншлийн талцал нь хямралын нэг шалтгаан болсон. Мөн Гүрж өөрийн газар нутгийн зарим хэсгийг алдсан нь элитүүдийн талцал, отог омгийн хоорондын зөрчилдөөнийг хурцатгасан байна.2

Иргэний нийгмийн салбарт

· Иргэний нийгмийн байгууллагуудыг үүсгэн байгуулах;

Хэвлэл мэдээлэл, хэвлэлийн эрх чөлөө, ардчилсан сонгууль, хүний эрх, хууль сахиулах, байгаль орчны чиглэлээр төрийн бус байгууллагуудыг байгуулах.

· Иргэний нийгмийн байгууллагуудыг санхүүжүүлэх;

Иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааны чиг үүрэг, зорилго, зорилтыг тодорхойлох, удирдагч нарыг санхүүжүүлэх, төрөл бүрийн сургалт зохион байгуулах, боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх, санхүүгийн болон техникийн дэмжлэг үзүүлэх, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчны сүлжээг шинэ технологиор хангах.

· Үндэсний хэмжээний сөрөг хүчний сүлжээ бий болох;

Нийгэм, улс төр, эдийн засагт үүсээд буй бэрхшээлтэй холбоотойгоор ард иргэдийн бухимдал гүнзгийрч, төрд итгэх олон нийтийн итгэл суларч, нийгмийн салбар бүрд эрх ашгаа хамгаалуулсан хөдөлгөөн, төрийн бус байгууллагууд үүсэн бий болж, төрийн бодлого шийдвэрийг эсэргүүцэх, шүүмжлэх, газар нутгаа болон тодорхой бүлэг хүмүүсийн эрх ашгийг хамгаалах зэргээр улс төрийн зорилготой үйл ажиллагаа идэвхжих зэрэг болно.

Лавлагаа.  Гүржийн “Сарнайн хувьсгал”-ыг ялалтад хүргэхэд нөлөөлсөн хүчин зүйл бол гаднын санхүү, техникийн дэмжлэгтэй үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагууд байсан. Тухайлбал, “Эрх чөлөөний хүрээлэн” ТББ (Georgia Leberty Institutie) нь АНУ-ын төрийн департаментаас санхүүжилт авдаг. Хүний эрхийг хамгаалах, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. Бие даасан телевизийн сувгаараа дамжуулан нийгмийн сэтгэлзүйд нөлөөлөх үйл ажиллагааг эрчимтэй явуулж, сөрөг хүчний хувьсгалыг ялалтад хүргэхэд гол үүрэг гүйцэтгэсэн.3

Эдийн засгийн салбарт

ТУХАЙН улс оронд хямралын нөхцөл байдал үүсэх үйл явц аливаа улсын эдийн засгийн хямралын нөхцөл байдал зөвхөн тухайн улсын ашиг сонирхол, улс орны амьдралын бүх талыг хөндөөд зогсохгүй, бүс нутагт ч нөлөө үзүүлдэг. Тухайлбал,

·  Нийгмийн эмзэг хэсгийнхний материаллаг байдал мэдэгдэхүйц доройтох;

Эдийн засгийн салбарт дорвитой арга хэмжээ авахгүй, цөөн тооны олигархуудын ашиг сонирхолд нийцүүлэх, албан тушаалтнууд нь ашиг сонирхлын бүлэглэлүүдэд хуваагдсанаар эдийн засгийн бодлого цогцтой болж чадахгүй, үр дүнд хүрэхгүй байх.

·  Өргөн хэрэглээний барааны үнэ эрс өсөх;

Импортоос хараат, хэрэглээ, үйлчилгээнд тулгуурласан эдийн засаг аажим бий болж бараа бүтээгдэхүүний үнэ өсөх, хүнсний үйлдвэрлэл буурах, нийгмийн халамжаас хэт хамааралтай нөхцөл байдал бий болох.

Үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш унах;

Эдийн засгийн байгуулал нь улс төрөөс хараат, тэдний ашиг сонирхлыг хамгаалж, өр зээл тавин төрийг мөнгөтэй байлгах, өрийн таазыг зохистой хэмжээнд барих бус, мөнгө хэвлэн популист үл гүйцэлдэх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн их хэмжээний өрөнд оруулах.

Санхүүгийн хөрөнгө гадаад руу гарах;

Мөнгөний бодлого цаашид итгэл төрүүлэхээ болих, эдийн засагт үүссэн хөрөнгийн хөөс, үнийн огцом уналт, гадаад зах зээл дэх дотоодын мөнгөн тэмдэгтийн ханшийн үнэ цэнэ унах.

Лавлагаа. Гүржийн “Сарнайн хувьсгал” гарах эдийн засгийн хүчин зүйл бол тухайн орны гадаад өр 8,6 тэрбум ам.доллартай тэнцэж, ДНБ-ний 80 гаруй хувийг эзэлсэн. Мөн Ерөнхийлөгч Саакшвилигийн үед бараг бүх төрийн өмчийг хувьчилж, өмнөх Зөвлөлтийн үед бүтээн байгуулсан үйлдвэр, завод, стратегийн ач холбогдолтой бүхий л байгууламжуудыг зарж борлуулан, идэж шамшигдуулсан байна. М.Саакшвилигийн засаг захиргааныхан төрийн байгууллагуудаа санхүүжүүлж, цалинжуулах чадваргүй. Мөн хүн амын амьжиргааны түвшин доогуур, зах зээлийн өөрчлөлтийн үе дэх эдийн засгийн хүндрэл бэрхшээл, зэрэг нь иргэдийн дургүйцлийг улам хүргэж байв. Баян, ядуугийн зөрүү их болсноос үүссэн нийгмийн ялгарал ч ихээхэн нөлөөлсөн. Бага, дунд бизнес эрхлэгчид, залуучууд болон тэтгэврийн насны хөгшчүүл зэрэг нийгмийн “эмзэг бүлэг”-ийн зүгээс эрх баригч нарт үл итгэх байдал ч нөлөөлсөн.

Харин Украины “Улбар шар” хувьсгалын урьтал нөхцөл нь тухайн улсын нийт гадаад өр ДНБ-ний 90,4 хувьд хүрч, олон улсын шинжээчдийн зүгээс бодит дефолтод хүрсэн хэмээн үзсэн. Мөн удаан хугацааны туршид сэтгэл ханамжгүй байсан нийгмийн бүлгүүд цуглаанд гарч, нийгэмд эмх замбараагүй байдал үүссэн гэж үздэг.

Мэдээллийн салбарт

УЛС төрийн сөргөлдөөний үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчинг нэн тэргүүнд иргэний нийгмийг сөргөлдүүлэхэд ашигладаг. Ийнхүү мэдээллийн зарим арга хэмжээг зохиосны эцэст тухайн оронд хямралт нөхцөл байдал буюу “иргэний дайн” эмх замбараагүй байдал үүсэх нөхцөл бүрддэг байна.

Тухайлбал:

· Үндэсний ашиг сонирхлыг баримтлагч төрийн бодлогыг дэмжигч тоглогчдын мэдээлэл харилцааны орон зайг, нийгмийн үзэл бодол бүрдүүлэх үйл явцаас шахан зайлуулах;

· Улс төрийн уламжлалт үнэт зүйл, нийгмийн тогтсон үзэл бодлыг задлан нурааж, оронд нь гаднын хувилбарыг суулгах, өөрөөр хэлбэл үндэсний үнэт зүйл-оюун санааны орон зайг өөрчлөн кодлох;

· Виртуал орон зайд эсэргүүцлийн сүлжээний нийгэмлэг, нийгмийн үзэл бодолд улс төрийн виртуал лидерүүд бүрдүүлэх;

· Хүн амд эсэргүүцлийн зан авирын олон нийтийн загвар бүрдүүлэх;

· Олон нийтийг интернет орон зайд дайчлах, тэдний эсэргүүцлийн идэвхийг олон нийтийн эсэргүүцлийн явуулгын хэлбэрээр илрэх оффлайн орон зайд шилжүүлэх;

· Медиа орон зай дахь эсэргүүцлийн идэвхжлийг “ардын хувьсгал” хэлбэрээр ухуулан сурталчлах, тайлбарлан таниулах;

· Тайван замаар илэрхийлэх “эсэргүүцлийн” нэр доор засгийн эрхийг булаан авах, ард түмний зөвшилцлийн засгийн газар байгуулах, ерөнхийлөгчийн болон парламентын ээлжит бус сонгууль явуулах ард түмний шаардлага зэрэг үйл явцыг зохих засвартайгаар тайлбарлан олон нийтэд цацах.

Лавлагаа. Украины “Улбар шар хувьсгал”-ын аргачлал нь асар богино хугацаанд олон нийтийг улс төрийн хөдөлгөөнд оруулж, санхүүгийн ихээхэн зардал гарсан байна. Тухайн үед шууд биечлэн, эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан нөхцөл байдлыг улс төрийн түвшинд аваачих зорилготой, танигдсан нөхдүүд улс төрийн шаардлага тавьсан.

Киргизийн “Алтан зулын хувьсгал” /2005 он/ амжилттай болоход “МСН” /моя столица новости/ сонин чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. АНУ-ын засгийн газрын санхүүжилттэй энэ сонины редакц нь “Фрийдом хаус” хэвлэх үйлдвэрт хэвлэдэг байсан ба 2004 онд 70 мянган ам.долларын санхүүжилт авсан байдаг. Хувьсгалын ид өрнөлийн үед Киргизийн өмнөд хэсэгт болж байсан үйл явдлыг хойд хэсгийн хүн амд мэдээлэх, эсэргүүцлийн жагсаал цуглаан хэзээ хаана болохыг мэдээлэх үүрэгтэй байжээ.4

Дүгнэлт

ДЭЛХИЙН хүчирхэг орнууд өөрийн нөлөө ашиг сонирхлоо шаардлагатай гэж үзсэн улс орон, бүс нутгуудад бий болгох, нөлөөлөх оролдлогоо хэрэгжүүлсээр байна. Нэгэн цагт асар их хүч нөлөөтэй байсан Зөвлөлт холбоот улс болон Югослав улсууд гаднын болон дотоодын нөлөөтэй задарч бутарсныг бүгд мэднэ.

Гүрж, Украин, Киргиз, Тунис, Ливи, Египет, Сири, Ирак, Афганистанд болсон олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, иргэний дайн, “Өнгөт” хувьсгал зэрэг нь гаднын улс орон оролцоо дэмжлэгтэйгээр хийгдсэн талаарх баримт мэдээллүүд ил тод болсоор байна.