ЦАХИМ шилжилтийн үеийн технологийн хувьсгал нь дэвшилтэт олон технологиудыг бий болгож, тэдгээр нь хоорондоо “найрал хөгжим” мэт уялдан хоршиж шинэ эриний хэмнэл, аяс, өрнөлийг бий болгож байгаагийн сацуу хосолмол (hybrid) дайны технологийн суурь болж шинэ эрсдэл, сорилтыг бий болгож байна. Улс орны улс төр, нийгэм, эдийн засаг, аюулгүй байдалд цэргийн болон цэргийн бус хосолмол арга хэрэгсэл, технологи хэлбэрээр өргөнөөр хэрэглэгдэж эхэллээ. Технологийн хувьсгалыг хосолмол дайнд хэрэглэгдэж буй үйл явцыг удирдан хөтлөх асуудлыг хөндсөн ХБНГУ-ын аюулгүй байдал судлалын нэрт стратегич, эрдэмтдийн өгүүллийг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр орчуулан цуврал хэлбэрээр хүргэж байна. Цувралын эхний хэсэгт хосолмол дайны сорилтууд болон ийм төрлийн дайны номлолын асуудлуудыг тусгасан бол хоёрдугаар хэсэгт цахим шилжилтийн шинэ технологиос үүсч буй эрсдэл, чиг хандлага болон технологийн асуудлуудыг тусгасан болно. Зохиогчдын үзэл бодол Хүрээлэнгийн байр суурийг илэрхийлэхгүй болно.
УЛС орнуудын цэрэг, эдийн засгийн хүч чадал өгөгдөлд суурилж, компьютер, автомат системүүд өгөгдөл, холбооны сүлжээгээр дамжин хөдөлгөөнт холбоо бүхий роботуудтай нэгдэж, дайн, байлдааны шинэ арга хэрэгсэл бий болж байна.
Өнөөгийн байнгын холбоост ертөнцөд өгөгдөл бол газрын тос гэсэн үг. Сүлжээ бол тос олборлон түгээх цооног. Түүхий тосыг нэрж бензин болгож хэрэглэх боломжтой болдгийн адил өгөгдлийг боловсруулж үйл ажиллагаанд хэрэглэхүйц мэдээлэл болгох шаардлагатай. Мэдээлэл, цахим ертөнцийн ноён нуруу нь интернет бөгөөд энэ нь нарийн төвөгтэй, үлэмж системүүдээс бүрдсэн систем3 бүхий дэлхийг бүрхсэн мэдээлэл дамжуулах дэд бүтэц юм.
Цахим шилжилтийн үйл явц үйлдвэрлэл, эдийн засаг, батлан хамгаалах, аюулгүй байдал зэрэг төрийн салбаруудыг хамран нийгмийн бүх талбарт гүн гүнзгий нөлөөлж байна. Энэ байдлыг харгалзан зэвсэгт хүчнийг орчин үеийн, харилцан ажиллагаа бүхий, батлан хамгаалах зорилгод чиглэсэн мэдээлэл, харилцааны технологид суурилсан эрэмбэлэгдсэн тогтоцтой байхаар шинэчлэл хийж байна.
Өгөгдлийн төрөл, хэмжээ огцом ихсэж, мэдээллээ үйл ажиллагаа болгох чадавх нь цэргийн ажиллагааны шийдвэрлэх хүчин зүйл болж байна. Өгөгдлийг цэргийн болон тусгай албадын шугамаар авч болохын зэрэгцээ ил тагнуулын гэх аргаар интернет, мэдээллийн хэрэгслээр олж авч болно. Агаар, сансар, шумбагч болон хөлөг онгоц, анги нэгтгэлийн гэх зэрэг өргөн цар хүрээт талбараас үлэмж хэмжээний мэдээ буюу өгөгдөл бий болж, тэдгээрийг татан авч ашиглаж байна. Цэргийн хүч хэрэгслийн харилцан холбогдсон байдал нь тэдгээрийн чадавхыг эрс нэмэгдүүлж байна.
Мэдээлэл харилцааны технологийг оновчтой хэрэглэх нь дайн болон дайн-төст ажиллагаанд амжилт олоход шийдвэрлэх ач холбогдолтой боллоо. Кибер ертөнц нь техник хангамж, програмчлалын цогц системийг бий болгож өгөгдөл, мэдээллийг боловсруулах, дэлхийн аль ч өнцөгт гэрлийн хурдаар өргөн зурваст өгөгдөл дамжуулах, үлэмж өгөгдөл хадгалах, алгоритм, хиймэл оюун, цаг хугацааны оновчлол, газар зүйн мэдээлэл, байршил зүйн дохиолол зэрэг шинэ технологид суурилж байна. Цахимжилтын эриний технологи биднийг кибер орон зайд түргэн шилжүүллээ.
Мэдээлэл харилцааны технологийг оновчтой хэрэглэх нь дайн болон дайн-төст ажиллагаанд амжилт олоход шийдвэрлэх ач холбогдолтой боллоо.
Өндөр хурдны холбооны шугам, үлэмж өгөгдөл, боловсруулах хүчин чадал бүхий кибер ертөнц бол ойлгоход хэцүү, хийсвэр ертөнц юм. Сүлжээнд болж буй үйлдэл, харилцан холбогдсон олон төхөөрөмжүүдийг бид мэдэрч чадахгүй тул үүнийг виртуал ертөнц гэж нэрлээд байгаа. Сүлжээ бидний мэдрэхүйгээс ангид байдаг. Виртуал ертөнцийн процессууд далд явагдаж, харин бодит ертөнцөд тэдгээрийн үр дүн нь гарч ирэхэд л бид мэдэрдэг.
Тооцон бодох үлэмж хурд, даяар холбогдсон байдал нь бидний өнөөгийн амьдралын онцлог болчхоод байна. Өндөр хүчин чадал бүхий боловсруулах, хадгалах төхөөрөмжүүд, цаг хугацааны оновчлол, байр зүй, харилцаа, холбоог бий болгогч даяар дэд бүтэц бүгд л бидний улс төр, нийгэм, эдийн засгийн системүүдийг өөрчлөөд байна. Энэ мөн дайн байлдааныг ч өөрчлөөд байна. Мэдээлэл, харилцааны технологи хүний удирдаж буй бүх процессуудын гол хөдөлгөгч хүч нь болоод байна. Өгөгдөл, мэдээллийг цуглуулах, хадгалах, ашиглах, түгээх, мэдлэгийг бий болгох шинэ арга замуудыг нээж байна.
Цэргийн бус ажиллагаа нь дайн хийсэнтэй дүйцэхүйц үр дүнд хүрч болохыг Ираны Натанц дахь цөмийн баяжуулах цогцолборын центрифугуудыг хорт програм ашиглаж эвдэн сүйтгэсэн жишээ харуулж байна. Мэдээллийг эзэмшсэнээр хувь хүн, ашиг сонирхлын бүлэглэл, бүр дэлхийн тавцанд улс орнуудад ч нөлөөлөх боломжийг олгож байна.
Мэдээлэл харилцааны технологи хосолмол дайн хийх суурь болж ийм дайныг бодит ба виртуал ертөнцөд ч хийнэ. Бодит ертөнц дэх хэсгийг нь зарчмын хувьд ажиглаж, ойлгож болно, харин виртуал хэсэг нь компьютер, сүлжээний үл үзэгдэх ертөнцөд далд явагдаж уршиг нь бодит ертөнцөд мэдэгдэхгүй байж байгаад ихэнх тохиолдолд бэлэн бус байсан этгээдэд гэнэтийн байдлаар мэдрэгддэг.
Ердийн дайнд аж үйлдвэрийн эрин үеийн технологи ашиглагдаж механикжсан техник зэвсэгт хүчнийг бүрдүүлдэг (Wilson 2019, 3). Аж үйлдвэрийн эрин үеийн дүр төрхийг цэрэг дайны гурван хувьсгал4 (ЦДХ) өөрчилж чадсан байдаг. Мөн шинэ технологи гарч ирснээр цэрэг дайны номлол, хүч чадавх, дайныг хэрхэн, юугаар, хэн хийх гэдгийг эргэн харахад хүргэж байна.
Цэрэг дайны нэгдүгээр хувьсгал (ЦДХ-I) нь байлдааны машин, техник, аж үйлдвэрийн хүчин чадал ашиглаж дайн хийх арга замыг тодорхойлж Дэлхийн нэгдүгээр дайны төгсгөлд эхэлсэн.
Цэрэг дайны хоёрдугаар хувьсгал (ЦДХ-II) нь бүр гучаад онуудад эхэлсэн зэвсэгт бослого, тэмцлийн дайны арга зам бөгөөд Хятад-Японы дайны үеэс эхэлж Хятадын Коммунист намыг төрийн эрхэнд 1949 онд хүргэсэн байдаг.
Цэрэг дайны гуравдугаар хувьсгал нь (ЦДХ-III) Хүйтэн дайны гол онцлог болох цөмийн зэвсэг хэрэглэх, түүнийг алсын зайд хүргэх чадвараар сүрдүүлэх арга зам байлаа.
Мэдээлэл, технологийн хөгжил нь сүүлийн гучин жилийн дотор улс орнуудын батлан хамгаалах зорилгоо хэрэгжүүлэх арга замыг өөрчиллөө.
Харин өнөө үед технологийн хамгийн үр дүнтэй арга зам нь Цэрэг дайны дөрөвдүгээр хувьсгал (ЦДХ-IV) болж байна. Нарийн онилгоот зэвсэг, идэвхт ба идэвхт бус мэдрэгч, кибер орон зай, робот техник зэрэг цахиур болон цахим эриний бүх л боломжийг дайчилсан дайны арга барил юм. Үүнд удирдлага, хяналт, холбоо, тооцон бодох технологи, тагнуулын5 ажиллагааг нэгтгэсэн залуурт зэвсэг, техникийн хөгжил багтана.
Мэдээлэл, технологийн хөгжил нь сүүлийн гучин жилийн дотор улс орнуудын батлан хамгаалах зорилгоо хэрэгжүүлэх арга замыг өөрчиллөө. Цахимжилтын өмнөх үед мэдээллийг олж авах, ашиглахад төвөгтэй байлаа. Мэдээлэл хадгалах, ашиглахдаа эрэмбэлэгдсэн, цэгцлэгдсэн тогтоц хэлбэртэй болгодог байв. Мэдээллийг цэгцэлж боловсруулахад цаг алддаг байсан учраас улс төрийн болон цэргийн шийдвэр гаргагчид улс-төр стратегийн түвшинд, тэр ч байтугай байлдааны ажиллагааны түвшинд тулалдааны бодит нөхцөл байдлаас хэд хоногоор ч хоцорч байдаг. Өнөө үед дэлхий дахинаа улс орнууд болон зэвсэгт хүчин цахим ертөнцийн хүч, чадавхыг ашиглах чиглэлд өөрчлөн байгуулалтыг хийж байна. Элекроник болон цахим байлдааны номлол бий болж тэр нь хосолмол дайны ажиллагааны удиртгал гэж болохоор байна.
БНХАУ, ОХУ зэрэг цэргийн технологийн шинэ өрсөлдөгчид гарч ирснээр барууны орнуудад стратегийн шинэ сорилтыг бий болгож байна. БНХАУ зэвсэгт хүчнээ орчин үеийн (ЦДХ-I) техникээр зэвсэглэж, хөгжүүлж байгаагийн зэрэгцээ (ЦДХ-IV)-ын ололтуудыг ашиглаж байна. Үүнээс үзэхэд ойрын ирээдүйд эх газрын БНХАУ (ЦДХ-IV)-ын арга хэрэгсэл, техникийг ашиглаж эхэлснээс үүдэлтэй НАТО болон ЕХ шинэ аюул, заналтай нүүр тулахаар байна. Ийм учраас дайсныг үл нэвтрүүлэх, орон зайг хязгаарлах6 (A2/AD) ажиллагааны сорилтуудыг сөрөх нь барууны улсуудын батлан хамгаалах салбарын шинэчлэл, хөрөнгө оруулалтын гол хэсэг болж байна. Хятад, Оросын сайжруулсан (A2/AD) чадавхыг сөрөн зогсоход чиглэсэн АНУ-ын хариу үйлдлийг ихэнх хэсэг цэрэг дайны 4-р хувьсгалын (ЦДХ-IV)-ын арга хэрэгсэл, техникийг хөгжүүлж, ашиглахад оршино.
Энэ хүрээнд сансар, кибер орчинд довтлох ажиллагаа явуулах найдвартай чадавхыг бэхжүүлэх, алсын тусгалын цохилтын системүүдэд дорвитой хөрөнгө оруулж пуужингийн хүч нэмэгдүүлсэн хамгаалалт бүхий, хөнөөх чадлыг нь сайжруулсан байлдааны томоохон төхөөрөмжүүдийг бий болох зэрэг арга хэмжээнүүд багтана. Түүгээр ч зогсохгүй, цөмийн зэвсгийн (ЦДХ-III) үеийн арга хэрэгсэл, техникийг сэргээн хөгжүүлэх боломжтой. Үүний зэрэгцээ, технологийн шинэ хувьсгал гарснаар цэрэг дайны тавдугаар хувьсгал ч (ЦДХ-V) ойрхон байж болох юм (Thiele 2019, 6).
Цэрэг дайны ажиллагааг хиймэл оюун, бие даасан систем, бүх төрлийн сенсор мэдрэгч, дэвшилтэт үйлдвэрлэл, квант шинжлэх ухаан үндсээр нь өөрчлөх гэж байна. Шинэ технологиуд сенсор болон галлах хэрэгслийг нэгтгэсэн байлдааны шинэ сүлжээнүүдийг бий болгож, ингэснээр дайсныг илрүүлэх, онилох, цохилт өгөх үйл ажиллагааг буюу цэргийнхний хэлдгээр “устгах гинжин цувааг” огцом хурдасгах болно (Atherton 2019).
Робот механизм, бүр цаашлаад нисгэгчгүй онгоц зэрэг төвөгтэй системүүдийг зөвхөн мэдрэлийн сигналаар удирдан хянах боломжийг хүн төрөлхтөнд “тархи-компьютер”-ийн интерфейсийн технологи олгож байна. Олон дроныг удирдаж буй хүн тэр систем юу хийх ёстойг зөвхөн бодол санаагаараа залуурдах боломжтой болж байна. Нөлөөллийн, албадлагын, хорлон сүйтгэлийн болон бусад нууц ажиллагаанууд далдаар явагдаж эхэлнэ. Хосолмол дайны нэг хэсэг болсон далд ажиллагаануудыг хэрэгжүүлэх гол хэрэгсэл нь мэдээлэл, холбооны технологи юм.
Мэдээллийн технологийн дэвшил механик системүүдийн хөгжлөөс хурдан явагдаж байгаа тул гол аюул заналын эх үүсвэрүүд виртуал хэлбэртэй байна. Хосолмол дайныг бүх төрөл чиглэлд явуулахын тулд ийм төрлийн байлдааны хосолмол арга хэрэгслийг бүрэн ойлгох шаардлагатай. Үүний тулд цахим ертөнцийн нарийн төвөгтэй зүй тогтлуудыг сайтар судалж, аюулгүй байдлын үзэл баримтлал, бодлогодоо хийсвэр цахим орчны бодит занал, боломжийг тусгах хэрэгтэй болно.
Хосолмол дайтагч талуудын цэргийн болон цэргийн бус сэтгэлгээний нэгдэл бий болж байж л системийн сэтгэлгээний систем бий болж тэр нь өөрөө үр дүнд хүрэх гол түлхүүр болно.
Хосолмол дайтагч талуудын цэргийн болон цэргийн бус сэтгэлгээний нэгдэл бий болж байж л системийн сэтгэлгээний систем бий болж тэр нь өөрөө үр дүнд хүрэх гол түлхүүр болно. Давуу байдлыг бий болгохын тулд үр ашгийг эрс дээшлүүлэхэд чиглэсэн системийн чадавхыг дайчилдаг тийм стратегийг хосолмол дайнд хэрэглэдэг.
Улс орныг тогтворгүй болгох, нийгмийг хагаралдуулахын тулд эсрэг талын нийгэм, эдийн засаг, дэд бүтэц, цэрэг, техникийг онилох, мэдээлэл цуглуулах зэрэг олон төрлийн хүч хэрэгслийг ашигласан, цэргийн ажиллагааг төрөл бүрийн ажиллагаатай хослуулсан тийм системийн хандлагыг мэдээлэл, холбооны технологи бий болгож байна. Хүчний эдгээр арга хэрэгслүүд дараах хоёр үүрэгтэй: зорилтот байг устгах ба шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх. Өөрийн талд давуу байдал үүсгэх чиглэлд шийдвэр гаргуулах, эсрэг талд алдаатай шийдвэр гаргахад хүргэх. Улс төр, нийгэм, цэргийн шийдвэр гаргагчдын гарт буй эрх мэдлийн хэмжээ, тэдгээрийн гаргаж буй шийдвэрийн чанараас хосолмол дайны үр дүн онцгой шалтгаална.
Халдлага үйлдэх гэж буй тал зорилтот субъектийг нарийн судалж өөрийн арга хэрэгслээ төлөвлөхдөө эсрэг талын эмзэг дэд бүтэц, нийгмийн сүлжээн дэх хувийн мэдээлэл, аж ахуйн нэгжийн өгөгдөл, төрийн бодлого, удирдлагын тухай мэдээллийг интернетийн ил эх сурвалжаас олж авч тодорхой төлөвлөгөө, ажиллагааны загвар гаргаж, түүндээ тулгуурлаж халдлага үйлдэнэ.
Нийгэм, улс төр, батлан хамгаалах цахим мэдээллийн ил, хүртээмжтэй байдал НАТО, ЕХ ба түүний гишүүн орнуудын эмзэг байдлыг нэмэгдүүлж байна. Иймд бид виртуал ертөнц дэх өөрийн эмзэг байдал, хариу үйлдлийн төлөвлөлт, батлан хамгаалах системийн шинэ загварыг гаргах шаардлагатай юм. Үүний тулд системийн инженерчлэлийн өндөр чадварыг шаардаж, инженер, тооцон бодох салбарын эрдэмтэд, сэтгэл зүйч, нийгмийн ухааны мэргэжилтнүүдээс бүрдсэн баг байх хэрэгтэй байна (Theile,1-6).
ЦАХИМ сорилтууд биднээс асар их өөрчлөлт хийхийг шаардаж буй энэ үед дэлхий нийт цахимын дараах (post-digital era) эринд огцом шилжиж байна. Шинэ цахим бизнес, хөгжлийн үр дүнг ашиглахын тулд төр, бизнес, төрийн бус байгууллагууд үлэмж чармайлтыг гаргаж байна. Цахим технологид бизнесийн болон бусад байгууллагууд хөрөнгө оруулах бүрд үүлэн технологийн болон хиймэл оюуны хүчин чадал тасралтгүй нэмэгдэж дараагийн үеийн технологиуд түрэн гарч ирж байна.
Бид ирээдүйг хэрхэн бодитоор хол харж чадах вэ? Бид ирээдүйг хэрхэн хол харах ёстой вэ? Мэдээж, шинэ чиг хандлагын судалгаа, дэвшилтэт технологиуд хоорондоо салшгүй холбоотой.
Шинэ технологи зөвхөн хөгжил дэвшил, аюулгүй байдлыг өөрчлөхөөр зогсохгүй квант тооцоолол, тархсан бүртгэл7, өргөтгөсөн бодит байдал8 зэрэгтэй хослон хүн-төхөөрөмж, хүн хоорондын, цахим экосистемүүдийн харилцааны дүр төрхийг шинэчилж байна. Тоног төхөөрөмжүүд улам л жижгэрч өдрөөс өдөрт хүчирхэг болж байна. Робот техник, нано болон биотехнологи, хиймэл оюун, тархсан бүртгэл, сенсорын технологи, 5G сүлжээ зэрэг үндсэн нээлтүүд хийгдэж байна. 3D принтер буюу аддитив үйлдвэрлэлийн арга зэвсэг, техникийн загвар, сэлбэг хийхэд ашиглагдаж байна. Хиймэл оюуны боломж үнэлж баршгүй үүрэгтэй боллоо. Хүмүүс шинэ технологийг түргэн эзэмшиж байна: төрийн албан хаагчид, ажилчид, үйлчлүүлэгчид, гэмт хэрэгтнүүд ч. (Callinan 2019, 44).
Хосолмол дайн, түүнийг зорилтыг хэрэгжүүлэхэд технологийн өргөн цар хүрээ ашиглагдах болж байна. Цаашдын хөгжил дэвшил, хиймэл оюуныг ердийн зэвсэглэлтэй холбох, байлдааны талбарыг роботжуулах үйл явц огцом нэмэгдэнэ.
Бид ирээдүйг хэрхэн бодитоор хол харж чадах вэ? Бид ирээдүйг хэрхэн хол харах ёстой вэ? Мэдээж, шинэ чиг хандлагын судалгаа, дэвшилтэт технологиуд хоорондоо салшгүй холбоотой. Энэ огцом өөрчлөлтийн үед ойрын ирээдүйд болох гэж буй зүйлд анхаарлыг төвлөрүүлэх ёстой болж байна. Үүний тулд бодлогын дараах чиглэлүүдийг тодорхой болгох хэрэгтэй байна. Үүнд:
Үсрэнгүй технологийн хөгжил хаагуур хэр хурдан явагдах бол?
Энэ хөгжил дэвшлийг хөдөлгөгч хүч нь хэн бэ, хэний ашиг сонирхлоор явагдаж байна вэ?
Түүний стратегийн болон цэрэг дайны хэрэглээ нь ямар байх вэ?
Ямар төрлийн хүчин чадавх хэрэгтэй болох, түүнийг хэрхэн эзэмших, хэрхэн санхүүжүүлэх вэ?
Сургалт, боловсролын ямар төрөл шаардагдах вэ?
Цэргийн удирдлага, хяналтын мөн чанарт яаж нөлөөлөх вэ?
Эдгээр үсрэнгүй технологиуд бидний ардчилсан системд улс төр, ёс суртахууны ямар нөлөө үзүүлэх вэ?
Зэвсэгт хүчинд тавих улс төрийн болон парламентын хяналт, олон улсын эрх зүй, хиймэл оюуныг хүн хянаж чадах хязгаар зэрэгт хэрхэн нөлөөлөх вэ? гэх мэт
НАТО болон Европ салаа зам дээр зогсож байна. Хосолмол дайн НАТО болон ЕХ-ны гишүүн болон хөрш орнуудад заналхийлж байна. Хосолмол дайн биднээс эмзэг байдлаа хамгаалах, иж бүрэн хандлага ашиглаж завсрын сул бүсүүдэд ажиллагаа явуулах чадамжийг шаардаж байна. Ийм хосолмол дайралт юуны өмнө цэргийн бус салбаруудад чиглэгдэх тул түүнийг сөрөн зогсохын тулд төрийн удирдлагаас өндөр мэдлэг чадвар, иргэдийг бэлдсэн байдал, үр дүнтэй эрх зүйн цар хүрээ үнэлж баршгүй ач холбогдолтой юм. Хосолмол заналхийлэл нь энх тайван, хөгжил цэцэглэлт, нийгмийн эв нэгдэл, аюулгүй байдлыг эрсдэлд оруулдаг тул хариу арга хэмжээ авахын тулд төр, нийгмийн бүх хүч чармайлтыг дайчилж, олон улсын хамтын ажиллагаа, зохицуулалтыг оролцуулсан байх ёстой. Дотоод болон гадаад аюулгүй байдлын зааг ялгаа бүдгэрч байна. НАТО болон ЕХ-ны гишүүн орнуудын хувьд урьдчилан сэргийлэх нийтлэг болон иж бүрэн үнэлгээ хийх, хосолмол дайн ба холбогдох стратегиудыг судалж ойлгох нь тэдгээрийн батлан хамгаалах, хариу арга хэмжээ авах цогц ажиллагааны урьтал болох ёстой.
Ард иргэд, нийгэм, аюулгүй байдал, батлан хамгаалахад эерэгээр нөлөөлөхүйц байхаар технологийн хувьсгалыг удирдан хөтлөх ёстой юм.
Технологийн энэхүү хувьсгалыг НАТО ба ЕХ-ны гишүүн орнуудын суурь үнэт зүйлсэд нийцүүлэн зохистойгоор удирдан чиглүүлж, цэрэг техникийн болон байлдааны ажиллагаанд хэрэглэх шаардлагатай болж байна. Энд гурван чиглэлийг анхаарах ёстой.
Үзэл баримтлалын чиглэл. Шинэ технологиуд улс төр ба нийгэм, эдийн засаг ба аж үйлдвэр, хөгжил дэвшил ба ардчилал, аюулгүй байдал ба батлан хамгаалах зэрэгт сорилт учруулж байгаа тул хосолмол дайны түрэмгийллийг амжилттай сөрөн зогсох, түүнтэй тэмцэх чадвартай байхад хүрэлцэхүйц стратеги, номлол, тодорхой санал, санаачилгууд бүхий үзэл баримтлалыг бий болгох ёстой. Хосолмол дайралтыг сөрөх чадварыг нэмэгдүүлж, идэвхтэй цогц ажиллагаанд чиглэгдсэн байх ёстой. Аливаа улс орон, байгууллага учирч буй хосолмол заналхийлэл/дайны талаар бүрэн дүүрэн ойлголт, мэдээлэлтэй болж, өөрийн сул талуудыг сайн мэдэж байх шаардлагатай (Hagelstam 2018). Хосолмол заналхийлэл/дайныг сөрөн зогсохын тулд нэгдмэл ойлголттой болж байж л нэгдмэл хандлагатай болж чадна.
Технологийн чиглэл. Технологийн хувьсгалын боломжийг бодит техникийн түвшинд ашиглах шаардлагатай, харин ашиглахгүй байх нь аюултай. Гэвч шинэ технологи нэвтрүүлж ашиглахад бодлого, удирдлага, байгууллага, хүний нөөц, боловсрол, сургалт, эд материал, байгууламжийн түвшинд үлэмж бэрхшээлтэй тулгардаг учраас үүнийг л даван туулах шаардлагатай. Сүүлийн үеийн инновациуд шинэ боломжийг бий болгох эсхүл зөрчлийг улам даамжруулж болох тул хөгжил дэвшлийг дэмжихээс гадна сөргөлдөөнийг нэмэгдүүлж ч болох юм. Ийм ч учраас ард иргэд, нийгэм, аюулгүй байдал, батлан хамгаалахад эерэгээр нөлөөлөхүйц байхаар технологийн хувьсгалыг удирдан хөтлөх ёстой юм (APA 2019). Технологийн хувьсгалын цэрэг дайны болон иргэний боломжуудыг хамтатган хослуулж чадваас тулгарч болох аюулгүй байдлын сорилтуудыг урьдчилан харах боломжтой болно.
Зохион байгуулалтын чиглэл. Технологийн хувьсгал урагшлах тусам Европт инновацийг удирдан чиглүүлэх, хурдасгах шаардлага бүтэц, зохион байгуулалтын хувьд гарч ирж байна. Инновацийг хурдасгахын тулд хүний нөөц, санхүүд хөрөнгө оруулахаас гадна судалгаанд анхаарлыг төвлөрүүлэх шаардлагатай. Үүнд:
· Хосолмол заналхийлэл тулгарахад зохих хариу арга хэмжээ авч чадахуйц байхын тулд нөхцөл байдлын урьдчилсан үнэлгээг сайжруулах чиглэлд өөрийн чадавхыг нэмэгдүүлэх.
· Сөргөлдөөний бүх үе шатанд цогц арга хэмжээ авах боломжийг үндэсний болон олон улсын бүх хүч хэрэгслийг ашиглан бүрдүүлэх суурийг тавихын тулд C4I (бүхнийг хянах) дэд бүтцийг бүрдүүлэх.
· Хосолмол ажиллагааг илрүүлэхийн тулд цаг үеийн дүн шинжилгээ, хэвийн бус байдлыг илрүүлэх.
· Сүлжээгээр үүсгэсэн давамгайлах чадавхыг (SNEC)9 ашиглахын тулд аюулгүй байдал, батлан хамгаалах хамтын ажиллагааны харилцаа, холбоогоо хөгжүүлэх.
· Хосолмол дайн болон шинэ технологи аль аль нь НАТО, ЕХ-д заналхийлж байна.
· Үүнийг сөрөн зогсохын тулд шийдвэртэй, цогц, хамтын ажиллагаанд тулгуурласан хандлага хэрэгтэй байна (Schmid 2019b).Нээлттэй ардчилсан нийгэмд стратегийн сонор сэрэмж дутагддаг тул хосолмол дайны арга хэрэгсэлд өртөхүйц эмзэг байна.
1 Dr. Johann Schmid, Director COI Strategy and Defence, European Centre of Excellence for Countering Hybrid Threats
2 Dr. Ralph Thiele, Chairman Political-Military Society, President EuroDefense (Germany), CEO StratByrd Consulting, Director of the Institute for Strategic, Political, Security and Economic Consultancy (ISPSW)
3 System of System
4 Цэрэг дайны хувьсгал, мөн цэрэг-техникийн хувьсгал гэдэг (revolutions in military affairs). Энэ зохиогчдын өөрсдийн гаргасан ангилал. Энэ талаарх судалгаа, судлаачдын байр суурь зөрүүтэй байдаг бөгөөд 16,17-р зууны үеэс галт зэвсэг хэрэглэснээр эхэлсэн гэж Робертс үздэг. ЗХУ-ын ЗХЖШ дарга асан маршал Николай Огарковын цэрэг-техникийн хувьсгалын номлолтой холбож улмаар энэ нь Хүйтэн дайны дараах АНУ-ын цэрэг армийн шинэчлэлтэй холбон судлагдаж байна. Сүүлийн технологид тулгуурласан үзэл санааг адмирал Уильям Оуэн санал болгосон байдаг-(Орч).
5 Command, Control, Communications, Computer technology, Intelligence (C4I)
6 Anti-Access/ Area Denial (A2/AD)