Олон улсын болон Монголын ахмадын өдөр, ТЕГ-ын ахмадын байгууллагын 50 жилийн ойг тохиолдуулан 10 дугаар сарын 1-ний өдөр Тагнуулын ерөнхий газрын удирдлага ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр тагнуулын байгууллагад он удаан жил, үр бүтээлтэй ажиллаж хойч үедээ үлгэр дуурайл болж буй гавьяаг нь үнэлж зарим ахмад ажилтанд төрийн одон медаль, байгууллагын шагнал гардуулж эрүүл энх, сайн сайхныг хүслээ.
Дашрамд дурдахад энэ онд Тагнуулын ерөнхий газрын ахмадын холбоо үүсэн байгуулагдсаны 50 жилийн ой тохиож байгаагаар онцлогтой. Анх НАХЯ-ны Намын хорооны товчооны 1970 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хурлаар ахмад алба хаагчдынхаа талаар авч хэлэлцэн, тогтоол гаргаж Намын хорооны дэргэд “Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтний зөвлөл” байгуулснаар тагнуулын байгууллагын ахмадын холбооны суурь тавигдаж, 50 жилийн турш үйл ажиллагаа явуулжээ.