Тагнуулын ерөнхий газрын хамт олон Халдварт өвчин судлалын үндэсний төвд шинэ төрлийн корона вирустэй тэмцэхэд шаардлагатай эмнэлэгийн хэрэгсэл хандивласныг Тагнуулын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Энхсүх 2020 оны 5-р сарын 15-ны өдөр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүд гардуулан өгч, тус төвийн хамт олонд ажлын амжилт хүслээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагаанд төрийн байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой байгааг онцолж, нийтэд төдийлөн мэдэгддэггүй ч өөрийн чиг үүргийн хүрээнд нягт хамтран ажиллаж буй тагнуулын байгууллагын хамт олонд талархал илэрхийлье” гэв. Түүнчлэн цар тахал дуустал сонор сэрэмжээ алдахгүй, өндөр хариуцлагатай ажиллах шаардлагатай гэжээ.
Тагнуулын байгууллага нь Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос цар тахалтай тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх, төр засгийн удирдлага, УОК-ын шуурхай штаб, ЭМЯ, ГХЯ, ХӨСҮТ гэх мэт мэргэжлийн байгууллагыг шуурхай мэдээ, мэдээллээр хангах, хилийн чанадаас ирж буй зорчигчийн мэдээлэл, асуумжийг нягтлан шалгах, халдвар илэрсэн иргэдийн хавьтлыг тогтоох судалгааг хийж холбогдох байгууллагыг мэдээллээр хангах зэргээр үндэсний аюулгүй байдалд ноцтой хор уршиг учруулж болзошгүй аливаа үйл ажиллагааг илрүүлж, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна.