92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
ШИНЭ КОРОНАВИРУС (COVID-19)-Т ХАЛДВАРТАЙ ХОЛБООТОЙ ОЛОН УЛСЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ

Коронавирусний эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөний улмаас ажилгүй болсон гадаадын иргэд өөрийн улс руу мөнгө гуйвуулах боломжгүй болж байгаа нь хөгжингүй орнуудын эдийн засагт хүндрэл үзүүлэх нь тодорхой болоод байна. Тухайлбал, Мексик Улсын Ерөнхийлөгч Андрэс Мануэл Лопез АНУ-д ажиллаж амьдарч буй иргэдээсээ мөнгөн гүйлгээгээ зогсоолгүй, үргэлжлүүлэхийг хүссэн бөгөөд нөхцөл байдал хүндэрч байгаа энэ үед өөрийн гэр бүлээ ч гэсэн мартахгүй байхыг уриалаад байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп 04 дүгээр сарын 14-ний өдөр (орон нутгийн цагаар) Цагаан ордонд хийсэн хэвлэлийн хурлын үеэр ДЭМБ нөхцөл байдлыг зөв үнэлж чадаагүй, цар тахлыг таслан зогсооход хангалтгүй ажилласан, цар тахал гэж зарлалгүй хугацаа алдсан, БНХАУ-аас үнэн бодит мэдээлэл өгөхийг шаардаагүй тул тус байгууллагад олгодог санхүүжилтээ зогсоох болсноо зарлав. АНУ жилд тус байгууллагад 400-500 сая ам.долларын санхүүжилт хийдэг бол БНХАУ 40 сая ам.доллар олгодог байна. Түүний мэдэгдэл дэлхий дахинд үүсээд буй нөхцөл байдалд ДЭМБ, БНХАУ-ыг буруутгасан хандлага давамгайлжээ. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Эрүүл мэндийн нийгэмлэгээс цар тахлын энэ үед ДЭМБ-ын санхүүжилтыг зогсоох нь маш аюултай хэмээн мэдэгдээд байна.

АНУ-д “Covid-19” цар тахлын тархалтыг намжаах үүднээс улс даяар онц байдал зарласнаар хүн амын 90 гаруй хувь буюу 300 гаруй сая иргэн хөл хорионд байна. Үүний улмаас тус улсад ажилгүйдлийн түвшин огцом нэмэгдэж, 16 сая гаруй иргэн ажилгүйдлийн тэтгэмжид бүртгүүлээд байна. Хувийн аж ахуйн нэгжүүдийн зүгээс Цагаан ордонд үзүүлэх шахалт нэмэгдэж байна.

Цар тахалтай тэмцэх Цагаан ордны ажлын хэсгийн гишүүн Энтони Фаучи тэргүүтэй хүмүүс хөл хорионы дэглэмийг эрт цуцалбал тархалтын дараагийн давалгаа үүсч болзошгүйг анхааруулсаар байна. АНУ-ын Харвардын Их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн эпидемиологич Чан “Science” сэтгүүлд хэвлүүлсэн нийтлэлд “Covid-19”-ийн эсрэг вакцин, үр дүнтэй эмчилгээ гараагүй байгаа тохиолдолд 2022 оны 05 сар хүртэл иргэд хоорондоо зай барих шаардлагатай гэжээ. АНУ-ын Засаг захиргаа, Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв (CDC)-өөс АНУ-ын иргэдийг гадуур гарахдаа энгийн даавуугаар хийсэн амны хаалт, алчуур, ороолт зүүснээр “Covid-19” халдвар тархах эрсдэлийг бууруулах үр дүнтэй хэмээн зөвлөсөн бөгөөд зарим мужид хүнсний дэлгүүр зэрэг олон нийтийн газраар орохдоо амны хаалт заавал зүүх шаардлага тавьж эхлээд байна. Үүнтэй зэрэгцэн алчуур, амны хаалт зүүсэн ази, африк гаралтай хүмүүсийг гадуурхах явдал гарч байгааг “Вашингтон Пост” сонинд тэмдэглэсэн байна.

АНУ-ын Холбооны мөрдөх товчоо, Дотоод аюулгүй байдлыг хамгаалах газар, Үндэсний терроризмтой тэмцэх төв зэрэг байгууллагаас хэт даврагчид коронавирусний халдварыг далимдуулан хүчирхийлэл, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, Засгийн газрын эсрэг явуулгыг идэвхжүүлж байна хэмээн сэрэмжлүүлэв.

Евро бүсийн 19 орны Сангийн сайд нар 04 дүгээр сарын 09-ний өдөр хуралдаж Европын Холбооны эдийн засгийг идэвхжүүлэх, дэмжихэд зориулж 547 тэрбум ам.долларыг гаргахаар санал нэгдээд байсан. Уг төсвийг Европын хөрөнгө оруулалтын банкаар дамжуулан жижиг, дунд бизнес эрхлэгчдэд тусламж, хөдөлмөр эрхлэгчдэд зориулсан богино хугацааны ажлын байрны хөтөлбөр болон Европын тогтвортой байдлын механизмаар дамжуулан цар тахалд нэрвэгдсэн улсуудад зээл олгох гэсэн 2 чиглэлээр зарцуулахаар болсон байна. 

БНФУ-ын ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн ерөнхий газрын дарга Жером Саломоны хэлснээр “Ирээдүйн талаар таамаг дэвшүүлэх нь энэ цаг үед зохисгүй бөгөөд эрт байна. Эрүүл мэндийн байгууллагын ачаалал маш өндөр хэвээр байна” гэлээ. Тус улсын Ерөнхийлөгч Э.Макрон 05 дугаар сарын 11 гэхэд коронавирусний шинж тэмдэг илэрсэн хүн бүрийг оношлох боломжтой болох учир хөл хориог мөн өдрийг хүртэл сунгаж буйгаа мэдэгдэв.

ХБНГУ-ны эрдэмтэд, хөл хориог 04 дүгээр сарын 19-нөөс эхлэн сулруулах нь зүйтэй гэж үзэж байна. Тэд, зарим сургуулиудын үйл ажиллагааг эхлүүлж, ингэхдээ ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийн журмыг ягштал баримтлах, дэлгүүр, рестораны ажиллагааг хэвийн горимд шилжүүлж, иргэд хоорондын зайг мөрдөх, амны хаалт хэрэглэх шаардлага тавих зэргийг Засгийн газартаа санал болгожээ.

ИБУИНВУ-д тогтоосон хөл хориог сунгах эсэх талаар Засгийн газар болон шинжлэх ухааны зөвлөлийн төлөөлөл 04 дүгээр сарын 16-нд хэлэлцэх төлөвтэй байна. Ерөнхий сайд Б.Жонсоны ажлыг түр орлож байгаа Д.Рааб, халдварын 2 дахь давлагааны эрсдэл байгаа учир хөл хориог сулруулах цаг нь болоогүй гэж мэдэгдэв.

Итали Улсад хөл хориог 05 дугаар сарын 03 хүртэл сунгаж, номын дэлгүүр, угаалгын газрууд иргэд хоорондын зайг чанд мөрдөж ажиллахыг зөвшөөрөв.

БНТУ-д цусны сийвэнгийн эмчилгээнд орсон өвчтнүүдэд эерэг үр дүн гарч байна. Тус улсад халдварын тохиолдол анх 03 дугаар сарын 11-нд бүртгэгдэж, мөн сарын 26-нд анхны өвчтөн эдгэрснээс 14 хоногийн дараа цусны сийвэнгийн эмчилгээний туршилтыг эхлүүлсэн нь амжилттай болжээ. Цаашид цусаа хандивлах эдгэрсэн өвчтөнүүдийн тоо нэмэгдэнэ хэмээн үзэж байна. Эдгэрсэн өвчтнөөс 7 хоногт нэг удаад 400 мл цусыг 6 долоо хоногийн турш авах бөгөөд энэ нь вирусний халдвартай 6 өвчтний амийг аврах аж.

БНЭУ-д эмнэлгийн ажилтнуудад хамгаалалтын хувцас хэрэгсэл дутагдаж, борооны цув, мотоциклын малгай зэрэг боломжит бүхий л зүйлсийг ашиглаж байна. Өвчний тохиолдол эхэндээ томоохон хотуудад бүртгэгдэж байсан бол сүүлийн үед жижиг суурин, тосгонд гарах болсон нь тархалт өндөр байгааг харуулж байна.

БНКазУ-д гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийн тогтвортой байдалд хяналт тавих, хөл хорионд байгаа ч гэрээсээ ажиллах боломжгүй иргэдэд сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин олгох, эрүүл мэндийн болон цагдаагийн байгууллагын ажилтнуудад нэмэлт урамшуулал олгох, иргэд хүсэлт гаргасан тохиолдолд зээл төлөлтийн хугацааг ямар нэг шимтгэлгүйгээр хойшлуулах, бага насны мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй хүмүүст гол нэрийн бүтээгдэхүүнийг үнэгүй олгох зэрэг арга хэмжээ хэрэгжиж байна.

Тус улс 03 дугаар сарын 15-ны өдрөөс онц байдалд байгаа бөгөөд тээврийн хэрэгслийн болон хүмүүсийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлан, 65-аас дээш насны иргэдийг хүндэтгэх шалтгаангүйгээр гэрээс гарах, 18 хүртэлх насны иргэдийг насанд хүрэгчдийн хяналтгүйгээр гадуур явахыг хориглоод байна.

ОХУ-д халдварын нөхцөл байдал хүндэрвэл эмч, эмнэлгийн ажилтан, хамгаалах хэрэгсэл, өвчтөн хүлээн авах ор, уушгины аппарат, тест, эм тарианы дутагдалд орж болзошгүй байгаа бөгөөд эмчилгээний өртөг хэт өндөр байгаа нь тулгамдсан асуудал болж байна. Ерөнхийлөгч В.Путин эмнэлгийн ординатор эмч буюу удирдлага, их дээд сургуулийн багш оюутнуудад хандаж “Covid-19”-ийн халдвар авсан иргэдийн эмчилгээнд оролцохыг уриалсан байна.

ОХУ-ын мэдээлэл, технологийн газраас “социологийн мониторинг”-ийн программ зохион бүтээж, вирусний халдвар авсан иргэдийн гар утсанд суулгах замаар газар зүйн байршлыг нь тогтоож, хөдөлгөөнд хяналт тавьж эхлэв. Хэрэв иргэд уг программыг устгах эсвэл хөл хорионы дэглэм зөрчвөл эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно хэмээн тус газрын дарга Э.Лысенко мэдэгдсэн байна.

Тус улсын Анагаах ухаан биологийн холбооны агентлагийн дарга В.Скворцова ОХУ-д “Covid-19” халдварын тархалт 2020 оны 06 дугаар сар болтол үргэлжилж болзошгүй хэмээн мэдэгдэв. Мэргэжилтнүүдийн гаргасан тооцоогоор хөл хорионы дэглэм, мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг сайтар сахиж чадвал өвчний тархалт 06 дугаар сараас буурах бөгөөд эс чадвал намар хүртэл үргэлжлэхээр байна. Мөн өвчний дараагийн дэгдэлт аливаа вирус хүний биеийн хэмд өөрийгөө тохируулдаг улирал буюу 10-11 дүгээр сард дахин гарч болзошгүй гэсэн болгоомжлол байгаа аж.

ОХУ-ын “Роспотребнадзор” агентлагийн дарга Анна Поповагийн мэдэгдсэнээр тус улсад халдвар авсан иргэдийн 30 гаруй хувьд нь ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байна. Гуравдугаар сарын эхээр энэ тоо 10 орчим хувьтай байсан бол сүүлийн үед илэрч буй тохиолдлууд шинж тэмдэггүй байгаа аж. Иймд иргэдийг гэрээсээ гарахгүй байж, өөрийгөө тусгаарлаж, бусдад халдвар тараахгүй байх шаардлагатайг онцолсон байна.

Москва хотын Захирагч С.Собянин коронавирусний тархалтыг удаашруулах зорилгоор 04 дүгээр сарын 13-19-ний өдрүүдэд иргэдийн амьдралд нэн чухал ач холбогдолгүй барилга, засвар үйлчилгээ, автомашин түрээс зэрэг бизнесийн салбарын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргаж, нэмэлт хөл хорио тогтоолоо. Москва хотын эрүүл мэндийн газраас тус хотод эмнэлгийн орны хомсдолд орж болзошгүй байна хэмээн анхааруулсан тул нэмэлтээр 24 эмнэлгийг бэлтгэж, нийт орыг 21,000-д хүргэхээр ажиллаж байна.

Дотоодын үйлдвэрлэлийн будаа, гурил, сонгино, сармис зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг 04 дүгээр сарын 12-ноос 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл экспортлохыг хориглосон шийдвэр гаргаад байна. Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын (ОХУ, Армен, Беларус, БНКазУ, БНКирУ) хүн амыг цар тахлын үед хоол хүнсээр хангах зорилгоор экспортын бүтээгдэхүүнд хориг тавих болсон байна.

БНХАУ-ын Бээжин хотын дунд, ахлах сургуулийн гуравдугаар ангийн сурагчдын хичээлийг 04 дүгээр сарын 27-ны өдрөөс, бага сургуулийн гуравдугаар ангийн сурагчдын хичээлийг 05 дугаар сарын 11-ний өдрөөс эхлүүлэхээр болжээ. Харин Шанхай хотын захиргаа дунд, ахлах сургуулийн төгсөх анги болон коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн хичээлийг 04 дүгээр сарын 27-ны өдрөөс, дунд, ахлах сургуулийн төгсөх ангиас бусад ангиуд мөн бага сургуулийн хичээлийг 05 дугаар сарын 06-наас эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Ингэхдээ халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээ, журмыг хатуу мөрдлөг болгон ажиллахыг хотын Боловсролын хорооноос үүрэг болгов.

Ухань хотын хөл хорионы дэглэм цуцлагдсан хэдий ч “Covid-19”-ийн халдвар дахин гарахаас сэргийлэн Хубэй муж даяар халдвараас урьдчилан сэргийлэх дэглэмийг чанд мөрдөн хэрэгжүүлж байна. Тус мужид томоохон зах, худалдааны төвүүд нээгдээгүй, сургууль цэцэрлэг, коллежийн хичээл эхлээгүй хэвээр байна. Мөн иргэдийг амны хаалт тогтмол зүүх хэрэгтэйг анхааруулж, орон сууцны хорооллоос гарч, орж буй иргэдийн биеийн байцаалтыг шалган, халууныг байнга хэмжиж байна.

БНХАУ “Covid-19”-тэй тэмцэх, урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, шаардлагыг зөрчсөн гадаадын иргэдийн визийг цуцлах, заасан хугацаанд өөрийн нутгаас гарахыг шаардах, эсвэл албадан гаргаж 1-10 жилийн хугацаанд тус улсад дахин нэвтрэх эрхийг нь хасах зэрэг арга хэмжээ авахаар болов.

ОХУ-тай хиллэдэг Хөх мөрөн мужийн хилийн боомтоор Оросоос ирж буй иргэдийн дунд “Covid-19” халдварын тохиолдол их байгаа тул тус мужийн Сүйфэньхө болон Мүданьжян хотод түр эмнэлэг нээж уг өвчнөөр өвдсөн мөн халдварын шинж тэмдэггүй тохиолдлуудыг тусгаарлан эмчлэхээр болсон байна. Мөн Мүданьжян хотод 4200 зочид буудлын өрөөг иргэдийг тусгаарлахад зориулан бэлдээд байгаа аж.

БНХАУ-ын Худалдааны яам 04 дүгээр сарын 14-ний өдөр халдварын эсрэг бүтээгдэхүүний экспортыг хянах явцад зарим аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүн чанарын шаардлага хангахгүй, тус улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлж буй талаар мэдэгдэн, эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл үйлдвэрлэгч “Бээжингийн Дичи Блокчейн Технологийн Хөгжил” ХХК, “Айбаода Технологи” ХХК-ийн экспортыг зогсоосон байна.

 

ОЛОН УЛСЫН ЭРДЭМТДИЙН СУДАЛГАА, ДҮГНЭЛТ

 

Дэлхийн 120 гаруй улсын шинжлэх ухааны мэргэжилтэн, эмч, эмнэлгийн үйлдвэр, эмнэлзүйн салбарын мэргэжилтнүүд ДЭМБ-ын зохицуулалт дор “Covid-19” өвчний эсрэг вакцин гаргахаар судалж байгаа бөгөөд одоогоор шинэ төрлийн коронавирусний эсрэг 70 вакцин хөгжүүлж байгаа аж.

Сүүлийн үед “Covid-19”-ийн халдвар авсан иргэдийн биеийн янз бүрийн хэсэгт загатнах шинж тэмдэг илрэх болсон тухай мэдээлж байна. Энэ талаар доктор Даниел Гриффин “New York Post” сонинд өгсөн ярилцлагадаа хүмүүсийн арьс загатнах, халуу оргих зэрэг шинж тэмдэг нь коронавирус мэдрэлийн системд нөлөөлж байгаагаас үүдэлтэй биеийн дархлааны хариу үйлдэл байх магадлалтай гэжээ.

АНУ-ын “Коронавирустэй тэмцэх шуурхай штаб”-аас 04 дүгээр сарын 09-ны өдөр шинжилгээнд хамруулсан нийт иргэдийн дунд хийсэн судалгааг танилцуулав. Үүнд, 25-аас доош насны хүмүүсийн 11 хувь, 25-45 насны хүмүүсийн 17 хувь, 65-85 насны хүмүүсийн 22 хувь, 85-аас дээш насны хүмүүсийн 24 хувь коронавирусний халдвар авсан байна. Түүнчлэн шинжилгээнд хамрагдсан нийт эмэгтэйчүүдийн 16 хувь, эрэгтэйчүүдийн 23 хувьд коронавирус илэрчээ. Үүнтэй ижил үр дүн өмнө нь БНХАУ, БНИУ зэрэг улсад хийсэн шинжилгээгээр гарч байсан.

“Майкрософт” компанийн үүсгэн байгуулагч Билл Гейтс өөрийн сангаас коронавирусний эсрэг вакцин, эм хөгжүүлэлтийг санхүүжүүлж байна. Тэрээр хөгжүүлэлтийн шатанд явж байгаа 10 вакцин “ихээхэн найдвар төрүүлж байгаа” гэсэн бөгөөд эдгээрийн нэг “Moderna-NIAID” вакциныг 03 дугаар сарын 16-наас эхэлж хүн дээр туршилт хийж эхэлсэн бол үлдсэн 9-ийг энэ сард багтааж клиник туршилтад оруулна хэмээн мэдэгдэв. Хэдий хурдан хөгжүүлэлт хийсэн ч үр дүнтэй вакцин 2021 оны 09 дүгээр сараас өмнө гарахгүй гэдгийг онцолсон байна.

Тус улсын судлаачид агаарын бохирдол халдвар авах, халдвар авсан хүн нас барах магадлалыг 15 хувиар нэмэгдүүлж, халдвар авсан хүн агаарын бохирдол ихтэй газар 15-20 дахин хурдан бие нь муудаж байгаа талаарх судалгааны дүнг танилцуулав.

БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод шинэ төрлийн коронавирусний халдвар дэгдэх үед халдвартай нэг хүн дахин 5,7 хүнд халдвар тарааж байсан гэх тооцоог АНУ-ын эрдэмтэд гаргасан байна. Өмнө нь судлаачид Ухань хотын халдварын үед 1 халдвар тээгч 2-3 хүнийг халдварлуулж байсан гэх тооцоо гаргаж байсан.

БНФУ-ын эрдэмтдийн хийсэн туршилтаар шинэ төрлийн коронавирусний зарим төрөл нь целсийн 60 хэмд олшрон, халдварлах чадвартай хэвээр байгааг тогтоосон байна. Иймд судлаачид шинэ төрлийн коронавирустэй харьцан ажиллаж буй лабораторийн багаж, хэрэгсэл, эд зүйлсийг цельсийн 92 хэмд 15 минут байлгаж ариутгах нь зүйтэй хэмээн зөвлөв.

Австрали, Тайванийн судлаачид БНЭУ-д илэрсэн шинэ төрлийн коронавирусний өргөсний уургийн бүтцэд өөрчлөлт орсныг илрүүлсэн байна. Тайванийн Чанхуа Их сургуулийн судлаач Вэй Лунван, энэхүү судалгааны үр дүн нь шинэ төрлийн коронавирусний эсрэг вакцин гаргаж авах ажлыг удаашруулахад хүргэж болзошгүй хэмээн санаа зовж буйгаа илэрхийлжээ.

Японы мэргэжилтнүүд ХДХВ/ДОХ-ын эсрэг эмчилгээнд ашигладаг “Нелфинавир” эм нь шинэ төрлийн коронавирусний үржлийг зогсоодог болохыг урьдчилсан байдлаар тогтоожээ. Түүнчлэн Оксфордын их сургуулийн эрдэмтдийн баг 09 дүгээр сар гэхэд “Covid-19”-ийн эсрэг вакцин гаргаж авахаар ажиллаж байгаа бөгөөд хүн дээр хийх туршилтаа 2 долоо хоногийн дотор эхлүүлэх аж. Оксфордын их сургуулийн профессор С.Гилберт тус багийн амжилтад 80 хувь итгэлтэй байна гэв.

Түүнчлэн Шанхай болон Нью-Йорк хотын эрдэмтдийн тус тусдаа хийсэн судалгаагаар шинэ төрлийн коронавирус нь ХДХВ/ДОХ-той адил хүний дархлааны тогтолцооны гол эс “Т-лимфоцит”-ыг хамгийн түрүүнд гэмтээдэг болохыг тогтоожээ. Хятадын ардын чөлөөлөх армийн Дархлаа судлалын институтийн судлаач Чэнь Юнвэнь 02 дугаар сард “Covid-19”-өөр өвдсөн хүний “Т-лимфоцит” маш ихээр унаж байгааг анхааруулж байсан юм.

БНХАУ-ын Засгийн газар “Covid-19”-ийн 3 вакциныг клиникийн туршилтад оруулахыг зөвшөөрсөн талаар тус улсын Шинжлэх ухаан, технологийн яамнаас 04 дүгээр сарын 14-нд мэдээлэв. БНХАУ-ын цэргийн шинжлэх ухааны академийн Цэргийн анагаах ухааны хүрээлэнгийн академич Чэнь Вэйгээр ахлуулсан баг эхний вакциныг нэгдүгээр шатны клиникийн туршилтыг 03 дугаар сард хийж дуусган, 2 дугаар шатны туршилтыг 04 дүгээр сарын 12-ноос эхлүүлсэн байна.

Уханийн вирус судлалын хүрээлэн болон Хятадын Үндэсний эмийн үйлдвэрлэлийн группын дор ажилладаг Уханийн биологийн бүтээгдэхүүний хүрээлэн болон Сайковак судалгаа хөгжүүлэлтийн компани /Sicovac R&D Co., Ltd.,/ тус бүртээ вакцин гарган туршилтад оруулах зөвшөөрлөө авчээ. Тус хотын тэргүүлэх зэргийн эмнэлгийн мэргэжилтэн, академич Цяо Жиэгийн хэлснээр коронавирус хүний ДНК-д хэрхэн нөлөөлдөг нь тодорхойгүй байгаа тул халдвар аваад эдгэрсэн иргэд нөхөн үржихүйн асуудлаа багаар бодоход 3-6 сараар хойшлуулах нь зүйтэй гэжээ.

Хонконгийн микро биологич Юэнь Квокюн өвчтөний уушгинаас авсан эсэд хийсэн туршилтын дүнд шинэ төрлийн коронавирус нь “SARS”-ийн вирустэй харьцуулахад 3 дахин их халдвар тараагч хэсгүүдийг үүсгэдэг болохыг тогтоожээ. Тодруулбал, уушгины эд дээр 48 цагийн дотор “SARS”-ийн вирусээс 3.2 дахин, зарим тохиолдолд 100 дахин олон шинэ төрлийн коронавирусний халдвар тараагч хэсгүүд бий болсон байжээ. Мөн лопинавир, ритонавир, интерферон бетаг хослуулсан эмчилгээ дархлааг дэмжихэд тустай болохыг баталгаажуулсан байна.

НИЙТЭЛСЭН: 2020-04-15 өдөр 16:39:4 цаг           ҮЗСЭН: 2347