92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
ОЛОН УЛСАД БОЛСОН ТАГНУУЛЫН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

УКРАИН УЛС:

Украины цэргийн пуужингийн талаар нууц мэдээлэл цуглуулж байсан хятадын тагнуулд 10 жил хорих ял оноожээ.

БНХАУ-ын иргэн Шу Юаньжэ Украин Улсын цэргийн пуужингийн талаар нууц мэдээлэл цуглуулж байгаад үйлдэл дээрээ тус улсын Сөрөх тагнуулын албаны ажилтнуудад баригджээ.

Тэрээр эрдэм шинжилгээний ажилтны халхавчаар Украйн Улсын эрдэмтдийг хятадын тагнуулын байгууллагатай нууцаар хамтран ажиллахад уруу татаж, цаашлаад мөнгө амлан, Украйны цэргийн пуужингийн үйлдвэрлэлтэй холбоотой төрийн нууцад хамаарах мэдээ, мэдээлэл олж авахыг оролджээ. Украины шүүхээс Шу Юаньжэд тагнуул хийсэн хэргээр 10 жил хорих ял оноосон тухай 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр тус улсын Аюулгүй байдлын зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдэгджээ.

                     Эх сурвалж: kp.ua

ОХУ:

ОХУ-д америкийн тагнуулыг баривчилжээ.

АНУ-ын цэргийн албан хаагч асан Пол Уилан 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ОХУ-ын иргэнээс төрийн нууцад хамаарах мэдээ, мэдээлэл агуулсан “зөөврийн USB диск” авах гэж байгаад Холбооны Аюулгүй Байдлын Албаны ажилтнуудад баригджээ. Уг зөөврийн USB дискэнд ОХУ-ын нэгэн тусгай албаны бие бүрэлдэхүүний нэрсийн жагсаалт байсан аж.

Москва хотын шүүхээс Пол Уиланд 20 жилийн ял оногдуулахаар төлөвлөж байгаа бөгөөд урьдчилан хорих хугацааг 2020 оны 3 дугаар сарын 29-ны өдөр хүртэл сунгасан.  

Эх сурвалж: ria.ru

БНХАУ:

Австри Улсын иргэнийг тагнуул хийсэн хэргээр БНХАУ-д баривчилжээ.

БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Гэн Шуан 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Бээжин хотын Улсыг Аюулаас Хамгаалах Хороо 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Австри улсын иргэн Яан Жүнийг тагнуул хийсэн хэргээр баривчилсан тухай мэдээлэв.

Тэрээр хэлэхдээ тус хэрэг нь мөрдөн байцаалтын шатанд явж байгааг онцлоод Яан Жүний эрүүл мэндийн байдал хэвийн, хууль ёсны эрхийг нь хамгаална. Мөн Австрийн талд Хятадын хууль ёсны эрх ашгийг хүндэлж, Хятадын талд ямар нэгэн аргаар нөлөөлөхийг оролдохгүй байхыг сануулав.

Эх сурвалж: baidu.com

 

СЕРБИ УЛС:

Серби Улс дахь ОХУ-ын дипломат ажилтныг тагнуул хийж байгааг нь илчилжээ.

 Серби Улсын Аюулгүй байдлын алба тус улсад үүрэг гүйцэтгэж байсан ОХУ-ын ЭСЯ-ны цэргийн атташегийн хэлтсийн дипломат ажилтан Георгий Клебаныг тагнуул хийж байхад нь баримтжуулжээ.

Тодруулбал, дээрх дипломат ажилтан нь Сербийн армийн өндөр албан тушаалтантай 10 гаруй удаа уулзалт хийж, 3 удаа мөнгө өгсөн байна. Тэдний уулзалтыг харуулсан дүрс бичлэгийг 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сербийн талаас цахим сүлжээнд тавьж олон нийтэд үзүүлсэн байна.

Эх сурвалж: interfax.ru

 

АНУ:

Хятадын тагнуул өөрийгөө илчиллээ.

АНУ-ын Тагнуулын Төв Газарт ажиллаж байсан Жерри Чун Хятадын тагнуулын байгууллагатай нууцаар хамтран ажиллаж байснаа хүлээн зөвшөөрчээ.

АНУ-ын ТТГ-т 1994-2007 он хүртэл ажиллаж байсан түүнийг төрийн нууцад хамаарах мэдээллийг Хятадын талд дамжуулж байсныг тогтоосон бөгөөд 2018 оны 1 дүгээр сард Жон Кеннедийн нэрэмжит нисэх буудлаас баривчилсан байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-д ажиллаж буй Хятадын туршуулын  сүлжээ хумигдаж байгааг Холбооны Мөрдөх Товчооны ажилтнуудад баригдаж, шүүхээс ял авсан хятадын 20 орчим туршуулаас харж болно хэмээсэн байна.

Эх сурвалж: Global news

 

АВСТРАЛИ УЛС:

Хятадын тагнуулч улс төрийн орогнол хүсчээ.

2019 оны 11 дүгээр сард өөрийгөө хятадын тагнуулч гэж зарласан Ван “Уиллиам” Лицян гэгч нь Австрали улсын Засгийн газраас улс төрийн орогнол хүсчээ.

Тэрээр Хятадын тагнуулын байгууллагын шугамаар Хонконг, Тайвань, Австрали улсад тагнуулын үйл ажиллагаа явуулж байснаа тайлагнасан 17 хуудас материалыг Австралийн талд хүлээлгэн өгсөн. Ван Лицян нь Хятадад буцаж очвол цаазын ял сонсохоос эмээж буйгаа өргөдөлдөө дурджээ. Түүнд улс төрийн орогнол олгох эсэх асуудалд Австралийн хууль тогтоогчид хоёр хуваагдаад байгаа аж.

Эх сурвалж: ria.ru

БОЛГАР УЛС:

ОХУ-ын ЭСЯ-ны 2 дипломат ажилтныг тагнуул хийсэн хэргээр тус улсаас албадан гаргажээ.

Софи хот дахь ОХУ-ын ЭСЯ-ны 2 дипломат ажилтныг тагнуул хийснийг тогтоосон боловч халдашгүй эрх ямба, дархан эрхтэй учраас ямар нэгэн шийтгэл оногдуулалгүй тус улсаас тааламжгүй этгээд /Persona non grata/ хэмээн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр албадан гаргажээ. Дипломат ажилтнууд нь тус улсын парламентын сонгууль болон эрчим хүчний аюулгүй байдлын талаар мэдээ, мэдээлэл цуглуулж байжээ.

Харин ОХУ-ын зүгээс дээрх арга хэмжээний хариу болгож Москва дахь Болгарын ЭСЯ-наас хоёр дипломат ажилтныг мөн адил хөөн гаргажээ.

Эх сурвалж: Apnews.com

 

АНУ:

АНУ-ын Холбооны Мөрдөх Товчооны Маяами хот дахь салбарын  ажилтнууд Мексик Улсын иргэнийг ОХУ-ын талд тагнуул хийсэн хэргээр баривчилжээ.

АНУ-ын Засгийн газрын нууц мэдээлэлтэй танилцах эрх бүхий албан тушаалтны гэрийн хаягийг нь тогтоох, биечлэн хяналт хийх, зураг авах болон бусад холбогдох мэдээ, мэдээллийг цуглуулах даалгаврыг ОХУ-ын тусгай албаны зүгээс Мексикийн иргэн Кабрерад өгдөг байсан нь тогтоогджээ.

2020 оны 2 дугаар сарын 16-ны өдөр ХМТ-ны мэдээлснээр Кабрераг нэр бүхий албан тушаалтныг дагаж байгаа болон автомашины зургийг дарж буй үйлдлийг нь хяналтыг камераар баримтжуулсан гэжээ. Харин Кабрерагийн өгсөн мэдүүлэгт “надад нэг орос хүн тухайн албан тушаалтны зургийг дараад өг гээд 20.000 ам.доллар өгсөн” хэмээжээ.

Маяами хотын Ерөнхий прокурорын зүгээс Кабрерагийн дээрх үйлдэлд 10 жил хорих ял оноохоор төлөвлөж байгаа аж.

Эх сурвалж: Apnews.com

 

НИЙТЭЛСЭН: 2020-04-14 өдөр 17:46:4 цаг           ҮЗСЭН: 1849