ЦАХИМ ХЭТЭВЧ АШИГЛАЯ
Агаар дуслын замаар дамжин халдварладаг COVID-19 вирус цаасан мөнгөөр дамжин халдварлах боломжтой юу?
Энэ нь онолын хувьд боломжтой ба бэлэн мөнгөний дэвсгэртэд олон төрлийн нян, микроб амьдарч байдаг. Эрүүл мэндийн дэлхийд нэр хүнд бүхий “The New England Journal of Medicine” сэтгүүлд 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр нийтлэгдсэн судалгаагаар халдварт вирус нь агаарт 3 цаг, хуванцар болон металл гадаргуу дээр хамгийн урт буюу 72 цаг харин картон цаасан гадаргуу дээр 24 цаг тэсвэртэй байдаг байна.
Шинэ коронавирусний хувьд ханиах, найтаах, эсвэл халдвар тээгчийн хүрсэн газар ойртож, вирусний тоосонцорыг нүд, хамар, амандаа хүргэж халдвар авч байна. Одоохондоо бэлэн мөнгөөр дамжин халдварласан тохиолдлыг тогтоох боломжгүй байгаа юм.
Улс орнууд коронавирусний тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор карт болон төлбөрийн системийг ашиглахыг уриалж байгаа ба АНУ бусад халдвартай улс орноос ялангуяа Ази, Европоос ирж буй цаасан мөнгөн дэвсгэртийг арав хоног тусгаарлах шийдвэр гаргасан бол Өмнөд Солонгос болон БНХАУ-д банкуудад бэлэн мөнгө тараахаас өмнө халдваргүйжүүлж, зөвхөн ариутгасан болон шинэ мөнгөн дэвсгэрт гаргахыг зөвшөөрнө гэж зарлав. Харин судлаачид Австралийн полимер мөнгөн дэвсгэртүүд дээр вирус амьдрах чадвартай эсэхийг хараахан тогтоогоогүй бөгөөд бэлэн мөнгөний гүйлгээнд хориг тавих талаар хэлэлцэж байна.
ДЭМБ-аас бэлэн мөнгөний талаар албан ёсны байр суурь илэрхийлээгүй байгаа ч тус байгууллагын төлөөлөгч Их Британийн Daily Telegraph сонинд “COVID-19 вирус нь хэд хоногийн турш цаасан мөнгөн дэвсгэрт дээр амьдрах чавартай, халдвар авах магадлалыг нэмэгдүүлэх эрсдэлтэй тул цахим төлбөрийн системийг ашиглах нь зүйтэй” хэмээсэн. Түүнчлэн бусад эрүүл мэндийн мэргэжилтнүүд ч мөн адил бизнес болон худалдаа эрхлэгчдэд бэлэн мөнгөний хэрэглээг багасгаж, дижитал банк ашиглахыг уриалж байна.
Монголын банк санхүүгийн байгууллагуудын зүгээс ч гэсэн энэ төрлийн уриалга гаргаад байгаа бөгөөд иргэдэд банкны үйлчилгээг онлайнаар, зардал багатай, шуурхай хүргэж, цахим хэтэвч буюу төлбөрийн карт, гар утаснаас гадна цахим мөнгө ашиглан төлбөр тооцоо хийх боломжуудаа сурталчилж байна. Үүний зэрэгцээ цахим гүйлгээний шимтгэлийг тодорхой хугацаанд бууруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлбэл иргэд цахим төлбөрийн системийг түлхүү ашиглах боломж бүрдэж, халдвар бэлэн мөнгөөр дамжих эрсдэл буурах боломжтой.