ТЕГ-ын Тусгай архиваас Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан тус архивын сан хөмрөгт хадгалагдаж буй Халх голын байлдааны талаарх 1939 онд Дотоод явдлын яаманд ирсэн болон явуулсан мэдээг түүвэрлэн эмхэтгэсэн “Дайны мэдээ” номыг хэвлэн гаргалаа.
Дотоод явдлын яам Халх голын байлдааны талаарх мэдээг 1935 оны Монгол-Манжуурын хэлэлцээнээс эхлэн авч, улмаар Дорнод хязгаарыг бэхжүүлэн, утсан холбоог байнгын ажиллагаатай болгож, заставууд хооронд морин өртөө байгуулсан нь фронтын нөхцөл байдлын мэдээ Дотоод явдлын яаманд тасралтгүй шуурхай ирэх нөхцөлийг бүрдүүлжээ.
Энэхүү бүтээл нь Халх голын байлдааны түүхийн судалгааг гүнзгийрүүлэхэд чухал түлхэц болох юм.