2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр БНХАУ-ын China Mobile, China Unicom, China telecom зэрэг төрийн өмчит оператар компаниуд хэрэглэгчиддээ 5G технологийн талаар танилцуулав. Одоогийн байдлаар Бээжин, Шанхай, Гуанжоу, Шэньжэн зэрэг 50 хотод 5G технологийг ашиглах боломжтой болсон байна.
5G-д суурилсан систем нь аль ч газраас аль ч цагт холбогдож болдог асар өндөр хурдны сүлжээ юм. Өөрөөр хэлбэл, хүний оролцоогүйгээр хиймэл оюун ухаанд суурилсан супер технологийн шийдэл гэж ойлгож болно. Хурдаас илүү хамгийн чухал асуудал нь системд агуулагдаж буй ямарваа нэг мэдээллийг 4G технологиос 10 дахин хурдтайгаар нэгээс нөгөөд дамжуулах чадвартай технологи юм. Харилцан илгээгдэж буй хувь хүн, байгууллага, эмчилгээний нууцлалтай холбоотой мэдээллүүд зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүй бусдад хулгайлагдах боломжтой гэсэн үг.
Шведийн Exxon, Финляндын Nokia, АНУ-Францын хамтарсан Alcatel групп болон БНХАУ-ын Хуавэй компаниуд энэхүү зах зээлд гол тоглогч болохоор өрсөлдөж байна.
АНУ-ын Засгийн газраас Хятадын Хуавэй компанийг тагнуулын мэдээ, мэдээлэл Засгийн газартаа дамжуулдаг хэмээн буруутгаж байна. 2017 онд батлагдсан БНХАУ-ын интернэт, сүлжээний аюулгүй байдлын шинэ хуулийн дагуу тус улсын төр, хувийн хэвшлийн бүхий л компани, аж ахуйн нэгжүүд техникийн дэмжлэг үзүүлэх байдлаар УАХЯ, НАХЯ-тай хамтран ажиллаж, мэдээлэл өгөх үүрэгтэй болсон байна.
Хуавэй компаний зүгээс өөрийн байгууллагыг төрийн өмчит бус хувийн компани хэмээн зөвтгөж буй боловч тус компаний хамгийн том хувьцаа эзэмшигч нь өнөөг хүртэл “нууц” хэвээр байсаар байна. Тус компанийг үндэслэгч Рэн Жэнвэй 1.47 хувийг эзэмшдэг бол үлдсэн хэсгийг үйлдвэрчний эвлэл эзэмшдэг гэсэн албан бус мэдээлэл байдаг. БНХАУ-д үйлдвэрчний эвлэлүүд Хятадын коммунист намын салбар нэгжид тооцогддог бөгөөд ямар ч болзолгүй эрх баригч намд үйлчлэх үүрэгтэй байдаг гэж шинжээчид үздэг.
Түүнчлэн БНХАУ-ын SOHU группын ТУЗ-ийн тэргүүн Жан Чао Ян 5G технологийн гар утас нь хүний биед нэн хортой цацраг туяа ялгаруулдаг хэмээн мэдэгдсэн зэрэг нь шинжээчдийн анхаарлыг татаж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Хуавэй зэрэг 5G технологид суурилсан 70 орчим охин компаниудыг үндэсний аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй хэмээн үзэж “Хар жагсаалт”-д оруулсан байна. Үүний зэрэгцээ Google компаний зүгээс Хуавэй компанитай хамтран ажиллах гэрээгээ цуцалсан байна.