92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
АНУ-БНХАУ-ЫН ХУДАЛДААНЫ ДАЙН

АНУ, БНХАУ хоорондын худалдааны дайны сүүлийн үеийн өрнөлөөс харахад худалдааны дайн гэхээсээ илүүтэйгээр технологийн дайн болж байна гэж үзэж болохоор байна. Ерөнхийлөгч Д.Трамп Бээжинг “гадаадын компаниудад эрх тэгш бус ханддаг, дэлхийн зах зээлийг гажуудуулах үйл ажиллагаа явуулдаг” гэж буруутгаж байгаа нь харилцаа холбоо болон технологийн салбарт АНУ-д давуу талыг бий болгох гол зорилготой гэж зарим судлаачид таамаглаж байна. БНХАУ-ын харилцаа холбооны салбарын тэргүүлэх компани болох “Huawei Technologies”-г АНУ-ын Засаг захиргаа саяхан хар жагсаалтанд оруулж, өөрийн улсад тус компанийн бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хориглоод байсан ч хоёр талын уулзалт, хэлэлцээрийн дараа хоригийг цуцалсан.

Ерөнхийлөгч Д.Трампын Засаг захиргаанаас дээрх компаниудыг хар жагсаалтанд оруулсан нь Америкийн нийлүүлэгчдээс хагас дамжуулагч зэрэг олон чухал сэлбэгийг худалдан авч, бүтээгдэхүүнээ нийлүүлдэг хятадын харилцаа холбооны компаниудыг хүнд байдалд оруулж байсан. АНУ-ын Худалдааны яам 2018 онд хятадын “ZTE” компанийн бүтээгдэхүүнийг АНУ-д хэрэглэхийг хориглосон нь тус компанийг санхүүгийн томоохон алдагдалд оруулж, БНХАУ-ын дарга Ши Жинпиний хувийн хүсэлтийн дагуу 1 тэрбум ам.долларын торгууль төлөх нөхцөлтэйгөөр “ZTE” компанийн АНУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх эрхийг Ерөнхийлөгч Д.Трамп сэргээж байсан. Харин АНУ-ын зүгээс саяхан “Hangzhou Hikvision Digital Technology”, “Zhejiang Dahua Technology” зэрэг харилцаа холбоо, мэдээллийн технологийн компаниудыг хар жагсаалтанд нэмж оруулаад байна.

Хятадын талаас дээрх асуудлаар хариу арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй байгаа ч гар утас, зай, пуужин зэрэгт өргөнөөр хэрэглэгддэг газрын ховор металлын 90 гаруй хувийг олборлож, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг орны хувьд АНУ-ын компаниудад нийлүүлдэг бүтээгдэхүүний нийлүүлэлтээ бууруулж сөрөг арга хэмжээ авахаар төлөвлөж байсан. Улмаар АНУ-БНХАУ-ын худалдааны яамны төлөөлөгчид болон холбогдох хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөгчид удаа дараа уулзсаны үр дүнд нэр бүхий компаниудыг хоригийг цуцалсан байна.

АНУ-ын худалдааг хамгаалсан бодлого, тэр дундаа АНУ-БНХАУ хоорондын худалдааны дайн, Энэтхэг, Япон, Европын холбоонд тавьсан худалдааны тарифын нэмэгдэл зэргээс улбаалан дэлхийн эдийн засагт үүсээд буй тодорхойгүй байдал нь АНУ-ын эдийн засгийг хямралд өртөх магадлалыг 2018 оны түвшин болох 20 хувиас 45 хувь болгон өсгөсөн. Мөн АНУ-ын гол үйлдвэрлэгч индексүүдийн нэг болох “Нью Иоркийн үйлдвэрлэгчдийн индекс” 2019 оны 1 дүгээр сард урьд өмнө нь байгаагүй буурсан нь цаашлаад эдийн засаг эрсдэлд өртөх магадлалтайг харуулж байна. АНУ-ын Ерөнхийлөгч “АНУ-ын Төв банкийг бодлогын хүүг үндэслэлгүй нэмэгдүүлж байна” хэмээн мэдэгдсэн.

JPMorgan Chase хөрөнгө оруулалтын банк Холбооны нөөцийн банк  /Federal Reserve Bank/-ны хурлын шийдвэр гарахаас өмнө Трампын худалдааны бодлогыг шүүмжилж нийтлэл гаргасан нь ихээхэн анхаарал татаж байна. Учир нь АНУ-ын Холбооны нөөцийн банкны 15.2 хувийг JPMorgan Chase хөрөнгө оруулалтын банк эзэмшдэг бөгөөд ашиг сонирхлын зөрчил үүсч байж болзошгүй тул бодлогын хүүг бууруулахгүй байна гэж Трамп үзэж байна. Ерөнхийлөгч Д.Трамп бодлогын хүүг бууруулах шаардлагатай гэж үзэж байгаа бол Төв банк бууруулах шаардлагагүй гэж үзэж байгаа юм. Холбооны нөөцийн банк бодлогын хүүг бууруулснаар зээлийн хүү багасаж, эдийн засаг дахь эрэлтийг дэмжин, мөнгө хадгаламжаас гарч, хөрөнгийн зах зээл рүү шилжин, хөрөнгө оруулалт нэмэгдэх учиртай. Энэ тохиолдолд Трампын худалдааны маргаанаас үүдсэн хөрөнгийн зах зээлийн уналт сэргэх боломж бүрдэнэ. Харин Төв банк бодлогын хүүг бууруулахгүй байгаа үндэслэл нь АНУ-ын эдийн засаг өсөлттэй, ажилгүйдлийн түвшин буурч байгаа нь инфляци хөөрөгдөх тул барааны үнийг хэвийн тогтвортой байлгах, америк долларын ханшийг алдахгүй барихад оршиж байна. Дээрх байдлаас дүгнэхэд АНУ-БНХАУ-ын худалдаанаас АНУ-ын дотоод эдийн засгийн байдалд тодорхой хагарал үүсгэж сөргөөр нөлөөлж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин нар 2019 оны 6 дугаар сарын 28-29-ны өдөр Японы Осака хотноо болсон “Их 20”-ын ээлжит дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр улсын хооронд удаан хугацаанд өрнөж буй худалдааны маргааныг шийдвэрлэх яриа хэлэлцээрийг эхлүүлэхээр санал нэгдэв. АНУ-БНХАУ-ын хооронд үргэлжилж буй худалдааны маргаан нь зөвхөн уг хоёр улсын бус дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж буй тул уг асуудлыг шийдвэрлэх яриа хэлэлцээрийг эхлүүлэх нь зөв гэж хоёр улсын төрийн тэргүүн үзсэн байна.

БНХАУ-ын Дарга Ши Жинпинтэй уулзсан уулзалтын дараа Д.Трамп өнгөрөгч сард АНУ-ын Худалдааны яамнаас хятадын Хуавей компаний бараа бүтээгдэхүүнийг худалдаалахыг хориглосон шийдвэрийг цуцалж байгаагаа мэдэгдэв. Гэсэн хэдий ч одоогийн байдлаар Д.Трамп Хуавей компанид тавьсан АНУ-ын хоригийг бүрэн цуцалсан эсэх нь тодорхойгүй байна. Д.Трамп АНУ-ын үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулж болзошгүй компаны хоригийг бүрэн цуцалсан тохиолдолд АНУ БНХАУ-д томоохон буулт хийж буй үйлдэл болно гэж судлаачид үзэж байна. Түүнчлэн Д.Трамп хятадын импортын бараанд нэмэлт 300 тэрбум ам.долларын татвар ноогдуулахгүй болсныг мэдэгдэв.

Мөн Д.Трамп Ши Жинпинтэй уулзсан уулзалтын дараа хийсэн мэдэгдэлдээ “Маш үр дүнтэй, сайн уулзалт  боллоо. Бид маш олон зүйлсийн талаар ярилцаж, хэлэлцсэн. Хоёр улсын эдийн засгийн харилцаа эргээд зөв гольдролдоо орно гэж найдаж байна. Юу болохыг хүлээх л үлдлээ” хэмээсэн. Харин Ши Жинпин хийсэн мэдэгдэлдээ “БНХАУ-АНУ хоорондын нэгдмэл ашиг сонирхол, өргөн хүрээний хамтын ажиллагаа нь “маргаан” “зөрчил” гэх мэт зүйлээр хязгаарлагдах ёсгүй” хэмээн онцолсон нь судлаачдын анхаарлыг ихээхэн татаж байна. Д.Трамп “Яриа хэлэлцээрийг чанартай явуулах нь хурдаас илүү чухал” хэмээн хэлсэн нь БНХАУ-АНУ-ын хооронд өрнөж буй худалдааны маргаан тийм ч хурдан шийдвэрлэгдэхгүй гэх утгатай гэж Америкийн “Financial times”-ын судлаачид үзсэн.

Уулзалтын дараа АНУ-ын зүгээс БНХАУ-ын бүтээгдэхүүнд ногдуулахаар төлөвлөөд байсан нэмэлт 300 тэрбум ам.долларын бүтээгдэхүүний тарифыг нэмэгдүүлэх шийдвэрээ түр зогсоосныг зарласнаас гадна өнгөрсөн сард ноогдуулаад байсан технологийн бүтээгдэхүүний борлуулалтын хоригийг цуцалж АНУ-ын компаниудыг Хуавэй компанид бүтээгдэхүүн нийлүүлэхийг зөвшөөрсөн нь хэлэлцээрийн онцлох үр дүн болсон юм. Харин уг үйлдлийн хариуд БНХАУ-ын зүгээс АНУ-ын газар тариалангийн бүтээгдэхүүнийг худалдан авахаар тохиролцлоо.

Ийнхүү хоёр тал зогсонги байдалд ороод байсан худалдааны дайны хэлэлцээрийг цаашид үргэлжлүүлж, хэлэлцээрт хүрэхээр болсон нь зах зээлд эерэг дохиог өгч байна. Ялангуяа АНУ-ын үйлдвэрлэгчид болон газар тариалан эрхлэгчдийн зүгээс бүтээгдэхүүн борлуулах зах зээл хумигдаж буйг эрчимтэй шүүмжилж байсан бөгөөд Хятад улсын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэхээр болсон нь томоохон ололт боллоо.

Хоёр орны худалдааны хэлэлцээ цаашид хэрхэн өрнөх, тодруулбал АНУ-ын зүгээс ногдуулаад буй 250 тэрбум ам.доллар, БНХАУ-ын зүгээс ногдуулаад буй 110 тэрбум ам.долларын тарифын нэмэгдэл цаашид хэрхэн өрнөх нь тодорхойгүй хэвээр байна.

НИЙТЭЛСЭН: 2019-12-18 өдөр 14:41:3 цаг           ҮЗСЭН: 3437