Тагнуулын ерөнхий газраас орон нутаг дахь салбар, нэгжүүдэд тавигдах шаардлага, стандарт бий болгож, жишиг газар, хэлтсийг хөгжүүлэх, албан хаагчдын ажиллаж, амьдрах таатай орчин, нөхцөлийг сайжруулах чиглэлээр бодлого хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү бодлогын хүрээнд 2018 онд ТЕГ-ын Баянхонгор аймаг дахь хэлтсийн байрыг шинээр барьж, ашиглалтанд оруулсан бол энэ онд Төв, Ховд, Архангай дахь газар, хэлтсийн байрыг шинээр барьж ашиглалтанд оруулахаар төлөвлөж ажилласан.
Төлөвлөгөөний дагуу ТЕГ-ын Ховд аймаг дахь газар, Архангай аймаг дахь хэлтсийн байрыг шинээр барьж, энэ оны 10 дугаар сард улсын комисст хүлээлгэн өгсөн. Улмаар шинэ байрны нээлтийн арга хэмжээг 2019 оны 10 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд зохион байгууллаа. Нээлтийн арга хэмжээнд ТЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Энхсүх, Тамгын газрын дарга, хурандаа Э.Эрдэнэ болон ТЕГ-ын удирдах бүрэлдэхүүний төлөөлөл, тус аймгууд дахь газар, нэгжийн удирдлага, түүнчлэн аймгийн төр, захиргааны байгууллагын төлөөлөл, албаны бусад хүмүүс оролцлоо.
Түүхийн хуудсыг сөхвөл, Дотоодыг хамгаалах газар нь 1925 он хүртэл хөдөө орон нутагт өөрийн салбаргүй байсан бөгөөд 1925-1927 онд Богдхаан, Хан Хэнтий, Чандмань, Цэцэрлэг Мандал, Хан Тайшир уулын аймгуудад Дотоодыг хамгаалахын ангиудыг тус бүр тэргүүлэгч, туслах, бичээчийн гурваас таван орон тоотой байгуулахаар тогтжээ.
Үүний дагуу 1925 оны 11 дүгээр сард Цэцэрлэг Мандал аймгийн ангийг 5 нэгжтэй болгож, ДХГ-ын шууд удирдлагад одоогийн арьс өнгөний больниц байсан гэх 4 өрөө бүхий байранд байрлуулж анхны даргаар Д.Чүлтэмсүрэнг томилон ажиллуулж байсан. 1927-1929 онд аймгууд дахь Дотоодыг Хамгаалах ангиудын орон тоог нэмэгдүүлэхийн хамт харьяанд нь төлөөлөгч, галч зарлагын хамт тус бүр хоёр орон тоотой тусгай төлөөлөгчийг аймгийн төвөөс алслагдсан, гадаадтай харилцах зам харилцаа дайрч өнгөрдөг газруудад байгуулсан байна. Үүнд, Цэцэрлэг Мандалын уулын дотоодыг хамгаалах ангийн харьяанд Ханх, Хатгалд тус тус тусгай төлөөлөгч томилон ажиллуулж байв.
ТЕГ-ын Ховд аймаг дахь газар 1926 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Засгийн газрын 33 дугаар тогтоолоор Чандмань уулын аймгийн Жаргалант хошуунд анги байгуулахаар зааснаар эх суурь нь тавигдсан. Тус анги нь ДХГ-ын аймгуудад байгуулах ангийн заавар дүрэм ёсоор хувьсгалыг эсэргүүцэх, хулгай дээрэм хийх, нууц мэдээ нэвтрүүлэх, албан тушаалд гар буруу хэрэг үйлдэх, албан ажил хийдүүлэх, хууль завших, бараа зүйлийг гаалиас далдлах зэрэг үйлдлүүдийг тус аймгийн дотор илрүүлж, таслан зогсоох үүрэгтэй ажиллаж байжээ. Өнөөдөр тус газар нь тагнуулын байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэх нэг нэгж болж, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж байгаа болно.
ТЕГ-ын Архангай аймаг дахь хэлтсийн шинэ байрны нээлт. Тууз хайчлах ёслолын үйл ажиллагаа /2019.10.24/
ТЕГ-ын Архангай аймаг дахь хэлтсийн шинэ байр. /2019.10.24/
Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө амь насаа зориулсан ЗХУ-ын чекист К.В. Станис Лавович /2019.10.24/
ТЕГ-ын Ховд аймаг дахь газрын шинэ байрны нээлт. Тууз хайчлах ёслолын үйл ажиллагаа /2019.10.25/
ТЕГ-ын Ховд аймаг дахь газрын шинэ байр. /2019.10.25/