ТЕГ-ын Тусгай архиваас “Боржигин сэцэн вангийн хошууны сүм хийдийн баримтууд” номыг эмхэтгэн гарлаа. Энэхүү бүтээлд Боржигин сэцэн вангийн хошуунд байсан Чойрын хийд, Амгалангийн жас, Зүүн ганжуур жас, Дар эхийн жас, Баруун Чойрын хийд зэрэг гуч шахам хийд, жасуудын ховор түүх дэг жаяг, мөн хийдүүдэд 1932-1938 онд шавилан сууж байсан лам нарын бүртгэл, Боржигин сэцэн вангийн хошууны газрын зураг зэрэг багтжээ.
Бүгд Найрамдах Монгол Ард Улсад сүм хийд, лам нарын үйл ажиллагааг зохицуулах эрх, үүрэг бүхий “Шашны хэрэг эрхлэх газар”-ыг 1937 оны 5 дугаар сард Сайд нарын Зөвлөлийн 10 дугаар хурлын тогтоолоор Дотоод явдлын яамны харьяанд байгуулж, хүрээ хийдийн дэргэдэх засгийн газрын төлөөлөгчийг тус газарт харьяалуулан шилжүүлсэн байна.
Шашны хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны явцад үүссэн сүм хийд, лам нарын талаарх баримт бичгүүд Дотоод явдлын яаманд хуримтлагдсан нь эдүгээ шашин, соёл, түүхэн судалгааны чухал хэрэглэгдэхүүн болоод байна. Шашны хэрэг эрхлэх газрын хөмрөгт буй баримтууд нь сүм хийдийн түүх жаяг, лам нарын бүртгэл, харилцсан албан бичиг зэргээс бүрдэж буй бөгөөд энэхүү бүтээлд Боржигин Сэцэн вангийн хошууны сүм хийдийн түүх, жаяг, 1930-аад оны дунд үед тус хошууны хийдүүдэд шавилан сууж байсан лам нарын бүртгэлийг түүвэрлэн хүргэж байна.