Халх голын дайн нь 1935 оны 12 дугаар сард Япончууд Халхын сүмийг эзлэн авснаар эхлэл нь тавигдсан гэж үздэг.
1939 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ДЯЯ-ны сайд, маршал Х.Чойбалсанд Дорнод аймаг дахь хэлтсээс ”Японы тал Дорнод хилээр хууль бусаар зөрчсөн тухай” мэдээлснээр Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий Дотоод явдлын яаманд японы зүгээс БНМАУ, ЗХУ-ын эсрэг явуулж буй улс төрийн бодлого, тус улсуудад довтлох гол болон туслах чиглэлд төвлөрүүлж байгаа цэрэг, арми, техникийн хүч нөөц, ард иргэдийн санал сэтгэлийг судлах, дайсны тагнуулын зохион байгуулалт, Монгол-Зөвлөлтийн эсрэг явуулж байсан тагнуул, хорлон сүйтгэх, хил зөрчих, дээрэм хийх, өдөөн хатгах үйл ажиллагааг урьдчилан илрүүлэх, хилчидтэй хамтран таслан зогсоох, эх орноосоо урвагчдыг баривчлах, байлдааны үед цэргийн командлалыг цаг үеэ олсон үнэн зөв мэдээллээр хангах үүрэг оногдсон юм.
Дотоод явдлын яам үйл ажиллагаагаа дайны нөхцөл байдалд зохицуулан гүйцэтгэхийн тулд байлдааны өмнөх буюу тайван цагийн, дайчилгааны, байлдааны гэсэн 3 хэсэгт ангилж, улс төрийн талаар итгэмжгүйчүүдийн бүртгэлийг гарган дайчилгааны өмнө буюу дайчилгааны үед хяналтанд авах, бүртгэлд авагдсан гадаадын харьяатуудыг тус улсаас гаргах ажлыг зохион байгуулжээ. Түүнчлэн фронтын ар талд болон хилийн чанадад үүрэг гүйцэтгэх тагнуулчдын судалгааг хийж, тэдэнтэй холбоо барих нууц тэмдэг дохиог бэлтгэснээс гадна байлдааны үед фронт болон ар талд зохион гүйцэтгэх ажлыг УАХБ-ын Тусгай хэлтэс гардан хариуцаж, байлдааны штаб, корпусын дэргэд тусгай хэлтэс, дивизийн дэргэд тусгай тасаг байгуулахаар болжээ.
Дорнод хязгаарт зохион гүйцэтгэх ажлыг цагийн байдалд зохицуулах зорилгоор ДХЕГ-ын орлогч дарга Б.Аюуш 1935 онд тус аймагт очиж, төвөөс Дорнод аймаг дахь хэлтэст таван ажилтныг томилж, Тамсагбулагийн VI дугаар дивизийн дэргэд Раковский сургагчтай тусгай анги байгуулан харилцаа холбоог сайжруулахын тулд Эрээнцавд цахилгаан шуудан хорооны сургагч Милучинг суулгаж, Улаанбаатар, Өндөрхаан, Баянтүмэний холбоог 24 цагийн жижүүртэй болгожээ. Үүний хамт “байлдааны үед баривчлан тусгаарлах” хүмүүсийн тухай асуудлыг УАХБ-аас боловсруулж, Улаанбаатар хот дахь хоршоодын агуулахууд, Монгол банк, радио буудал, Монголтранс, үйлдвэр комбинатыг цагдаа харуултай болгох саналыг Засгийн газарт тавьж, бараа таваарын хадгалалт, зам харилцааны хяналтыг орон нутгийн хэлтэс, ангид даалгаж, хил нэвтрэн ирэгчдэд тавих хяналтыг чангатгасан байна. Мөн 1935 онд Дорнод аймаг дахь тусгай хэлтсийн харьяалах хилээр гадаадаас орж ирэгсдээс 70 хүнийг буцаасан байна.
УАХБ-ын ажлыг байлдааны нөхцөл байдалд зохицуулах зорилгоор 1939 оны 5 дугаар сарын 17-нд ДЯЯ-ны сайд Х.Чойбалсангаас 2328 тоот шифрээр Дорнод аймаг дахь Тусгай хэлтсийн дарга Н.Шаравт “... дарга, цэргүүдийн зан байдал, санал сэтгэгдэл хэрхэн болох, нам улс төрийн ажлын дутагдлыг мэдэгдэж арга хэмжээ авхуулах, эсэргүү ятгалга ухуулга гаргах, эх орноосоо урвах, сэжиг бүхий цэргийн албан хаагчдыг ангийн удирдлагад нь мэдэгдэн төвд татуулах, хорлон сүйтгэх явдлаас урьдчилан сэргийлэх, V дугаар дивиз байлдаанд хэрхэн бэлтгэснийг шалгаж, төвд /ДЯЯ-ны сайдад/ мэдэгдэх, дивизийн дэргэдэх тусгай ангиуд харьяалах ангийнхаа хамт байлдааны талбарт явж, корпусын хэлтэс Баянтүмэнд үлдэж байцаалтын ажлыг үргэлжүүлэх”-ийг даалгав. Мөн Замын-Үүд, Дарьганга, Эрдэнэцагаан, Халх гол, Тамсаг, Хэрлэнгийн отрядын дарга, сургагч нарт “ ... Хил хавьд сэжиг бүхий этгээд үзэгдсэн болон баривчлагдсан хүмүүст авсан арга хэмжээ, онцлог учрал, дайсны бөөгнөрөл, хил нэвтэрсэн байдал, тулгаралт будлианыг 2 цаг тутам төвд мэдэгдэж байх, заставуудын хооронд морин өртөө байгуулах”-ыг, 2335 тоот шифрээр “Японы тагнуулыг цаг тухайд илрүүлэн баривчлах, үйлдвэр, худалдаа аж ахуйн байгууллага, агуулах, станцуудыг хамгаалах арга хэмжээг авах, аймгийн утсан харилцааг хяналтанд авах, эмзэг чухал объектын дотор сөрөх тагнуулын ажлыг хүчтэй болгох”-ыг орон нутгийн албадын дарга нарт үүрэг болгосноор, тус хэлтсийн байлдааны нөхцөл байдалд үйл ажиллагаагаа зохион байгуулах үндсэн чиглэл болсон байна.
Халх голын дайны үед ДЯЯ-наас фронтод УАХБ-ын ажлын уялдааг нягтруулан ойртуулахын тулд 1939 оны 7 дугаар сарын 25-нд фронтын тусгай группийг 48 хүнээр бүрдүүлэн зохион байгуулж Баянбүрдийн отрядын дэргэд төвлөрүүлэн даргаар нь энхжүүлэгч /одоогийн хошууч цол/ Нямаагийн Шарав, орлогч даргаар хүмүүжүүлэгч /одоогийн дэслэгч цол/ М.Өлзийт, сургагчаар Ступин, дивизийн нэгдсэн ар талын төлөөлөгч Н.Дамдин, их бууны дивизионы төлөөлөгч, хүмүүжүүлэгч Д.Чүлтэмсүрэн нарыг томилон ажиллуулжээ.
Хил хязгаарын сумдад гүйцэтгэх ажлыг эрчимжүүлэх гадаадтай харилцаатай байсан гадаадад оргохыг завдсан этгээдүүдийг тухай бүр илрүүлэн таслан зогсоосон нь 1939 оны 8 дугаар сард авагдсан тагнуулын мэдээг шуурхай шалгаж баргын томоохон ноёнтой харилцаатай байсан гавж О.Жамбалжамцыг илрүүлж, Асгат сумын Дагва нарын этгээдүүд японы цэргийн хүчийг магтаж “...Япон Балчингийн цэрэг ардын засгийг устгана....” гэсэн цуурхалыг гаргаж, тараасныг илрүүлж дайчилснаас гадна Улаанбаатар хотоос Төв, Хэнтий аймгаар дамжин Дарьганга, Асгатаар гадаадад гарч холбоо барихаар явсан японы холбоочин Ц.Данзанг баривчилснаар харагдаж байна.
Хилийн чанад дахь үйл ажиллагааг идэвхжүүлэхийн тулд 1939 оны 7, 8 дугаар сард Бандид гэгээн, Долнуурын чиглэлд 4, Дунд гүнд 2, Зүүн сөнөдийн хошууны Дарь Эхийн сүмд 2, Батхаалгад 2, Мянган засаг, Зүүн гүн, Дөрвөд вангийн хошуу зэрэгт 8, Зүүн сөнөд, Баруун үзэмчин хошуунд 4 тагнуулчийг тус тус явуулж, тусгай арга хэмжээг зохиожээ.
1939 оны зун тагнуулын хэлтсээс зохион байгуулж, Манжуурын төмөр замыг дэлбэлэх үүргийг Б.Чилхаа Л.Рэнцэн, Д.Санжаажамц, Я.Наваан нарыг дагуулан амжилттай гүйцэтгэсэн.
Мөн Мягмарын Балдан хилийн цаана бөөгнөрч байсан квантуны болон түүний хөлсний цэргийн анги, салбарын байрлал, тоо хэмжээ, хүчин чадал, барга, өвөрмонголчуудын талаар судлах зорилготойгоор 1939 оны 5 дугаар сарын сүүлчээр хэд хэдэн удаа хил нэвтрэн квантуны зарим цэргийн ангийн байрлалыг тогтоосон, 6 дугаар сард Баргын Ганжуур сүмийн ойролцоо байсан ангийн байрлал, тэнд нисэх онгоц 27, ачааны машин 26, их буу, хуягт байгаа болон Овоот сүм, Амгаланд баргын голдуу монгол цэрэг бөөгнөрсөн тухай үнэтэй мэдээллийг авчирснаас гадна 8 дугаар сард Баргын Лодон хамбын сүмийг шатаах даалгаврыг амжилттай гүйцэтгэжээ.
Хилийн чанадад тагнуулын болон хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулахаас гадна эсэргүүцэн тагнах ажлыг чадварлаг явуулж японы гар хөл болсон тэдний үйл ажиллагаанд туслалцаа үзүүлдэг иргэд, малчид, эх орноосоо урвагчдыг цаг алдалгүй илрүүлж байжээ. Тухайлбал, 1936 онд Тамсагбулагийн 6 дугаар дивизийн Буландэрсний харуулын цэрэг Ө.Тоомой, Цайдамын харуулын цэрэг Одхүү, Чунаг, Лэгцэг, Лувсанбат, Дондог нарын 37 цэрэг оролцсон японы тагнуул, эх орноосоо урвагчдын бүлэг хэргийг боловсруулжээ.
Корпусын Тусгай хэлтсийн дарга, энхжүүлэгч Шарав, мөн корпусын Тусгай хэлтсийн сургагч Ступин нараас Дотоод явдлын яамны сайд Х.Чойбалсан, ерөнхий зөвлөх Мальков нарт 1939 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байлдааны өмнөх бэлтгэл, байлдаан хэрхэн болж өрнөсөн, түүнд Монголын зэвсэгт хүчин бэлэн байсан эсэх, дайнд тагнуулын байгууллагын оролцоо, гүйцэтгэсэн үүргийн талаар танилцуулсан “маш нууц”-ын зэрэгтэй “1939 оны 5-10 дугаар сар хүртэл Монголын дорнод хязгаарт болсон Халх голын байлдааны дүнгийн тухай илтгэл мэдээ”-г явуулж байжээ.
Халх голын байлдаанд оролцсон Дорнод аймаг дахь УАХБ-ын ажилтнуудын байгуулсан гавьяаг төр, засгаас өндрөөр үнэлэн Т.Содномдаржаа, Бат-Очир, Д.Бат, Ю.Готовдорж, Д.Чүлтэмсүрэн, Ц.Мижиддорж, М.Сандагжав, Б.Дордог, З.Дондог, Б.Дэмчиг, сургагч Ступин, орчуулагч С.О.Устаев нар болон тус байгууллагын шугамаар тусгай үүрэг гүйцэтгэсэн 30 гаруй хүн төрийн дээд одон, медалиар шагнагдсан байна.
ДЯЯ-ны сайд, маршал Х.Чойбалсан Халх голд цэргийн бэлтгэлтэй танилцаж байгаа нь.1939 он
ДЯЯ-ны сайд, маршал Х.Чойбалсан Халхын голд. 1939 он
ДЯЯ-ны сайд, маршал Х.Чойбалсан, И.А.Иванов нар фронтын их бууны галын байранд. 1939 он