Аливаа улс орны дэд бүтэц, тэр дундаа эрчим хүч, зам тээврийн салбарын хөгжил нь тухайн улс орны эдийн засгийн хөгжлийн тулгуур, цаашлаад бусад улс орнуудтай өрсөлдөх чадварын хэмжигдэхүүн болдог. Манай улс байгалийн нөөц баялаг ихтэй ч дэд бүтцийн сул хөгжлөөс шалтгаалан түүнийг олон улсын зах зээлд гаргах асуудал учир дутагдалтай хэвээр байна.
Одоогийн байдлаар Монгол Улс 1520 мм өргөн цариг бүхий нийт 1842 км урт төмөр замтай бөгөөд улсын хэмжээнд 5 чиглэлийн 63 өртөө үйл ажиллагаагаа явуулж байна. Төмөр замаар тээвэрлэх ачаа жил ирэх тусам өсөж байгаагаас шалтгаалан манай улсын төмөр замын төв магистралын ачаалал нэмэгдсээр байна. Тодруулбал, 2019 оны эхний 6 сарын байдлаар 13.2 сая тн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны үеэс 8%-аар өссөн үзүүлэлт юм. Мөн хугацаанд тээврээс олсон орлого 335.6 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 38.2%-иар өссөн байна. Үүнээс үзэхэд төмөр замын тээврийн салбарыг жигд хөгжүүлэх шаардлага зайлшгүй тулгарч байна.
УИХ-аас 2010 оны 06 дугаар сард "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодпого”-ыг боловсруулан баталсан байдаг. Тус бодлогын баримт бичигт Монгол Улсад шинээр хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийг гурван үечлэлд хуваан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Үүнд: “Тавантолгой-Сайншанд". “Сайншанд-Хөөт”, “Хөөт-Чойбалсан”, “Хөөт-Бичигт”, “Тавантолгой-Гашуунсухайт”, “Нарийн Сухайт-Шивээхүрэн", “Хөөт-Тамсагбулаг-Нөмрөг” гэх төслүүд хамаарах бөгөөд баруун чиглэлийн төмөр замын төслүүдийг ирээдүйд ашиглах орд газрууд, байгалийн тогтоц, бүс нутгийн хөгжпийн бодлоготой уялдуулан авч үзэхээр төлөвлөжээ.
Дээрх төслүүдээс гадна төмөр замын салбарт “Тяньжины тээвэр логистикийн төсөл”, “УБТЗ” ХНН-ийг 2030 он хүртэл хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөр гэх мэт төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Эдгээр төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжсэн тохиолдолд төмөр замын төв магистралын ачаалал багасаж, төмөр замын тээх, нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэх боломжтой юм. Улмаар “Бүс ба зам”, “Гурван улсын эдийн засгийн коридор” гэх мэт олон улсын болон бүс нутгийн шинжтэй төсөл хөтөлбөрүүдээс валютын урсгалыг татан төвлөрүүлэх, төмөр замын салбарын эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
Монгол Улсын эрчим хүчний систем нь Төвийн бүсийн эрчим хүчний систем, Баруун бүсийн эрчим хүчний систем, Алтай-Улиастайн эрчим хүчний систем, Дорнод бүсийн эрчим хүчний систем, Өмнөд бүсийн цахилгаан хангамж гэсэн таван хэсгээс тогтож байгаа бөгеөд нийт 9 дулааны цахилгаан станц, Дөргөн, Тайширын усан цахилгаан станц, Цогтцэций, Салхитын СЦС, Алтай, Улиастайн дизель станцууд болон бага чадлын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд багтаж байна. Үүний зэрэгцээ Ухаахудаг цахилгаан станц, Оюутолгой орд газрын хэрэглээг нөөц тэжээлийн үед дизель цахилгаан станцаар ханган ажиллаж байгаа ба шаардлагатай цахилгаан эрчим хүчийг ОХУ болон БНХАУ-аас импортлон авч байгаа юм.
Манай улсын төвийн бүсийн хэрэглээ жилд тогтмол 70-100 МВт-аар өсөж байгаагаас шалтгаалан хязгаарлалтын горимд орох магадлалтай болоод байна. Манай улсын ДЦС-уудад хийгдэж буй болон хийгдэхээр төлөвлөгдсөн шинэчлэлийн дүнд үүсэх шинэ чадал нь уг дутагдлыг шийдэхээргүй байгаа тул Монгол Улсын эрчим хүчний бодлогын хүрээнд шинэ эх үүсвэрийг түргэн хугацаанд бий болгох хэрэгцээ шаардлага тулгарч байна.
Засгийн газрын 2018 оны 325 дугаар тогтоолоор “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөр (2018-2023)"- ийг баталсан байна. Тус хөтөлбөрт “Дулааны 3 дугаар ЦС"-д 250 МВт-ын өргөтгөл, шинэчлэл хийх төсөл, “700 МВт-ын хүчин чадалтай Багануурын ЦС"-ын төсөл, “300 МВт-ын хүчин чадалтай Бөөрөлжүүтийн ЦС"-ын төсөл, “Шивээ-Овоо"-ийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн 5280 МВт-ын чадал бүхий экспортын ЦС-ын төсөл, “Эрдэнэбүрэнгийн 60-100 хүртэл МВт-ын УЦС”-ын төсөл болон “315 МВт-ын хүчин чадалтай Эгийн голын УЦС”-ын төсөл зэрэг томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр заасан байна.
Бодлогын баримт бичигт тусгагдсан хөтөлбөрүүд нь хэрэгжсэнээр өсөн нэмэгдэж буй цахилгаан, эрчим хүчний хэрэглээг хаах, импортын эрчим хүчнии хэрэглээг хязгаарлаж эдийн засагт үр өгөөжтэй байдлыг бий болгох давуу талтай.