Шинэ үеийн тагнуулын байгууллагын эх үндэс болох Дотоодыг хамгаалах газар 1929 оноос эхлэн эрүүгийн гэмт хэргийг илрүүлэхийн тулд шуурхай эрэн сурвалжлах нууц ажиллагаа явуулах эрхийг Цагдан сэргийлэх байгууллагад олгох саналыг Засгийн газарт тавьж, улмаар 1932 онд Засгийн газраас Дотоодыг хамгаалах газар, Цагдан сэргийлэх байгууллагын ажлын уялдаа холбоо нэг тул Цагдан сэргийлэх байгууллагыг гүйцэтгэх ажлын талаар Дотоодыг хамгаалах газарт харьяалуулахаар шийдвэрлэж, Цагдан сэргийлэх байгууллага нь орон тоо, төсвийн хамт Дотоодыг хамгаалах газрын мэдэлд шилжсэн түүхтэй. Улмаар 1933 онд Цагдан сэргийлэхийн ажлыг дээшлүүлэх зорилгоор Дотоодыг хамгаалах ерөнхий газрын орлогч дарга нь эрүүгийн шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг удирдах болжээ.
Засгийн газрын 1934 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 3 дугаар тогтоолоор Цагдан сэргийлэх байгууллагын бүтэц, дүрмийг баталж, хүнд ноцтой гэмт хэрэгтэй тэмцэх гүйцэтгэх тасгийг 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулснаар орчин цагийн Эрүүгийн цагдаагийн албаны түүх эхэлдэг.
Энэ дашрамд тус албаны даргаар ажиллаж байсан Монгол Улсын гавьяат хуульч Санзын Рэнцэнхорлоо чөлөөлөх дайны үеэр тагнуулын групп удирдан Хайлаар, Вангийн сүмийн чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан бол хошууч генерал Алтангэрэлийн Думбурай НАХЯ-ны УАХЕГ-ын түүх бичих группийг ахалж, Улсыг аюулаас хамгаалах байгууллагын түүхэн тоймыг бичиж байсан юм. Түүнчлэн 1990-ээд оны эхээр Эрүүгийн цагдаагийн албыг Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллагад элсэхэд тухайн үеийн НАХЯ-ны УАХЕГ-т ажиллаж байсан тус албанд шилжин очсон мэргэжлийн боловсон хүчнүүд ихээхэн үүрэг гүйцэтгэснийг дурдахад таатай байна.
Өнөөдөр түүхт 85 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж буй Эрүүгийн цагдаагийн албаны үе үеийн албан хаагчид, тэдний гэр бүлд баярын мэндчилгээ дэвшүүлж, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.
ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР