92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХЭЭС ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТ ХҮРГҮҮЛСЭН ИЛГЭЭЛТ

        Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсад орчин цагийн тагнуулын байгууллага үүсгэн байгуулагдсаны 97 жилийн ойн баярын хуралд зориулж илгээлт ирүүлсэн ба илгээлтийг Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэл уншиж сонордуулав.

Монгол Улсын Ерөнхий сайдын илгээлтэд:

       “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ нэр төртэйгөөр биелүүлж байгаа  тагнуулын байгууллагын үе үеийн удирдлага, генерал, офицер, ахлагч нар болон нийт албан хаагчдад орчин цагийн тагнуулын байгууллага үүсгэн байгуулагдсаны 97 жилийн ойн баярын мэндчилгээг Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.

        Монгол Улс эрт дээр үеэс тагнуулын урлагийг гарамгай эзэмшиж, түүний ачаар улс эх орныхоо аюулгүй байдлыг хангаад зогсохгүй дайн байлдаанд ялалт байгуулж байсан баялаг түүхтэй билээ. Орчин цагийн тагнуулын байгууллага нь Монгол Улсын аюулгүй байдалд аюул, занал учруулж болзошгүй гадаад дотоод хүчин зүйлийг тагнуулын аргаар илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох замаар үндэснийхээ язгуур ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргээ амжилттай биелүүлж ирснийг онцлон тэмдэглэхэд таатай байна.

        Дэлхийн улс орнуудын хөгжлийн эрс хурдацтай өөрчлөлт, техник технологийн үсрэнгүй дэвшил болон их гүрнүүдийн гадаад дотоод бодлогын тодорхойгүй хурдацтай хувьсал, өөрчлөлтийн энэ цаг үед үндэсний аюулгүй байдлыг хангахад тагнуулын байгууллагын гүйцэтгэх үүрэг, ач холбогдол өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байна. Бидний өмнө тулгарч буй эдгээр зорилтуудыг даван туулахад тагнуулын байгууллагын боловсон хүчний өргөн мэдлэг, мэргэжлийн өндөр ур чадвар, ёс зүй, сахилга бат нэн чухал юм.

         Түүнчлэн улс эх орныхоо санхүү эдийн засгийн нөөц бололцоог нэмэгдүүлэх, улмаар уламжлалт болон уламжлалт бус аюул заналаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг идэвхжүүлэх шаардлагатай байна.

       Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас  тагнуулын байгууллагыг бэхжүүлэх, хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, албан хаагчдын чадавхийг сайжруулахад онцгойлон анхаарч төсөв, санхүү, эрх зүйн орчны хүрээнд тодорхой ажлуудыг хийж ирсэн бөгөөд цаашид ч энэ талаар байнга анхаарч ажиллах болно.

        Засгийн газраас хэрэгжүүлж буй эдийн засгийг сэргээх хөтөлбөр үр дүнгээ өгч бодлогын болон эрх зүйн шинжтэй томоохон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр улсын эдийн засаг, банк санхүүгийн салбарт шинэчлэл хийгдэж, экспортын бодлого болон хөрөнгө оруулалт нэмэгдэж, хууль шударга ёсыг төлөвшүүлэх төрийн албаны сахилга хариуцлагыг бэхжүүлэх үйл явц өнөөдөр ч үргэлжилсээр байна.

        Иймд та бүхэн өргөсөн тангарагтаа үнэнч байж, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ сонор сэрэмжтэй, сахилга баттай, мэргэжлийн ёс зүйг чанд сахиж, шударга ёсыг дээдлэн, чин шударгаар ажиллана гэдэгт Монгол Улсын Засгийн газар итгэл төгс байна.

Монголын тагнуулчдын сүлд хийморь,  яруу алдар мөнхөд мандан бадартугай!” гэжээ.

НИЙТЭЛСЭН: 2019-07-04 өдөр 15:33:5 цаг           ҮЗСЭН: 1410