ЭДИЙН ЗАСГИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ
Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт эдийн засгийн аюулгүй байдлыг “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэж тусгасан. Мөн Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт тодорхойлсноор эдийн засгийн аюулгүй байдал нь Үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэгт хамаардаг.
Манай байгууллага нь Тагнуулын байгууллагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10.4 дэх хэсэгт заасан “үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой асуудлаар мэдээлэл боловсруулж холбогдох байгууллага, албан тушаалтанд танилцуулах”; 11 дүгээр зүйлийн 11.1.3 дахь хэсэгт заасан “улсын эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж болзошгүй ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, түүнийг илрүүлэх, таслан зогсоох” чиг үүргүүдийг тус тус хэрэгжүүлдэг.
Монгол Улс нь улс төр, цэргийн бодлогод нөлөөлөх уламжлалт занал үүсгэх хүчин зүйлүүд харьцангуй суларч газрын тос, байгалийн хий, эрчим хүчний хомсдол, санхүү, хөрөнгийн зах зээлийн хямрал, шашин, соёлын нөлөөлөл зэрэг уламжлалт бус аюул, занал зонхилох болсон.
Дээрх эрсдэлүүдээс сэргийлэхийн тулд олон тулгуурт гадаад бодлогыг эдийн засгийн салбарт хэрэгжүүлж байгаа боловч нэг улсын хөрөнгө оруулалт давамгайлсан, хүнс, газрын тос зэрэг стратегийн бүтээгдэхүүнээр хоёр хөршийн импортоос хараат байдалд хэвээр байна.
Эрдэс, баяжмалын нөөц, агуулгыг бүрэн тооцохгүй, татвар, шимтгэлийг бүрэн авахгүй, тусгай зөвшөөрөл, химийн хортой бодисын хэрэглээнд тавих төрийн хяналт сул, хууль бус ашигт малтмал олборлогчдыг хязгаарлаж бусад салбарт ажлын байраар хангаж чадахгүй, байгаль орчныг ихээхэн сүйтгэж байгаа зэрэг нь тус салбарын олон жил үргэлжилсэн хүндрэлүүд болоод байна. Эрдэс бүтээгдэхүүний экспортод тавих төрийн хяналт алдагдаж бүтээгдэхүүний хэмжээ, үндсэн болон дагалдах элементийн агуулгыг бүрэн тодорхойлж чадахгүй байгаа нь төсвийн орлогын бүрдүүлэлтэд алдагдал учруулж байна.
Уул уурхайн салбарт химийн хорт бодисыг технологийн дагуу хэрэглэх ёстой боловч хяналт сул байгааг ашиглан гар аргаар алт олборлож байгаа иргэд хууль бусаар, технологийн горимгүй хэрэглэж байгаа нь хүний эрүүл мэнд, байгаль орчныг хордуулах үндсэн шалтгаан болж байна.
УУЛ УУРХАЙН САЛБАР ЭДИЙН ЗАСГИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛД НӨЛӨӨЛӨХ НЬ
Орчин үед олон улсын тогтолцоонд хүчний шинэ төвүүд бүрэлдэж, бүс нутгийн эвсэл холбоодын үйл ажиллагаа идэвхжиж, байгалийн баялаг, түүхий эдийн нөөц хомсдож, түүний төлөөх тэмцэл хурцдаж байна. Өндөр хөгжилтэй улс орнуудын байгалийн баялаг, ашигт малтмалын импортын хэрэгцээ өсөн нэмэгдэж, хөгжиж байгаа ба буурай хөгжилтэй орны уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийх, байгалийн баялгийг олборлох, ашиглах бодлогыг хэрэгжүүлж байна. Манай улс байгалийн нөөц баялаг арвин, хоёр хөрш орон төдийгүй дэлхийн бусад орныг шаардлагатай түүхий эдээр хангах боломжтой, газар зүйн байршлын хувьд ОХУ, БНХАУ гэсэн хоёр том зах зээлийн дунд оршиж, түүгээр дамжин гадаад зах зээлд хүрэх давуу талтай юм. Энэ нь Монгол Улсад дэлхийн томоохон улс орнууд болон үндэстэн дамнасан корпорацуудын ашиг сонирхлыг бий болгож байна.
Монгол Улсын хувьд уул уурхайн салбар стратегийн ач холбогдолтой салбарын нэг болох ба эдийн засгийн бусад салбарыг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах учиртай. Өнөөдөр манай улсын уул уурхайн салбар ДНБ-ний 20 орчим хувь, аж үйлдвэрийн салбарын 60 гаруй хувь, нийт экспортын 90 орчим хувийг бүрдүүлж, эдийн засагт гүйцэтгэх үүрэг улам бүр өсөн нэмэгдэж байна. Манай улсын төсвийн нийт орлогын 20-30 орчим хувийг зэс, нүүрс зэрэг ашигт малтмал бүрдүүлж байгаагаас дэлхийн зах зээлийн үнэ ханшаас хамаарсан ихээхэн эрсдэлтэй төсөв бүрддэг. Иймд улсын төсөвт уул уурхайн салбараас орох орлогыг өсгөх, түүний оновчтой, үр ашигтай хуваарилах, улмаар үйлдвэрлэл, дэд бүтцийг хөгжүүлэх, оюуны болон санхүү, материал техникийн бааз суурийг өргөтгөхөд анхаарал хандуулж ажиллах шаардлагатай.
Дэлхийн улс орнуудын туршлагаас харахад уул уурхайн салбарыг түлхүү хөгжүүлснээр эдийн засгийн уналт, ядуурал, экологийн сүйрэлд хүрсэн жишээ олон байхад нөгөө талд эдийн засгийн өндөр өсөлтөд хүрч, ард түмний амьжиргааны өндөр түвшинд хүрсэн улс орнууд нилээдгүй байдаг.
Манай улс дэвшилтэд техник, технологийг боловсруулах үйлдвэрлэлд нэвтрүүлэх замаар байгалийн баялаг, түүхий эдийг боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хүнд, хөнгөн үйлдвэрлэлийн цогцолборыг барьж байгуулах, дэд бүтцийг хөгжүүлэх, олон улсын зам тээврийн сүлжээнд холбогдох замаар үндэсний эдийн засгийн өсөлтийг хангах бүрэн боломжтой юм.