92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
“ТЕРРОРИЗМД ТУРХИРЧ ХҮЧИРХИЙЛЭЛ ДАГУУЛЖ БУЙ ЭКСТРЕМИЗМ, РАДИКАЛЧЛАЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, ТЭМЦЭХЭД БҮХ НИЙГМИЙГ ХАНДУУЛАХ НЬ” СЭДЭВТ БҮС НУТАГ ХООРОНДЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ БАГА ХУРЛЫН НЭЭЛТЭД ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА БӨГӨӨД ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА, ХУРАНДАА Д.ГЭРЭЛИЙН ХЭЛСЭН ҮГ

Эрхэм хатагтай, ноёд оо!

Бага хуралд оролцогч хүндэт зочид, төлөөлөгчид өө!

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2019 оны 6 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд зохион байгуулж байгаа “Терроризмд турхирч хүчирхийлэл дагуулсан экстремизм, радикалчлалаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд  бүх нийгмийг хандуулах нь” сэдэвт бүс нутаг хоорондын дээд хэмжээний бага хуралд оролцож байгаа Та бүхний амрыг эрэн мэндчилж байна.

Өнөөдрийн бага хуралд НҮБ-ын Терроризмтой тэмцэх алба, олон улсын байгууллагын судлаач, эрдэмтэн, мэргэжилтнүүд, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын гишүүн, түнш, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөл оролцож байгааг танилцуулахад таатай байна.

НҮБ-ын гишүүн улсуудын терроризмтой тэмцэх эрх бүхий байгууллагын тэргүүн нарын дээд хэмжээний бага хурлаас 2018 онд терроризмын эрсдлийг арилгах боломж өндөр гэдгийг хүлээн зөвшөөрч,  энэ хүрээнд бүс нутгийн хурал зөвлөлгөөн, бусад арга хэмжээг зохион байгуулж болохыг чиглэл болгосны дагуу Монгол Улс өнөөдрийн энэ хурлыг зохион байгуулж байна.

НҮБ-аас 2006 онд баталсан Терроризмтой тэмцэх дэлхий дахины стратегид терроризмын эсрэг тэмцэлд нийгмийн бүх давхаргыг татан оролцуулах, олон нийтийг соён гэгээрүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх замаар энх тайван, шударга ёс, хүний хөгжлийн тогтолцоо, үндэстэн ястан, шашин, түүний үнэт зүйлс, үзэл санаа, соёлыг хүндэтгэхийг уриалсан. Нөгөө талаар хүчирхийлэл дагуулсан экстремизмээс урьдчилан сэргийлэх НҮБ-ын төлөвлөгөө, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын 3/18 тоот тунхаглалд энх тайван, яриа хэлэлцээ, шударга ёс, итгэлцэл, зөвшилцлийг тогтооход шинэ үеийн үүрэг оролцоо чухал болохыг онцолсон байдаг.

Иймээс бид энэ удаагийн Бага хурлаар терроризмд турхирсан экстремизм, радикалчлалаас урьдчилан сэргийлэх, тэмцэх арга замыг эрэлхийлэхэд нийгмийг бүхэлд нь хандуулах зорилгоор

  • хүний эрхэд нийцсэн, хүйсийн тэгш эрхийг хангасан үр нөлөөтэй бодлого боловсруулахад тулгарч байгаа сорилт, сайн туршлагыг хэлэлцэх,
  • улс хоорондын итгэлцэл, зөвшилцөлд үндэслэсэн яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг өрнүүлэх,
  • урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх асуудлыг хөндөн хэлэлцэхээр төлөвлөсөн.

 

Хурлын зохион байгуулалтад дэмжлэг үзүүлсэн явдалд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага болон НҮБ-ын Терроризмтой тэмцэх албанд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлж байна.

Уг бага хурлаас гарах дүгнэлт, саналыг нэгтгэж, бүс нутаг хоорондын ирээдүйн хамтын ажиллагаа, яриа хэлэлцээний зураглалыг тодорхойлно гэдэгт итгэж байна.

Хуралд оролцогчдод амжилт хүсье.

НИЙТЭЛСЭН: 2019-06-20 өдөр 17:16:1 цаг           ҮЗСЭН: 909