Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газраас “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг, түүнийг илрүүлэх, шалган шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж байгаа асуудал”, “Төрийн болон албаны нууцын хадгалалт, хамгаалалт, төрийн нууцыг үрэгдүүлэх, задруулах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт онол, практикийн бага хурлыг 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Үндэсний тагнуулын академийн хурлын танхимд зохион байгууллаа.
Хуралд Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар,Үндэсний тагнуулын академи, Дотоод хэргийн их сургууль зэрэг 30 орчим байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүд оролцсон.
Онол, практикийн бага хурлаар 9 илтгэл хэлэлцүүлснээс Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх газрын Хэрэг бүртгэх албаны дарга Ч.Эрдэнэбатын “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх асуудал”, Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн Гүйцэтгэх ажлын тэнхимын эрхлэгч, хууль зүйн ухааны доктор, дэд профессор, цагдаагийн хурандаа Д.Мягмарсүрэнгийн “Хил орчмын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэхэд “Хяналттай хүргэлт” гэх мөрдөн шалгах нууц ажиллагааг ашиглах асуудал”, ТЕГ-ын Төрийн нууцын хэлтсийн ажилтан Ч.Алтантөрийн “Төрийн болон албаны нууцын тухай хуулийн хэрэгжилт, анхаарах асуудал” сэдэвт илтгэлүүд онол, практикийн судалгаанд үндэслэн тулгамдаж буй асуудлыг хөндсөн, боловсронгуй болгох талаар санал дэвшүүлсэн нь бусад илтгэлээс онцлог байлаа.
Хуралд оролцогчид мөрдөн шалгах ажиллагааны арга барилыг боловсронгуй болгох, судалгааны ажлын үр нөлөөг дээшлүүлэх, хамтын ажиллагааг шинэ шатанд хүргэх талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэн санал бодлоо солилцсон.
Цаашид онол, практикийн бага хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна. Ингэхдээ хамтран ажилладаг байгууллагуудын саналд үндэслэн дараачийн хурлын сэдвийг урьдчилан тогтож, өргөн цар хүрээнд зохион байгуулж, бодитой, биелэгдэхүйц санал, санаачлага гаргаж байхаар хэлэлцэн шийдвэрлэв.